Showing posts with label wikipedia. Show all posts
Showing posts with label wikipedia. Show all posts

2009-01-20

Wikipedia vs. Knol

Миний хувьд маш олон хүн хамтран интернэтээр бүтээл хийж болохын хамгийн том үлгэрийг Wikipedia үзүүлсэн гэж боддог. Хэн хүссэн нь өөрийн гэсэн нийтлэлийг эхлүүлж, эсвэл хэн нэгний эхлүүлсэн нийтлийг засамжлах боломжийг олгодгоороо бусад нэвтэрхий толинуудаас ялгаатай. Хэн ч хэзээ ч сэдвийг өмчлөхгүй, хамтын бүтээл. Үүнийхээ үр дүнд 2 702 000 гаруй англи, 853 000 гаруй герман гэх мэт олон хэл дээр бараг агуулаагүй сэдэвгүй дэлхийн хамгийн том мэдлэгийн сан болсон. Гэвч бусад нэвтэрхий толиудын адил түүний ард шинжээчдийн баг үгүй учир агуулж буй зарим мэдээлэл нь үнэн бодит эсэх нь эргэлзээ төрүүлдэг нь нууц биш юм. Гэхдээ л миний мэдлэг олж авах эхний алхам маань Wikipedia нийтлэл байдаг, олон хүний хувьд адилхан байх.

Ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг нийтлэл, мэдээлэл нь өөрийн гэсэн эзэнтэй бас тэр нь үнэн бодит болохыг нь баталгаажуулах ёстой гэж үздэг. Анхнаасаа ч ингэж явж ирсний том илрэл нь Britanica юм. Google ч мөн ийм санаагаар Knol гэх үйлчилгээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Wikipedia-ийн адилаар хэн ч нийтлэл үүсгэх боломжтой боловч тэр хүн өөрийгөө хэн болохыг баталгаажуулах ёстой, бас нийтлэлийн цор ганц өмчлөгч байна гэдгээрээ ялгаатай юм. Хэдийгээр энэ үйлчилгээ нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн боловч ямар нэг зүйл хайхад эхний хуудсанд гарч ирж байхыг би үзээгүй бас Arstechnica-ийн нөхдүүд одоо бараг үзээгүй гэнэ.

Миний нэг гайхдаг зүйл бол Монголд Wikipeda маягийн нээлттэй мэдлэгийн сан үүсгэх боломж байгаа болов уу? Ер нь яаж хийвэл зүгээр вэ? Манай үндэсний болоод соёлын онцлог энэ хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол?

2009-01-01

Нээлттэй эхэд таны тусламж

Хүмүүс бид үнэхээрийн сайн хэрэглэгчид, буцаад өгөлгүй авагчид, үүрд орших мэт сэтгэгчид. Нээлттэй эхийг бид нээлттэй учраас бид ямар нэг төлбөр төлөлгүй авч хэрэглэдэг. Хаяа нэг цохыг мэдээлэх, нөхөөс өгөх зэргээр хариу барьдаг. Тэрхүү зүйл маань үүрд оршин байж өөрт үнэгүй хэрэглэгдэнэ гэж эндүүрнэ. Гэвч тэр бүгдийн цаана хүн ажиллана, тэр хүн хоол идэх бас гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Мөн та бүдэнд хүргэхийн тулд сервер, интернэт гэх дэд бүтэц ашиглана, бүгд өөрийн өртөг зардалтай. Энэ бүгдийг яаж нөхдөг гэж бодож байна? Сайн дурын хандиваар. Та код нэмэрлэхгүй байж болно гэхдээ энд л танд туслах боломж байна.

Интернэт хэрэглэгч бүрийн ашигладаг хамгийн том мэдлэгийн сан бол яах аргагүй Wikipedia. Гэтэл энэхүү вэбийг ажиллуулахын тулд асар том дэд бүтэц ажиллаж, түүнийг ажиллуулах гэж цомхон боловч чадварлаг баг ажиллаж байдаг. Зардлаа хаахын тулд тэд жил бүр уншигчдаасаа хандив цуглуулдаг. Хэрэв Wikipedia үйл ажиллагааныхаа зардлыг төлж дийлэхгүй болоод хаагдвал бид тэндээс мэдлэг мэдээллийг хаанаас авах вэ? Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн эцэг, хамгийн гол цөм гэж хэлж болох GNU төсөл маань хандив цуглуулж эхэлжээ. GNU төслийн хүчинд бид өнөөдөр C хэлний нээлттэй сантай, төрөл бүрийн хэлний эмхэтгэгчтай (compiler), bash бүрхүүлээс авахуулаад юниксд байх ёстой бүхий л багажуудтай байгаа. Энэ бүгд нь ямар ч линукс тархацын амин чухал хэсэг. Түүнгүйгээр ер нь ямар ч нээлттэй эхийн програм хангамж оршин тогтнох боломжгүй.

Би саяхан GNU төсөлдөө 120 ам доллар хандивлаад Associate Member болоод авав. 120 гээд сонсоход их мэт боловч сард 10, өдөрт 0.3 буюу 400 төгрөг. Бид огт хэрэггүй зүйлд, тамхинд үүнээс илүүг зарцуулж чаддаг. Яагаад ийм хэмжээний мөнгийг өөрийн болон бусдын тусын тулд, нээлттэй эхийн хөгжлийн төлөө хандивлаж болохгүй гэж? Нээлттэй эхэд таны тусламж хэрэгтэй байна. Далайд дусал нэмэр гэдэг. Бүгдээрээ бага ч болов хандив өргөцгөөе.

2008-10-12

Wikipedia Ubuntu-руу системүүдээ шилжүүлнэ

Бидний сайн мэдэх, мэдлэгийн их далай болсон Wikipedia өөрийн дэд бүтцэд ашиглагдаж буй RedHat Linux болон Fedora-ийн холимог хувилбарууд бүхий 400 серверүүдээ Ubuntu руу шилжүүлэх болсноо өчигдөр зарлажээ. Ийнхүү нэгдсэн нэг систем рүү шилжих нь арчилгаа, үйлчилгээг маш ихээр хялбарчлах бөгөөд илүү найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад туслах юм байна. Ер нь аливаа байгууллага нь аль нэг эсвэл цөөхөн хэдэн системийг стандартлах, түүнийгээ үйл ажиллагаандаа ашиглах нь боловсон хүчний сургалт хийгээд шинэ систем нэвтрүүлэх зэрэгт маш их хэмнэлт авчирдаг.