2008-08-16

OpenVAS мэндэлжээ

Аюулгүй байдлын мэргэжилтнүүддээ дуулгах шинэ мэдээ байна. OpenVAS гээд шинэ ч юм шиг гэхдээ бас хуучин ч юм шиг багаж мэндэлжээ. Яг үнэндээ бидний өмнө ашигладаг байсан Nessus л дээ. Nessus нь цоорхой шалгах багаж бөгөөд өөрийн цоорхойн мэдээллийн санг ашиглан системд цоорхой байгаа эсэхийг шалгадаг юм. Тэгсэн чинь Nessus-ийг голчон хөгжүүлдэг байсан Tenable Network Security гэх компани нь нээлттэй байснаас болж ашигтай ажиллаж чадахгүй байна гэж үзсэн тул 2005 онд эх кодыг хаасан.

Нээлттэй эхийн програм хангамжийн давуу талуудын нэг нь энэ. Хэрэв та програм хангамжийнхаа эх кодыг нээлттэй гаргасан бол түүнийгээ эргүүлэн татаж авах боломж байхгүй. Харин дараагийн шинэ хувилбаруудаа хаалттай гаргах боломжтой. Nessus-ийн 2.х хувилбарууд нь нээлттэй байсан, харин 3.х хувилбарууд нь хаалттай. Гэтэл хэсэг хөгжүүлэгчид, Nessus-ийн хэрэглэгчид Nessus-ийн 2.х хувилбарын эх кодыш салбарлан, түүн дээр суурилсан OpenVAT-г үүсгэж байна. Эхэнд хэлж байсанчлан шинэ ч юм шиг, хуучин ч юм шиг. OpenVAT нь эхний хувилбараа гаргаж, санаачлагыг эхлүүлсэн ч одоогийн байдлаар цаашдаа хэрхэн ажиллах, ямар зорилго тавьж байгаа нь тийм ч тодорхой биш байна. Бид хаалттай програм ашиглаж байгаад нөгөө компани нь байхгүй бол бид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болно. Гэхдээ миний болон бусад хүмүүсийн бодсоноос илүү удлаа шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

PHP4-ийн төгсгөл

PHP төслийн багийнхан PHP4-ийн хамгийн сүүлийн хувилбар болох 4.4.9 дугаартай хувилбарыг гаргасан болохоо зарлалаа. Энэ хувилбар нь зарим нэг аюулгүй байдлын алдааг засч бас зарим нэг сайжруулалтыг агуулж байгаа юм байна. Харин үүнээс хойш илэрсэн ямар нэг аюулгүй байдлын цоорхой болон бусад төрлийн алдаанд ямар нэг засвар оруулахгүй бөгөөд үүнээс хойш зөвхөн PHP5-ыг дэмжиж, түүнийг ашиглахыг зөвлөж байна.

Хэрэв та серверийн админ бол тэгээд сервер дээр чинь PHP4 ажилладаг бол нэн даруй PHP5 руу шилжүүлэхийг зөвлөж байна. Харин та програмчин бол таны цагийн хэмнэж, боломжийг сайжруулсан бас илүү хурдан ажиллагаатай PHP5 хэлийг судалж, түүнийг ашиглахыг зөвлөж байна. Бас хуучин бичиж байсан програмуудаа PHP5 хувилбар руу шилжүүлэхийг санал болгож байна. Дажгүй сайн бичигдсэн кодууд ихэвчлэн засваргүй эсвэл багахан хэмжээний засвар хийгээд л ажиллаж байна гэсэн шүү.

Open Beer Party 8-р сар

Линукс сонирхогч, хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг өдөр дөхөж ирснийг зарлаж байгаадаа таатай байна. 8-р сарын Open Beer Party маань 26-ны өдөр 19 цагаас Их Монгол уушийн газрын гадаах талбайн хоёрдугаар давхарт болох гэж байна. Энэ өдөр бүгдээрээ хэрхэн линукс хэрэглэгчдийн бүлгээ шинэчилж байнгын үйл ажиллагаанд оруулах болон бяцхан дүү нартаа линукс бүлгээрээ хэрхэн туслаж болох талаар сайхан ярилцъя гэж уриалж байна. Линуксыг сонирходог, линуксыг хэрэглэдэг бүхнийг ирэхийг урьж байна. Хүн бүр өөрийн гаргасан зардлыг даана шүү. Блогийн уншигч таныг энэ мэдээллийг олонд хүргэхэд туслана гэдэгт итгэж байна. Мөн хамгийн эхэнд ирсэн 5 хүнийг уух юмаар дайлъя. Бас ирсэн хүн бүртUbuntu 8.04.1 хувилбарын "ориг" диск бэлэглэчихье.

2008-08-15

Үүлэн тооцоолол

Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш хүчтэй яригдаж буй сэдэв бол яах аргагүй cloud computing. Энэ сэдвийг хөндөх гээд хүрч чадалгүй байж байтал блог анд Очко маань Үүл нэртэйгээр хөнджээ. Ам нээвэл уушиг нээ гэдэгчлэн үүлний талаар өөрийн санал бодлыг бас хуваалцахаар шийдлээ.

Үүлэн тооцоолол гэж юу вэ. Мэдээллийн технологийн компаниуд нь хэрэглэгчдэд чанартай, найдвартай бас хурдан үйлчилгээ үзүүлэхийн өөрийн дотоод тооцооллын хүчийг байнга сайжруулж, нэмсээр ирсэн ба үүний дүнд маш хүчирхэг цогц системүүдийг бүтээж чадсан юм. Ийм компаниудыг нэрлэвэл бидний сайн мэдэх Google, Amazon, Yahoo-с авахуулаад мэдэхгүй маш олон компаниуд байгаа. Тэд ийнхүү хүчин чадлыг нэмэгдүүлэх явцдаа нэг зүйлийг анзаарсан нь эдгээр хүчирхэг цогц системүүд маш их хэмжээний сул зогсолт, ашиглагдаагүй хүчин чадал юм. Үүнийхээ дараагаар тэд үүнийгээ хэрхэн ашиглуулах талаар эрэлхийлсний эцэст cloud computing гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тэнд өөрсдийн хүчирхэн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэж бөгөөд эдгээрийгээ танд түрээслэж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр танаас төлбөр авах систем юм. Ингэснээр тэдгээр том компаниуд ашиглагдахгүй байгаа хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэнд оруулж мөнгө олно, харин та эхний хөрөнгө оруулалтаас маш ихийг хэмжээд зогсохгүй хүссэн хэмжээгээрээ өргөжих, бас ашигласнаараа төлөх гэсэн шинэ боломжууд нээгдэж байна. Энэ зах зээлд хамгийн эхэлж Amazon.com орсон ба өөрийн S3, EC2, SimpleDB зэрэг сонирхолтой үйлчилгээнүүдийг маш боломжийн үнээр өгч байгаа. Харин сүүлд Google өөрийн AppEngine гэж үйлчилгээгээ эхлүүлсэн бөгөөд та python хэл мэддэг бол Google-ийн дэд бүтэц дээр суурилсан хүчирхэг систем байгуулах боломжийг олгож байна. Товчхондоо бол иймэрхүү, гэхдээ нарийн судалбал их юм байна лээ.

Цаашид яах вэ. Өнөөдөр cloud computing нь шинэ зүйл байхаа больсон, маш олон компаниуд ашиглаад эхэлчихсэн. Цаашид ч хүчээ авах хандлагатай. Эхний хөрөнгө оруулалт бага, бас үйл ажиллагааны зардалд хамаагүй хэмнэлттэй. Нэг төхөөрөмж авчихаад нөгөөх нь ажиллаж л байдаг, хэр хэмжээнд ашиглаад байгаа нь мэдэгдэхгүй. Харин cloud дээр өмнө хэлж байсанчлан шаардлагатай үедээ хүссэн хэмжээгээрээ авч хэрэглээд, хэрэггүй үедээ буцаагаад л өгчихнө. Бас дээрээс нь системийн администратор гэдэг хүн бараг шаардлагагүй гээд олон асуудлаас шинэхэн бизнесүүдийг салгаж байна. Ирээдүйд зөвхөн өндөр чадвартай мэргэжилтнүүд үлдэж харин доод болон дунд түвшний мэргэжилтнүүд "лааз өшиглөх" магадлалтай болоод байна. Цахилгаан анх үүсч байхад компани бүр цахилгаанчин, цахилгааны менежер гэдэг хүнтэй, тэд нь маш том байр суурь эзэлж, бүр дээд түвшний удирдлагад хүртэл ордог байсан түүх бий. Харин тэд ажлаа хэтэрхий сайн хийснээс болоод цахилгаан өнөөдрийн хэмжээнд хөгжиж, тийм мэргэжил устаж үгүй болсон. Ер нь мэдээллийн технологийн ирээдүйг олон хүмүүс бас ингэж л хардаг. Би ч бас ....

Бид үнэхээр нэгдэж чаддаг

Бид талцах дуртай. Үнэхээр дуртай. Давхар, орц, байр, хороо, хороолол, дүүрэг, хот, аймаг гээд жалга довоороо бас дээрээс нь үзэл бодол, шашин шүтлэг гээд талцаж хуваагдах зүйл зөндөө. Гэхдээ сүүлийн хэд хоногт бид үнэхээр нэгдэж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Бид бүгдээрээ олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжиж, тэмцээн тулаан бүрдээ ялчихаасай гэж залбирч, аль болох медаль авчраасай гэж хүсэхдээ өмнө нь манайхаас хэн ч хэзээ ч авч байгаагүй "алтан" медалийг бид маш их хүссэн. Тамирчдынха тоглолтыг амьсгаа даран үзэхдээ дотроо битүүхэн айдастайгаар хүслээ шивнэж, тэр л өнгийг бид хүсч байсан. Өчигдрөөс эхлэн бидний сэтгэл битүүхэн харуусалтай ч баяраар бялхаж, хүрээд алдсан алт биш чанга атгаж буй "мөнгө"-ий талаар ярилцах болсон. Харин өнөөдөр бидний хүсч байсан тэр л өнгө, тэр л хүсэл маань биеллээ. Түвшинбаяр маань бидэндээ анхны алтан медалийг авчирлаа. Бид бүгд баяртай, бүгдээрээ сэтгэл хангалуун байна. Баярласан сэтгэлээ хүн бүхэнтэй хуваалцаж байна. Сүхбаатарын талбайд цугласан бүхэн нэгэн дуугаар уухай орилж байна ....

Бид үнэхээр нэгдэж чаддаг юм байна. Нэгдэхээрээ бид хүчтэй байдаг. Түүх ч үүнийг гэрчилнэ. Талбайн хажуугаар явж байхад хажуугаар зөрсөн, гар барьсан, тэвэрч авсан бүх хүмүүс "Тиймээ бид чадна" гэцгээж байсан юм. Тиймээ бид нэгдэж бас нэгдээд ихийг бүтээж чадна.

2008-08-14

Олимпийн аварга төрлөө

Дөнгөж сая манай жудоч Түвшинбаяр аврагын алтан медалийн эх орондоо авчирлаа. Их удаан хүлээсэн мөч. Өмнө нь Гүндэгмаа мөнгөн медалийг авчирсан. Спорт ойлгодог ч бай үгүй ч бай бүх монголчууд баяртай байна. Ахиж олон медаль авна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Урааааа.

Өчигдөр гэрийнхэнтэйгээ хоолонд орж байхад мөнгөн медалийн талаар мэдээ тархаж, тэнд хоол идэж байсан бүх хүн хашгиралдаж, алга ташиж байсан. Үнэхээр урамтай. Өнөөдөр манай ажлынхан, таарсан бүх хүмүүс, гэрийнхэн, танил найзууд маань утсаар ярьж, мессенжерээр сайхан мэдээг тараасаар байна. Үнэхээр сайхан байнаа.

FreeBSD-тэй эргэн нөхөрлөв

Хамгийн анх НэтСофт-д ажилд ороод танилцаж байсан FreeBSD-тэй хоёр жил гаруй дотно нөхөрлөж байгаад жил гарны өмнөөс зөвхөн Ubuntu болсон. Харин өчигдөр ажлын шаардлагаар ахиад FreeBSD-тэй нөхөрлөх хэрэг гарав. Сүүлд ашиглаж байхад 6-р хувилбар гараад удаагүй байсан шиг санаж байна, өдөржин л FreeBSD-тэй ноцолдож суудаг байж. Ажил дээрээ уншиж туршаад л, гэртээ харьж үргэлжлүүлж хийгээд л ёстой нөгөө нэг сисадминий амьдралын хэв маягаар амьдардаж байж. Хоёр жил шахам ноцолдоод овоо зүйл сурч авсан юмдаг.

Одоо байгаа сүүлийн хувилбар нь 7.0 байна, дараагийнх нь мэдээж 7.1 байна байх. Сонирхоогүй удсан болохоор шинэ шинэ боломжууд юу орсныг ч бас юу орох талаар ч мэдэх юм алга. Сүүлд сонсохнээ олон процессортой системүүд дээр илүү сайн ажилладаг болсон гэж байх шиг байсан. Ямар ч байсан суулгах болон програм нэмж суулгах аргачлалууд 5-р хувилбарт байснаас сүртэй өөрчлөгдөөгүй байна. Хуучны сайхан ports, cvsup, make гээд бүгд яг хэвээрээ. ports-оо нэг шинэчилж аваад ажилд хэрэгтэй хэдэн програмуудаа суулгалаа, болж байна. Харин хуучин чаддаг байсан цөмийг шинээр байгуулах ажлаа барах эсэхдээ эргэлзлээ. Элдэв юм ухалгүй шууд тохиргооны файлыг өөрчлөн өөрийн гэсэн цөмийн тохиргоог үүсгээд, байгуулаад дараа нь суулгаж орхив. Системээ дахин ачааллах эсэхэд санаа зовж байсан боловч бүх зүйл сайхан болжээ. Үүнийхээ дараагаар bind болон openssh-д илэрсэн цоорхойнуудыг засварлаад систем маань бэлэн болов.

Хэрэв FreeBSD сонирходог бол ports-ыг хэрхэн ажилладаг болон Makefile-ыг хэрхэн унших талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээр системдээ хэрэгтэй програмуудаа суулгаж чадахгүй, чадсан ч хог новш болгоход хялбар байна. Дараа нь хэрхэн системийн цоорхойг эх кодоос засварлах, суулгах талаар суралцах хэрэгтэй, ингэхгүй бол систем маань цоорхойтой байх болно. Бас нэг чухал зүйл нь өөрийн гэсэн цөмийг байгуулж сурах. Өөрийн гэсэн цөмийг байгуулахад багагүй мэдлэг, туршлага хэрэгтэй бөгөөд үүний дараа яг танд хэрэгтэй зүйлсийг агуулсан цомхон цөмтэй болно. Цомхон цөм маань санах ойд бага зай эзлэхээс гадна хурдан эхэлнэ, элдэв цоорхойд өртөх нь бага байдаг. Ингээд ажлаа явуулаад илүү дотно нөхөрлөөд байж дээ.

2008-08-13

Ажлын багажнаасаа салахаа шахлаа

Өчигдөр ажлынхаа залуустай ярилцаж суунгаа ууж байсан Sprite-аа өөрийн нөүтбүүкэн дээрээ асгаад орхив. Хамаг хурдаараа унтраагаар бас зайг нь салгав. Яах учраа олохгүй хэсэг бодлоо. Уг нь Thinkpad ус нэвтрүүлэхгүй хамгаалалттай бөгөөд гар дээр нь ус асгахад дотогш ордоггүй гэж дуулсан ч бас л түгшүүртэй. Доороос нь бас хажуугаас нь ундаа урсана. Хэсэг бодож байгаад ямар ч байсан задлаад доторхийг нь цэвэрлэе гэж шийдээд энэ зааврын дагуу задалж үзэв. Гар болон ус зайлуулах хэдэн хэсэг нь норсон болохоос санах ой, процессор гээд дотор төхөөрөмжүүд ер нь нороогүй байгааг хараад баярласан гэж. Дараагийн удаа шингэн асгавал хөдөлгөлгүй зүгээр л гойжиж дуустал нь хүлээх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Ямар ч байсан ажлын багаж маань бүрэн бүтэн үлдсэн гэж ...

2008-08-12

Линукс хэрэглэгчдийн бүлгийн тухай бодрол

Сүүлийн хэдэн сарын турш нэгэн зүйл миний санааг зовоосон нь линукс хэрэглэгчдийн бүлгийн маань өнөөгийн байдал. Линукс маань өөрөө хэн нэгэн эсвэл аль нэгэн компаний хараат бүтээгдэхүүн бус харин интернэтийн үй түмэн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн өмч, бүтээл учир тэр бүгдийн хайр хүндлэл, хүчин зүтгэлийн үндсэн дээр оршин тогтнож, амьдарч байдаг билээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, чаддаг нь чаддаггүйдээ туслаж, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн зарчмаар явна. Ийм л замаар линукс маань сүүлийн арван долоон жил хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн нь нууц биш. Гэтэл бид энэ зарчмыг нэг л хэрэгжүүлж чадахгүй байх шиг.

Бүлгүүдийн үүсэл ба уналт. Бид анх OpenMN баг гэж байхад линукс хэрэглэгчдийн бүлгийг байгуулан ажиллаж байсан ч тодорхой хэдэн шалтгаанаас (би хувьдаа мэдэж байгаа) болж нурсан. Дараа нь юникс хэрэглэгчдийн бүлэг гээд үүсч үүндээ юникс гэж нэртэй бүх үйлдлийн системийн хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэхийг эрмэлзсэн. Бас л тодорхой хэдэн шалтгаанаас болж нурсан, үүнд нь би өөрөө ч өөрийн мэдэлгүй түлхэц өгсөн. Сүүлд нь liMNux гэдэг нэртэй линукс хэрэглэгчдийн бүлэг байгуулагдсан боловч бас л тодорхой хэдэн шалтгааны улмаас амжилт (миний санасан) олж чадаагүй л байна. Энэ бүх түүхийг эргээд харахад эхний удаад линукс маань маш түүхий бас ашиглахад маш хэцүү байсан дээрээс нь ихэнх нь оюутан байсан тул цаг зав муу. Өөрсдөө ч бусдад зааж зөвлөж байх туршлагагүй ч хэрэндээ их хичээцгээсэн, тодорхой амжилт олсон. Юникс хэрэглэгчдийн бүлэгт маань цөөн ч гэсэн туршлагатай хэрэглэгчид байсан болохоор өмнөхөө бодвол илүү амжилттай байсан болов уу. Гэвч гишүүд нэмэгдэхийн хэрээр шинэ шаардлага, боломжууд хэрэгтэй болсон ч энэ нь бараг л хаалттай байсан тул төдийлөн цаг үетэйгээ нийлж томорч чадаагүй юм. Хэдий тийм ч бид тэнд жинхэнэ нөхөрлөл үүсгэж, нэг нэгдээ туслаж, цомхон ч гэсэн хүчтэй баг бүрдүүлж чадсан. LiMNux дээр бас өмнөх алдаа давтагдахаас гадна энэ олон хуваагдлын эцэст залуус маань хаашаа хандахаа мэдэхээ байсан шиг санагддаг юм. Миний нэг гайхдаг юм нь бас би өөрөө ч өөрийн мэдэлгүй автдаг зүйл нь талцал хуваагдал. Сав л хийвэл талцаж хуваагдаад тал тал тийшээ хараад суучихна, нэг нь зөв юм хийсэн ч нөгөө нь дэмжихгүй. Энэ их сонин үзэгдэл.

Нээлттэй эхийн шинж, зарчим. Нээлттэй эхийн маань өөрийн шинж нь ямар нэг өмчлөлд байдаггүй, харин хамт олны өмч юм. Хэн нэг нь үүсгэж болно, нэг хэсэг манлайлж болно гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа бол дараагийн хүндээ халаагаа өгөх л ёстой. Гэхдээ өмчлөлгүй гэдэг нь нэг нэгийгээ дээрэмдэж, булаах нэр биш харин бөөнөөрөө асуудлыг ярилцаж, хэлэлцэж, санал хурааж байж шийд гаргана. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа. Энэ маягаар халаагаа өгч, шинэ үеийнхэн байнга төрөн гарч ирж байдаг. Харин бидний аливаа юмыг өмчлөх дуртай зан нь энэхүү урсгалыг саармагжуулаад байх шиг. OpenMN чинь Бадралынх, юникс чинь g0mb0-ынх, харин тэр линукс чинь Дөлөөгийнх гэсэн ш дээ гэж ярих нь холгүй, ингээд бас өөрсдийгөө хаах юм. Бас би бүлэгт чинь элсэх гэсэн юм намайг бүртгэж авах уу, төлбөр ёлбор нь хэд вэ гэж асууна. Үгүй ээ, энэ чинь нээлттэй эхийн төслүүд, бүлгүүд хэн ч нээлттэй, хэн ч элсэж болно. Та тэнд дарга байна уу, гишүүн байна уу эсвэл хэн ч байсан асуудал босгож, хамт хэлэлцэж болно.

Өнөөдрийн байдал. Дэлхий дахинд линукс маань хүчээ аваад олны анхаарлын төвд орчихлоо. Үүнээс болоод ч тэр үү сүүлийн үед хүүхэд залуус маань линуксыг сонирхон судлах нь нэмэгдэж байна. Бас удахгүй бид 20000 бяцхан линукс хэрэглэгчдээ хүлээн авах гэж байна. Гэтэл тэднийгээ өлгийдөн авч, анхны нислэгийг нь хийхэд туслах ёстой линукс хэрэглэгчдийн бүлэг маань нэг л бишээ, амьд үхсэн нь мэдэгдэхгүй. Хувьдаа анх туршлагагүй болохоор туслаж чаддаггүй байсан бол одоо туршлагагүй байх ямар байдгийг ер нь мартагнаж байх шиг. Шинэ сонирхогч, хэрэглэгчдэд юу хэрэгтэй байгааг ойлгож чадахгүй байх шиг. Та нарт маань ямар тусламж хэрэгтэй байна вэ? Цаашид энэ бүлгийг хэрхэн авч явах вэ? Энэ асуудлаар тун удахгүй зарлагдах Open Beer Party дээр ярилцахаар төлөвлөж байгаа. Хараахан хаана хэзээ гэдгээ шийдээгүй байна. Гэхдээ хэрэв та линукс сонирходог бол, хэрэглэдэг бол эсвэл тийм найз нөхөд байгаа бол зарлагдахаар нь яваад очоорой, бүгдээрээ хамтдаа ярилцъя, хэлэлцье тэгээд асуудлыг шийдье. Танд ямар ч санаа эсвэл бэрхшээл байж болно, бид олуулаа чадна. Одоо ч гэсэн сэтгэгдэл хэлбэрээр үлдээж болно шүү дээ. Нээлттэй эхийн тоглоомын дүрэм их хялбар, хожигдвол бүгдээрээ хамтдаа хожигдоно, ялвал бүгдээрээ ялна.

OLPC төслийн хамт олонтой уулзав

OLPC буюу хүүхдийн нөүтбүүк төслийнхөн манай линукс сонирхогч залуустай уулзах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн баасан гарагт хэсэг залуус уулзаж төслийн явц, бэрхшээл гээд олон зүйлийн талаар ярилцлаа. Тэнд төслийн удирдагч Elana болон техникийн туслалцаа үзүүлэхээр Tyler, Chris нар ирсэн байсан юм. Хамгийн гайхалтай нь тэнд очоод би хүүхдүүдэд очиход бэлэн болсон монгол хэл дээрх ногоон компьютерүүдийг харлаа. Chris гээд залуу нь өмнө манайд 2 жил амьдарсан гээд монголоор ойлгодог, ярьдаг залуу орчуулгад ихээхэн үүрэгтэй оролцсон бололтой, харин Tyler маань Chris-ийн тусламжтай ихэнх техникийн асуудлыг шийдэлцээд явж байсан байх юм. Бас бус хүмүүс нэлээн оролцсон гэж байсан. Цомхон бөгөөд чадварлаг баг нягт уялдаатай ажиллахаар ямар их ажлыг бүтээж болдгийн жишээ байх.

Харин хамгийн том бэрхшээл нь монгол талын төслийн ахлагч гэсэн шүү. Нөгөө хүн нь төслийг сайн зохион байгуулж чадаагүйгээс болж санхүүжилт саатахаас авахуулаад олон бэрхшээл учирч байгаа ба хамгийн гол нь 9-р сарын 1-нд бэлэн болсон нөүтбүүк маань хүүхдүүддээ очиж амжихгүй болж байх шиг байна гэсэн. Бас боловсрол, нээлттэй эхийн програм хангамжийн талаар хангалтгүй мэдлэгтэй гэж шүүмжилж байсан. Тэр хүний муугийнх биш харин зүгээр л нээлттэй эхийн програм хангамжийн бидэнд олгож буй боломж, хэрхэн ажиллах хамгийн гол нь гадаадын төсөлтэй яаж ажиллах туршлагагүй л байгаа байх. Яг үнэндээ бидний дунд нээлттэй эхийн програм хангамж хэрхэн хөгжиж, хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн шийдвэр гаргаад, яаж амьдралаа залгуулах талаар мэдлэгтэй хүн хуруу дарам цөөхөн гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ л монголын хойч үед тус болохоор ирсэн байхад асууж байгаад сайн туслаад, дэмжээд өгч болмоор. Энэ монголчуудын нэрэлхүү занг уу.

Энд ажиллаж байгаа хэдэн мэргэжилтнүүд тун удахгүй нутаг буцах юм байна. Тэдний дараагаар ажлыг хариуцан явуулах нэг програм хангамжийн, нэг техник хангамжийн бас нэг туслах гээд гурван хүн бэлтгэж байгаа. Энэ гурван залуу л хорин мянган компьютерүүдийг Монгол Улс даяар суурилуулж, гарсан техникийн асуудлуудыг шийдэж авна гэсэн. Би тэдний талаар сайн мэдэхгүй, гэхдээ тэд энэ ажлын хаана нь ч хүрэхгүй гэдгийг мэдэж байна. Тун удахгүй монголын линукс хэрэглэгчдийн бүл 20000-р нэмэгдэнэ, тэд хөөрхөн бяцхан дүү нар минь байх болно. Линукс сонирхогч, хэрэглэгч залуус бид урьд өмнөхөөсөө илүү хамтран ажиллаж нэг нэгнийгээ туслаж, дэмжихийн хажуугаар эдгээр бяцхан линуксиддаа ч ихийг сурч мэдэж, хорвоог танихад нь туслах хэрэгтэй. Бүгдээрээ дахин хүчээ нэгтгэцгээе.

2008-08-08

OOo монгол хэл дээр

OpenMN багийн залуус маань маш том ажлын ард гарснаа өнөөдөр зарлаж байна. Энэ нь албан хэрэглээний програмын багц болох OpenOffice.org-ыг эх хэл дээрээ ашиглах боломжтой болгосон явдал юм. Өөрөөр хэлбэл та Microsoft Word, Excel, PowerPoint зэрэг програмуудтай энэ тэнцэхүйц боломжтой програм хангамжуудыг монгол хэл дээрээ ашиглана гэсэн үг. Яг одоо Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хурлын танхимдтанилцуулах үйл ажиллагаа явуулж байгаа, 16 цаг хүртэл үргэлжилнэ гэсэн.

Яагаад Microsoft Office-г орчуулаагүй вэ? Microsoft Office програмын багц нь мэдээж Microsoft компаний бүтээл бас түүний өмч. Нэгэнт өмч нь болохоор тэр багцыг хэрэглэгчдэд ямар нөхцлөөр хэрэглүүлэх, цаашид хэрхэн хөгжих хувь заяаг тэд л шийднэ. Тэд програм хангамжаа төлбөртэйгээр худалдаж, хэрэглэгчдэд ашиглахаас биш хөгжүүлэлтэд оролцох, өөрчлөлт хийх боломжгүй байхаар шийдсэн. Харин OpenOffice.org нь нээлттэй эхийн програм хангамж, өөрөөр хэлбэл эзэд нь бид. Бид хөгжүүлэлтэд нь оролцож, өөрчлөлт хийж бас тэгээд хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр орчуулж болно. Энэ л боломжийг залуус маань ашиглаж, ийм сайхан боломжийг бидэнд олгож байна. Та компьютераа ашиглаж албан хэрэгээ хөтлөхдөө англи хэл сурах хэрэггүй боллоо, эх хэлээрээ л ашигла. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mn.openoffice.org бас http://www.openmn.org хаягуудаас тус тус аваарай.

Бид анх OpenMN байгуулчихаад GNOME, KDE зэрэг нээлттэй эхийн програм хангамжуудын багцыг орчуулж байсан боловч OpenOffice.org-ийн овор хэмжээ, цар хүрээнээс нь хальшраад төдийлөн зоригтой орж чадахгүй байсан юм. Харин бидний шинэ үе энэ ажлыг маш амжилттайгаар гүйцэтгэсэн байхыг хараад үнэхээр бахархаж байна. Энэ ялдамд Бадрал болон OpenMN багийн бусад гишүүддээ баяр хүргэе, та нар чадсан шүү гэж хэлмээр байна. Бас цаашдын ажилд нь амжилт хүсье.

2008-08-07

OLPC уулзалт

Бид бүхний хүүхдийн нөүтбүүк гэдэг нэрээр андахгүй One Laptop Per Child төслийн монгол дахь талынхан манай линукс сонирхогч, хэрэглэгчидтэй танилцаж, уулзаж, энэхүү төслийнхөө талаар танилцуулах, хэрхэн ажиллах талаар зааж өгөхийг хүссэн юм. Мэдээж энэхүү төсөл нь линуксыг ашигладаг ба одоогийн байдлаар Fedora 6 ашиглаж байгаа, харин шинэ хувилбартаа Fedora 9 рүү шилжүүлэх юм гэсэн. Олон үг эс нуршин маргааш буюу баасан гарагийн 17 цагт Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Budweiser-ын үүдэнд уулзалдахаар болсон шүү. Хаана суухаа тогтоогүй байгаа болохоор өөр тийш очиж болзошгүй тул цагаа бариарай. Хэрэв та линукс сонирходог, хэрэглэдэг, цаашлаад OLPC төсөлд туслаж, бяцхан дүү нартаа багахан ч болов туслахыг хүсч байвал маргааш уулзацгаая.

2008-08-04

M-Club-ын гишүүн болов

Өнгөрсөн баасан гарагт мартсан (мэдээж хийгээгүй) ажлаа хийхээр TEDY төв орж яваад M-Club-ын гишүүн болов. Хэдэн сарын ч өмнө юм бэ дээ анх нээгдэж байхад нь манай ажлын хүн ийм шинэ газар нээгдэж гэнэ, гоё газар байна, гэхдээ зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчдэд юм байна гэж хэлж байсан болохоор сонирхоож орж үзлээ.

Миний бодлоор M-Club бол Мобигийн хэрэглэгчдэд л хүргэж байгаа болохоос биш бүх залуучуудад жинхэнэ дутагдаж байсан тэр л үйлчилгээ. Тэнд тамхи байхгүй, архи эсвэл согтуу хүн байхгүй. Тэнд харин цагийг зугаатай, хөгжилтэй хамгийн гол нь бидний хэлээд байдгаар зөв зохистой өнгөрүүлэхэд хэрэгтэй эхний орчин бүрджээ. Хэрэв та компьютер тоглоомонд дуртай бол тэнд PS3 маш олон тоглоомын сонголттой байна, кино үзэх дуртай бол хосоороо тухлан сууж үзэх эсвэл 50-уулаа нийлээд жижиг театр-т үзэх боломж ч байна. Бас та найз нартайгаа ярьж хөөрөөд, хөгжим сонсох бол тийм боломж нь ч байна. Ер нь их аятайхан газар байна лээ. Өнөөдөр би зүгээр орж танилцаад, харчаад гараад ирсэн тэрнээс тоглож, кино үзсэнгүй. Гэхдээ та энд үнэгүй биш харин төлсөн төлбөрөөсөө оноо цуглуулаад тэрүүгээрээ орж үйлчлүүлэх юм билээ. Төлсөн төлбөрийн тань 25%-р оноо орох юм гэсэн шүү.

Зүгээр байхгүй бас шүүмж хэлчихье. Мобигийн хэрэглэгчдэд зориулсан болохоор гадны хүн оруулах журам нь жоохон чанга юм шиг. Танд шинэ гишүүн болохоор тань тус бүр 1000 оноотой 2 ширхэг эрхийн бичиг өгнө, түүгээрээ л гишүүн биш хүмүүсийг хамт авч орох боломжтой. Гэтэл би ганцаараа ороод сүртэй хийгээд байх юм байхгүй, харин дүүгээ дагуулж орвол хоёр хүнээр бодоод онооноос маань хасдаг бол оноогоо дуустал нь тоглоод, кино үзэх байх даа. Бас гишүүн болоход хэрэглэсэн хугацааг нь харгалзаж үзэж байна лээ, энэ нь ялгаж байгаа хэдий ч нөгөө талаасаа үнэнч хэрэглэгчиддээ илүү үнэ цэнэтэй болж байгаа байх. Яваандаа энэ шаардлага нь арай хөнгөрөх болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гэхдээ нэг очоод үзээрэй, гишүүн болгочих ч юм билүү. Бас вэб нь их үхмэл юм шиг санагдсан, яваандаа сайжрах байлгүй дээ.

Нээрээ хэрэв таны дугаар албан байгууллагын тань нэр дээр байгаа бол байгууллагаасаа албан бичиг авах хэрэгтэй юм билээ шүү. Нэг очиж үзчихээд илүү дэлгэрэнгүй нэг бичье. Эцэст нь хэрэв та Мобигийн дараа төлбөрт хэрэглэгч бол очоод гишүүн нь болчиход илүүдэхгүй юм билээ, бас дэлгэрэнгүй мэдээллийг http://www.m-club.mn хаягаас авч болно.

2008-08-02

Тэнэг fat32 ба файлын системүүд

Мэдээллээ нөөцөлж авч зуур нэг алдаа гарсан нь ихэд гайхал төрүүлэв. Тэр нь FAT32-р форматласан байсан зөөврийн диск рүү 6ГБ хэмжээтэй файл хуулахтай холбоотой алдаа байв. Яг үнэндээ би FAT32 нь 4ГБ-с дээш хэмжээтэй файлтай ажиллаж чаддаггүй гэдгийг мэдэж байсан ч амьдрал дээр ингэж тулгарна чинээ бодож байсангүй. Тэр том файл нь төдийлөн чухал биш байсан учир нөөцөлж авсангүй. Бас хэдэн сарын өмнө манай хариуцан ажилладаг нэг сервер дээр файлын системтэй холбоотой нэг сонин алдаа гарч байж билээ. Нэг хавтсан дотор файл үүсгэж болдоггүй, харин бусдад нь болоод байдаг. Үүсгэх гэхээр диск дүүрэн байна гэж алдаа өгөөд, шалгаад үзэхээр дүүрээгүй байдаг. Ихэд гайхаж байгаад өмнө уншиж байсан нэг зүйлийг санаад баталгаажуулахаар хэсэг интернэт ухаж билээ. Асуудал нь ext3 файлын системтэй дискний нэг хавтсанд 32 мянгаас дээс файл байж болохгүй байсан юм. Үүнийг нь xfs ашиглаж байж шийдэж билээ.

Хэдэн жилийн өмнө Modern operating systems гээд ном уншаад компьютер, түүний эд анги болон үйлдлийн системийн ажиллагааны талаар бага сага ойлголттой болж байсан. Дараа нь 2006 онд монголын Ubuntu серверийг үүсгэх зорилгоор линукс дээрх файлын системүүдийн талаар дэлгэрэнгүй судалж, ерөнхийдөө сул болон давуу талуудын талаар мэдэж авч билээ. Ер нь бол найдвартай бас хурдан ажиллуулах санаатай байсан юм. Жишээ нь, vfat буюу fat32 файлын системийг аюулгүй байдал, найдвартай ажиллагаа төдийлөн чухал биш нөхцөл ашиглах нь зүгээр байдаг. Тэгэхгүй бол windows болон unix-ийн хэрэглэгчийн эрх болон бусад чухал боломжууд ажиллахгүй. ext3 нь хамгийн сайн туршигдсан, бараг бүх тохиолдолд санал болгодог боловч файлын хэмжээ, нэг хавтсан дахь файлын хэмжээ болон дискийн хэмжээ гээд олон хязгаарлалтууд байхаас гадна хурдны хувьд жоохон удаан, бас илүү их хэмжээ эзлээд байдаг. өмнө сонгосон xfs-ийн хувьд бараг сүртэй хязгаарлалт байхгүй, маш хурдан, их хэмжээний олон тооны файлыг хадгалахад нэлээн тохиромжтой гэвч сервер маань байнга тог баригчтай байхыг шаарддаг. гэнэтийн цахилгааны тасалдалд мэдээлэл гэмтэх магадлал нь ext3-с илүү өндөр байдаг гэсэн. jfs гээд байдаг нь бас xfs шиг дажгүй, хэрэглэж үзээгүй. Сүүлийн жилүүдэд линукс хөгжүүлэгчдийн дунд ext3-ын дутагдлын талаар нэлээн ярилцах болсон бөгөөд ext4 гэсэн шинэ файлын системийг хөгжүүлж байна. Эцэст нь бүх асуудалд тохирох алтан шийдэл гэж байхгүй, асуудал бүр өөр өөрийн шийдлийг шаардаж байдгийг санах хэрэгтэй. Уйгагүй, залхуугүй судалгаа туршилтын үр дүнд сайн сисадмин болно гэж ...

Энэ давхардсан файлууд уу

Зарим нэг ажлын шаардлагаас болж Windows ашиглах хэрэг гардаг юм. Гэвч сүүлд өөрийн компьютер дээрээ зөвхөн Ubuntu суулгаж, үлдсэн сул зайг нь мэдээллээ хадгалахаар хуваасан нь өчигдөр Windows суулгах боломжгүй болгов. Ингээд нөгөө мэдээлэл бүхий 130ГБ дискэн дэх 120ГБ мэдээллээ 80ГБ зөөврийн диск рүү хуулж авах шаардлага гардаг юм байна. Дээрээс нь ажиллаж буй систем дээр байгаа мэдээллүүд нэмэгдэнэ. Үнэхээр хэцүү асуудал, гэхдээ давхардсан мэдээллүүдээ устгавал болмоор ч юм шиг. Ажилдаа оров.

Энэ онд л жоохон томоотой, тогтвортой байгаа болохоос өмнө нь байсхийгээд л шинэ системүүд тэр дундаа хөгжүүлэлтийн хувилбаруудыг турших дуртай байсан юм. Ингэхдээ хийж байсан юмнуудаа нэг тийш нь хуулж аваад л тэндээсээ ашиглана, ахиад шинийг туршихдаа ахиад л нэг тийш хуулж авна. Хамгийн хэцүү нь зарим тохиодолд дискээ цоо шинээр зохион байгуулах шаардлага юм. Бараг бүх мэдээллээ нэг тийш нь хуулж аваад дараа нь бас нэг тийш нь хуулж авна. Ингэж явсаар байгаад зарим нэг файл нь бүр хэдэн арван газар хадгалагдаж, маш их хэмжээ эзэлсэн байв. Сүүлийн жилүүдэд томоохон компаниуд хадгалах тоног төхөөрөмжинд зарцуулах зарлагаа бууруулаын тулд ийм төрлийн мэдээллийн давхардлыг илрүүлдэг системүүдийг ашиглах болсон талаар уншиж байсан. Бас бүх мэдээллийн бараг 20% нь давхардал байдаг гэсэн судалгаа байсан нь миний хувьд лав үнэн болж таарлаа.

Энэ удаад ямар нэг бэлэн програм ашигласангүй, харин өөрөө харж байгаад шигшиж эхэллээ. Энэ бүхний эцэст нөгөө 80ГБ дискэндээ бүх мэдээллээ багтааж, нөөцөлж авч чадлаа гэж. Дараа нь буцааж өөрийн компьютер рүү хуулахдаа дахин нарийн шигшсэн бөгөөд бараг 60ГБ болгож бууруулсан байна гэж. Гэхдээ бас цэгцлээгүй юм үлдсэн гээд байгаа шүү. Нээрээ мэдээллийн давхардал бас нэлээн хэцүү асуудал шиг байна лээ. Та өөрийн компьютер дээрх мэдээллүүдээ нэг шалгаад үзэх юм бишүү.