2008-06-27

Amazon.com дээрээс захиалга хийх зөвлөлгөө

Хэрхэн мэдээллийн технологийн ном сонгох зөвлөлгөө бичсэн чинь нэгэн уншигч маань хэрхэн Amazon.com дээрээс худалдаа хийдэг талаараа зөвлөлгөө өгөхийг хүссэн байсан өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ. Гадны улсуудаар явах боломж гарвал миний хийдэг ажил бол номын дэлгүүр хэсч мэргэжлийн ном худалдаж авах. Хоол авч идэхгүй өлсөн байж л ном худалдаж авдаг юм. Тэгээд үүнээсээ болоод муу зан сурсан нь цаасан ном унших, тэр тусмаа чанартай, багагүй үнэтэй хэвлэлүүдийг унших дуртай болсон. Он гарснаас хойш хэрхэн интернэтээр ном захиалж унших талаар бага сага судалгаа хийсний үндсэн дээр тодорхой дүгнэлтэнд хүрч, туршлага суугаад байна.

Хэдэн хүнээс асуусан чинь шууд Amazon.com-р хүргэлтийг нь хийлгэчихэж болдог гэхдээ сар орчим хүлээдэг, бас хааяа илүү уддаг бас алга болох тохиолдол гардаг гэлээ. Арай гэж хэдэн төгрөг олчихоод түүнийгээ алдахыг хүсэх хэн байх вэ дээ. Би өөрөө их яаруу хүн болохоор сар орчим хүлээнэ гэхээр нэг л болдоггүй. Сүүлийн сонголтондоо энэ аргыг үлдээлээ. Ахиад жоохон судалж үзсэн чинь Америкаас наашаа карго үйлчилгээ үзүүлдэг газрууд нэлээн олон байдаг бололтой. Өмнө нь найз маань үйлчлүүлж байсан гээд ari_cargo@hotmail.com хаягийг өгөхөөр нь харилцаж үзсэн чинь кг нь 8$ (одоо 9 болсон) гэхээр нь их боломжийн санагдлаа. Бас наашаа ирэх хугацаа нь 7 хоног (хувийн туршлагаас үүнээс хэтэрч байсангүй). Хамгийн гол нь Amazon.com нь АНУ дотроо хугацаа нь урт боловч үнэгүй хүргэлтийг санал болгодог бас найдвартай байдаг юм шиг санагдсан. Үнэгүй хүргэлт хийлгэхэд 10 хоног орчим хүлээнэ, дараа нь 7 хоног. Нийтдээ 20 хүрэхгүй хоног хүлээгээд ямар нэг алдагдалгүй бараагаа хүлээгээд авчихна. Үнийн хувьд сүртэй ялгаа байхгүй, арай хямд юм шиг санагдсан. Уншигч та ч мөн адил өөрийн туршлагаас хуваалцаач.

Линуксын сургалт өндөрлөлөө

Даваа гарагаас эхэлсэн линуксын анхан шатны сургалт маань дөнгөж сая дууслаа. Өдөр бүр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн энэхүү сургалтаараа линукс сонирхогчдод хэрхэн суулгах, файлын систем, файлын эрх, бүрхүүлийн үндэс, хэрхэн тусламж авах гээд анхан шатны мэдлэгийг олгож, цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийг зорьсон юм. Зорилгодоо ч хүрсэн гэж хувьдаа дүгнэж байна, гэвч суралцагчид маань өөрийн үзэл бодлыг хуваалцана бизээ. Мөн энэ сургалтаараа линукс сонирхогчдод маань яг ямар бэрхшээлүүд тулгардаг талаар тодорхой мэдээллийг олж авахыг хүссэн юм.

Сургалт маань LiMNux бүлгэмийн гишүүдэд зориулагдан авагдсан байгаа. Дараагийнх нь намар зохиогдох ба зөвхөн оюутнуудад чиглэх болов уу. Бид LiMNux бүлгэмээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн линуксын хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг эхлүүлсэн байгаа, уншигч та өөрийн үзэл бодол, саналыг нэмэрлэнэ гэдэгт итгэж байна. Төгсөв.

2008-06-24

Линуксын сургалт үргэлжилсээр ...

Монголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн гишүүд, линукс сонирхогчдод зориулсан анхан шатны сургалтыг өмнө зарласны дагуу явагдаж байна. Өчигдөр бид бүхэн оюуны өмч, түүнийг хамгаалах патент болон зохиогчийн эрх, лицензийн талаар товч үзээд ямар програм хангамжийг "нээлттэй эхийн" гэж нэрлэдгийг үзсэн байгаа. Тарахын өмнө Ubuntu-г бүрэн хэмжээгээр суулгаж, ашиглаж үзсэн. Харин өнөөдрийн хичээл дээр нээлттэй эхийн програм хангамж хэрхэн хөгждөг, тархац болон хөгжүүлэгчдийн оролцоо, багц болон түүнийг хэрхэн суулгах талаар үзэж, сүүлд нь shell буюу бүрхүүлийн үндсэн үүрэг, давуу талуудыг үзсэнээр дуусав. Үүний хажуугаар сонсогчдынхоо сонирхосон асуултанд хариулах явцдаа 32 болон 64 битийн ялгаа, давуу талуудын ярилцсан.

Линукс сонирхогчдыг дэмжих зорилгоор энэхүү сургалтыг туршилтын журмаар 2007 оны 12-р сарын 8-ны өдрөөс цөөхөн хоногийн хугацаатайгаар явуулсан. Энэ удаад өмнөх алдаагаа давтахгүйн үүднээс ажлын бус цагаар өдөр бүр бага цагаар хичээллэж байна. Бас өмнөх туршлага дээрээ үндэслэн заах арга барил болон сэдвийн сонголт, дараалал, агуулгад ч бага сага өөрчлөлтүүд оруулж үзлээ. Өөрчлөлтүүд маань хэрхэн нөлөөлөхийг дүгнэхэд арай эрт байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар 10 хүн оролцож, манай ажлын өрөө маань ч дүүрч, сандал ч хүрэлцэхгүй боллоо. Ахиж хүн нэмж авахгүй л болов уу. Монголын нээлттэй эхийг дэмжигч, линукс хэрэглэгчдийн тоо олон болох болтугай. Сургалт үргэлжилсээр ...

2008-06-22

Хайрт найзууддаа төрсөн өдрийн мэнд :)

Хайрт найзууддаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Нэг нь халаалт хийж нөгөөх нь төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан өдрүүдийг эргэн санахад сайхан байна шүү. Тэр үед сайхан байж дээ. Гэхдээ тэр өдрүүд тун удахгүй эргэн ирнэ гэдэгт бат итгэж байна. Та хоёр шүү ...

2008-06-19

Би ганц сарын настай

"Танд ганц л сар амьдрах хугацаа байна" гэж танд эмч хэлбэл та яах вэ гэдэг асуултыг өнөөдрийн сургалтан дээр багш маань асуулаа. Хэн ч өнөөдөр маргаашгүй үхнэ гэж боддоггүй, гэвч үхэл бол гарцаагүй зүйл. Энэ асуултанд хариулахыг, юу хийх талаараа сайн бодохыг багш маань хүссэн болохоор бид бүгд л өөр өөрийн хийх зүйлсийг нухацтай бодсон байх. Хэдийгээр багш бүгдэнгээс нь асуугаагүй ч би өөрийн саналаар өөрийн юу хийх талаар сэтгэгдлээ бусадтай хуваалцсан юм.

Надад ганц сар амьдрах хугацаа үлдсэн. Том зүйл төлөвлөж, том юм хийх талаар бодох ч хэрэг байхгүй. Нэг сар гэдэг бол маш богино хугацаа. Гэхдээ би өөрийн олж авсан мэдлэг, чадвар, туршлагаасаа аль болох олон хүнтэй хуваалцаж, түгээж, зааж өгөхийг хичээнэ. Яагаад гэвэл ... Гэхдээ хүн хүсвэл юуг ч хийж болох байх. Хэн ч ойрын хугацаанд үхнэ гэж бодоггүйн адилаар би үргэлж амьдрах мэт сэтгэж, ихийг мөрөөдөж, ихийг төлөвлөж, ихийг хийж чадна гэдэгт итгэдэг. Үүндээ өөрийгөө бэлтгэж ихийг уншиж, ихийг сэтгэж, өөрийгөө төлөвшүүлдэг гэж боддог. Хувьдаа энэ бүх олж авсан мэдлэг, чадвар, туршлага маань надтай хамт ингээд үгүй болоосой гэж хүсэхгүй байна. Харин та юу хийх вэ?

Firefox 3-ын таталт бараг 10 сая хүрч байна

Firefox-ын 3-р хувилбар хоёрхон хоногийн өмнө эцэслэн гарч хэрэглэгч бидний гар дээр ирсэн. Хэн дуртай нь http://www.spreadfirefox.com/en-US/worldrecord хаягаас татаж авах боломжтой ба хэдхэн минутын өмнөх байдлаар 9757905 хүн татаж авсан байна. Үүнд монголчууд бид багагүй хувь нэмэр оруулж 897 удаа татаж авсан байх юм. Гэхдээ үргэлжилсээр ... Бас энд линукс тархацуудаар дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа тоо ороогүй гэдгийг тэмдэглэмээр байна. Энэ бол нээлттэй эхийн програм хангамжийн хувьд маш том амжилт, бас програм хангамжийн түүхэнд ийм богино хугацаанд ийм олон хэрэглэгчдэд хүрнэ гэдэг бол гайхамшиг.

2008-06-14

Firefox 3-г сонгоцгооё

Интернэт хэрэглэгч хэн бүхний мэдэх Firefox-ын 3-р хувилбар ирэх мягмар гарагт буюу 17-ны өдөр эцэслэн гарч та бүхний гар дээр очих гэж байна. Firefox нь бусад вэб үзэгч програмуудыг бодвол хурдан, найдвартай мөн таны мэдээллийн аюулгүй байдлыг илүү сайн хамгаалж өгснөөрөө илүү давуу талтай юм. Шинээр гарах гэж буй 3-р хувилбар өмнөх хувилбарын давуу талуудыг хадгалан үлдэж, илүү баталгаажуулснаас гадна таныг интернэтээр хийх аялалыг тань илүү хялбар, тааламжтай болгох шинэ шинэ боломжуудыг нээж байна. Би хувьдаа нэлээн дээрээс туршилтын хувилбарыг ашиглаж байгаа ба аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулж, илүү хурдан, илүү хялбар болсон гэдгийг баттай хэлмээр байна. Танд таалагдана. Хэрэв та Firefox-ын үнэнч хэрэглэгч бол эсвэл та хэрэглэхээр шийдсэн бол http://www.spreadfirefox.com/en-US/worldrecord/ хаягаар орж дэмжиж буйгаа илэрхийлээрэй. Мөн Монгол Улсынхаа газрын зургийг илүү тодоор дүрслэгдэхэд хувь нэмрээ оруулаарай.

Христийн талаар миний бодол

Ажлынхаа хажуугийн өрөөнд хэсэг дуг хийчихээд босч ирээд сууж байтал хүүхдүүд дуулж байна. Тэд баяр хөөртэй, жаргалтай байгаа бололтой, тэд чин сэтгэлээсээ дуу хоолойгоо нэгтгэн дуулж байна. Ихэд гайхан сайн чагнавал ямар нэг есүсийн цуглаан болж буй бололтой. Би өөрөө ямар нэг шашинд итгэдэггүй, шүтдэггүй болохоор ямар зүйл нь ингэж хүмүүсийг баяр хөөрөөр дүүргэж, дуулахад хүргэдэг байна гэсэн асуулт толгойд минь эргэлдэж, сониуч зан минь хөдлөөд доош буулаа. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын хурлын танхим 400 хүний багтаамжтай гэхэд дүүрчихсэн харагдана. Энэ ирэгсдийн дийлэнх нь 12-с 18 насныхан буюу бидний шинэ үе, ирээдүйн монголын эзэд. Тэднийг ингэж бөөнөөр нь нэгтгэж, энд цуглуулсан зүйл нь "есүс", тэд бүгд үнэн сэтгэлээсээ дуулж, бүжиглэж, залбирч байлаа. Есүст итгэгчид ийм байдаг, цуглаан нь ингэж болдог гэдгийг анх удаагаа харж буй нь энэ. Би өмнө нь хэзээ ч ийм юм харж байгаагүй.

Бага байхад чихэр боов, зарим нэг амттан авах гэж хааяа нэг христийн цуглаанд очдог байлаа. Тэр үед хурал нь хурдан дуусаад амттай зүйлсээ тараагаасай, хурдхан идэх юмсан гэж бодоод тэсэн ядан суудаг байж билээ. Хурал дуусаад чихэр боовоо идчихээд гадаа тоглох эсвэл өөр зугаатай юм олж хийхээр явна. Гэрт чихэр байхгүй эсвэл аав ээж маань чихэр авч өгөх боломжгүйдээ бус зүгээр л хүүхэд болохоор ингэдэг байсан байх. Нэх удалгүй ахиж очихоо больсон юмдаг. Одоо бол шүтлэггүй, гэхдээ бурханы шашинд илүү итгэдэг. Харин есүсийн хувьд бол "харшил"-тай. Дотны найзуудын маань "харшил" бас үүнд нөлөөлсөн байх. Шашин байхгүй биш байх ёстой, гэхдээ тодорхой хэмжээнд байх ёстой гэж үздэг. Бас хувь хүний шүтлэгтэй байх эрхийг хүндэтгэдэг.

Хүнд анхнаасаа л итгэл байсан. Олон хүний ямар нэг зүйлд итгэх итгэл нийлэхээрээ, нэгдэхээрээ шашин гэж зүйлийг үүсгэсэн болов уу. Мэдээж шашныг ширийн этгэл, мухар сүсгээс ялгах олон шинж байгаач бүгд хүний итгэл үнэмшил дээр үндэслэдэг. Гэвч ямар нэг зүйлд итгэл дундаас хамгийн чухал нь өөрөө өөртөө итгэх итгэл байх. Хүн өөрөө өөртөө итгэлгүйгээр, өөрийгөө дайчлалгүйгээр юуг бүтээж чадахгүй, юуг ч хийж чадахгүй. Ер нь амьгүй бие болно. Миний олж авсан багахан мэдээллээр бурханы шашны хүнд өөрт нь чиглэсэн , хувь хүнийг төлөвшүүлэх зүйлсийг номлодог. Харин Христийн шашин нь бидний амьдралыг өөр хэн нэгэн бүтээсэн, тэр нь захирч байдаг, түүнд итгэж, шүтэж явбал амьдрал өөрөө сайжрана гэж номлодог юм болов уу гэж бодсон. Миний амьдралыг надаас бус өөр хэн нэгнээс илүү хараат болгож буй болохоор би "харшил"-тай байдаг юм болов уу. Би өөрөө өөрийнхөө амьдралыг удирдаж, миний хүрээлэл миний амьдралд тодорхой нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдгээс хаа нэгтээ байх тэр "бурхан" гээч зүйл миний амьдралд надаас илүү нөлөөлж, миний амьдралыг удирдаж байдаг гэдэгтэй магад хэзээ ч санал нийлэхгүй. Гэтэл тэр хүүхдүүд есүсд итгэж, тэр тэдний амьдралыг жолооддог гэдэгт итгэж түүнд чин сэтгэлээсээ итгэж, түүнд зориулж дуулж, бүжиглэж бас түүнд залбирч байна. Магадгүй тэд анх над шиг л чихэр боовонд татагдаж орсон байх. Гэхдээ тэдний амьдралд өөрсдөөс нь илүү нөлөө үзүүлж, өөрсдөөс нь илүү удирдаж, өөрөөс нь илүү амьдралд хариуцлага хүлээх зүйл байхгүй гэдгийг хэлээд өгөх хүн байхгүй юм байх даа. Өнөөдөр хэнд ч үл анзаарагдам энэ давалгаа ирээдүйн хуй салхийг үүсгэх вий гэхээс эмээж байна. Өөрт биш өөр хэн нэгэнт итгэх итгэл ирээдүйн Монголын эздийг үгүй хийх вий гэхээс айж байна.

2008-06-13

Нэр дэвшигчдэд бичих ил захидал

Сайн байцгаана уу. Миний нэрийг Сүхбаатарын Дөлмандах гэдэг. Энэ жил би 24 нас хүрнэ. Энэ жил би хоёрдахь удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байна. Өмнөх 2004 оны сонгуулиар би МАХН-д саналаа өгч байсан. Тэр үед би өөртөө надад юу хэрэгтэй, амьдралаа хэрхэн зохиох, нийгмээсээ ялангуяа бодлого тодорхойлогчдоос юу хүсч байгаа талаар тийм ч сайн ойлголтгүй явж зурагтаар хэн сайхан юм ярьж, хэн илүү сайн хүн шиг санагдсан хүнд саналаа өгч байсан. Бас их завтай бөгөөд сонгуулийн талаар бараг бүх мэдээ мэдээлэл, ярилцлага, сурталчилгааг үзэж, хэн илүү сайн хүн бэ гэдгийг тодорхойлохыг оролдож байлаа. Харин өнөөдөр бүх юм арай өөр. Миний үзэл бодол ерөнхийдөө төлөвшиж, амьдралаас юу хүсч байгаагаа зах зухаас нь ойлгож эхэлж байна. Өнөөдөр би тэднээс юу хүсэхээ ер нь мэдэж байна.

Бид 18 жилийн өмнө ардчлалыг сонгож, эргэж буцалтгүйгээр түүнд итгэсэн. Ардчилсан нийгэм нь бидэнд хувь хүний эрх, эрх чөлөө, сонголтыг нээж өгснөөс гадна өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, өөрөө өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээхийг даалгасан. Энэ нийгэмд би "ардчилсан улс" гэж хязгааргүй эрх эдлэх бус бусдын эрхээр миний эрх хязгаарлагдаж, хэн нэгний эсвэл төр засгийн гарыг харж бус өөрийн хүчин чармайлт, хөдөлмөрөөр өөрийн амьдралыг тэтгэх ёстой гэдэгт би итгэдэг. Бас заавал ардчилсан хүчнийг сонгосон сонгоогүй ардчлал хумигдаж, харгис бурангуй нийгэм рүү хэлбийхгүй гэдэгт итгэдэг. Хүмүүс энэхүү олдсон ардчлалыг хамгаална гэдэгт бат итгэдэг. Хэний ч билээ хэлснээр ардчлалаас өөр илүү сайн сонголт одоогоор бидэнд байхгүй. Ардчилалаас би лав ухрахгүй.

Өнгөрсөн оны эхээр би мэдээллийн технологийн чиглэлээр өөрийн бизнесийг эхлүүлсэн, одоо давгүй явж байна. Үүнээс өмнө өөр нэг мэдээллийн технологийн компанид ажиллаж байсан. Ажил хийсэн энэ бүх хугацаанд хүн өөрөө хөдөлмөрлөж, хөлсөө урсган байж олсон бүхэн үнэ цэнэтэй байдаг харин хэн нэгнээс зүгээр авсан юм үнэ цэнэгүй байдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Өөрөө хөдөлмөрлөж олсон 1000 төгрөг, аав ээжээс авсан 1000 төгрөг тооны хувьд ижил боловч чанарын хувьд газар тэнгэр шиг. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Иймийн учир би зүгээр хүн болж төрснийхөө төлөө, Монгол Улсынхаа иргэний хувьд зүгээр суугаад мөнгө авмааргүй байна. Ямар нэртэй байх нь хамаагүй зүгээр орж ирсэн мөнгө зүгээр л урсаад гарчихна. Аягүй бол нөгөөхийг нь амьдралдаа хэрэгтэй зүйлд биш найзуудтайгаа наргиж цэнгэх, цагаа дэмий үрэх, амьдралаа уруу татахад ихэнхийг нь зарцуулах биз. Ухаангүй, тэнэг эсвэл амьдралдаа арчаагүйдээ ингэж байгаа юм биш хүний мөн чанар, аливаа юмны үнэ цэнэ л энэ гэж хувьдаа ойлгож байна. Ингэж мөнгө тараах нь нийгмийг өөд татахаасаа илүү хүн чанарыг доройтуулж, хүнийг өөрийг нь ялзалж, муутгаж, залхуу болгохоос гадна төгрөгийг үнэгүйтүүлж, инфляцийг нэмэгдүүлэх гээд уршиг илүү байх болов уу гэж эмээнэ. Тэгж л их мөнгө байгаад эсвэл үүсэх гээд байгаа юм бол түүнийгээ ашиглаад далд хэлбэрээр иргэдийнхээ амьдралыг дэмжихэд зарцуулбал ямар вэ. Яагаад маш бага хүүтэй зээл олгож болохгүй гэж, хүүгийнхээ алдагдлыг тэр зүгээр тараах гэж байгаа мөнгөнөөсөө нөхнө биз. Зээлийг зүгээр авахгүй харин амьдралаа сайжруулах, тэтгэх гэж авдаг дараа нь эргэж төлөх ёстой болохоор хүнд илүү үнэ цэнэтэй. Эсвэл боловсрол, хүн амын өсөлтийг дэмжиж далд хэлбэрээр олговол тээ. Сургалтын материаллаг баазыг сайжруулах, төлбөрийг бууруулах бүр сайн сурагч, оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэтчилэн. Гэвч төр иргэн бүрээ биш тодорхой хэсгийг илүү тэтгэх, дэмжих ёстой гэдгийгхүлээн зөвшөөрнө.

Энэ мэт мөнгө хуваарилахаас гадна хийх ажил олон байна. Хууль эрх зүйн орчныг илүү ойлгомжтой, ил тод болгох хэрэгтэй байна. Иргэн бүрийнхээ эрх, эрх чөлөөг илүү хамгаалсан хуулиудыг гаргаж, бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжмээр байна. Өнгөрсөн эсвэл өнөөдөртөө нийцсэн биш харин ирээдүйн хөгжлийг илүү дэмжсэн хуулиудыг илүү үйлдвэрлэх хэрэгтэй юм шиг. Төрийн албаны нүсэр байдал, хүнд суртлыг багасгах талаар илүү амлалт өгмөөр байна. Ийм болохоор би хувьдаа төрийн байгууллагуудаар орох дургүй, бараг л харшилтай. Юу амлах нь чухал биш, хамгийн гол нь хий соосон яриа биш бүтээл, жинхэнэ ажил хэрэг болгох л чухал.

Та бүхнийг юу хийх, амлалтандаа хүрч чадах эсэхийг харах, туршихын тулд амьдралынхаа багагүй хугацаа болох 4 жилийг зарцуулмааргүй байна, гэвч надад сонголт байхгүй. Дараагийн туршилтаныг эхлүүлэхэд би 28 хүрсэн, магад бүр гэр бүлтэй болсон илүү хариуцлагатай амьдралаар амьдарч байна байх. Тэр үед та бүхний хоосон яриа, алдаатай бодлогоос амьдал өнөөдрийнхөөс сайжраагүй эсвэл бүр дордсон байх вий гэдгээс айж байна. Улс төрчдийг бидний өмнөөс ажиллаж, бидний амьдралыг бидний өмнөөс шийдэж, биднийг амьдралыг зүгээр тэтгээсэй гэж хүсэхгүй байна. Энэ нь жинхэнэ ардчлалаас ухарсан хэрэг болох биз. Үүний оронд залуус бид өөрсдөө шийдэж, өөрөө хийж, өөрөө бүтээмээр байна. Эцэст нь залуус бидэнд хийж бүтээх боломж олгооч, биднийг дэмжээд өгөөч. Бид хиймээр байна, бүтээмээр байна. Боломжийг нь гаргаад дэмжээд өгвөл залуус бид хэнээс ч гуйлгүйгээр амьралаа аваад явчихаж чадна гэдэгт би итгэдэг. Энийг л та бүхэнд хэлэх гэсэн юм.