Огцом шийдвэр гаргах дуртай ЗАСАГ маань ЗУНЫ ЦАГ-т шилждэг болох тухай, түүнийгээ энэ сараас шууд хэрэгжүүлэх шийдвэр гаргав. Энэ шийдвэрийг ямар үндэслэлээр гаргаж байгаа болон зөв буруугийн талаар мэдэх юм алга. Харин ямар ч бэлтгэл, судалгаагүй гаргасан шийдвэр нь ямар нөлөөтэй талаар товч тайлбарлах гэж оролдсон минь энэ.
1. Цагийн бүс хэрхэн ажилладаг вэ?
IANA гэх байгууллага дэлхий дээрх бүх цагийн бүсийг албан ёсоор бүртгэж авдаг. Ингэж бүртгэхдээ зуны цагт шилждэг эсэх, шилждэг бол хэзээ шилжих, хэзээ буцахыг тэмдэглэдэг. Манай улсын хувьд Asia/Hovd (+7), Asia/Ulaanbaatar (+8), Asia/Choibalsan (+8) гэсэн үндсэн 3 цагийн бүстэй бөгөөд 2007 оноос эхлэн цаг шилждэггүй гэсэн бүртгэлтэй байгаа юм.
Бидний ашигладаг Windows, Mac OS X, *BSD, Linux, Android, iOS зэрэг бүх системүүд нь дээрх бүртгэл дээр үндэслэн цагийн бүс болон цагаа тохируулдаг юм. Энэ өөрчлөлт хэрэглэгчид хүртэл багагүй хугацаа шаардахаас гадна зарим нэг систем/хувилбарт огт орохгүй байх магадлалтайг анхаарна уу.
2. Асуудал/бэрхшээл нь юу вэ?
Зуны цагт шилждэг улсууд цагийн шилжилтээ энэ бүртгэлд бүртгүүлсэн байдаг тул эдгээр системүүд автоматаар цагаа шилжүүлээд/тоолоод явчихдаг. Гэтэл манайх шилжихгүй гэсэн бүртгэлтэй учир ямар ч систем дээр цагийг автоматаар шилжүүлэхгүй!!!
Компьютер болон бүх цахим төхөөрөмж дээр цагийн бүсийг зөв тохируулж байж цагаа зөв тоолж, бүх зүйл хэвийн ажилладаг болно. Гэтэл ГАЙХАМШИГТ ШИЙДВЭР-ийн талаар бүх систем/төхөөрөмжүүд мэдэхгүй/мэдээгүй байгаа учир цагийг буруу тоолж эхэлнэ гэсэн үг.
2007 оныг хүртэл бид зуны цагт шилждэг байсан бөгөөд 2007 оноос больсон. Өмнөх өөрчлөлтийг мөн л ямар ч бэлтгэлгүй хийснээс болж бөөн асуудал үүсч байсан. Гэхдээ тэр үед өнөөгийнх шиг ухаалаг утас, таблет гээд маш олон цахим төхөөрөмж байсангүй, байсан хэдэн компьютер нь тийм ч чухал биш байв.
Дэлхийтэй мэдээллийн технологийн судсаар нягт холбогдсон өнөө цагт цагийг буруу тоолох нь маш уршигтай. Наад зах нь банкны гүйлгээ гэх мэт маш чухал бүртгэлийн мэдээллүүдийн цаг зөрж алдаа гарч эхэлнэ. Эндээс гарч болох гарз/хохиролыг хэн хариуцах вэ?
3. Шийдэл
Бидэнд хоёр гарц/шийдэл байна.
1. Шийдвэрийг цуцлаад одоо байгаа хэвээр нь үлдээх.
2. Шийдвэрийн хэрэгжих хугацааг ядаж 2016 болж өгвөл 2017 болтол хойшлуулаад энэ хугацаанд бэлтгэлийг хангах.
3 сая хүний амьдралд шууд нөлөөлөх ийм шийдвэрийг яаж ингэж судалгаагүй (байсан ч маш дутуу) гаргаж чаддагийг үнэхээр маш их гайхаж байна. Энэ улсын удирдлага, төр засаг нэг л биш ээ....