2006-11-29

Сайжирсан байна шүү

Саяхан Ubuntu дээрээ DVD бичих гэж GnomeBaker гээд нэмэлт програм суулгаж байсан. Гэтэл өнөөдөр би тэрхүү нэмэлт програмгүйгээр зүгээр л DVD бичдэг болж. GNOME болон Nautilus ийм хэмжээнд хүртэл хөгжөөд сайжирсан байна. Миний ашигладаггүй, мэддэггүй маш олон боломж байдаг тэдгээр нь ч мөн адил мэдэгдэхгүйгээр сайжирч л байгаа байх. Нээлттэй эхийн програм хангамж хувилбар хувилбараар биш харин минут хором бүрт улам бүр сайжирсаар байдаг. Энэ талаар өмнөх блог дээрээ ч бичиж байсан. Хурдан байна шүү.

Нээрээ Fedora 6-д овоо хэд хэдэн шинэчлэлт орсон гэхээр нь туршиж үзэх гэж DVD iso-г татаж авсан шүү дээ. Одоо шарчихлаа. Бас fedora 6 DVD iso эсвэл бичүүлж авах хүн байвал надтай холбоо бариарай. Харин миний хамгийн дуртай Ubuntu тархацыг http://mn.releases.ubuntu.com хаягаас татаж авч ашиглах боломжтой, мөн надтай холбоо барьсан ч болно. Харьж унтъя байз.

Өчигдөр сайхан пиводсон шүү

Өчигдөр "Их Монгол" уушийн газар Буянцогтоо ах, Үнэнбат, Нямдорж бид 4 жаал элдвийг ярилцаж суулаа. Мэргэжил, сонирхол нэгтэй болохоор нээлттэй эхийн програм хангамж, аутсорсинг, web 2.0, ирээдүйн чиг хандлага гээд ер нь хамж авч яриагүй сэдэв гэж байхгүй байхаа. Энэ өдрийг уулзалтын гол зорилго нь танилцах, санал бодлоо хуваалцах цаашид хамтарч хийх ажлуудын талаар бас ярилцах байлаа. Бидний хамгийн түрүүнд хийх, хамгийн том ажил нь "Мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэв дор лекц зохион байгуулах юм. Энэхүү лекц нь хамгийн гол нь мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтой байх гэсэн үндсэн шалгууртай байх бөгөөд илтгэгчид бүгд өөрийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж болох гэж бодож буй зүйлийнхээ талаар илтгэл тавих ёстой. Энэ бүгд хэнд хэрэгтэй, ямар ашигтай вэ?

Хэнд чиглэж байгаа вэ гэдгээс ямар ашигтай, хэнд хэрэгтэй нь тодорхой болно. Бид ярилцаж байгаад дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа, их сургуулиа төгсөх гээд дипломоо бичих гэж байгаа, төгсчихсөн ажиллаж байгаа болон энэ салбарт ажилладаг компаниуддаа өөрсдийн үзэл бодлоосоо хуваалцаж, чиг хандлага болж буй зүйлсийн талаар хувиасаа танилцуулах гэсэн юм. Өнөөдөр хүн бүр тал талын мэдээлэл авч чадахгүй байгаа, чадах ч үгүй харин бидний харж байгаа зүйлсийг тэд ч бас хараасай гэж хүсч байна. Тэр чиг хандлага чинь тэгээд юу вэ? нээлттэй эх мөн үү? аутсорсинг мөн үү? web 2.0 мөн үү? эдгээрт ямар бодлого хэрэгтэй вэ? энэ бүх сэдвээр илтгэл тавьж хүмүүстэй чөлөөт ярилцлага хийнэ. Танд өөр нэг санаа байгаа бол бидэнтэй хуваалцаач, хамтдаа нэгдээд ажиллацгаая. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

Ямар нэг юм болоход "Их Монгол"-д орсоор байгаад сурчихаж, бас дажгүй ч газар. Пиво уунгаа мэргэжил, сонирхолт нэгт хүмүүстэй элдвийг ярьж олж хараагүй зүйлээ харж, ойлгож чадахгүй байсан зүйлсээ ойлгох ч сайхан байдаг шүү. Дээрх арга хэмжээг 1-р сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд явцын дунд илүү дэлгэрэнгүй мэдээлэл түгээж, сурталчилгаа хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

Хачин юм шүү

Өчигдөр өнөөдөр хоёр багагүй үзэж байж нэг "мэйл" сервер босголоо. Сүүлийн үед BSD гэхээсээ илүү линуксчин болсон болохоор линукс сервер тавилаа, дээр нь postfix, courier-imap, squirrelmail гээд. Багагүй үзэхдээ өмнө нь FreeBSD дээр гарч байсан шиг асуудал гарах болов уу гэж бодоод яг тийм асуудлыг линукс дээр шийдэх гээд ихэнх цагаа өнгөрөөчихсөн байх юм. Асуудал юу вэ гэхээр Squirrelmail-н нэвтрэх үг солидог plugin суулгаад хэрэглэгчид нь өөрийнхөөрөө нэвтрэх үгээ солидог юм хийх гээд FreeBSD дээр нэг л болоогүй. Ингэхдээ poppassd эсвэл courierpassd суулгаад түүнийгээ нэвтрэх үг солих plugin даа тохируулж өгөх юм. Эдгээр програмууд нь серверийн програм бөгөөд нэвтрэх үг солихоос өөр юм ч хийдэггүй. Гэтэл FreeBSD дээр болсонгүй ч гэж дээ болгож чадаагүй, энэ асуудлаа линукс дээр шийдэх гэж хайсан боловч эцэст нь ийм асуудал байдаггүй болохыг олж мэдлээ. За тэгээд бас онцын хэрэгцээгүй бол postfix+MySQL гэсэн сонголт дэмий болохыг бас их ухаарлаа. Өмнө нь exim, qmail ашиглаж бас postfix-р хамгийн энгийн мэйл сервер суулгаж байснаас өнөөдрийнх шигийг суулгаж байсангүй. Дээрээс нь өөрийн сервер байсан бол яаж ийж байгаад л явуулаад байна, харин өөр хүн цааш авч явах учир тухайн хүндээ их хялбар болгох гэж ихээхэн хичээв. За тэр ч яахав.

Суулгаж дуусахад Postfix + Courier + Squirrel + Amavis + Clamav + SpamAssassin гэсэн бүрэлдэхүүнтэй мэйл сервер ажилж эхлэв. Гаднаас юм ирж байна, гадагшаа явуулж байна, дотроо ч бас явж байна. Вирусын эсрэг хамгаалалтыг шалгахад үнэхээр хачин зүйл болов. Юу вэ гэхээр таны вирусын эсрэг програм ажиллаж байгаа эсэхийг вирус энэ тэр хайж явалгүй EICAR текстэн мэдээлэл эсвэл файлаар шалгаж болно. Түүнийг ямар ч вирусын эсрэг програмууд вирус гэж таних ёстой боловч өөрөө ямар нэг хор байхгүй. Хамгийн энгийн нь ийм текст:

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

Ийм агуулгатай захидалыг вирустэй гэж таних ёстой гэтэл

> X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

гэснийг вирус гэж танидаггүй байгаа даа. Сонин шүү. Та мэдэж байвал мэдлэгээсээ хуваалцаач. Ингэхдээ clamav 0.88.2 болон amavis 2.3.3 хувилбар ашиглаж байгаа. Нээрээ хэрэв та СПАМ-н эсрэг хамгаалалт ажиллаж байгаа эсэхийг шалгах арга мэдэж байгаа бол хуваалцаачээ гэж хүсмээр байна.

PHP community нээгдлээ

Сүүлийн үед монгол дахь нээлттэй эхийн програм хангамжийн хэрэглээ өргөн дэлгэр болж байгаа нь сайшаалтай. Гэвч бас зарим нэг гол утга санаануудыг ойлгохгүй байх шиг. За тэр ч яахав энэ тал дээр ажил хийгдэх байх. Энэхүү блогийг бичиж байгаа учир нь монголд PHP сонирхогчдыг нэгтгэх зорилготойгоор http://www.phpmn.org сайт шинээр нээгдсэн байх юм. Энэхүү санаачлагыг OpenMN-ий анд Хүрэлбаатар санаачлан эхлүүлж байгаа юм байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг байдаг түүний дагуу бид үзэл бодол, сонирходог зүйлсээрээ нэгдэн нягтарч бүхэл болох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ нь үзэл бодлын фракц, бизнесийн бүлэглэл шиг биш харин мэдлэг, мэдээлэл туршлагаа солилцдог ингэхдээ өөрийн биш харин нөхдийн эрх ашигийг дээдэлдэг байх нь чухал байдаг. Түүнд би амжилт хүсч байна.

Cola уухгүй ээ

Мэссэнжэрээр маш их хэмжээний мэдээлэл эргэлдэж байдгийг бүгд л мэднэ дээ. Харин өнөөдөр Eberx-н бичсэн нэг мэдээлэл ирэхээр нь үзлээ. Тэгсэн мань хүн бидний уух дуртай Кола гэдэг зүйлийн тухай овоо хэдэн шүүмжлэлийг цуглуулж бичжээ. Үүн дээр нэмээд өөрийн хэдэн санааг хэлэх гэсэн юм.

Ноднин шинэ жилийн өмнөхөн би тавхайныхаа ясыг цуулаад, анх удаа "ясны" гэмтэл авч үзлээ. Алхаж явж болохгүй, гипстэй, гутал таарахгүй гээд их зовлонгууд байсан, гэвч эдгээрээс Кола бас их нөлөө үзүүлж байлаа. Юу вэ гэхээр ажил дээр сууж байхад ам цангахад Кола уувал яс их янгинаж өвдөнө. Гэхдээ нэг өвдөөд зогсохгүй тэр өдрөө бас маргааш нь өвдөнө. За бас өвтгөөд зогсохгүй нөгөө эдгэж байгаа хөлөнд минь их нөлөөлж, эдгэрэлтийг ихээхэн удаашруулж байна лээ. Тэрнээс хойш ер нь Кола, хийжүүлсэн ундаа уухаа эрс багасгасан. Сүүлийн үед бүр огт уухгүй байхаар хичээж байгаа боловч хааяа уучаад бас болохгүй юмаа. За тэгээд та бүхэн өөрийн мэргэн оюундаа тунгаад бодно биз дээ.

2006-11-27

GNOME-н гишүүний эрхээ эдлэв

Өнгөрсөн 6-р сарын сүүлээр GUADEC гээд GNOME-н хуралд оролцож ирээд GNOME Foundation-д гишүүнээр элссэн билээ. Гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авсны дараа тэд таны талаар сайн мэдэх гурван гишүүнээс таны талаар лавлагаа авсны эцэст таны гишүүний эрхийг баталгаажуулдаг, энэ л шатаар явж би гишүүн болсон юм. Гишүүнээс элссэнээр та GNOME Foundation-ы зарим нэг үйл ажиллагаанд албан ёсоор оролцох боломжтойгоос гадна GNOME-н удирдах зөвлөлийн сонгуульд өрсөлдөх болон санал өгөх эрхтэй болох юм.

11-р сарын эхнээс авахуулаад хэн удирдах зөвлөлд орох талаар хэлэлцүүлж, гишүүд маань ч өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж нэр дэвшээд байгаа билээ. Уг сонгууль нээлттэй явагддаг бөгөөд уг нэр дэвшигчдээс хэн ч дурын асуулт асуух боломжтой байдаг юм байна. Энэ удаагийн сонгууль 11 хүн нэр дэвшсэн бөгөөд хүн бүр 7 хүртэлх нэр дэвшигчид санал өгөх боломжтой бөгөөд тэдгээрээс хамгийн их санал авсан 7 хүнд удирдах зөвлөлд сууж GNOME Foundation-ы үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм. Миний хувьд Испанид явж байхдаа танилцсан, хэн илүү хөдөлмөрлөдөг болон хэн илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлснийг харгалзан өөрийн саналыг өглөө. Ингэж анх удаа өөрийн шинээр олгогдсон эрхийг эдэлж үзлээ, миний гишүүнчлэлийн хугацаа ирэх 8-р сард дуусах ба тэр үед өөрийн гишүүнчлэлийн хугацааг бас сунгах боломжтой юм байна лээ.

2006-11-24

Линукс ба суперкомпьютер

TOP500 сайт нь дэлхий дээр байгаа суперкомпьютеруудын жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэдэг билээ. Энэ 11-р сард бас нэг шинэчлэсэн бөгөөд эхний хэдэд IBM жагсаж яваа. Саяхан тэнэж яваад эдгээр суперкомпьютеруудын 75% дээр нь линукс ажилладаг гэсэн статистикийг үзлээ. Өнөөдөр харин сууж байгаад дээрх тоог бататган харахаар TOP500 руу орж шалгатал үнэхээр тийм байна. Мөн линукс хамгийн анх хэзээ энэхүү жагсаалтанд орж ирснийг харахад 1998 оны 6-р сард анхны 1 ширхэг суперкомпьютер орж иржээ. Тухайн үед 3 ширхэг нь BSD, бусад нь UNIX буюу төлбөртэй Unix ашигладаг байжээ. Гэтэл өнөөдөр хамгийн их буюу 376-г линукс, 86-г Юникс, 3-г BSD ажиллуулдаг байх юм. Ингээд харахад линуксын маань эзлэх хувь хэдхэн жилийн дотор огцом өссөн байхад, юникс харин эзлэх жингээ ихээхэн алджээ. BSD-н хувьд тооны хувьд өөрчлөлт гараагүй ч цагийн явцад басхүү өгсөж уруудаж явсан байх юм.

Үүний нэгэн адилаар сүүлийн жилүүдэд бүхий л салбарт линуксын эзлэх байр суурь улам бүр өсөн нэмэгдэж байна. Гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сервер, гэрийн компьютер, халаасны компьютер, робот гээд ороогүй, ажиллууллагүй төрөл зүйл гэж үгүй болсон мэт. Эцэст нь линукс гэж нэг супер үйлдлийн систем юм уу даа, цаашид ч гэсэн улам бүр өсөх хандлагатай.

TOP500-н статистик мэдээллийг эндээс авна уу.

Ардын багш

Хавраас хойш нийт 5 удаа багшийн ажлыг хийсэн байх юм. Энэ хугацаандаа олж мэдсэн зүйлс, өөрийн бодож явдаг зүйлсийн талаар бичье гэж бодоод бас л залхуураад явж байтал өнөөдөр Баянаа загтнасан газар майжих шиг боллоо. Ингээд ер нь бодоод явсан зүйлийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Анх багшлах саналыг Магсар анд хавар тавьж байсан санагдана. Түүнтэй бид анхны Unix Beer Party дээр танилцсан бөгөөд түүнээс хойш сайхан нөхөрлөж байгаа билээ. Тэрээр Важпайн нэрэмжит сургалтын төв дээр юникс үйлдлийн системийн талаар хичээл орооч гэж санал тавьсны дагуу зөвшөөрч хичээл орохоор болсон. Гэтэл хүнд хичээл заах, мэдлэг өгөх гэдэг нь тийм ч амар ажил биш болохыг тэгэхэд л ойлгосон. Өөрөө болохоор юникс гэдэг юмаа давгүй суулгаад тохируулаад чадахаараа л бүх зүйлийг нь болгоод байдаг, хүнд тэр бүгдийгээ хүргэх гэж, өгөх гэж шаггүй махаа идсэн шүү. Анхны хичээлийг "нисэхийн" гэдэг тодотголтой хүмүүст заасан, дараа нь харин тус сургалтын төвийн сурагчдад заасан. Хоёр дахь удаадаа багагүй туршлага хуримтлуулсан байсан боловч мөн л адил шаггүй ажил байлаа. Сүүлд намар бас нэг хичээл зааснаар тус сургалтын төв дээрх хичээлүүд дууслаа. Энд тулгарсан хамгийн гол хүндрэл нь оюунтнууд нь хичээлээ их тасална. Үүний улмаас нэг ярьсан зүйлээ байгаагүй хүмүүст товчлон хэлэх, цаг дэмий үрэх хэрэг гарна.

Энэ сард харин "төрийн албан хаагч" гэдэг тодотголтой хүмүүст хоёр удаа хичээл заах саналыг авлаа, бас бус багш нар олж өгөх ч даалгавартай дагалдсан юм. Нэг нь бүх яамдын нөгөөх нь засгийн газрын агентлагийн ажилтнуудад. Өөрөө "Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж", "Юниксийн үндсэн ойлголтууд", "Samba ашиглан файл сервер үүсгэх" гэсэн хичээлүүдийг авч Баянаа цахим шуудан, Үнэнбат вэб сервер, Баска ах мэдээллийн аюулгүй байдлын талаар хичээл орохоор боллоо. Баянаа өөрийн хичээлийн талаар блог бичсэн байна лээ. Энэ удаад өмнөхийг бодвол мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бас зарим нь юниксийн талаар бага ч болов мэддэг гэдгээрээ илүү хялбар боловч зарим нэг үл ойлголцлын улмаас цаг их давчуу байсан учир зөвхөн "Юниксийн үндсэн ойлголтууд" хичээлийг л шахаж амжуулж байлаа. Уг хичээлийнхээ хүрээнд Ubuntu линукс ашиглан юниксийн түүх, хэрэглэгчийн данс, файлын систем, файлын эрх болон Ubuntu линуксыг суулгах, програм хангамж нэмж суулгах зэрэг сэдвүүдийг багтаалаа. Бид боломжоороо суулгаж үзэх, тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан гэж итгэж байгаа. За ингээд асуудалдаа оръё.

Баянаагийн хэлж байсанчлан аль ч байгууллагын мэргэжилтэн нь К үсгээр эхэлсэн бүх юмыг хийдэг гэсэн асуудлыг бас надад ярьж байлаа. Тэр дотор байгаа бүх сервер, бүх хэрэглэгчдийн компьютер, сүлжээ гээд л бүх юм. Ийшээ ч нэг дуудагдана, тийшээ ч нэг дуудагдана. Бараг бүгд л ямар нэг асуудалтай, судлах сурах зав тэдэнд гарахгүй, гэтэл хийх юм маш их. Нэг байгууллага нь шуудангийн сервер суулгах гээд 2 сар гаран болж байна гэсэн шүү. Яагаад мэддэг, чаддаг хүмүүсээр нь хийлгэж болдоггүй юм бол? Гадны хүнээр хийлгэх нь мэдээллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцэхгүй, харин мэдэхгүй чадахгүйн улмаас ажил хойшлох, эсвэл чанаргүй хийх нь мэдэллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцдэг юм байх даа? Ойлгохгүй юм. Энэ тал дээр төр засаг маань анхаарч зарим нэг талын арга хэмжээ авмаар юм. Хүмүүсийг нь нэмээд чиглэл чиглэлээр нь явуулдагсан уу, эсвэл зарим нэг ажлуудыг аутсорс буюу компаниудаар хийлгэх шаардлагатай байна. Ийм нэг дуу хоолойг бүгдээрээ нийлж дээд тушаалын албан тушаалтнуудад хүргэх хэрэгтэй болов уу.

2006-11-22

Unix Beer Party шинэчлэлт

Альваа зүйл нь цаг хугацааны эрхэнд шинэчлэгдэн сайжирч байх ёстой гэж хувьдаа үздэг. Гэхдээ мэдээж хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд шүү дээ. Зарим зүйлс цагийн аясаар өөрөө сайжруулагдан шинэчлэгддэг, харин зарим нь заавал зарим нэг зохицуулалт, хярмайлт шаарддаг. Миний бие, бас бусад зарим нөхөд маань Unix Beer Party гээч зүйлийг өөрчлөх, цагийн шаардлагыг тусгах хэрэгтэй байгаа талаар яриад багагүй хугацаа өнгөрч байгаа, гэвч хэрхэн?

Удахгүй Unix Beer Party маань нэг ой хүрэх гэж байна, зогсолтгүй үргэлжилсээр л байна. Юникс төст болон линукс системийн сонирхогч, хэрэглэгчдийг холбодог, туршлагыг хуваалцуулдаг цорын ганц тогтмол арга хэмжээ. Энэ өдөр зарлалын дагуу хүссэн хүн нь ирээд бусад хүмүүстэй танилцаж, мэдээлэл туршлагаасаа хуваалцдаг, нэг нэгээсээ шинийг байнга сурч байдаг. Үүнийхээ хажуугаар алжаал тайлах сайхан далим болж өгдөг. Анхаарах зүйл нь өөрийн гаргасан зардлыг бүрэн төлөх. Гэвч энэ байдлаараа үргэлжлэх нь зүгээр боловч илүү үр өгөөжтэй болгож сайжруулах хэрэгцээ байна.

Энэ сард "Мягмар гарагийн уулзалт" гэдэг уулзалтанд Үнэнбат, Баянзул нарын хамт очин ямархуу зүйл хэрхэн зохион байгуулагддагийг сонирхолоо. Эхлээд хөтөлбөртэй нь зар тараачихна, оролцох хүмүүсээ бүртгэчихнэ. Гэхдээ заавал бүртгүүлэх ёстой учир нь тэнд танд зориулж ширээ засаж оройн хоолынг бага сага уух юмтай захиалга өгч бэлдүүлнэ, энэ бүгд 5000 төгрөг. Дажгүй байгаа биз. За тэгээд хөтөлбөрийн дагуу хүмүүс хийсэн, хийх гэж буй зүйлсийнхээ талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Явцын дунд протокол хөтөлж сүүлд нь тайлан бэлддэг бололтой байсан. Энэ үнэхээр авууштай санаа.

Unix Beer Party маань тогтмол ирдэг 6-8 хүнтэй болчихлоо цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Мөн Монголын Юникс Хэрэглэгчдийн Холбоо маань ч овоо нэр хүнтэй болоод ирлээ, энэ алхам тутамд минь мэдрэгддэг юм шүү. Иймд бид уулзалтынхаа эхний 30 орчим минутад тодорхой нэг асуудлаар танилцуулга хийж, үлдсэн цагт нь хамгийн гол асуудал болох танилцах, мэдээлэл, мэдлэг туршлагаа солилцож, чөлөөтэй ярилцах ёстой юм. Тэгэхлээр өнөөдрийн явж байгаа зүгээр л Их Монголын нэг сул шийрээнд суух нь зохимжгүй харин нэг тусгай өрөө байх хэрэгтэй болж байна. Иймд бүгдээрээ вэб сайт дээрээ Unix Beer Party-н булан нээе эсвэл бүр вэб сайт ч байж болох. Тэндээ уулзалтын байрыг ивээн тэтгэж буй газрынхаа сурталчилгааг байрлуулах хэрэгтэй, бас түүгээрээ дамжуулан зарлалаа тарааж бас үр дүнг нь нийтлэж байх ёстой. Үр дүнд гээд сүртэй зүйл байхгүй ш дээ танилцуулга хийсэн файл нь, бас яригдсан зүйлсийн товч. Энэ маягаар шинэчлэх юм бол бидний хүрээ тэлж, мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх боломжтой болох юм.

Эцэст нь хэрэв та Unix Beer Party дээр ирж байсан бол санал хүсэлтээ бас миний саналын талаар бодлоо хуваалцаач. Монголчууд бид цөөхүүлээ, гэхдээ эвтэй байхдаа хүчтэй. Нэгдэцгээе.

Ухаалгаар асуулт тавих нь

Нээлттэй эхийн програм хангамжийн томоохон төлөөлөгчдийн нэг Eric Raymon-ын "How To Ask Questions The Smart Way" гээд нэг бичиг байдаг. Энэхүү бичгээрээ дамжуулан асуулт тэрдундаа техникийн асуултыг асуухдаа хэрхэн асуух вэ, асуухаасаа өмнө ямар алхамуудыг хийсэн байх хэрэгтэй вэ гэх мэтчилэн илүү үр дүнтэйгээр асууж, илүү үр дүнтэй хариулт авах талаар дэлгэрэнгүй, маш дажгүй бичсэн байдаг. Үүнийг монгол хэл рүү орчуулах бас хэрэгцээ гарч байх шиг байна. Учир шалтгаануудыг тоочвол.

Өнөөдөр вэб сайтууд, форумууд болон мэссэнжэрээр асуугдаж байгаа асуултуудыг өнгөц аваад үзье л дээ. Хамгийн наад захын жишээ бол MUUGхэлэлцүүлэг. Эндээс харвал ихэнх асуултууд нь тодорхой бус, мэдээлэл үгүй дээрээс нь асууж байгаа хүн нь бэлэнчлэх сэтгэлгээтэй. Саяхан мэссэнжэрээр надаас нэг хүний асуусан асуулт нь "Server дээр latin1 гэж гараад байх юм яаж utf8 болгох вэ" гэж байгаа юм. Асуултаас харахад ямар сервер дээр, бас юун дээр нь latin1 гэж гараад байгаа нь тодорхойгүй байна. Иймэрхүү асуултуудаас болж ахин лавлан асуух, хэд хэдэн шатны асуултаас тухайн хүнд тулгараад байгаа асуудлын зах зухаас нь ойлгодог. Заримдаа нөгөө хүнээсээ лавлаад асуухаар алга болчихно, бүр зарим нь асуултанд хариулсангүй гэж харааж ч байсан. Хэн ч гэсэн хүнд тус болохыг хүсэлгүй яахав, гэхдээ хариулж байгаа хүндээ төвөг багатай цагаас нь бага үрвэл хэн хэндээ амар байх болно. Учир нь бид бүхэнд чинь өөрийн амьдрах амьдрал, илүү чухал хийх ёстой зүйлсээр дүүрэн байгаа.

How To Ask Questions The Smart Way-г миний бие орчуулж эхэлсэн бөгөөд Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ гэж монголоор нэрлээд байна. Орчуулгаа хэн бүхэнд чөлөөтэй байлгах үүднээс Wiki ашиглан хийж байгаа болохыг анхаарна уу. Миний англи хэлний, мөн монгол хэлний мэдлэг чадвар тааруу болоод ч тэр үү нэг л сонин болоод байх шиг санагдах юм. Бүрэн хэмжээгээр нь орчуулаад дуусчихвал анхлан сурагчдын заавал унших ёстой нэг бичиг болгоод тавьчихвал миний болон бусад асуултанд хариулагчдын амьдрал хөнгөрөх болно, үүнээс гадна асуугчид маань өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийгээд асуудлаа шийдэх дөртэй болно гэж найдаж байна. Эцэст нь та бүхнийг хянаад өөрсдийн санал хүсэлтийг илгээхийг, мөн боломжтой бол зарим нэг хэсгээс нь орчуулахад туслахыг хүсэх гэсэн юм.

How To Ask Questions The Smart Way буюу Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ.

2006-11-21

Миний багаж: NetworkManager

Нээлттэй эхийн програм хангамж өдөр ирэх бүр илүү сайжирч, бидний амьдрал ч илүү хялбар болж байгаа билээ. Өөрийн ашигладаг багажийн ээлжит танилцуулгаараа NetworkManager-г танилцуулахаар шийдлээ.

Саяханыг хүртэл утасгүй сүлжээнд холбогдоход маш хүндрэлтэй байсан. Ихэвчлэн график биш хэрэгслүүдийг ашиглан утасгүй сүлжээгээ тохируулах боловч тэдгээр нь ашиглахад бэрх, ойлгомжгүй хамгийн гол нь тийм ч тогтвортой байсангүй. Сүүлийн үед хамгийн энгийн утасгүй интернэтийн сүлжээг тохируулах боломжтой болсон боловч бас л арай дэвшилтэт зүйлсийг ашиглах боломжгүй байлаа, харин NetworkManager гарснаар бидний амьдрал их хөнгөрч байна.

NetworkManager нь үйлдлийн системтэй хоршиж ажилласнаар утасгүй болон утастай сүлжээний хооронд шилжих, нэг утасгүй сүлжээнээс нөгөө утасгүй сүлжээ рүү шилжихэд илүү хялбар болгосон. Мөн дохионы чанарыг маш энгийнээр үзүүлэх болно. Хамгийн гол нь WPA, WPA2 гэх мэт утасгүй сүлжээг хамгаалах дэвшилтэд аргуудыг ашиглах боломжтой болгосон. Миний бие 6-р сард Испанид явж байхдаа Fedora Core 5 дээр орсон байхыг хараад бүр гайхаж, тийм юмыг бас ашиглахыг хүссэн. Тэр үед NetworkManager байсныг мэдээгүй, ийм зүйл байдгийг мэддэг ч үгүй байлаа.



Ubuntu систем дээр суулгахдаа, доорх командыг ашиглана.

sudo apt-get install network-manager-gnome

Үүний дараа системээ шинээр эхлүүлээд та NetworkManager-г ашиглах боломжтой болж байгаа юм. Гэхдээ миний нэг найзын компьютер дээр огт утасгүй сүлжээ ажиллахгүй байсан болохоор ажилсангүй, иймд бүх тохиолдолд асуудалгүй ажиллана гэсэн үг биш. Миний Thinkpad T42 дээр ямар нэг асуудалгүй сайхан ажиллаж байна.

Харин Ubuntu-с бусад системүүд дээр өөрийнх нь зааврыг дагана уу. Хэрэв та Ubuntu-г авч ашиглахыг хүсч байгаа бол http://mn.releases.ubuntu.com хаягаас өөрийн дуртай хувилбарыг татаж авч ашиглана уу. Гэхдээ уг серверээс зөвхөн Монгол Улсад суугаа хэрэглэгчид татаж авах боломжтойг анхаарна уу.

2006-11-20

Нээлттэй эхийнхэн улам бүр сайжирсаар ...

Хэрэв та нээлттэй эхийн програм хангамж ашигладаг бол өдөр ирэх бүр улам илүү сайжирч байгааг анзаарсан л байх. Илүү өргөн боломж, илүү найдвартай ажиллагааг урд өмнөхөөсөө илүүтэйгээр санал болгох болсон. Эдгээрээс гадна шинэлэг санааг ч бас. Миний хувьд өдөр тутам ашигладаг, бас шинэлэг мэдээнүүдийг цаг алдалгүй барьж авахыг тулд хичээдэг болохоор илүү их анзаардаг ч байж болох. Гэхдээ Ubuntu Edgy-н түүхий хувилбарыг ашиглаж байхад системээ шинээр эхлүүлэх бүрд нүдэнд үзэгдэх, өөрт мэдрэгдэх өөрчлөлтүүд орж байсныг хараад их гайхаж байж билээ.

За эн бүхэн ч яахав гэхдээ бидний хүсч, хүлээж байсан шинэ боломжийг удахгүй нэмэхээр ажиллаж байгаа юм байна. Юу вэ гэвэл бараг 2008 оноос эхлээд X Window гэдэг юмны тохиргоо хийхгүй болох нь. Өнөөдөр байгаагаар бол бид ямар хулгана, гар, дэлгэц гэх мэт зүйлсийг яаж ашиглахаа X Window дээр тохируулж өгдөг, буруу эсвэл тохиргоо байхгүй тохиолдолд ажиллахгүй. Үүнээс гадна үйлдлийн системээ эхлүүлэхээс өмнө нэмэлт дэлгэц эсвэл проектороо залгах ёстой, эс тэгвээс ажиллахгүй. Саяханы X.Org-н Keith Packard-ийн ярьж буйгаар бол X.Org 7.3 хувилбар гарснаар X.Org нь ямар нэг тохиргоогүйгээр харин техник хангамжуудыг шууд таньж ажиллах юм байна. Гэхдээ X.Org 7.3 хувилбар нь 2007 оны дундуур гарах боловч нэгэнт гарснаар бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Энэхүү хувилбар болон ирээдүйн хэд хэдэн хувилбарт илүү тогтворжуулах ажил хийгдэж, илүү олон төхөөрөмжийг таних чадварыг оруулах байх гэж хувьдаа дүгнэж байна.

Ubuntu Developer Summit-с эх сурвалжийг авав.

2006-11-17

Бидний ирээдүй: Сэтгэл зовинол

Монгол Услынхаа ирээдүйн талаар бодож явдаг зүйлсээ хуваалцахаар "Бидний Ирээдүй" сэдвийг эхлүүллээ. Энэ бүхэн зөвхөн миний үзэл бодол гэдгийг тэмдэглэмээр байна. Та бүхэн өөрийн санал бодлыг мөн адил хуваалцахыг уриалж байна.

Сүүлийн нэлээн хэд хоног Монгол Улс, эх орны маань хөгжил ирээдүйн талаар сэтгэл зовинол улам ихсэж, амар тайван байдал алдагдаж байна. Үүнд World is Flat эсвэл "Дэлхий Хавтгай" гэсэн ном илүү ихээр нөлөөлж байгааг би угаасаа мэдэж байгаа. Цааш унших бүр элдэв бодол толгойноос салахгүй, ирээдүйн төлөө улам ихээр сэтгэл зовних боллоо. Учирлавал.

Номонд бичигдсэнээр Энэтхэгт жилдээ хэдэн зуун мянга, харин Хятадын хувьд 350000 мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэгддэг байна. Тиймээ би болон та андуураагүй, жилд зуу зуун мянга ш дээ. Хятадын хувьд аваад үзэхэд жилдээ Монгол Улсын нийт хүн амын 1/7 хэмжээтэй мэргэжилтэн бэлтгэж байна, гэхдээ зөвхөн нэг салбарын. Мөн америкийн топ гэх сургуулиудын гадаад оюутнуудын дийлэхийг хятадууд эзлэх болсон. Энэ зүгээр л тоо гэж болож байна уу? Үгүй, тооноос чанарт хувьсдаг. Гэхдээ энэ бол зөвхөн МТ-н салбарт ш дээ, бусад салбаруудын талаар тодорхой мэдэх юм алга. Өнөөдөр бидэнд тийм боломж байхгүй, ирээдүйд ч байхгүй. Харин бид яах ёстой вэ? Та өөрийн бодлоосоо хуваалцаач.

Өнөөдрийн бидний сургалтын арга барил, бодлого холын ирээдүйд бидний булшлахаас биш аврахгүй байх. Бид маш шинэлэг, ирээдүйг харсан бодлого баримталж байж ирээдүйд амьд үлдэж, өрсөлдөх чадвараа хадгалан үлдэх болно. Юу үнэн, энэ л үнэн байх. Өнөөдөр багш нь зааж байгаа зүйлээ мэдэхгүй, заалгаж байгаа оюунтан нь юу ч мэдэхгүй. Гэхдээ бүгд биш л дээ. Миний танил нэг багш "Багш чинь оюунтнаасаа нэг хоногийн өмнө явдаг ш дээ, огт зав байхгүй өмнөх өдөр нь ном уншаад л маргааш нь хичээлээ заадаг" гэж наргиа маягаар хэлж байсан, гэвч үнэн үг. Хэн өнөөдөр багш хийж байна вэ? Хичээлдээ сайн, мэдлэг туршлагатай нь лав биш харин дүнгийн араас хөөцөлдсөн, багшийн хайртай боловч мэдлэг нимгэн хүмүүс багшийн ажлыг хийдэг. Аргагүй, цалин бага дааж авсан анги болон хичээл их болохоор багш маань өөрийгөө хөгжүүлэх зав үгүй, сонирхол үгүй өдөр хоногийг аргацааж амьдарч байгаа, буруутгах арга байхгүй.

Баахан л шүүмж хэллээ, хэн ч гэсэн шүүмжлээд байвал шүүмжлэх зүйлс гарч ирээд л байна. Эцэст нь хэлэхэд өөрийн оюун ухаандаа хэд хэдэн зүйлс бодоод л, буйдхандаа гашлаад л яваад байна, зөв үнэн эсэхийг хэрэгжүүлэн байж мэдье байз. Хамгийн гол нь та бүхний санал бодлыг мэдэх гэсэн юм, та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хүслээ.

Java-н эргэн тойронд

Java нь нээлттэй эхийн болсноор араасаа хачин сонирхолтой зүйлсийг дагууллаа. Хамгийн сонирхолтой нь 2005 онд Apache Foundation нээлттэй эхийн Java үүсгэхээр Harmony гээд төсөл эхлүүлж байсан тухай өмнө нь мэдээлж байсан бол уг төсөл маань бойжиж гүйцээд "Top-Level" гэсэн төлөвтэй болсон байх юм. Гэхдээ энэ үйл явдал цаг хугацааны хувьд Sun-ы Java-г нээлттэй болгодгоос арай өмнөхөн Apache Foundation-ы захиралуудын зөвлөлийн хуралдаанаар шийдэгдсэн байна. йл явдал цаг хугацааны хувьд Sun-ы Java-г нээлттэй болгодгоос арай өмнөхөн Apache Foundation-ы захиралуудын зөвлөлийн хуралдаанаар шийдэгдсэн байна. Мөн Apache-н төлөөлөгч нь Sun болон Apache нь өөр өөрийн гэсэн хүрээлэлтэй, өөр өөр нөхцөлд ажилладаг тиймээс Apache License v2 бүхий Java хэрэгтэй гэж өөрийн блог дээрээ хэлээд Sun нь эх кодоо нээсэн нь нээлттэй эхийн хүрээнд ахин нэг сонголт бий болсныг илэрхийлж байна гэж тэмдэглэсэн байна.

Харин Free Software Foundation нь Sun-ы хийсэн алхамыг сайшаасан байх юм. Мэдээж хэрэг тэдний боловсруулсан GPLv2 лицензийг ашигласан болохоор тэр байлгүй. Миний хувьд мөн адил GPL лицензийг дэмжиж, чөлөөт програм хангамжийн үзэл санааг дэмждэг билээ. Одоо ингээд энэ сэдвээр дуусгая. Цаашид арай ондоо зүйлс бичье.

2006-11-14

Sun GPL2-г сонгожээ

Өмнөх блог дээрээ GPL нь хамгийн өндөр магадлалтай горилогч болох талаар мэдээлж байсан. Харин саяхан GPL гэхдээ түүний 2-р хувилбарыг сонгох болохоо эцэслэн шийдэн зарлажээ. Өмнө хэлж байсанчлан GPL нь элдэв салаалахаас тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой гэж үзжээ. Мөн олонх нээлттэй эхийн хөгжүүлэгчид GPL-г сонгон хэрэглэдэг, дэмждэг, илүү хайрладаг учир тэдгээр хөгжүүлэгчдийн сонирхолыг татах гэсэн бас эрмэлзэл байгаа. Дэлгэрэнгүйг CNET News-с уншина уу.

Харин өмнөх блогийн сэтгэгдлүүдийн хувьд Java-г олон улсад маш өргөн ашигладаг, гэхдээ бүр вэб технологид. Монгол Улсын хувьд жоохон тиймэрхүү талууд байгаад байгаа, хэдэн жилийн дараагаас ондоо болно гэдэгт итгэдэг шүү би.

Эдгээрээс гадна OpenSolaris-д ч мөн адил GPL ашиглахаар судалж байна. Учир нь өөрсдийн Solaris системийг нээлттэй болгохдоо CDDL гэх өөрсдийн лицензийг үүсгэж ашигласан бөгөөд энэхүү лиценз нь GPL-тэй зөрчилдөж байгаа нь GPL дэмжигч хөгжүүлэгчдийг өөрөөсөө түлхэж байгаа юм. Тиймээс Java-г GPL болгосныхоо хажуугаар OpenSolaris-д хэр нийцтэй байх талаар судалж байгаа юм байна. GPL нь тоглоомын талбайд тоглогч бүрд эн тэнцүү эрх, үүргийг олгодог давуу талтай юм.

2006-11-10

Java нээлттэй болж GPL-г сонгох нь ээ

Java хэл нь хувийн хэвшил (enterprise) эсвэл өндөр түвшинд маш өргөн ашигладаг. Ингэхдээ бичихэд хялбар, арвин сан мөн зарим нэг талын аюулгүй байдлын асуудлуудаас болж голчлон сонгодог бололтой. Гэвч Java хэлний маань үндэс болсон эмхэтгэгч (compiler), виртуал машин болон гол сангууд хаалттай хөгжсөөр ирсэн нь ихээхэн хэмжээний асуудлуудыг үүсгээд байсан юм. Жишээ нь, бүх хяналтыг Sun-с тавьдаг, хэт хараат болон лицензээс болоод линукс системтэй дагалдан сууж болохгүй заавал өөрөө нэмж суулгах г.м. Мөн хаалттай систем дээр суурилсан нээлттэй эхийн програм хангамж нь хараат байдаг тул Java ашиглахын бусад нээлттэй хэлүүдийг ашиглах зөвлөмжийг нээлттэй эхийн хөдөлгөөний тэргүүлэгчид байнга гаргаж тавьдаг байсан. Үүний улмаас GNU-нхэн GCJ, Apache-н Harmony, Kafe, IBM JAVA гэх мэт төслүүдийг эхлүүлж өөрсдийн гэсэн нээлттэй Java хувилбаруудыг үүсгэж эхэлсэн. Мэдээж хэрэг энэ нь араасаа олон асуудлуудыг дагуулсан. Java-н "НЭГ БИЧ, ХААНА Ч АЖИЛЛУУЛ" гэсэн уриа алдагдаж эдгээр төслүүд нь програмуудыг харилцан адилгүй ажиллуулж эхэлсэн. Эдгээр нээлттэй хувилбаруудаас гадна C#, Ruby, Python, PHP гэх мэт хэлүүд нь илүү сайжирч өнөөдрийн Java ноёрхож байгаа зах зээл рүү хүч түрэн орч ирж байгаа нь Sun-г Java-н талаар авч байгаа бодлогоо ахин нэг харж үзэхийг шаардаж эхэлсэн. Үүний үндсэн дээр Java маань 2007 онд багтааж бүрэн нээлттэй болохоор болсон билээ.

Намайг өнгөрөгч 6-р сард Испанид GUADEC гээд GNOME-н хуралд явж байхад Sun-н ажилтан Simon "ирэх жилийн өдийд Java нээлттэй болоогүй байвал би их гайхна" гэж хэлж байсан. Би тод санаж байна. Үүний дараагаар Sun-с тийм зүйл огт байхгүй, нээлттэй болгохгүй гэсэн мэдэгдлүүдийг хийж байсан боловч эцэст нь нээлттэй болгох шийдвэр гаргасан. Ингэхдээ хоёр шаттайгаар хийхээр болсон бөгөөд энэ 11-р сард багтан эмхэтгэгч болон виртуал машин. Харин ирэх оны эхний хагаст бүрэн эхээр нь нээлттэй болгохоор болсон билээ. Аан нээрээ ингэхдээ зөвхөн J2SE буюу стандарт Java-г.

Нээлттэй болгочихдог юм байна гэхдээ ямар лиценз ашиглах вэ гэсэн асуулт олны дунд яригдсаар байсан боловч хамгийн боломжит хувилбар нь GPL байсан. Яагаад? GPL-н бусад нээлттэй эхийн лицензүүдээс ялгарах хамгийн гол онцлог нь GPL-тэй кодыг ашиглан хаалттай, худалдааны програм хийх боломж хаалттай байдаг. Үүнээс болж ХОРОН гэх мэт хочуудыг зүүсээр ирсэн юм. Java-г нээлттэй болгохын эсрэг байсан хамгийн том үндэслэл нь Java-г нээлттэй болгомогч компаниуд түүнийг салаалаад хоорондоо нийцгүй олон төрлийн Java-г үүсгэнэ гэсэн болгоомжлол байсан. Харин GPL-ийн энэхүү онцлог нь салаалахаас сэргийлэхгүй ч салаа бүр нээлттэй байна гэдэг баталгааг олгож байгаа юм. Мөн линуксын өнөөдрийн түвшинд авчирсан гол хөшүүрэг нь GPL гэж үздэг. Учир нь тоглоомын талбарт бүх хүнд ижил эрх, хариуцлагыг олгож байдаг. Ингээд Java эхнээсээ нээлттэй боллоо гэхдээ GPL лицензийг ашиглан.

Дэлгэрэнгүйг http://www.crn.com/sections/breakingnews/breakingnews.jhtml;?articleId=193600331

2006-11-07

Ubuntu толин сервер

Өмнөх блог дээрээ "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага"ТББ нь Ubuntu линуксын монголын толин сервер үүсгэсэн талаар мэдээлж байсан. Тэр толин сервер гэж яг юуг хэлээд байна вэ?

Бидний хэсэг нөхдүүд mirror server гэдгийг толин сервер гэж орчуулаад байгаа, утга агуулгын хувьд ч их таарч байгаа юм. Толь гэдэг маань ямарваа нэг зүйлийн яг буюу ямар нэг өөрчлөлтгүй тусгалыг харуулдаг эдийг хэлдэг, харин толин сервер маань аль нэг серверийн агуулгын өөрчлөлтгүй, хуулбарыг агуулсан серверийг хэлнэ. Яв цав тохирч байгаа биз? Гэхдээ мэдээлэл нь юу ч байж болдог ба мэдээллийн төрлөөс хамааран толин сервер үүсгэх технологи маань өөрчлөгдөнө.

За тэгээд ер нь тэгээд ийм серверийн ач холбогдол, шид нь юу юм болоо? Бид интернэтээр ямарваа нэг зүйл үзэхэд, тэрхүү мэдээлэл маань гадаадад байгаа бол тухайн сервер рүү холболт үүсч мэдээллийг дамжуулснаар бид үздэг. Тэрхүү мэдээлэл маань гадаадын серверээс бидэнд хүрэхийн тулд тодорхой тооны сүлжээгээр дамжин өнгөрөх бөгөөд тэдгээр сүлжээ тус бүрийн хурдын нөлөөллөөс нийт хурд маань ямагт буурч байдаг. Харин гадаадын серверийн толин серверийг дотооддоо үүсгэж, ашигласнаар тэдгээр мэдээлэл маань гадаадын олон сүлжээгээр дамжилгүй дотоодоос бидэнд шууд хүрэх боломжтой болдог. Дамжин өнгөрөх сүлжээний тоо цөөрснөөр мэдээлэл ирэх хурд маань илүү өндөр байх боломжтой, үүнээс гадна Монгол Улс дотор холбогдох хурд нь гадаад сервер рүү холбогдох хурдаас хавьгүй илүү байдаг талтай. Иймд толин сервер үүсгэх нь монголын хэрэглэгчид маань илүү өндөр хурдаар мэдээлэл хүлээн авах боломжийг нээж өгч байна. Гэвч толин сервер үүсгэнэ гэдэг маань үргэлж хурдан байна гэсэн үг биш, зөвхөн өндөр хурдны холболттой байж л үр ашгаа өгөх болно гэдгийг анхаарна уу.

Яагаад Ubuntu толин сервер гэж? Би өөрийн Миний багаж: Ubuntu блог дээрээ яагаад Ubuntu-г ашигладаг талаар сийрүүлэн бичихийг оролдсон. Тэнд бичсэнээр бол Ubuntu маань нэмэлт програм хангамж болон системийнхээ шинэчлэлтүүдийг интернэт дэх серверээс татаж авч суулгадаг. Харин энэхүү толин серверийг үүсгэснээр Ubuntu хэрэглэгчид маань илүү богино хугацаанд шинэ програм хангамж суулгах, системээ шинэчлэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ хэрэв та монгол дахь толин серверийг ашиглахыг хүсч байгаа бол суулгахдаа location буюу байршлаа Монгол эсвэл Улаанбаатар гэж сонгох хэрэгтэй, үүний дараа автоматаар монгол дахь серверийг ашиглах болно. Мөн Ubuntu-н бүхий л хувилбарыг толин серверээс татаж авах боломжтой.

Серверүүдийн хаягууд:
http://mn.releases.ubuntu.com
http://mn.archive.ubuntu.com

2006-11-06

Unix Beer Party: 11-р сар

Юникс, линукс төрлийн үйлдлийн систем хэрэглэгч, сонирхогчдын маань сар бүрийн уулзалт энэ сарын 9-ний пүрэв гарагт тохиож байна. Уламжлалт ёсоороо Их Монгол уушийн газар 19 цагаасаа уулзана, бидний ширээг гартаа шар айраг барьсан оцон шувуу болон мөн адил чөтгөрийн дүрс бүхий дарцагаар таних боломжтой. Энэ үдэш бид хоорондоо мэдлэг туршлагаасаа солилцохоос гадна төрөл бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцан өнгөрүүлдэг билээ. Миний хувьд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг ба тэнд өрнөх яриан дундаас багагүй зүйлсийг шинээр сурч, ойлгож авдагаа нуух юун. Мөн миний хэд хэдэн танил ч үүнтэй санал нэг байдаг.

Шинээр нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүсд хэлэх хэдэн үг байна. Хүмүүстэй ярилцаж байхад сонирхол байвч бараг танидаг хүн байхгүй болохоор ичээд эсвэл санаа зовоод очиж чаддаггүй гэж хэлдэг. Хариуд нь би "Бид ч анх нэг нэгийгээ огт таньдаггүй байсан, харин одоо ихэнх нь найзууд болсон. Тэнд хэн ч чамайг гадуурхахгүй, ичээхгүй, зовоохгүй. Хүрээд ир, тэгээд нээлттэй эхийн хамт олон ямар байдгийг өөрөө очоод мэдэр, найзууд бол" гэж хэлдэг. Нээлттэй эхийн програм хангамж ашигладаг хүмүүст байдаг нийтлэг зан бол нийтэч, эелдэг. Энэ л уур амьсгалыг хүрч ирээд мэдрэх болно.

Анхаарах зүйл бас бий. Энд биднийг хэн ч санхүүжүүлдэггүй тийм болохоор бүгд өөрсдийн гаргасан зардлыг бүрэн төлдөг, төлөх ч ёстой. Ийм хэрэв та ирэх гэж байгаа бол үүнийг анхааралдаа авахыг хүсч байна. 11-р сарын 9-ний пүрэв гарагт 19 цагаас Их Монгол уушийн газар уулзацгаая.

Миний багаж: Ubuntu

Өөрийн ашигладаг багажуудын танилцуулгаа би Ubuntu линукс тархацаар эхлэж байна. Үйлдлийн систем буюу програм хангамжуудынхаа суурийг зөв сонгох нь таны бүтээмж, сэтгэл ханамж, тав тухтай байдал гээд бүх зүйлд нөлөөлөх болов уу. Яагаад би Ubuntu-г сонгох болсон талаар доор сийрүүлэн бичье.

2000 он хавьцаа линукс болон нээлттэй эхийн програм хангамжуудын талаар анх сонссон. Тэр цагаас хойш сонирхолыг минь татаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч сонирхох болсон. 2001 онд шиг санаж байна RedHat 6 билүү хувилбар олоод нэгэн найзынхаа компьютер дээр суулгаад хамаг юмыг нь устгаад, юу ч үгүй болгож байж билээ. Тухайн үедээ линуксыг хакерууд ашигладаг гэдгийг сонсоод юу ч мэдэхгүй байж хакер болох гэж оролдсон нь тэр. Хэдий хүний хамаг юм устгасан ч огт хашраагүй юмдаг. Тэр цагаас хойш линукс тархацуудаас RedHat 7.2, 8.0, 9.0, Fedora Core 1, 2, 3, Debian, Gentoo, SuSE г.м, BSD тархацуудаас FreeBSD, OpenBSD-г ашиглаж үзэж байсан боловч эцэст нь Ubuntu дээр буусан даа. Үүнээс өмнө Gentoo-г голчлон ашигладаг байсан боловч суухдаа их хугацаа шаарддаг, тохируулахад хэцүү гэдэг шалтгаанаас татгалзсан юм.

Ubuntu надад анхнаасаа л ихээхэн таалагдсан. Учир нь Ubuntu нь миний өмнө туршиж үзэж байсан, мөн ихээхэн таалагдсан Debian GNU/Linux дээр суурилсан байлаа. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем. Мэдээж Ubuntu түүний эдгээр чанаруудыг залгамжлан авсан байдаг ба үргэлж үнэгүй тараагдана гэдэг амлалтыг хэрэглэгчиддээ өгсөн байгаа. Гэхдээ Ubuntu-н гол хөгжүүлэгчээр Canonical ажилладаг ба Ubuntu-н техникийн дэмжлэгийг өөрөө эсвэл бусад түншүүдийн хамтаар үзүүлдэг. Хамгийн сонирхолтой нь Ubuntu гэдэг нь африкийн Зулу хэлээр "humanity to others" буюу "бусдад энэрэнгүй хандах" гэсэн утгыг илэрхийлдэг юм (Хэрэв илүү оновчтой орчуулга байвал сэтгэгдэлд бичиж үлдээнэ үү).

Мөн Ubuntu нь таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөр өөрийн онцлог бүхий хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та серверийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол Ubuntu server, линукстай ажиллах туршлагатай, илүү нарийн тохиргоо хэрэгтэй бол Ubuntu alternative, боловсролын салбарт ашиглах гэж байгаа бол Edubuntu, GNOME ашигладаг бол энгийн Ubuntu, KDE ашигладаг бол Kubuntu г.м хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та юникс, линукс төрлийн үйлдлийн системийг сонирхон судлах гэж байгаа бол танд Ubuntu-с эхлэхийг санал болгож байна. Ubuntu нь зөвхөн ганц дискээс бүрдэх ба түүнийгээ суулгамагц ямар нэг тохиргоо хийх шаардлагагүйгээр ажиллахад бэлэн системтэй болно. Харин бусад линукс тархацууд 4 болон түүнээс дээш дискээс бүрдэх ба хэмнэлтийн үүднээс ч ганц диск нь илүү юм. Зөвхөн нэг дискэн дээр багтах мэдээлэл хэр билээ, үүнээс шалтгаалан дискэнд агуулагдах програм хангамжийн тоо маш хязгаартай боловч интернэтээр дамжуулан 16000 гаруй програмуудаас сонгон суулгах боломжтой.

Монгол Улсад чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн хөгжлийг дэмжих, хурдасгах зорилготойгоор байгуулагдсан "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ нь Ubuntu линуксыг сонгож, түүний толин серверийг үүсгэн ажилд орууллаа. Энэхүү толин серверийг ажилд оруулснаар интернэтийн нэвтрэлт бага, хурд муу холболттой монголын хэрэглэгчид маань илүү хурдан, илүү богино хугацаанд Ubuntu-г шинээр татаж авах, шинэ програм хангамж нэмж суулгах болон ашиглаж байгаа системээ шинэчлэх боломжтой болж байгаа юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага"ТББ нь өнгөрөгч 9-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашдид чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг таниулах, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр явч хэрэгжүүлэх төслүүдийг боловсруулахаар ажиллаж байна.

2006-11-02

Нээлттэй эхийн лицензийн онцлог ...

Өчигдөр нэг найзтайгаа гарч пиво уухаар ажил дээр нь очтол ажил нь хараахан дуусаагүй байсан тул хажуугийнх нь интернэт кафед орж жаал интернэтээр сэлгүүцэв. Гэтэл SecurityFocus дээр Surprises Inside Microsoft Vista's EULA гэсэн гарчигтай нийтлэлийг сонирхоод уншлаа. Уг нийтлэлийг бичсэн эрхэм маань Windows XP EULA болон GNU-н General Public License-уудыг уншсан хүмүүсийн нэгнээс нь юу бодогдсон талаар асуухад эмэгтэй "The EULA sounds like it was written by a team of lawyers who want to tell me what I can't do, and the GPL sounds like it was written by a human being who wants me to know what I can do." хариулжээ. Сийрүүлбэл EULA буюу ихэнх хаалттай, худалдааны програм хангамжийн лицензүүд нь танд юу хийж болохгүйг тань зааж өгдөг, харин GPL г.м нээлттэй эхийн лицензүүд нь танд юу хийж болохыг тань зааж өгдөг. Ялгаатай байгаа биз?

Уг нийтлэлд Microsoft-ийн Windows Vista хувилбартаа ашиглах EULA (End User License Agreement) буюу ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЛИЦЕНЗИЙН ХЭЛЦЭЛ нь илүү нарийн чанга болж байгаа, хамгийн гол нь бас бус сонин аргуудыг ашигласан байх юм. Жишээ нь програмын нэг хувилбар гарахдаа ямар нэг лицензтэй гарсан бол ашиглалтын явцад лицензийн заалт өөрчлөгдөх боломжгүй байдаг, гэтэл энэ удаад Microsoft лицензийн заалтандаа вэб сайтыг нэгэн хаягийг заагаад "түүнд заасны дагуу" гэсэн ишлэлийг оруулсан байна. Сонирхолтой, өөрөөр хэлбэл дуртай үедээ тэрхүү вэб хуудасныхаа агуулгыг солиод байх боломжтой юм.

БИ ХИЙЖ БОЛОХОО МЭДМЭЭР БАЙНА

2006-11-01

Цомхотгол

Өнөөдөр http://planet.unix.mn дээр блог нь гардаг блогчдын тоог цөөрүүллээ. Учир нь юникс, линукс, чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой зүйлс бичихгүй байна гэдэг гомдлыг хэд хэдэн хүн тавьсан юм. Энэ үзүүлэлтээр бол би ч өөрийгөө бас хасах шаардлага нь бүрдчихээд байгаа гэж хэлж бас болно. Үүний сацуу намайг энэ сэдвээр бичихгүй байна гэж шүүмжлээд бичих хэрэгтэй гэж шахав. Зөв шүүмжлэлийг бол үнэхээр хүлээж авна, гэлээ ч би бас илүү бичихээр бодоод л (их удаан бодож байгаа шүү) яваад байгаа. Бичнээ.

Өмнө нь би бас та бүхэнд хэлж байсан, хэрэв хүсвэл өөр нэг ПЛАНЭТ үүсгэж өгөх боломжтой юм. Мөн хэрэв та юникс, линукс болон нээлттэй эхийн програм хангамжийн талаар блог бичдэг бол би таныг http://planet.unix.mn дээр нэмэх боломжтой шүү.