Өөрийн ашигладаг багажуудын танилцуулгаа би Ubuntu линукс тархацаар эхлэж байна. Үйлдлийн систем буюу програм хангамжуудынхаа суурийг зөв сонгох нь таны бүтээмж, сэтгэл ханамж, тав тухтай байдал гээд бүх зүйлд нөлөөлөх болов уу. Яагаад би Ubuntu-г сонгох болсон талаар доор сийрүүлэн бичье.
2000 он хавьцаа линукс болон нээлттэй эхийн програм хангамжуудын талаар анх сонссон. Тэр цагаас хойш сонирхолыг минь татаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч сонирхох болсон. 2001 онд шиг санаж байна RedHat 6 билүү хувилбар олоод нэгэн найзынхаа компьютер дээр суулгаад хамаг юмыг нь устгаад, юу ч үгүй болгож байж билээ. Тухайн үедээ линуксыг хакерууд ашигладаг гэдгийг сонсоод юу ч мэдэхгүй байж хакер болох гэж оролдсон нь тэр. Хэдий хүний хамаг юм устгасан ч огт хашраагүй юмдаг. Тэр цагаас хойш линукс тархацуудаас RedHat 7.2, 8.0, 9.0, Fedora Core 1, 2, 3, Debian, Gentoo, SuSE г.м, BSD тархацуудаас FreeBSD, OpenBSD-г ашиглаж үзэж байсан боловч эцэст нь Ubuntu дээр буусан даа. Үүнээс өмнө Gentoo-г голчлон ашигладаг байсан боловч суухдаа их хугацаа шаарддаг, тохируулахад хэцүү гэдэг шалтгаанаас татгалзсан юм.
Ubuntu надад анхнаасаа л ихээхэн таалагдсан. Учир нь Ubuntu нь миний өмнө туршиж үзэж байсан, мөн ихээхэн таалагдсан Debian GNU/Linux дээр суурилсан байлаа. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем. Мэдээж Ubuntu түүний эдгээр чанаруудыг залгамжлан авсан байдаг ба үргэлж үнэгүй тараагдана гэдэг амлалтыг хэрэглэгчиддээ өгсөн байгаа. Гэхдээ Ubuntu-н гол хөгжүүлэгчээр Canonical ажилладаг ба Ubuntu-н техникийн дэмжлэгийг өөрөө эсвэл бусад түншүүдийн хамтаар үзүүлдэг. Хамгийн сонирхолтой нь Ubuntu гэдэг нь африкийн Зулу хэлээр "humanity to others" буюу "бусдад энэрэнгүй хандах" гэсэн утгыг илэрхийлдэг юм (Хэрэв илүү оновчтой орчуулга байвал сэтгэгдэлд бичиж үлдээнэ үү).
Мөн Ubuntu нь таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөр өөрийн онцлог бүхий хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та серверийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол Ubuntu server, линукстай ажиллах туршлагатай, илүү нарийн тохиргоо хэрэгтэй бол Ubuntu alternative, боловсролын салбарт ашиглах гэж байгаа бол Edubuntu, GNOME ашигладаг бол энгийн Ubuntu, KDE ашигладаг бол Kubuntu г.м хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та юникс, линукс төрлийн үйлдлийн системийг сонирхон судлах гэж байгаа бол танд Ubuntu-с эхлэхийг санал болгож байна. Ubuntu нь зөвхөн ганц дискээс бүрдэх ба түүнийгээ суулгамагц ямар нэг тохиргоо хийх шаардлагагүйгээр ажиллахад бэлэн системтэй болно. Харин бусад линукс тархацууд 4 болон түүнээс дээш дискээс бүрдэх ба хэмнэлтийн үүднээс ч ганц диск нь илүү юм. Зөвхөн нэг дискэн дээр багтах мэдээлэл хэр билээ, үүнээс шалтгаалан дискэнд агуулагдах програм хангамжийн тоо маш хязгаартай боловч интернэтээр дамжуулан 16000 гаруй програмуудаас сонгон суулгах боломжтой.
Монгол Улсад чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн хөгжлийг дэмжих, хурдасгах зорилготойгоор байгуулагдсан "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ нь Ubuntu линуксыг сонгож, түүний толин серверийг үүсгэн ажилд орууллаа. Энэхүү толин серверийг ажилд оруулснаар интернэтийн нэвтрэлт бага, хурд муу холболттой монголын хэрэглэгчид маань илүү хурдан, илүү богино хугацаанд Ubuntu-г шинээр татаж авах, шинэ програм хангамж нэмж суулгах болон ашиглаж байгаа системээ шинэчлэх боломжтой болж байгаа юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага"ТББ нь өнгөрөгч 9-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашдид чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг таниулах, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр явч хэрэгжүүлэх төслүүдийг боловсруулахаар ажиллаж байна.
No comments:
Post a Comment