2008-08-12

Линукс хэрэглэгчдийн бүлгийн тухай бодрол

Сүүлийн хэдэн сарын турш нэгэн зүйл миний санааг зовоосон нь линукс хэрэглэгчдийн бүлгийн маань өнөөгийн байдал. Линукс маань өөрөө хэн нэгэн эсвэл аль нэгэн компаний хараат бүтээгдэхүүн бус харин интернэтийн үй түмэн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн өмч, бүтээл учир тэр бүгдийн хайр хүндлэл, хүчин зүтгэлийн үндсэн дээр оршин тогтнож, амьдарч байдаг билээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, чаддаг нь чаддаггүйдээ туслаж, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн зарчмаар явна. Ийм л замаар линукс маань сүүлийн арван долоон жил хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн нь нууц биш. Гэтэл бид энэ зарчмыг нэг л хэрэгжүүлж чадахгүй байх шиг.

Бүлгүүдийн үүсэл ба уналт. Бид анх OpenMN баг гэж байхад линукс хэрэглэгчдийн бүлгийг байгуулан ажиллаж байсан ч тодорхой хэдэн шалтгаанаас (би хувьдаа мэдэж байгаа) болж нурсан. Дараа нь юникс хэрэглэгчдийн бүлэг гээд үүсч үүндээ юникс гэж нэртэй бүх үйлдлийн системийн хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэхийг эрмэлзсэн. Бас л тодорхой хэдэн шалтгаанаас болж нурсан, үүнд нь би өөрөө ч өөрийн мэдэлгүй түлхэц өгсөн. Сүүлд нь liMNux гэдэг нэртэй линукс хэрэглэгчдийн бүлэг байгуулагдсан боловч бас л тодорхой хэдэн шалтгааны улмаас амжилт (миний санасан) олж чадаагүй л байна. Энэ бүх түүхийг эргээд харахад эхний удаад линукс маань маш түүхий бас ашиглахад маш хэцүү байсан дээрээс нь ихэнх нь оюутан байсан тул цаг зав муу. Өөрсдөө ч бусдад зааж зөвлөж байх туршлагагүй ч хэрэндээ их хичээцгээсэн, тодорхой амжилт олсон. Юникс хэрэглэгчдийн бүлэгт маань цөөн ч гэсэн туршлагатай хэрэглэгчид байсан болохоор өмнөхөө бодвол илүү амжилттай байсан болов уу. Гэвч гишүүд нэмэгдэхийн хэрээр шинэ шаардлага, боломжууд хэрэгтэй болсон ч энэ нь бараг л хаалттай байсан тул төдийлөн цаг үетэйгээ нийлж томорч чадаагүй юм. Хэдий тийм ч бид тэнд жинхэнэ нөхөрлөл үүсгэж, нэг нэгдээ туслаж, цомхон ч гэсэн хүчтэй баг бүрдүүлж чадсан. LiMNux дээр бас өмнөх алдаа давтагдахаас гадна энэ олон хуваагдлын эцэст залуус маань хаашаа хандахаа мэдэхээ байсан шиг санагддаг юм. Миний нэг гайхдаг юм нь бас би өөрөө ч өөрийн мэдэлгүй автдаг зүйл нь талцал хуваагдал. Сав л хийвэл талцаж хуваагдаад тал тал тийшээ хараад суучихна, нэг нь зөв юм хийсэн ч нөгөө нь дэмжихгүй. Энэ их сонин үзэгдэл.

Нээлттэй эхийн шинж, зарчим. Нээлттэй эхийн маань өөрийн шинж нь ямар нэг өмчлөлд байдаггүй, харин хамт олны өмч юм. Хэн нэг нь үүсгэж болно, нэг хэсэг манлайлж болно гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа бол дараагийн хүндээ халаагаа өгөх л ёстой. Гэхдээ өмчлөлгүй гэдэг нь нэг нэгийгээ дээрэмдэж, булаах нэр биш харин бөөнөөрөө асуудлыг ярилцаж, хэлэлцэж, санал хурааж байж шийд гаргана. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа. Энэ маягаар халаагаа өгч, шинэ үеийнхэн байнга төрөн гарч ирж байдаг. Харин бидний аливаа юмыг өмчлөх дуртай зан нь энэхүү урсгалыг саармагжуулаад байх шиг. OpenMN чинь Бадралынх, юникс чинь g0mb0-ынх, харин тэр линукс чинь Дөлөөгийнх гэсэн ш дээ гэж ярих нь холгүй, ингээд бас өөрсдийгөө хаах юм. Бас би бүлэгт чинь элсэх гэсэн юм намайг бүртгэж авах уу, төлбөр ёлбор нь хэд вэ гэж асууна. Үгүй ээ, энэ чинь нээлттэй эхийн төслүүд, бүлгүүд хэн ч нээлттэй, хэн ч элсэж болно. Та тэнд дарга байна уу, гишүүн байна уу эсвэл хэн ч байсан асуудал босгож, хамт хэлэлцэж болно.

Өнөөдрийн байдал. Дэлхий дахинд линукс маань хүчээ аваад олны анхаарлын төвд орчихлоо. Үүнээс болоод ч тэр үү сүүлийн үед хүүхэд залуус маань линуксыг сонирхон судлах нь нэмэгдэж байна. Бас удахгүй бид 20000 бяцхан линукс хэрэглэгчдээ хүлээн авах гэж байна. Гэтэл тэднийгээ өлгийдөн авч, анхны нислэгийг нь хийхэд туслах ёстой линукс хэрэглэгчдийн бүлэг маань нэг л бишээ, амьд үхсэн нь мэдэгдэхгүй. Хувьдаа анх туршлагагүй болохоор туслаж чаддаггүй байсан бол одоо туршлагагүй байх ямар байдгийг ер нь мартагнаж байх шиг. Шинэ сонирхогч, хэрэглэгчдэд юу хэрэгтэй байгааг ойлгож чадахгүй байх шиг. Та нарт маань ямар тусламж хэрэгтэй байна вэ? Цаашид энэ бүлгийг хэрхэн авч явах вэ? Энэ асуудлаар тун удахгүй зарлагдах Open Beer Party дээр ярилцахаар төлөвлөж байгаа. Хараахан хаана хэзээ гэдгээ шийдээгүй байна. Гэхдээ хэрэв та линукс сонирходог бол, хэрэглэдэг бол эсвэл тийм найз нөхөд байгаа бол зарлагдахаар нь яваад очоорой, бүгдээрээ хамтдаа ярилцъя, хэлэлцье тэгээд асуудлыг шийдье. Танд ямар ч санаа эсвэл бэрхшээл байж болно, бид олуулаа чадна. Одоо ч гэсэн сэтгэгдэл хэлбэрээр үлдээж болно шүү дээ. Нээлттэй эхийн тоглоомын дүрэм их хялбар, хожигдвол бүгдээрээ хамтдаа хожигдоно, ялвал бүгдээрээ ялна.

1 comment:

boroo said...

Чиний яриаг уншлаа. Мэдлэгтэй болох асуудал биш мэдлэгээ хэрхэн бусдад түгээхэв гэдэг л асуудал болоод байна гэж ойлголоо. Үнэхээр тийм уулзалт байгаад зарлавал нэрээ санал бодлоо хуваалцах юмсан.