2011-01-28

Хүүхдүүд ба цахим ертөнц

Сүүлийн үеийн хүүхдүүд ямар адтай, шинийг хурдан сурч байгааг хүн бүр л гайхан ярьдаг. Аав ээж нь, эмээ өвөө нь ямар нэг техниктэй ажиллах учрыг олоогүй байхад бяцхан дүү нар минь аль хэдийн ашиглаад явж байдаг. Анх OLPC жижиг тооцоолуур авчихаад яаж онгойдог юм бол гэж хэсэг оролдож байсан, гэтэл дүү маань шууд л онгойлгосон. Хамаатны маань 4 настай хүүхэд одоо гар утас авахаараа тоглоомуудыг нь олоод, яаж тоглох учрыг нь хэнээр ч заалгахгүй тоглохыг нь яана. Яаж ингэдэг талаар надад үнэхээр ойлголт алга. Харин энэ талаар хийсэн судалгааны сонирхолтой үр дүнг хараад маш ихээр гайхав.

2011-01-26

LibreOffice

Өчигдөрхөн LibreOffice гэх програмын анхны боловч 3.3 дугаартай хувилбар албан ёсоор гарлаа. Олон олон шинэ боломжууд бас олон олон алдааны засвар орсон байна. Гэтэл LibreOffice гэж яг юу вэ, OpenOffice.org -с ямар ялгаатай вэ гэсэн асуултууд хөвөрнө. Тиймээс үүнд товчоор хариулахыг оролдъё.

2011-01-21

Явган аялал

Аав ээж маань яаж яваад ч юм явган аялдаг хүмүүстэй танилцаж долоо хоног бүр явдаг болоод бараг 2 жил болох гэж байна. Тэд өвөл, зун, цастай, бороотой, салхи шуургатай ялгалгүй явдаг юм. Харин миний хувьд ноднин намар, өвөр, хавар бас зун хэд хэдэн удаа явсан нь үнэхээр таалагдсан. Өвөл жавар тачигнаж цасаар шуурч байсан ч ой модонд нам гүм, маш тайван. Хавар мөс хайлж ус урсах чимээ, урь орж цэцэг навс ургаад ирэхээр их гоё. Жижир горхины дэргэд хэсэг суудагсан.

2010-11-10

Зохиомол хөдөлгөөн

Нийгэм маань хөгжиж байна гэх юм. Үүний дүнд оюуны хөдөлмөр илүү үнэлэгдэж, бидний хийх ажил илүү олон цагаар суухыг биднээс шаардах боллоо. Оюуны хөдөлмөр хийх, өндөр цалин авах нь гоё ч бидний бие мах бодийг эрүүл байхад шаардлагатай хөдөлгөөн хийх боломжийг улам л хумьж байна. Энэ янзаараа мөнгөтэй ч илүүдэл жинтэй, эрүүл бус хүмүүс улам л нэмэгдэх хандлагатай. Мөнгөтэй ч эрүүл бус хүн аз жаргалтай байх нь юу л бол. Мөнгийг олж болно, харин эрүүл мэндийг эргүүлж авахгүй. Тиймээс эрүүл байя гэвэл өнөөдрөөс эхлээд хөдлөх шалтаг гаргаж "зохиомол" хөдөлгөөн хийх ёстой болох нь. Би "хөдлөөд" эхэлчихсэн, харин та?

2010-10-28

Edubuntu

Мобиком корпорацийн "Моби тэмүүлэл" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 сургуульд 400 ширхэг тооцоолуур бэлэглэж юм байна. Хамгийн гол нь эдгээрийг бүгдийг нээлттэй програм хангамж буюу Edubuntu-р тоноглох юм. Бидний зарим нь энэ мэдээллийг хөөрч баярлан хүлээн авч байгаа бол зарим нь томоос том "Яагаад?" гэсэн асуулттай үлдэж байгаа нь мэдээж. Миний хувьд энэ асуултанд товчоор хариулахыг хичээе.


2010-10-17

Баталгаа? Байхгүй ээ

Нээлттэй програм хангамжийн талаар ярихаар яаж ийж байгаад л "баталгаа" гээч зүйл рүү халтираад орчих юм. Нээлттэй програм нь "баталгаагүй", харин хаалттай нь "баталгаатай" гэж ирээд л ярина. Нээлттэй нь ч яахав угаасаа лиценз дээрээ ямар нэг асуудал үүсвэл зохиогч нь хариуцлага хүлээхгүй, эрсдэлээ хэрэглэгч үүрэх талаар оруулсан байдаг. Харин хаалттай нь яг ямар баталгаа өгдөг юм бэ?

2010-10-16

Бид чадна, гэхдээ одоо биш

Би хувьдаа өөрийгөө их өөдрөг үзэлтэй гэж боддог. Монгол Улс маань өндөр хөгжилтэй орон болж бид сайхан амьдралтай болно гэдэгт бат итгэдэг. Үүнд нь өөрийнхөө чадах чинээгээр хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг. Гэхдээ цахим сонгуулийг бид зөв хийж чадахгүй, тиймээс хийх хэрэггүй.

Өнөөдөр яг үнэндээ технологийн хувьд бидний бүтээсэн зүйл бараг алга. Бидний хувьд технологийг маш сайн ашиглаж түүн дээр суурилсан бүтээлүүд зонхилж байна. Гаднаас авсан тоног төхөөрөмж дээр Windows суулгаад, MSSQL эсвэл Oracle гэх мэт ашиглаад энэ бүгд нь хэвийн, тасралтгүй ажиллана гэдэгт найдаж суудаг. Бид яг нарийн цаад ажиллагааг нь мэдэхгүй, асуудлаас хэрхэн сэргийлэх, гарлаа гэхэд хэрхэн шийдвэрлэх туршлага байхгүй. Хэрэв сүлжээ ашиглавал бас л өмнөх шигээ байхыг хүснэ. Энгийн хэрэглээнд бол байж болох л зүйл. Гэхдээ 4 жилд 1 олдох төрийн эрх барих нийт иргэдийн эрх, төрийг сонгох сонгуульд бол арай л биш юм.

Энэ бол зөвхөн өнөөдөр. Цөөн ч гэсэн чадварлаг инженерүүд байна, гадаадад сайн ажил хийж байна. Залуус маань ч шинийг эрэлхийлж, мэрийж, мөн сайн инженерүүдийн хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Өнөөдөр чадахгүй ч бид сурна, бид чаддаг болно. Үүний хурдасгуур нь нээлттэй мэдлэг юм.

2010-10-12

Зүгээр л ажиллана

2000 он хавьцаа анх линуксыг ашиглаж эхэлж байхад график интерфэйс нь муу, програмын сонголт хомс, ихэнх тоног төхөөрөмжүүд ихэнх нь ажиллахгүй, жаахан удаан ч юм шиг ер нь асуудал ихтэй байсан. Гэсэн хэдий ч шантралгүй өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэж, засч нээлттэй програм хангамжид бага ч болов хувь нэмэр оруулж, бас өнгөрсөн хугацаанд хэрхэн хөгжиж байгааг нүдээр харж, мэдэрч хамтдаа хөгжихийг хичээсэн.

Хэдхэн хоногийн өмнө Ubuntu 10.10 хувилбар гарлаа. 35,000 орчим суулгахад бэлэн бас чанартай програм хангамжийн сонголттой, дийлэнх тоног төхөөрөмжүүд нэмэлт програмгүй шууд л ажиллана, вирусгүй, гацахгүй гээд зүгээр л ажилладаг болж. Албан хэрэг хөтлөх, тал бүрийн интернэт хэрэглээ, дуу сонсох, янзлах, видео болон зураг үзэх, засварлах, програм бичих болон сервер гээд бүхий л хэрэглээнд шаггүй сайн тохирох боллоо. Бас мэдээж албан ёсны, хууль зөрчөөгүй. Та энэ хаягаас татаж аваад туршаад үзээрэй, танд таалагдана.

Вэбийн урсгал Хятадыг чиглэж ...

Хэд хоногийн өмнө Web traffic redirected to China still a mystery гэсэн нийтлэлийн гарчиг хараад гайхав. Юу болов яав ийв гээд дэлрэнгүй унштал АНУ-ын томоохон вэбүүдийн урсгал яагаад ч юм Хятад руу чиглэсэн буюу шал өөр тийш явж байна гэсэн үг. Эхнийх нь өнгөрсөн 3-р сард болсон бөгөөд DNS-ийн асуудлаас болж Youtube, Facebook, Twitter зэрэг 30 орчим вэбийн урсгал Хятадын серверүүд рүү орсон байна. Энэ нь баруун олон орны хэрэглэгчдэд Хятадын интернэт хэрэглэгчид юу үздэг талаар товч ойлголт өгсөн гэжээ. Дараагийнх нь 4-р сард тохиолдсон бөгөөд интернэт замчлалын бараг 10% нь Хятадаар дайрахаар тохируулагдаж 17 минут болсон байжээ.

Яагаад ийм зүйл болсон нь одоо болтол тодорхойгүй байгаа юм байна. Мөн SSL эсвэл бусад төрлийн ширфлэлт ашиглаагүй тохиолдолд "урд хөршийнхөн" маань эдгээр мэдээллийг тайлж унших боломжтой байсныг анхааруулжээ. Сонирхолтой л юм...

2010-10-09

СПАМ-ын талаар

Хулхидуулж хашрахгүй монголчууд африкт нийтлэлийг заавал уншаарай. Энд СПАМ буюу хуурамч захидал хүлээн авч түүндээ итгэж хохиросон хүмүүсийн бодит түүх байгаа. Бас Нигерийн нухаш нийтлэл ч ижил түүх өгүүлнэ.

Миний хувьд анх ийм захидал авч байхдаа итгэж бас сонирхож байсан. Дараагаас нь тийм зүйл нь хуурмаг болохыг олж мэдээд үзэлгүй шууд устгадаг болсон. Төрөл бүрийн эм зарна, хямд програм гээд хууль бус сурталчилгаа, залилан интернэтээр дүүрэн байдаг. Та өөрийн картны мэдээллийг оруулаад ямар ч бараа авахгүй харин бөөн бөөн мөнгө л алдаг болно. Тиймээс мэдээллийнхээ үнэн зөв байдлыг сайн нягталж байгаарай.

Англи, Америкт бол шуудангаар нь ийм захидал цөөнгүй ирдэг юм билээ. Саяханаас гар утсан дээр гаднаас мөнгө хожсон тухай мессеж ирэх болсон. Гэрийнхэнтэйгээ сууж байхад аавд ирээд надаас асууж, бид хэсэг хөөрөлдсөн. Бас саяхан нэг найзын маань аавын утсанд ирэхэд итгээд баахан баярлаж, хөөрч гүйсэн гэж сонссон.

Хэн ч бидэнд зүгээр сууж байхад мөнгө өгөхгүй. Сугалаа сугалаагүй байхад хожно гэж байхгүй.

2010-10-06

Цахим сонгуулийн эсрэг хэдэг үг

Сая явж байгаад УИХ-ын дарга санал тоолох системтэй танилцав гэсэн мэдээ олж үзэв. ES&S гэдэг компани манайд сонгуулийг цахим хэлбэрээр явуулах технологи нийлүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Харин сэтгэгдэл нь манайхан өөрсдөө хийж чадна гэсэн байх юм.

Товчхон хэлэхэд манайд цахим сонгууль хэрэггүй, манайхан бас хийж чадахгүй. Бидэнд энэ хэмжээний систем хийх туршлага, мэдлэг бас хүний нөөц байхгүй. Бүрэн цахим хэлбэрт шилжиж ховор олдох эрхээ эдэлж чадахгүй болох, туршилтын орон болоосой гэж хүсэхгүй байна. Харин одоо хийгдэж байгаа зарим нэг арга ажиллагааг илүү сайжруулбал яасан юм бэ. TOEFL цаасаар өгөхөд тусгай харандаагаар зөв хариуг сайтар бөглөх ёстой, ингэхгүй бол хариуг тооцдоггүй. Энэ мэт жижиг бас ул мөртэй алхмаас эхлэх хэрэгтэй байх. Харин та юу гэж бодож байна?

2010-10-05

1/3 нь Froyo болжээ

Өнөөдөр ашиглагдаж байгаа олон сая Android төхөөрөмжүүдийн 1/3 нь хамгийн сүүлийн хувилбар буюу 2.2 (Froyo) хувилбарыг ажиллуулж байгаа юм байна. Энэхүү шинэ хувилбарыг зун болсон Google IO хурал дээр танилцуулсан бөгөөд танилцуулах видеог (8-р минут) үзэж байхад үнэхээр сайжирсан болохыг харуулсан. Илүү хурдан, байгууллагуудад илүү хялбар, хөгжүүлэгчдэд ээлтэй, төхөөрөмж хоорондын харилцан ажиллагаа, өөрөө өөрөөсөө Wi-Fi цацах гэх мэт.

Сүүлийн мэдээллээр буюу 7-р сарын байдлаар өдөр бүр 200,000 android төхөөрөмж ажилд орж байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ зах зээл маш хурдацтай өсч байгаа бөгөөд 2014 онд iPhone-ыг гүйцэх талаар судалгаа бас байсан. Android бол маш хурдацтай өсч буй платформ бас зах зээл юм, гэхдээ бас нээлттэй. Энэ боломжийг ашиглаж дэлхийн програм хангамжийн зах зээлд гарах эсэх нь бидний сонголт болж үлдлээ.

2010-10-04

Sintel

Blender гээд 3 хэмжээст урлалын програм байх. Үүнийг ашиглан бүр төрлийн график дүрслэл, бүр тоглоом хийж болох авч хөгжүүлэлт, код нь нээлттэй мөн хэн ч авч хэрэглэхэд үнэ төлбөргүй гэж байгаа. Сүүлийн үед шинэ хувилбар гаргах бүртээ програмынхаа чадамжийг шалгах, харуулах үүднээс богино хэмжээний кино бүтээдэг бөгөөд саяхан 3 дахь киногоо гаргажээ.

Sintel нь Норвегийн домгоос сэдэвлэсэн, мөн үйл явдал нь бяцхан луугаа алдсан нэгэн бүсгүй эрж болох боловч том болсныг мэдэлгүй өөрийн гараар устгадаг. Надад бол таалагдсан, харин та энэ хаягаар орж үзээд сэтгэгдлээсээ хуваалцаарай. Үнэгүй юм чанаргүй эсвэл үнэтэй юм чанартай гэдэг үг худлаа санагдаж байх чинь...

ODF хэр ногоон бэ

Бичиг баримт боловсруулах, хадгалах ODF буюу Open Document Format гэх нээлттэй стандарт, формат байх. Үүнийг хэр ногоон бэ гэсэн сонирхолтой нийтлэл олж үзэв. Ногоон гэдэг нь мэдээж байгаль орчинд үзүүлэх нөлөө бага гэсэн санааг илэрхийлж байгаа.

Нийтлэлийг бичигч маань судалгаа хийх зорилгоор www.whitehouse.gov сайт дээрээс 293 Microsoft Office файл аваад түүнийгээ ODF рүү шилжүүлсэн байгаа юм. Тэгсэн дунджаар 66% бага хэмжээтэй файл болж байна гэнэ, би ч өөрийн туршлагаас үүнийг мэднэ. Бага хэмжээтэй файл нь хадгалахад бас зөөвөрлөхөд илүү хялбар бас хурдан.

Хэмжээ багаас гадна XML дээр суурилсан тул дурын XML унших чадвар бүхий програм эсвэл програмчлалын сан ашиглаж мэдээлэл гарган авах, боловсруулах цаашлаад цаасгүй орчин бүрдүүлэх боломжтой. Харин Microsoft Office-ын хувьд мэдээлэл нь хэрхэн хадгалагддаг буюу файл формат, бүтэц нь зөвхөн Microsoft-с хараат тул ийм зүйл хийх бараг боломжгүй байдаг юм. Энэ мэтээр яриад байвал нээлттэй форматын ач холбогдол их юм байна шүү.

2010-09-11

SFD 2010 таныг урьж байна

Хөгжилтэй орнуудад оюуны өмчийг хамгаалж байгаа нэрээр маш боогдмол, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан програм хангамжийн линензүүд түрээмэл байдаг. Үүнээс үүдээд програм хангамжийн эзэмшигч нь хэн бэ гэдэг асуултад хариулт олоход үнэхээр бэрх. Хэрэглэгч төлбөр төлсөн ч бай үгүй ч бай програм хангамжийн эзэн яг мөн үү? Хэрэв эзэн нь юм бол яагаад бусад зүйлс шиг өөрийн хүссэнээр өөрчилж эсвэл бусдад дамжуулж болдоггүй юм бэ? Бас яагаад бидний хэрэглээг хязгаарлаад байдаг юм бол? Өөрийн өмчийг өөрийн дураар захиран зарчуулж чадахгүй байгаа бол тэр эзэн биш болж таарна. Тэгвэл хэн эзэн нь юм бэ? Эсвэл програм хангамж үйлдвэрлэгч эзэн нь үү? Хэрэв тийм бол ер нь хэрэглэгч бид хэн бэ? Тэгээд ч бидний ямар нэг програм хангамж ашиглаж бий болгосон өгөгдөл буюу файлууд хэний өмч юм бол? Нөгөө програм байхгүй бол бид үүсгэсэн мэдээллээ уншиж, өөрчилж чадахгүй болно, тэгэхээр бид барьцаанд орчихож байгаа юм биш байгаа? Энэ мэт хариулт олоход бэрх асуултууд ар араасаа хөвөрч гарна, гэхдээ тэгээд яг бидний эзэмшлийн програм байж болох уу?

Би нэг жинсэн өмдтэй, би үнэхээр эзэн нь. Учир нь надад жаахан томдоод ирвэл тэлээ хийгээд тааруулаад өмсөнө, цоолмоор санагдвал цоолоод эсвэл цоорчихвол нөхөөд өмсчихнө. Гоёл чимэг зүгээмээр санагдвал зүүчихнэ. Хэрэв би өөрөө ёож чаддаг бол өөрөө хийнэ, чаддаггүгй бол өөр хэн нэгэнд хөлсийг нь өгөөд л хийлгэнэ. Эсвэл зүгээр л байгаагаар нь хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл би өөрийн өмчийг өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй. Одоо таны програм хангамжийн жинхэнэ эзэн нь хэн болох талаар та нэг бодоод үзээрэй. Та мөн байна уу? Бараг л биш болов уу даа. Гэхдээ тийм байх боломж бас бий.

Зарим хүмүүс өөрийгөө бодож таны эрхийг хязгаарладаг бол бас таны эрхийн талаар боддог басхүү санаа тавьдаг хүмүүс ч байдаг. Өөрөөр хэлбэл та өөрийн хүссэнээр захиран зарцуулж болдоггүй програмууд байхад, нөгөө талд нь өөрийн хүссэнээр захиран зарцуулах боломжтой нь ч бас байдаг юм. Танд дээр дурдсан эрх чөлөө байдаг талаар, мөн таны эрх чөлөөг дээдэлсэн програм хангамжууд байдаг талаар танд мэдээлэл өгөх зорилгоор Software Freedom Day буюу Програм Хангамжийн Эрх Чөлөөний Өдөр гээч зүйлийг анх дэлхий дахинаа эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ өдрийн хүрээнд програм хангамж хэрэглэгч нь ямар эрхтэй байх ёстой, тэр нь ямар давуу талтай мөн яагаад энэ эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа талаар олон нийтэд сурталчлах зорилготой юм. Бидний хувьд 2006 билүү 2007 онд ч билүү хамгийн анхны өдөрлөгийг дэлхийтэй хөл нийлүүлэн нэгэн өдөр зохион байгуулж байсан удаатай.

Энэ жилийн хувьд 2010 оны 9-р сарын 18-ны өдөр дэлхий даяаар нийт 350 орчим баг энэхүү өдрийг тэмдэглэж, хэрэглэгч танд эрхийг тань таниулахаар ажиллаж байна. Хэрэв та ямар эрхтэй, эрхээ эдэлснээр ямар шинэ боломжууд байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл яг энэ өдөр 12 цагаас хоцролгүй УБ хотын Нийтийн Номын Сан буюу Нацагдоржийн Номын Санд хүрэлцэн ирээрэй. Бид танд эрхийг тань, шинэ боломжуудыг тань танилцуулж, тантай илэн далангуй ярилцаж нөхөрлөхөд бэлэн байна. Таныг хүлээж байя, заавал ирээрэй.