2007-08-22

Нүүлээ

Хэсэг хугацаанд бодсоны эцэст өөрийн http://www.dulmandakh.com хаяг руугаа нүүхээр шийдлээ. Одоогийн байдлаар ганцхан блог маань ажиллаж байгаа бөгөөд цаашид илүү мэдээллээр баяжуулах болно. Та бүхэн цаашид блогийг маань http://www.dulmandakh.com/blog/ хаягаар зочилж уншаарай.

2007-08-20

SPAM-тай тэмцэх нь №1

Ойрд техникийн асуудлаар юм бичсэнгүй. Үүнийгээ СПАМ-ын талаар бичлэгээрээ сэргээе байз. Яагаад СПАМ гэж үү? Манай компани төрийн нэгдсэн цахим шуудангийн серверийг хариуцан ажиллахаар болж байгаа болохоор сүүлийн үед цахим шуудан хэрхэн ажилладаг талаар болон хэрхэн СПАМ-г багасгах, хэрхэн захидлыг эзэнд нь түргэн шуурхай хүргэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг ихээхэн татах болсон. Бас өнөөдөр сууж байтал танил залуу маань завтай эсэхийг минь асуугаад СПАМ-тай тэмцэж буй арга туршлагаас минь хуваалцахыг хүсэв. Ингээд ер нь хэдэн хэсэг болгоод СПАМ гэж юу болох, СПАМ-тай тэмцэх олон аргуудаас өөрийн туршлага дээр тулгуурлан танилцуулахаар шийдлээ. Уг нь энэ талаар SysAdmin Summit 2007 дээр илтгэл болгож оруулъя гэж бодож байсан юм, гэхдээ бэлдэнэ л дээ.

Анх НэтСофт компанид орсноос хойш хэдэн сервер суулгаж байсан тоогоо алдчихаж. Гэхдээ СПАМ-ын талаар төдийлөн мэддэггүй байсан болохоор SpamAssassin суулгаж тохируулаад л орхидог байв. Өнөөдөр төгс мэдлэгтэй болсон гэж байгаам биш гэхдээ л нэгэнт цахим шуудантай хүзүү сээрээ холбог амьдрах болсон болохоор яалт ч үгүй үзэж эхэллээ.

СПАМ гэж юу вэ?
Анх интернэт сүлжээ үүсэхдээ хэдхэн тооцоолуур холбогддож байсан тул нэг нэгийгээ мэддэг, итгэдэг байлаа. Интернэт хөгжиж ийм олон хэрэглэгчидтэй болно гэж тэр үед хэн таамаглах билээ. Тэрхүү бичил сүлжээ чигээр байхаар сэтгэн SMTP протоколд захидлын баталгаажилтын асуудлыг оруулалгүй орхисон бололтой. Үүнээс үүдэн ямар хэн ч хаанаас ч хэний өмнөөс захидал илгээх боломж бүрдэж, энэхүү дутагдлыг нь СПАМ ашиглах болов. Өөрөөр хэлбэл contact@example.com гэсэн хаягаас захидал явуулахдаа аль ч серверээс хэн ч явуулах боломжтой байгаа юм. Үүнийг жинхэнэ эзэн явуулж буй эсэхийг шалгах механизм уг SMTP-д байхгүй бөгөөд нэмэлт програмууд болон хэрэгслүүдийн тусламжтайгаар жинхэнэ эсэхийг магадлаж болно. Дараа энэ талаар ярих болно.

СПАМ нь анх зүгээр л бараа бүтээгдэхүүний сурталчилгаа маягаар ашиглагддаг байсан бол өнөөдөр хорт програм тараах, хэрэглэгчдийг хууран мөнгөтэй холбоотой мэдээллийг хулгайлах гол хэрэгсэл болсон байна. Хэн ийм юм хийдэг байна гэж та бодож магад. Тэгвэл энэ бүхний цаана буй хамгийн гол хүчин зүйл нь мэдээж "мөнгө". СПАМ-аар дамжуулан элдэв зүйлсийн сурталчилгаа цацаж хэрэглэгчдийг хуурна, мөн вирус илгээж тэдний мэдээллийг хулгайлна. Энэ маягаар хямд хуурамч бараа худалдаалах, кредит картын болон банкны дансны мэдээллүүдийг хулгайлахаас гадна таны тооцоолуурыг энэхүү хорт үйлдээ ашиглах хэрэгсэл болгохыг бас завдана. Иймээс та өөрт хаяглагдаагүй захидлуудыг нээлгүй устгахаас гадна интернэтээр хэсэхдээ их болгоомжтой, элдэв вэб сайтуудаар орохгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс нэг л мэдэхэс энэхүү СПАМ цацах сүлжээнд нэгдэн орох болно шүү.

2007-08-15

Улаан гэрэл аслаа ...

Яаран машин барьж явахдаа анзаарагддаг нэг зүйл бол нэг уулзвараас хөдлөөд нөгөөд хүрэхэд улаан гэрэл угтаж авдаг явдал. За ашгүй ногоон аслаа гээд хөдөлмөгц дараагийнх дээр дөнгөж улаан асч таардаг. Яагаад ийм сонин тогтоцтой байдаг байна? Нэлээн дээр үеийн нэгэн жолоочтой ярихад "дөчин километр цагийн хурдтай явахад 5 шараас оффицер хүртэл нэг ч зогсолгүй явж болдог байсан" гэж дурсаж байж билээ. Ер нь яагаад ногооноор хөдлөхөд дийлэнх тохиолдолд ногоон угтаж авдагаар тохируулж болдоггүй юм бол? Энэ лав намайг их бухимдуулдаг :)

Хэдхэн хоногийн өмнө нэг найзынхаа оффисоор зочлоход IBM-ийн сурталчилгааны материал байсныг сонирхож суутал "Англид улаан гэрлэн дээр зогсох машинуудаас тэдэн тонн хорт утаа агаарт цацагдаж, ийм их хэмжээний зардал гарч байна. Харин үүнийг багасгахын тулд засгийн газар нь IBM-тэй хамтарч ажиллаж байна" гэсэн утга бүхий текстийг олж уншив. Манайд ийм судалгаа байхгүй нь ойлгомжтой, гэхдээ хүмүүс машинтайгаа гэрлэн дохион дээр зогсож маш их цаг, шатахуун үрж, агаар тэр хэмжээгээр бохирдож буй нь хэнд ч ойлгомжтой. Англид ажиглаад байхад машиных нь хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ, онц шаардлагагүй бол огт хурдаа сааруулахгүй, зогсохгүй. Гэтэл манайд эсрэгээрээ гэрлэн дохио болон хэвтээ цагдаа нар хаа сайгүй нэмэгдсээр л байх юм. Үүнд санаа тавьж судалгаа хийж, зохицуулах газар байна уу хүн ардаа?

2007-08-13

Хачин жигтэй жишиг

Цахилгаан холбооны суурин телефоны үйлчилгээг ашигладаггүй, ашиглаж үзээгүй хүн ховор байх. Манай гэрийн утасны төлбөр төлөгдөөгүй гээд аль дээр хаагдчихсан юм. Зун лагер гараад гэрийн утасны ашиглалт байхгүй болохоор төлбөрийг нь төлөх хүсэл байсангүй юм мэдэхгүй саяханыг хүртэл төлбөрийг нь төлөөгүй. Бас гэрийнхэн бараг бүгд гар утастай үүнд нөлөөлсөн байх. Саяхан ээж төлбөрөө төлөх гэж очоод хачин жигтэй зүйл олж мэджээ.

Төлбөр өндөр гарсан байхыг хараад ээж нийт дуудлагын хуулгыг автал хариу өгөөгүй дуудлагад төлбөр тооцдог болох нь илэрхий болов. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн рүү залгаад тухайн хүн чинь хариу өгөөгүй бол мөнгө гүйнэ, хариу өгсөн бол бас л мөнгө гүйнэ. Энэ буруу жишиг 5-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн байх юм. Гэтэл надаас авахуулаад ихэнх хэрэглэгчид үүний талаар мэдэхгүй, мөнгөө шулуулсаар л. Ийм хачин юм бас байж болдог юм байх даа? Та энэ талаар юу гэж бодож байна?

2007-08-11

Ажлын хэнхэг

Өчигдөр найзын маань төрсөн өдөр тохиож бөөнөөрөө гарав. Хэдэн жилийн өмнө бөөнөөрөө гэж ярихад эвтэйхэн байдаг байсан харин одоо тийм биш, ихэнх нь гадаад явцгаагаад энд цөөхөн хэдэн хүн л үлдэж дээ хөөрхий. Манай хэд уулзчихсан биллиард тоглож байхад нь очоо хоёр нөхрийг тасалж аваад ширээний теннис тоглов. Эхэндээ сайн халаагүй нэг л тоглож болохгүй байсан, харин сүүлдээ бүгдийг нь хожсон доо. Гарч хальт гол орчихоод цааш Бриллиантын зүг хөдлөв.

Хавьд найзуудтайгаа уулзаагүй, хамт гараагүй, бүжиглээгүйг хэлэх үү гоё байсан шүү. Ер нь "Адсолукс Монголиа"-г байгуулснаасаа хойш найз нөхөдтэйгөө уулзах завгүй гээд ер нь ажлаас өөр юм бараг хийгээгүй болж таарч байдаг. Гэтэл хийсэн ажил юу вэ гэхээр сүртэй юм бас алга. Жаал юм уусан шигээ сайхан бүжиглэн цэнгэв. Сүүлийн үед ер нь хаяаа нэг шар айраг гэх мэт зүйлс хүртэх сонирхолтой болоод байгаа шүү. Энэ буруу юу? Би ч анх оюутан болчихоод архи гэж зүйлийг мэдэхгүй байж байгаад яасан ч дурлаж бараг өдөр болгон шахуу уудаг байв даа. Одоо тэр үеээ бодохлээр сонин санагдаад инээд хүрээд байдаг юм. За тэгээд сайхан бүжиглээд, нэлээн далийгаад харьсан даа.

Нээрээ хоол ирэхийг хүлээж суухад нэг найд маань шүдэнз зурж тоглоод байхаар нь өөр нэг нь боль гэсэнд бага байхад нь эмээ нь "чи галаар олон тоглоно, гал чамаар ганц тоглоно" гэж хэлдэг байсан юм гэнэ. Засрахгүй ганц тоглуулах гээд л байгаа юм байх даа. Би энийг нь сонсоод баахан инээв. Ер нь их инээд муутай болсон байна, энэ зожгирч байгаагийн шинж байх. Гэхдээ над шиг компьютерийн ард суудаг хүмүүст нийтлэг хэд хэдэн асуудал байнаа. Яг одоо санаж байгаа нь зожиг талдаа, мартамхай. Ахиад бас хэдэн юм байдаг юм, бас мартчихаж.

2007-08-08

Зурагт бидний ирээдүй

Ирснээсээ хойш ажил ажил гэж явсаар амарч чадахгүй улам бүр л ядарсаар байв. Харин бүтэнсайнд бүтэн зуслан дээр өнжих болж үнэхээр сайхан амарлаа. Уг нь унтахыг сайн амралт гэдэггүй юм байна лээ гэхдээ унтаад л идээд л байлаа. Өмнө нэг блог дээрээ унтаад уур хүрсэн талаар бичсэнд нэг хүн "яасан сайхан нойртой юм" гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Үгүй ээ, тийм биш уучихлээр унтаад байдаг юм, тэрнээс уухгүй бол өглөө эрт сэрчихээд байдаг юм. Яг энэ хэвээрээ өглөө 9 цаг сэрчихдэг юм, тэгээд жаал энэ тэрүүгээр явж байгаад байсан нэг дарсаа уугаад эргээд унаад өгсөн дөө. Зүгээр нойр хүрэхээ байж байх шиг.

Зуслан дээр зөвхөн үндэсний телевиз гарна, өөр үзэх юм байхгүй. Тэгээд үзэж байтал "амьдрал нулимсанд дургүй" гээд кино гарч байна. Тэр кинонд гарах нэг залуу "бидний амьдарч буй зуун бол зурагтын зуун, ирээдүйд бүх юмыг зураг орлоно" гэж ярьж гарна. Тэр үеийн зарим хүмүүст үнэхээр тэгж санагддаг байсан гэж бодохоор бас сонин санагдаад байгаа юм. Одоо бидний үед чинь юу юуг орлох гээд билээ дээ ...

2007-08-03

Сайхан хүүхэн

Хэд хоногийн өмнө хэд хоногийн хугацаатайгаар Англи орныг үзээд ирлээ. Дажгүй шүү, тэгээд нэг давгүй сайхан хүүхэнтэй хамт зургаа авахуулаад ... Хажууд байсан хүмүүсийг тайрчихсан юм.



Таалагдаж байна уу? Яг үнэндээ Манчестерт явж байхдаа "Lady boys of Bangkok" гээд шоу үзсэн юм, тэрний нэг "ladyboy" нь. Өөрөөр хэлбэл хүйсээ солиулсан эрэгтэй хүн.

2007-07-31

Төгс зүйл гэж үгүй

Юм л бол Ubuntu гэж байдаг гээд хүмүүс намайг шүүмжилдэг. Тиймээ би Ubuntu-д үнэхээр дуртай. Суулгахад, хэрэглэхэд маш хялбар, хурдан. Тэгсэн төгс зүйл гэж үгүй бололтой. Ирснээсээ хойш зав зайгаараа сервер дээрээ virtualization хийхээр хэд хэд оролдсон боловч төдийлөн амжилттай болдоггүй ээ. Гэтэл энэ долоо хоногт тэр серверийг ажилд оруулаад хамаг мэдээллээ зөөхгүй бол болохгүй болоод байдаг. Маргааш Debian туршиж үзэхээр jigdo-р татаж аваад сууж байна. Энэ удаад амжилттай төгсөнө гэдэгт бас итгэж байна. Яагаад Debian гэвэл ажиллах зарчим нь Ubuntu-тэй бараг адил юм. Гэхдээ Ubuntu-чин хэвээрээ л байгаа шүү.

Энэ нойрыг яах уу

Өчигдөр орой зүв зүгээр явж байгаад гэнэт шоудахаар болов. Яг ч бас гэнэт биш, Огоо маань явах гэж байгаа болохоор дээрээс нэг гаръя гэж яриад байсан нь биелэлээ олсон нь тэр байх. Эхлээд зүгээр л голын эрэг дээр очиж суухаар болцгоов, тэгээд хэн жолооч хийхээ шодтол гай болж би жолоо хийн шар айраг уух эрхээ хасуулав. Нэг биш хэд хэдэн удаа ингэж байгаа юм. Голын эрэг дээр ч сайхан байсан гэж, гэхдээ муу туул гол мань алхаад л гарчихаар жижигхэн болсон байхыг хараад гайхсан гэж. Нэлээн сууж байгаад гэр гэрийн зүг явах гэж байтал нэг нь цааш үргэлжлүүлэх санал гарснаар дэмжигдэв.

За тэгээд шоу өндөрлөхөд бүгд сэтгэл хангалуун, маш сайхан үдшийг өнгөрөөв. Ойрд гарч бүжиглээгүй сонин байсан шүү, бас Нүүнээгийн "Огоогийн бүжиг" онол ер нь батлагдсан байх хэхэ. Нүүнээтэйгээ аль дээрээс л (жил гаран болж байна) нэг гаръя гэж яриад л байсан яриад л байсан, ингэж нэг гардаг юм байна. За хамгийн хэцүү нь өглөө босч чадаагүйгээсээ болоод их асуудалд оров гэж. Хамаг ажил амжихгүй, тэгээд бас бухимдаад. Бас өглөө дасгал хийж хөдөлгөөнөө идэвхижүүлье гэж аль дээрээс л бодсон бас байдаггүй ээ. Хүмүүсээ яаж энэ нойрыг дийлдэг болох вэ? Туршлагаасаа хуваалцаач.

2007-07-26

Planet ажиллахгүй байжээ

Planet маань сүүлийн хэд хоног ажиллахгүй байна гэж Үнэнбат надад хэлэв. Өнөөдөр харин ороод үзвэл тийм байна, бас системээс над руу хэд хэдэн захидал ирсэн ч СПАМ руу орчихсон байж. Жаал үзэж байгаад янзалчихлаа. Ер нь системүүдийн Live хяналтын систем маш хэрэгтэй байнаа, ойрдоо жаахан цаг бага байгаа болохоор өөрөө нухаад сууж арай л амжихгүй байна. Ер нь иймэрхүү юм гарвал хэлж байгаарай залуусаа.

Сисадминууддаа баярын мэнд

За тэгээд монголынхоо бүх сисадминууд, мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүддээ системийн администраторуудын өдрийн мэндийг хүргэе ээ. Анартаа баярлалаа гэж хэлье.

OBP 2007.07 болж өнгөрлөө

Өмнө нь http://www.limnux.org вэб сайт дээр зарласны дагуу энэ сарын маань Open Beer Party өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Удахгүй болох системийн администраторуудын өдөр, Огоо удахгүй явах, би явж ирсэн за тэгээд эцэст нь Beer Party гээд олон шалтаг, шалтгаан байсан гэхэд болно. Миний бие явж ирсэн сониноосоо хуваалцаж, олон зүйлсийн талаар ярьсан боловч онцлох хэдэн зүйлсийн талаар энд бичих гэсэн юм.

Нээлттэй эхийн график орчин болох GNOME-г монгол хэл рүүгээ үтэр түргэн орчуулах дээр санал нэгдлээ. 9-р сарын дундуур 2.20 хувилбар гарах бөгөөд түүний 80%-с дээшийг орчуулж байж бид албан ёсны дэмжигдсэн хэл болох болно. Үүгээрээ бас Software Freedom Day гээд дэлхийн нийтийн арга хэмжээнд оролцож, бусад орны багуудтай өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин үүнийг хэрхэн хийх тал дээр багахан санал зөрөлдөөн гарсан боловч ойрын хугацаанд нэг цугларч энэ талаар нухацтай ярилцахаар тохиролцов. Тухай бүрт нь блог бичих болно, харин та оролцох сонирхолтой байвал чих тавьж л байгаарай, 9-р сарын 10-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөө байна.

LiMNux линукс хэрэглэгчийн бүлгэм маань аль 3-р сард байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл зорилго зорилт болон бүтэц зохион байгуулалт нь олонд тодорхой, нээлттэй бус байна гэдэг шүүмж гарав. Санал нэг байна, миний бие үүсгэн байгуулж зорилго, бүтцийн хувьд олон талаас боддож, хүмүүстэй санал солилцох боловч одоогоор яг энэ гээд гаргаад тавьсан зүйл алга. Ажлын хэсэг гарган ойрын үед хэлэлцэхээр болов.

Системийн администраторуудын өдрийг өчигдөр хэсэг нөхдийн хүрээнд тэмдэглэв. Ноднин зохион байгуулсан Системийн Администраторуудын Чуулга уулзалтыг энэ жил хэрхэн яаж хийх талаар бага сага санал солилцлоо. Миний зүгээр 10-р сарын сүүлийн баасан гарагийг санал болгосон, олонхоор дэмжигдсэн байгаа, бас удахгүй ажлын бүлэг гарган ажилд орох байх. Хамгийн гол нь энэ жил илүү нарийн зүйлс ярьсан, жинхэнэ мэргэжлийн түвшинд болоосой гэж хүсч буйгаа олон хүн илэрхийлсэн тийм болохоор тэр тал дээр илүү анхааран ажиллах байх, түүндээ ч хүрцгээнэ.

Яг үнэндээ бидний хувьд, ялангуяа миний хувьд олон нийтийн ажил зохион байгуулах тал дээр нэлээн туршлага дутаж байна. Бас энэ удаагийн уулзалтын давуу тал нь төдийлөн амжилттай зохион байгуулж чадаагүй Linux InstallFest 2007-н талаар илэн далангуй ярилцав. Юу дээр яаж алдсан гээд бүхий л алдаа дутагдлаа нээлттэй сайхан ярилцаж цаашид тэдгээр зүйлс дээр илүү анхаарах тал дээр ажиллацгаахаар болов. Товчхондоо бол иймэрхүү цаашид илүү дэлгэрэнгүй зүйлс бичнэ.

2007-07-23

Гэрийн зүг ....

Миний Англи улсад байх хугацаа өнөөдрөөр дуусч байна, орой гэрийн зүг хүлгийн жолоо зална даа. Тэр болтол жаал гадуур тэнэж юм үзье. Энд ирээд дөнгөж 12 хоночихоод гэрээ санаад, эх нутаг руугаа яараад байх юм. Тэрийг нь хүмүүс яараад нэг л ойлгохгүй байх шиг. Гэр минь сайхан, гэр бүл минь сайхан.

Энд нээрээ газрын зургийг нь харахлээн нэх л том харагдаад байх юм, харин алхаад явахлээр жижигхэн газах байх гэж. Очоод сайхан зүйлс минь бөөн ажилтайгаа хамт намайг хүлээж байгаа даа. Нэг л гоё санагдаад, яараад байх юм. Удахгүй монголд уулзъя хүмүүсээ. OBP дээрээ очно шүү, сонин юм их үзсээн.

2007-07-21

Hackergochi

Хэрэв та миний энэ бичлэгийг http://planet.limnux.org-р уншиж байгаа бол аль хэдийнэ анзаарсан байх. Тиймээ би Hackergochi-той болчихсон. Хаха. Нээлттэй эхийн ихэнх блогчид Planet дээр өөрийн зургийг тавьдаг бөгөөд түүнийг нь Hackergochi гэж нэрлэдэг. Харин Planet нь олон хүний блогийг нэг газраас унших боломжийг олгосон програм хангамж бас програм. SysAdmin Summit 2006 дээр Үнэнбаттай авахуулсан зургаа янзлаад хийчихлээ. Миний hackergochi таалагдаж байна уу? Гэхдээ жаахан засах юм байх шиг байна, дараа завтай болж байгаад тухтай үзнээ.

Дээрээс л Hackergochi-той болъёо гэж бодоод л байсан юм, гэвч яаж хийх учраа олохгүй байж байгаад өчигдөр Andreas гээд мундаг залуугаар сайн гэгч нь заалгаж авлаа. Үнэндээ би дизайн тал дээрээ тааруухан, бас нээлттэй эхийн GIMP гээд програм дээр хийх гэж оролдоод бүтэлгүйтэж байсан юм. Хүмүүсээ бүгдээрээ Planet дээрээ Hackergochi-той болъёо, би зааж өгөхөд бэлэн байна. Бас 3 хүнд хийж өгч болох юм шүү. Аан нээрээ Planet дээр Hackergochi оруулахын тулд над руу шидэх ёстой гэдгийг санаарай, бас өндөр нь 100, өргөн нь 80 байвал сайн.

Худалдагчгүй дэлгүүр

Амьд явбал их юм үздэг юм байна. Сая буудал руугаа явах замдаа нэг цэвэр ус авчих санаатай дэлгүүр ортол худалдагчгүй байдаг байгаа. "Self service" гэдэг бичиг таазнаасаа унжуулчихсан байхаар нь юугаа өөрөө өөртөө үйлчлэх юм бол гэсэн чинь "чи өөрөө худалдагч шүү" гэсэн юм байна л даа. Яг ч бас худалдагчгүй биш юмаа нэг төхөөрөмж тавьчихсан тэрэнд нь худалдаж авсан зүйлсийнхээ кодыг уншуулна, сүүлд нь нэг юмаар мөнгөө шургуулаад л гүйцээ. Хариултыг тань зохор зоос ч дутайхгүй эргүүлж өгнө. Бас хажууд нь нэг хянагч зогсон байгаа бөгөөд хэд хэдэн худалдагчийн цалинг хэмнэсэн, жинхэнэ л автоматжуулалт чинь байна лээ дээ.

Нөхөөс

Та юун нөхөөс вэ гэж бодож байж магад тэгвэл patch гэвэл ойлгож байна уу? Мэдээллийн технологийнхон бид ихэвчлэн гадаад үг хэрэглэж дадчихсан болохоор орчуулаад хэрэглэхээр эвэртэй туулай үзсэн мэт нүд нь орой дээрээ гардаг. Patch-н уг утга нь нөхөөс, нөгөө өмч цоорохлээр дардаг та, яг тэр чинь. Харин програмын тиймэрхүү цоохройг дарж байгаа болохоор бас л нөхөөс :D.

Нэлээн хэдэн сарын өмнө нэлээн хөөш байж нэг цох олоод түүндээ зориулж нөхөөс бичиж байсан, харин өнөөдөр тэрхүү нөхөөс маань цоохрой болж таараад түүнийгээ эргүүлж нөхөх нөхөөс хийлээ. Тэр үед та миний блогийг уншиж байсан бол төвөггүй таах байх, үгүй бол энд жоохон бичье. Нээлттэй эхийн Evolution гээд програм дээр зуны цагийг авч чадахгүй хийсэн тэмдэглэл, уулзалтууд маань нэг цагаар зөрж яваад байсан юм, тэрийг нь засах нөхөөс бичих гэж ухантаж байтал нэг л мэдэхэд 3 цаг зарцуулсан байж билээ. Харин энэ жилээс цаг шилжихээ больсон тул тэрхүү нөхөөсөө буцааж авах хэрэгтэй болоход 5 минут ч зарцуулсангүй. Нэгт юм нэмээгүй юм хассан, хоёрт өмнө нь жаахан судалсан байсан болоод тэр байх. Хүний мэдлэг гэж ...

2007-07-19

Даруу зан уу эсвэл

Энд байгаа нээлттэй эхийн хөгжүүлэгч монгол хөгжүүлэгчдийн ер нь монгол хүний хооронд нэг зүйл дээр асар их ялгаатай юм. Үүнийг би аль дээр мэддэг байсан л даа гэхдээ өнөөдөр үүнийг маань сануулсан нэг зүйл тохиолдсон болохоор та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Шөнө нэг л нойр хүрдэггүй, босч сууж байгаа шалтгааныг нь олох гээд бодож гарлаа олдоггүй. Жаал сууж байгаад ер нь ингэж харанхуй өрөөнд сууж байхаар доош бууж интернэтэд холбогдохоор шийдээд буутал хэдэн нөхдүүд нийлээд суучихсан код бичиж байх нь тэр. Өглөө дөнгөж 5 өнгөрч байхад ш дээ, тэгээд "унтах болоогүй ээ" гэж яриад байгаа юм бас. Олон юм ярилгүй интернэтэд орж эх орныхоо сонин сайхнаас дуулах гэтэл байдаггүй ээ, интернэт ордоггүй. Жаал оролдож сууснаа залхаад дэмий баахан суув. Сүүлд нь ер нь ингэж суухаар өрөөндөө орж орондоо сууя гэж бодоод буцах замдаа нөгөө нөхдүүдээс юу хийж байгааг нь асуувал Telepaty-д MSN-ий дэмжлэгийг хийхээр сууж байгаа аж. Тэдний яриа өмнө нь сонсогдож байсан ба Microsoft-г заахан зүхээд байсан юм. Эндээс түүх эхэлж байна.

Ажил хэрхэн явж байгаад асуутал мэдээлэл бол асуудалгүй солилцож байгаа одоо цаад хүнийхээ зургийг (avatar) гаргачихаж байна харин цаад хүнийх рүү өөрийнхийгөө гаргаж чадахгүй байна гэнэ. Вэбкамерны асуудал үүнтэй төстэй тул нэгэнт үүнийг шийдчихвэл цаашаа гайгүй гэж байна. Харин Yahoo Messenger-н талаар асуутал их янзгүй ээ. Microsoft Yahoo-д ашиглагддаг технологийг хийсэн бөгөөд зүгээр л ажиллуулаад орхисон яг хийе гэж хийгээгүй болохоор новш гэж байна. Тэгээд өөр олон зүйлс асуухад тэд огт дургүйцэхгүй ярилцах ба түүндээ ч их дуртай. Харин монгол хүнээс асуусан бол тэд тэгэсгээд л нэх олон юм ярилгүй яриаг унтраана, Хэдийгээр энэ өөрчлөгдөж эхэлж буй ч энэ юуных вэ?

Монголчууд бид эрт дээр үеээс хүн өөрийн тухай эсвэл өөрийн хийсэн, хийж буй болоод хийх гэж буй зүйлийн тухай ярих буюу "би" үзлийг аль болох дарахыг оролдсоор ирсэн. Үүнийг эрдэмтэй хүн даруу, өөрийгөө магтвал адгийн тэнэг гээд маш олон зүйр цэцэн үгнээс харж болно. Энэ үгс хоосноос үүсээгүй нь лавтай, наад зах нь бусдыг гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг байх. Би хувьдаа монгол зүйр цэцэн үгсд итгэдэг, цаанаа л нэг юм өгүүлж байдаг. Гэвч энэ "би" чинь тийм хүний айдас хүргэх эд мөн үү? Үгүй. Шинжлэх ухаан хөгжсөн соёлт энэ ертөнцөд хүн гэдэг амьтан юу олж нээснээ болон юу хийснээ олонд дуулгаж, өөрөөрөө бахархаж, бусдаар хүндлүүлж, түүндээ урамшин улам ихийг бүтээх урмаар тэтгэгдэн ирсэн. Гэтэл хүний энэхүү амин чухал тэжээл нь монголчууд бидний "би"-г дарах үзэлд дарагдан сэтгэлийн мухарт шахагдан оршсоор, сүүлдээ бүр үндэсний онцлог болох шахжээ. Үүний дүнд дуу цөөтөй, бүрэг хүмүүсээр Монгол Улс дүүрчээ. Энэ нь хүмүүсийн харилцаанаас авахуулаад олон зүйлсийг хойш татаж буй ч шинэ үеийнхэн маань шал ондоо хүмүүжиж, ондоо болж байгааг бид өдөр тутам харж, мэдэрч байна. Жишээ нь миний 13 настай дүү миний 13 наснаас тэс ондоо байдаг. Үүнээс гадна хүн төрөлхтөн алдарт нэр хүртэхийн төлөө ширүүн тэмцэл хийн, өөрийн нээлт болон бүтээлийг олонд зарлахаар уралдан ажиллацгааж байна. Үүний тод жишээ бол хүн анх саран дээр хөл тавьсан явдал. Гэхдээ мэдээж өвөг дээдэс маань урам болоод нэр алдрын талаар мартаагүйгээр барахгүй түүнийг чухалчлан "бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ", "дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө" гэдэг биз. Хүмүүсээ өнөөдрөөс бүгдээрээ нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглэж, амар мэндийг нь асууж, үзэл бодлоо чөлөөтэй солилцож, блогоо бичицгээж чөлөөтэй сайхан амьдарцгаая.

Гэхдээ мэдээж "би" нь "БИ" эсвэл бүр том болвол хор уршигтай нь ч уршигтай шүү. Тийм болохоор хужрыг нь таруулах л хэрэгтэй.

Блог төрөх агшин

Сая блог бичиж суутал толгойд янз бүрийн бодол орж ирээд нэммээр санагдаад байдаг нэмчихлээр нохойн баас болчих гээд байх юм. Анх удаа биш дандаа ингэдэг л дээ. Нохойн баас шиг байдаг уу? Тэгээд ер нь блог маань хэрхэн төрдөг талаар хуваалцахаар шийдлээ. Зурагтаар "Бүтээл төрөх агшин" нэртэй нэг нэвтрүүлгээр бүтээл хэрхэн үүсч, хөгжиж эцэст нь төрдөг талаар үзүүлдэг ба тэрнээс нэрний санаа авав.

Зүв зүгээр гудамжинд алхаж явах сонин (миний хувьд ш дээ) зүйлс тааралдвал түүний талаар эхлээд бодно дараа нь бичих санаа төрнө. Эсвэл шал ондоо ажил хийж байхад, унтаж байхад гээд ер нь гэнэт гэнэт шал холбогдолгүй юмс толгойд орж ирнэ. Бас л бичмээр санагдана. За тэгээд тухайн үе шууд бичсэн ч дараа бичсэн ч яг бичих гэхээр заримдаа гол санаагаа мартчихсан байна. За тэгээд яг бичээд ирэхээр замаас нь янз бүрийн санаа зэрэгцээд ороод ирнэ, тэднийг нь шингээх гээд үзчихнэ. Тэгээд л нохойн баас зуурч эхлэх ба тэднийгээ ер нь эргэж хянадаггүй. Хянахлээр энэ тэндээс нь хасч янзалж байснаа гэнэт залхаад больчихдог болохоор хянахаас аль болох татгалзана шүү. Бичээд л байна бичэд л байна, дууссан гэж үзвэл Publish. Ингээд л галзуу хүний өдрийн тэмдэглэлд маань нэгэн хуудас нэмэгдэж байгаа нь энэ. Аан бас бараг эргэж уншдаггүй, нэг өдөр уншина даа. Тэр үед хэр өөрчлөгдсөн байх бол? Амьдрал нээрээ сонин шүү.

Нээрээ энэ блогийг чинь уг нь техникийн, мэргэжлийн холбогдолтой зүйл бичих гэж нээсэн ш д. Гэтэл тэр нь ер нь хэдэн хувийг нь эзэлдэг бол? Бараг эзэлдэггүй байхаа.

Хятадын Монгол

Энд тэнд явахлээр хүмүүс Монгол Улсыг маань хятадын харья гэж бодоод байдгийг би гайхаад олдоггүй байсан юм. Гэтэл сая нэг юм ойлгож эхлэх шиг боллоо. Хурлаа тарчихаад буудал орох замдаа Ирландад амьдардаг орос залуутай танилцаад оросоор халтар хултар ярьж байхдаа тэнд евро ашигладгийг сонсоод гайхав. Үгүй Ирланд чинь Британий хэсэг байтлаа юунд евро ашигладаг билээ гэж бодоод асуутал бас хоёр ирланд байдаг гэнэ. Нэг нь манайхтай адил тусгаар нөгөө нь мэдээж Британий хэсэг. Ирланд хүнээс энийг нь асуувал шууд зодуулна гэж байна шүү, монголчууд арай л зодохгүй байх. Энийг огт мэдээгүй амьдарч байсан байна ш дээ, гэхдээ надад амьдрахад ямар хэрэгтэй юм биш гээд биеэ өмөөрчихье. Тэгээд ч би өөрийгөө газарзүйн мэдлэг сайтай биш гэдгээ мэднэ. Нэх сүртэй хэрэг болохгүй байгаа болохоор зав гарахлээр сайн судалья гэж бодоод байгаа юм.

Ер нь ойролцоо нэртэй хоёр улс байх нь их хортой юм байна шүү. Хөөё нээрээ бараа түрээгдэхүүний барааны тэмдгийг бүртгэдэг шиг улс орны нэр бүртгэдэг албан ёсны газар байдаг болов уу. Жишээ нь Windows болон түүнтэй төстэй нэр орсон бүтээгдэхүүнийг Microsoft шүүхдээд будаа болгоод нэрийг нь сольдог ш, тийм юм байдаггүй юм байх даа. Тэгвэл Өвөрмонголчууд Уйгар ч юм уу эсвэл Ордос ч юм уу эсвэл зүгээр Өөртөө засах орон гээд Монгол үгүй нэр авахуулах юмсан. Даан ч тийм юм байдаггүй шиг байна шүү. Тэгэхгүй болохоор над шиг мэдлэг нисгэн амьтад төөрч будилаад эндүү ташаа бодоод байдаг шиг байна.

Өнөөдөр бас Olloo үзэж байсан чинь нэг хүн Өвөрмонголд зочлоод ирсэн байна. Тэд бас Монгол гэдэг нэрээр нэлээн юм хийж байна гэнэ, хамгийн гол нь маш хятаджсанд байгаа юм.

2007-07-18

Гологдсон хүн

Наашаа ирэхээс нэлээн хэд хоногийн өмнө харих гээд автобусанд явж байтал нэг хүн их сонин биеээ авч явж байсан юм. Хамгийн аймар нь ямар нэг осолд орсон бололтой дух нь цөмөрчихсөн, тэгээд зүгээр л автобусанд явж буй хүмүүсийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд өөрийгөө болон өөрийн авирыг тоож байгаа юм алга. Өөрт хамаагүй ч зав л гарвал элдэв юм эргэцүүлдэг зангаараа яагаад тэр хүн ийм болсон бол гээд бодож гарлаа. Зайнаас зогсоож түүнийг ажиглана, эргэцүүлнэ. Сүүлд нь нэг гаргалгаа гаргасан нь:

хүнийг хүн тоохоо боливол хүн өөрийгөө ч тоохоо болино
хүн өөрийгөө тоохоо байхаар хүнийг хүн тоохоо болино

Тэгэхээр хүнд тоогдохыг тулд эхлээд өөрийгөө нэлээн тоох хэрэгтэй, гэхдээ биеээ тоох биш шүү. Хостой хүн ганц бие хүмүүсийн хооронд үүнтэй адил маш их ялгаа байдаг, ялангуяа сэтгэлдээ.

СисАдмин гэж юу вэ?

Энд O'Reilly-гийн хямдарсан номын худалдаа гарсан байна. Ном сонирхож явтал "Time management for system administrators" гэсэн шинэхэн ном гарчээ. Зорилго нь үргэлж завгүй, ажилдаа түүртэл явдаг системийн администраторуудад хэрхэн цагаа зохицуулж, ажлуудаа амжуулах талаар бичжээ. Учир нь сисадмин долоо хоногийн дараа ажил оруулах зүйл дээрээ ажиллаж байтал яаралтай зүйлс орж ирснээр түүртэх, мартах, хамгийн гол нь цаад ажлаа цагт нь амжуулахгүй байх асуудал гардаг.

Номноос миний анхаарлыг татсан нэг өгүүлбэр бол "системийн администратор нь зүгээр ажил биш харин амьдралын хэв маяг юм" гэж тодорхойлсон байсан. Надад таалагдсан шүү. Бас энэ жилийн системийн администраторуудын өдөр энэ сарын 27-нд тохиож байгаа юм байна. Хэрэв та миний блогийг уншсан бол ажлынхаа эсвэл хэн нэгэн мэдээллийн технологийн ажилтанд бас системийн администраторт талархалаа илэрхийлэхээ мартузай. Жижиг сажиг зүйл бэлэглэсэн ч болно эсвэл зүгээр л сайхан инээмсгэлээд баярлалаа гэж хэлээрэй.

SysAdmin Summit энэ жил зохиогдох болов уу? Та хүлээж байна уу? Хэрэв зохиогдвол ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Гарын авлага бэлтгэх уралдаан

Би одоо Английн Бирмингхам гээд хотод нээлттэй эхийн нэгэн хуралд суугаад явж байна. Эндээс дэл сул гээд олон юм цуглуулаад өөрийн ачаагаа нэмсээр явна. Авч очсон зүйлсээ ямар зарчмаар тараах талаар өчигдөр жаахан бодлоо. Танилын журмаар авах гэсэн хүн бүрт өгвөл угаасаа хаанаа ч хүрэхгүй, бас үнэгүй зүйл үнэгүй байдаг гээд үг байна. Тиймээс нэгэнт нээлттэй эхийн сэдэвтэй футболкууд байгаа болохоор түүнтэй холбоотой зүйлсийн талаар гарын авлага бэлтгэх уралдааныг та бүхний дунд зарлаад, шилдэг гурван гарын авлагыг шалгаруулахаар шийдлээ. Хэрэв та уралдаанд оролцохоор сонирхож байгаа бол http://www.limnux.org/node/335 хаягаар ороод зааврыг аваад, амжилттай оролцохыг уриалж байна.

Миний зүгээр хэрэгтэй гэж бодож буй сэдвүүд бол:
- mailing list буюу илгээлтийн жагсаалт гэж юу вэ, хэрхэн ашиглах
- wiki гэж юу вэ http://wiki.limnux.org буюу MoinMoin ашиглах талаар
- Ubuntu өөрийг нь суулгах, эсвэл нэмэлт програм суулгах
- линукс дээрээс интернэтэд холбогдож вэб болон имэйл үзэх гээд хүнд өдөр тутам хэрэгтэй сэдвүүд байвал зүгээр байна.

Нэмэлт: Богино хугацаатай тул бүү алгуурлаарай

Зөрүү

Англид ирсэн чинь олон юм зөрөөд их хэцүү байна даа. Ирсэн өдрөөсөө хойш зам гарахдаа зүүн тийш харж байгаад машинд дайруулчих гээд хэцүү байна. Ер нь ингэхэд замын хөдөлгөөний чиглэлийн зөрүү хөгжилд яаж нөлөөлдөг бол? Аль алиных нь давуу болон сул талуудыг мэддэг хүн байвал мэдлэгээсээ хуваалцаач.

Цагийн зөрүү. 11-нд орой ирсэн, 12-нд нь өглөө 8 гээд босох шиг болов харин Цэрэнбат ах бөх үзэж байна, тэгэхээр нь би бодож байна "бөх чинь ийм эрт эхэлдэг билүү". Хэхэ. Аль эдийнээ 15 цаг болсон байгаа юм чинь. Өнөө өглөө бас цагийн зөрүүн дээр тэнэгтэв.

Мөнгөний зөрүүний талаар яриад ч яахав. Энэ талаар бодохоос дургүй хүрмээр, бухимдаад уур хүрээд байх юм. Энд бас хөгжлийн зөрүү гэж сонин юм байна, хүмүүсийн юманд хандаж буй хандлага, бусадтай харилцаж байгаа гээд. Цаг болон замын хөдөлгөөний зөрүү байж л байг, харин энэ хөгжил болоод мөнгөний зөрүүг л багасгах эсвэл бүр арилгах хэрэгтэй байна даа.

2007-07-15

Гадаадад гар утастайгаа

Ингэж рекламддаг ганц газар нь мэдээж Мобиком. Хэд хоногийн өмнө эх орноосоо гарч Москва, Лондонгоор дайрч эцсийн цэг болох Бирмингхам гэдэг хотод өчигдөр хүрэлцэн ирлээ. Рекламны дагуу би мэдээж гар утсаа аваад гарсан. Гэтэл саяханыг хүртэл утас маань ажиллаж байсан боловч Монгол руу холбоо барьж болохгүй байлаа. Бүр тодруулбал Англид ирснээс хойш. Уг нь гарахаасаа өмнө 2222 руу залгаж англид барьж болох эсэхийг асуутал "болно" гэдэг хариу өгсөн гэтэл ирсний дараа ажиллахгүй байгаа нь юуны учир вэ? Энд O2, T-Mobile, Vodafone гээд дэлхийн том том операторууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Vodafone-ий сүлжээ ашиглавал Монгол руу мессеж бичиж болдог юм байна. Энийг Энхбат ахтай ярилцаж суухдаа санамсаргүй олж мэдсэн бөгөөд сүүлд ухаарсан ажээ. 2222 лавлах үүнийг хэлээд өгчихөж байвал зүгээр юм даа. Лаг том мэдээллийн бааз үүсгэх юмсан.

Цаг агаарын мэдээ харалгүй гарснаас болоод тохирох хувцас бага байна гэж. Ганц цамц, хоёр өмд, нэлээн хэдэн футболк бас богино өмдтэй гарсан боловч эндэхийн борооны улмаас нимгэн хувцастай гүйгээд байх боломж гарахгүй бололтой. Бас наасаа ирж буй хүмүүс борооны шүхэр (зонтик) авч ирвэл зүгээр, эндээс авна гэвэл бас л хэцүү үнэтэй.

2007-07-13

Каноникалаар зочлов

Санаа нийлсэн хэсэг нөхдийн хамт байгуулсан "Адсолукс Монголиа"ХХК нь хэн бүхэнд танил болсон Ubuntu линуксын албан ёсны түнш юм. Ubuntu-г хөгжүүлдэг, ивээн тэтгэгч гол компани нь Каноникал бөгөөд төв оффис нь Лондон хотноо байрладаг юм билээ. Нэгэнт англи ирснийх тэдэнтэй уулзахаар шийдэж холбоо барьсны үндсэн дээр өгдөө 11 цагаас уулзалт хийхээр болж, хуваарийн дагуу тэднийхээр зочлов.

Түнш, нөхөрлөлийн асуудал хариуцсан менежертэй Ubuntu, Каноникал болон Монгол дахь үйл ажиллагааны талаар нэлээн ярьж суулаа. Энэ зуур "хавтгай дэлхийн" найзуудтай тааралдаж, жинхэнэ ёсоор танилцаж, ярилцах боломж олдсон юм. За тэгээд олон юм ярьсан доо бас нээрээ The Official Ubuntu book надад бэлэглэсэн. Үзээд суувал бас давгүй эд байна лээ.

Намайг зөчлөх тэр үеээр Ubuntu хөгжүүлэгчдийн цугларалт болж ажил эд өрнөж байна лээ. Каноникалын ажилчид нь дэлхийгээр тархан байрладаг ба 2 сар тутамд нэг цугларч ажлыг ёстой хийх шиг болдог юм байна. Нэг сүрхий залуу их ажил хийгээд байх шиг байсан чинь дугуйтай тэргэнцэр дээр суугаад өөрөө ч гараараа юм бариад уучих чадалгүй залуу байдаг байгаа, ёстой гайхсан гэж. Нээрээ цөөхөн Ubuntu футболк авсан Монголд очих байгаад тараанаа.

2007-07-12

Англид ирэхдээ анхаарах зүйлс

Визний асуудал шийдэгдээгүй удсан, цаг тулж гарснаас болж судалдаа шинжилгээний ажил хийж амжсангүй. Ер нь сохор гарч ирсэн гэхэд болно.

Эндэхийн цаг агаар нь их сонин бас их дажгүй санагдлаа. Одоогийн байдлаар их аятайхан халуун ч биш хүйтэн ч биш байна. Цөөлөн бороо зүсэрч ороод л. Ер нь бол өмд цамцтай байвал зүгээр шиг байна. Гэхдээ бүх зүйлийг ингэж үзэж болохгүй, өнөөдөр чинь техник гээч зүйл өндөр хөгжөөд цаг агаарыг нэлээн өмнөөс урьдчилан мэдэх боломжтой болж, бас интернэтээр тэр мэдээллийг авах боломжтой бол. http://weather.yahoo.com/ хаягаар ороод л дэлхийн ихэнх хотуудын цаг агаарыг харчихаж болно.

Наашаа ирэхдээ болж өгвөл эдний өөрийнх нь мөнгийг авч ирээрэй. Энд ёстой алуулсан. 100 ногоон сольсон чинь 2.2-р бодоод дээрээс нь шимжтгэл гээд 3 паунд аваад явчих юм. Эцэст нь та 42 паундтай үлдэж байгаа гэж. Уг нь монголд солиулбал 2 гээд 50 паундтай байх байсан байж. Өөрөөр хэлбэл 100 доллар тутамд дор хаяж 10 доллар алдаж байна гэсэн үг. Дэндүү байгааз.

Энд ер нь юм их үнэтэй юм. Тийм болохоор танидаг мэддэг хүмүүсээсээ мөнгө хэрхэн хэмнэх талаар зөвлөлгөө авах хэрэгтэй юм байна. Энд галт тэрэг болон автобусны билэтийг нэг удаагийн, өдрийн бас хэд хоногийн гээд байдаг шиг байна. Гадуур их хэсэхээр бол өдрийнхийг нь авбал их хэмнэлт гарч болохоор санагдсан. Одоогоор сайн мэдэхгүй байгаа болохоор олон зүйл хэлж чадахгүй нь.

Бодож явдаг нэг зүйлээ харин хийж эхлэмээр санагдсан. Тэр нь гадаадад аялах гэж буй хүмүүст зөвлөлгөө өгдөг вэб сайт. Би ч одоо 5 орноос аялсан байх юм, улс бүрт анхаарвал зохих зүйлс ажиглагдана тэр бүгдийг тэмдэглээд дараа дараагийн хүмүүстээ тус болмоор санагдах юм. Монголд очих байгаад энэ талаар жаахан судалнаа, тэгээд зав болоод боломж нь гарвал хэдэн зүйл тэмдэглэн бичээд, бусад хүмүүс ч бас чөлөөтэй ашиглаж болохоор байхаар хийхийг хийчээнэ. Одоогоор ийм байна.

Англид ирэв

Өчигдөр орой Лондонгийн цагаар оройн 10 цагт энд буулаа. Ямар ч төлөвлөгөөгүй шахуу ирсэн би энд хүмүүс жаал төвөг учруулж байна гэж. Ирэх замдаа Цэрэнбат ах руу холбоо барьсанд намайг тосохоор ирсэн байж, харин үүнийг нь мэдээгүй би буудал дээр тааралдсан хүнтэй хамт гарчихсан явж байх гэж. Гар утсаа авч гарч ирсний хүчин Цэрэнбат ахтай холбоо барьж тэднийд очиж "танайд хоноё" болов. Нааш цааш их хол явуулж их л төвөг удлаа даа, уучлаарай. Өглөө эртлэн босч Цэрэнбат ахын ажил дээгүүр хальт орж танилцаад Лондон руу орж ирэн аялалаа үргэлжлүүлсээр байна.

Хотоор жаал явган зугаалж, хэдэн газраар орсны дараа одоо Үнэнбат найзынхаа ахын ирээд сууж байна. Жаахан байж байгаад хамт гарч номын дэлгүүр орно доо, хэрэг болж болох хэдэн ном худалдаж авах хэрэгтэй байгаа. Ер нь очсон газар бүртээ номын дэлгүүр орж бага сага юм цуглуулдаг ч унших нь ховор, гэхдээ их хэрэг болдог юм.

Уг нь нэлээн юм бичье гэж бодоод нэлээн юм ажиглаж явсан ч яг бичих гэсэн чинь орж ирдэггүй ээ. Гэхдээ хэд хэдэн бичих юм бий, түүнийгээ тусдаа сэдэв болгоод бичнэ байз. Ямар ч байсан эсэн мэнд Лондонд газардаад давгүй сайхан зугаалж явна.

2007-07-04

Билл доошлов

Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ гэсэн асуултанд хүн бүр л "Билл Гэйтс" гэх хариулах нь лав. Харин саяханаас Слим нэртэй Мексикийн нэгэн бизнес эрхлэгч хөрөнгийн хэмжээгээрээ түүний дээр гарч "Дэлхийн хамгийн баян хүн" алдрыг зүүх болсон байна. Слим нь America Movil компаний эзэн бөгөөд түүний компаний хувьцааны үнэ 26% өссөнөөс түүний хөрөнгө 67.8 тэрбум доллар болж 56 тэрбумтай Билл ахыг гүйцсэн байх юм. 13 жилийн турш энэхүү алдрыг зүүсэн Билл ах үүнд төдийлөн сэтгэл зовинохгүй байгаа аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://seattlepi.nwsource.com/business/322239_richest04.html хаягаас уншаарай.

Нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог болохлээр хүмүүс намайг Microsoft-д дургүй гэж боддог шиг байгаам. Үнэндээ дуртай биш л дээ, дургүй ч биш гэхдээ Билл ахын бичсэн номны эхний бүлгийг уншсаны хувьд, мөн түүнгүйгээр өнөөдрийн мэдээлэлжсэн нийгэм байхгүй байсан гэж бодохлээр түүнийг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг гэж.

2007-06-30

Жоом гэнэ үү

Өчигдөр үдээс өмнө Жуумла Монгол төслийг танилцуулах хуралд суув. Хуралд ч болдогоороо болж төслийг танилцуулах явцад нэг нөхөр "нэгэнт л Жуумла Монгол гэж гаргах байсан юм бол яах гэж Жива гэх хийсэн юм, яаагаад ер нь Жива гэдэг нэр өгөв" гэсэн утгатай асуулт тавихад Мөнхбат дарга "зарим нэг дарга нар Joolma гэдгийг Жоом гээд эвгүй байсан болохоор Жива гэсэн, одоо харин Жуумла гэдгийг хэвшүүлнэ" гэж хариулав. Хаха, оны шилдэг онигоо.

Жуумла Монгол төсөлтэй http://www.joomla-mongolia.com хаягаар танилцаж болох юм байна, гол зорилго нь Joomla-г монгол хэл дээр төвөггүй ажиллуулахад чиглэсэн бөгөөд хамгийн гол нь энэхүү төслийн талаар Joomla-н төслийнхөн мэдэж буйгаар барахгүй их сайшаасан байх юм. Одоо ингээд Живаг авс, харин Жуумла Монголыг гэрэлт ирээдүй (сайн мэдэхгүй байна) хүлээж байна. Хамгийн гоё нь үдийн хоолон дээр ширээгээ тойрч сууж байгаад баахан юм ярьсан, солиотой. Үнэхээр гоё байсан гэж, нэг нэгийгээ явуулаад л ...

2007-06-25

Барын зулзгыг бага дээр нь

Амралт гэснээс хэд хоног тариулж байж биеийн байдал эрс сайжрав. Хоолой өвсдөн, эртхэн эмчлээгүйгээс хүндэрч тариа тариулахад хүрэв. Эм тарианд дургүй гэж жигтэйхэн, одоо яаая гэхэв. Таван хоног өдөрт 3 тариулах гэж чанга байсан шүү, эхэндээ тарих хүн олдохгүй өөрийгөө хоёр хатгав. Бас зоригтой гар шүү гэж. Хүмүүсээ өвчлөвөл ер нь эртхэн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай, гэхдээ хамгийн гол нь эмчилгээ таслахгүй хийлгэх шүү гэж.

Амралтын өдрүүд

Амралтын өдрүүдийг их үр дүнтэйгээр эсвэл таатайгаар өнгөрүүллээ. Хагассайн өдөр ажлын байрандаа цэвэрлэгээ хийж, боломжоороо жаахан тохижууллаа. Гэхдээ л бас болоогүй байна. Бүтэнсайн өдөр харин гэртээ цэвэрлэгээ хийгээд, орой нь сайхан хуушуур хийж идэв. Таалагдсан.

Хагассайны цэвэрлэгээг эс тооцвол ажил гэж юмыг огт хийсэнгүй, ер нь сайхан амарч өнгөрөөлөө. Харин нэг ажигласан зүйл гэвэл ажиг ч үгүй 11 12 хүртэл унтчихсан байх юм, уг нь 9 гээд л сэрчихдэг хүн юмсан. Юунаас болж байгаа юм бол залуусаа.

2007-06-18

Хулгайг гааруулах уу

Гар утас гээх, хулгайд алдах гэж үнэн гарлагатай тэгээд яаж ч болохгүй зүйл нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй маань утсаа гээв, үүнээс асуудал үүсэв. Гадаад гэж ярих дургүй ч гадаадад ямар нэг зүйл худалдан авсан гэрчилгээ нь байвал түүнийг шуудхан хураалган авч, нэмэлт төлбөр төлдөггүй гэнэ лээ. Харин энд алдаад л худалдаж аваад л, алдаад л гээд хэд ч эргэж болно. Уг нь энэ асуудлыг шийдчих хүн хүчний болоод техникийн боломж байгаа, харин юу саад болоод байна. Утсыг асаамагц өөрийн цувралын дугаар болон сим картны дугааруудыг ашиглан операторт бүртгэгддэг. Эндээс үзвэл дугаарыг сольсон ч утсыг олох боломжтой. Энэ ажиллагааг явуулах нь яагаад ч юм хориотой, болохгүй.

Миний бодлоор дугаар авсан хүн нь утас дугаар хоёроо бүх л бичиг баримтыг нь авч очоод бүртгүүлчихдэг байвал зүгээр юм уу. Шинэ утас, дугаар авах бүрдээ бүртгүүлнэ, яршигтай юм шиг боловч утсыг оймс шиг солихгүй нь лав. Эзэн нь гомдоол гаргасан үед хамгийн сүүлд бүртгүүлсэн утсыг олж өгдөг байвал, бас утсаа бүртгүүлэх гээд ирэхэд нь энэ чинь бүртгэлтэй байна гээд ахиад бүртгэдэггүй байвал, бүр хураадаг байвал. Үүний дүнд хүн ард маань ч гэсэн юм худалдан авахдаа бичиг баримтыг авах ёстойг мэдэж аваад, илүү хотжиход нь туслах болов уу. Үүнийг ер нь хэрхэн шийдвэл илүү оновчтой вэ?

2007-06-16

Миний амидаа

Өнөөдрийг хүртэл өөрийн амидааг харж байсангүй, одоо ч хараагүй л дээ гэхдээ блогийг нь олж үзлээ http://dulmandakh.blogspot.com. Уг нь яг энэ хаяг дээр миний англи хэл дээрх блог байрлаж байсан боловч зарим нэг алдаа гарсны улмаас хаягаа алдаж http://dulmandakhs.blogspot.com хаягтай болсон. За ямар ч байсан яг амидаагаа оллоо гэж.

2007-06-08

Насны доройтол

Шинэ үеийн хошин шог дээрээс насны доройтол гэдэг үг сурчихаад бие жаахан сулрах бүрт ашиглах зуршилтай болчихсон юм гэнэ лээ. Энэ долоо хоног насны доройтлоор эхэлж бас дуусах гэж байх шиг. Нэгдэх өдрийн шөнө хоолой өвдсөнөөс болж халуурч хонов, түүнээс хойш өнөөдрийг хүртэл халуурч байна. Гуравдахид заал авч сайхан хөлсөө гаргачихвал зүгээр болчихно гэж бодож байтал үгүй шүү, бүр бөөр өвдөж эхлэх нь тэр. Өнөөдөр арай гайгүй болж байх шиг. Ядаж байхад жил гаран бөмбөг бариагүйг хэлэх үү сүүлийн хэд хоног сууж босох, гар хөлөө хөдөлгөхөд хөндүүрлэж өвдөөд, орилоод хэцүү байноо. Энийг л насны доройтол гэхгүй бол өөр юуг насны доройтол гэх билээ.

Заал гэснээс нээрээ тоглосон чинь тасархай гоё байна лээ шүү. Хамаг хөлс цуваад ёстой гоё. Огоо, Үнэнбат хоёртой нэг баг болоод хожиж, тойрч энэ тэр. За тэгээд сар бүр ингэж тоглож байхаар болов, зохион байгуулах ажлыг Үнэнбат хариуцаж ажиллахаар ярилцсан. Заалаа олоод, хэзээ яаж гэдгийг нь тухай бүр зарлаж байна байх. Энэ удаагийн заалын зохион байгуулсан Баянмөнхдөө баярлалаа.

2007-06-06

Төвөгтэй Windows

Нэг газрын хүсэлтээр хэдэн халтар бултар код бичээд түүнийгээ Windows дээр ажиллуулах хэрэгтэй болов. Ер нь python ашиглаж бичсэн болохоор файлын зам засахаас өөр асуудал ер нь гарсангүй, гэвч Windows суулгаж бэлдэнэ гэдэг үнэн бэрх асуудал байнаа. Сүүлийн хоёр жил шахуу хугацаанд бараг Windows ашигласангүй, дээрээс нь аль 2006 оны 10 сард авсан Thinkpad дээрээ саяханыг хүртэл нэг ч Windows суулгаж байгаагүйгээ сая л нэг юм анзаарлаа. Өмнө нь өнө удаан жил хэрэглэсэн юм хойно суулгах энэ тэр ажилд огт түүртсэнгүй гэвч өөрт хэрэгтэй зүйлсээ татаж авч суулгах, төхөөрөмжүүдээ таниулах нь үнэн төвөгтэй санагдлаа. Windows суулгаад ашиглавал хамаг юм нь ажиллахгүй, Ubuntu рүүгээ орж байж хэрэгтэй зүйлсээ татаж авна, ntfs-3g ашиглаж файлуудаа Windows рүү шиднэ гээд бараг бүтэн өдрийн ажил болсон ч одоо болтол бүх зүйл хэвийн ажиллахгүй л байна. Учир нь програмаа ажиллуулахад хэрэгтэй зүйлсээс бусдыг суулгаж цаг алдахыг хүссэнгүй. Нээрээ ядаж байхад Thinkpad T42 дээр Windows товч байхгүй улмаас ажлын бүтээмж асар муу, харин линукс дээр нөлөө байхгүй.

Эцэст нь хувийн хэрэглээнд Windows ашиглах нь утгагүй, хэрэггүй болсон байх юм. Гэвч ажлын журмаар зарим тохиолдолд ашиглахаас өөр аргагүй болоод байх шинжтэй. Та бүхэн хэрэглээд үз, Гандэмбэрэлийн хэлсэнчлэн "дасах л хэрэгтэй".

2007-06-04

Лагер гарлаа

Хагассайн өдөр хамаг юмаа ачиж аваад лагер гарав. Сэрүүвтэр боловч цэвэр агаар юм хойно цаанаа л нэг гоё. Бодоод байсан чинь лагер гарах, орох гэдэг ажил их заваан ажил байна шүү. Гарахдаа амьдралд шаардлагатай зүйлсээ уван цувуулан зөөнө, төд удалгүй зун дуусч буцаагаад л зөөнө. Лайтай гээд лагер гарахгүй байж болохгүй ээ, цэвэр агаарт сайхан амарч авах нь чухал. Харин энэ хулгай гэдэг юм байхгүй болчихвол гээд бодсон чинь гоё байна шүү. Ер нь яавал хулгайд өртөхгүй байх вэ? Огт өмчгүй байвал ямар байх бол? Тэгвэл бас юу ч бодохгүй, ярихгүй байх хэрэгтэй тэгэхгүй бол оюуны өмчийн хулгай гэж байгаа. Хэхэ. Арай л биш юм. Амьдрал өөрөө баян юм болохоор хулгай хийх ч, хулгай хийлгүүлэх ч юм бий, хэзээ ч дуусахгүй байх. Бас төвхнөж дуусаагүй л байна.

2007-05-30

XXLady

Ийм нэртэй реалити шоу UBS дээр эхлэх гэж байгаа гээд рекламдаад байсан, уржигдар эхний дугаар нь гарч эхний шатны шалгаруулалт эд өрнөж байна. Хэхэ. Ойрийн үед зурагт үзэхгүй байсан чинь энэ хэд хоногт халит зурагт хараад амжаад байх болж. Эсвэл сонирхолтой санагдсан болохоор зорьж үзээ юм болов уу. Ямартай ч нэвтрүүлгийг үзэв. Нэг танидаг хүн орж байна, тэр нь манай хажуу ангид байсан Уянга. Тэр ч яахав, яагаад тарган хүмүүс ингэж эвлэгхэн хөдөлдөг юм бол? Шалгаруулалтын нэг нь бүжиг байхад ихэнх л их эвлэгхэн бүжиглэх юм. За тэр ч яахав. Өнөөдөр шалгарсан, нэвтрүүлэгт үлдэх бүсгүйчүүдийг харуултал үеийн нэлээн хэд, үед мултарсан хэд хэд гээд ерөнхийдөө залуу хүмүүс байна. Монголчууд, дэлхийн хүн ам нэлэнхийдээ таргалж байна, энэ нь ч бас намайг тойрчихгүй юм. Хэхэ. Амарч ирээд л нэх өглөө босч гүйдэг баатар болоод байсан чинь худлаа, гэхдээ л мартчаагүй байгаад байгаа. Нэг л өдөр нэг их зориг орчихсон гүйж явах вий цаадах чинь.

Хүнийг энэрэх сэтгэл

Сүүлийн үед бараг зурагт үзсэнгүй, зав нь олдоогүй биз. Сая бүтэнсайн өдөр зурагт үзэж байтал "Танайд хоноё" нэвтрүүлэг гарч байна. Даруухан, цэвэрхэн нэг бүсгүйнд очиж хонотол элгэний эдгэрэшгүй өвчин туссан, хоёр хүүтэй, нөхөр нь хаяаад явсан гээд шаггүй хүнд амьдралтай тэрээр өөрийн амьдралын талаар илэн далангүй хөөрөлдөж нэгэн үдшийг өнгөрөөв. Миний хувьд сонирхолтой, ихийг бодогдуулсныг нуух юун.

Маргааш нь буюу даваа гарагт 25-р сувгийн мэдээгээр тэрхүү бүсгүйд туслах хүсэлтэй хүмүүс их байгааг мэдэгдээд, мягмар гарагт түүнтэй уулзах өдөрлөг зохиогдох болсон талаар зарлав. Аав маань дүүг мөнгө аваачиж өгч гэж хэлж байсан боловч дүү маань нэвтрүүлгийг үзэх зуураа өөрийн хочсон мөнгөнөөс хандивлахаар шийдсэн байсныг хоол идэх зуураа олж мэдэв. Тэр 10000 төгрөг хандивласан. Түүнтэй адилхан зөндөө хүмүүс байсан талаар ээж дүү хоёр маань ярьж байна. Хүмүүс ихээр туслаж байгаа бололтой. Тэрхүү бүсгүй элгээ солиулахад хэрэгтэй 80 орчим мянган еврог монголчууд цуглуулж хандивлаж, эмчлүүлнэ гэдэг таамгийг аав дэвшүүллээ. Удахгүй хандивийн данс нээгдэнэ гэсэн, тэрэнд нь боломжоороо хэдэн цааш хандивлана даа. Та бүхэнд ч бас уриалж байна.

Өглөө зурагт үзэж байхнээ 10 сая төгрөг цугласан байна лээ, тун удахгүй 90 болоод бүсгүй маань хүүхдүүдтэйгээ эрүүл саруул аж төрөх байх гэж бодож байна. Голомт банкинд 1711021650 данстай байгаа гэсэн шүү.

Гэр бүл

Гэр бүл гэж хүн бүрийн хувьд хамгийн ариун нандин зүйл байдаг нь тодорхой. Надад ч бас ялгаагүй. Аав, ээж, хоёр дүү бас найз охин минь надад бүхнээс эрхэм. Өчигдөр ээжийн төрсөн өдөр болж ойр үзэгдээгүй нэгэн үзэгдэл болсон нь гэрийн бүлийн бүх гишүүн нэгэн ширээний ард цугларч, хамтдаа үдшийн хоол зооглолоо. Халуун яриа өрнүүлэн бүгд л аз жаргалтай сайхан байв. Ихэвчлэн бүгд л ажилтай учир уван цуван ирцгээнэ, ганц нэгээрээ хооллоно.

Жаргалын бага нь амттай гэж

2007-05-26

Хэвлэх материалууд

Би нээрээ үнэн хариуцлагагүй гар юмаа, ядаж байхад нэг юм үзээд суучихвал сална л гэж байхгүй. Сая нэг юм Linux InstallFest 2007 дээр ашиглагдах хэвлэх материалуудын загварыг гаргаж дууслаа гэж. Нээрээ анх удаа ингэж хэвлэлийн эх бэлтгэж байгаа байхаа. Нээлттэй эхийн Scribus гээд програм ашиглалаа, дажгүй санагдсан. Windows дээр хийж байгаагүй болохоор үнэхээр харьцуулах юм алга. Туршаад үзээрэй.

Ubuntu суулгах гарын авлага

Санал асуулгын хуудас

Хүмүүс боломжоороо хэвлээд өгөөрэй. Би гэртээ бас нэлээдийг хэвлэх бодолтой байгаа.

2007-05-25

Тайван өдрүүд

Амралтанд явж ирснээс хойш нэг л уур хүрэхээ байчихажээ, сонин юм шүү. Гэхдээ л өнөөдөр уур хүрээд байгаа юм уу бухимдаад байгаа юм уу нэг л сонин, дотор бүүдгэр. Амралт гэснээс амралтанд яваад бас бус юм алджээ. Аль гурван сард л линуксын сургагч багш хайж байна гэхээр нь нэрээ өгчихсөн байсан нь эзгүй хойгуур гэнэт хариу ирээд, хариу өгөх хугацаа маань өнгөрчихөж. Өнгөрөөгүй байсан ч амжихгүй байдаг. Дараа жаахан зайтай хэлээрэй, баярлалаа гэж хариу бичих шив. Уг нь овоо мөнгөтэй ажил байна лээ, жаахан харамсмаар л юм.

Сүүлийн хэд хоног ганц нэг код бичих гэж үзлээ. Ойрд ийм ажил хийгээгүй эсвэл тархи амралтын горимоос гарахгүй хэцүүхэн л байна. Нэг жижиг зүйл дээр гацаад хийж чадахгүй байгааг эс тооцвол бараг дуусчихсан байдаг. Хамгийн тэнэг нь бас хаяаад амралтанд явчихсан болохоор хийх, судлах цаг бараг байхгүй болчихсон байсан болохоор өнөөдөр хугацаа нь дуусчихсан. Гэхдээ л яагаад ч юм бүр их сандраад хачин болохгүй байгаа шүү. Хажууд нь Огоо яаж байна гэж байнга шахуу асуугаад, тайван хүнийг сандаргаад бүр гаран гаран болгоод байх юм. За маргааш үдээс өмнө дуусгах ёстой байгаа. Их үнэтэй олдож байгаа амралт шүү гэж.

2007-05-24

Гоё онигоо

Хэнээс ч юм ийм нэг онигоо ирлээ. Савж унатлаа л инээлээ, та бүхэнтэй хуваалцахгүй бол болохгүй нь.

Нэг шумуул яаж цус сорох вэ гээд бодож байтал завьжаараа цус дуслуулсан вампир явж байв. Түүнээс:
- Чи хаанаас цус олов? гэж асуутал вампир:
- Чи тэр шонг харж байна уу?
- Харж байна
- Тэгвэл би харсангүй...

ХАХА ХЭХЭ ХИХИ ХОХО ХӨХӨ ХҮХҮ өөр яаж инээдэг билээ байз

Алдагдсан итгэл

Хайртай найз охиныхоо итгэлийг алдаж орхилоо, маш ихээр гомдоочихлоо. Намайг уучлахыг хичээж буй боловч сэтгэл нь нэг л хөндүүрлээд байх шиг. Хүний итгэлийг алдах ямар амархан болохыг би мэднээ, тэр итгэлийг олж авах ямар хэцүү болохыг ч бас мэднэ. Гэхдээ л би тэнэг алдаа хийж түүнийгээ гомдоосон, итгэлийг нь алдсан.

Миний хайраа намайг үнэхээр уучлаарай. Надад ахиад ганцхан боломж олгооч, би ахиж итгэлийг чинь алдахгүй. Би чамдаа бас өөртөө амлаж байна.

Татвар гэж

12хон настай дүү маань орос дууны тэмцээнд ороод байр эзлэв. Тэгээд шагналаа авдаг баатар болсон чинь 10%-г нь татварт авчихлаа гээд ихээхэн гайхчихсан зогсож байж билээ. Нээх хөөрхөн. Татвараа гэж ... Бас тэгээд үлдсэн мөнгөөр нь гэрийнхнийгээ, өвөөгөө бас ээжийн ахынхныг хоолонд урьж даагаад байгаа юм. Би лав 12 настай байхдаа ийм байсан гэж бодохгүй байна. Нийгэм хөгжнөө гэж ... За тэгээд баахан гэж ...

2007-05-23

Сэргэн мандалт

Сая цай ууж суугаад Жанцанноров гуайн ярилцлагыг хальт харлаа. Энэ хүний яриаг сонсохлээр эрч хүчээр цэнэглэгдэж, өөдрөг сэтгэлээр дүүрэх шиг болдог юм. Миний нэгэн шүтээн. "Монголчууд бид сэргэн манталтын эхний шатандаа орж байна гэж омогшиг хэрэгтэй" гэж тэрээр хэлжээ. Би санал нэг байна. Мэдээллийн технологийн дэвшлээр бид сэргэн мандах, ахин хүчирхэгчих маш том боломжтой болсон, ашиглах л үлдээд байна. Урагшаа монголчуудаа ...

Та нар шүү

Хамтдаа санаачилж, ярьж, бэлтгэж байгаад яг гүйцэтгэл дээр нь алга болсон намайг уучлаарай залуусаа. Та бүхэн маш сайн ажилласан байна лээ, үзлээ, сонслоо. Эндээс бүгдээрээ хамтраад, нэгдээд, зоривол юуг ч хийж болдгийг харж болно. Гэвч ажил бас арай л дуусчихаагүй байна, 27-нд биднийг анхны маш том ажил маань хүлээж байна. Хүнд хэцүү биш гэдгийг бүгд мэдэх болохоор ахиад л хялбархан даваад гарчихна гэдэгт бат итгэж байна.

Баянмөнх, Гандэмбэрэл, Магсаржав, Отгонпүрэв, Үнэнбат нартаа болон МУИС-МТС, ХМТС, ЭМШУИС-ийн оюутнууддаа хувийн зүгээс болон хамт олныхоо өмнөөс баяр хүргэе. Одоо тараах дискүүд, итгэлүүдээ сайн бэлдэцгээе.

Экспо дээр авсан байсан багахан видео бичлэгийг доор тавилаа.

2007-05-21

Амралт дууслаа

Хэд хоногийн өмнө найз нөхөддөө, гэрийнхэндээ ч хэлэлгүй өглөө эрт хамаг хэрэгтэй зүйлсээ торонд хийгээд гараад явсан би сая л нэг юм гэртээ ирлээ. Би өөрийгөө их гайхаад байгаа юм, уг нь надаас ийм ааш гарах хүн биш дээ. Хэд хоног хамаг юмнаас өөрийгөө таслаад амрах юмсан гэсэн хүсэл маань биелж, давгүй сайхан амарчихаад бөөн эрч хүчээр цэнэглэгдээд эргээд ирлээ. Сонин хачин их, удахгүй нэг сайхан зав гаргаж байгаад бичиж өгнөө, бас зураг овоо хэдийг авсан flickr дээр үү нөгөө picassa нь дээр юм болов уу?

Сайхаан, бужигнасан, уур хүргэм амьдрал чамайгаа алгаа тосон угтъя, ана мана үзэлцье. Ялж гарна уу гэхээс ялагдаж буцахгүй ээ би гэж.

2007-05-13

Тэнэг дурсамж

Нэлээн хэд хоногийн өмнө зурагтаар гурван хүн вагонд дайруулан нас барсан талаар мэдээ гарч байгааг үзээд нэг тэнэг дурсамж маань санаанд оров. Нэг найзынхаа хамт 120-д байдаг найзындаа оччихоод харьж явахдаа депогийн хажуугаар төмөр зам гарсан юм. Яриандаа нэлээн халчихсан төмөр зам гараад цааш 5 алхаагүй байтал араар нэг вагон толгой маш хурдтай гарахад хөл дагжин чичирч, нэг хэсэгтээ л шоконд орж билээ. Хамгийн гол нь хэн ч анзаараагүй, нөгөөх маань ч дуут дохио өгөөгүй. Үнэхээр аймар санагдаж билээ. Хэдхэн алхам хойно явсан бол ч ... хөөрхий

Амралтын өдрүүд

Энэ амралтын өдрүүдэд төлөвлөж байсан зүйлээ биелүүллээ, энэ нь ямар нэг тоглолт үзэх. Огоогийн санал болгосноор хийлчин Дээгийгийн тоглолтыг үзэж алжаалаа тайлж, нэгэн үдшийг соёлч боловсон өнгөрүүллээ. Харин өнөөдөр гэртээ цэвэрлэгээ хийж, жаал амарсан шиг өнгөрүүлнээ.

Дэлхийн сонгодог болон монгол үндэсний гэсэн хоёр хэсгээс бүрдсэн сайн тоглогт болж өнгөрлөө. Үнэндээ хэзээ нэг сонгодог урлаг ойлгодог болох юм байгаан, ганц нэг зүйлсийг эс тооцвол эхний хэсэг тийм ч сонирхолтой санагдсангүй. Харин үндэсний хэсгийн тоглолтууд ганц нэг зүйлсээс бусдаар үнэхээр сонирхолтой, бахархууштай болж өнгөрлөө. Нэг канад товариш "алтан баатар" гээд бүтээл туурвижээ, харвал монгол хүн, монгол зэмсэгтэй, монгол хувцастай хөгжимдөж, бүжиглэснийг эс тооцвол юпкатай залуусын дуу бүжиг байна лээ. Бас нэг нь яг Тай маягийн бүжиг, Тай маягийн хувцастай монгол хүмүүс. Эдгээр нь үндэсний гэдэг хэсэгт багтсаныг их гайхсан гэж. Гар утсаар бага сага зураг дарж, видео бичлэг хийсэн боловч холбогчгүйн улмаас энд тавьж даанч чадсангүй. Тэгж байгаад нэг холбогч авч тавинаа.

Тоглолтын үеээр маш хүчтэй төрсөн сэтгэгдэл бол бид урлаг болоод соёлын ямар гайхамшигтай өвтэй ард түмэн юм бэ гэх бахдал. Сонгодог урлаг төдийлөн ойлгодоггүй ч үндэсний хөгжим үнэхээр сэтгэл хөдөлгөж, давтагдашгүй сэтгэгдэл төрүүлж байсан гэж. Өмнө нь нэг удаа Японы соёлын өдрүүдийг сонирхож байсан ч хэдэн юм балбаж, балай чимээ гаргаж үнэхээр залхааж орхисон. Индонезид явж байхад хэдэн нөхөр гарч ирээд бугуйгаараа гараа хөдөлгөж бүжиглэдэг юм гэсэн. Хараад байхад өмнөд азийнхан гэж модноос бууж ирсэн сармагчингууд, европчууд ирэхэд модноосоо бууж амжсан байсан юм уу хаашаа юм. Өөрийн гэх шальтай урлаг байхгүй, хэл байхгүй мэт санагдсан. Одоо хурд удаан интернэттэй болохоор тэр бугуйн хөдөлгөөнийг сонирхуулж чадахгүй нь. Хүмүүсээ ер нь үндэснийхээ урлагтай сайн танилцах хэрэгтэй юм шигээ.

2007-05-11

Анхны ажил

Хэсэг нөхдийн хамт system administration, maintenance хийдэг "Адсолукс Монголиа"ХХК байгуулаад анхныхаа ажлыг гүйцэтгэж дууслаа. Урьд өмнө нь хийж байсан, шинэлэг зүйл биш болохоор төдийлөн түүртэлгүй хийгээд өгчихлөө. Мэдээж гэрээний заалтын дагуу хаана, ямар ажил хийснийг өөрөөсөө өөр хүнд хэлж болохгүй, харамсалтай. Ямар ч байсан нэлээн доогуур үнээр хийж өглөө, салах болоогүй гэрээний дагуу нэлээн хэдэн сар засвар үйлчилгээ үзүүлнэ. Нэг ч гэсэн ажлын ард гарчихсан болохоор сэтгэл их өөдрөг байгаа шүү.

Энэ үнэ унагадаг нөхдүүдийг яах вэ? Ярилаа, тохирлоо ажил эхлэхийн даваан дээр нэг шавар гарч ирээд миний өгсөн үнийг хэд дахин унагаж өгөөд намайг ч олигтой хоолгүй, өөрөө ч олигтой хоолгүй хоцровоо хөөрхий. Аминдаа нэлээн бодож, тооцоолж байгаад боломжийн басхүү чанартай үнэ өгтөл ..., бодохлээр уур хүрээд байх юм. Уг нь чанараар өрсөлдье гэхээр одоохондоо монголчуудын хувьд чанар биш үнэ чухал байгаад байдаг. Хүмүүсээ энэ үнэ унагадаг нөхдүүдтэй тууштай тэмцьеээ, харин яаж тэмцэх үү? Ер нь нэг жишиг үнэ тогтоогоод тэрнээс буулгасныг нь бүгдээрээ нийлж байгаад зодож байх уу? Арай ч харгис юм уу? Ер нь яаж тэмцэх вэ? Арга чарга юу байна?

OBP 2007.5 болж өнгөрлөө

Сүүлийн үед залхуу нь дэндээд, бүр блог ч бичихээ байж. Эсвэл завгүй ч байж магад. Ямар ч байсан энэ удаагийн Open Beer Party маань хэрхэн болж өнгөрсөн талаар товчхон өгүүлэхээр шийдлээ.

Уламжлалт ёсоороо сар бүрийн хоёрдугаар лхагва гарагт "Их Монгол" уушийн газартаа уулзаж элдвийг хэлэлцэж, чөлөөтэй ярьцгааж сайхан өнгөрөөлөө. Шинэ ирсэн хүмүүсийн талаар болон бас бус зүйлсийн талаар Баянмөнх, Үнэнбат хоёр надаас өрсөөд биччихэж, би орхилоо. Энэ удаагийн гол сэдэв маань InstallFest 2007 байсан юм. Хэрхэн зохион байгуулах вэ, хэн хэн ямар үүрэгтэй оролцох вэ гээд л олон асуудал хэлэлцэв. Ямартай ч ихэнх зохион байгуулалтын асуудлуудаа шийдэж, одоо ер нь хийх л үлдэж байх шиг. Дашрамд дурдахад Linux InstallFest 2007 гэх өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.limnux.org сайт дээрээс олж авах боломжтой. Та ч гэсэн өөрийн саналыг оруулж, хувь нэмрээ өргөх боломжтой шүү, тавтай морил. Энэ бүхний эцэст сийрүүлж бичих гэдэг том ажил надад оногдож байгаа гэж.

Сүүлийн үед OBP маань залуу хүмүүсээр цусаа сэлбэж их сайхан уур амьсгалтай болж байгаа гэж жигтэйхэн. Нэрийг нь хэлээд яахав, нэг хүн "Нүүнээ, Баянаа та 3 байвал тэр нь Beer Party юм бишүү" гэж хэлж байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр энэ 3-ын хэн нь ч байхгүй байсан ч явдгаараа явах боломжтой болсон мэт санагдана. Гэхдээ дутах л байх л даа :). Бас хэдхэн хүн хоорондоо яриад яриад л дуусдаг байсан бол их олон талаас хэлэлцэж, их олон хүн хүрдэг болж. Анх ямар байсныг дурсаад өнөөдөртэй харьцуулахад бас ондоо болсон байнаа гэж.

Хэн ч ямар ч асуулт асуусан Ubuntu гэдэг үг дайж байгаад Магсар жаахан шүүмжлэлтэй хандаж байна лээ. Сүүлийн үед Ubuntu хэрэглэсээр байгаад өөр юм мэдэхээ байсан гэвэл хэтрүүлэг болчих байх, гэхдээ л Ubuntu ашиглаж байвал тусламж өгөхөд хялбар байдаг юм. За тэр ч яахав хувь хүний сонголтын асуудал. Холбооны сургуулийн оюутнууд Debian хичээл дээрээ үздэг, сонирходог болохоор http://www.debian.mn гээд шинэхэн вэб сайт нээжээ. Залуусдаа амжилт хүсмээр байна, бас хичээгээрэй.

Ингээд болчиж байгаам байхдаа? Нэг л юм бичих гэж байгаад мартчихсан юм шиг санагдаад байх юм. Ядаж байхад тархи хөдлөөд, энэ толгой сайн ажиллаж өгөхгүй хэцүү байнаа. За ямар ч байсан их амжилттай болж өнгөрсөн гэж хувьдаа дүгнэж байна.

2007-04-23

Debian 4.0 туршиж үзлээ

Хэд хоногийн өмнө сервер суулгах хэрэг гартал Debian 4.0 файлаар байсан тул шараад суулгаж үзлээ. Гэлээ ч маш олон зүйл сайжирсан, нэмэгдсэн гэж байсан тул туршиж үзэх сонирхол төрсөн гэж. Уг нь ч би өөрөө Ubuntu-д дуртай л даа, гэвч тухайн үед байгаагүй бас ижил төстэй болохоор зүгээр л Debian 4.0 суулгаж орхилоо. Суулгах явц өмнөх хувилбараа бодвол арай л сайжирсан боловч хуучны танил Debian хэвээр байна. Хялбархан гүйгээд л дууслаа. Харин сууж дуусаад ачааллахдаа дэлгэц рүү хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цацаж, бас бус дэмий зүйлс суусан байхыг олж харав. Хм, уг нь би цэв цэвэрхэн, хов хоосон систем суулгачихаад сүүлд нь хэрэгтэй зүйлсээ нэмж суулгах дуртай, энэ ч олон давуу талтай. Гэтэл Debian 4.0 тэгсэнгүй.

Зарим нэг зүйлсийг туршиж үзсэний дараагаар эргээд Ubuntu руугаа шилжихээр шийдлээ. Ubuntu сервер суулгаад дуусахад ямар ч илүү дутуу зүйлгүй суудаг, тэгээд ч сүүлийн үед Debian-г бодвол илүү цөөхөн цох илэрсэнг санаж байна. Гайгүй сулгаж чадвал ямар систем найдвартай ажилладаг, гэхдээ Windows-г бодвол линукс нь найдвартай болгоход хялбар гэдэг юм билээ.

shutdown -i6 vs. reboot

Бүх юникс төст системүүд ажиллагааны хувьд 7 горим байдаг. Жишээ нь, 0 буюу унтраах, 1 буюу ганц хэрэглэгчийн, 2 буюу олон хэрэглэгч сүлжээгүй, 3 буюу олон хэрэглэгч сүлжээтэй, 4 тодорхой бус, 5 нь график интерфэйс, 6 нь шинээр эхлүүлэх. Үүнээс үзвэл shutdown -i6 болон reboot тушаалууд нь яг адилхан ажиллах ёстой ч юм шиг. Миний мэдэхийн линукс дээр ингэж ажилладаг, тийм болоод ч тэр үү Solaris дээр ижилхэн ажиллах ёстой гэж бодсон байх. Нэлээн хэд хоног махаа идэж байж овоо ажилд оруулсан систем маань бүрэн ажиллагаагүй болж бүр шинээр эхлэх шаардлагатай болов, хөөрхий. Бодож байна, юунаас болсон байж болох уу?

Суулгах явцад номон дээр shutdown -i6 гээд өгсөн байхад би ихэд гайхаж байлаа. Яагаад reboot биш гэж? Гэтэл Solaris дээр shutdown -i6 болон reboot нь хоорондоо ялгаатай болохыг сүүлд нь олж мэдлээ. shutdown -i6 тушаал бүх үйлчилгээ гээд систем дээр ажиллаж байгаа бүх зүйлсийг ном журмынх нь дагуу зогсоогоод, дараа нь шинээр ачаалдаг байх юм. Харин reboot нь шууд л унтраад асна. Би хуучнаараа сэтгэж reboot хийсээр байгаад системээ гэмтээсэн юм болов уу? Эндээс сурсан зүйл бол альваа тушаалыг харанхуй ашиглахгүй, заавал man уншиж байх хэрэгтэй юм байна.

2007-04-21

InfoSec2007 - get commercial

InfoSec гэх арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж, өнгөрөгч 19, 20-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийнх дажгүй болсон гэж сонссон гэхдээ орж чадаагүй, мөнгө байгаагүй. Харин энэ удаад илтгэгчээр оролцох боломж олдож хоёр хоногийн зарим хэсгийг Чингис зочид буудлын хурлын танхимд өнгөрөөвөө хөөрхий. Ядаж байхад нөгөө Sun-тай зууралдсан ажил маань дуусаагүй болохоор таталдаад тайван ч сууж чадсангүй.

Их унтсанг хэлэх үү явж явж нэлээн хоцорч очлоо, тэнд л очоод миний илтгэл маргааш нь болохыг олж мэдлээ. Өнөөдөр байвал эсвэл хоцорчихсон байвал яана гэсэн айдас хормын дотор алга болов. Ороод харвал баахан таньдаг хүмүүс, зэрэгцэж суугаад ивээн тэтгэгчид болон тэдгээрийн бүтээгдэхүүний талаар танилцуулгыг сонирхож сонсов. За түрүүлж ирсэн хүмүүсийн ярьж буйгаар бол бас л бүлт бүлт үсэрсэн юм байх. Жишээ нь, өмнө сонч ч байгаагүй компани ирээд сүлжээний хэвлэгчээрээ тэргүүлдэг гэсэн юм байх, нөгөө Xerox, HP, Canon маань хаагуур нь орчихдог юм бол? Монголчуудыг морио унаад явж байдаг, мэдээлэлгүй гэж боддог юм байх гэсэн шивнээ яриа энд тэндгүй. Хэсэг сурталчилгаа сонирхож байгаад буцаад Цахилаан Холбоо руугаа ирэв.

Хоёрдахь өдөр нь бас л санд мэнд цагтаа гүйгээд очтол бас л сурталцилгаа явж байна бас их шингэрчээ. Хүмүүс их бухимдангүй байна. Яав гэтэл ивээн тэтгэгч нь цаг гаран ярьж үзэгчдийг залхаасан юм байх, бас өмнөх өдөр ярьсан зүйлээ давтаж ярьсан гэв үү яав. За тэгээд цаг маань бас хэт хойшлочихсон, бас хоёр цагийн дараа товчхон болоод өнгөрөв. Дараа нь бас л сурталчилгаа.

Надад лав таалагдсангүй. Зарлал мэдээллээс үзвэл мэдээлэл харилцаа холбооны технологи, аюулгүй байдлын талаар ярих байтал компани бүтээгдэхүүн сурталчлаад л өнгөрлөө өөрөөр хэлбэл хэт арилжааны буюу commercial болсон. Хувьдаа нэлээн техникийн шинжтэй, асуудал дэвшүүлсэн, түүнийгээ шийдсэн тийм л хурал болох болов уу гэж горьдож байлаа. Хамгийн тэнэг нь тэр ивээн тэтгэгчид бөгөөд цаг цагаар цаг хялгааргүй чалчиж үзэгч, сонсогчдыг үнэхээр залхааж байсан юм. Уг нь ивээн тэтгэгч чухал л даа гэвч нөгөө хурлын үнэ цэнэ, үзэгчдээс илүү дээгүүр тавигддаг ивээн тэтгэгч байх хэрэгтэй юм болов уу? Энэ янзаараа дараа дараагаас ирж сонирхох хүнгүй л болох байх даа. Миний л бодол шүү дээ.

Харин хүмүүстэй ярьж байхад SysAdmin Summit-н тухай дурсах, ярих хүмүүс цөөнгүй тааралдсан. Санаа ч нэмэрлэх юм. Хэд хэдэн хүмүүсээс их сонирхолтой сэдвээр илтгэлүүд гарах төлөвтэй. Энэ хуралд суусных олон сургамж авч, хэрэгжүүлчихмээр санаа олдог байна шүү. SysAdmin Summit гэснээс энэ жил Мобиком лав ивээн тэтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн, гэвч цаг нь дөхөхлээр бид хөтөлбөрөө боловсруулж, илтгэгчдээ олчихоод ахиад л ивээн тэтгэгчдийн эрэлд гарах болно. Хэрэв танд час хийсэн сэдэв байгаа бол базаад бэлдэж л байгаарай, хэрэв танай компани ивээн тэтгэх сонирхолтой байгаа бол түрийвчээ зузаатгаж л байгаарай. Мөн хэрэв та зүгээр л оролцох гэж байгаа бол чих тавин сонсож л байгаарай. Ирэх 9, 10 сар хавицаа зохиогдоно байх, нэг л өдөр бид ажилдаа ханцуй шамлан ороод, нэг л мэдэхэд бүх зүйлд тодорхой болчихсон байх вий.

2007-04-17

Legacy systems

Би өөрөө дандаа шинэ юманд дуртай болохоор хуучин юм хэн хэрэглэдэг байнаа, шинэчлэчихэж болдоггүй юм байх даа гээд их л боддог байж билээ. Гэтэл сарын өмнө бараг л тэрийгээ үзээд лай ланчгийг нь үүрчихлээ гэж бодсон бас тийм биш байж. Уг нь нэр серверийн програм суулгаж өгөх хэрэгтэй байдаг тэр нь хуучин линукс дээр сайн ажилладаг, харин төхөөрөмж маань сүүлийн үеийнх гээд ирэхээр асуудал үүснэ. Хамгийн наад зах нь суулгах гэтэл дискээ олохгүй байгаам, арай гэж суулгасан чинь сүлжээ гээд бараг бүх юм нь ажиллахгүй байсныг эрийн сайндаа нэг ажилд оруулж байж билээ. Энэ маань юу ч биш байж.

Сүүлийн нэлээд хэд хоног Тахилгаан Холбоо гэдэг нүсэр байгууллага дээр өдрийг өнгөрөөж байна, миний хийх ёстой ажил бол нэг том систем ажилд оруулах. Харин энд ажиллах ёстой систем нь UltraSparc II 248Mhz-н хурдтай Sun Ultra 300 дээр Solaris 2.5 болоод бусад бүх хэрэгтэй системүүдийг суулгах. Анх удаа Sun, Solaris гэдэг юмтай ноцолдож байгаа болохоор бас л чанга байна, гэхдээ юникс бол юникс л юм даа. Хамгийн тэнэг нь техник нь ч үйлдлийн систем бас бусад системүүд нь цаанаасаа зогсоочихсон, ямар ч дэмжлэг байхгүй гэвч тэр системийг ашиглахаас өөр арга байхгүй. Ийм л системийг legacy system гэдэг ба давахгүй гэсэн даваагаараа долоо давах гээд явж байна даа. Одоогоор ямар ч үр дүн гараагүй л байна.

Юуны чинь сайхан унтах

Өчигдөр өглөө эртлэн босоо жаал ажил амжуулах санаатай сууж байтал аав босчихсон явж байна. Манай гэрийн хажууханд их барилгын ажил эхлээд шөнө ч сайхан унтаж чадахгүй, өдөр ч тухтай суух нөхцөлгүй болоод байгаа билээ. Аавтай энэ талаар ярих санаатай "Гадаа их дуу чимээтэй, сайхн ч унтаж чадахгүй юм" гэсэнд аав "Юуны чинь сайхан унтах, их бүтээн байгуулалтыг ажил явагдаж байхад чиний унтах ч яамай" гэдэг юм байна. Тэгснээ "Одоо ажлыг ч ингэж өдөр шөнөгүй нухаж байж л дуусгахгүй бол болохгүй болсон цаг юм байх даа" гэж өгүүлрүүн. Би ихэд гайхав. Сүүлийн хэд хонон том машины чимээ, элдэв техникийн түчигнээнд тухтай ч амарч чадахгүй болсон байсныг аавтай ярих гэтэл аав харин тэс хөндлөн юм ярих гэж.

Гүй нээрээ хүн бид чинь яасан аймар амиа бодсон хүмүүс вэ. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдвөл хэдэн ч хүний эрх ашгийг золиослон байж түүнийгээ олж авахаар чармайна. Хүн гэдэг нээрээ муухай амьтан шүү.

2007-04-13

Ард түмэн - өвчин

Анх л жагсаал цуглаан өргөн дэлгэр зохиогчож эхэлсэн цаг юм гэнэ, хүн бүр л ард түмэн гэдэг үгийг хашгирцгаац, бүгд л түүний төлөөлөгч, элч болохыг хүснэ. Гарч ирээд л тод сайхан дуугаар "Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмэн ... хүсч байна" гээд дуу дуугаа авалцан орилж эхэлснээс хойш овоо хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ үед нь үргэлж "би чинь ард түмэн нь биш билүү? гэтэл би эсрэг байр суурьтай байдаг. ер нь ард түмэн гэж хэн бэ?" гэсэн зүйлс толгойд эргэлдэнэ.

Өнөөдөр автобусанд явж байтал нэг халамцуу нөхөр "ард түмэн үйлчилж чадахгүй бол боль, яах гэж автобус юм бэ" гэх мэтээр орилж миний ч, бусад хүмүүсийн ч амгалан тайван байдлыг алдагдуулж эхлэв. Мань эр замын бөглөөг үл хайхран хурдан явуулахыг хүссэн бололтой. Ер нь иймэрхүү гарууд зөндөө тааралдана, автобусанд суучаад удаан явлаа, буудал дээр удаан зогслоо гээд уурлаад орилж өгнө. Уг нь өөрсдөө юунд яагаад суучихав гэдгээ бодвол ... За тэр ч яахав. Бусад бүх зорчигчид мөнгөө төлөөд зүв зүгээр суугаад яваад болоод байхад мань хүнд болохгүй байж, харин яагаад би биш "ард түмэн" гэж хашгичаад байна вэ?

Тэр хөдөлгөөнүүд гарч ирж байхад нь зарим нэг шийдэл нь буруу ч гэсэн нийгмийг арай эерэг тал рүү хөтлөж байна уу даа гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр бас нэг сөрөг талыг нээж оллоо. Энэ нь хүний хувийн эрх ашиг хөндөгдөхөд "ард түмэн"-д түүнийгээ тохож, тэдний өмнөөс ярьж буй мэтээр авирлах. Хөндлөнгийн хүн эсвэл гадаадад байгаа хүмүүс харвал, сонсвол монголд үнэхээр л "ард түмний" амьдрал хэцүү байна гэж бодох болж, гэтэл ганц эсвэл хэдхэн хүний л эрх ашиг хөндөгдсөн байх вий. Ингэхэд ард түмэн гэж хэн бэ?

Open Beer Party 2007.4

Сүүлийн үед үнэн худлаа нь мэдэгдэхгүй завгүй гүйгээд олигтой ч блог бичсэнгүй, бичлээ ч гудамжинд явж байхдаа төрсөн сэтгэгдлээсээ бичих юм. Бас л ижил юм бичих гэж байснаа ойрд Planet liMNux-д ороогүйгээ санаад ортол бидний анд Баянаа маань Beer Party-аа санагалзжээ. Андынхаа хорхойг улам хүргэхээр ч юм уу сэтгэлийг нь дэвтээхээр ч юм уу эсвэл зүгээр л сүүлийн үед юу болоод байгаа сониноос хуваалцахаар шийдлээ.

Unix Beer Party маань Open Beer Party болж нэрээ солилоо. Бид бүхэн цуглаад чөлөөтэй сайхан ярилцаж, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг байхад хүмүүс юникс гэдэг сүржин бөгөөд даржин нэрнээс айдаг юм уу сонирхосон ч ирж чадахгүй байсан болохоор нэрээ солихоор шийдэв. Анхнаасаа барьж ирсэн юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгч, сонирхогчдын уулзуулах зорилгоосоо нэр маань хазайгаагүй гэдэгт итгэлтэй байна. Бас сая харж байхад хүмүүст ч таалагдаж байх шиг.

Бид улам бүр олон болсоор л байна. Эхэлж байхад бараг бид хэдүүлэхнээ суугаад л элдвийг ярьдаг байсан бол сүүлийн үед доод тал нь 10 хүн цугладаг болжээ, бас хэзээ болох билээ гэж их асууж, их л хүлээдэг бололтой. Бидний хэдэн нөхдийн хувьд тэсэн ядан хүлээдэг өдөр хэвээр л байгаа. Сүүлийн үед оютнууд овоо ихээр ирдэг болж, энэ бол сайн хэрэг, бас их идэвхитэй оролцохыг нь яана. 3-р сард 20 гаран хүн ирээд багтаж шингэх газар олдохгүй, басгүй сандаргаад авсан гээч.

InstallFest 2007. Өнгөрсөн оны 4-р сарын 7-нд болж байсан Linux InstallFest-г энэ жил дахин зохион байгуулах нь тодорхой боллоо. Урьдынхтай харьцуулбал нэлээн өргөн фронтоор давших шинжтэй болоод явчихлаа. Одоо миний бие төлөвлөгөө бичээд, нийтээрээ хэлэлцэж ажлаа төлөвлөх л үлдэж байна. Хүн бүрийг идэвхитэй оролцохыг хүсчийнээ.

Гэвч бидний тоо нэмэгдэх тусам бүр нарийн шийрийн зүйлс ярилцах нь багасч, тэр бүр хүн бүрт хүрч чадахгүй байна. Нэг булангаас нөгөө буланд яриа хүрэхгүй тул хэсэг хэсэг болон өөр өөр сэдвээр хэлэлцэнэ. Дээрээс нь хүн бүрт хүрсэн, илүү бүтээлч, илүү үр дүнтэй уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар бүгд л толгой гашилгаж, санал бодлоо солилцож байна.

2007-04-05

Эрлэгийн элч цагдаа

Саяхны нэг өдөр нэг ах хүнтэй муудалдах хэрэг гарлаа. Тэгээд хэсэг нэг нэг рүүгээ агсарсны дараа өнөөх маань "Би ... цагдаа хүн, одоогоор амралтаа авсан байна" гэж хэлээд ихээхэн гэдийж, томорч эхлэв. Уг нь энэ маргаанд маань хэн нь хэн байх нь хамаагүй л баймаар гэтэл юунд ингэж "цагдаа" гэдгээ дурдав? Цагдаа чинь төрийн үйлчилгээний ажилтан билүү биш илүү? Ер нь ингэхэд цагдаа гэдэг чинь хэн билээ?

Өглөө эртлэн босоод, цай ундаа уучаад ажилдаа гарч, буудлаас "микро" хөлөглөн явж байх юм. Харин жолооч цагдаа харагдмагцаа л түүнээс бултах гэж аль байдаг далд жалга гуу, нүх сүв хайн давхина. Ядаж байхад өнөөдөр яасан их цагдаа харагдана вэ. Харин жолооч маань тэр бүгдээс айн мэгдэж, хаагуур л зугтаах боломж байна түүнийг хайна. Барсын хажууд зогсож байсан цагдаа хажуугаар өнгөрсөн бүх микрог дохин зогсоон шалгаж, шантажлах зүйл олж ядан зогсоно. Манай жолооч харим сиймхийгээр нь мултравч хэдхэн алхамын цаана зогсох өөр нэг цагдаа түүний яалт ч гүй зогсоолоо. Ингэж тэгж аргалж байгаад торгуулийн доод хэмжээ 2000-р торгуулсан бололтой. Цааш явна, ахиад л цагдаа. Харин энэ бүрд тэрхүү микроны жолооч яах бол, ахиад зогсоож торгохгүй байгаа хэмээн айн мэгдэнэ. Жолооч амьдралаа залгуулах мөнгөний төлөө тэмцэнэ, төгрөг бүрийг алдалгүй хураахыг хүснэ. Цагдаа ч мөн адил. Гэвч бүх цагдаа, төрийн албан хаагчид тийм биш ...

Энэ жижигхэн хэсгээс монголчууд бидний амьдрал тодхон харагдана. Төр нь "та бүхний амьдралыг тэтгэхийн тулд ийм дутуу дулимаг зүйл хийлээ, ашигла, баригдвал хохь чинь" гэсэн дүрмийг тогтоон өгч бүгд л энэ ганц гол дүрмээ алдалгүй мөрдөхөөр хичээцгээнэ. Хууль бусаар, хулгайгаар үйл ажиллагаа явуул, баригдвал тухайн төрийн ажилтан нь хууль бусаар, өөрийн дураар арга хэмжээ аваг гэсэн дүрэм маань л үйлчилнэ. Хууль зөрчихгүй бол иргэн амьдралгүй, иргэн амьдралгүй бол төрийн ажилтан амьдралгүй. Өнөөдөр бидний амьдрал хэн гэдэг том даргад хэдэн мерт ойр байх, хэн гэдэг том хүнд өөрийн амьдралаа даатгаж, дагалдан гүйхээс хамаарахаас биш бидний хэн болох, юу мэддэг, юу чаддагаас огтхон ч хамаарахаа байсан бололтой. Би бодох юм, хэзээ бид нэг хуулийн дагуу хөдөлмөрлөж, өрсөлдөж, өөрийн чадлаар өөрийн амьдралаар айх айдасгүй амьдрах юм болоо.

2007-04-01

Төрийн ордны бүтээгдэхүүн ...?

Өнөөдөр өдөр автобусанд суугаад харих гээд явж байгаад нөгөө мандарин гэдэг жимс үнэртэж хорхой хөдөлгөсөн тул 10-р хорооллын "Номин супермаркет" оров. Шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаа бололтой, очоод үзвэл нарийн боов байна. Амталж үзээд ихэд таалагдсан тул зарим нэг мэдээллийг лавлан асуувал "Хаан..." гэдэг компаний бүтээгдэхүүн тэгээд энэ компани нь "төрийн ордон" дотор байрлаж, үйлдвэрлэл явуулдаг болж таарлаа шүү. Тэгээд цааш сонжвол бүтээгдэхүүний савлалгаан дээр бас л "төрийн ордон сонгосон" гэдэг утгатай өгүүлбэр байна.

Сонин юм даа, төрийн ордон дотор бүхэл бүтэн нарийн боовны цех ажилладаг. Уг нь нөгөө гишүүд нь багтаж шингэхээ байгаад шинийг барьж, нүүх гээд байна гэж бодсон чинь харин хэхэ. Овоо том мотор доо ...

2007-03-01

Тагтааг алсаас удирдана гэнэ

Сонин юм шүү. Хятадын эрдэмтэд тагтааны тархинд нь цахим суулгац суулгаснаар тагтааг дээшээ доошоо гэх мэт хаашаа нисэхийг нь алсаас удирдах боломжтой болж гэнэ. Энэ талаар урд хөршийн маань мэдээллийн агентлагууд мэдээлснийг Reuters гэх мэт дэлхийн агентлагууд дамжуулжээ. Хятадууд уг судалгаагаа юунд ашиглах гэж байгаа бол?

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд тархи болоод түүний бүтэц зохион байгуулалтыг ихээр судлаж, багагүй амжилт олж байгаа. Үүний нэг илрэл нь тархинаас тухайн хүний юу хийх гэж байгааг мэдэх боломжтой болж, бас сонссон, үзсэн болоод мэдэрсэн бүхнийг тоон хэлбэрт оруулаад амьдралын бүрэн түүх болгон хадгалах боломжийг бас нээсэн бололтой. Өөрөөр хэлбэл хийхээр зэхвэл л мэдчихнэ, бас юу ч санах, цээжлэх хэрэггүй болох гээд байна.

Эцэст нь энэ хүн төрөлхтөн, хөгжил гэдэг юм чинь хаашаа яваад байна?

2007-02-23

YouTube-с видео буулгаж авах боломж

Вэб 2.0 гэдэг зүйл бидэнд бичгээр өөрийгөө илэрхийлэх, өөрийн орон зайг үүсгэх боломж олгоод зогсолгүй өөрсдөө кино хийгээд өөрийн интернэт сувгаар цацах боломж олгосны нэгээхэн хэсэг нь YouTube гэдэгтэй хэн ч маргахгүй. YouTube дээр хүссэн хүн бүхэн өөрийн видео бичлэгийг байрлуулж хэний ч хүртээл болгох боломжийг олгосноор олон ч уран бүтээлчдийг төрүүлж, видео мэдээлэл, мэдлэгийг түгэн дэлгэрэхэд маш хүчтэй хөшүүрэг болж өгсөн. Миний бие зөвхөн видео бичлэг үздэг байсан бол өөрийн уран бүтээлийг байрлуулж үзсэн сэтгэгдлээсээ "YouTube ашиглаж үзвээ би гэж" блогтоо хуваалцаж байсан.

Дээхнэ үед YouTube дээрээс видеог буулган авч өөрийн тооцоолуур дээр хадгалах боломж бий, тийм зориулалттай програм хангамж байдаг талаар өмнө нь уншиж байснаас зүгээр л үзэх сонирхол учир туршиж үзэж байсангүй. Харин өнөөдөр нэг видео буулгаж авч хадгалах хэрэг гарсан тул "youtube download" бас "youtube download python" гэж багахан Google хайлт хийсний эцэст хэдэн багаж олоод туршиж үзлээ, буулгаж аваад хадгалчихлаа.

http://www.techcrunch.com/get-youtube-movie/ хаягаар орж үзвэл хальт туршиж үзчээд нээх ойшоосонгүй орхилоо. Харин сүүлд үзвэл өөрийн тооцоолуур дээр ямар нэг програм суулгалгүй видео буулгаж авах боломжтой, амар. Зүгээр л файл буулгаж авах уу гэсэн цонх гарч ирнэ, хадгалаад авбал буулгаад авчихсан байна. Бусад багажуудаас ялгаагүй бололтой.

Бүр анх дээрх боломжтой python хэл дээр бичигдсэн програм байна гэж анх уншиж байсан тул python гэж оруулж хайсан хэрэг. Тэгээд ч линукс ашигладаг болохоор python програм нь ашиглахад дөхөм байх нь ойлгомжтой. http://www.arrakis.es/~rggi3/youtube-dl/ хаягаас өнөөх програмыг татаж аваад байнга ашиглах боломжтой. Бас сүртэй ялгаа байхгүй.

Өмнө нь зүгээр л үздэг байсан бол одооноос буулгаж аваад, тооцоолууртаа хадгалаад хамгийн гол нь дуртай үедээ хэдэн ч удаа үзэх боломжтой боллоо. Надад таалагдаж байна шүү.

2007-02-22

Шинэ жилийн шинэ өглөө

Сүүлийн үед блог бичсэнгүй, бараг блоггер руугаа хэрхэн орж бичлэг бичихээ мартахаа шахаж. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү? Шинэ жилийн шинэ өглөөг үзэж хийморио сэргээхээр аав, дүүгийн хамт хийморийн овоо руу гарлаа. Их суудаг, хөдөлгөөн бараг хийдэггүй болохоор дээш гарах гэж айхлахаа шахав. Ингээд та бүхэнтэй шинэ жилийн шинэ өглөөний нарыг хуваалцаж байна.



Эцэст нь гарч буй шинэ жилдээ хийморьтой, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье.

2007-02-09

Миний дуртай дуу

Хүн бүрт уйтгар гунигтай үед сонсдог, сэтгэл өөдрөг үед сонсдог эсвэл ямар ч үед сонсдог гээд нэг эсвэл хэд хэдэн сонсох дуртай дуу гэж байдаг. Филипинд байхдаа Жанцанноров гуайн "Цагаан суваргыг" сонсдог байсан. Харин өнөөдөр миний хувьд Жавхлангийн дуулсан "Шөнө амталсан нулимс" жүжгийн дуу надад илүү их тайтгарал, ухаарал, эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэл өгч байх шиг. Хэрэв та сонсохыг хүсвэл http://www.dulmandakh.com/javkhlan.mp3 хаягаас буулгах аваарай.

2007-01-30

C1 дээр ярих гэсэн, ярьсан зүйлс

Ярилцлагад орохын урд шөнө таамаглаж байсанчлан төдийлөн нойр хүрсэнгүй, өглөө 8 гэж унтаад 11 гэж бослоо. Нойр хүрэхгүй байсан завшаанаар ярих зүйлсээ тэмдэглэн цэгцэлж авсан боловч ярилцлагын явцад төлөвлөж байснаар явсангүй. Босоод урьдын адил тайвнаар цайгаа уугаад яаравчлан хүрч очвол нэвтрүүлэг цагийн хувьд жаахан хойшлосон тул авч явсан номоо уншиж, зарим нэг хүний ярилцлагыг үзэж сууж байтал нэг л мэдэхэд миний ээлж болж. Энэ удаад миний зорилго интернэт гээч зүйлийн юу болохыг техникийн талаас нь ярих биш харин интернэт бидэнд ямар шинэ боломжуудыг олгож байгаа талаар хүмүүст ойлгуулах байв. Техник болоод зохион байгуулалтын хувьд хүн бүр л ярьдаг, ихэнх хүмүүс мэддэг, мэдэхгүй байсан ч болох харин түүнийг ашиглан хэрхэн ашигт үйл бүтээх талаар ярих нь чухал гэж үзсэн хэрэг.

Интернэтийн хувьд дэлхийг тэр чигээр нь хирсэн асар том сүлжээ болон өргөжиж хэн ч хэзээ ч хэнтэй ч холбогдох, хамтран ажиллах боломжийг олгоод байгаа. Үүнийг "дэлхий тэгширсэн" гэж нэрлээд ч байгаа, харин энэхүү тэгширсэн дэлхий дээр альваа улс үндэстэн болоод соёлын ялгаа байхгүй, бүх хүн ижил эрхтэй. Хэн илүү хөдөлмөрлөж, илүү ихийг мэдэж авсан нь хожино гэсэн ганц л дүрэмтэй. Иймийн учир монголчууд бид залхууралгүй хөдөлмөрлөж энэ их далайгаас чадах хэмжээгээрээ мэдээлэл хутган авч, өөрсдийн амьдралыг өөд татах хэрэгтэй. Жишээ нь аутсорсинг хийх том боломж гарч байна, Энэтхэгийн жишээг татаж болно. Үүнээс гадна вэб 2.0 гэдэг концепц гарч ирснээр өмнө бидэнд байдаг байсан "хамтдаа хөгжих" боломжуудыг илүү тодруулан гаргаж ирсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс та зөвхөн интернэт хэрэглэгч биш бүтээгч болох боломжтой болсон. Блогоо хөтөл мэдлэгээ хуваалц, вики ашигла. Энэ бол бидэнд олгосон хамгийн том боломж. Өнөөдөр л бид энэ бүхнийг ойлгож дорвитой хөдлөхгүй бол бид хоцорч мэдэх нь байна.

Вирус гээч зүйл сүүлийн үед өмнө байсан шигээ өргөн хэмжээний хор хүргэх нь багассан бас түүний эсрэг тэмцэх багажын нэр төрөл ч нэмэгдсэн. Ихэвчлэн мэдээлэл хулгайлах, тооцоолуурыг тань буруу үйлд ашиглах нь маш ихэссэн. Хамгийн гол нь интернэт гээч зүйлийг дагаж ирж буй аюулуудаас хэрхэн энгийн байдлаар зайлсхийх вэ. Та зүв зүгээр сууж байхад тань таныг шалгаруулж шагнал өгөхгүй, мөнгөнөөсөө хуваалцахгүй бас гадаадын банк болоод бусад санхүүгийн байгууллагуудад данс тань байхгүй болохоор тэдгээр нууцлал алдагдсан талаар мэдээлэл танд огт хамаагүй болохоор зүгээр л уншилгүй устгах хэрэгтэй. Firefox-г хэрэглэж заншвал илүү дээр гэх мэт.

Уг нь бас бус зүйлс ярихаар бэлдсэн байсан боловч өөрөө сандарсан бас хөтлөгчид дэмий шахуу зүйлс асуусаар цагаас минь хумсалсан. Бас зарим нэг зүйлийг буруу зөрүү ярьсан зүйл байна лээ. Интернэтийг ашиглаж чадвал маш өргөн боломж байгаа гэдгийг л хэлэх гэж оролдох шив. Өнөөдөр энгийн хүмүүс интернэтийн хэргийг гаргаж чадахгүй байгаа эсвэл мэдэхгүй байгаа болоод ч тэр үү интернэтийг төдийлөн сонирхохгүй байгаа, үүнийгээ дагаад хэрэглээ үгүй болохоор төдийлөн үнэ ч буурахгүй, шинэ үйлчилгээнүүд ч нээгдэхгүй байгааг хэн ч мэдэж байгаа. Энэ асуудал яг нөгөө "өндөг тахианы үлгэр" болоод байгаа ба Датакомын Энхбат гуай ч энэ талаар өгүүлсэн байсан. Зурагтаар гардаг л сонинд хэвлэгддэг л мэдээг интернэтээс үзэж байна, бидэнд арай өөр бидний амьдралд дэвшилт авчрах мэдээллүүд хэрэгтэй байна. Мэдээж үгээр бүх зүйл дуусч байгаа биш бид бүгдээрээ цаашид илүү ихийг бүтээх чадна.

BBC ҮС-үүдийн талаар

Өмнө өгүүлж байсанчлан Vista, Линукс болон MacOS X-н хэрэглэгчид өөрсдийн ашигладаг үйлдлийн системийн талаар BBC-д тайлбарлаж өгсөн байна. Windows Vista-н хэрэглэгчид өнгө дүрс хийгээд гадна төрхөнд илүү анхаарсан бол линукс хэрэглэгч уян хатан байдлыг илүү онцлосон байх юм, харин MacOS-н хэрэглэгч түүний цэгцтэй, Unix дээр суурилснаар илүү тогтвортой, найдвартай болохоос гадна Windows-н адил бүхий л програм ашиглах боломжтойг онцлосон байх юм. Линукс нь хэрэглэгчид Windows-с илүү уян хатан байдал олгодгийг линукс гайгүй сайн ашигладаг хүн бүр л хэлнэ. Миний хувьд Mac ашиглаж үзээгүй болохоор хэлэх юм алга. Ер нь тэгээд Юникс загвар маань цаг хугацааны туршид өөрийн цэгцтэй, тогтвортой, найдвартай гэдгээ баталсаар байгаа.

Нээлттэй стандартууд ар араасаа ...

Энэ сарын 29-нд Adobe Systems өөрийн бичиг баримт хадгалах PDF форматыг олон нийтэд нээж нээлттэй стандарт болгох алхам эхэлж байгаагаа зарлалаа. Дээрх алхамын хүрээнд PDF 1.7-н тодорхойлолт бичгийг AIIM-д нээж байгаа бөгөөд энэ нь ISO стандарт болох эхний алхам юм. Олон жилийн турш хав дарж байсан тэднийг ийм алхам хийхэд түргэсэн хамгийн том хүчин зүйл нь OpenDocument-н сэргэн мандал болоод нээлттэй стандартаар дамжуулан зах зээлд өөрийн байр суурийг бататгах гэсэн тэмцэл гэж Adobe-н төлөөлөгч хэлжээ. Ийнхүү нээлттэй стандартууд бүл нэмж байгаа боловч энэ нь сүүлийн гишүүн биш гэдэг нь тодорхой. Эцсийн эцэст хэрэглэгч, хөгжүүлэгчид бид л хожиж байгаа юм.

2007-01-29

Хятадууд нээрээ лут юмаа, гэхдээ ...

Хэдхэн хоногийн өмнө SHA-1 алгоримт эвдэгдсэн талаар мэдээ цацагдаж, мөн түүнийг орлох алгоритмийн эрэлд гаржээ. Өнгөрсөн онд мөн адил зориулалттай MD5 алгоримтийг эвдэж байсан хятадын эрдэмтэн Wang Xiaoyun энэ удаад амжилтаа ахиуллаа. Хэдийгээр дээрх алгоритмийг эвдсэн мэдээ нь өнөөдрийн байдлаар бодит аюул учруулахгүй ч нэгэнт эвдэж болох нь нотлогдож, зарим тохиолдолд эвдэж болох алгоритмийг ашиглах нь мэдээллийг хийгээд улс үндэсний аюулгүй байдалд халтай нь ойлгомжтой. Үүний улмаас АНУ-ын засгийн газар SHA-1-г дөрвөн жилийн дотор хэрэглэхээс татгалзах зорилт тавьсан байна.

Сүүлийн жилүүдэд маш өргөн ашиглагддаж байсан дээрх хоёр алгоритмийг цааш нь харуулах үүдийг нээдэг энэ хятад "эмэгтэй" эрдэмтэн үнэхээр лут юмаа. Одоо бүр гаршиж байх шиг байна. MD5-н хувьд бараг бодит аюул болоод байгаа гэж хэлэхэд болно. Хамгийн сонин нь нээлтээ хийсэн дороо зарладаг болов уу эсвэл ... гээд хардаж бас болох юм. Харин Монгол Улсын маань хувьд "чухал" гэх мэдээллийн системүүд ямар хамгаалалттай байдаг бол? Хамгийн гол нь улсад байгаа тэр мэдээллийн бүрэн бүтэн, итгэлтэй болон гажилтгүй байх гэсэн үзүүлэлтүүдийг хэн яаж шалгадаг бол? Хэн нэгэн гаднаас нь ороод өөрийгөө нэмэх, хүний мэдээллийг өөрчлөсөн эсхийг хэрхэн мэдэх вэ? Хэрэв таныг иргэний бүртгэлээс хассан эсвэл үхсэн гэж тэмдэглэсэн байдаг бол ямар хэцүү вэ. Миний мэдэхийн иргэний бүртгэлийн болон жолооны бүртгэлийн мэдээллийн сангууд задарчихсан тодорхой хүрээнд чөлөөтэй хэрэглэгдэж байгаа нь нууц биш болсон.

2007-01-26

SPAM-тай тэмцэх аргууд

Системийн найдвартай ажиллагааг хангаж, мэдээллийн системийн зөв алдаагүй байдлыг хянаж байх ёстой системийн администраторуудын шүдний өвчин яах аргагүй "СПАМ" мөн. Хэрэгтэй мэдээллийг хогны дунд танигдахгүй болгохоос эхлээд спамын лай ланчиг дуусахгүй. Миний бие системийн администраторын гэх ажлыг 2 жил хагас хийж байгаа ч томоохон хэмжээний шуудангийн сервер хариуцаж ажиллаж байсангүй тул спамын талаар төдийлөн анхаарал тавьдаггүй байлаа. Сайн болж л SpamAssassin суулгаад орхидог байсан чинь liMNux-г зарим нэг газар зарласантай холбогдоод сүүлийн үед энэ асуудал ихээхэн сонирхол татах болов. Ямар ч байсан нэг биш нижгээд хэдэн юмыг зэрэг ашиглаж байж овоо үр дүнд хүрэх бололтой юм. Тэгээд энэ талаараа хэлэлцүүлэг нээгээд зарим нэг олж мэдсэн зүйлээ бичлээ. Уг нь Баянаа энэ талаар их юм хэлнэ дээ. Та бүхнийг ч гэсэн өөрийн туршлагаасаа хуваалцахыг хүсч байна.

Би C1 телевизээр

Уржигдар ходоодны булан руу юм олж чулуудахаар гарч явтал утас дуугарч байна. Аваад ярьтал нэг эмэгтэй хоолой намайг C1 телевизээр ярилцлага өгөхийг санал болголоо. Яагаад ч юм тулгамдаад ямар нэг тоймтой хариу хэлэлгүй түр бодох цаг авав. Огоотой жаал ярилцаж зөвлөлдсөний эцэст оролцож өөрийн мэддэг зүйлсээс сэдвийн дагуу ярилцахаар боллоо. Миний ярилцах сэдэв "интернэт, интранет болон вирус" бөгөөд бүтэн өдөржин явах тооцоолуур болоод түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар нэвтрүүлгийн нэгэн хэсэг бололтой. Ийм нэвтрүүлэг бэлтгэж бид бүхнийхээ мэдлэгийн нууранд хур буулгах нь зүйн хэрэг, үүнд чадахаараа хувь нэмрээ оруулах ёстой.

Миний ярилцлага 27-ны өдрийн 12 цаг 40 минутаас эхлэх бололтой харин тэрнээс өмнө энэ сэдвээр холбогдсон хэд хэдэн сурвалжлагыг үзүүлж харин би өөрийн бодлыг хэлээд эцэст нь базаж дүгнэх ёстой юм байна. Интернэтийн талаар ярина гэдэг бас их өндөр хариуцлагатай ажил юм болов уу гэж ойлгож байна, хүмүүсийг түлхэж ч болно татаж ч болно. Гэхдээ зөвхөн интернэтийн хэрэглэгч биш харин оролцогч байх, ашиг тус гээд багар вэб 2.0 концепцийн талаар голчлон ярих санаа байна. Интранетийн хувьд яриад байх сүртэй зүйл байхгүй шахуу болоод байна, ярих ч сонирхол бараг алга. Вирус ч одоо өмнөхийн адил сүртэй айлгаад байхаа больсон гэж бодоод байгаа. Андуурч байж ч мэднэ. Харин үүний оронд интернэтийг дагаад ирж байгаа аюул болон тэдгээрээс зайлсхийх хамгийн наад захын мэдлэгийг өгье гэж бодоод байна. Жишээ нь, би хэзээ ч гэнэт их хэмжээний өв залгамжлагч болохгүй, зүв зүгээр сууж байгаад сугалаа хожихгүй болохоор тийм захидал ирвэл нээлгүй устгах хэрэгтэй.

Өмнө хэд хэдэн удаа Ийгл, ТВ9, UBS гээд телевизүүдээр ярилцлага өгч байсан туршлагатай ч сандарч, тэвддэг нь хэвээр бололтой. Эсвэл илүү өндөр хариуцлагатай, сүртэй гэж бодоод байгаа болохоор ч тэр үү. Ямар ч байсан 15 минутын турш дээрх болоод зарим нэг бусад зүйлийн талаар нүдэнд үзэгдтэл ярихыг бодож, хичээж байна. Ингэсгээд харьж яриагаа бэлдэж, зарим нэг цаасны юм бэлье. Бодохлээр л сандраад ч байгаа юм уу сонин болоод байх юм, шөнө бас нойр хүрэхгүй ээ.

ҮС-үүдийн халз мэтгэлзээн

Энэ сарын 30-ны өдөр Microsoft корпораци өөрийн хамгийн шинэлэг гэж цоллоод байгаа Windows Vista үйлдлийн системээ олны хүртээл болгохоор зэхээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд олон асуудлууд гарч байгаа ч BBC-с нэгэн сонирхолтой мэтгэлзээн зохион байгуулахаар санаачлаад оролцогчдоо сонгож байна. Юу вэ гэхээр Windows Vista-г түүхийгээс нь авахуулаад боловсортол нь ашиглаж ирсэн, MacOS болон линуксын гурван хэрэглэгчдийг халз мэтгэлзүүлэх юм. Сонирхолтой эд болж магадгүй санагдаад их хорхой хүрч байна шүү. Хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь сүүлийн үед BBC илүү нээлттэй эхийг дэмжих болоод байгаа бөгөөд Code Breakers гээд баримтат кино хийж, өөрсдийн дотоод архивыг хадгалах форматаа нээлттэй болгоод байгаа билээ.

Солонгосчууд Vista-г түр түтгэлзүүлнэ

Өнгөрөгч мягмар гарагт Солонгосын мэдээлэл, харилцаа холбооны яам, төрийн захиргаа, дотоод хэрийн яам болон санхүүгийн зохицуулах хорооны (Financial Supervisory Service) хамтарсан мэдэгдэл гаржээ. Уг мэдэгдэлдээ нийт интернэт хэрэглэгчиддээ Windows Vista руу шилжихдээ их няхуур хандахыг зөвлөсөн ба ихэнх тохиолдолд онлайн төрийн, банкны, дэлгүүрийн үйлчилгээг авах боломжгүй болох юм. Солонгосын ихэнх вэб сайтууд Microsoft ActiveX технологийг ашиглан бүтээгдсэн байдаг бөгөөд Windows Vista-н шинэ бодлогын үрээр дээрх вэб сайтууд зөв ажиллахгүй байх аюул тулгараад байна. Уг нь хангүг хэл дээрх Windows Vista 1-р сарын 31-нээс эхлэн дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх боловч дээрх асуудлын улмаас ямар нэг зохицуулалт хийх боломжгүй, харин хэрэглэгчдэд няхуур хандахыг анхааруулсан байна. Одоогийн байдлаар дээрх асуудлыг Microsoft компанитай хамтран шийдвэрлэхийг оролдож байгаа, гэхдээ ирэх 3-р сар хүртэл ямар нэг нааштай үр дүн гарахгүй болов уу гэж дүнгэж байгаа юм байна. Мөн дээрх дээрх шалтгааны улмаас нээлттэй эхийн програм хангамж Солонгос улсад төдийлөн хөгжиж чадахгүй байга, өөрөөр хэлбэл Microsoft-н шалаанд орчихоод байгаа юм.

Энд би Microsoft, Oracle ч юм уу аль нэг том компаний үйл ажиллагааг харлуулах гэсэнгүй. Үүний оронд монголчууд бид аль нэг компаний өмчийн технологийг ашиглахгүй, харин нээлттэй, хэнд ч хүртээмжтэй, стандарт болсон технологиудыг ашиглахыг эрмэлзэх нь зүйтэй болов уу. Жишээ нь вэб хийхдээ энгийн XHTML, CSS, JavaScript, програм бичихдээ ANSI C гэх мэт. Эс тэгвээс ийм төрлийн ацан шалаанд орохоос гадна маш их хэмжээний илүү зардал мөнгө зарж байж өөрсдийн хийсэн шийдвэрийн лайг үүрэх цаг ирэх вий гэж ...

2007-01-25

Нээлттэй эхийн шилдэг 3 төсөл

Нэг нөхөр сонин онол боловсруулсан бололтой тэгээд түүнийгээ батлахын тулд та бүхний өөрийн ашигладаг нээлттэй эхийн төслүүдээс хамгийн чухал гурван төслийг санал болгохыг хүсчээ. Та бүхний санал хүсэлтийг долоо хоногийн турш авах бөгөөд эцсийн дүнг ирэх долоо хоногт гаргах юм байна. Одоогийн байдлаар хамгийн чухал төслүүдийн тоонд Linux, Apache, MySQL, Firefox зүй ёсоор багтаж авна. Дараа долоо хоногт эцсийн дүнг статистик мэдээллийн хамт нийтлэнэ гэдэгт найдаад, хүлээх л үлдэж байна. Мөн та ч бас өөрийн сонирходог төслүүдийг санал болгоорой.

2007-01-24

Windows үгүй тооцоолуурын хэрэгцээ

Дэлхий ертөнц дээр ашиглагдаж байгаа нийт Windows үйлдлийн системийн 22% нь жинхэнэ биш хулгайн болох талаар мэдээллийг Microsoft олон нийтэд танилцуулжээ. Энэ мэдээг өнөөгийн монголчууд бидний шүдний өвчин болоод байгаа Windows Genuine Advantage-н статистик мэдээллээс авсан байх юм. Харин Business Software Alliance гэх байгууллагаас гаргасан судалгаагаар нийт програм хангамжийн 35% нь хулгайнх байх бөгөөд зөвхөн хойд америкийн хэмжээнд 22%-тай байна. Монголын хувьд хэдэн хувь байдаг бол? Зарагдаж байгаа тооцоолуур бүр л Windows суулгаастай, бараг бүгд нөгөө "хулгайн". Хамгийн харамсалтай нь "брэнд" гэх тооцоолуурын үнэд дагалдах "жинхэнэ" програм хангамжийн үнэ шингэсэн байдаг боловч ихэвчлэн бид "хуулгайн" эдийг л авч байна. Дагуулж өгсөн нөгөө "жинхэнэ" бүтээгдэхүүнийг авдаг ч "их мэдэгч" нь ирээд өөрийн гэсэн "хулгайн" эдийг суулгах нь яана. Уг нь Windows-г дагуулж авахгүй гэвэл үнэ буурах ёстой байдаг ч монгол энэ "журам" үйлчлэхгүй.

Саяханаас Dell шинэ n бүтээгдэхүүний цуврал гаргасан бөгөөд Windows үгүй харин нээлттэй эхийн үйлдлийн системээр тоноглосон байх юм байна. Энэ нь "брэнд" ашиглах сонирхолтой, өөр төрлийн систем ашигладаг ч тооцоолуур авахдаа Windows-д илүү зардал гаргахыг хүсэхгүй байгаа хүмүүст болон мань мэтийн нээлттэй эхийн дэмжигчдэд том мэдээ болж байгаа нь ойлгомжтой. Маш том алхам. MCS гэх мэт Dell оруулж ирж зардаг газрууд энэ арай "хямд" цувралаас нь ирж зардаг болоосой. Үүнээс гадна өнөөдөр манайд тооцоолуур шинээр авч буй хүмүүсийн нэлээдгүй хувийг тооцоолуур гэж огт сонсоогүй шахуу хүмүүс эзэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Юу ч бай тэд бүхнийг эхнээс нь сурах нь тодорхой бас ялгаагүй. Тооцоолуур зардаг компаниудын ажилчдыг сургаснаар энд тодорхой хэмжээний ахиц гаргаж чадна гэж итгэнэм.

2007-01-23

Microsoft шараа

Microsoft корпораци хамгийн том танин мэдэхүйн нэвтэрхий толь гэгдэх Wikipedia дээрх зарим мэдээллийг өөрт ашигтайгаар засварлуулахын тулд хүн хөлслөхөөр оролдсон талаар Slashdot мэдээллээ. Гол асуудал нь өөрийн батлуулах гэж буй OpenXML форматын тухай бололтой юм. Хамгийн гол энэ маягаар өөрсдийгөө сурталчлах гэсэн боловч амжилт олж чадсангүй. Ер нь тэгээд сүүлийн үед хэрэглэгч, нийгмийн хүч гэдэг зүйлийг илүү ихээр ойлгож мэдрээд байх шиг. Шараа.

Бас нэг зүйл гэвэл Windows Vista-гийн Service Pack 1 гарах гэж буй талаар чимээ чих дэлсэж эхэллээ. Өнгөрөгч оны 11-р сарын 30-ны өдөр сүр дуулиантайхан зарлаж, олны хэрэглээнд оруулж байсан ч ихэнх шинжээчид өмнөх хувилбаруудын адилаар тун удахгүй томоохон хэмжээний засвар гарна хэмээн таамаглаж байсан нь батлагдаж байх шиг байна. Энэ оны хоёрдугаар хагасд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилтад оролцохыг уриалсан захидал шидсэн байх юм. Ажаад байхнээ юмны учир мэдэх хүмүүс "өнгө"-нөөс өөр өөрчлөгдсөн, жинхэн шинэчлэл гэж болох зүйлгүй болохыг хэлэлцэх болж, бас юутай ч эхний засвар гарахыг хүлээхийг зөвлөж байсан ч удаан хүлээж тэвчээр барахгүй нь бололтой. Ингэж их удаж байж гаргачаад өмнөх хувилбаруудаасаа илүү чанартай зүйл хийчихэж болоогүй л юм байх даа. Үнэхээр шараа.

Сүүлийн жилүүдэд "чөлөөт", "нээлттэй" гэсэн тодотголтой програм хангамжууд маш хурдацтай сайжран бойжиж буй болохоор Vista-гаа илүү чанартай хийхээр, илүү шинэчлэлтийг авчрахаар ихээхэн хичээн ажилласан гэж бодоод байгаа юм. Өрсөлдөгч байгаагүй бол бүр аймшигтай юм шахах ч байсан юм билүү, хэн мэдлээ. Одоо бидэнд өрсөлдөгч, орлох бүтээгдэхүүн, сонголтууд бий болсон болохоор бид сонголтоо нямбай хийж чадах аваас ихээхэн амжилтанд хүрэх нягууртай. Өөрөө бүтээж шалиагүй байж баахан хийсэн муулчихлаа гэм.

2007-01-22

Нээлттэй стандартын талаар

Стандарт гэдэг зүйл маань эд юмсад тавигдах хамгийн доод шаардлагыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тэрхүү доод шаардлагыг хангасан л бол бүр илүү сайн байж болно гэсэн үг. Ийм маягаар альваа зүйлийн чанарыг дээшлүүлдэг байх юм. Гэтэл нээлттэй стандарт гэдэг маань юу билээ? Би өөрөө анх ойлгохдоо стандарт гэдэг маань хэнд ч нээлттэй байдаг тийм ч болохоор хэн ч авч ашиглах боломжтой тэгээд нээлттэй гэж тодотгох ямар шаардлага байгааг ойлгохгүй байлаа.

Өмнө хэлж байсанчлан дийлэнх стандартууд нээлттэй байдаг боловч түүнд ашиглагдаж буй зарим санаанууд өмнө нь патентаар хамгаалагдсан байх боломжтой байдаг юм байна. Ийм стандартдууд байдаг юм байна лээ. Харин патент маань зөвхөн шинэ санаанд олгодог тул стандарт гаргасны дараа патентыг хөөн авна гэсэн ойлголт байдаггүй бололтой. Ямар нэг патентлагдсан санааг хэрэгжүүлээгүй стандартыг "нээлттэй" гэж тодорхойлно, өөрөөр хэлбэл хэн ч ямар нэг зүйлээс айх, төлбөр төлөлгүйгээр ашиглаад хэрэгжүүлээд байх боломжтой.

Сүүлийн жилүүдэд улс орнуудад "нээлттэй эх" гэхээсээ илүү "нээлттэй стандарт" гэдэг зүйлийг сонирхох болоод байна. Юуны учир? Өнөөдөр олон газар "хаалттай" өгөгдлийн формат ашигласнаас болж тухайн компаний бүтээгдэхүүнд түгжигдэх, мэдээллийг цаашид ашиглах боломжгүй болгож үхүүлэх гэх мэт маш олон хортой үр дагаварууд гарсаар байна. Үүний томоохон жишээ бол Microsoft Office бөгөөд тухайн форматаар хадгалсан мэдээллийг Microsoft Office-с өөр илүү сайн боловсруулах, ашиглах програм байхгүй болохоор хүмүүс зөвхөн түүнийг л ашиглана. Үүний эсрэгээр мэдээлэл, өгөгдлийг "нээлттэй стандарт"-ын дагуу хадгалснаар хэнээс ч хараат бусаар уг мэдээллийг мэдлэг болгон хувиргах, эсвэл ашиг үйл хийхэд ашиглах боломжтой болж байгаа юм. Жишээ нь OpenDocument байна. OpenDocument-р бичиг баримт хадгалбал түүнийг уншдаг олон програмаас сонголт хийх боломжтой тул зөвхөн нэг програм түгжигдэх аюулаас сэргийлж байна, мөн формат болоод стандарт нь нээлттэй тул бас бусад багажуудыг ч урлах боломжтой. Цаашид төрөөс энэ талаар тодорхой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.

2007-01-16

World domination 201 биелэлээ олох нь ээ

Өнгөрөгч оны сүүлээр нээлттэй эхийн ертөнцийн томоохон төлөөлөгч Эрик Рэймонд 2008 он бол үйлдлийн системийн ахин хуваарилалт хийгдэх мөчлөг болох талаар World domination 201 нийтлэлдээ бичжээ. Шинэ тутамд өсөн нэмэгдэж буй тооцооллын хүчин чадлын хэрэгцээ шаардлага нь 64 битийн тооцоолол руу шилжих зайлшгүй шаардлагыг үүсгэж байна, харин уг шилжилтийн цөм нь 2008 онд болж өнгөрөх юм гэнэ. Учир юу вэ гэвэл 2008 оноос эхлэн 4GB-с дээш санах ойн шаардлага зайлшгүй гарах бөгөөд өнөөдрийн 32 битийн тооцоолол нь энэ их зайг хаяглах боломжгүй тул 64 бит рүү шилжих юм. Түүхээс харахад уг шилжилтийн үе цаашид ямар үйлдлийн систем ноёрхыг шийдсээр ирсэн бөгөөд сонгогдсон нэгийг цэцэглүүлж, нөгөөг нь булшилж байсан байна. Үүний нэг жишээ нь Windows бөгөөд 32 битийн тооцоолол рүү шилжихэд тэрээр ийнхүү цэцэглэн хөгжжээ. Гэвч энэхүү давуу талыг олохын тулд тухайн үйлдлийн системээс маш их зүйлийг шаардах нь тодорхой.

Энэ мөчлөгт нээлттэй эхийн буюу линукс давуу тал олох боломж байгаа боловч өнөөдөр өргөн хэрэглээнд байгаа кодекууд нь патент эсвэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул мултимедиа буюу дуу, дүрс тоглуулах тал дээр ихээхэн хүндрэлтэйд тооцогдож байсан юм. Харин өчигдөр нээлттэй эхийн хөгжүүлэгч Fluendo компани линукс болон бусад нээлттэй үйлдлийн системүүдэд зориулсан Windows media болон MPEG кодекуудыг гаргах болсноо зарлажээ. Хэдийгээр төлбөртэйгээр зарагдаж байгаа боловч хамгийн том асуудал ямар нэг хэмжээгээр шийдэгдэж байна. Цаашид хийх зүйл их бий.

Нээлттэй эхийн ноёрхолд хүрэх зам дардам байх болтугай

Блогчдоо ...

Өчигдөр MOSA-n хуралд оролцохоор очоод байж байтал Баярсайхан ирж байна. Өмнө нь би харж байгаагүй ч блог дээрх зургийг харж байсан бас тэр миний блог дээрх зургийг харж байсан болохоор бие биенээ шууд л танилаа. Бүр удаан уулзаагүй андууд шиг зарим нэг юмны талаар хууч хөөрлөө. Блог гэж сонин эд байна шүү.

2007-01-15

Таслагдсан хүн ...

Өнөөдөр интернэт гэж зүйлгүй нэг ч хонож чадахаа байжээ би чинь, урьд нь болоод л байдаг байсан санагдах юм бас хүмүүс болоод л байгаа даа. За тэр ч яахав нөгөө "хямд" интернэтийг нь эхлэхийг хүлээлээ, гэртээ тавигдахыг хүлээлээ эцэст нь манайх нөгөө 1.5км-с нь хол байж таараад гэр ашиглах боломжгүй болж таслагдав. Гэрт интернэт их хэрэгтэй байгаа юм аа, хэзээ ч юу ч хийчихнэ, чөлөөтэй. Wireless г.м өөр гарц хайх хэрэгтэй болов.

Саяхан БҮГДЭЭРЭЭ-г үзэж байгаад Бахархаж болдоггүй мэргэжил цааш дамжаад Баярсайханы блог руу ортол гэртээ УлусНэт-н WiMax холболт тавиулсан талаараа бичжээ. Сэтгэгдэл төрүүлж байнаа, тэгээд цааш холбоосоор орох гэсэн боловч "тийм домэйн байхгүй" гээд орсонгүй. Англи хэлний багахан мэдлэгээ ашиглаад http://trail.ulusnet.mn биш харинhttp://trial.ulusnet.mn байсан болохыг мэдчихлээ. Туршилтын нэр сарын хугацаанд үнэгүй ашиглах боломжтой юм байна, туршилтад оролцоход танаас ямар ч зардал гарахгүй бололтой. Өөрийн хэрэгцээнээс хамаарч "Албан байгууллага" эсвэл "Хувь хүн" гэсэн сонголтоос сонгоно. Хүн шүүмжлэхгүй байя гээд бас хүн шүүмжлэхлээр загнуулчаад байдаг ч гэсэн жаахан шүүмж хэлэхгүй бол үнэхээр болохгүй нь.

Миний хэрэгцээ хувь хүн болохоор дамжаад ортол их том маягт байх юм. Уг нь цааснаас цахим хэлбэрт шилжсэн нь ахицтай л юм гэхдээ энэ их мэдээлэл юунд бас хэнд хэрэгтэй юм бол? Бүгдийг нь бөглөөд явбал улсын бүртгэлд байхгүй шахуу их хэмжээний мэдээлэл тэд цуглуулж байх юм, харин бидний тэр мэдээлэл хэр найдвартай гарт байгаа бол? Энэ нь жинхэнэ асуудал шүү. За тэр яахав бөглөөд явж байтал бөглөмөөргүй бас байхгүй зүйлсийг "заавал" гэж шаардсан байна. Албан байгууллага заавал хэлтэс, албад хуваагдсан байх бас заавал факстай байх ёстой юу? Монголоо жаахан мэдрэмээр юм. Нэг зүйл дутуу бөглөсөн бололтой нөхөц бөглөнө үү гэсэн бичиг гарч ирээд миний бөглөсөн бүх зүйл алга болжээ, уг нь бөглөснийг нь бөглөснөөр нь гаргаад дутуугаа асуудаг байвал тээ. Ахиж бөглөхөөс залхуу. Утасны дугаар руу нь залгатал "Байна уу" гэхээр нь хаашаа холбогдсоноо лавлан асуутал дугаар андуураагүй бололтой, цааш лавлан асуувал "туршилт дууссан" гэнэ, харин "одоо мөнгөө төлөөд тавиулах уу, үнэ хөлс" гэж асуухын завдалгүй утсаа салгачихлаа. Одоо би яах уу, ахиад залгах уу? Үгүй ээ, залгахгүй. Ингээд бас Юнител адилаар миний урмыг хугалж байна шүү, уг нь шинээр гарч ирж байгаа компани эхнээс нь юмаа час хийтэл сайн хийж ирэхгүй бол бас хэцүү байх даа. Яалтай ч билээ дээ :(.

2007-01-14

YouTube ашиглаж үзвээ би гэж

YouTube дээр тавьсан видео бичлэгүүдийг үздэг байсан бол өөрийн нэг видеог ачиж (upload) үзлээ. Болж байна шүү.

Филиппинд байхдаа далайд сэлэхээр явж байх замдаа авсан зураглал. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

2007-01-13

Ubuntu суулгаж сурцгаая

Линукс сурах гэж байгаа эсвэл зүгээр л нэг ямар юм байдгийг нь харчихмаар байгаа хүнд тулгардаг хамгийн анхны бөгөөд хамгийн том бэрхшээл юу вэ? Мэдээж суулгах гэдэгтэй санал нийлэх байх. Нэгэнт суулгачихвал цааш нь сурж болмоор байдаг даанч суулгаж чаддаггүй. Тэгвэл миний бие ямар ч мэдлэггүйгээр Ubuntu линукс суулгах гарын авлага бэлдэх гэж оролдлоо. Ягштал дагаж хийгээд алдаа гарахгүй бол ер нь болох ёстой, тиймээс алдаа бүү гараасай гэж залбиръя. Та бүхэн бас үзээд санал, шүүмжээ хэлээрэй.

Ubuntu-г анх удаа суулгах нь гарын авлагыг дагаад суулгах гээд үзээрэй, болж байна уу? Сонсохгүй байна шүү, алив чанга хэл дээ. Хэхэ.