2010-03-09

Технологийн туслалцаатай амьдрал

Саяханы нэг амралтын өдөр ганц нэг хүнтэй ярьж ганц нэг ажил зохицуулах шаардлагатай байтал утасны цэнэг дуусаад унтарчихав. Хүний утас гуйгаад ярих гэсэн боловч дугаарыг нь санадаггүй. Технологи, гар утас хөгжин сайжрахын хэрээр ашиглахад илүү хялбар, илүү олон боломжтой болсон тул хүний дугаарыг цээжлэх гэхийн оронд хурдхан шиг хадгалж аваад тэрийгээ дараа ашигладаг дадал суусан байж. Бас хэт олон дугаарыг цээжилж байхаас төвөгшөөсөн нь ч нөлөөлсөн байх. Яаж ч хичээгээд 99 буюу Мобиком байсан гэдгээс өөр юу ч орж ирдэггүй. Ингээд яаж ийж байгаад утсаа асааж дугаарыг нь харахаас өөр арга үлдсэнгүй.

2010-03-03

Хулгайлах уу? эс хулгайлах уу?

Ноднин зун OSCON-д оролцож явахад минь Microsoft-ийн төлөөлөгчид Windows 7-ийн горилогч буюу RC хувилбарыг өгснийг нь суулгаад цөөхөн хэд ашигладаг байв. Уг нь сүүлийн үеийнх гэсэн шиг нэлээн сайжирсан, бас суулгасны дараа ихэнх төхөөрөмжүүд шууд ажилладаг тул илүү хялбар, ерөнхийдөө ажиллагаа нь хүртэл таалагдаад байгаа юм. Гэвч горилогч хувилбар маань бараг бэлэн болсон ч туршилтынх, мөн үнэ төлбөргүй болохоор энэ сарын нэгний өдөр ашиглалтын хугацаа дуусч, үүнээс хойш хоёр цаг тутамд унтрах анхааруулга өгч байна. Хэдийгээр би өдөр тутмын хэрэглээндээ Ubuntu ашигладаг, сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч минут Windows дээр ажиллаагүй ч маш цөөхөн гардаг гарцаагүй шаардлагатай үед энэ асуудал гарвал яах вэ гэх мэт зарим нэг асуудлууд санаа зовоож эхэллээ.