Showing posts with label сургалт. Show all posts
Showing posts with label сургалт. Show all posts

2011-10-16

МБГ 11.10 дээр заасан Пайтон хичээлүүд

Линукс хэрэглэгчдийн бүлгэмээс Мэдлэийн Бямба Гараг нэртэй өдөрлөгийг сар бүр зохион байгуулж эхлээс 1 жил болжээ. Энэ өдөрлөгийн хүрээнд 4 сэдвээр хоорондоо мэдлэгээ солилцож, нэг нэгэндээ хичээл заадаг юм. Өчигдөрхөн болсон өдөрлөг дээр Пайтон хэлний анхан шатны мэдлэг олгохыг зорж Пайтон 101, Пайтон 102 сэдвүүдийг орсон бөгөөд видео бичлэгийг нь та бүхэндээ хүргэж байна. 

Пайтон 101


Пайтон 102

2011-02-08

Мэдлэгийн бямба гараг

Өөрчлөлт: Болох газрыг өөрчилж, цагийг оруулав

Ийм нэртэй өдөрлөгийг линукс хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгэмийн гишүүд сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах, бусдаасаа суралцах хүслээс төрсөн энэ өдөрлөг сар бүрийн сүүлийн бямба гарагт зохиогдөх бөгөөд сар ирэх бүр өргөжиж басхүү чанаржсаар байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйлс бий.

2008-12-12

Сургалт болохгүй, уучлаарай

Уучлаарай залуусаа, миний өмнө зарлаж байсан "Линуксын нээлттэй сургалт" явагдах боломжгүй болсныг мэдэгдэх гэсэн юм. Үнэхээр харамсалтай. Анх зарлах үед цаг заваа харгалзаж, төлөвлөж байсан боловч төлөвлөгдөөгүй хэд хэдэн ажлын улмаас цаг завын хүрэлцээ муу боллоо. Гэхдээ ирэх онд хэд хэдэн сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдгийг нь өнөөдөр хэлэхэд бэрх байна.

Сүүлийн үед блогтоо салхи оруулаагүй юм байна шүү. Уг нь ойр ойрхон юм бичиж баймаар байгаа ч нэг л зав болж өгөхгүй юм. Залуусаа, он гаргаад Open Beer Party хийвэл ямар вэ? Та нар юу гэж бодож байна?

2008-10-23

"Линуксын нээлттэй сургалт" тун удахгүй

Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ. Сургалтанд хамрагдагсадын санал хүсэлт болон өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхээр сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйгээ сайжруулахаар ажиллаж байна.

Энэ удаад сургалт маань өмнөхийн сургалтуудын адил зөвхөн линукстай ажиллахад шаардлагатай анхан шатны мэдлэг олгохыг зорьж байгаа ба дараахь үдсэн сэдвүүдийг агуулна:

  • Чөлөөт болон нээлттэй эхийн програм гэж юу вэ? Хэрхэн хөгждөг вэ?

  • Линукс гэж юу вэ? Түүний үүсэл хөгжил ба өнөөдрийн байдал.

  • Файлын систем гэж юу вэ буюу эзэн болон эрхийг ойлгох нь.

  • Shell буюу бүрхүүл гэж юу вэ? Түүний үндсэн зарчим, ажиллагаа, ашиглалт.

  • Ubuntu дээр өөрийн хэрэгцээт програмыг суулгах, устгах.


Мөн өмнөхийн адил нэг долоо хоног буюу ажлын 5 өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд Ubuntu ашиглан заахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад сургалтанд хамрагдахыг хүсэгчид оюутан бас LiMNux бүлгэмийн гишүүн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьж байгаа ба бусад ямар шалгуур тавих болон хэдэн хүний хязгаартай байхыг албан ёсны зарлал дээр гаргах болно. Өмнөх явагдаж байсан сургалтуудын талаар багахан мэдээллийг эндээс бас эндээс авна уу. Тун удахгүй....

2008-06-27

Линуксын сургалт өндөрлөлөө

Даваа гарагаас эхэлсэн линуксын анхан шатны сургалт маань дөнгөж сая дууслаа. Өдөр бүр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн энэхүү сургалтаараа линукс сонирхогчдод хэрхэн суулгах, файлын систем, файлын эрх, бүрхүүлийн үндэс, хэрхэн тусламж авах гээд анхан шатны мэдлэгийг олгож, цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийг зорьсон юм. Зорилгодоо ч хүрсэн гэж хувьдаа дүгнэж байна, гэвч суралцагчид маань өөрийн үзэл бодлыг хуваалцана бизээ. Мөн энэ сургалтаараа линукс сонирхогчдод маань яг ямар бэрхшээлүүд тулгардаг талаар тодорхой мэдээллийг олж авахыг хүссэн юм.

Сургалт маань LiMNux бүлгэмийн гишүүдэд зориулагдан авагдсан байгаа. Дараагийнх нь намар зохиогдох ба зөвхөн оюутнуудад чиглэх болов уу. Бид LiMNux бүлгэмээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн линуксын хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг эхлүүлсэн байгаа, уншигч та өөрийн үзэл бодол, саналыг нэмэрлэнэ гэдэгт итгэж байна. Төгсөв.

2008-06-24

Линуксын сургалт үргэлжилсээр ...

Монголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн гишүүд, линукс сонирхогчдод зориулсан анхан шатны сургалтыг өмнө зарласны дагуу явагдаж байна. Өчигдөр бид бүхэн оюуны өмч, түүнийг хамгаалах патент болон зохиогчийн эрх, лицензийн талаар товч үзээд ямар програм хангамжийг "нээлттэй эхийн" гэж нэрлэдгийг үзсэн байгаа. Тарахын өмнө Ubuntu-г бүрэн хэмжээгээр суулгаж, ашиглаж үзсэн. Харин өнөөдрийн хичээл дээр нээлттэй эхийн програм хангамж хэрхэн хөгждөг, тархац болон хөгжүүлэгчдийн оролцоо, багц болон түүнийг хэрхэн суулгах талаар үзэж, сүүлд нь shell буюу бүрхүүлийн үндсэн үүрэг, давуу талуудыг үзсэнээр дуусав. Үүний хажуугаар сонсогчдынхоо сонирхосон асуултанд хариулах явцдаа 32 болон 64 битийн ялгаа, давуу талуудын ярилцсан.

Линукс сонирхогчдыг дэмжих зорилгоор энэхүү сургалтыг туршилтын журмаар 2007 оны 12-р сарын 8-ны өдрөөс цөөхөн хоногийн хугацаатайгаар явуулсан. Энэ удаад өмнөх алдаагаа давтахгүйн үүднээс ажлын бус цагаар өдөр бүр бага цагаар хичээллэж байна. Бас өмнөх туршлага дээрээ үндэслэн заах арга барил болон сэдвийн сонголт, дараалал, агуулгад ч бага сага өөрчлөлтүүд оруулж үзлээ. Өөрчлөлтүүд маань хэрхэн нөлөөлөхийг дүгнэхэд арай эрт байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар 10 хүн оролцож, манай ажлын өрөө маань ч дүүрч, сандал ч хүрэлцэхгүй боллоо. Ахиж хүн нэмж авахгүй л болов уу. Монголын нээлттэй эхийг дэмжигч, линукс хэрэглэгчдийн тоо олон болох болтугай. Сургалт үргэлжилсээр ...