Showing posts with label сервер. Show all posts
Showing posts with label сервер. Show all posts

2009-04-21

Сервер удаад байх юм....

Өнөөдөр найз маань залгаад "сервер удаад байх юм, юундаа байна үзээдхээч" гэж хэлэхээр нь хэдэн жилийн өмнө суулгаад орхисон сервер рүүгээ орж үзэв. Эхнээс нь шалгаад үзвэл хагас жил гаран огт унтраагүй, тэр хооронд үйлчилгээ нь нэг ч зогсоогүй байна. Харин асуудлын хувьд сануур (memory) нь дүүрээд swap хийгээд эхэлсэн бөгөөд түүнийгээ ч бараг дүүргэх тийш хандсан байв. Үүнээсээ болоод системийн ажиллагаа маш удааширч, бас процессорт их хэмжээний ачаалал өгч байна. netstat ашиглаад ажиллах ёстой серверийн програмуудаас өөр юм ажиллаж байгааг шалгахад юм алга, яг л байх ёстой хэд нь байх юм. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь qmail-ийн хэд хэдэн процесс ажиллаад хаашаа ч юм захидал илгээх гээд байв. Зориулалт нь болохоор тоосонгүй, дараа нь ps aux гээд системд ажиллаж байгаа бүх процессыг шалгавал хэд хэдэн perl хэл дээр бичигдсэн cgi-ууд байх нь хачин.

cgi нь хуучин үед өргөн ашиглагддаг байсан технологи бөгөөд програмын гаралтыг вэб рүү гаргах арга юм. сgi ашигласан тохиолдолд HTTP толгой гээд бараг бүр гаралтыг програмаасаа хийж өгөх ёстой ба C, Perl, Python, PHP, Ruby гээд бараг бүх хэлийг ашиглах боломжтой боловч Perl илүү өргөн хэрэглэгддэг. Харин миний тохиолдолд мөн адил Perl дээр хийгдсэн, маш олон процесс ажиллаж байсан ба хаанаас ажиллаад, юу хийгээд байгаа нь тодорхойгүй байлаа. Ингээд нэгэн хэцүү сонголтын өмнө ирэв. Удаад бараг ажиллах боломжгүй систем дээр ажиллаж, асуудлын голомтыг судлах эсвэл системийг дахин эхлүүлээд арай дээр систем дээр ажиллах. Миний хувьд сүүлийнхийг нь сонгосон юм. Шинээр эхэлсэн систем маань ажиллах ёстой хэдэн зүйл л ажиллаж, сануур нь ч дүүрэх нь больсон байв. Арай гайгүй болохоор нь хайсаар нөгөө файлаа олоод үзтэл захидал шиддэг програм байх ба баахан жагсаалтыг ч хамт агуулсан байна. Судлаж үзвэл вэбээс хуулж тавьсан бололтой, бас вэбээс дуудаж ажиллуулаад байна. Бүгдийг нь өөр тийш нь зөөгөөд, дахин бичих эрхгүй болгоод орхив.

Хэсэг ажиглавал бас бага зэрэг ачаалал ирж байна, ухаад үзвэл qmail их хэмжээний захидал гаргахаар ажиллаад байна. Жагсаалтыг нь үзвэл 10000 шахам зүйл явуулахаар хүлээгдэж байх ба нэг нэгэнгүй үзвэл тэр дундаас багахан нь л жинхэнэ байх юм. Жаал интернэт ухаж байгаад янзлах аргыг нь олоод янзлаад орхив. Ингээд сервер маань хэвийн болсонд сэтгэл амрав ....

2008-09-11

Шинэ хувилбар, RELEASE NOTES

Өнгөрсөн долоо хоногт нэг хэрэглэгчийнхээ файл серверийн системийг нь шинэчлэж өгөв. Өмнө нь Ubuntu 6.06 байсныг нь 8.04 буюу хамгийн сүүлийн хувилбар болгон солив. Ингэхдээ мэдээж өмнө нь хадгалагдаж байсан мэдээлэл, зарим нэг тохиргоонуудыг хадгалж авсан. Шинэхэн системээ суулгасны дараагаар Samba буюу файл серверийнх нь тохиргоог буцааж хуулаад ажиллуулахад ямар нэг алдаагүй эхэлж байсан боловч хэрэглэгчид маань файл сервер рүү хандах зарим тохиолдолд алдаа гарч байлаа. Тохиргооны хувьд гэвэл өмнө нь зүв зүгээр ажиллаж байсан тохиргоо, харин шинэ хувилбар дээр ажиллахгүй болсон байв. Хэрэглэгчийг ийм байдалд орхиж болохгүй, бас эхэлсэн ажлаа дуусгах ёстой.

Samba-ийн үндсэн хэдэн тохиргоог мэдэхээс нарийн сайн мэдэхгүй. Ингээд асуудлыг шийдэхээр туршилтын ажил эхлэв. Мэдээж ажил дээрээ буцаж ирээд яг ижилхэн системтэй, тохиргоотой сервер бэлднэ. Үүнийхээ дараагаар тохиргоог бага багаар өөрчлөх замаар асуудлын хүрээг нарийвчлахыг оролдоно. Хэсэг үзсэний дараагаар учир нь олдохгүй байсан тул сэтгэл санаа тавгүй болж эхлэв. Ядаж байхад хэрэглэгч маань файлуудаа авах шаардлагатай байна хэмээн утасдаж эхэллээ. Эцэст нь сүүлд шинэчлэгдсэн 3.0.28a болон хуучин байсан 3.0.22 хувилбарын хооронд Samba дээр ямар өөрчлөлт орсныг судлах шаардлагатй болов. Бараг бүх програм хангамжийн шинэ хувилбарын талаар мэдээлэл нь RELEASE NOTES гэсэн файл дотор хадгалагддаг тул түүнийг нь олж үзлээ. Харж байхад энэ завсар аюулгүй байдлыг чангатгах зорилгоор програмд ч мөн суурь тохиргооны файл дээр ч хэд хэдэн өөрчлөлт орсон болохыг олж мэдэв. Судалгааны дүнд надад хоёр сонголт гарав. Эхнийх нь хуучин тохиргоон нь нээж, аюулгүй байдлын чанд байдлыг сулруулах, нөгөөх нь шинэ байдалд тохирсон тохиргоог хийж ажиллуулах. Би алиныг нь сонгосон гэж бодож байна? Мэдээж сүүлийнхийг нь. Сүүлийн зам нь өмнөхөөсөө илүү их ажиллагаатай, бас хүн бүрийн компьютер дээр тохиргоо өөрчлөх гээд хүндрэлтэй, залхуутай байсан ч энэ ажлынхаа ард гарав.

2008-09-01

Залхлаа, бууж өглөө

Шинэ юм турших дуртай зангаараа FreeBSD сервер дээрээ Cherokee гээд шинэ вэб серверийн програм суулгаж үзлээ. Хэрэглэх гэж хэсэг үзсэн боловч чадахгүй нь, бууж өглөө. Дөнгөж суулгаад л ажиллуулах гэтэл нэг цох илэрч, мэдээлснээр засууллаа. Өнөөдөр ахиад нэг сонин цох илэрч, ахиад л мэдээллээ. Залхаж байна. Бага сага юм хийж турших гэсэн боловч хэрэглэж дассан Apache-с маань хамаагүй өөр болохоор суралцахад багагүй цаг хугацаа шаардах бололтой. За болъёо, дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг Apache маань хамаагүй дээр юм байна. Бас нөгөө талаасаа Apache илүү урт хугацаанд хэрэглэгдэж, туршигдсан болохоор найдвартай ажиллагаа, аюулгүй байдал нь ч хамаагүй дээр.

2008-08-30

FreeBSD ба эхний бэрхшээлүүд

Ажлын шаардлагаас FreeBSD сервер байгуулах болсон талаараа бичиж байсан. Суулгах нь мэдээж ямар ч асуудалгүй явсан, ports-оо шинэчлэчихсэн бас цөмийг нь шинээр байгуулаад тавьчихсан. Ямар ч асуудал гарсангүй, хуучны сайхан цэг гэдэг шиг. Харин намайг хэрэглэдэг байхад дөнгөж шинээр гарч байсан portupgrade гээч юмтай жоохон асуудал үүсч магад шиг байна. FreeBSD дээр суулгасан програмууда шинэчлэх нь жоохон төвөгтэй юм шиг санагдаад байсан болохоор надад төдийлөн таалагддаггүй, гэтэл энэ portupgrade нь тэрхүү асуудлыг амарчлах ёстой юм. Гэтэл ашиглаж үзээгүй бас даагүй болоод ч тэр үү жоохон сонин санагдаад байна. Гэхдээ дөнгөж сая Cherokee гээд програмыг шинэчлэхэд харин их хялбар шиг санагдлаа. Portupgrade-г ашиглахаасаа өмнө ports-оо шинэчлэсэн байх ёстой бөгөөд түүнээс чинь хайж байгаад шинэ хувилбар гарсан эсэхийг шалгана. man дээрээс нь үзвэл -a гэж өгвөл илэрсэн хуучин програм бүрийг шинэчлэнэ, харин -n гэж өгвөл зүгээр л аль алийг шинэчлэх хэрэгтэйг гаргах юм байна. Сая portupgrade cherokee гээд програмаа шинэчлэчихлээ. Давгүй ээ.

Харин бас нэг асуудал гарсан нь cherokee гээд вэб серверийн програмыг суулгасан чинь эхлүүлэх скрипт нь ажиллахгүй байх юм. Харвал FreeBSD-ийн хөгжүүлэгчид хуучин байсан одоо байхгүй болсон -b гэх утгыг эхлүүлэх скриптээс аваагүйгээс болсон байхын олж мэдээд цохыг мэдээлснээр засуулж чадав. Одоо засагдсан. Нэг асуудал маань бүр мөсөн засагдсан, харин нөгөөх нь багахан судалгаа хийх л үлдэж байна.

2008-08-27

BIND дээр анхаарах зүйлс

Манай админууд DNS цоорхойн талаар нэлээн сайн мэдээлэлтэй байгаа бололтой бас тэгээд ихэнх нь сүүлийн шинэчлэлийг суулгасан гэдэгт итгэж байна. Зарим нэг үйл ойлголцох асуудлууд байгаа тул өөрийн хэмжээгээр багахан тайлбар өгөхийг хичээлээ.

Юуны өмнө сүүлд илэрсэн цоорхойг BIND-ын 9.2.8-P1, 9.3.4-P1, 9.4.1-P1 болон 9.5.0-P2 хувилбарууд дээр тус тус зассан байна. Та өөрийн сервер дээр ажиллаж байгаа хувилбарыг шалгахдаа named -v тушаалыг ашиглаарай. Хэрэв та эдгээр болон түүнээс хойшхи хувилбаруудыг ашигладаг бол "нөгөө" цоорхой засагдсан гэдэгт итгэж болно. Жишээ нь, миний нэг ашигладаг Ubuntu дээр BIND 9.4.2-P1 гэж харуулж байна, өөрөөр хэлбэл шинэчлэлтийг хийсэн гэсэн үг. Бас нэг FreeBSD дээр BIND 9.4.2 гэж гарч байна, гэхдээ сүүлд би энд байгаа зааврын дагуу засварыг нь хийсэн болохоор гайгүй байх. Гэхдээ ихэнх юникс болон линукс тархацууд нь нэгэнт гаргасан хувилбартаа аюулгүй байдлын засвар хийхээс шинэ боломж болон шинэлэг хувилбарыг оруулдаггүй. Тийм болохоор ихэнх тохиолдолд хуучин хувилбар дээр нь аюулгүй байдлын засварыг нь оруулаад хувилбарыг өсгөдөггүй. Үүнээс болж хуучин хувилбар харуулж болох ч хэрэв таны линукс тархац цоорхойг зассан талаар мэдэгдэл гаргасан бас та хамгийн сүүлийн шинэчлэлтүүдийг суулгасан бол бас санаа амар байж болно.

Бас нэг тохиргооны асуудал байгаа нь, хэрэв та query-source address * port 53; гэсэн тохиргоог идэвхижүүлсэн бол таных хэддүгээр хувилбар ч бай халдлагад өртөх бүрэн боломжтой. Учир нь халдлагаас сэргийлэх зорилготой системийг нь та дээрх тохиргоогоор хааж орхисонтой холбоотой. Миний хувьд гэвэл би PowerDNS гээд програмыг MySQL-тэй хослуулан хэрэглэдэг ба PowerDNS-д маань цоорхой илрээгүй. За амжилт залуусаа.

2008-08-22

DNS хадлагууд нэмэгдэж байна

Шуугиан дэгдээсээр байгаа DNS-ийн маань цоорхой жинхэнэ утгаараа ашиглагдаж, энэ нь улам бүр нэмэгдэх шинжтэй байгаа талаар аюулгүй байдлын мэргэжилтнүүд энд бас энд мэдээлсэн байна. Хэдийгээр сүүлд Kaminsky-ийн илрүүлсэн цоорхойг ихэнх томоохон компаниуд зассан боловч ихэнх серверүүд огт шинэчлэлт хийгээгүй байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Бас засвар орсон гээд байгаа BIND програмын хамгийн сүүлийн хувилбар дээрч cache poisoning халдлага хийж болж байгаа талаар мэдээлэл цацагдаад байна. Хэдийгээр нэг цоорхойг нь зассан боловч DNS маань дизайны хувьд алдаатай байгаа болохоор одоогийн байдлаар дээрх төрлийн халдлагаас бүрэн хамгаалах шийдэл олдоогүй байгаа бололтой. Сүүлд авсан мэдээгээр Мобинэт лав засвар оруулсан, Мэйжикнэт засвар хийж байгаа гэсэн мэдээлэл авсан. Харин бусадтай нь төдийлөн харилцаа байхгүй тул одоогоор мэдээлэл алга.

2008-08-15

Үүлэн тооцоолол

Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш хүчтэй яригдаж буй сэдэв бол яах аргагүй cloud computing. Энэ сэдвийг хөндөх гээд хүрч чадалгүй байж байтал блог анд Очко маань Үүл нэртэйгээр хөнджээ. Ам нээвэл уушиг нээ гэдэгчлэн үүлний талаар өөрийн санал бодлыг бас хуваалцахаар шийдлээ.

Үүлэн тооцоолол гэж юу вэ. Мэдээллийн технологийн компаниуд нь хэрэглэгчдэд чанартай, найдвартай бас хурдан үйлчилгээ үзүүлэхийн өөрийн дотоод тооцооллын хүчийг байнга сайжруулж, нэмсээр ирсэн ба үүний дүнд маш хүчирхэг цогц системүүдийг бүтээж чадсан юм. Ийм компаниудыг нэрлэвэл бидний сайн мэдэх Google, Amazon, Yahoo-с авахуулаад мэдэхгүй маш олон компаниуд байгаа. Тэд ийнхүү хүчин чадлыг нэмэгдүүлэх явцдаа нэг зүйлийг анзаарсан нь эдгээр хүчирхэг цогц системүүд маш их хэмжээний сул зогсолт, ашиглагдаагүй хүчин чадал юм. Үүнийхээ дараагаар тэд үүнийгээ хэрхэн ашиглуулах талаар эрэлхийлсний эцэст cloud computing гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тэнд өөрсдийн хүчирхэн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэж бөгөөд эдгээрийгээ танд түрээслэж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр танаас төлбөр авах систем юм. Ингэснээр тэдгээр том компаниуд ашиглагдахгүй байгаа хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэнд оруулж мөнгө олно, харин та эхний хөрөнгө оруулалтаас маш ихийг хэмжээд зогсохгүй хүссэн хэмжээгээрээ өргөжих, бас ашигласнаараа төлөх гэсэн шинэ боломжууд нээгдэж байна. Энэ зах зээлд хамгийн эхэлж Amazon.com орсон ба өөрийн S3, EC2, SimpleDB зэрэг сонирхолтой үйлчилгээнүүдийг маш боломжийн үнээр өгч байгаа. Харин сүүлд Google өөрийн AppEngine гэж үйлчилгээгээ эхлүүлсэн бөгөөд та python хэл мэддэг бол Google-ийн дэд бүтэц дээр суурилсан хүчирхэг систем байгуулах боломжийг олгож байна. Товчхондоо бол иймэрхүү, гэхдээ нарийн судалбал их юм байна лээ.

Цаашид яах вэ. Өнөөдөр cloud computing нь шинэ зүйл байхаа больсон, маш олон компаниуд ашиглаад эхэлчихсэн. Цаашид ч хүчээ авах хандлагатай. Эхний хөрөнгө оруулалт бага, бас үйл ажиллагааны зардалд хамаагүй хэмнэлттэй. Нэг төхөөрөмж авчихаад нөгөөх нь ажиллаж л байдаг, хэр хэмжээнд ашиглаад байгаа нь мэдэгдэхгүй. Харин cloud дээр өмнө хэлж байсанчлан шаардлагатай үедээ хүссэн хэмжээгээрээ авч хэрэглээд, хэрэггүй үедээ буцаагаад л өгчихнө. Бас дээрээс нь системийн администратор гэдэг хүн бараг шаардлагагүй гээд олон асуудлаас шинэхэн бизнесүүдийг салгаж байна. Ирээдүйд зөвхөн өндөр чадвартай мэргэжилтнүүд үлдэж харин доод болон дунд түвшний мэргэжилтнүүд "лааз өшиглөх" магадлалтай болоод байна. Цахилгаан анх үүсч байхад компани бүр цахилгаанчин, цахилгааны менежер гэдэг хүнтэй, тэд нь маш том байр суурь эзэлж, бүр дээд түвшний удирдлагад хүртэл ордог байсан түүх бий. Харин тэд ажлаа хэтэрхий сайн хийснээс болоод цахилгаан өнөөдрийн хэмжээнд хөгжиж, тийм мэргэжил устаж үгүй болсон. Ер нь мэдээллийн технологийн ирээдүйг олон хүмүүс бас ингэж л хардаг. Би ч бас ....

2008-07-31

DNS-ийн алдаа ба сэтгэл зовинол

Энэ бүхэн хагас жилийн өмнө Dan Kaminsky гэх аюулгүй байдлын мэргэжилтэн санамсаргүй байдлаар DNS сервер дээр cache poisoning төрлийн халдлагыг хялбар бөгөөд үр дүнтэй хийх арга олсон тэр цагаас эхэлсэн. Мань нөхөр эхлээд өөртөө төдийлөн итгээгүй бас ийм амархан байна гэж санаагүй юм шиг байгаам. Үүнийхээ дараагаар хэдэн аюулгүй байдлыг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, жинхэнэ халдлага хийж болох эсэхийг шалгасныхаа дараагаар энэхүү цоорхой нь ямар их хор хохирол авчирч болохыг олгоод DNS серверийн програм хийдэг томоохон компаниудтай уулзалт зохион байгуулсан. Дүнд нь алдааны талаар олонд зарлагдаагүй байхад тэдгээр компаниуд сар гаруйн өмнө програм хангамжиндаа засвар оруулж, түгээх сүлжээгээрээ тараасан. Томоохон програм хангамжийн компаниудын засварыг хийснийхаа дараахан тэрээр хэвлэлийн бага хурал хийлгэж ноцтой алдаа илрүүлсэн, засагдсан болохыг зарласан. Мөн Black Hat дээр цоорхойн талаар дэлгэрэнгүй мэдээллийг задлахаа ч нуусангүй. Харин бусад аюулгүй байдлыг мэргэжилтнүүд энэхүү алдаа чухам юу байв, хэрхэн хадлага үйлдэх гэх мэт техникийн асуудлуудаас гадна цоорхойны талаар мэдээллийг ийнхүү нуух нь зүйд хэр нийцэх гээд ёс зүйн асуудлуудыг хүртэл хөндөөд амжив. Зарим хүмүүс ийнхүү нууцлаж байгаад програм хангамжийн компаниудаас засуулсны дараа задлах нь зөв, ингэснээр их хэмжээний хор хохирол учрахгүй гэж үзэж байхад ингэж нуух нь хүмүүсийг төөрөгдөл, хүлээлтэнд оруулж энэ хойгуур нь атгаг санаатнууд энэхүү цоорхойг аль хэдийнээ мэдээд ашиглах боломжтой гэж зарим хэсэг нь үзэж байх юм. Аль алинд нь сайн болоод сул тал бий. Аюулгүй байдлыг мэргэжилтнүүд цоорхойн талаар илүү ихийг мэдэхээр эрэлхийлж байх хойгуур нэгэн reverse engineering-ийн мэргэжилтэн хийгдсэн засварыг задалж, тайлж уншсанаар энэхүү оньсого мэт цоорхойн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацагдав. Ингээд Dan Kaminsky үнэнээ хүлээж, цоорхойн талаар мэдээллийг олон нийтэд цацав.

Энэ яг ямар алдаа байв? DNS буюу домэйн нь бид ойлгож, цээжлэхэд хялбар www.dulmandakh.com гэж интернэтийн хаягийг компьютерт ойлгогдох 202.131.4.20 гэсэн IP хаяг руу хөрвүүлдэг систем юм. Өөрөөр хэлбэл интернэт хэрэглэгчид өөрийн мэдэлгүй алхам тутамдаа ашиглаж байдаг юм. Харин эдгээр домэйн нэр нь маш олон домэйн серверт тархан байрласан байдаг ба асуусан домэйн нь аль нэг серверт байхгүй бол бусад серверүүдээсээ хайн олоод тухайн хариултыг тодорхой хугацаагаар өөрт хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл бид компьютер дээрээ домэйн серверээ 202.131.0.10 гэж тохируулсан байсан бол энэхүү сервер маань надад хэрэгтэй мэдээллийг олох хүртлээ хайж олоод, дараа ахин хайхгүйн тулд тодорхой хугацаанд өөр дээрээ хадгалдаг буюу cache хийдэг. Харин dns cache poisoning халдлагыг гол зорилго нь тэрхүү сервер дээр түр хадгалагдсан байгаа мэдээллийг өөрчлөх, хордуулах замаар www.dulmandakh.com руу орох гэсэн хүнийг шал өөр сервер, вэб руу оруулахад оршино. Өөрөөр хэлбэл та өөрийн банкны вэб рүү нэвтрээд нууц үгээ хийж байна гэж бодож байхад үнэн хэрэгтээ шал өөр "хорт санаатны" вэб рүү орчихсон өөрийн санхүүгийн мэдээллээ алдаж байх аюултай юм. Сүүлд илэрсэн алдаа нь энэхүү ажиллагааг маш хялбархан, бас илүү үр дүнтэй хийх боломжийг олгож байснаас гадна зөвхөн аль нэг компаний програм хангамжийн бүтээгдэхүүнд бус маш олон програм хангамжийн бүтээгдэхүүнд илэрсэн нь томоохон аюул дагуулж байсан юм. Бидний мэдэх ISC Bind, Microsoft DNS, Cisco гээд бүгд л алдаатай, засвар хийсэн. Өөрөөр хэлбэл интернэтийн бараг бүх хэрэглэгчдэд аюул учирч байгаа юм. Бараг гэж хэлдэг нь djb dns, powerdns гэх програм хангамжууд өртөөгүй.

DNS cache poisoning гэдэг алдаа цоо шинэ эд биш. Энэ талаар өмнө нь хүмүүс ярьдаг, бичдэг, ижил төрлийн алдааг илрүүлж, засч л байсан. Гэхдээ энэ төрлийн алдаанаас хэрхэн сэргийлж болох талаар бидний сайн мэдэх qmail програмын зохиогч D. J. Bernstein олж нээгээд өөрийн djbdns програмд хэрэгжүүлсэ байдаг. Харин энэхүү djbdns нь сүүлд илэрсэн цоорхойд өртөөгүй. Үүнээс үүдэн олон асуулт, асуудлууд урган гарсан. Бид алдааг илэрхлээр нь тухай бүрт нь засч байх уу? Эсвэл дизайны алдааг илрүүлж, үүнээс болж гарсан болон цаашид гарах цоорхойнуудаас сэргийлж байх уу? Хэрэв Bernstein-ы зөвлөлгөөг дагасан бол өнөөдөр ийм хүнд нөхцөл үүсэхгүй л байсан байх.

Хамгийн сонирхолтой нь энэхүү алдааны талаар цуурхал бас засвар нь гараад сар гаран болсон, ямар их аюул дагуулж болох талаар бүгд мэдээд долоо хоног гаран болсон. Энэ хугацаанд бүр Metaspoit дээрх exploit буюу халдлага үйлдэх програм нь гарчихаад байхад монголын ихэнх интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд програмаа шинэчлээгүй байгаа нь гайхалтай. Өөрөөр хэлбэл та үнэхээр өөрийн үзэх гэсэн вэбээ үзэж байгаа юу гэдэг сонин асуулт урган гарч байна. Энэ мэт олныг хамарсан алдааг илүү богино хугацаанд засварлах, аюулыг эдгээр хариуцлагатай хүмүүст таниулах ажлыг хэрхэн зохион байгуулбал зүгээр вэ? Ямар арга хэмжээ авбал зохих вэ? Энэ асуултын хариуг хамтдаа хайцгаая. Сэтгэгдэл үлдээгээрэй.

2008-04-19

2008 оны серверүүдийн найдвартай ажиллагаа

Серверийн үйдлийн системийн найдвартай байдлыг үйл ажиллагаа нь жилд хэр удаан зогсолт хийснээр тооцож гаргадаг. Yankee Group 2007 оноос 2008 хүртэлх серверийн үйлдлийн системийн найдвартай байдлын судалгааг гаргасан бөгөөд үүнд нь дэлхийн 27 орноос 700 гаруй хэрэглэгч оролцсон байна. Тэргүүн ялагчаар IBM AIX UNIX орсон бөгөөд жил зөвхөн 30 минутын зогсолт хийсэн байх юм. Линуксуудаас RHEL болон Novel SuSE тэргүүлж бөгөөд өмнөх жилийнхээсээ зогсолтоо 75%-р бууруулж 1 гаруй цаг болгож чадсан бол Windows 2003 энэ үзүүлэлтээ 25%-р нэмж жилд нийт 9 цаг зогсолт хийсэн байх юм. Энэ жилээс шинээр орсон Ubuntu 1 цаг гаруйн зогсолт хийж хүмүүсийг гайхшруулсан байна.

Мэдээлийн технологийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа чухалд тооцогдох болсон өнөө цагт серверүүдийн зогсолтгүй ажиллагаа маш чухал болоод байгаа. Доголдол гарахгүй, гарсан ч системийг зогсоолгүйгээр сэргээх боломж, үүнийг хийх чадвартай хүмүүс өндрөөр үнэлэгдэх болсон. Харин Монгол Улсын маань хувь ямар байна вэ? Миний бодлоор банк санхүүгийн салбараас бусад газар төдийлөн ач холбогдол багатай байх шиг. Хотын төвөөр тог тасрахад төд удалгүй бидний интернэт хаа сайгүй доголдсон тохиолдол саяхан. Бас зарим нэг ISP-уудын ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болоод "Уучлаарай санамсаргүй сүлжээг нь салгачихаж", "Тэжээлийг нь хөндийрүүлчихлээ", "Firewall дээр буруу юм заагаас хамаг юмыг чинь хаачихлаа" гэх хариултууд сонсогдох юм. Энэ хэр зохистой вэ? Гэтэл цаана чинь жилийн зогсолтыг минутаар тооцоод байна. Тог тасрах гэдэг үзэгдэл энд байсаар л байна, гэвч үүнд нь хэн ч хариуцлага хүлээдэггүй.

2008-03-01

Ubuntu серверүүд шинэчлэгдлээ

Хэрэв та Ubuntu хэрэглэдэг бол эсвэл сүүлийн нэг сарын хугацаанд http://mn.releases.ubuntu.com дээрээс ямар нэг Ubuntu-ийн хувилбарыг татаж авсан бол хурд нэмэгдсэн болохыг анзаарсан байх. Жишээ нь өчигдөрхөн би өөрийн ашиглаж буй системээ шинэчлэхэд 2804Kb/s хурдтайгаар богцуудыг татаж, бараг нүд ирмэхийн зуур шинэчлэчихэж байна лээ. Би өөрийн блогийг хэд хоног зогсоосны эцэст сервер дээр шинэчлэл хийсэн талаар хэлж байсан. Ингээд энэхүү шинэчлэлтийн дараа Ubuntu-ийн толин сервер үүсгэх ажил маань эхэлсэн бөгөөд хувилбаруудыг татах сервер хэдхэн хоногийн дараа, харин шинэчлэлийн буюу архив сервер нь өнгөрсөн бүтэн сайн өдөр бэлэн болсон юм. http://mn.releases.ubuntu.com хаяг дээрээс та Ubuntu-ийн Ubuntu, Kubuntu, Edubuntu-ийн сүүлийн 3 хувилбарыг татаж авах боломжтой, энэхүү сайт нь 500 гаруй файлаас бүрддэг. Харин http://mn.archive.ubuntu.com буюу Ubuntu дээр програм хангамж суулгах, шинэчлэхэд хэрэглэгддэг сайт маань 380 гаруй мянган файлаас бүрддэг ба одоогийн байдлаар шөнөдөө нэг удаа шинэчлэгддэг.

Дашрамж дурдахад Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ нь Монгол Улсад нээлттэй эхийн үзэл баримтлал, нээлттэй эхийн програм хангамж, нээлттэй стандарт, нээлттэй агуулгыг олон нийтэд таниулах, сурталчлах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээд олон ажил хийж буйн нэг нь Ubuntu-ийн толин сервер билээ. Энэхүү толин серверийг ажиллуулснаар Монголын Ubuntu хэрэглэгчид богино хугацаанд шинэ програм суулгах, системээ шинэчлэх болон шинээр татаж авах боломжтой болсон юм. Мөн линукс хэрэглэгчдийг нэгтгэх, дэмжих зорилгоор ЛиМНукс бүлгэмийг дэргэдээ ажиллуулдаг ба хэрэв та линукс сонирхогч, хэрэглэгч бол http://www.limnux.org хаягаар орж бусадтай холбогдон, өөрсдийн туршлага мэдлэгийг хуваалцахыг урьж байна. Цаашид зөвхөн нээлттэй эхийг ойлгоод хэрэглэх бус өөрсдөө хөгжүүлэх, үүсгэх чиглэлд илүү түлхүү анхааран ажиллаж байгаа ба тун удахгүй энэ бүхний дээжээс та бүхэндээ хүргэж болно.