Showing posts with label даяаршил. Show all posts
Showing posts with label даяаршил. Show all posts

2009-01-13

2009 оны донсолгоог даахгүй технологийн компаниуд

Дэлхийн санхүүгийн хямрал мэдээллийн технологийн салбарыг тойроод өнгөрөхгүй нь нэгэнт тодорхой. Харин хэрхэн нөлөөлөх бол, орон тооны цомхотгол хэр хэмжээнд хийгдэх бол гэсэн айдас өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Хямралаас үүдэн захиалагчид цөөрч буй учир хөгжүүлэлт багасна, хөгжүүлэлт багассанаар орлого муудна, төдийлөн хэрэгцээтэй бус ажилчдаа цомхотгоно. Тэгж байтал ChannelInsider гэх вэбээс 2009 оны хямралын донсолгоог дийлэхгүй байх магадлалтай технологийн компаниудын талаар нийтлэл гаргасан байна. Жагсаалт нь бидний мэдэх SuSE линуксын хөгжүүлэгч, Microsoft-той түншлэсний улмаас олон хүний дургүйцлийг хүргэсэн Novell-р эхэлж байна. Цаашаа бидний мэдэх VMWare, Symantec, Sun Microsystems, AMD зэрэг компаниудаар үргэлжилнэ. Гэвч энэхүү жагсаалт нь донсолгоог яг даахгүй гэдгийг нь харуулах гэсэн биш донсолгоо хэрхэн нөлөөлөх вэ гэсэн дүгнэлтийг хийхийг зорьсон байна. Энэ жагсаалтад байгаа дийлэнх компаниуд огт ажрахгүй давахаар дүгнэлт гарчээ.

2008-10-14

Холливүүд ба дайршлын үр нөлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэртээ зурагт үзэж байтал "Карибийн Тэнгисийн Дээрэмжид" киноны 4-р анги хийгдэх болсон, тэгээд Jack Sparrow дээрэмчний дүрд тоглох жүжигчин нь 56 сая доллар авахаар болсон тухай гарав. Нэвтрүүлэгчийн хэлж буйгаар 56 сая нь өнөөдрийн байдлаар Холливүүд дахь хамгийн өндөр хөлс болон тэмдэглэгдэж байгаа талаар дурдаж байв. Яагаад өмнө нь ийм өндөр хөлс төлдөггүй, нөгөөх нь авдаггүй байсан юм бол? Миний бодлоор үүнд даяаршил нөлөөлсөн. Хэдхэн жилийн өмнө Холливүүд нэг кино хийгээд түүнийгээ АНУ болон зарим нэг томоохон кино театруудын сүлжээгээр гаргадаг байсан байх. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, төрөл бүрийн хэлээр кино театруудад гаргаад зогсохгүй DVD, Blu Ray гээд өндөр чанартай хэлбэрээр үзүүлэх боломжтой болжээ. Энэ бол зүгээр л технологийн хөгжил, даяаршлын үр нөлөө юм. Бидэнд ч бас ийм боломж адилхан бий гэж боддог ...

2008-04-25

Даяаршил хэрэгтэй юу?

Саяханы нэг хичээл дээр төгрөгийг Монголд үйлдвэрлэх хэрэгтэй гэсэн санаанаас даяаршил, түүний давуу болон дутагдалтай талууд гээд ер нь даяаршил хэрэгтэй эсэх талаар ангиараа маргах нь тэр. Миний бодлоор төгрөгийг Монголд хэвлэхийн тулд өндөр технологиийг өндөр үнээр оруулж ирэх хэрэгтэй болно гэтэл жил хэдэн төгрөг шинээр хэвлэдэг бол? Ингэж бодохоор дээрх санаа нь үр ашиг муутай бараг үргүй зардал мэт санагдах учир өөрийн үзлийг хамгаалж маргаж эхэлнэ биз дээ. Тэгж байхаар тэр өндөр технологи нэвтэрчихсэн газар нь нарийн гэрээний дор хэвлүүлж байвал зардал мөнгө нь хямд. МХХТГ-ын дарга Сайханбилэг МТҮПаркийн хурлын танхимд явуулсан илтгэлдээ "монголчууд өөрийн гэсэн хиймэл дагуултай болно" гэсэн юм ярьж байсан нь дээрхийн адил шалтгаанаар нэг л буухгүй байгаам. Эхлээд нэг хиймэл дагуул худалдаж аваах эсвэл бүтээлгээд хөөргөчихөж болно, гэтэл тэрний системийг арчлаад аваад явчих чадвартай хүн энд хэд билээ, бас ямар нэг гэмтэл гарвал яах уу? Тэгж байхаар бас л нарийн гэрээний дагуу өөр нэг газрын хиймэл дагуул түрээслээд ашигласан нь дээр мэт. Ингэхэд бид бүгдийг өөрсдөө хийх хэрэг байдаг юм болов уу?

Үндэсний аюулгүй байдал энэ тэр гэх юм бол бүгдийг дотооддоо хийх нь зөв юм шиг. Гурилыг, шатахууныг гэх мэт стратегийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг бид өөрсдөө үйлдвэрлэх нь зөв. Гэвч бид бүгдийг чанартай хийж чадах уу? Даяаршиж буй дэлхийд бид зөвхөн хөршүүдтэйгээ харилцах, өрсөлдөх биш дэлхийн улс гүрэн бүртэй, бүр хүн бүртэй өрсөлдөж байгаа энэ үед хурд, чадвар, мэдлэг л илүү чухалд тооцогдох болсон. Гэтэл бид бүх зүйлийг сураад бүх зүйлээр өрсөлдөж амжих уу? Миний бодлоор үгүй. Үүнийхээ оронд бид нийлээд сайн ярилцаж, бодох хэрэгтэй. Юугаараа бусадтай өрсөлдөж, юугаараа хамтран ажиллах вэ гэдгийг. Энэтхэгчүүд ч мөн адил асуудалтай байгаа талаар Огоо бичиж байсан. Даяаршлын нэг зүйл бидэнд давуу бас дутагдалтай талуудыг авчирч байгаа энэ нь хэн юу хийж байгаа нь чухал биш харин шаардлагыг хангаж, чанартай, хурдтай хийх чухал. Манайх шиг жижиг орнуудыг хоолтой бас хоолгүй болгож буй нэг зүйл. Гэхдээ бидэнд боломж байна. Бид хэрэгтэй эсвэл хэрэггүй эсэх талаар ярих ямар ч үр ашиггүй, даяаршил бол зайлшгүй зүйл өөрөөр хэлбэл хаашаа ч зайлж чадахгүй. Хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг л асуудал. Энэ талаар Огоо маань Даяаршил дайсан уу нөхөр үү?Энэ бол маш том сэдвийн өчүүхэн хэсэг. Таны бодол?

2008-03-20

даяаршил уу? даяаршилт уу?

Өнөөдөр зурагт үзэж байтал "Боловсрол" телевизээр зах зээл эдийн засгийн тухай танин мэдэхүйн нэвтрүүлгийн шинэ дугаар гарч байна. Энэ дугаараар нь эдийн засагт даяршилт хэрхэн нөлөө үзүүлсэн талаар үзүүлж байлаа. Та бүхэнд энд "даяаршилт" гэж бичсэнийг анзаарсан байх, тэрхүү ерөнхий редактор нь яг ингэж ярьж байсан юм. Эхлээд гайхнаа бодож эхэллээ. Будах - будалт, өсөх - өсөлт, буурах - бууралт, тэлэх - тэлэлт, сэгсрэх - сэгсрэлт, бичих - бичилт гээд бодоод байх юм бол үйл үгнээс үүсч байгаа үгийн төгсгөл нь "лт" болж байхад даяарших гэдэг үг даяаршил болдог, бид яагаад ингээд ярьдаг билээ. Үг зүйн үүднээс нь авч үзвэл "даяаршилт" нь зөв юм шиг. Аль нь зөв бол? Таны бодол?

2008-02-02

Даяаршлын нэг жишээ

Саяхан Amazon.com дээрээс Nokia N810 гэдэг интернэтийн төхөөрөмжийг захиалан авлаа. Уржнан Испанид явж байхад Nokia энэхүү төхөөрөмжийнхөө эхний хувилбар болох N770 хувилбарыг гаргасан байхыг харж байсан, бас ноднин Англид N800 хувилбарыг зээлээр авч хэд хоног ашиглаж үзсэн юм. Энэхүү төхөөрөмж нь линукс цөм болон GNOME-н бичил хувилбарыг багтаасан, интернэтэд ажиллахад шаардлагатай бүхий л програмтай, нэмэлт програм суулгах бүр өөрөө бичих боломжтой, ихэнх програм хангамж нь нээлттэй эхийнх гэдгээрээ миний сонирхлыг татаад байсан юм. Гэхдээ энэхүү төхөөрөмжийн талаар бус харин даяаршлын нэг жишээ болгох гэсэн юм.

Энэхүү төхөөрөмжийг Amazon.com дээрээс захиалан АНУ-с авсан, гэвч эх бие нь Солонгос, гэр нь Турк, машины тавиур нь Герман, машины тавиурын суурь, чихэвч, зай хураагуур, цэнэглэгч зэрэг нь Хятад улсуудад үйлдвэрлэсэн байсан ба харин гарын авлагыг нь Мексикт хэвлэсэн байх юм. Даяаршил нь дэлхийн улс орнуудын хоорон дох өрсөлдөөнийг эрчимжүүлснээр үйлдвэрлэгчид хамгийн хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга замыг эрэлхийлэх болсон. Ингээд мэдээж N810 маягийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж, хэрэглэгчид илүү хямд, басхүү өндөр чанартай бүтээгдэхүүн ашиглах боломж нээгдсэн гэж хэлж болно. Анх их гайхсан шүү.