2007-04-23

Debian 4.0 туршиж үзлээ

Хэд хоногийн өмнө сервер суулгах хэрэг гартал Debian 4.0 файлаар байсан тул шараад суулгаж үзлээ. Гэлээ ч маш олон зүйл сайжирсан, нэмэгдсэн гэж байсан тул туршиж үзэх сонирхол төрсөн гэж. Уг нь ч би өөрөө Ubuntu-д дуртай л даа, гэвч тухайн үед байгаагүй бас ижил төстэй болохоор зүгээр л Debian 4.0 суулгаж орхилоо. Суулгах явц өмнөх хувилбараа бодвол арай л сайжирсан боловч хуучны танил Debian хэвээр байна. Хялбархан гүйгээд л дууслаа. Харин сууж дуусаад ачааллахдаа дэлгэц рүү хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цацаж, бас бус дэмий зүйлс суусан байхыг олж харав. Хм, уг нь би цэв цэвэрхэн, хов хоосон систем суулгачихаад сүүлд нь хэрэгтэй зүйлсээ нэмж суулгах дуртай, энэ ч олон давуу талтай. Гэтэл Debian 4.0 тэгсэнгүй.

Зарим нэг зүйлсийг туршиж үзсэний дараагаар эргээд Ubuntu руугаа шилжихээр шийдлээ. Ubuntu сервер суулгаад дуусахад ямар ч илүү дутуу зүйлгүй суудаг, тэгээд ч сүүлийн үед Debian-г бодвол илүү цөөхөн цох илэрсэнг санаж байна. Гайгүй сулгаж чадвал ямар систем найдвартай ажилладаг, гэхдээ Windows-г бодвол линукс нь найдвартай болгоход хялбар гэдэг юм билээ.

shutdown -i6 vs. reboot

Бүх юникс төст системүүд ажиллагааны хувьд 7 горим байдаг. Жишээ нь, 0 буюу унтраах, 1 буюу ганц хэрэглэгчийн, 2 буюу олон хэрэглэгч сүлжээгүй, 3 буюу олон хэрэглэгч сүлжээтэй, 4 тодорхой бус, 5 нь график интерфэйс, 6 нь шинээр эхлүүлэх. Үүнээс үзвэл shutdown -i6 болон reboot тушаалууд нь яг адилхан ажиллах ёстой ч юм шиг. Миний мэдэхийн линукс дээр ингэж ажилладаг, тийм болоод ч тэр үү Solaris дээр ижилхэн ажиллах ёстой гэж бодсон байх. Нэлээн хэд хоног махаа идэж байж овоо ажилд оруулсан систем маань бүрэн ажиллагаагүй болж бүр шинээр эхлэх шаардлагатай болов, хөөрхий. Бодож байна, юунаас болсон байж болох уу?

Суулгах явцад номон дээр shutdown -i6 гээд өгсөн байхад би ихэд гайхаж байлаа. Яагаад reboot биш гэж? Гэтэл Solaris дээр shutdown -i6 болон reboot нь хоорондоо ялгаатай болохыг сүүлд нь олж мэдлээ. shutdown -i6 тушаал бүх үйлчилгээ гээд систем дээр ажиллаж байгаа бүх зүйлсийг ном журмынх нь дагуу зогсоогоод, дараа нь шинээр ачаалдаг байх юм. Харин reboot нь шууд л унтраад асна. Би хуучнаараа сэтгэж reboot хийсээр байгаад системээ гэмтээсэн юм болов уу? Эндээс сурсан зүйл бол альваа тушаалыг харанхуй ашиглахгүй, заавал man уншиж байх хэрэгтэй юм байна.

2007-04-21

InfoSec2007 - get commercial

InfoSec гэх арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж, өнгөрөгч 19, 20-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийнх дажгүй болсон гэж сонссон гэхдээ орж чадаагүй, мөнгө байгаагүй. Харин энэ удаад илтгэгчээр оролцох боломж олдож хоёр хоногийн зарим хэсгийг Чингис зочид буудлын хурлын танхимд өнгөрөөвөө хөөрхий. Ядаж байхад нөгөө Sun-тай зууралдсан ажил маань дуусаагүй болохоор таталдаад тайван ч сууж чадсангүй.

Их унтсанг хэлэх үү явж явж нэлээн хоцорч очлоо, тэнд л очоод миний илтгэл маргааш нь болохыг олж мэдлээ. Өнөөдөр байвал эсвэл хоцорчихсон байвал яана гэсэн айдас хормын дотор алга болов. Ороод харвал баахан таньдаг хүмүүс, зэрэгцэж суугаад ивээн тэтгэгчид болон тэдгээрийн бүтээгдэхүүний талаар танилцуулгыг сонирхож сонсов. За түрүүлж ирсэн хүмүүсийн ярьж буйгаар бол бас л бүлт бүлт үсэрсэн юм байх. Жишээ нь, өмнө сонч ч байгаагүй компани ирээд сүлжээний хэвлэгчээрээ тэргүүлдэг гэсэн юм байх, нөгөө Xerox, HP, Canon маань хаагуур нь орчихдог юм бол? Монголчуудыг морио унаад явж байдаг, мэдээлэлгүй гэж боддог юм байх гэсэн шивнээ яриа энд тэндгүй. Хэсэг сурталчилгаа сонирхож байгаад буцаад Цахилаан Холбоо руугаа ирэв.

Хоёрдахь өдөр нь бас л санд мэнд цагтаа гүйгээд очтол бас л сурталцилгаа явж байна бас их шингэрчээ. Хүмүүс их бухимдангүй байна. Яав гэтэл ивээн тэтгэгч нь цаг гаран ярьж үзэгчдийг залхаасан юм байх, бас өмнөх өдөр ярьсан зүйлээ давтаж ярьсан гэв үү яав. За тэгээд цаг маань бас хэт хойшлочихсон, бас хоёр цагийн дараа товчхон болоод өнгөрөв. Дараа нь бас л сурталчилгаа.

Надад лав таалагдсангүй. Зарлал мэдээллээс үзвэл мэдээлэл харилцаа холбооны технологи, аюулгүй байдлын талаар ярих байтал компани бүтээгдэхүүн сурталчлаад л өнгөрлөө өөрөөр хэлбэл хэт арилжааны буюу commercial болсон. Хувьдаа нэлээн техникийн шинжтэй, асуудал дэвшүүлсэн, түүнийгээ шийдсэн тийм л хурал болох болов уу гэж горьдож байлаа. Хамгийн тэнэг нь тэр ивээн тэтгэгчид бөгөөд цаг цагаар цаг хялгааргүй чалчиж үзэгч, сонсогчдыг үнэхээр залхааж байсан юм. Уг нь ивээн тэтгэгч чухал л даа гэвч нөгөө хурлын үнэ цэнэ, үзэгчдээс илүү дээгүүр тавигддаг ивээн тэтгэгч байх хэрэгтэй юм болов уу? Энэ янзаараа дараа дараагаас ирж сонирхох хүнгүй л болох байх даа. Миний л бодол шүү дээ.

Харин хүмүүстэй ярьж байхад SysAdmin Summit-н тухай дурсах, ярих хүмүүс цөөнгүй тааралдсан. Санаа ч нэмэрлэх юм. Хэд хэдэн хүмүүсээс их сонирхолтой сэдвээр илтгэлүүд гарах төлөвтэй. Энэ хуралд суусных олон сургамж авч, хэрэгжүүлчихмээр санаа олдог байна шүү. SysAdmin Summit гэснээс энэ жил Мобиком лав ивээн тэтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн, гэвч цаг нь дөхөхлээр бид хөтөлбөрөө боловсруулж, илтгэгчдээ олчихоод ахиад л ивээн тэтгэгчдийн эрэлд гарах болно. Хэрэв танд час хийсэн сэдэв байгаа бол базаад бэлдэж л байгаарай, хэрэв танай компани ивээн тэтгэх сонирхолтой байгаа бол түрийвчээ зузаатгаж л байгаарай. Мөн хэрэв та зүгээр л оролцох гэж байгаа бол чих тавин сонсож л байгаарай. Ирэх 9, 10 сар хавицаа зохиогдоно байх, нэг л өдөр бид ажилдаа ханцуй шамлан ороод, нэг л мэдэхэд бүх зүйлд тодорхой болчихсон байх вий.

2007-04-17

Legacy systems

Би өөрөө дандаа шинэ юманд дуртай болохоор хуучин юм хэн хэрэглэдэг байнаа, шинэчлэчихэж болдоггүй юм байх даа гээд их л боддог байж билээ. Гэтэл сарын өмнө бараг л тэрийгээ үзээд лай ланчгийг нь үүрчихлээ гэж бодсон бас тийм биш байж. Уг нь нэр серверийн програм суулгаж өгөх хэрэгтэй байдаг тэр нь хуучин линукс дээр сайн ажилладаг, харин төхөөрөмж маань сүүлийн үеийнх гээд ирэхээр асуудал үүснэ. Хамгийн наад зах нь суулгах гэтэл дискээ олохгүй байгаам, арай гэж суулгасан чинь сүлжээ гээд бараг бүх юм нь ажиллахгүй байсныг эрийн сайндаа нэг ажилд оруулж байж билээ. Энэ маань юу ч биш байж.

Сүүлийн нэлээд хэд хоног Тахилгаан Холбоо гэдэг нүсэр байгууллага дээр өдрийг өнгөрөөж байна, миний хийх ёстой ажил бол нэг том систем ажилд оруулах. Харин энд ажиллах ёстой систем нь UltraSparc II 248Mhz-н хурдтай Sun Ultra 300 дээр Solaris 2.5 болоод бусад бүх хэрэгтэй системүүдийг суулгах. Анх удаа Sun, Solaris гэдэг юмтай ноцолдож байгаа болохоор бас л чанга байна, гэхдээ юникс бол юникс л юм даа. Хамгийн тэнэг нь техник нь ч үйлдлийн систем бас бусад системүүд нь цаанаасаа зогсоочихсон, ямар ч дэмжлэг байхгүй гэвч тэр системийг ашиглахаас өөр арга байхгүй. Ийм л системийг legacy system гэдэг ба давахгүй гэсэн даваагаараа долоо давах гээд явж байна даа. Одоогоор ямар ч үр дүн гараагүй л байна.

Юуны чинь сайхан унтах

Өчигдөр өглөө эртлэн босоо жаал ажил амжуулах санаатай сууж байтал аав босчихсон явж байна. Манай гэрийн хажууханд их барилгын ажил эхлээд шөнө ч сайхан унтаж чадахгүй, өдөр ч тухтай суух нөхцөлгүй болоод байгаа билээ. Аавтай энэ талаар ярих санаатай "Гадаа их дуу чимээтэй, сайхн ч унтаж чадахгүй юм" гэсэнд аав "Юуны чинь сайхан унтах, их бүтээн байгуулалтыг ажил явагдаж байхад чиний унтах ч яамай" гэдэг юм байна. Тэгснээ "Одоо ажлыг ч ингэж өдөр шөнөгүй нухаж байж л дуусгахгүй бол болохгүй болсон цаг юм байх даа" гэж өгүүлрүүн. Би ихэд гайхав. Сүүлийн хэд хонон том машины чимээ, элдэв техникийн түчигнээнд тухтай ч амарч чадахгүй болсон байсныг аавтай ярих гэтэл аав харин тэс хөндлөн юм ярих гэж.

Гүй нээрээ хүн бид чинь яасан аймар амиа бодсон хүмүүс вэ. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдвөл хэдэн ч хүний эрх ашгийг золиослон байж түүнийгээ олж авахаар чармайна. Хүн гэдэг нээрээ муухай амьтан шүү.

2007-04-13

Ард түмэн - өвчин

Анх л жагсаал цуглаан өргөн дэлгэр зохиогчож эхэлсэн цаг юм гэнэ, хүн бүр л ард түмэн гэдэг үгийг хашгирцгаац, бүгд л түүний төлөөлөгч, элч болохыг хүснэ. Гарч ирээд л тод сайхан дуугаар "Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмэн ... хүсч байна" гээд дуу дуугаа авалцан орилж эхэлснээс хойш овоо хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ үед нь үргэлж "би чинь ард түмэн нь биш билүү? гэтэл би эсрэг байр суурьтай байдаг. ер нь ард түмэн гэж хэн бэ?" гэсэн зүйлс толгойд эргэлдэнэ.

Өнөөдөр автобусанд явж байтал нэг халамцуу нөхөр "ард түмэн үйлчилж чадахгүй бол боль, яах гэж автобус юм бэ" гэх мэтээр орилж миний ч, бусад хүмүүсийн ч амгалан тайван байдлыг алдагдуулж эхлэв. Мань эр замын бөглөөг үл хайхран хурдан явуулахыг хүссэн бололтой. Ер нь иймэрхүү гарууд зөндөө тааралдана, автобусанд суучаад удаан явлаа, буудал дээр удаан зогслоо гээд уурлаад орилж өгнө. Уг нь өөрсдөө юунд яагаад суучихав гэдгээ бодвол ... За тэр ч яахав. Бусад бүх зорчигчид мөнгөө төлөөд зүв зүгээр суугаад яваад болоод байхад мань хүнд болохгүй байж, харин яагаад би биш "ард түмэн" гэж хашгичаад байна вэ?

Тэр хөдөлгөөнүүд гарч ирж байхад нь зарим нэг шийдэл нь буруу ч гэсэн нийгмийг арай эерэг тал рүү хөтлөж байна уу даа гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр бас нэг сөрөг талыг нээж оллоо. Энэ нь хүний хувийн эрх ашиг хөндөгдөхөд "ард түмэн"-д түүнийгээ тохож, тэдний өмнөөс ярьж буй мэтээр авирлах. Хөндлөнгийн хүн эсвэл гадаадад байгаа хүмүүс харвал, сонсвол монголд үнэхээр л "ард түмний" амьдрал хэцүү байна гэж бодох болж, гэтэл ганц эсвэл хэдхэн хүний л эрх ашиг хөндөгдсөн байх вий. Ингэхэд ард түмэн гэж хэн бэ?

Open Beer Party 2007.4

Сүүлийн үед үнэн худлаа нь мэдэгдэхгүй завгүй гүйгээд олигтой ч блог бичсэнгүй, бичлээ ч гудамжинд явж байхдаа төрсөн сэтгэгдлээсээ бичих юм. Бас л ижил юм бичих гэж байснаа ойрд Planet liMNux-д ороогүйгээ санаад ортол бидний анд Баянаа маань Beer Party-аа санагалзжээ. Андынхаа хорхойг улам хүргэхээр ч юм уу сэтгэлийг нь дэвтээхээр ч юм уу эсвэл зүгээр л сүүлийн үед юу болоод байгаа сониноос хуваалцахаар шийдлээ.

Unix Beer Party маань Open Beer Party болж нэрээ солилоо. Бид бүхэн цуглаад чөлөөтэй сайхан ярилцаж, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг байхад хүмүүс юникс гэдэг сүржин бөгөөд даржин нэрнээс айдаг юм уу сонирхосон ч ирж чадахгүй байсан болохоор нэрээ солихоор шийдэв. Анхнаасаа барьж ирсэн юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгч, сонирхогчдын уулзуулах зорилгоосоо нэр маань хазайгаагүй гэдэгт итгэлтэй байна. Бас сая харж байхад хүмүүст ч таалагдаж байх шиг.

Бид улам бүр олон болсоор л байна. Эхэлж байхад бараг бид хэдүүлэхнээ суугаад л элдвийг ярьдаг байсан бол сүүлийн үед доод тал нь 10 хүн цугладаг болжээ, бас хэзээ болох билээ гэж их асууж, их л хүлээдэг бололтой. Бидний хэдэн нөхдийн хувьд тэсэн ядан хүлээдэг өдөр хэвээр л байгаа. Сүүлийн үед оютнууд овоо ихээр ирдэг болж, энэ бол сайн хэрэг, бас их идэвхитэй оролцохыг нь яана. 3-р сард 20 гаран хүн ирээд багтаж шингэх газар олдохгүй, басгүй сандаргаад авсан гээч.

InstallFest 2007. Өнгөрсөн оны 4-р сарын 7-нд болж байсан Linux InstallFest-г энэ жил дахин зохион байгуулах нь тодорхой боллоо. Урьдынхтай харьцуулбал нэлээн өргөн фронтоор давших шинжтэй болоод явчихлаа. Одоо миний бие төлөвлөгөө бичээд, нийтээрээ хэлэлцэж ажлаа төлөвлөх л үлдэж байна. Хүн бүрийг идэвхитэй оролцохыг хүсчийнээ.

Гэвч бидний тоо нэмэгдэх тусам бүр нарийн шийрийн зүйлс ярилцах нь багасч, тэр бүр хүн бүрт хүрч чадахгүй байна. Нэг булангаас нөгөө буланд яриа хүрэхгүй тул хэсэг хэсэг болон өөр өөр сэдвээр хэлэлцэнэ. Дээрээс нь хүн бүрт хүрсэн, илүү бүтээлч, илүү үр дүнтэй уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар бүгд л толгой гашилгаж, санал бодлоо солилцож байна.

2007-04-05

Эрлэгийн элч цагдаа

Саяхны нэг өдөр нэг ах хүнтэй муудалдах хэрэг гарлаа. Тэгээд хэсэг нэг нэг рүүгээ агсарсны дараа өнөөх маань "Би ... цагдаа хүн, одоогоор амралтаа авсан байна" гэж хэлээд ихээхэн гэдийж, томорч эхлэв. Уг нь энэ маргаанд маань хэн нь хэн байх нь хамаагүй л баймаар гэтэл юунд ингэж "цагдаа" гэдгээ дурдав? Цагдаа чинь төрийн үйлчилгээний ажилтан билүү биш илүү? Ер нь ингэхэд цагдаа гэдэг чинь хэн билээ?

Өглөө эртлэн босоод, цай ундаа уучаад ажилдаа гарч, буудлаас "микро" хөлөглөн явж байх юм. Харин жолооч цагдаа харагдмагцаа л түүнээс бултах гэж аль байдаг далд жалга гуу, нүх сүв хайн давхина. Ядаж байхад өнөөдөр яасан их цагдаа харагдана вэ. Харин жолооч маань тэр бүгдээс айн мэгдэж, хаагуур л зугтаах боломж байна түүнийг хайна. Барсын хажууд зогсож байсан цагдаа хажуугаар өнгөрсөн бүх микрог дохин зогсоон шалгаж, шантажлах зүйл олж ядан зогсоно. Манай жолооч харим сиймхийгээр нь мултравч хэдхэн алхамын цаана зогсох өөр нэг цагдаа түүний яалт ч гүй зогсоолоо. Ингэж тэгж аргалж байгаад торгуулийн доод хэмжээ 2000-р торгуулсан бололтой. Цааш явна, ахиад л цагдаа. Харин энэ бүрд тэрхүү микроны жолооч яах бол, ахиад зогсоож торгохгүй байгаа хэмээн айн мэгдэнэ. Жолооч амьдралаа залгуулах мөнгөний төлөө тэмцэнэ, төгрөг бүрийг алдалгүй хураахыг хүснэ. Цагдаа ч мөн адил. Гэвч бүх цагдаа, төрийн албан хаагчид тийм биш ...

Энэ жижигхэн хэсгээс монголчууд бидний амьдрал тодхон харагдана. Төр нь "та бүхний амьдралыг тэтгэхийн тулд ийм дутуу дулимаг зүйл хийлээ, ашигла, баригдвал хохь чинь" гэсэн дүрмийг тогтоон өгч бүгд л энэ ганц гол дүрмээ алдалгүй мөрдөхөөр хичээцгээнэ. Хууль бусаар, хулгайгаар үйл ажиллагаа явуул, баригдвал тухайн төрийн ажилтан нь хууль бусаар, өөрийн дураар арга хэмжээ аваг гэсэн дүрэм маань л үйлчилнэ. Хууль зөрчихгүй бол иргэн амьдралгүй, иргэн амьдралгүй бол төрийн ажилтан амьдралгүй. Өнөөдөр бидний амьдрал хэн гэдэг том даргад хэдэн мерт ойр байх, хэн гэдэг том хүнд өөрийн амьдралаа даатгаж, дагалдан гүйхээс хамаарахаас биш бидний хэн болох, юу мэддэг, юу чаддагаас огтхон ч хамаарахаа байсан бололтой. Би бодох юм, хэзээ бид нэг хуулийн дагуу хөдөлмөрлөж, өрсөлдөж, өөрийн чадлаар өөрийн амьдралаар айх айдасгүй амьдрах юм болоо.

2007-04-01

Төрийн ордны бүтээгдэхүүн ...?

Өнөөдөр өдөр автобусанд суугаад харих гээд явж байгаад нөгөө мандарин гэдэг жимс үнэртэж хорхой хөдөлгөсөн тул 10-р хорооллын "Номин супермаркет" оров. Шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаа бололтой, очоод үзвэл нарийн боов байна. Амталж үзээд ихэд таалагдсан тул зарим нэг мэдээллийг лавлан асуувал "Хаан..." гэдэг компаний бүтээгдэхүүн тэгээд энэ компани нь "төрийн ордон" дотор байрлаж, үйлдвэрлэл явуулдаг болж таарлаа шүү. Тэгээд цааш сонжвол бүтээгдэхүүний савлалгаан дээр бас л "төрийн ордон сонгосон" гэдэг утгатай өгүүлбэр байна.

Сонин юм даа, төрийн ордон дотор бүхэл бүтэн нарийн боовны цех ажилладаг. Уг нь нөгөө гишүүд нь багтаж шингэхээ байгаад шинийг барьж, нүүх гээд байна гэж бодсон чинь харин хэхэ. Овоо том мотор доо ...