2008-12-31

Тогтвортой хөгжил гэж үүнийг л хэлэх байх

Phoronix сайт маань шинэ гарсан програм хангамж бүрийг турших, түүний талаар бараг анхны гэж болох сонжоог уншигчиддаа хүргэдгээрээ онцлог юм. Тэгвэл дөнгөж сая гараад буй 2.6.28 линуксын цөмийн ажиллагааг өмнөх 3 хувилбартай харьцуулсан байна. Линуксын цөмийн шинэ хувилбар бүр шинэлэг, шинэ зүйлсийг агуулж байдаг бөгөөд зарим талаараа ажиллагаанд нөлөөлөх үед байдаг. Өмнө нь муудсан гэсэн шүүмж гарч нэлээн шуугиан дэгдэж байсан. Харин энэ удаад шинэ хувилбар маань олон шинэлэг зүйлээр баяжиж жин нэмсэн боловч өмнөх хувилбаруудаасаа ажиллагааны хувьд бараг өөрчлөгдөөгүй байна. Шинэ зүйлсийг тогтвортой хэрэгжүүлэх атлаа өмнөх үзүүлэлтүүдээ алдахгүй байна гэдгийг л ёстой тогтвортой хөгжил гэж байх даа.

2008 он линуксын хувьд

Phoronix сайтаас 2008 оны линуксын шинэчлэлтүүдийг нэрлэжээ. Шинэчлэлтүүдийг харвал энгийн хэрэглэгч, дэлгэцийн системийн талд маш олон шинэлэг, зарим талаар үсрэнгүй гэж хэлж болохоор өөрчлөлтүүд оржээ. Жишээ нь, Graphics Execution Manager (GEM) нь X.Org-ийн үе шат бүхэнд тус тусын байдлаар хийгддэг байсан санах ойн удирдлагыг линукс цөмийн түвшинд шилжүүлсэн бөгөөд цаашид X.Org системийг илүү найдвартай тогтвортой ажиллах боломжийг олгохоос гадна кодын маш их давхардлыг үгүй болгож байгаа юм. Дээрээс нь AMD зэрэг компаниуд төхөөрөмжийн драйверууд нь нээлттэй байхын, мөн линуксын цөм эсвэл X.Org-ын нэгэн бүрэлдэхүүн хэсэг байхын ач холбогдлыг ойлгон өмнө нь хаалттай байсан зүйлсээ нээж эхэллээ. Үүний дүнд нээлттэй эхийн систем дэх төхөөрөмжүүдийн дэмжлэг сайжирч байгаа бөгөөд системийн найдвартай ажиллагаанд нөлөө үзүүлж байна. Энэ мэт өөрчлөлтүүд нь цаашдын нээлттэй эхийн програм хангамжуудын хөгжлийн үндэс суурийг тавьж өгсөн бөгөөд 2009 онд илүү шинэлэг, илүү хялбар, илүү найдвартай ажиллагаатай хамгийн гол нь энгийн хэрэглэгчдэд ашиглахад дөхөм дэлгэцийн систем бий болоход түлхэц болж байна.

Шинэ оны мэнд

Шинэ он, шинэ жилийн мэнд залуусаа. Merry Christmas биш шүү, энэ "манай" эд биш. Тэгэхээр "улаан" өвөө ч бас "манайх" биш. Харин цан хөөрөг татуулсан цал буурал сахалтай, усан цэнхэр нөмрөгтэй нь "манайх". Миний блогийн зочин, уншигч та бүхэндээ шинэ ондоо эрч хүч, ажил бүтээлийн амжилт дүүрэн байгаарай гэсэн ерөөл дэвшүүлье.

2008-12-30

Бяр байхад ухаан хэрэггүй

Тэнгис кино театрт гарч буй "Зөрлөг" кинон дээр нэгэн бадриун эр ингэж ярьж байх юм. Хөгжилтэй гэдэг нь. Агшин бүрт хөгжилтэй явдлаар дүүрэн ёстой л үзүүштэй кино байна лээ.

ZMN-ий залуучууд ёстой кино хийж чадаж байна шүү. Ийм нэгэн дурлал болон 2-р анги, надтай гэрлээч гээд нэлээн олон бүтээл хийсэн. Улам л сайжраад байх юм. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Нэмэлт: Маргааш уулзах гэж өнөөдөр салдаг, үргэлж хамт байх гэж маргааш уулздаг гээд гоё үг байна бас.

2008-12-29

Би гэртээ

Утаатай, цастай, хальтиргаатай, хүйтэн, зам нь бөглөрсөн Улаанбаатар хотдоо эргээд ирлээ. Хэдийгээр миний явсан газрууд хүйтэн биш, утаагүй, цасгүй, хальтиргаагүй, зам бараг бөглөрөхгүй байсан боловч гэртээ би хайртай, энд надад таалагдаж байна. Агаар нь амьсгалахад утаатай боловч цаанаа л нэг өөр, минийх. Энд л төрсөн, энд л амьдрана гэж боддог ш дээ.

2008-12-26

Mongolian Shoe BBQ

Бага дүү захисны дагуу түүнд таалагдах кед хайх ажилд оров. Гадуур дэлгүүрээр хэссэн боловч олигтой зүйл олдсонгүй. Тэгээд ч үүнд цаг их орж байсан тул хэдэн вэбүүдээр орохоор болов. www.adidas.com, www.nike.com, www.converse.com гээд хэсч явтал www.puma.com дээр Mongolian Shoe BBQ гэх зүйл байхыг хараад их гайхав. Ороод үзвэл харин сүүлийг жилүүдэд хүчээ авах болсон "өөрийн" загварыг бүтээх боломжтой хуудас байх юм. Миний хувийн туршлагаар олж мэдсэнээр Mongolian BBQ гэх хоолны газрууд бараг улс орон бүрт байх бөгөөд гурил, будаа, сонгино, мах зэрэг олон төрлийн орцуулаад өөрт тохирох хэмжээгээр сонгон өөрт тохирсон, өөрийн дуртай хоолыг хийх боломжийг олгодог юм. Үүний л дуурайсан байх даа.

2008-12-24

Линукс болон чөлөөт програм хангамж 2008 онд

LWN вэбсайтаас шинэ оны өмнөхөн тухайн жилд болсон үйл явдлуудыг цаг хугацааны хувьд эрэмбэлэн танилцуулдаг билээ. Харин он дөнгөж гармагц байхаа (сайн санахгүй байна) ирэх онд болох үйл явдлуудыг зөгнөн бичдэг. За 2008 онд линукс болон чөлөөт програм хангамжийн ертөнцөд юу болж өнгөрснийг http://lwn.net/SubscriberLink/306966/52b6ec4168b3422d/ хаягаас үзнэ үү.

2008-12-23

Дотоод зөрчил ба Google groups

Би хүмүүст туслах дуртай. Зөвлөлгөө өгөх эсвэл сайхан чөлөөтэй ярих бүр ч дуртай. Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөлгөөнүүд ихэнх нь технологитой холбоотой ба ямар нэг асуудал эсвэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар байлаа. Энэ бүрдээ баримтладаг байсан зарчмуудын нэг нь интернэтэд хэн нэгэн хийчихсэн, шийдчихсэн байгаа бэлэн юмыг авч ашиглахгүй яагаад өөрөө ахиад шийдэх гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах ёстой юм бэ гэдэг байв. Нээрээ л бид чинь бэлэн байсаар байтал аваад ашиглахын оронд хэдэн сараар сууж цаг заваа барахаас гадна багагүй хэмжээний мөнгө зарлагаддаг. Үүнийх нь оронд ийм юм цаана чинь байна, тийм асуудлыг ингэж шийдэж гээд зөвлөлгөө өгөөд авч туршихыг ч санал болгоно. Мэдээж зарим нэг нь өөрөө хийхээр шийдэж байхад нөгөө хэсэг нь зөвлөлгөөг дагах нь бий.

Хүнд ийм зөвлөлгөө өгдөг байж зарим зүйлийг би өөрөө хийхийг эрхэмлэнэ. Энэ нь заримдаа шинэ юм турших, шинэ мэдлэг олж авах, туршлагатай болох гээд давуу талуудтай боловч ихэнх тохиолдолд маш их цаг, мөнгийг бараг хэрэггүй зүйлд зориулсан байдаг. Хамгийн тод жишээ бол ажлын өрөөнд байдаг wireless router. Энгийн компьютер дээр карт нэмж тавиад өрөөндөө интернэт цацах боломжтойг олж мэдээд карт худалдаж авч тавиад турших эхлэв. Туршилтын хугацаанд өрөөний сүлжээ байнгын доголдолтой ба жинхэнэ ажиллагаанд орсныхоо дараа ч доголдол, бэрхшээлүүд гардаг байв. Эдгээрийг нь шийдэх гэж бас л овоо юм болно. Нэг компьютерийг байнга асаалттай байлгах, дуртай үедээ асааж унтрааж туршилж хийх боломж ч хязгаарлагдмал байв. Тэгээд бэлэн төхөөрөмж авахаар Amazon.com дээр үзтэл харин нөгөө нэмэлт картнаас ялгаагүй шахуу үнэтэй байж таарав. Уг нь нэлээн мөнгө хэмнээд байгаа гэж баярлаад байсан гэж байгаа. Төхөөрөмж худалдаж аваад тавьсан чинь туршилт хийх нэг компьютер гараад ирж байгаа гэж. Шал дэмий юмтай баахан ноцолдсон байгаа юм.

Аль дээрээс л LiMNux-г хэрхэн шинэчлэх вэ, илүү үр дүнтэй болгох талаар байнга бодогдох болсон. Ийм сайн дурын нэгдэлд харилцах холбоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ хэрэгцээг хэрхэн хангах талаар бодож эхлэв. Уг нь бол мэдээлэл солилцох вэб, туршлага солилцох хэлэлцүүлэг бас илгээлтийн жагсаалт байхад болоод явчихна. Үнэхээр том болоод хэрэгцээ нь гарвал Wiki зэрэг системүүдийг ашиглаж эхэлдэг. Олон зэрэг зүйл ажиллуулах гэж хүч тарамдаж байхаар вэб, планэт бас илгээлтийн жагсаалт ажиллуулахад хангалттай гэж бодогдох болов. Вэб байна, планэт байна харин нөгөөхийг яаж үүсгэх талаар бодов. Харьж байгаад тухтай сууж байгаад хийх талаар төлөвлөж гарч болох бэрхшээлүүдийг бодов. Тийм амар эд биш.

Харин дөнгөж сая яагаад ер нь Google Groups дээр нэг бүлэг үүсгээд ашиглаж болохгүй талаар бодол толгойд орж ирэв. Ер нь яагаад болохгүй гэж? Миний хийхээс дутагдал юу байна, давуу тал юу байна гэж бодоод байсан чинь давуу тал нь их болоод явчих нь тэр. Үүсгэхэд цаг үрэхгүй хялбар, хэдэн ч хүн удирдаад аваад явах боломжтой, аятайхан вэб интерфэйстэй, архивт ёстой хайлтыг харин ч хийнэ дээ. За тэгээд LiMNux гээд нэг бүлэг үүсгэчихлээ. Баянмөнх маань Google ахын бүтээгдэхүүнүүдийг цуврал болгон танилцуулж байгаа ба түүндээ Google Groups-ийн талаар оруулаачээ гэж түүнээс хүсмээр байна. Өмнө ашиглаж байсан туршлагатай хүн байвал хэрхэн бүртгүүлэх, ашиглах гээд багахан гарын авлага үүсгээд орхивол бүгдээрээ нэмээд засаад явах боломжтой юмуу даа. Хүн нээрээ сонин, өөрөө өөртэйгээ үргэлж шахуу зөрчилдөж байна. Эцэст нь тавтай морил, бүгдэд нээлттэй.

2008-12-22

Эвгүй бөөс вэ энэ чинь

Denver-т байдаг нэгэн ахындаа ирэв. Ирэхээсээ өмнө утсаар ярьтал ах маань "компьютер вирустээд сонин болчихсон, ашгүй чи ирж байна, тэр болтол асаахгүй ээ" гэнэ, би ч юу л сүртэй юм байх вэ гэж бодоод "очоод янзлаад өгье" гэв. Хүрч ирээд үзтэл ажиллаж байгаа нь нэг л бишээ. Уг нь AVG Free суучихсан ажиллаж байх юм, тэгтэл хаанаас ч юм Antivirus 360 гэж юм гарч ирээд л баахан вирус илрүүлсэн гэсэн мэдээлэл гаргана. Ах маань энийг л хараад айсан байх гэж бодсноо яахлээрээ хоёр вирусын эсрэг програм суулгадаг байна, бас Antivirus 360 гэж бас ямар програм байна гэж гайхсаар жаал ухав. Antivirus 360 нь баахан юм илрүүлсэн гэсэн хэрнээ ажиллагаа нь нэг л тогтворгүй, хэвийн биш. За танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр гээд Antivirus 360-г устгах гээд Add/Remove programs руу ортол алга. Тэгвэл AVG Free ашиглаж үзье гээд хайлгуултал нөгөө муу Antivirus 360-г чинь вирус гэж гаргаад устгаад хаядаг юм байна. Ахиад жаахан ажиллавал нэг л биш. Ер нь өөрийн сонголт болсон Avast-г суулгаад шалгаж үзье гэж бодоод www.avast.com руу орох гэтэл орж болдоггүй. Тэгвэл www.download.com дээрээс татаж авъя гэтэл бас л ордоггүй.

Өөрийн компьютер дээр аль хэдэн сарын өмнө татаж авсан байсан Avast-г зөөж суулгаад Windows эхлэх үед нь хайлгавал сүртэй юм илэрсэнгүй. За гайгүй болчихлоо гэж бодоод тайвшрав. Интернэтээр мэдээ үзэх, цахим шуудангаа шалгах гээд бас ойр зуурын юм хийхэд бас л нэг бишээ. Зүгээр ажиллаж байснаа Internet Explorer цонхон дээр сурталчилгаа гараад ирнэ, бас нэх хачин асуулт гарч ирээд санал асуулгад оролцохыг санал болгоно. Avast-аа бас шинэчлэх гэсэн чинь алдаа заагаад болдоггүй. Comcast-ын интернэт ашигладаг, тэр нь ингээд хязгаарлалт тавьдаг юм байх даа гэж гайхав. Тэгснээ уг нь АНУ чинь net neutrality гэдэг зүйлийг эрхэмлэдэг, түүнийхээ төлөө их тэмцдэг учир ийм байх ёсгүй гэж бас нэг бодов. Avast-ын эсрэг хязгаарлалт байгаа эсэхийн хэсэг хайвал олигтой зүйл олдсонгүй. Ер нь яг хаана нь ямар хязгаарлалт хийсэн байж болох вэ гэж ихэд сонин санагдаад avast.com руу пинг хийвэл 127.0.0.1 гэсэн хаяг гарч ирээд байх юм. Ингэж л хязгаарладаг юм байна гэж гайхан хэсэг бодов. Ахын компьютер хамгаалалттай л гээд байдаг гэтэл нөгөөх нь шинэчлэлт хийгдэхгүй бол нэмэргүй, ер нь өөр зүйлээр солъё байз гэж бодов. Ер нь яагаад заавал Comcast-ын DNS сервер ашиглах ёстой юм бэ, өөр сервер ашиглаад хязгаарлалтыг нь тойрчих боломжтой юм шиг санагдаад Google дээр жаал хайлт хийв. Хэдийг оллоо. nslookup ашиглаад тэдгээр нь www.avast.com-д хариу өгөх эсэхийг шалгах гэж байснаа серверийг нь өөрчлөлгүйгээр шууд avast.com гэсэн чинь жинхэнэ хаяг нь гарч байна. Маш их гайхав. Тэгээд ийм асуудал гарч байсан талаар хайтал хэд хэдэн үр дүн гарч байна, үзэх гэтэл болдоггүй. Хаягуудыг нь харвал kaspersky.com, spybot.com гэх мэт техникийн зөвлөлгөө өгдөг зарим руу орохгүй байв. Ихэд гайхаад norton.com, mcafee.com, ca.com зэрэг хаягууд руу орох гэтэл орж болдоггүй. Тэгээд эндээс үзтэл зарим вэбүүдийг оруулдаггүй болгодог rootkit гарсан талаар олж үзэв, эмчлэх аргууд дунд нь Microsoft-ын Malicious Software Removal Tool
ашиглаж болно гэхээр нь Microsoft-ын вэб рүү орох гэтэл бас орсонгүй. Бас урд өдөр нь өөрийн компьютерийг сүлжээнд холбох гэтэл болоогүй тул дахин оролдож үзсэнгүй.

Нэг арга толгой рүү гялс хийгээд л ороод ирэв. Энэ вирус нь домэйн хааж байгаа болохоос IP-р хаахгүй байх ёстой, тийм болохоор avast.com руу IP-г ашиглаж ороод шинэчлэлтийг нь татаж аваад дахин шалгуулах байлаа. Гэхдээ энэ арга зарим тохиолдолд ажиллахгүй. Хэрэв вэб сервер нь олон домэйн эсвэл вэб хост хийдэг, тэгээд үндсэн вэб нь өөр домэйн байх юм бол IP ашиглаад ороход үндсэн вэбээ үзүүлдэг ёстой. Азаа үзтэл харин шууд вэб нь гараад ирж байна. Явж байгаад яг шинэчлэлтийг нь татах гэсэн чинь files.avast.com руу шидэх юм, өмнөх аргаа ашиглатал харин татаж авч болж байна. Шинэчлэлтийг нь татаж авч суулгаад хайтал харин тачигнатал хэд хэдэн вирус илэрснээ санах ойд вирус орсон байгаа тул Windows эхлэхээс өмнө хайх уу гэж байна, мэдээж тэгнэ. Тэгтэл харин TDSS гэж эхэлсэн драйвераас авахуулаас Windows\system32\ дотор нэлээн олон файл халдвартай гэж гарч байна. Энэ удаад бүгдийг нь устгаад л хаялаа. Шалгаж дуусаад Windows руугаа ороод нөгөө болохгүй байсан вэбүүд рүүгээ ороод үзтэл болж байна. За ашгүй, одоо л ахад вирусын эсрэг гайгүй сайн хамгаалалттай болсон гэж итгэлтэй хэлж болно. Орой ч боллоо унтах минь, маргааш харин тухтай сайн шалгая гэж бодов.

Windows нь нэг домэйнийг ахин дахин асуухгүйн тулд DNS Client гэх сервис өөр дээрээ ажиллуулдаг бөгөөд энэ нь нэг ирсэн домэйний хариуг өөр дээрээ хадгалж авч байдаг. Мэдээж танд мэдэгдэхгүйгээр. Сүлжээний ачааллыг багасгах гэсэн санаа. Харин вирус маань тэрхүү сервисийг гэмтээгээд зарим нэг домэйнд буруу хаяг буцаадаг болгосон байж. Харин nslookup маань DNS Client-р дамжилгүй шууд интернэтээс асуудгаараа онцлог бөгөөд надад тусласан хэрэг. Энэ төрлийн вирус маань сүртэй хоргүй юм шиг атлаа таныг банкны данс руугаа орох гэтэл өөр сайт руу шидэх зэрэг аюулыг дагуулж болно. Энэ маягаар хуурамч вэбүүд рүү оруулж таны мэдээллийг хулгайлна.

Харин net neutrality-ийн хувьд АНУ-ын дийлэнх хүмүүс интернэтийн ямар ч хэрэглээг хязгаарлах ёсгүй, энэ нь цаашлаад хөгжлийг туших аюултай гэж үздэг. Хүн чөлөөтэй сэтгэж юмнуудаа чөлөөтэй турших, ашиглах боломжтой байж шинэ санаа, шинэ технологи үүсдэг гэж үздэг. Энэ нь ч технологийн хөгжлийн түүхээр маш тод харагддаг. Тийм болохоор вэбүүдийг хаах, эсвэл татаж авах мэдээллийн хязгаар тавихын эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл сүлжээ маань хэнээс ч хараат бус, хэний ч эрх ашгийн төлөө үйлчлэхгүй харин бүх хүн төрөлхөтнийг ижил боломжоор хангах ёстой гэсэн утгыг илэрхийлнэ. Хэрэв вэбийг зөвхөн нээгээд бусдыг хаасан байсан бол Yahoo messenger, skype, bittorrent, VoIP зэрэг шинэ технологиуд үүсэхгүй л байсан болов уу.

2008-12-19

OBP: 2009 оны нээлт

Удаан уулзсангүй шүү найзуудаа. Одоо ер нь таслалгүй тогтмол уулзаж байвал яасан юм бэ? Линукс сонирходог нь, линукс хэрэглэдэг нь, ер нь тэгээд нээлттэй эхийн програм хангамжийг дэмждэг бүхэн нь надтай надгүй уулзаж байвал яасан юм бэ? Энэ удаад 2009 оны 1-р сарын 14-ний лхагва гарагт "Их Монгол" уушийн газартаа яг болздог цагтаа буюу оройн 7 цагт уулзацгаая. Шинээр ирж байгаа хүмүүст танигдах зорилгоор бид ширээн дээрээ "оцон шувуу" байрлуулсан байх болно шүү. Цагаа барьцгаагаарай залуусаа.

Яг санахгүй байна гэхдээ нэлээн хэдэн жилийн өмнө юникс төст систем хэрэглэгч, сонирхогчдыг танилцуулах, уулзуулах зорилгоор үүсч байсан Unix Beer Party-г өргөжүүлж нээлттэй эхийн програм хангамж сонирхогч бүхэнд зориулан Open Beer Party болгон нэрийг нь солисон. Тэнд таних танихгүй хүмүүс хүрч ирж танилцаад, асуудал бэрхшээлээ ярилцаад, шинэ сонин мэдээллүүдээ солилцоод их зугаатай байдаг. Та танихгүй хүмүүс очно гэж битгий жийрхээрэй, бүгд л эхэндээ нэг нэгийгээ таньдаггүй шүү дээ.

Миний хувьд энэ удаад ажлын журмаар АНУ-аар аялж яваа бөгөөд олон шинэ зүйл үзэж харж байна. Жишээлбэл, Ubuntu Developer Summit-д оролцож, OLPC төслийн төв байранд ирж хөгжүүлэгчидтэй уулзав, бас дөнгөж саяхан Free Software Foundation-р зочлоод ирлээ. Бас ганц нэг бэлэг дурсгалын зүйлүүд ч цуглууллаа. За тэгээд уулзалтынхаа цагийг барьж эрт эрсэн эхний хэдэн хүнтэй цуглуулгаасаа хуваалцах бодолтой байна. Удахгүй уулзацгаая. Нээрээ хүн бүр өөрийн гаргасан зардлыг даана шүү.

Уучлаарай, баярлалаа

Эх орноосоо гараад нэлээн хэд хонолоо, бас харихад ахиад хэд хоног дутуу байдаг. Солонгосоор дайраад "ардчилалын өлгий" болох АНУ-д ирчихээд явж байна. Хэд хэдэн хотоор явж үзлэ, анх бодож төсөөлж байснаас их өөр газар байх юм. Эцэст нь гэрээс гарснаас хойш уучлаарай, баярлалаа гэдэг үгийг алхам тутамдаа хэрэглэж болоод байж яагаад гэртээ, эх орондоо тэгж хэрэглэдэггүй юм л бол гэсэн бодол толгойноос минь гарахгүй юм. Удахгүй хариад сэдэвчилсэн эсвэл өдрийн тэмдэглэл маягаар үзсэн харсан бүгдээ блог дээрээ оруулнаа.

2008-12-12

Сургалт болохгүй, уучлаарай

Уучлаарай залуусаа, миний өмнө зарлаж байсан "Линуксын нээлттэй сургалт" явагдах боломжгүй болсныг мэдэгдэх гэсэн юм. Үнэхээр харамсалтай. Анх зарлах үед цаг заваа харгалзаж, төлөвлөж байсан боловч төлөвлөгдөөгүй хэд хэдэн ажлын улмаас цаг завын хүрэлцээ муу боллоо. Гэхдээ ирэх онд хэд хэдэн сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдгийг нь өнөөдөр хэлэхэд бэрх байна.

Сүүлийн үед блогтоо салхи оруулаагүй юм байна шүү. Уг нь ойр ойрхон юм бичиж баймаар байгаа ч нэг л зав болж өгөхгүй юм. Залуусаа, он гаргаад Open Beer Party хийвэл ямар вэ? Та нар юу гэж бодож байна?