2006-07-16

Соёл амралтын хүрээлэн

Өчигдөр оффисоос гараад харих замд бидний хэлдэгээр ПАРК, түүний дундаас АЛСЫГ ХАРАГЧ нүдэнд тусч ер нь сууж үзэхээр шийдлээ. Уг нь ноднин билүү хамгийн сүүлийн удаа ажиллаж байна, 2009 онд цоо шинэ соёл амралтын цогцолбор болгоно, нураана, сүйтгэнэ л гээд баахан сурталчилсан ч энэ ажил ажиллаж л байна. Сонирхолтой.

Хэдэн жил ч энэ парк ороогүй юм их сонин гоё, бага нас санаанд орж байсан шүү. Бас болоогүй хашаа давж ороод хамгийн түрүүнд тааралдсан мухлагаас ААРЦТАЙ ЗАЙРМАГ авч идээд. Үнэндээ орос зайрмаг авах гэсэн чинь үнэтэй санагдаад, мөнгөө хэмнэж байгаа минь тэр. Өнөөх алсыг харагчийн тасалбарыг 500-р авч суулаа.

Сүүлийн хэдэн жил л алсыг харагч дээр суухад зарим суудлыг хоосон явуулж, "ЖИН ТЭНЦҮҮЛЖ БАЙНА" гэх үг сонсогдох болсон, эсвэл бага байхад бас л ийм байсан юм болов уу, ёстой мэдэх юм алга. Суумагц л төмөр нь хяхарч дуугараад бас л аймар санагдаж байсан шүү. Үнэхээр үеээ өнгөрөөсөн бололтой. Улам бүр дээшилсээр, хот маань харагдах дөхсөөр л байлаа. Сүүлд хэдэн жилийн алсыг харагч дээр суухад хотыг бас дажгүй харчихдаг байсан шиг, харин одоо олон өндөр барилга сүндэрлэсэн тул урд зүгээс бусад талд их л маруухан харагдаж байна. Хот хөгжнөө гэж.

Үнэндээ бага зэрэг айдастай ч үнэхээр гоё байсан шүү, бага нас минь санагдаад л... Буумагцаа бас болоогүй ХӨӨСӨН ЧИХЭР гэдэг юмаар өөрийгөө баясгав. Дажгүй шүү. Илүү дутуу мөнгө төгрөг, зав ч байхгүй учир паркийнхаа дундуур алхаж, хүмүүсийг ажин, бага насаа дурссаар нэг л мэдэхэд гарах хаалган дээр ирсэн байлаа. Та нэг очоорой, дажгүй байна лээ шүү.

Зун бол бас боломжийн, харин хүйтний улиралд чөлөөт цагаа аятайхан өнгөрөөчих бар клубүүдээс өөр газар байхгүй юм байх даа? Ер нь хэн хэзээ нэг эрүүл, боломжийн, аятайхан чөлөөт цаг өнгөрөөх төв эсвэл жижиг газар байгуулах бол? Сонирхолтой л юм.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

No comments: