2007-06-30

Жоом гэнэ үү

Өчигдөр үдээс өмнө Жуумла Монгол төслийг танилцуулах хуралд суув. Хуралд ч болдогоороо болж төслийг танилцуулах явцад нэг нөхөр "нэгэнт л Жуумла Монгол гэж гаргах байсан юм бол яах гэж Жива гэх хийсэн юм, яаагаад ер нь Жива гэдэг нэр өгөв" гэсэн утгатай асуулт тавихад Мөнхбат дарга "зарим нэг дарга нар Joolma гэдгийг Жоом гээд эвгүй байсан болохоор Жива гэсэн, одоо харин Жуумла гэдгийг хэвшүүлнэ" гэж хариулав. Хаха, оны шилдэг онигоо.

Жуумла Монгол төсөлтэй http://www.joomla-mongolia.com хаягаар танилцаж болох юм байна, гол зорилго нь Joomla-г монгол хэл дээр төвөггүй ажиллуулахад чиглэсэн бөгөөд хамгийн гол нь энэхүү төслийн талаар Joomla-н төслийнхөн мэдэж буйгаар барахгүй их сайшаасан байх юм. Одоо ингээд Живаг авс, харин Жуумла Монголыг гэрэлт ирээдүй (сайн мэдэхгүй байна) хүлээж байна. Хамгийн гоё нь үдийн хоолон дээр ширээгээ тойрч сууж байгаад баахан юм ярьсан, солиотой. Үнэхээр гоё байсан гэж, нэг нэгийгээ явуулаад л ...

2007-06-25

Барын зулзгыг бага дээр нь

Амралт гэснээс хэд хоног тариулж байж биеийн байдал эрс сайжрав. Хоолой өвсдөн, эртхэн эмчлээгүйгээс хүндэрч тариа тариулахад хүрэв. Эм тарианд дургүй гэж жигтэйхэн, одоо яаая гэхэв. Таван хоног өдөрт 3 тариулах гэж чанга байсан шүү, эхэндээ тарих хүн олдохгүй өөрийгөө хоёр хатгав. Бас зоригтой гар шүү гэж. Хүмүүсээ өвчлөвөл ер нь эртхэн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай, гэхдээ хамгийн гол нь эмчилгээ таслахгүй хийлгэх шүү гэж.

Амралтын өдрүүд

Амралтын өдрүүдийг их үр дүнтэйгээр эсвэл таатайгаар өнгөрүүллээ. Хагассайн өдөр ажлын байрандаа цэвэрлэгээ хийж, боломжоороо жаахан тохижууллаа. Гэхдээ л бас болоогүй байна. Бүтэнсайн өдөр харин гэртээ цэвэрлэгээ хийгээд, орой нь сайхан хуушуур хийж идэв. Таалагдсан.

Хагассайны цэвэрлэгээг эс тооцвол ажил гэж юмыг огт хийсэнгүй, ер нь сайхан амарч өнгөрөөлөө. Харин нэг ажигласан зүйл гэвэл ажиг ч үгүй 11 12 хүртэл унтчихсан байх юм, уг нь 9 гээд л сэрчихдэг хүн юмсан. Юунаас болж байгаа юм бол залуусаа.

2007-06-18

Хулгайг гааруулах уу

Гар утас гээх, хулгайд алдах гэж үнэн гарлагатай тэгээд яаж ч болохгүй зүйл нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй маань утсаа гээв, үүнээс асуудал үүсэв. Гадаад гэж ярих дургүй ч гадаадад ямар нэг зүйл худалдан авсан гэрчилгээ нь байвал түүнийг шуудхан хураалган авч, нэмэлт төлбөр төлдөггүй гэнэ лээ. Харин энд алдаад л худалдаж аваад л, алдаад л гээд хэд ч эргэж болно. Уг нь энэ асуудлыг шийдчих хүн хүчний болоод техникийн боломж байгаа, харин юу саад болоод байна. Утсыг асаамагц өөрийн цувралын дугаар болон сим картны дугааруудыг ашиглан операторт бүртгэгддэг. Эндээс үзвэл дугаарыг сольсон ч утсыг олох боломжтой. Энэ ажиллагааг явуулах нь яагаад ч юм хориотой, болохгүй.

Миний бодлоор дугаар авсан хүн нь утас дугаар хоёроо бүх л бичиг баримтыг нь авч очоод бүртгүүлчихдэг байвал зүгээр юм уу. Шинэ утас, дугаар авах бүрдээ бүртгүүлнэ, яршигтай юм шиг боловч утсыг оймс шиг солихгүй нь лав. Эзэн нь гомдоол гаргасан үед хамгийн сүүлд бүртгүүлсэн утсыг олж өгдөг байвал, бас утсаа бүртгүүлэх гээд ирэхэд нь энэ чинь бүртгэлтэй байна гээд ахиад бүртгэдэггүй байвал, бүр хураадаг байвал. Үүний дүнд хүн ард маань ч гэсэн юм худалдан авахдаа бичиг баримтыг авах ёстойг мэдэж аваад, илүү хотжиход нь туслах болов уу. Үүнийг ер нь хэрхэн шийдвэл илүү оновчтой вэ?

2007-06-16

Миний амидаа

Өнөөдрийг хүртэл өөрийн амидааг харж байсангүй, одоо ч хараагүй л дээ гэхдээ блогийг нь олж үзлээ http://dulmandakh.blogspot.com. Уг нь яг энэ хаяг дээр миний англи хэл дээрх блог байрлаж байсан боловч зарим нэг алдаа гарсны улмаас хаягаа алдаж http://dulmandakhs.blogspot.com хаягтай болсон. За ямар ч байсан яг амидаагаа оллоо гэж.

2007-06-08

Насны доройтол

Шинэ үеийн хошин шог дээрээс насны доройтол гэдэг үг сурчихаад бие жаахан сулрах бүрт ашиглах зуршилтай болчихсон юм гэнэ лээ. Энэ долоо хоног насны доройтлоор эхэлж бас дуусах гэж байх шиг. Нэгдэх өдрийн шөнө хоолой өвдсөнөөс болж халуурч хонов, түүнээс хойш өнөөдрийг хүртэл халуурч байна. Гуравдахид заал авч сайхан хөлсөө гаргачихвал зүгээр болчихно гэж бодож байтал үгүй шүү, бүр бөөр өвдөж эхлэх нь тэр. Өнөөдөр арай гайгүй болж байх шиг. Ядаж байхад жил гаран бөмбөг бариагүйг хэлэх үү сүүлийн хэд хоног сууж босох, гар хөлөө хөдөлгөхөд хөндүүрлэж өвдөөд, орилоод хэцүү байноо. Энийг л насны доройтол гэхгүй бол өөр юуг насны доройтол гэх билээ.

Заал гэснээс нээрээ тоглосон чинь тасархай гоё байна лээ шүү. Хамаг хөлс цуваад ёстой гоё. Огоо, Үнэнбат хоёртой нэг баг болоод хожиж, тойрч энэ тэр. За тэгээд сар бүр ингэж тоглож байхаар болов, зохион байгуулах ажлыг Үнэнбат хариуцаж ажиллахаар ярилцсан. Заалаа олоод, хэзээ яаж гэдгийг нь тухай бүр зарлаж байна байх. Энэ удаагийн заалын зохион байгуулсан Баянмөнхдөө баярлалаа.

2007-06-06

Төвөгтэй Windows

Нэг газрын хүсэлтээр хэдэн халтар бултар код бичээд түүнийгээ Windows дээр ажиллуулах хэрэгтэй болов. Ер нь python ашиглаж бичсэн болохоор файлын зам засахаас өөр асуудал ер нь гарсангүй, гэвч Windows суулгаж бэлдэнэ гэдэг үнэн бэрх асуудал байнаа. Сүүлийн хоёр жил шахуу хугацаанд бараг Windows ашигласангүй, дээрээс нь аль 2006 оны 10 сард авсан Thinkpad дээрээ саяханыг хүртэл нэг ч Windows суулгаж байгаагүйгээ сая л нэг юм анзаарлаа. Өмнө нь өнө удаан жил хэрэглэсэн юм хойно суулгах энэ тэр ажилд огт түүртсэнгүй гэвч өөрт хэрэгтэй зүйлсээ татаж авч суулгах, төхөөрөмжүүдээ таниулах нь үнэн төвөгтэй санагдлаа. Windows суулгаад ашиглавал хамаг юм нь ажиллахгүй, Ubuntu рүүгээ орж байж хэрэгтэй зүйлсээ татаж авна, ntfs-3g ашиглаж файлуудаа Windows рүү шиднэ гээд бараг бүтэн өдрийн ажил болсон ч одоо болтол бүх зүйл хэвийн ажиллахгүй л байна. Учир нь програмаа ажиллуулахад хэрэгтэй зүйлсээс бусдыг суулгаж цаг алдахыг хүссэнгүй. Нээрээ ядаж байхад Thinkpad T42 дээр Windows товч байхгүй улмаас ажлын бүтээмж асар муу, харин линукс дээр нөлөө байхгүй.

Эцэст нь хувийн хэрэглээнд Windows ашиглах нь утгагүй, хэрэггүй болсон байх юм. Гэвч ажлын журмаар зарим тохиолдолд ашиглахаас өөр аргагүй болоод байх шинжтэй. Та бүхэн хэрэглээд үз, Гандэмбэрэлийн хэлсэнчлэн "дасах л хэрэгтэй".

2007-06-04

Лагер гарлаа

Хагассайн өдөр хамаг юмаа ачиж аваад лагер гарав. Сэрүүвтэр боловч цэвэр агаар юм хойно цаанаа л нэг гоё. Бодоод байсан чинь лагер гарах, орох гэдэг ажил их заваан ажил байна шүү. Гарахдаа амьдралд шаардлагатай зүйлсээ уван цувуулан зөөнө, төд удалгүй зун дуусч буцаагаад л зөөнө. Лайтай гээд лагер гарахгүй байж болохгүй ээ, цэвэр агаарт сайхан амарч авах нь чухал. Харин энэ хулгай гэдэг юм байхгүй болчихвол гээд бодсон чинь гоё байна шүү. Ер нь яавал хулгайд өртөхгүй байх вэ? Огт өмчгүй байвал ямар байх бол? Тэгвэл бас юу ч бодохгүй, ярихгүй байх хэрэгтэй тэгэхгүй бол оюуны өмчийн хулгай гэж байгаа. Хэхэ. Арай л биш юм. Амьдрал өөрөө баян юм болохоор хулгай хийх ч, хулгай хийлгүүлэх ч юм бий, хэзээ ч дуусахгүй байх. Бас төвхнөж дуусаагүй л байна.