2008-11-21

Баяртай Firefox 2

Тун удахгүй бид өөрсдийн дуртай нэгэн програмын хувилбартаа баяртай гэж хэлэх цаг болжээ. Firefox 2 хувилбар бөгөөд өөрийн хөгжлийн жамаар 12-р сарын дундуур төгсөх юм байна. Энэ нь тэрхүү өдрөөс хойш Firefox 2 дээр гарсан ямар ч алдаа тэр дундаа аюулгүй байдлын цоорхой ч хүртэл засвар авахгүй. Тиймээс бид Firefox 3 хувилбар руу яаралтай шилжих хэрэгтэй юм. Firefox 3 хувилбар нь ирээдүйд тогтвортой байдлын болон аюулгүй байдлыг засваруудыг авсаар байх ба өмнөх хувилбараа бодвол маш олон шинэ, сайжруулсан боломжуудтай гэдгийг хэлмээр байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

2008-11-08

Аборт - ямар аймар юм бэ

Саяханы нэг өдөр интернэтээр хэсч яваад нэгэн блогийг олсон нь Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа! байлаа. Эхэндээ эмэгтэй хүн байна гэж бодож байснаа нуух юун, хэсэг уншиж байж АНУ-д амьдардаг залуу болохыг олж мэдсэн. Бичиж байгаа зүйлс нь надад таалагдсан гэхдээ өнөөдрийнх лав биш. Таалагдаагүй ч биш. Өнөөдрийн бидний амьдралд хэвийн үзэгдэл мэт болсон "аборт" гээч зүйлийн талаар бичсэн байсан ба доор нь хавсаргасан байсан видео бичлэгийг үзээд үнэхээр бид ийм аймшигтай, харгис нийгэмд амьдарч байгаа билүү гэсэн айдас төрж байна. Та ороод уншаарай, та ороод үзээрэй үнэхээр аймшигтай.

2008-11-03

Жилийн засал

Би чинь хулгана жилд төрсөн, тэгээд элдэв шашин эсвэл сүсэг бишрэлгүй болохоор яваад л байв. Уг нь жил орвол нэг юм байдаг, эрэгтэйд нь сайн байдаг билүү ухааны юм санаж авдаг байв. Саяхан ч гэх үү дээ сар хагасын өмнө санамсаргүй яваад лам дээр орчив. Ах хүү харин жил чинь орсон байна, хүн заавал засал хийлгэх хэрэгтэй үгүй бол ажил үйлс нь бүтэхгүй, элдэв муу зүйл тохиолддог гээд олон л таагүй юм дуулгадахав. Өнөө маргаашгүй ирж заслаа хийлгэх юм яриад гарсан ч тийм зүйлд сүжиггүй учир тэгээд л хаяв. Өмнөх шигээ болох юм нь болдог болдоггүй нь болдоггүй амьдрал хэвийнээрээ үргэлжлэх авч ямар нэг таагүй юм болохоор нь ах хүүгийн хэлсэн санаанд ороод сэтгэлд сэвтэй гэж яана. Сүүлдээ бүр санаанаас гарахаа байгаад "ер нь л заслаа хийлгэх ёстой юм байна" гэсэн бодолд автах болов. Сүртэй мөнгө орохгүй, бас сүртэй цаг зарцуулахгүйгээс хойш ингэж явахаар заслаа хийлгэхээр шийдэж өнөөх ах дээрээ очоод заслаа хийлгэчихлээ. Сэтгэл нэг л хөнгөрөөд явчих шиг. Хүн сэтгэлийн амьтан гэж нээрээ үнэн шүү ....