2008-05-25

Цахилгааны саатал ....

Сүүлийн хэд хоног цахилгааны саатал элбэг тохиолдох боллоо. Юунаас болоод яагаад байгааг үнэндээ мэдэх юм алга, гэхдээ л бидний хэдэн мэдээллийн технологийнхон хамгийн ихээр өртөж, үр нөлөөг нь амсаж байх шиг. Ажил дээр өглөөнөөс орой ажил тарах хүртэл тог байхгүй гэсэн анхааруулга олж уншлаа. Хүмүүсийн яриагаар яг цагтаа тасалсан боловч бүр хойно хэдэн цагийн дараа тог ирж байх юм. Иймэрхүү байдлаар хот даяар хэсэгчлэн цахилгаан хязгаарлалт хийсэн гэсэн. Хамгийн хөгийн нь энэ өдрүүдэд интернэт маань мөн ч тогтворгүй байсан нь бүр ч дургүй хүрмээр. Жишээ нь, бараг бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад цахилгаан үүсгүүр байхгүйгээс тог баригчийн цэнэг дуусмагц хамаг дэд бүтэц унаад, тогтой ч интернэт болон гадаад холбоо байхгүй болсон нь харамсалтай. Заримдаа төв дээр нь тогтой ч шугам дамжиж буй зарим газаз нь тог тасарснаас замдаа байхгүй. Бүр ч эмгэнэлтэй нь 202.131.0.10 гээд хаа сайгүй ашиглагддаг домэйн сервер маань эхний шалтгааны улмаас ажилгүй болсон нь .mn домэйнуудыг ажилгүй болгосон нь эмгэнэлтэй.

Саяхан нэг найзтайгаа Хятадын зүгээс АНУ, Энэтхэг болон бусад хөгжилтэй, хөгжиж буй орнуудад хийж буй цахим халдлагуудын талаар ярилцаж байтал Монголд онлайнаар хийгддэг ажил гэж бараг байдаггүй бололтой. Миний бодлоор хамгийн онлайн байж болох банкны гүйлгээ маань тодорхой хугацааны дараагаар нэгтгэгддэг гэсэн. Тог болон сүлжээ тасарч л байдаг, ихэнх хүмүүсийн амьдралд төдийлөн нөлөө үзүүлдэггүй бололтой. Ингээд бодоход миний өмнө бичиж байсан шиг мэдээллийн технологийн дэд бүтэц маань тийм ч амин чухал биш байх шиг. Гэвч бидний амьдрал, ажил өдөр ирэх бүр технологи, интернэтээс хараат болж буй учраас ... дээрх шиг юм баймааргүй л байгаа юм. Нээрээ энэ тог тасарна гэдэг юмыг хэзээ мартах болоо, уг нь бараг мартагнаж байсан юмсан :)

2008-05-20

Мэдээллийн технологийн ном хэрхэн сонгох вэ

Өнөөдөр хальт энэ тэрүүгээр хэсч яваан нэгэн залуу хэрхэн ном сонгох талаар зөвлөлгөө өгөхийг хүссэн байхыг олж уншлаа. Тэр залуу мэдээллийн технологиор сурдаг ба Amazon.com дээрээс ном захиалан унших хүсэлтэй байгаа боловч ямар ном сонгохоо мэдэхгүй байгаа бололтой. Сүүлийн хэдэн жилийн туршид цөөнгүй тооны ном уншиж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан тул энэхүү туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.

Ямар нэг бараа үйлчилгээ авах гэж байгаа хүн юуны өмнө өөрөө юу хүсч байгаа тодорхойлох хэрэгтэй болдог. Номон дээр бас нэг шалгуур байдаг нь тэрхүү сэдвийнхээ талаар хэр зэрэг мэдлэгтэй гэдгээ бас дүгнэх хэрэгтэй болдог. Хэрэв та ямар нэг сэдвээр төдийлөн сайн мэдэхгүй бол O'Reilly-н In a nutshell эсвэл Cookbook гэсэн номнуудын уншаад ойлгохгүй л болов уу. Гэхдээ та өөрийгөө дутуу үнэлбэл нуршуу бас мэддэг зүйлээ уншиж байтал ном унших сонирхол чинь буурч, хүссэн мэдээллээ авч чадахгүй байж болох.

Надад ер нь O'Reilly-н номнууд таалагддаг, тэгээд ч номных нь нэрнээс хараад ямархүү түвшний ном бэ гэдгийг нь таах боломжтой байдаг. Хэрэв Learning .... гэсэн байвал анхлан сурагчдад бүр 0-с эхэлсэн дэлгэрэнгүй гарын авлага гэсэн үг, Programming ... гэсэн байвал тухайн хэлний эсвэл технологийн талаар тодорхой мэдлэгтэй хүмүүст зориулсан дэлгэрэнгүй гарын авлага, ... Cookbook гэсэн байвал танаас тодорхой хэмжээний мэдлэг шаардах ба тодорхой тооны асуудлыг шийдэх жор өгдөг, In a nutshell болохоор танаас нэлээн сайн ойлголт шаардах ба лавлаж харах зориулалттай, ямар нэг заавар эсвэл гарын авлага биш. За тэгээд Using ... гэвэл ямар нэг зүйлийг ашиглах талаар дэлгэрэнгүй, давгүй сайн гарын авлага, харин сүүлийн үед The Missing Manual гээд цуврал гарсан нь их таалагдсан. Энд бусад номнууд дээр төдийлөн байхгүй, хүмүүст хамгийн их хэрэгтэй зүйлсийг маш дэлгэрэнгүй гарын авлага болгож өгсөн байсан. Яг одоо санаж байгаа нь энэ хэд байна, та ч бас санаа оруулаарай. Нэрэндээ дээрх байхгүй номны танилцуулгыг уншихаас өөр арга байхгүй дээ.

Сүүлийн үед Apress, No Starch Press давгүй номнууд гаргадаг болсон байна лээ. Гэхдээ хараад байхнээ O'Reilly ашиг олон ангилахгүй харин ямар нэг зүйлийн эхлэлийг нэлээн сайн тавьж өгөхийг зорьж байх шиг санагдсан. No Starch Press нэлээн хүчээ аваад байгаа шүү. Addison Wesley болохоор илүү шинжлэх ухаан талаас нь илүү гүн гүнзгий зүйлс бичээд байх шиг санагдсан. Ер нь Addison Wesley-ийн ном тийм ч их уншиж байгаагүй бололтой. Wrox press гээд байгаа тэр нь бас хэд хэдэн ангилж гаргаад байх шиг. Pro to Pro гэхээрээ илүү мэргэжлийн, гүнзгий түвшинд байх шиг, гэхдээ л In a nutshell эсвэл Cookbook-г бодвол амархан ойлгогдохоор. Сүүлийн үед ихэвчлэн O'Reilly болон No Starch Press-ийн номнууд уншаад бас унших дуртай болоод байгаа. Бас for Dummies гээд ном байна, энэ болохоор энгийн хүнд ойлгомжтой байхаар бичсэн болохоор мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа хүн уншвал нойр хүрэх аюултай, гэхдээ л 0-с эхэлж байгаа бол уншчихад илүүдэхгүй болов уу. Миний блогийн зочин та бүхэн ч гэсэн өөрийн туршлагаасаа хуваалцаач, энд зөвхөн миний л бодол, миний л туршлага юм шүү.

Amazon.com дээрээс юм сонгоход хялбар бас хэцүү. Таны сонирхож буй зүйлсийн тань талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлнэ. Жишээ нь энэ номыг үзчихээд хэд нь худалдаж авсан, уншигчдын үнэлгээ бас сэтгэгдлүүд. Эдгээрээс нэлээн мэдээлэл авч болно. Хэцүү зүйл нь яг ижил төрлийн ном санал болгоод толгой эргүүлээд, сонголт хийхэд хэцүү болгоод байдаг талтай. Сүүлийн үед ч нэлээн туршлага суугаад байгаа шөө.