2009-12-29

Этгээд хэл

Ц.Шагдарсүрэн эрдэмтэний "Эх хэлээ эвдэхгүй юм сан..." номны талаар Эрдэнэчимэг эгчээс сонсоод эрэл хайгуулж болж байж арай гэж олж авав. Олон зүйлийг бодогдуулсан энэ номыг шимтэн уншиж байхад доорх шүлэг таалагдсан тул доор хуулбарлан бичив.

Үг нь монгол, өгүүлбэр нь орос,
Үзэхэд этгээд сонины хэл,
Өв соёлоо үл тоомсорлон,
Өнөөгийн байдал ийм болбай,
Зуун түмэн үгтэй хэлэнд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
Харийн үгээр далайлгагсадыг
Хамагийн боловсорсон гэхэд бэрх.
Гадаадын үгээр гайхуулагсдыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.
Хэвлэл сонин үзсэн үдэштээ
Хэлний шинжлэлтэний нойр хулжаад,
Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг,
Хэнхдэг дээр чулуу дарах мэт,
Харь үгийн бүлхинд хахаж,
Харанхуй шөнө хар дарах мэт.

Б.Ринчен
1958.05.07

2009-12-09

Gentoo

Gentoo гэх нэгэн төрлийн линукс тархац байх, гол онцлог нь portage нэртэй програм хангамж удирдах (software management) системийн тусламжтайгаар суулгах хэрэгтэй бүх програмуудаа эх кодоос нь байгуулж (build) суулгадаг юм. Эх кодоос бүгдийг байгуулахын давуу тал нь тухайн програм хангамжийг яг юу хийх боломжтой байх вэ, хэрхэн байгуулах вэ гээд маш нарийн тохиргоонуудыг хийх уян хатан боломж олгодогт оршино. Мөн эмхэтгэгчийн (compiler) тусгай тохиргооны тусламжтайгаар 386, pentium4, xeon, core2 эсвэл opteron гэх мэт процессоруудад зориулан оновчлол (optimization) хийж, илүү өндөр хурдыг гаргах боломжтой. Энгийн линукс тархацууд нь 386-с хойшхи бүх процессорт тохирохоор ерөнхийлөн байгуулагдсан байдаг тул сүүлийн үеийн давуу талуудыг ашигладаггүй. Ер нь бүх зүйлсийг тохируулах боломжтой болохоор яг өөрийн хүссэн, ямар ч илүү дутуу зүйлгүй систем босгох боломжийг олгоно. Хамгийн хэцүү нь үүнд зарцуулах цаг хугацаа.

2009-11-30

Галт хэрэмийн талаар...

Сүүлийн үед мэдээллийн технологийн хэрэглээ нэмэгдэж, илүү өндөр чухал түвшинд ашиглагдахын хэрээр түүний аюулгүй байдлын асуудлууд их чухлаар тавигдаж эхэлж буй бололтой. Эргэн тойронд хүмүүс сүлжээ, серверийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар ярих нь улам нэмэгдээд ч байгаа юм шиг эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан юм болов уу. Ямар ч байсан үүнд анхаардаг болсон нь сайн хэрэг ч галт хэрэм буюу firewall-ын талаар ойлголт миний ойлгодгоос арай л өөр байгаад байх шиг. Иймд би өөрийн ойлголтын талаар аль болох энгийнээр хийсвэрлэн бичихээр шийдлээ.

2009-11-20

UFW болон Squid гарын авлага

Сүүлийн хэд хоног ноорог маягаар бичиж байсан гарын авлага ч юм уу заавар ч юм уу зүйлээ LiMNux Wiki-д орууллаа. Нэг нь UFW гэх багажын талаар, нөгөө нь Squid прокси серверийн талаар юм. Товчхон танилцуулбал UFW нь iptables ашиглан сүлжээний галт хэрэм (firewall) үүсгэн хамгаалалт хийхийг маш хялбарчилсан багаж бөгөөд үнэхээр маш хялбарчилж байгаа. Хэдийгээр интернэтийн хурд нэмэгдэж, үнэ хямдарч байгаа ч улам их хурд хэрэгтэй болж, эсвэл байгаа хурдаа үр дүнтэй ашиглах хэрэгцээ тулгарч байгаа. Иймд Squid ашиглан хэрхэн үүнийг шийдэх талаар маш товч гарын авлага орууллаа. Аль аль дээр нь чанарын асуудал байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул санал хүсэлт, сайжруулах зүйлийг сайжруулаад явахыг хүсч байна.

2009-10-23

Би маргаашнаас ажиллахгүй

Өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтэх чин эрмэлзэлтэй бас амьдрал минь миний хичээл зүтгэлээс бүрэн хамаарна гэж боддог байлаа. Бүх зүйл надаас хамаарах учир мэдлэг, боловсролтой, туршлагатай байхыг эрмэлзэж цаг үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зүйлс судлаж, туршиж тэдгээрийгээ амьдралд хэрэгжүүлэхийг маш их хүсдэг байлаа. Ингэж их хичээсний минь үр дүн хэзээ нэгэн цаг гарна гэдэгт бат итгэдэг байсан юм. Мөн "уг нь төр засаг минь ингээд дэмжээд өгвөл", "нийгэм жаахан ийм тал руугаа өөрчлөгдвөл" гэх сэтгэл байх боловч энэ бүх өөрчлөлтөд би ч бас нөлөөлж чадна гэж бодож, эндүүрч явсан бололтой.

Маргаашнаас би ажил хийхгүй, яагаад гэвэл хийсэн хийгээгүй төр минь намайг халамжилж сайхан амьдруулах насан туршийн баталгааг өгөхөөр болж байна. Оюу толгойн гэрээ зурагдаад төсөл ажилдаа орчихлоо, удахгүй араас нь Таван толгойн нүүрс, Мардайн уран, Асгатын мөнгөний гээд олон ордуудын гэрээ зурагдсанаар эх орны маань хэтэвч зузаарч хүн бүрийг "монгол хүн" болж "амьд явсных нь төлөө" халамжилж, тойглох юм гэнэ. Хэн яаж хөдөлмөрлөж байгаагаас үл хамаарч бүгд ижил тэгш сайхан амьдрах юм гэнэ, яг л өвөө эмээгийн ярьдаг "хуучны сайхан цаг" шиг. Ингээд ирэхээр сайхан юм шиг хэрнээ нөгөө талаас хэн ч өөрөө өөрийнхөө төлөө санаа тавилгүй, зүтгэл гаргалгүй амьдарч болдог нийтээрээ хавтгай үүрэг хариуцлагагүй нийгэм рүү яваад байна уу даа. Явцдаа энэ нь хүмүүсийн идэвхи зүтгэл, хүсэл мөрөөдлийг устгаж "хүн сүг" эсвэл амьдардаг биш "амьд явдаг" хүн болгох вий гэдгээс айж байна. Би хүсэхгүй байна.

Төр маань өнөөдөр намайг "иргэний үүргээ" биелүүлж хүн амын шинэчлэсэн тоолологод хамрагдсаны төлөө шагнах гэж байна. Харин үүргээ биелүүлээгүй нэг нь зүгээр л "шагналгүй" хоцроно. Бидний амьдарч буй нийгэмд үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага тооцдог биш харин үүргээ биелүүлэхээр нь шагнадаг, биелүүлээгүй нэгнийнх нь "толгойг илээд" өнгөрдөг болж байгаа юм байна. Ардчилсан нийгэмд үүрэг бол үүрэг, шагналтай шагналгүй биелүүлэх ёстой, харин эрх бол тусдаа ойлголт юм. Үр дүнд нь үргэлж "гар хардаг", шагнал горьддог, гар хүндрүүлж байж л хөдөлдөг хачин "гацаа" гажиг нийгэм үүсэх вий дээ. Хувьдаа үүргээ биелүүлэх үүднээс заавал очно доо гэж бодож байсан ч шагналыг нь бодохоор дургүй хүрээд байх юм. Үүргээ биелүүлээгүйтэй нь хариуцлага тооцвол илүү үр дүнтэй байх бус уу.

Бидний өнөөдөр "бие гүйцсэн" гээд байгаа ардчилсан нийгэм маань хувь хүнийг өөрөөс нь хамаатуулж, төрөөс нь ижил тэгш боломж олгох тухай биш билүү. Хэн илүү боловсролтой, хэн илүү хөдөлмөрлөж буй нь сайхан амьдрах жамтай, хэн залхуу хэн олхиогүй нь шалгарч хоцрох ёстой биш билүү. Энэ л ухаанаар хандаж "тундас" болж үлдэхгүйн тулд өдөр бүр шинийг эрэлхийлж, илүү ихийг сурч мэдэх, хийж бүтээхийг эрмэлзэж ирсэн. Би өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би амьд явах биш амьдрах ёстой, амьдрах амьдрахдаа хүн шиг, дутагдах гачигдах зүйлгүй амьдрах ёстой, тэгээд энэ бүхэн надаас өөрөөс минь бүрэн шалтгаална гэж боддог байлаа. Бас хүн нь өөрөө хүсэл мөрөөдөлтэй, хариуцлагатай байж нийгмийг хөгжүүлдэг, илүү төгөлдөржүүлдэг гэдэгт би итгэдэг байлаа. Харин өнөөдөр нийгмийн байгаа байдал, төр засгийн маргаашийг зөгнөж байгаа байдал надад огт таалагдахгүй байна. Тэр хэдхэн суудал нь нийгмийг бүхлээр нь сааралтуулах, мянга мянган залуусын хүсэл эрмэлзлийг бөхөөх дайны үнэтэй гэж даанч бодсонгүй. Би ийм нийгмийг хүсээгүй, өнөө өглөөхөн ухаан санаанд минь байсан нийгмийг хүсч байна. Би хүсэл мөрөөдөлтэй байж, ихийг хийж бүтээмээр байна. Намайг битгий мохоо харин боломж олгоож гэж гуйж байна. Надтай адил мянга мянган залуу байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мөнгө тараах хэрэггүй, харин хөрөнгө оруулалтад, биднийг ажил хөдөлмөртэй байлгахад зарцуулаач. Төр минь бодлогоо эргэж нэг хараач....

2009-10-18

Итгэж болохгүй мэдээллийн систем

Ноднин шиг санаж байна интернэтээр хэсч яваад "Хүнд суртал нь хакерыг барихад тус болов" гэсэн сонин гарчиг бүхий нийтлэл олж уншсан юм. Утга санаа нь бол нэг хүн "төгссөн" сургууль дээрээ ирээд тодорхойлолт авахаар оролдоход нь сургалтын албаны хүн мэдээллийн систем дээрээ хайгаад түүнийгээ лавлахаар архив ухаад түүний талаар мэдээлэл олсонгүй гэнэ. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаад сургуулийн мэдээллийн системд нь гаднаас халдаж хуурамчаар баахан хүнийг төгссөнөөр бүртгэсэн болохыг илрүүлж, хэрэгтнийг барьсан байх юм. Зарим тохиолдолд хүн суртал хэрэгтэй ч юм уу?

Манай сонгуулийн байгууллага сонгуулийг зохион байгуулахдаа гар ажиллагаагаар цаасан дээр явуулж ирсэн нь сонгогчдод хүнд суртал үүсгэж байсан байна гэнэ. Үүнээс гадна сонгогчийн бүртгэл зөрөх, сонгуулийн дүн будилахад хүргэж байсан тул ажиллагаагаа сайжруулж мэдээллийн систем ашиглах нь зүйтэй гэж шийдэж ямар ч байсан энэ удаагийн нөхөн сонгууль дээр туршиж байгаа юм гэнэ. Бүх сонгогчдыг системд бүртгэж, зураасан код өгсөн бөгөөд санал хураах газар ирсэн сонгогч нь сонгогчийн үнэмлэхийнхээ зураасан кодыг уншуулснаар хэдэн хэдэн зузаан зузаан дэвтрээс сонгогчийг хайх, үзгээр бичин тэмдэглэх ажил хөнгөрч байгаа гэнэ. Энэ явцыг тухайн санал авах байранд байрлуулсан дэлгэцэнд гаргах нь ил тод байдлыг хангахад туслаж, илүү ил тод, хяналттай болж байгаа гэнэ. Эдгээр нь миний телевизээр гарч буй ярилцлага, сурталчилгаанаас олж авсан мэдээлэл, түүн дээр тулгуурласан ойлголт юм. Ярилцлага нэвтрүүлгээр ярьж буй байдал, ерөнхий хүмүүсийн нийтлэг хандлагаас үзэхэд мэдээллийн технологи бол хамгийн зөв, хамгийн найдвартай зүйл гэсэн ойлголт бололтой. Уг нь ч сайхан л санаа, гэхдээ...

Мэдээллийн технологийн хэрэглээ нь хөгжил дэвшилд хүрэх гарцаагүй шаардлага мөн боловч юунд ямар зорилгоор ашиглах, тэр нь ямар эрх ашгийг хөндөж байгаа вэ гэдгээс хамааран ашиглах, эс ашиглахыг шийдэхээс гадна ашиглавал ямар түвшинд яаж ашиглахыг шийддэг. Мөн зорилго хэрэгцээнээсээ гадна хэн яаж хийх хийх, хэн хариуцан ажиллуулах нь их хамаатай юм. Миний ойлгож байгаагаар сонгууль, ард түмний төрөө сонгох эрх нь маш чухал эрх ашиг бөгөөд үүнд ашиглах технологи, ажиллагааг маш нарийн сонгох ёстой юм. Өмнө нь цаасаар хийдэг байхад сонгогчийн бүртгэлийг будилуулахад хуудас урах, баллаж дарах гэх мэт болхи арга хэрэглэх ба хор нөлөө нь хэдэн арав эсвэл хэдхэн зуугаар л тоологдохоос гадна ул мөр үлдэж, цаг хугацаа их орно. Харин цахим мэдээлэлд нүд эрмэх зуур хэдэн мянгаар өөрчлөлт оруулж болно, бас дийлэнх тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүйд хамаг аюул оршино. Дэлгэцээр бүртгэлийг гаргаж хянах боломжтой боловч сонгогч нэг бүрчлэн тэмдэглэж авахгүй л бол хүний хязгаарлагдмал байгалийн чадавхиас болж хэдэн мянган сонгогчийг бүртгэлийг тогтоох, хянах боломжгүй юм. Тэмдэглэсэн байлаа ч будилааныг шийдвэрлэж дуусахад цаг хугацааны хувьд хоцорсон байх нь түгээмэл. Нэг талаасаа сайжирсан, дэвшсэн юм шиг боловч нөгөө талаасаа маш том хэмжээний том луйвар хийх хялбар, ул мөргүй хаалга нээгдэж буй юм. Гэхдээ би цаасан дээр давхар тэмдэглэж байгаа гэдэгт найдаж байна, энэ тохиолдолд давхар бүртгэлийг будилуулах тийм ч хялбар биш болно.

Миний харж байгаагаар нэг талаасаа хэрэглэж сурсан, хэрэглээ болсон юм шиг мөртлөө амьдралын цоо шинэ хэв загвар, хэвшил авчирч буй мэдээллийн технологийг сонгуульд хэрхэн зөв ашиглах, санал хураалтыг хэрхэн үнэн зөв, бодитой байлгах талаар дэлхийн тэргүүлэх орнууд судалгаа хийсээр байгаа бөгөөд тийм ч сайн хувилбар, технологи олж чадаагүй л байна. Туршилтаар хийж буй системүүдэд ойр ойрхон асуудал гарах ба тэр талаар мэргэжилтнүүд шүүмжилж, илүү сайжруулах талаар хэлэлцсээр байгаа. Харин манай орны хувьд мэдээллийн технологи нь бараг л цоо шинэ зүйл хэвээр байхаас гадна мэдээллийн системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар туршлагатай мэргэжилтэн, компани байхгүй гэж хэлэхэд болно. Тиймээс сонгуулийн системийн талаар бүр бодох ч хэрэг байхгүй юм. Мэдээллийн технологи нь хөгжлийн гол тулгуур мөн боловч ямар зорилгоор хэний эрх ашгийг хөндөж байгаагаас ямар системийг хэрхэн хэн хийх, хэн хариуцан ажиллаж байгаа нь их хамаарна. Зарим тохиолдолд бүр ашиглахгүй байх нь дээр ч үэ гарна. Бид галуу ч хөлөө хөлдөөгөөгүй байхад хэрээ хөлөө хөлдөөх гэж байна уу даа. Энэ нөхөн сонгууль болдогоороо болоод өнгөрч байна, гэхдээ дараа дараагийн сонгуульд бодох юм их бий...

2009-10-11

Ubuntu тоолуур

Та миний блогийн баруун талд байгаа Ubuntu 9.10 хувилбарын тоолуурыг харж байна уу? Ийм зүйл хэрхэн тавих талаар болон хаанаас авч болох бол гэж бодож байна уу? Тэгвэл http://www.ubuntu.com/getubuntu/countdown хаяг руу ороод хэрхэн өөрт таалагдсан тоолуураа сонгоод вэбдээ байрлуулна уу. Шинээр ирж буй Ubuntu 9.10 хувилбарыг хамтдаа хоног тоолон хүлээцгээе.

2009-10-02

Буцаад Mediawiki руу

Аливаа мэдээлэл нь олон хүнд хүрч байж мэдлэг болдог. Харин ямарваа нэг мэдээллийг мэдлэг болгохын тулд түүнийг баримтжуулж, түүх болгон хадгалж үлдэх, дараа дараагийн хүнд дамжуулан хүргэхэд нь чухал юм. Тэгэхээр энэхүү мэдлэгийг хадгалж буй систем нь хэн нэгэн үзэхэд хялбар байхаас гадна өөр хэн нэгэн мэдлэг баримтжуулахад бас үүсгэхэд ч мөн адил маш хялбар байх ёстой юм шиг. Тэгж байж гэмээнэ далай шиг арвин мэдлэг хуримтлагдах учиртай.

Линукс хэрэглэгчдийн бүлгэмийн хувьд дэлхий ертөнцийн хандлагыг даган wiki систем үүсгэн ашиглаж байгаа. Ингэхдээ хамгийн том мэдлэгийн сан болох Wikipedia -д ашигладаг Mediawiki-г сонгон ашиглаж багагүй мэдлэг хуримтлуулж чадсан. Гэвч явцын дунд СПАМ гэх мэт техникийн асуудлуудаас үүдэж, бас хуудас бүр дээр хандалтын эрх үүсгэж болдог, хэрэглэгчдийг хэдэн ч бүлэгт хуваах боломжтой гээд цөөнгүй давуу талтай гэж үзэн MoinMoin гэх өөр нэгэн систем рүү шилжээд овоо хэдэн сарыг үдэв. Зун болж хүмүүсийн амралт нөлөөлсөн үү эсвэл ашиглахад үнэхээр хэцүү байсан уу төдийлөн ашиглагдсангүй.

Бүлгэмийн зарим гишүүдийн хүсэлт, гомдол дээр үндэслэн нөгөө талаас мэдлэгийн сан үүсгэх гэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд http://wiki.limnux.net сайтыг буцаан Mediawiki систем рүү шилжүүллээ. Энэ системийг сонгох болсон өөр нэг хүчин зүйл нь нэгэнт үүнийг ашиглаад сурах юм бол энэхүү чадвараа Mediawiki-г ашигладаг Wikipedia болон түүний монгол хувилбар, бусад олон мэдлэгийн санд өөрийн хувь нэмрийг оруулахад, баяжуулахад тус болно гэсэн бодол юм. Эцэст нь та бүхнийг линукс болон нээлттэй эхийн програм хангамжтай мэдээлэл, мэдлэгийг оруулж, бүх нийтийн мэдлэгийн санг баяжуулахад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсч байна.

2009-09-26

Тавийн тал

Энэ өдөр миний бие "тавийн тал" гэдэг нас хүрч байна. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө багагүй хэмжээнд хөгжүүлж, бас чамлахааргүй их зүйл амжуулсан гэж бодож байгаа ч урдах зам минь улам урт, хийх зүйл бүр их байна. Гэхдээ "тавийн тал" насандаа өөрийг хувь нэмрийг оруулахыг хамгийн их хүсч байгаа зүйл бол "эх хэлээрээ технологи ашиглах боломж"-ийг олон нийтэд нээх юм. Хийх ч, амжуулах ч юм их байна даа. Миний дуртай "Харанга" хамтлагийн "Амьдрал" гээд дуунд "ай даа миний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж дуулдаг. Бас нөгөө юу гэдэг билээ, хорвоо дэлхий уужим, хийх юм их....

2009-09-23

Хэрэгцээгүй дадал

Хотын төв замын засвар дуусч ашиглалтанд орсон байна. Өчигдөр орой харихаар тэрхүү зассан замаар явж байхдаа хэрэгцээгүй дадалтай, тэр нь ямар төвөгтэй болохыг олж мэдэв. Учир нь өмнөх онхол донхол зам дээр явахад хаана нүх байгаа бол, хаана нүх байсан билээ, тэгээд нүхийг хэрхэн тойрох билээ гээд их л завгүй бодоод явдаг байж. Жишээ нь, Их дэлгүүрийн баруун урдхан талд нэг том нүхнээс болж бүтэн нэг эгнээ хаагдсан байдаг гэх мэт. Бас дээрээс нь нүх тойрох гэсэн хэн нэгэн гэнэт хажуугаас ороод ирэх вий, эсвэл гэнэт зогсох вий гэх түгшүүртэй явдаг байсан байна шүү. Би мэднэ, зам сайхан болсон гэдгийг мэдсэн ч энэ дадал маань байсхийгээд л ажиллаад, элдэв юм хараад байдаг болж. Гэхдээ ингэж илүү зүйлд санаа зоволгүй тайван давхих нь ямар сайхан юм бэ. Бид өмнө өөрийн мэдэлгүй хэрэгцээгүй дадал үүсгэж, үүндээ ухаан бодол, багагүй эрч хүч зарцуулдаг байсан байна шүү. Дээрээс нь техникийн эвдрэл, элэгдэл. Манай эдийн засагт ямар их хортой байсан бол. Ер нь хотын зам гоё байж болдог юм байна, бүрэн хэмжээгээр гоё болоосой гэж хүсч байна.

2009-09-14

Мессенжерээс татгалзав

Бид бүгд л ямар нэг хэмжээгээр мессенжер ашиглаж, түүгээрээ ажлаа амжуулж сурцгаасан байх юм. Нэг талын ач тустай ч нөгөө талаас чухал ажил хийж буй үед чухал бус зүйлс саад болох нь их. Нэлээн хэсэг хугацаанд ашиглахаас татгалзаж үзтэл үр дүн нь гайхалтай. Сатааруулах, ажлын цагаас хумслах нь их бага, бүтээмж ч нэмэгдэж байна. Ер нь миний хувьд "тус болохоосоо ус болох нь" их байсан бололтой. Өнөөдрөөс эхлээд тодорхойгүй хугацаагаар мессенжер гээч зүйлээс татгалзаж байна.

2009-08-30

Цэвэлийн тольд таны тусламж хэрэгтэй

Хөдөөгөөр хэд хоног амарч байгаад ирсэн чинь Я.Цэвэл эрдэмтний зохиосон "Монгол хэлний товч тайлбар толь" номыг вэб хэлбэрт шилжүүлэх ажлыг Очко эхлүүлсэн байв. Энэ талаар Twitter дээр маш их яриа өрнөсөн болохоор анзаарахгүй байх ямар ч боломж байсангүй. Юуны өмнө энэхүү ажлыг санаачлан эхлүүлсэн Очкодоо талархаж буйгаа илэрхийлэх хэрэгтэй болов уу.

Би бээр нээлттэй эхийн програм хангамжийн орчуулга буюу нутагшуулалтыг хэрхэн илүү чанартай хийх талаар эргэцүүлж байхад бидэнд монгол үгийн тайлбар толь ашиглахад маш хялбар хэлбэрт байх ёстой юм байна гэж бодож байсан юм. Я.Цэвэл гуайн толийг хайж хайж олж авчихаад яах учраа олохгүй, бас ажилдаа түүртэж явж байтал энэ санаачлага гарч, олны дэмжлэгийг хүлээж буй нь үнэхээр талархууштай. Тэгээд энэхүү ажиллагааг хоёр гараа өргөн дэмжиж өөрийн чадах чинээгээр туслахыг оролдож байна. Хэн хийх нь чухал биш үр дүн нь л чухал юм.

Хэдийгээр энэ толины зохиогчийн эрхийн асуудал тодорхой биш байгаа ч энэ санаачлагын ач холбогдол, үр дүнг өндөрөөр үнэлж байгаа. Нэгдүгээр энэ нь бидний хувьд анхны томоохон хэмжээний нээлттэй агуулга бөгөөд олон зуун интернэт хэрэглэгчдийн нэгдэл гэдгээрээ маш онцлог. Нээлттэй агуулга учир хэн ч ямар ч зорилгоор ашиглаж болно, тиймээс бид орчин цагийн үг хэллэг, тайлбараар баяжуулан орчин цагийн монгол хэлний тайлбар толь бичгийн үндэс суурь болно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй. Бас мартагдсан хуучин үгсийг дахин сэргээх буюу эх монгол хэлээ танин мэдэхэд үнэтэй, орчин үеийн эх сурвалж болно. Мөн үг үсгийн алдаа шалгах програмын суурь болох гээд тоочоод байвал үнэхээр дуусахгүй биз.

Эхлээд удаагүй ч маш олон анхаарлыг татаж, олон хүний хөдөлмөрийн нэгдэл болж 12539 үгийн тайлбарыг (оруулах мөчид) вэб хэлбэрт унших, хайх боломжтой болсон байна. Та ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулаарай. Дуслыг хураавал далай. Олны хүч оломгүй далай.

2009-08-23

Twitter ба сонин сайхан

Энэ Twitter гээч нөхрийг ашиглаж эхэлснээс хойш блог бичих маань бүр цөөрөв. Тэгээд ч Twitter нь тэр бүр блог болгож бичих боломжгүй эсвэл шаардлагагүй зүйлсийг товчхон буюу 140 тэмдэгтэд багтаагаад бусадтай хуваалцах боломжийг олгож байгаа нь амьдралыг маш хөнгөвчилж байна. Гэхдээ бас заримдаа Twitter-т хэт томдох зүйл гарах тул тэрийгээ блог болгож байя.

Миний бие багагүй цагийг шинэ мэдээ мэдээлэл хайх, шинэ технологи судлахад зарцуулдаг бөгөөд эдгээрээсээ өөрийн Twitter-р дамжуулан бусад нөхөдтэйгээ хуваалцаж байна. Бас их олон хүнээс шинэ мэдээ мэдээлэл авч байна. Их ч амар юм. Сүүлд гэхэд даяаршлын нөлөөгөөр IBM зэрэг үндэстэн дамнасан компаниуд орлогын багагүй хувийг АНУ-с гадна зах зээлээс олдог болсон тул ажиллах хүчээ гадаадад байршуулах эсвэл гадаадаас ихээр авах болсон байна. Өөрөөр хэлбэл АНУ-с даажиж эхэлжээ. Ингэснээр АНУ-ын тэргүүлэх нөлөөг бууруулж, өрсөлдөх чадварыг бууруулж байна гэнэ. Бас өмнө нь царайлаг хүнээс эмэгтэй хүүхэд төрөх магадлал 26%-р илүү байдаг тул үе өнгөрөх тусам эмэгтэйчүүд маань илүү царайлаг болж байгааг эрдэмтэд тогтоосон байна лээ. Нээлттэй эх, програм хангамж, шинэ технологиудын талаар бас ганц нэг шал хэрэггүй зүйлсийн талаар мэдээлэл авахыг хүсвэл twitter дээр намайг дагаарай.

2009-08-03

Зөв гарчиг

Албаны цахим шууданд байгаа зүйлсийг жаахан цэгцлэх зорилгоор нэлээн хэсэг харж, хэрэггүй зүйлсийг устгаж суухад нэг зүйл анзаарагдсан нь манайхан захидлынхаа гарчигийг их буруу өгдөг юм байна. Захидал дотор бичигдсэн зүйлийн талаар огт илэрхийлээгүй "hi", "sain uu", "oroin mend", "urilga",
"medeelel", "tuslamj heregtei baina" гэх мэт гарчиг ямар их харагдана вэ. Бас харж байхад тэдгээрийн ихэнхийг нь огт нээж хараагүй байх бөгөөд зарим нэг нь үнэхээр хэрэгтэй мэдээлэлтэй юм байна. Үүнтэй ижил зүйлс gmail хаяган дээр минь, тэр дундаа LiMNux бүлгэмийн захидал дээр их тохиолдоно.

Миний бодлоор гарчигаа зөв өгч чадахгүй байна гэдэг нь тухайн зүйлд ач холбогдол бага өгсөн байна гэж хардаг. Өөрөөр хэлбэл хариу авсан ч аваагүй ч ялгаагүй гэсэн үг. Хүмүүсээ захидлынхаа гарчигийг зөв өгч сурах хэрэгтэй юм байна шүү.

2009-07-22

Ном

НОМЫН УТГА НЬ ТЭНГЭР МЭТ АУГАА, ДЭЛХИЙ МЭТ ӨРГӨН ДАЛАЙ МЭТ ГҮН НОМЫГ УНШИХ НЬ ТЭНГЭРТ НИСЭЖ, ДЭЛХИЙГ ТОЙРЧ ДАЛАЙД ХӨВӨХ МЭТ

/АУЗ Цэндийн Дамдинсүрэн/

Өөр нүдээр харахуй

Хүн зөвхөн өөрийн хүссэн зүйлийг л хардаг гэдэг. Үүний энгийн жишээ бол дэлгүүрт явж байгаад нэг гайгүй зүйл түрүүлээд харчихвал дараа дараагийн илүү зүйлсийг харахгүй болсон байх нь их. Мөн хүний бүх үйлдэл нь түүний эзэмшсэн боловсрол, үзсэн харсан зүйлстэй шууд холбоотой байдаг гэж боддог тул өөрийгөө үргэлж хөгжүүлэх, шинэ зүйлсээр нүд нээхийг эрмэлзэж явдаг. Гэвч хүн чинь хүн л юм болохоор алдаж эндэж, хүссэн бас хардаг зүйл нь зөв байх нь тун ховор юм. Сүүлийн үед миний бие нээлттэй эхийн програм хангамж болон түүний нутагшуулалтын талаар олонтаа бичиж блогийн минь уншигч авхай тантай өөрийн бодол санааг хуваалцаж, юу нь зөв, юу нь буруу болон хэрхэн зөв хийх талаар ярилцахыг хүссэн. Олон сэтгэгдэл авч, хамтын хүчээр илүү зөв хувилбарыг сонгож авахыг эрмэлзэж байна.

Өнгөрсөн багагүй хугацаанд Жагдаг анд маань миний бичсэн болон бичээгүй олон сэдвээр блогийн сэтгэгдлээр, мессенжерээр, мэйлээр гэх мэт олон замаар надтай өөрийн санал бодлыг хуваалцаж, надад арай өөр нүдээр харах боломжийг олгодог байсан бол анх удаа өөрийн блогоор дамжуулан санал бодлоо бичсэн байгааг эндээс уншина уу. Товч танилцуулахад тэрээр АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр 10 орчим жил ажиллаж байгаа бөгөөд том хэмжээний олон улсын корпорацийн мэдээллийн технологи гэж юу байдаг болон хэрхэн ажилладаг талаар өргөн их туршлагатай нэгэн юм. Энэ далимд нь надад өөр өнцөгөөр, өөр нүдээр харах боломжийг олгож, үргэлж хурцалж өгч байдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.

2009-07-19

Flickr vs. Picasa

Би бээр бүлгэмийн гишүүдээс болон интернэтийн түмэн олон найзуудаасаа зургийн хобби халдчих шиг боллоо. Юм л бол энэ тэндэхийн зураг дараад баймаар санагдах нь улам нэмэгдэх юм. Мэдээж ихэнх нь хувийн биш харин зүгээр л сонирхогчийн нүдээр авсан зураг тул интернэтэд байрлуулах, бусадтай хуваалцах талаар бодох болсноор Flickr(Yahoo) үү, PicasaWeb(Google) үү гэсэн хоёр сонголтын дунд таг гацаад сууж байна. Өөрөө багахан судалгаа хийж бас Twitter-ийн найзуудаасаа зөвлөгөө авлаа.

Бүүр өмнө нь Flickr дээр нэг хаяг нээгээд хэдэн зураг тавиад орхисон байдаг юм. Тухайн үед (одоо ч гэсэн) маш их хүн хэрэглээд байсан болохоор нь туршиж үзэхэд ашиглахад хялбар, давгүй санагдаж байсан. Бас тухайн үед Picasa гэж байхгүй байсан санагдаж байна. Flickr-ийн энгийн буюу үнэгүй хувилбар нь хэд хэдэн хязгаарлалттай юм байна. Эдгээрээс онцловол та ямар ч хэмжээний хязгааргүй тооны зурагтай байж болох ч сүүлийн 200-г нь л жижиг хэмжээтэйгээр үзэж болно. Мөн сард нэг бүр нь 10МБ-с хэтрэхгүй хэмжээтэй зургуудыг 100МБ хүртэл, 90 секунд эсвэл 150МБ-с хэтрэхгүй хэмжээтэй 2 видео бичлэг тавьж болох юм байна. Харин Pro ангилалд нь сард тавих зураг болон видеонд хязгаар байхгүй, зургийг том хэмжээтйгээр үзэх боломжтой гээд олон давуу талууд байгаа бөгөөд жилд 25 орчим ам доллар. F-Spot дээрээс Flickr руу зураг шууд дамжуулах нэмэлт боломж байгаа. Flickr-ийг Blogger-той холбох боломж байгаа ч Google хаягаа Flickr дээр хадгалуулах учир нэг л учир дутагдалтай.

Picasa-ийн хувьд олон төрлийн хязгаарлалт байхгүй, үнэгүй нь 1ГБ хүртэл мэдээлэл хадгалж болно. Харин үүнээс хэтрэх юм бол нэмэлт багтаамж худалдан авах боломжтой бөгөөд жилийн төлбөр нь 10ГБ-ыхн 20, 40ГБ-ыхн 75, 159ГБ-ыхн 250 ам.доллар байх юм. Надад таалагдсан зүйл нь гэвэл илүү дутуу хязгааралт гэлгүй зөвхөн ганц, бас Google-с гаргасан үйлчилгээ тул миний ашигладаг Gmail, Blogger, Google Docs, Google Maps гээд бусад үйлчилгээнүүдтэй үнэхээр давгүй тохирч ажиллах юм байна. Жишээ нь, би зургаа шууд блог дээрээ дуудаж гаргаж болно, газрын зураг дээр байрлуулж хүмүүст үзэхэд илүү хялбар болгож болох гээд олон юм байгаа. Picasa гээд авсаархан програм эсвэл F-Spot ашиглах боломжтой. Гэхдээ Flickr шиг алдартай, өргөн хүрээн ашиглагдахгүй байх шиг байна.

Миний хувьд Picasa нь миний хэрэгцээнд илүү нийцэж байна. Ашиглахад ч давгүй, бас хэрэгцээнээс шалтгаалаад төлбөр төлөх боломжтой. Төлбөрийн хувьд жилийн 20 гэж бодоход сард 2 хүрэхгүй доллар буюу нэг удаа хоол идэх мөнгө гэсэн үг. Google хийж байгаа тул илүү найдвартай гэдэгт нь итгэж болно. Бүртгүүлчихлээ, одоо хэрэглэж дадах, Picasa гээд програмыг нь суулгаж турших л үлдэж байна.

2009-07-13

Аялалын тэмдэглэлээс

20 орчим цаг аялсны эцэст Сан Францискод ирэв. Хиам, жигнэсэн мах, борц гээд хориотой зүйлс авч явсан минь баригдаж бүгдийг хураалгаад бас 300$-р торгуулаад авлаа. Ингэж нэг хар дансанд бүртгэлтэй болсон ч визээ хураалгаж хил дээрээс буцаагүйдээ их баяртай байна гэж... Гэхдээ л нэг л гомдолтой байна.

Энэ улс хамгийн эрх чөлөөтэй юм шиг хэрнээ эрх чөлөөгүй, хүний эрхийг дээдэлдэг юм шиг хэрнээ зөрчдөг, бүгд тэгш юм шиг хэрнээ хамгийн ялгавартай нийгэм юм шиг надад санагддаг юм. Бас л онцгүй. Гэхдээ шинэ технологиуд энд л төрж, шилдэг мэргэжилтнүүд энд л цугласан болохоор бид бас дагахаас өөр аргагүй. Гэвч бүх зүйлд нь авч гээхийн ухаанаар хандахгүй бол эд бидэнд ярьдаг, үзүүлдэгээсээ их ондоо улс байна. Бодох л хэрэгтэй.

Ирээд хэдхэн цаг болоход бас их юм болж байна. Гуйлгачин нь хүрч ирээд хоолны мөнгө шалаад зогсчих юм. Бас нэг хүн гэр бүлийн талаар сан байгуулж байгаа гээд хөрөнгө оруулаач гэнэ, ёстой надад падлийгүй байхаа. Тэгээд байж байсан чинь аялалын талаар сониноо өөрийн твиттер хаяг дээр тавьсан нь илүү хялбар юм байна гэж бодоод мэдээлээд эхэлчихлээ. Сонирхсон хүн байвал Twitter-т бүртгүүлээд намайг дагаарай.

2009-07-04

Зөвхөн нээлттэйг нь

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Өмнөх бичлэгээ үргэлжлүүлээд, бас бус хүмүүсийн асуудаг асуулт, ярьдаг зүйлд өөрийн тайлбар өгч, бодлоо хуваалцахаар мөн та бүхний сэтгэгдлийг сонсох нь зөв байх гэж бодож байна. Блог маань та бүхэнтэй харилцах, хамтрын ажиллах талбар юм шүү.

Windows чинь зах зээлийн дийлэнхийг эзэлсэн, манайхан ч гэсэн ашиглаад сурсан болохоор Windows-ийг орчуулах нь зөв гэж ярьж байхыг олонтаа сонсож байсан. Хэдийгээр Windows зах зээлийг эзэлсэн нь үнэн боловч бидний хувьд таатай нөхцөл гэх зүйл бараг байхгүй байна. Эх хэл дээрээ ашиглах боломж алга. Сайн дураараа орчуулга хийх боломж алга. Харин одоогоор хууль зүйн хувьд, ёс зүйн хувьд ч нээлттэй програмыг ашиглах нь бидэнд ашигтай бас илүү өргөн боломжийг бий болгож байна. Харин эдгээрийг Microsoft бий болгоод манай зах зээлд санал болговол татгалзах зүйл байхгүй. Бүр сонголт бий болоод, өрсөлдөөн бий болохоор бидний хийж буй зүйл ч гэсэн чанаржих ёстой. Миний хувьд харин ч таатай, алга ташин хүлээн авна.

Нээлттэй програм чинь мөнгө хэмнэнэ гэх юм Windows-ийг 10$ эсвэл үнэгүй авч болж байна шүү дээ. Үнэгүйгийн хувьд бид хууль ёсны дагуу авч байна уу гэдэг асуулт их сонин. Хямд байж болох нь бидэнд сонголт үүсгэж байгаа ч яг Windows маань юу билээ гэдгийг нухацтай бодвол хариулт нь сонин. Дээхнэ үед "Хүүхэд Бүрт Компьютер" төслийн буюу нөгөө "ногоон тооцоолуур" XO дээр Windows ашиглах талаар хэлэлцүүлэг өрнөж байхад тавигдсан нэгэн чухал асуултын утга нь "Windows маань дангаараа хэр хэрэгцээтэй зүйл вэ" гэж байсан юм. Та Windows дээр нэг ч нэмэлт програм суулгалгүй ашиглах гэж оролдож байсан уу? Юу хийж болж байна вэ? Миний хувьд бараг юу ч байхгүй байсан, баахан юм нэмж суулгаж байж л жаахан юм хийх боломжтой буюу ажлын багаж болдог. Тэгэхээр нэмэлтүүдийг нь бид яах вэ? Нөгөө талаасаа Windows маань ийм юм бол түүнийг орчуулах нь бараг ямар ч ач холбогдолгүй зүйл юм. Бид хэрэгцээтэй зүйл хийе гэвэл Kaspersky, Adobe гээд баахан газартай холбоо барьж, орчуулах зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Миний хувьд Үбүнтүг дангаар нь суулгахад бараг бүх хэрэгцээт програм маань дагаад ирдэг, ажил хийх боломжтой.

Мөн өмнөх бичлэгт үлдээсэн сэтгэгдлүүдэд багахан хариулт бас тайлбар өгвөл... Хэл соёл устахаас айх хэрэггүй биш харин хэвээр нь хадгалан авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Бид ерөнхийгөөс нарийн руу сэтгэдэг, энэ л бидний хэв шинж, онцлог юм. Бид Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг гэж ярьдаг байхад сүүлийн үед Улаанбаатар хот, Монгол Улс гэж бичих нь их болж. Бас "С.Дөлмандах нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ" гэж бичихийн оронд "нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ, С.Дөлмандах" гэж бичээд, өгүүлбэрийн бүтэц нь орос эсвэл англи хэлтэй их төстэй болоод ч байх шиг. Эд чинь бидний хэл соёл нэг л биш болоод байгааг илэрхийлэхгүй гэж үү? Гэхдээ хувьдаа бүх үгийг орчуулах гэж оролдох нь хийрхэл, харин галиглах, орчуулахын тэнцвэрийг олох л хэрэгтэй байх.

Төр бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, туслах талаас оролцох болохоос голлох үүрэгтэй оролцохгүй болохоор сүртэй айх зүйл байхгүй болов уу. Харин бид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, юуг өгч юуг авах вэ гэдэг талаараа илүү ярилцвал зүгээр байх. Хэл шинжээчдийг оролцуулах нь зөв. Бид эх хэлээ хэр сайн мэддэг ээ шалгахын тулд Цэвэлийн толийг нээж үзэхэд л хангалттай. Харин юуг нь авч, юуг нь авахгүй вэ гэдгийг бид л шийднэ шүү дээ.

Үгсийн сангийн хувьд өмнө хийсэн ажил байгаа нь бидэнд маш олон давуу талыг өгч байна. Бид юун дээр алдаж, юун дээр онов, дараа нь юун дээр анхаарах вэ гэх мэт суурийг маань тавьж өгсөн гэж болно. ОпенМН багийн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй. Харин хүсэх зүйл гэвэл ямар хаягаар яаж хандах вэ, хэрхэн сайжруулж, өөрийн хувь нэмэрийг оруулж болох вэ гэдэг зүйлсийг илүү тодорхой бас нээлттэй болгож өгвөл таатай хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Нээлттэй зүйл илүү зөв, илүү хурдан хөгжих боломжтой гэж хувьдаа үздэг.

Дээр бичсэн зөвхөн миний л бодол. Санал нийлэхгүй зүйл эсвэл зүгээр л хэлэх зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээхийг хүсч байна.

2009-07-03

Математикч байх албагүй

Нутагшуулалтын талаар ярихаар, блог дээрээ бичихээр зарим хүмүүс эсэргүйцэхдээ "англи хэл сурахад нь дөхөм" эсвэл "хөгжихөд нь хэрэгтэй" зэрэг шалтгаануудыг нэрлэдэг . Энэ үгийг саяханы нэг өдөр бас л сонсоодохов. Хэдийгээр англи хэл сурах нь тухайн хүнд хэрэгтэй, даяаршсан нийгэмд нэн чухал боловч "хүн бүр математикч байх албагүй" гэдэгтэй ижил хүн бүр англи хэлтэй байх албагүй. Угаасаа нийгмийн хуваарилалтын дагуу бүх хүн ухаантай, хэлтэй, мэдлэгтэй, менежер эсвэл дарга байх боломжгүй юм. Харин хүн, тэр дундаа орчин үеийн, мэдээллийн эрин зууны хүн байхын тулд мэдээллийн технологийг ашиглаж чаддаг, мэдээллийг олон сувгаар авдаг байх хэрэгтэй. Тиймээс тэр хэсэгт технологи, мэдээллийг хүргэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрэмэлзлийг нь өдөөхийн тулд бид нутагшуулалтыг заавал хийх ёстой гэж боддог.

Зарим нь технологи асар хурдтай хөгжиж байна, минут эсвэл секунд тутамд асар их хэмжээний мэдээлэл үүсч байна, харин энэ бүхнийг орчуулгаар дамжуулбал бид хурдыг нь гүйцэхгүй гэх. Технологи хөгжиж байгаа ч хүний хөгжил өөрөө их удаан явагдаж байна. Нөгөө талаасаа технологийн дэвшлийг заавал ашиглах шаардлага ч гарахгүй байна. Үнэндээ хэрэгцээ хангаж байвал хуучин шинэ байх нь сонин биш болов уу. Би гэхэд л утсаараа зураг авч үзээгүй гэхэд болно, зөвхөн ярьж бас мессеэж бичдэг. Мэдээллийн хувьд телевизийн олон сувгаар төрөл бүрийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл цацагдах боловч сонирхолтой, хэрэгтэй нь хэд билээ? Орой аль нэг телевизээр гарах мэдээ 30 минут үргэлжлэх боловч яг бидэнд хамаатай нь хэд билээ? Интернэт, вэб ч бас ялгаагүй. Хүн хэрэгцээт мэдээллээ яаж ийж байгаад олоод л авдаг. Миний хувьд зурагт бараг үздэггүй, радио бол бүр сонсохгүй байгаа. Сүүлийн үед "House" гээд кино үздэг болсон :).

Бүр нөгөө хэсэг нь "орчуулах хэрэггүй, англиар нь илүү ойлгомжтой" эсвэл "монголоор болохоор ойлгохгүй юм, зүгээр галгилчихвал ойлгомжтой" гэх мэт тайлбар хийнэ. Гэтэл америкчуудын дунд явуулсан нэг судалгаанаас бараг 80% нь "компьютерийн" гэх тодотголтой үг хэллэгүүдийг мэддэггүй, ойлгодоггүй болох нь тогтоогдсон байсныг уншаад гайхаж байснаа санаж байна. Төрөлх хэлтнүүд, бүр бүтээгсэн үндэстэн нь ингэж байхад бидэнд англиараа илүү ойлгомжтой байна гэдэг үнэхээр эргэлзээтэй. Үнэхээр ойлгодог хүмүүс байгааг үгүйсгэхгүй, гэхдээ нийт хүн амын, технологи ашиглах боломжтой хүмүүсийн хэдэн хувь байх бол? Миний бодлоор өчүүхэн хэсэг нь л... Үг сонголтын хувьд бид өөрсдөө хэлний мэргэжилтнүүд биш учир алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй. Би ч бас хэдэн жилийн өмнө "галиглах" талыг баримтлах нь зөв гэж бодож байсан ч 3 настай жаахан охин дүү маань миний санамсаргүй хэлсэн гадаад үгийг үндэс, угтвар, дагавараар задлаад утгыг нь ойлгох гэж оролдоод, чадахгүй болохоороо надаас утгыг нь асуухад би үнэхээр гайхсан. Хэрэв бид өөрийн үгээ эсвэл гадаадыг үгийг өөриймшүүлж авч чадах юм бол тун ч ойлгомжтой байж чадах юм байна гэж үүнээс ойлгосон. Гэхдээ эх хэлээрээ гадаад хэлнээс дутуу ойлгож, түүнийгээ өөгшүүлнэ гэдэг бол "буруу зүйл" юм. Бид ингэтлээ төрөлх соёлоо алдан гадааджиж, үүнийгээ сармагжуулах, эх соёлоо сэргээх талаар хичээл зүтгэл гаргахгүй, харин өмөөрч байна гэдэг нь үнэхээр харамсалтай.

Ямартай ч нутагшуулалтыг зөв хийх нь технологийг хүртээмжтэй болгохоосоо гадна эх соёлоо хадгалан үлдэх бас нэгэн боломж гэж хувьдаа боддог. Ашиглагдахгүй удсан, мартагдсан үгсийг сэргээн гаргаж ирэх, үгийг шинэ утгаар баяжуулах, найруулгын зөв хэв маягийг өдөр тутмын хэрэглээ болгох гээд олон сайн тал бий. Энэ тал дээр дэмжихээ боловсролын сайд Ё.Отгонбаяр хэдхэн хоногийн өмнө уулзахад илэрхийлж, нэгэн даргадаа үүрэг болгосон. Харин энэхүү холбоог хэрхэн цааш нь үр ашигтайгаар хөгжүүлэх, хэл шинжээчдээс юуг нь авч юу өгөхөө сайтар хэлэлцэх л үлдэж байх шиг байна. Бид хэрхэн хамтран ажиллах хэрэгтэй гэж та бодож байна вэ? Хувилбар дэвшүүлээч...

2009-06-23

Twitter

Миний бие өөрийгөө гайгүй технологижсон гэж боддог ч гэрийн угаалгын машинаас авахуулаад энгийн зүйлсийг ажиллуулахдаа тун тааруухан гэж байгаа. Бас технологийн хэрэглээг ихээхэн дэмжиж, вэб 2.0 гэж ярих атлаа өөрөө тийм ч идэвхитэй хэрэглэгч бол биш. Ашиглаад байдаггүй болохоос биш Flickr, Facebook, Hi5, MySpace, LinkedIn, Digg гээд гадаадын болон дотоодын BizNetwork зэрэг үйлчилгээнүүдэд данс үүсгээд, хальт туршиж үзээд орхисон байгаа. Харин blogger, delicious-ийг гайгүй ашиглаад байдаг юм. Харин сүүлийн үед үргэлж ашигладаг нэг зүйл нэмэгдсэн нь Twitter.

Аль дээр үед л хүмүүс гар утас, зөөврийн тооцоолуур гээд олон төрлийн төхөөрөмж ашиглан Twitter-т холбогдож нэг нэгэндээ мэдээлэл хүргэж, солилцож байгаа талаар уншиж байж билээ. Тухайн үед орж үзчихээд учрыг нь ойлгосонгүй юу ямар ч байсан нэх тоолгүй орхисон юм. Саяханаас миний үздэг ихэнх вэбүүд ашигладаг болохыг анзаарсан бас юм л бол мэдээн дээр гараад байхаар нь туршвал их таалагдсан гэж... Заримдаа энэ блог дээрээ тавихад багадаад байдаг энгийн л нэг "Чи юу хийж байна" гэдэг асуултанд хариулж болохуйц бага сага зүйлсээ тавиад байх боломжтой юм билээ. Ер нь хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох хамгийн хялбар технологи юм шиг санагдсан. Цаашид улам идэвхитэй ашиглана гэж бодож байгаа. Олон зүйлийг ч түүгээр дамжуулан авч байна. Миний хувьд Gwibber гээд програмыг Үбүнтү дээрээ ашиглаж байна.

Хараад байхад манайхан их технологижсон байх юм. Twitter дээр манайхаас хэдэн ч хүн байдаг юм бүү мэд, ямар ч байсан миний мэдэх бас дагадаг хэдийг нь дурдвал УИХ-ын гишүүн, Датакомын гэдгээр нь хүн бүр мэдэх Д.Энхбат, УИХ-ын гишүүн Тэмүүжин, манай шинэ ерөнхийлөгч Элбэгдорж гээд маш олон хүмүүс байна. Бүр Өргөө кино театраас шинэ мэдээ мэдээлэл хүргэх үүндээс өөрийн орон зайг ч үүсгээд авсан байх юм. Хэдийгээр одоогоор мэдээлэлгүй байгаа ч кино сонирхдог хүмүүс байвал дагахад илүүдэхгүй болов уу. Хэрэв та Twitter ашиглаж эхлээгүй бол яг одооноос ашиглаж эхлэхийг санал болгож байна. Бүгдээрээ холбогдоцгооё.

2009-06-19

10 жилээр ухарсан мөчүүд

Ажил дээр иртэл Огоо цайндаа гарсан байв. Нэх юм бодсонгүй ширээнийхээ ард суугаад хэдэн юм шалгах гэтэл Моби дээр байрлах серверүүд рүү хандаж болохгүй, холболт асуудалтай болсон байх юм. За за гэж бодоод Огоо руу залгах гэтэл утасны сүлжээ байхгүй. Овоо том асуудал гарч дээ гэж бодонгоо хэрхэн түүнийг олох талаар хэсэг бодов. Ганц арга нь гарч ойр хавийн хоол идэж болох газруудыг нэгжих л байх юм. Удахгүй байх гэж бодсон чинь овоо их удах чинь. Их сонин мэдрэмж...

Ийм сонин мэдрэмжийг 10 жилийн өмнө л мэдэрч байсан санагдах юм. Тэр үед гар утас гэж байхгүй тул ихэнхдээ гэрийн эсвэл ажлын утсаар ажлаа төлөвлөөд, эсвэл гадуур хаана байж болох вэ гэж найзуудыгаа хайдаг байж билээ. Бас ирэн иртэл нь хүлээнэ, зөрчихвөл дараа нь бөөн юм болно... Утас халаасанд байсан ч цагнаас өөр үүрэггүй. Гадагшаа холбоогүй, гаднаас холбоогүй болохоор нэг талаараа ажил алдагдах вий гэж санаа зовох хэрнээ ажил ажил гэж яаруулах зүйлгүй болохоор цаанаа нэг л тайван. Гадуур ажилтай байсан тул тархи амарч бас элдвийг бодож амжив.

10 жилийн өмнөхтэй харьцуулбал миний амьдрал ямар хурдтай, ямар завгүй, ямар их ачаалалтай, бид хоорондоо ямар их хамааралтай болсныг тэрхэн мөчид олж мэдрэв. Өмнө нь чухал ажилгүй ч гэрийн утас ашиглаад холбогдоод, бүх юм болоод л байсан. Аав ээж маань, өвөө эмээ маань болгоод л байсан. Өмнө нь алс холоос хүмүүс хэдэн хоногоор нь захидал хүлээгээд, эсвэл залгах боломж хараад хэдэн цагаар нь хүлээгээд болдог л байсан. Харин өнөөдөр энэ бүхэн бараг мартагдаж. Өдөрт бид маш олон төрлийн технологи ашиглан маш олон хүмүүстэй харилцах хэрэгтэй болсон байх юм. Ингээд бодоход сүүлийн 10 жилд бидний амьдрал яасан их өөрчлөгдөж, ямар их технологжсон юм бэ. Бас технологиосоо ямар их хараат болсныг мэдрүүлсэн....

2009-06-16

Наранд түлэгдэв

Өнгөрсөн бүтэнсайн өдөр лагер дээрээ очиж аав ээжийн сайн хүү болохоор шийдэн, ганц нэг газар шорооны ажилд хуруу нэмэрлэв. Хаанаас нь ч харсан "шар" би бээр жаахан борлох санаатай цээж нүцгэн жаал ажилласан маань нуруу, мөр маань наран түлэгдэх үндэс болов. Хорсч байна гэж жигтэйхэн, шөнө унтахад бас их хэцүү юм гээч. Энэ мэдрэмжийг мартсаныг бодвол их удсан бололтой, бас байгалиас хол явсныг минь илчлэх мэт. Ядаж байхад энэ Огоо алгаа үрээд, инээд алдаад бас болоогүй намайгаа алгадаж хорлох, кайф авахыг их хүсч буй бололтой.

Түлэгдэлт дээрээс нь нуруунд өвчин орж, гар маань сайн атгаж чадахгүй болсон байх юм. Хэсэг бодсон боловч хэзээ хамгийн сүүлд ингэж "хүчний" ажил хийснээ санахгүй байхыг бодвол бас л их удсан бололтой. Над мэтийн суунга ажил хийдэг хүмүүс ингэж ажил хийдэггүй юм гэхэд ядаж тогтмол дасгал, бэлтгэл хийж байхгүй энэ бие мах бодь нь "цул мах" болох шинжтэй шүү.

2009-06-12

Үбүнтү 9.04 дискээ аваарай

Үбүнтү хэрэглэгч, сонирхогчдын анхааралд. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 2-р давхарт Үбүнтү 9.04, Күбүтнү 9.04 хувилбаруудын дискүүдийг үнэ төлбөргүй тарааж байна. Хүссэн хүн бүхэн ирж авч болно.

2009-06-01

Чанасан мах

7 хоногийн аялал маань дуусч өнөө өглөө гэртээ ирлээ. Олон шинэ найз нөхөдтэй болж ихийг сурсан үнэхээр сайхан UDS байлаа. Ер нь хурал, ярилцах сэдэв, хүмүүс, буудал, хоол гээд бүх зүйл сайхан, гоё байсан боловч яагаад ч юм сүүлийн хэд хоног чанасан мах, бууз, цуйван бас сүүтэй цайгаа баахан санав. Уг нь бол махтай хоол унд идээд байж ингэж байгаа нь их сонин санагдаад болдоггүй. Ямар ч байсан гэртээ ирээд хоол идсэн чинь үнэхээр гоё байна шүү. Гэр ээ гэж...

2009-05-29

Нутагшуулах ажиллагаа

Хэрхэн нутагшуулах ажлыг зөв зохион байгуулах вэ, хэрхэн чанарыг байж болох хамгийн өндөр байлгах вэ гээд нутаглуулалттай холбоотой маш олон асуултанд хувьдаа асуулт эрж, шийдэл хайсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бүгдэд хүний хүчин зүйл байхаас гадна технологийн хүчин зүйлс багагүй байсан. Ингээд өөрийн бодож олсон загварчлалыг та бүхэнд танилцуулж байна. Загвар маань орчуулгын явц болон чанарыг цаг алдалгүй хянах, алдааг илрүүлэхэд чиглэсэн бөгөөд энэ нь алдаа гарсан тохиолдолд хурдан илрүүлэх, засах эцэст нь чанартай орчуулгатай болох боломжийг нээж өгнө гэж үзэж байна.

АЛХАМ 1. Хүн нэгэнт орчуулгад оролцох эсэхээ шийдсэн тул орчуулагчаар эсвэл уншигчаар ажиллах эсэхээ сонгох болно. Аль аль нь бидний хувьд маш чухал. Алийг нь ч сонгосон бай АЛХАМ 2-руу шилжинэ.

АЛХАМ 2. Дараа нь мэдээж энд бүртгүүлж багт нэгдэх ба энэ хаяг руу орж нутагшуулалтын баг болон ажиллагааны зарчимтай илүү дэлгэрэнгүй танилцна. Жишээ нь орчуулагч ч бай уншигч ч бай хамгийн сүүлийн орчуулгуудыг авах тохиргоог зааврын дагуу хийх хэрэгтэй бөгөөд орчуулга хийх сонирхолтой нь багажуудын сонголт болон багаж хэрхэн ашиглах талаар гарын авлагатай танилцана. Зөвхөн орчуулагч л АЛХАМ 3-руу орох бөгөөд уншигч нь АЛХАМ 5-руу очих хэрэгтэй.

АЛХАМ 3. Орчуулагч нь ямар програмын орчуулга дээр ажиллахаа сонгох бөгөөд тусгай системд (одоогоор тодорхойгүй байгаа) түүнийгээ бүртгүүлснээр орчуулга хийж эхлэх боломжтой болох юм. Ингээд орчуулагч нь өөрийн сонгосон багажын тусламжтайгаар орчуулга хийх бөгөөд хийсэн эсэх болон хэр хэмжээгээр хийснээс үл хамааран хагассайн өдрийн 16:00 гэхэд өөрийн орчуулгыг нэгдсэн системд нэгтэх үүрэг хүлээнэ. Мөн үүний зэрэгцээ өөрийн ажилласан орчуулга болон явцын талаар багахан мэдээлэл багийн ахлагчид өгнө.

АЛХАМ 4. Нутагшуулалтын багийн ахлагч нь хянагчдын хамтаар ерөнхий чанарын шалгалтыг хийх бөгөөд нэгдсэн орчуулгыг түгээх ажилд бэлтгэнэ. Ням гарагийн өглөө гэхэд нэгдсэн орчуулга нь орчуулагч, уншигчдад хүрэхэд бэлэн болгосон байна. Мөн хийгдсэн орчуулгын талаар товч тайланг бэлтгэн бүх гишүүдэд хүргэнэ.

АЛХАМ 5. Орчуулагчид болон уншигчид нь долоо хоногийн нэгдсэн орчуулгыг татаж авч системдээ суулгах бөгөөд орчуулгыг шууд ашиглах, турших боломжийг олгох юм. Долоо хоногийн тайлан дээр үндэслэн чанарын шалгалтыг илүү нарийвчилсан байдлаар хийх боломжтой болно.

АЛХАМ 6. 3 эсвэл 4 долоо хоног тутамд хаа нэг газар нэгдсэн уулзалт зохион байгуулах бөгөөд үүн дээрээ явж буй ажиллагааны загвар, орчуулгын чанар зэрэг нутагшуулалттай холбоотой асуудлаар хэлэлцэнэ. Мөн орчуулгад хэрхэн оролцох, багажуудаа хэрхэн ашиглах талаар багахан хэмжээний сургалт зохион байгуулж болно.

За энэ мэтээр бүх зүйл 7 хоногийн давтамжтай үргэлжлэх юм. Одоогоор энэ бүгдэд ашиглагдах програм, багажууд бүр тодорхой болоогүй учир тойм төдий ийм загвар явуулж болж байна. Миний санал болгож буй хувилбар, ажиллагаа төгс биш гэдгийг хувьдаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид ямар нэг байдлаар хийж эхлэх, алдаа нь хаанаа байна вэ гэдгийг олж илрүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаасаа эхлэхдээ ч зарим нэг гарч болох алдаанаас сэргийлж болох тул таны саналыг сонсмоор байна.

Пайтон сурцгаая

Бүлгийнхэндээ уриалах нь. Нэгэн тогтмол уулзалт дээрээ бүгдээрээ Python гэх програмчлалын хэл хамтдаа сурцгаая. Миний хувьд анхан шатны багахан мэдлэгийг өгөх цөөн цагийн хичээл ороод цаашдаа та бүхэнтэй хамтдаа илүү гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй байна.

За миний хувьд энэ зун бүгдээрээ доорх зүйлсийг сурчихвал болох, чадах юм шиг санагдаад байна. Мэдээж НЭГЭН ТОГТМОЛ УУЛЗАЛТ дээрээ энэ бүхнийг хийх болов уу.

- Пайтон хэлний анхан шатны мэдлэг, код унших, бичих, цаашдаа өөрөө хөгжөөд явах боломж (энэ хөөрхөн цаг авах байх)
- Багаар код бичихэд шаардагддаг хувилбар удирдах системийг ашиглах, багаар код бичих (энэ ч бас)
- Үбүнтүгийн эх кодыг татаж авах, засвар хийх, өөрөө богц шинээр үүсгэх (энэ ч бас) :D
- Орчуулга хийх, шаардлагатай багажуудыг ашиглаж сурах
- Вики ашиглах, мэдлэгээ хуваалцах
- www.limnux.org дээр мэдээ оруулах, шинэ мэдээллийг бусадтайгаа хуваалцах

Бас өөр юу ч сурч болмоор юм бэ дээ. Та бүхэнд санал байна уу? Тогтмол уулзалтын маань нэр юу болсон бэ? Дээрх бүгдийг нэг нэгээр, бага багаар долоо хоног бүрийн пүрэв гарагийн 17:00-д Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн үүдний танхимд хамтдаа сурцгаая. Бид хамтдаа маш хурдан хөгжих хэрэгтэй байна шүү.

Нутагшуулалтыг хялбаршуулах нь

Бидний хэсэг нөхдүүд нээлттэй эхийн програм хангамжуудыг нутагшуулахаар сэтгэл шулуудаад хэсэг хугацаа өнгөрөв. Тэднээс зарим нэг нь ерөнхий нутагшуулалт, GNOME-ын орчуулга болон орчуулганд юуг анхаарвал зохих талаар энд, энд, энд, энд, энд бас энд бичсэн байна. Гэвч үүнийг хэн хийх вэ, хэрхэн бас ямар зохион байгуулалттай хийх вэ, үгсийн сангаа хэрхэн сонгох, ямар багаж ашиглах гээд өнөөдрийг хүртэл хариултаа бас шийдлээ хүлээж буй олон асуулт бас бэрхшээл хэвээр байна. Гэхдээ хүн бүр ямар нэг шийдэл, хариулт олохоор ажиллаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

Хэн нэгнээс хамаарах ёсгүй. Нутагшуулах ажил маань оролцогч болоод хэн бүхний хувьд маш чухал учир хэн нэгнээс бүрэн хараат байж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг гол хүн нь завгүй болоход орчуулга тэр чигээрээ зогсдог байж болохгүй. Тиймээс бид нутагшуулалтыг баг байгуулсан бөгөөд багийн хамтын ажиллагааг дэмжсэн багаж, дэд бүтцийг сонгон авч ашиглах нь их чухал байна. Үүн дээр хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх 7 хоногийн сүүл гэхэд хэдэн туршилт хийгдэж дууссаны дараа тодорхой шийдэл гарна гэж бодож байна.

Оролцоход хялбар байх ёстой. Хэн нэгэн нь орчуулгад гар бие оролцож, үг өгүүлбэрийг эх хэл рүүгээ орчуулах сонирхолтой байхад нөгөө хэсэг нь зөвхөн орчуулсан зүйлсийг ашиглах, хянах эсвэл чанарыг шалгалт хийхийг хүсч байж болох. Нутагшуулалт хийхэд шаардлагатай техникийн болоод багийн ажиллагааны мэдлэг нь тийм ч хялбар сурчих зүйл биш. Орчуулсан зүйлээ системдээ оруулан шалгах, хянах болон түүний цааш тарааж хүмүүсээр хянуулах нь ч бас тийм хялбар ажил биш. Гэвч энэ ажиллагааг хялбаршуулж, орчуулсан хүн нь богино хугацаанд өөрийн орчуулгыг шалгах, багийнхантайгаа нэгтгэх, мөн зөвхөн орчуулга ашиглах, хянах сонирхолтой хүмүүст түгээх нь маш хялбар байж бид олон хүнийг орчуулгадаа, чанар шалгалтандаа татан оролцуулах боломжтой болох юм. Ингэснээр бид алдаа гарвал цаг алдалгүй илрүүлэх боломжтой болно гэж бодож байна.

Чанарын өндөр түвшинд байх ёстой. Орчуулагч хүний гол алдаа бол өөртөө зориулан орчуулах байдаг юм болов уу гэж боддог. Нөгөө талаасаа хүн өөрийн алдаагаа хардаггүй ч гэж хэлдэг. Бид өөрсдийн хийсэн орчуулгыг аль болох олон хүнд хүргэх хэрэгтэй, ашиглуулах хэрэгтэй, шүүмжлүүлэх хэрэгтэй, шүүмжийг хүлээн авах хэрэгтэй. Тэгж байж бид жинхэнэ олонхид таалагдах, ашиглахад, ойлгоход хялбар орчуулгатай болно. Бидний өмнө хийж байсан олон алдаанаас болж "монголоор ашиглахаас англиар ашиглах нь хялбар" гэсэн ойлголт олон хүнд төрсөн. Гэхдээ хэрэв бид орчуулга хийгээгүй байсан бол ийм алдаа байж болдог гэдгийг мэдэж чадахгүй байсан. Одоо бид нэгэнт мэдэж авсан болохоор энэ алдаагаа хэрхэн давтахгүй байх, өмнө нь олж авсан муу нэрээ хэрхэн цэвэрлэж авах талаар бодох цаг нэгэнт болсон. Тиймээс ЧАНАР, ЧАНАР бас дахин ЧАНАР байх ёстой.

Дээрх 3 нөхцөл болон бусад хэд хэдэн нөхцлийг хангасан уян хатан систем бидэнд хэрэгтэй байна. Бас хамгийн гол нь бидний урдаа тавьсан "зуны дотор GNOME-ийг орчуулж дуусгах" гэсэн зорилгыг хангахад чухал, жинтэй хувь нэмэр оруулж байх ёстой. Хэрэв та нутагшуулалтад ямар нэг хэмжээгээр оролцох сонирхолтой байгаа бол манай багт нэгдээрэй. Тун удахгүй орчуулгын ажил эрчимтэй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна....

2009-05-28

Нэгэн тогтмол уулзалт

Бүлгэмийн гишүүд маань сардаа нэг тогтмол уулзаад тодорхой асуудлаар санал солилцохоос гадна чөлөөт олон сэдвээр ярилцдаг. Уулзалтаараа бид олон сонирхолтой зүйлсийг ярилцаж, мэдээлэл мэдлэг солилцож чаддагаараа миний хувьд их "үнэ цэнэ"-тэй байдаг. Энэ өдрийг Open Beer Party гэж нэрлэнэ. Өнгөрч буй 5-р сард тасарсан ч, 6-р сараас дахин ийм зүйл болохгүй гэдэгт итгэж байна.

Хатнаа гишүүн маань дээхэн үед 7 хоног тутам уулзаж байх, шинэ суралцагчид нэг нэгэндээ туслаж байх талаар санал гаргасан. Очих хүсэл байсан ч амжаагүй, бас нэг удаа болоод л дахиж зохион байгуулагдаагүй шиг санагдаж байна. Хэрэв энэ нь тогтмолжоод, олон шинэ гишүүд нэгдээд явсан бол уг нь их хэрэгтэй зүйл байсан юм гэж бодож байлаа. Учир нь биднийг хамтдаа хурдан хөгжих боломжийг олгоно, нэг нэгийгээ илүү таньж илүү нягт хамтран ажиллах боломж олгоно, шинэ олон зүйлсийг эхлэх үүдийг нээх байсан юм.

Гэхдээ яагаад би дээрхийг бодож суух ёстой гэж? Энэ уулзалтыг дахин эхлүүлэх саналыг та бүхэнд гаргаж байна. Дараагийн уулзалтыг 6-р сарын 4-ний пүрэв гарагт Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн үүдний танхимд 17:00-д хийхийг санал болгож байна. Бүлгэм маань мэдлэгээ вики дээр хадгалж үлдээдэг, мөн удахгүй moinmoin вики систем рүү шилжих гэж буйтай холбоотой миний бие вики гэж юу вэ, moinmoin системийг хэрхэн ашиглах талаар та бүхэнтэй ярилцаж, өөрийн мэддэг бага сага зүйлсээс та бүхэнтэй хуваалцах санал гаргаж байна. Хүссэн хүн бүр ирж болно, ичих хэрэггүй гэж хэлмээр байна. Мөн энэ уулзалтаа бүгдээрээ юу гэж нэрлэх вэ? Та юуны талаар ярилцаасай гэж бодож байна? Та юу сурмаар байна?

Барса

Это, Мэсси нар Манчестерийн хаалганд бөмдөг оруулснаар 2:0 харьцаатайгаар Барселончууд аврагуудын лигийг тэргүүлэв. Ширүүхэн тоглолт болсон ч Барсачууд тоглолтын турш илүүрхэж тоглов. Барселон хотын нэг томоохон талбай дээр том хэмжээний дэлгэц засаад олон мянган залуус цугларч өөрийн хотын багийг дэмжихээр ирсэн бөгөөд 70-дахь минутанд оруулсан Мэссигийн бөмбөгнөөс хойш 20 гаруй минут бүгд уухай хашгиран орилолдож, нэг нэгийгээ тэврэн баярлаж байх юм. Үнэхээр гоё, манайх олимпоос алт авахад төрсөн мэдрэмж тэдэнд төрсөн байх даа. Хэдийгээр спорт, хөлбөмбөг төдийлөн сонирходоггүй ч олны дунд ороод ингэж үзэх ч бас нэг төрлийн таашаал байна шүү. Хэдэн арван мянган хүн цугласан юм бүү мэд, ямар ч байсан цаг гаран гадаа зогсоход хүний хөл тасарсангүй.

Барса үнэхээр дэлхийд танигдсан брэнд болжээ. Барселоны аль ч гудамжинд Барсагийн бэлэг дурсгалын зүйлс зарах юм, хүмүүс төрөл бүрийн өмсгөл, алчуур, туг зэргийг их авч явах юм. Бас чамгүй үнэтэй. Өчигдөр бодогдож байсан зүйл бол дэлхийд танигдсан нэг том брэндтэй байх нь улс оронд, орон нутагт ямар их ашиг тустай болохыг ойлгов. Манайд энэ гээд хэлчих юу байгаа билээ? Юуг бид ингэж олон улсад таниулж болох вэ?

2009-05-23

9009

Ийм сонин бас сонирхолтой нэртэй нэгэн киног өчигдөр Өргөөд үзлээ. 1990-ээд онд болж байсан зүйлс, эгшиглэдэг байсан дуунууд, хэрэглэдэг үгс, дээрэм, атаманууд гээд хүүхэд насыг минь санагдуулах мөчүүд, бас 2009 буюу өнөө үеийн нийгмийг харуулсан гоё кино байна лээ. Аз жаргалтай төгсгөл нь их таалагдсан. Найз нөхөрлөлийг гоё гаргаж чадсан нь таалагдсан. Надад таалагдсан. Дүүд маань ч, найз охинд маань ч, ер нь бүгдэд таалагдсан.

UDS Karmic

Би гэдэг хүн маргааш Испанийн Барселон руу хөлгийн жолоо залах гэж байдаг, гэтэл тийз болон вийзнээс бусад нь бэлэн биш байдаг. Тэнд очоод UDS Karmic буюу 9.10 хувилбарыг төлөвлөх хуралд оролцох юм. Бас оны өмнөхөн 12-р сард UDS Jaunty-д оролцож 9.04 хувилбарыг хамт төлөвлөлцсөн гэж байгаа.

Үбүнтүгийн хөгжлийн явцыг харвал нэгэн шинэхэн боловч тогтвортой хувилбар гаргана. Төд удалгүй тархацын суурь хэсэг болсон линуксын цөм, програмчлалын үндсэн сангууд, суурь эмхэтгэгчид (compilers) гэх мэт зүйлсийг бусад хэрэглэглээний хамгийн сүүлийн хувилбарын хамт Debian-с татаж нийлүүлдэг. Тэдгээрийгээ өөрийн болгож аваад Альфа 1 хувилбарыг гаргана. Энэ хоорондоо хөгжиж буй хувилбарт юуг оруулах хүсэлтэй байгаа талаар хүсэлтүүдийг цуглуулж, түүнийгээ нэлээн сайн баримтжуулж авна. Үүн дээр нь өмнө нь санал болгосон боловч хийгдэж амжаагүй ажлууд нэмэгдэх ба Ubuntu Developer Summit дээр тусгайлсан багууд өөрт хамаарагдах хэсгүүдийг хуваан авах бөгөөд эдгээрээс энэ хувилбарт аль нь орох боломжтой, орвол түүнийгээ хэрхэн хийх талаар ярилцаж шийдвэр гаргана. Тодорхой шийдвэрийн үндсэн дээр хөгжүүлэлт явах ба дараагаар нь Альфа 2 гэх мэт хөгжүүлэлтийн хувилбарууд гарна. Энэ хооронд багууд тус бүртээ 7 хоног бүр интернэтээр хурал хийх ба төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэл, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар товч ярилцдаг. Мөн хувилбарын хөгжүүлэлтийн туршид 2 удаа Sprint гэх арга хэмжээ зохиох бөгөөд энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжүүлэгчид Каноникалын байранд цуглараад хамтдаа хөгжүүлэлт хийдэг. Цуглаж хөгжүүлэлт хийх нь илүү амьд харилцааг бий болгож, асуудлыг хурдан шийдэх боломж олгодог. Дараа шат бүрээс нь дэлгэрэнгүй тайлбарлана гэж бодож байна.

Өмнөх удаад би дан серверийн багийн (гишүүн нь) хурлуудад суусан ба серверийн хувьд юу хийгдэж байгаа, цаашид юу хийгдэх талаар мэдэж авсан. Үүнийхээ хажуугаар серверийн багийн "мангасууд"-тай танилцаж олон нарийн зүйлсийн талаар мэдэж авсан шүү. Харин энэ жил зөвхөн сервер гэлгүйгээр Үбүнтүг энгийн хэрэглэгчид эх хэл дээрээ ашиглахад хэрэгтэй байж болох бүх сэдвийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно гэж бодож байна. Учир нь бид 9.10 гэхэд маш их хэмжээний нутагшуулалт хийсэн байна гэтэгт би итгэж байна. Явцын талаар өдөр бүр блог бичиж байнаа....

2009-05-19

Сонгууль өгөхгүй

Уг нь би өгмөөр л байна. Даанч надад тэр "сонгууль" гэдэг юм нь байхгүй. Харин тэр сонгуульд өгдөг, сонгуульд оролцож буй нэр дэвшигчид өгдөг "санал" гэдэг юм нь байна. Би САНАЛАА өгнө.

2009-05-17

ОНЛАЙН КОНТЕНТИЙН УЛСЫН АНХДУГААР ФОРУМ

Ийм нэртэй нэгэн өдөрлөг 2009 оны 5-р сарын 18-ны өдрийн даваа гарагт буюу маргааш "Тэнгис" кино театрын Б танхимд өглөөний 10 цагаас эхлэх гэж байна. Энэ өдөрлөгийн хүрээнд бидний үргэлж ярьдаг, шүүмжилдэг бас бодит дутагдал болоод буй эх хэл дээрх цахим агуулгыг хэрхэн хөгжүүлэх, баяжуулах талаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцэх юм. Яг үнэндээ бид интернэтэд ороод үзье гэхэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хомс байгааг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө гэж хувьдаа бодож байна. Миний бие "Нээлттэй агуулга, түүний ач холбогдол" гэсэн сэдвээр илтгэл тавих ба нээлттэй агуулга гэж чухам юу вэ, яагаад хэрэгтэй юм бэ, үүнийг хэрхэн хөгжүүлэх талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцах юм. Илтгэл маань хуваарийн дагуу 11:50-д эхлэх ёстой юм байна, хүссэн хүн ирж болох эсэхийг мэдэхгүй ч ирээд үзэхэд болохгүй зүйлгүй гэж бодож байна.

2009-05-16

Анар шүүс

Саяханы нэгэн өдөр хүн хүлээнгээ хийх зүйл олдсонгүй тул хажууханд байрлах дэлгүүр оров. Өдөржин завгүй ажиллаж байгаад амьсхийхэд ямар их цангасан, өлссөнөө мэдээд гайгүй чанартай бөгөөд боломжийн үнэтэй, басхүү цангаа тайлах, өлсгөлөнгөөс ангижруулах зүйл харж жаал зогсов. Юу сонгохоо мэдэхгүй ч нэг л тийм арай өөр юм хүсээд байгаагаа мэдэрч байв. Хэсэг харж зогссоны дараа "Анар" гээд шинэ брэнд гарсан байхыг хараад шошгыг нь үзвэл давгүй санагдаад усам үзэмнийхийг нь авлаа. Ууж үзвэл тун давгүй шүү, амт нь зөөлөн бас сахар багатай юм. Өөрөөр хэлбэл миний хувьд арай эрүүл санагдав. Надад таалагдсан.

Өчигдөр оройхон ганц нэг хүнсний зүйл авахаар дэлгүүр ороод "Анар"-ыг үзвэл харагдсангүй. Харин орой нь Гантулга андтай интернэтээр хөөрөлдөн, сонин сайхан ярьж байтал Global CEO 2 нэвтрүүлгийн хүрээнд өнөөх гайхал "Анар"-ын борлуулалт дээр ажиллаж байгааг нь мэдэж авав. Урин дулаан улирал эхэлж байна, ам цангана, цангаагаа тайлах хэрэгтэй өөрөөр хэлбэл юм уух хэрэгтэй. Миний хувьд хийжүүлсэн ундаа нь ясны сийрэгжилтэд нөлөөлөх гээд олон сөрөг талтай учир татгалзахаар шийдээд, аль болох бага хэрэглэж байгаа. Үүний оронд шүүс, гэхдээ болж өгвөл бас арай гайгүйг нь уух сонирхолтой. "Анар" таалагдсан, уумаар байсан, найз минь борлуулж буй тул түүнээс аваад ахиад уувал үнэлэмж маань хэвээр. Та ч мөн адил аваад хэрэглээд үзээрэй, ойр торныхоо хүмүүст амсуулаарай, таалагдана гэдэгт итгэж байна. Бас Гантулга маань борлуулалтын ажлын хүрээндээ хүргэж өгч байгаа гэсэн шүү, түүнтэй 88111816 дугаарын утсаар холбоо барьж болно, түүний багийг надтай хамт дэмжээрэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.

Залхаж байна ...

Сонгуулийн халуурал эхлэхэд надаас авахуулаад олон хүмүүс өөрсдийн амьдралаар бус нэр дэвшигчдийн амьдралаар амьдрах болсон юм шиг санагдах боллоо. Өөрийн ажлыг, асуудлыг хаяаад нөгөө нэр дэвшигчид маань яасан бол, нэг нь нөгөөгөө хэрхэн "доош хийсэн" бол гэж вэбүүдээр хэсч, зурагт үзэж, радио чагнах болов. Эдгээрээс арай гэж холдоод нийгмийн амьдралд орохоор яаж ийж байгаад яриа маань нөгөө нэг сонгууль, нэр дэвшигчид рүү халиад орчихно. Өөрийг нь муулчихсан, цохиод авсан аятай л өмөөрч элдэв үгээр нэг рүүгээ давшлаад л.... Шал дэмий зүйлд анхаарал хандуулж, шал дэмий зүйлсээс болж бид хоорондоо маргалдаад, өөрсдийнхөө амьдралыг мартаад байх шиг. Ядаж байхад намууд нь биднийг үүндээ татаж оруулах, бага зүйлийг том болгохдоо ашиглаж, биднийг аль болох нэр дэвшигчдийн амьдралаар амьдруулахыг хүсч байх шиг.

Цаг хугацаа урсдагаараа урсч, сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Харин бид "хүнийхээр" амьдарснаас болж өөрсдийн амьдралд олон зүйл алдсан, бас үзэл бодлын зөрүүгээс хэн нэгэнтэй ам зөрж гомдоосон байх болох. Том зүйлийг бид өчүүхэн зүйлээр соличихоод байгаа юм биш биз? Дараа нь бид яах юм бэ? Миний хувьд энэ бүхнээс залхаж байна, би өөрийнхөөрөө бас өөрийнхөө амьдралаар амьдрамаар байна... Сонгууль болдогоороо болно, аль нь ч сонгогдсон байсан би амьдардагаараа амьдарна, ямар үхэлтэй биш....

2009-05-15

Хувийн туслах

Сүүлийн үед нээлттэй эхийн програм хангамж, линуксыг сонирхдог, хэрэглэдэг хүмүүсийн тоо нэлээд нэмэгдэж байх шиг байна. Энэ хандлага цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Харин эдгээр анхлан сурагчид блогоос минь эсвэл өөр хаа нэгтээгээс миний цахим шуудангийн хаяг, эсвэл Яахуу мессенжерийн хаяг олоод өөрт тулгарсан бэрхшээлийг тайлбарлаж бичээд надаас тусламж хүссэн байхтай сүүлийн жилүүдэд тогтмол таарах боллоо. Бүлгэм маань бараг үхмэл, өөрөө ч гайгүй завтай байдаг байсан уу туслаад, бэрхшээлийг нь хамтдаа шийдэж өгдөг байлаа. Заримдаа завгүй үе байна, мэдэхгүй зүйл ч их тохиолдоно. Харин сүүлийн үед бүлгэм маань маш идэвхижиж, олон талын мэдлэгтэй төрөл бүрийн хүмүүсийн цугладаг газар болсон. Бүлгэмд маань миний мэддэг байтугай өмнө огт сонсч байгаагүй зүйлсийн талаар залуус хоорондоо санал бодлоо солилцож байна, надтай тулгарч байгаагүй олон асуудлуудыг хамтран шийдэж байна. Харин би эдгээрийг бүгдийг нь уншдаг ба мэддэг зүйл байвал туршлагаасаа хуваалцахдаа дуртай байдаг. Яагаад гэвэл тэр өчүүхэн мэдлэг маань зөвхөн хэн нэгэнд тус болох биш харин бүлгэмд байгаа бүх хүнд, дараа нь вэб архив үзэж болох хүн ч бас хэрэгтэй, тус болж болохоор тэр.

Тийм болохоор над руу хувийн шугамаар битгий асуулт тавиачээ гэж хүсмээр байна. Бүлгэм рүү асуултаа илгээ, миний мэддэг зүйл байвал би бас л хариулна. Мэддэггүй зүйл байвал өөр нэгэн мэддэг гишүүн хариулна. Ингэхээр бүлгэм нь хариулт, тусламж авах илүү боломжтой байгаа биз. "Бид надаас ухаантай, бид надаас мэдлэгтэй" гэдэг үг сүүлийн үед моодонд орсон байна лээ...

2009-05-14

Зөвхөн шинэ бичгээр...

Цэцболдын уриалгыг дагаад, хэрэгжүүлэх гэж хичээж байтал нэг л мэдэхэд дадал болчихсон байх юм. Вэб хаяг, зарим нэг нэр томъё хэлэхдээ 2 хэлний хооронд шилжих нь ядаргаатай санагдаад буцчихмаар байсан ч хичээсээр нэг мэдэхэд л өөрийн эрхгүй дан шинэ бичгээр бичиж хүмүүстэй харилцдаг болсноо өчигдөр анзаарав. Ажлын шаардлагаар Windows рүү ороод Yahoo руугаа ороод зүгээр л хүмүүстэй харилцах гээд бичсэн чинь өнөөх 2 үсэг маань ? болоод байх юм. Хуучин хувилбар болохоор юникод дэмждэггүй юм байлгүй гэж бодоод түрхэн зур латинаар бичихээр хэлээ сольсон боловч ахиад л нэг мэдэхэд баахан ??? гарчихсан байна. Дахин сольсон боловч ахиад л шинэ бичиг руу орчихсон байх. Дадал суужээ надад. Хүн ямар нэг зүйл дадал болоход дунджаар 21 хоног хангалттай байдаг гэсэн. Гэхдээ дадал болсон зүйлээ анзаарахад өөрчлөлт хэрэгтэй байдаг бололтой. Энэ дадал маань их хэрэгтэй, уншиж буй хүндээ хялбар ойлгомжтойгоос гадна өөрт ч их амар юм.

Planet-ийг амлаж авлаа

Бүлгэмээс гаргадаг сар тутмын сонины 2 дахь дугаар гарсан болохыг Цэцболд маань зарлав. Энэ дугаараас та 4-р сарын турш бүлгэмийн хүрээнд болсон бүх зүйлсийн талаар багцаар унших боломжтой юм. Жишээ нь, ямар онцлох сэдвүүдээр бид хэлэлцэв, таны мэдлэгт тус болох ямар вики хуудас үүсэв гээд бас сар бүр нэгэн шинэ програм танилцуулсан нь Brasero буюу бүх төрлийн диск бичдэг програм юм. Дугаар сайхан болсон, бид бас сонирхолтой сэдврүүдээр ч хэлэлцсэн байна. Дугаарыг бэлтгэн гаргасан Цэцболддоо баярлалаа.

Хэрэв та анзаарсан бол энэ дугаар маань хоцорч бас шинэ блогуудын талаар мэдээлэлгүй гарсан байгаа. Уг нь өмнөх дугаартаа бид 5-р сарын 4-нд дараагийн дугаар гарна гэж байсан юм. Энэ бүгдэд би буруутай. Цэцболд бид 2 дугаар дээр хамтран ажиллаж байсан бөгөөд цаг нь болоход түүний бүх зүйл бэлэн харин минийх түүхий ч биш ор байгаагүй юм. Түр хойшлуулчих, би гүйцээгээд хийнэ гэсэн боловч ажлаас болоод амжилгүй ийм зүйл боллоо. Харамсч бас гэмшиж байна.

Дугаар дээр гаргахаар ажиллаж байхдаа Цэцболд бид 2-ийн нэг зүйл дээр санал нэгдсэн нь сонин эрхлэн гаргах ажлыг нэг жижиг баг байгуулаад, тус тусдаа бүлгүүдээ дааж авч ажилласан нь илүү үр дүнтэй юм гэдэг бодол. Бүлгэм маань маш идэвхитэй ажиллаж байгаа тул сарын дотор маш олон сэдвээр хэлэлцэж, олон вики хуудас үүсч бас олон шинэ блог бичлэгүүд гарч байна. Энэ бүгдийг сарын дараа сонин гаргахаар эмхэтгэх нь их цаг авсан, бас тухайн үеийн сэтгэгдлийг үгүй болсон хойно хийж буй тул хүн бүр дааж авсан зүйлсээ бага багаар тэмдэглэж явж байгаад, сарын эцэст нэгтгэсэн нь илүү бүтээлч, цаг хугацааны хувьд ч илүү хэмнэлттэй юм гэж ярилцаж байсан юм. Би Planet-ийг амлан авч, түүн дээр нийтлэгдэж байгаа блог бүрийг тэмдэглэн авч, сар бүрийн төгсгөлд сониндоо зориулсан эмхэтгэл бичиж байя гэж бодож, бас амлаж байна. Та ч мөн адил сонин гаргах ажилд оролцож, өөрийн хувьд нэмрийг оруулах боломжтой шүү.

2009-05-12

Шинэчлэлт

Сүүлийн үед яагаад ч юм цахим ертөнцөөс залхаад, зугтаах маягтай болоод байсан нь гайгүй болж байх шиг байна. Яагаад ч юм тооцоолуурын ард удаан суухаас зайлсхийгээд, тэгээд ч суулгүй хийх ажил олдоод гадуур гүйгээд байсан нь төгсгөл боллоо. Сайхан амарлаа, ингэж амьдрах нь боломжтой гэдгийг үзлээ. Одоо ажилдаа, цахим амьдралдаа эргэн орж байна.

Сүүлийн 7 хоног гаруй хугацаанд нэг шинэ сервер ажиллагаанд оруулсан бөгөөд түүнийгээ тохируулах болон хуучин серверээс ажиллаж байсан үйлчилгээнүүдийг шилжүүлэхэд ихэнх цагаа зарцуулав. Үүнд нь Үбүнтү хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон http://mn.releases.ubuntu.com болон http://mn.archive.ubuntu.com, мөн линукс хэрэглэгч, сонирхогчдын танил болсон http://www.limnux.org, http://planet.limnux.org болон http://wiki.limnux.org вэбүүд орж байна. Ингэхдээ http://wiki.limnux.org дээр ажиллаж байсан Mediawiki-г хамгийн сүүлийн хувилбарт шилжүүлэв. Бас хуучин сервер дээр гарч байсан дутагдлуудыг хэрхэн засах, сайжруулах, ямар шинэ технологиуд ашиглаж болох талаар судлах, турших дээр багагүй хугацаа зарцуулав. Одоо ч зарим нэг ажил дуусаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд Linux InstallFest-ийг хэрхэн зохион байгуулах талаар бага сага зүйл бодлоо, төлөвлөлөө. Удахгүй та бүхэндээ танилцуулж, амжилтын төлөө хамтдаа ажилцгаая.

2009-05-03

Чөлөөт өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагаа

Бидний амьдарч буй нийгэм аливаа зүйлийн эрх чөлөө, нээлттэй байдлыг хөгжлийн үндэс гэж үзэж байна. Чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор хүн болон түүний хөдөлмөр үнэлэгддэг, чанар сайжирдаг, хөгжил ирдэг. Харин нээлттэй хамтын ажиллагаа нь итгэлцэл, хүндлэлийг бий болгодог. Эдгээр хүчин зүйлс нь хөгжлийн түлхүүр, хөдөлгөгч хүч нь бөгөөд хөгжүүлж чадвал аутсорсингийн таатай хөрс суурь болж өгдөг. Аутсорсинг нь энгийн үгээр бол байгууллага нь өөрийн үндсэн үйл ажиллагаандаа гол анхаарлаа хандуулж, туслах чанарын эсвэл чухал биш зүйлсийг гадны компаниудаар дамжуулан гүйцэтгэхийг хэлдэг. Чаддаг нь чаддагаа хийх буюу хөгжлийн, төвлөрөлийн, ялгаралын үндэс.

Лхагва гарагт болж өнгөрсөн гар утсанд зориулсан агуулгын талаар семинар нь бараг л дээрх зүйлсийн талаар яригдсан гэхэд болно. Гар утасны үйлчилгээ үзүүлдэг компани нь сүлжээний найдвартай ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ боломжуудыг бий болгох буюу зам, дэд бүтцийг бий болгох, сайжруулах үүрэг хүлээнэ. Ингэхдээ замаар явах машиныг улааны, цэнхэрийн, ногооны, шарын эсвэл тунгалагийн талынх гэж ангилалгүй бүгд ижил хурдтай, ижил боломжоор хангах давхар үүрэг хүлээх ёстой. Харин хэрэглэгчдэд хүрэх дуу, зураг, тоглоом зэрэг агуулга буюу ачааг ямар тээврийн хэрэгсэл ашиглаж буйгаас үл хамааран хэрэглэгчид очиж байх л ёстой. Энэ зөвхөн харилцаа холбооны биш бүх салбарт мөрдөгдвөл зохилтой.

Би бээр Мобикомын хэрэглэгч бөгөөд үндсэн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг ч нэмэлт үйлчилгээнүүд нь бараг таалагддаггүй. Анх л утсандаа авч болох зураг, сонсох дууны сонголт муу байсан бол саяхан HiTone-ийг хэрэглэх гэтэл бас л бараг сонголт байсангүй. Хамгийн хачирхалтай нь бүр рекламан дээр явж байсан дууг хүртэл олох гээд чадсангүй. Ашиглахад хэцүү гээд тоочоод байвал олон асуудал бий. Шалтгаан нь маш тодорхой. Агуулгын бизнесийг өөрөөсөө салгасан боловч ганц Монгол Контент ХХК-д тусгай эрх олгосон болохоор тэднийг сонгох эсвэл юу ч биш гэсэн сонголттой. Өрсөлдөгчгүй зүйл хөшүүн, үхмэл байдаг. Уг нь олон компанитай энэ салбарт нээлттэй хамтын ажиллагаа өрнүүлж, чөлөөт өрсөлдөөн бий болгож чадвал сонголт нэмэгдэнэ, агуулга чанаржина, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. Хэрэглэгчид сэтгэл хангалуун байх нь, сүлжээгээр дамжиж буй мэдээллийн урсгал дамжиж байх нь Мобикомд л ашигтай бас хэрэгтэй. Энэ нь тэдний үндсэн ажиллагаа.

Бусад операторууд ямар байдаг талаар мэдэхгүй харин Мобикомын хэрэглэгчийн хувьд, илүү их нэмэлт үйлчилгээ авахыг хүсдэгийн хувьд дээрх асуудлыг дэвшүүлж байна. Харин ХХЗХ-ноос ижил тэгш байх зарчмыг баримтлан ажиллахаас гадна бүх операторуудыг мөрдүүлэх тал дээр анхаарах талаар дээрх семинар дээр мэдэгдсэн. Үүнд их талархаж, үр дүнг хурдан үзэхийг тэсэн ядан хүлээж сууя. Сайхан семинар хийж, олон нийтийн санаа бодлыг сонссон ХХЗХ-ны хамт олонд талархал илэрхийлье.

2009-05-02

Өргөө

Өргөө кино театр орж Гоёлын даашинз гээд кино үзэв. Зөвхөн "Тэнгис" гэж байгаад хүмүүсийн ам сайтай байхаар нь шинэ газар орж үзэхээр шийдсэн маань энэ байв. Дотоод засал нь тун давгүй, тухтай юм бас олон төрлийн үйлчилгээ авч болохоор бас 3 биш 4 танхимтай. Миний хувьд 3-р танхимд орсон бөгөөд танхим нь давгүй том, суудал нь илүү өргөн зайтай тул над шиг "урт" хүнд суухад эвтэйхэн байсан. Бас дэлгэц нь том, дууны чанар сайн гээд бараг л бүх юм таалагдсан. Ганц зүйл таалагдаагүй нь вэб дээрээ 7:40 гэж байсан кино нь тасалбараа авах гээд очтол 7:00 гэж байснаас болоод төлөвлөгөөнд өөрчлөлт орж, жаахан яарч сандарлаа.

Сүүлийн үед бид бүгдийн үндэсэрхэг үзэл сэргэж "үндэсний" гэсэн тодотголтой зүйлсийг түлхүү хэрэглэх болов. Би ч тэдэнтэй нэгдэж G-Mobile хэрэглэх болсон, бас болж өгвөл Өргөө орж байна гэж бодож байгаа. Теартын хувьд тун давгүй, кино нь энгийн, хөнгөн бас хөгжилтэй. Үзэхийг, тэр дундаа Өргөөд үзэхийг зөвлөж байна.

2009-04-30

Интернэтгүй өдрүүд

Пүрэв гарагийн үдээс хойш ажил дээрээ ирээд мессенжерт орвол байхгүйд бичиж үлдээсэн олон зүйлс ирэх юм, хугацааг нь харвал хаа байсан 27-ны өдрийн ч юм байх. Сүүлийн нэлээн хэдэн жил бараг л өдөр болгон тооцоолуурын ард сууж, интернэт ухаж, мессенжерээр хүмүүстэй харилцдаг байсан болохоор энэ маань их сонин санагдаж билээ. Ингэж нэг орж аваад эргэж гараад одоо л нэг тухтай сууж байна. Энэ өдрүүдэд сайхан амарч авлаа.

2009-04-26

Бэлэн будаа аюултай

Саяхан сууж байтал линукс анхлан сурагч нэгэн танил маань "ter ym asuuh urlag geed bga zuil chine ih buruu ym shigee, hun chadhgui bolood l asuuj bhad" гэж ирээд асууж байна. Хүн өөрөө асуултандаа сайн бэлдэх, зөв тавих хэрэгтэй гэтэл "tegvel linux groupiin hereg bga ymu, biy biendee tuslah l heregtei shd" гэх. Нэг харахад түүний зөв ч юм шиг, бараг ийм бодолтой хүмүүс олон болохыг бүлгэмийн өнгөрсөн түүхээд бэлэн харж болно. Гэхдээ энэ хандлага нь буруу, яагаад гээч???

LiMNux бүлгэм маань линукс сонирходог, хэрэглэгэдэг хүмүүсийн сайн дурын нэгдэл бөгөөд бие биедээ туслах, мэдлэг туршлагаа солилцох, асуудлыг хамтдаа шийдэж, хамтдаа хийж бүтээх зорилготой. Энд олон жил ашигласан туршлагатай нэгэн ч байна дөнгөж өчигдөрхөн сонсоод суулгах гээд асуудалтай тулгарсан нэгэн ч бас байна гэхдээ нөгөө л нэг зорилго бүгдийг нэгтгэнэ. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч энд байгаа хүн бүр л хэн нэгэнд туслах, мэдлэг туршлагаасаа харамгүй солилцох хүсэлтэй байдгийг харж бас мэдэрч болно. Тусласаар ч, мэдлэгээ хуваалцсаар ч ирсэн. Гэхдээ энэ нь тусламж хэрэгтэй хүн бүрт, асуудал бүрт тусламж үзүүлж, асуудал бүрийг хамтдаа шийдэж байсан бас ёстой гэсэн үг биш. Энэ зөвхөн сайн дурын хүмүүсийн нэгдэл гэдгийг үргэлж санаж, асуудалд оролцох эсэх нь гишүүн нэг бүрийн сайн дурын, сонголтын хэрэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Танд асуудал тулгарч түүндээ тусламж авахын тулд яах ёстой вэ? Юуны өмнө танд тусламж хэрэгтэй бол тусламж үзүүлэхэд хялбар байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуны өмнө та өөрт тохиолдоод буй асуудал, түүний учир шалтгааныг аль болох тодорхойлох хэрэгтэй бөгөөд тусламж өгч болох хэнд ч болов аль болох ойлгомжтой байхаар бичихийг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь танд тусламж үзүүлэхэд хялбар болгохоос гадна та ч мөн удил бусад хүмүүст туслаж байгаа хэрэг. Жишээ нь, "линукс суулгаж болохгүй байна" гэхийн оронд "Үбүнтү 9.04-г шинээр суулгах гэсэн чинь уншиж байгаад 30% дээрээ яг ийм алдааны текст өгөөд байна" эсвэл "тэрийг суулгаж чадахгүй байна" гэхийн оронд "ийм юмыг ингэж суулгах гэсэн чинь эндээ ийм алдаа гарлаа" гэсэн нь илүү ойлгомжтой бөгөөд асуудал илүү тодорхой, танд туслахад хялбар болж байгаа хэрэг. Асуулт болон асуулдын талаар өөрт байгаа бүх мэдээллийг хуваалцах нь зөв. Бидэнд туслаж буй танд баярлалаа.

Бэлэн будаа аюултай. Ер нь бол та бэлэн асуулт тавьж, бэлэн хариулт авах гэж оролдохын оронд өөрөө өөртөө туслах, өөрөө асуудлыг шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй. Энэ нь өөрт тань асуудал шийдвэрлэх, судалгаа хийх дадал, чадвар суулгахаас гадна хүн аливаа юмыг өөрөө хийж байж сурдаг, илүү амттай байдгийг санах хэрэгтэй болов уу. Бэлэн будаа идэх нь танд үнэхээр аюултай. Бүлгэмд тавтай морилно уу, хамтдаа хөгжицгөөе.

Git ба Mercurial

Би өмнө нь хувилбар удирдах систем тэр дотроо тархсан хувилбар удирдах систем болон түүний давуу талын талаар бичиж байсан. Сүүлийн жилүүдэд тархсан системийн давуу талыг бараг хүн бүхэн ойлгож, мэдэрч үүний дүнд хэд хэдэн систем ч үүсээд амжсан. Эцэст нь Git, Bazaar, Mercurial гээд олон системүүдээс өөрт эсвэл байгууллагадаа нийцэх системийг сонгон авах нь хялбар биш болоод байгаа. Миний хувьд зарим нэг хэрэгцээгээр subversion(төвлөрсөн) бас bazaar ашигладаг. Харин Google-с линуксын цөм хөгжүүлэгчдийн үүсгэсэн Git болон хэн нэгний үүсгэсэн Mercurial системүүдийг харьцуулж, сонирхолтой дүгнэлт бичсэнийг эндээс уншина уу. Хэрэв та хөгжүүлэлт хийдэг бол бас одоог хүртэл хувилбар удирдах систем ашигладаггүй бол аль нэг тархсан системийг сонгон ашиглаарай гэж зөвлөх байна.

2009-04-23

Бидний хүсэн хүлээсэн 9.04 гарлаа

Бидний удаан хүлээсэн Үбүнтү 9.04 хувилбар гарсан болохыг зарлалаа. Олон шинэ програм, шинэ боломж, шинэ сайжруулалтуудаар дүүрэн энэ хувилбар танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Монголд байгаа хүмүүс Ubuntu-г http://mn.releases.ubuntu.com/jaunty, Kubuntu-г http://mn.releases.ubuntu.com/kubuntu/jaunty хаягуудаас өндөр хурдаар татаж авах боломжтой байгаа. Бусад нь http://www.ubuntu.com/getubuntu хаягаас орж татаж аваарай. Татаж аваад, суулгаад, туршаад, мэдэрснийхээ дараа блог дээрээ сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаасай гэж хүсч байна.

2009-04-21

Сервер удаад байх юм....

Өнөөдөр найз маань залгаад "сервер удаад байх юм, юундаа байна үзээдхээч" гэж хэлэхээр нь хэдэн жилийн өмнө суулгаад орхисон сервер рүүгээ орж үзэв. Эхнээс нь шалгаад үзвэл хагас жил гаран огт унтраагүй, тэр хооронд үйлчилгээ нь нэг ч зогсоогүй байна. Харин асуудлын хувьд сануур (memory) нь дүүрээд swap хийгээд эхэлсэн бөгөөд түүнийгээ ч бараг дүүргэх тийш хандсан байв. Үүнээсээ болоод системийн ажиллагаа маш удааширч, бас процессорт их хэмжээний ачаалал өгч байна. netstat ашиглаад ажиллах ёстой серверийн програмуудаас өөр юм ажиллаж байгааг шалгахад юм алга, яг л байх ёстой хэд нь байх юм. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь qmail-ийн хэд хэдэн процесс ажиллаад хаашаа ч юм захидал илгээх гээд байв. Зориулалт нь болохоор тоосонгүй, дараа нь ps aux гээд системд ажиллаж байгаа бүх процессыг шалгавал хэд хэдэн perl хэл дээр бичигдсэн cgi-ууд байх нь хачин.

cgi нь хуучин үед өргөн ашиглагддаг байсан технологи бөгөөд програмын гаралтыг вэб рүү гаргах арга юм. сgi ашигласан тохиолдолд HTTP толгой гээд бараг бүр гаралтыг програмаасаа хийж өгөх ёстой ба C, Perl, Python, PHP, Ruby гээд бараг бүх хэлийг ашиглах боломжтой боловч Perl илүү өргөн хэрэглэгддэг. Харин миний тохиолдолд мөн адил Perl дээр хийгдсэн, маш олон процесс ажиллаж байсан ба хаанаас ажиллаад, юу хийгээд байгаа нь тодорхойгүй байлаа. Ингээд нэгэн хэцүү сонголтын өмнө ирэв. Удаад бараг ажиллах боломжгүй систем дээр ажиллаж, асуудлын голомтыг судлах эсвэл системийг дахин эхлүүлээд арай дээр систем дээр ажиллах. Миний хувьд сүүлийнхийг нь сонгосон юм. Шинээр эхэлсэн систем маань ажиллах ёстой хэдэн зүйл л ажиллаж, сануур нь ч дүүрэх нь больсон байв. Арай гайгүй болохоор нь хайсаар нөгөө файлаа олоод үзтэл захидал шиддэг програм байх ба баахан жагсаалтыг ч хамт агуулсан байна. Судлаж үзвэл вэбээс хуулж тавьсан бололтой, бас вэбээс дуудаж ажиллуулаад байна. Бүгдийг нь өөр тийш нь зөөгөөд, дахин бичих эрхгүй болгоод орхив.

Хэсэг ажиглавал бас бага зэрэг ачаалал ирж байна, ухаад үзвэл qmail их хэмжээний захидал гаргахаар ажиллаад байна. Жагсаалтыг нь үзвэл 10000 шахам зүйл явуулахаар хүлээгдэж байх ба нэг нэгэнгүй үзвэл тэр дундаас багахан нь л жинхэнэ байх юм. Жаал интернэт ухаж байгаад янзлах аргыг нь олоод янзлаад орхив. Ингээд сервер маань хэвийн болсонд сэтгэл амрав ....

Sun залгиулав, Oracle залгив

Бидний мэдэх Java хэл ба технологи, SPARC процессор болон Solaris үйлдлийн системийн эцэг болох Sun компани "залгиулсан" болохоо өчигдөр зарлав. Залгигчаар нь өгөгдлийн сангийн мангас Oracle тодров. Уг нь IBM "залгихаар" санаархасан боловч үнэ тохирч чадаагүй тул хэлэлцээрээс гарсан. Энэ бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн утгатай LWN-ий нийтэл, хүмүүсийн яриа болон өөрийн сэтгэгдлээс доор товчхон хуваалцахыг хүсч байна.

Юуны өмнө Sun бол дээр дурдагдсан олон технологийн эцэг боловч үндсэндээ програм хангамжийн бус техник хангамжийн компани гэж нэрлэгддэг. Учир нь тэдний үндсэн үйл ажиллагаа, үндсэн орлого нь төхөөрөмж үйдвэрлэх, түүний үйлчилгээнээс орж ирдэг. Бараг өөрийн төхөөрөмжийг ашиглуулахын тулд түүн дээрээ маш сайн ажилладаг технологи бүтээдэг ч гэж ярьдаг. Гэвч тэдний өнөөдрийг хүртэл гартаа хадгалж ирсэн түлхүүр технологи нь Java юм. Java нь орчин үеийн гар утас бүр дээр ажиллахаас гадна бизнесийн том цогц шийдэл боловсруулахад ихээхэн ашиглагддаг. Тиймдээ ч хүн бүрийн анхаарлын төвд байдаг. SPARC, Solaris, ZFS зэрэг олон технологиудыг төрүүлснээс гадна MySQL-ийг эзэмшигч, басхүү хүчирхэг судалгааны болон инженерийн багтайгаараа их онцлог, олны хорхой хүргэсэн компани.

Oracle-ийн хувьд бид өгөгдлийн санг нь сайн мэдэхээс бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон төрлийн шийдэл боловсруулдаг талаар төдийлөн мэдэхгүй. Бас Oracle нь нээлттэй эхийн програм хангамжийг дэмжигч ба тэдний цөөнгүй тооны инженер, мэргэжилтнүүд нээлттэй эхийн төслүүд, тэр дундаа линуксын цөмийн хөгжүүлэлтэд идэвхитэй оролцдог. Жишээ нь, ирээдүйн линуксын үндсэн файлын систем болно хэмээн цоллогдоод буй btrfs-ийг Oracle-ын хөгжүүлэгч гардаг хөгжүүлдэг бөгөөд энэхүү Sun-тай нэгдэх ажил нь хөгжүүлэлтэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй талаар саяхан мэдэгдсэн байна. MySQL-ийн бүрэдлэхүүнд багтах InnoDB гэх өгөгдлийн сангийн хөдөлгүүрийг сүүлд эзэмших болсон ба одоог хүртэл хөгжүүлэлт нь нээлттэй хэвээр. Мөн Unbreakable Linux нэртэй өөрийн линукс тархацтайг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл тэд нээлттэй эхийн ертөнцийн идэвхитэй тоглогч.

Sun-ыг залгисан нь Oracle-ын хувьд маш чухал алхам, шийдвэр байсан. Одоогийн байдлаар Oracle өгөгдлийн сан зөвхөн Solaris дээр л хамгийн сайн ажилладаг, харин Solaris нь зөвхөн SPARC дээр сайн ажилладаг. Oracle-ийн бизнест зориулсан шийдлүүд нь Java дээр хийгдсэн байх ба Java нь Solaris дээр л хамгийн сайн ажилладаг. Тэгэхээр тэд өнөөдрийн бүтээгдэхүүнийхээ дамжлага бүрийг хянах, төлөвлөх боломжтой болохоос гадна маш нягт уялдаа холбоотой, цогц шийдэл боловсруулах боломжтой болж байна. Үүнийгээ ч зарлалдаа хэлсэн. Бараг өөрийн ирээдүйн өрсөлдөгч болох MySQL-ийг эзэмшиж чадсан. Гэхдээ Oracle нь томоохон зүйлсэд ашиглагддаг, харин MySQL нь жижиг дунд хэмжээнд ашиглагддаг. Үүгээрээ тэд бүх төрлийн бизнест зориулсан өгөгдлийн сангийн бүтээгдэхүүн санал болгох боломжтой болж байна. Мөн шагналт нь OpenOffice.org-г авсан.

Олон хүний санааг зовоож байсан зүйл бол Oracle нь энэ олон нээлттэй эхийн төслүүдийг эзэмших болсноор хаалттай болгох вий гэсэн асуудал. Гэвч олон судлаач, ажиглагчдын үзэж буйгаар Java, Solaris, OpenOffice.org, MySQL зэрэг нь Oracle-ийн мэдэлд шилжсэнээр улам ч нээлттэй, хурдацтай хөгжих боломжтой болно гэж үзэж байна. Гэвч үнэнийг зөвхөн цаг хугацаа л шүүнэ. Дараагийн "залгиулагч" нь Red Hat байж магад гэсэн цуу гадуур байгааг энд дурдах хэрэгтэй ...

2009-04-15

Юм бүхэн багаас ....

Цэцболд маань аливаа харилцаандаа эх хэлээрээ, шинэ бичиг ашиглаж байхыг уриалсан. Миний бие уриалгыг хүлээн авч бүх харилцаандаа (мэдээж гадаад хүмүүстэй л биш бол) зөвхөн шинэ бичгийг ашиглаж эхэлсэн бөгөөд зарим харилцагчид маань шинэ бичиг ашиглаж эхэлсэн. Мөн уриалгыг бүлгэмийн гишүүд маань дэмжиж, харилцаандаа ашиглах болсноор тэнд яригдаж буй сэдэв, хэлэлцүүлгийг уншихад таатай, ойлгоход дөхөм болсон. Энэ уриалга нь энгийн, жаахан, магад хэн ч хэрэггүй мэт боловч багагүй үр дүнгээ өгч байна. Таныг ч мөн адил уриалгыг дэмжиж хүлээн аваасай, цааш түгээгээсэй гэж хүсч байна.

Линукс гэх нээлттэй эхийн үйлдлийн системийг хэрэглэдэг, сонирходог хүн бүхэн LiMNux бүлгэмд нэгдэх боломжтой, зөвхөн таны л сонголт. Гэхдээ бид ингэж нэгдэж чадсанаар хэн нэгнийхээ эсвэл нийтийн асуудлыг бага гэлгүйгээр хамтдаа шийдэж, бүгд сайхан нөхөрлөж чаддаг юм. Далайд дусал нэмэр гэдэг үлгэрээр бид мэдлэг, туршлагын дусал бүрийг цугуулж хамтдаа далай их мэдлэгийг үүсгэж байна. Бас ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг байх аа. Бидэнтэй нэгдээрэй.

Миний нэг том мөрөөдөл бол тооцоолуур буюу "компьютер", мэдээллийн технологийг эх орон нэгтэй хүн бүхэнд хүртээмжтэй болгох буюу эх хэл дээрээ ашиглах боломжтой болгох юм. Энэ мөрөөдөл маань биелэх бүрэн боломжтой гэж боддог. Яагаад гэвэл магад та ийм мөрөөдөлтэй, бусад олон хүмүүс ч ийм мөрөөдөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл би ч та ч ганцаараа биш, бид олуулаа. Эвт шаазгай буга барина гэдэг үлгэрээр бид мөрөөдөл, хүсэл зоригийнхоо төлөө нэгдэж, олны хүч оломгүй далай гэдэг үлгэрээр түүндээ хүрэхийн төлөө хүн бүр багахан зүйл, орчуулга хийхэд л тэрхүү мөрөөдөл маань ойрын нэг өдөр биелэлээ олж, бид хамтын хүчээр мөрөөдөлдөө хүрнэ. Удахгүй хэрхэн орчуулгад оролцох талаар бүрэн хэмжээний гарын авлага бэлэн болно. Юм бүхэн багаас эхэлдэг, бас дуслыг хураавал далай болдог. Таны хувь нэмэр үнэлэшгүй билээ....

2009-04-10

Логоны уралдаан

Линукс сонирхогчдын бүлгэм маань өөрийн гэсэн логотой болох зорилгоор уралдаан зарлаж байна. Бүлгэмийн лого нь нээлттэй эхийн програм хангамж буюу линукс, монгол гэсэн утга санааг агуулж байх ёстой бөгөөд бүлгэмийн вэбсайт, планэт, вики болон бусад хэвлэмэл зүйлс дээр ашиглагдах юм. Шалгарсан бүтээлийн эзнийг линуксын богино цамцаар урамшуулах юм. Уралдаан 4-р сарын 13-ны өдрийг дуустал явагдах бөгөөд хэрэв та оролцохыг хүсвэл өөрийн бүтээлээ энд өгнө үү. Танд амжилт хүсье.

2009-04-09

Ялгаагүй юм байна

Өнгөрсөн долоо хоногт Цэцболдын шинэ монгол үсэг ашиглан бичих уриалгыг уншаад туршиж үзэхээр шийдэв. Өмнө яаж ийж байгаад л латинаар бичээд байсан юм. Гэтэл үүнийг хийхэд үнэхээр хэцүү биш байна, үнэхээр ялгаагүй юм байна. Тэгэхээр яагаад түүний адилаар энэ чигээрээ явж болохгүй гэж? Та бүхнийг ч гэсэн шинэ монгол үсгээ ашиглан бусадтайгаа харилцаж байхыг уриалж байна.

2009-04-06

Нэгэн цахим сонин

Өнөөдөр нэгэн цахим сонин мэндэлж, сар тутам бидэнд шинэ дугаараа хүргэж байхаар болж байна. Энэхүү сонинг монголын линукс хэрэглэгчдийн LiMNux бүлгэмээс эрхлэн гаргах ба бүлгэмийн дотоод үйл явдлын мэдээллээс гадна эх орны маань болон дэлхий дахины линуксын, нээлттэй эхийн ерөнтөнцөд болсон үйл явдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг сар бүр багцлан, тоймлон Та бүхэнд хүргэх зорилготой юм. Ганбат гишүүний маань гаргасан санаа ийнхүү ажил хэрэг болж байгааг харахад таатай байна.

Анхны дугаарыг гаргахад миний бие Цэцболдтой хамтран ажилласан бөгөөд нь вики хуудас хэлбэрээр гарсныг http://wiki.limnux.org/wiki/Newsletter/Issue1 хаягаас орж уншаарай. Харамсалтайгаар эхний дугаар дэлхий дахины болоод эх оронд болсон үйл явдлын мэдээллүүд орж чадаагүй боловч бүлгэмийн дотоод шинэ зохион байгуулалт, гишүүдийн бичсэн сонирхолтой блог бичлэг, хэлэлцүүлэгээс авахуулаад танд хэрэг болох мэдээлэл бүхий вики хуудсуудыг онцлон танилцуулсан байгааг орж үзээрэй. Мөн танд хэрэг болохуйц маш хэрэгтэй нэгэн програмыг танилцуулсан байгаа. Анхны юмыг алдаа чимдэг гэгчээр алдаж оносон, засаж залруулах эсвэл зүгээр л сайжруулах зүйл байвал түүнийгээ бидэнтэй хуваалцахыг хүсч байна.

Хэдийгээр 2 хүн хамтраад энэ дугаарыг гаргасан мэт боловч цаана нь сонингоо хэрхэн гаргах, ямар агуулгатай байх талаар томоохон хэлэлцүүлэг яваад өнгөрсөн байх жишээтэй. Бас дийлэнх агуулгыг бид 2 биш бүлгэмийн гишүүд маань үүсгэсэн бөгөөд бид цөөхөн хэдийг нь онцлон авч сониндоо оруулсан байх юм. Ингээд бодохоор хүсэл сонирхол нэгтэй хүмүүс нэгдэхээрээ хүчтэй байдаг, хүн бүр багахан зүйл хийхээр нийлээд маш том үр дүнд хүрч болдог юм байна гэдгийг харлаа. Олны хүч оломгүй далай гэж... Дараагийн дугаар хүртэл бүлгэм маань өнөөдрийнхөөсөө илүү өсч томорсон байна, гишүүд маань олон сэдвээр блог бичнэ, олон хэрэгтэй вики хуудас үүсгэнэ, үүнийгээ дагаад олон үйл явдал болно. Тэр өдрийг тэсэн ядан хүлээж сууя байз.

2009-04-05

Технологийг хүртээмжтэй болгох нь буюу эх хэлээрээ ашиглах боломж

Өмнө нутагшуулалт гэж юу болох, яагаад бидэнд хэрэгтэй юм бэ гэдэг талаар бичиж өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Магад энэ нь миний блогчин болсноос хойш хамгийн олон сэтгэгдэл авсан бичлэг болох шиг болсон. Мөн захидалаар, утсаар мөн уулзаад ч гэсэн хүмүүс өөрийн сэтгэгдлийг хуваалцсан. Зарим нь эрс эсэргүйцэж, зарим нь өмнө гарч байсан алдаа дутагдлыг тодруулах гэж, буруу хийвэл ийм аюултай гэдгийг сануулахаар хэлж байсан. Гэвч дийлэнх олонх нь дэмжиж, үүнийг хийх нь чухал гэсэн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байсан. Эдгээр сэтгэгдлүүд, хүмүүсийн зөвлөмжүүдээс бид өмнө нь юун дээр алдсан, бас ирээдүйд яаж алдаж болох, яаж ажиллавал зүгээр юм бэ гэдэг талаар үнэтэй санал шүүмжийг хүлээж авсан нь асуудлыг арай өөрөөр харах боломжийг олгосон. Хамгийн гол нь нутагшуулах зайлшгүй хэрэгцээ байна гэдэг нь илүү тод харагдаж эхэлсэн. Санал сэтгэгдлээ хуваалцсан Та бүхэндээ баярлалаа. Мөн доор бичсэн зүйлсэд дутуу бодсон эсвэл илэрхийлсэн зүйлс байгааг үгүйсгэхгүй ба уншигч авхай Таныг санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаасай гэж хүсч байна. Баярлалаа.

Эсэргүйцлийн хариуд
Бүх үгийг орчуулах нь буруу, зарим нэг үгийг шууд галиглаад ашиглах нь зөв гэсэн олон санал гарч байсан. Өөрөөр хэлбэл хамгийн бэрхшээл дагуулж буй зүйл нь нөгөө л нэг үг сонголт. Технологийн давуу талыг мэдрээд, ашиглаад байгаа бид хэд нь англи хэлэнд нь дасчихаад асуудалгүй, бараг ингээд хэвээрээ байвал зүгээр гэж үзнэ. Монгол болчихвол нөгөө дассан зүйл байхгүй болоод хэцүү болно гэж бодно. Гэтэл бид чинь нийт хүн амын хэдэн хувь билээ? Тэгээд нөгөө хэд маань нутагшуулалт хийхээрээ эх хэлний нарийн мэдлэг дутмаг байдгаас үг сонголт, үгзүй болоод өгүүлбэрзүйн их алдаатай хийж ирсэн нь өнөөдрийн энэ их эсэргүйцлийг дагуулах үндэс болсон мэт. Бид англи үгийн утгыг мэддэг хэрнээ яг тэр утгыг нь илэрхийлж чадах монгол үгээ мэдэхгүй болохоор нэг бол галиглана, нэг бол тийм ч тохиромжгүй магад маш ерөнхий утгатай үг авч хэрэглэнэ. Цэвэлийн товч тайлбар толийг аваад эхний 10 хуудаснаас мэддэг үг эсвэл үгийн утга утга хэд байгааг тоолоод үзээрэй, үнэхээр ичмээр. Гэхдээ бүх зүйл тийм муу байгаагүй, ихэнх зүйлс зөв хийгдсэн бөгөөд нутагшуулалт хийх нь зөв, бас иймэрхүү жижиг алдаанууд нь биднийг хэлний мэргэжилтнүүдтэй заавал хамтран ажиллах ёстой юм байна гэдгийг харуулж өгснөөрөө ач тустай юм. Хэлний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахын ард 5 анхаарлын тэмдэг тавих хэрэгтэй юм байна. Бас зарим нэг бүр мэргэжлийн зүйлсийг орчуулах гэж оролдох нь тийм ч оновчтой зүйл биш байж магад шиг байна эсвэл цаг нь болоогүй байж болох.

Нутагшуулалт хийснээс англи хэл сурах нь ирээдүйд илүү урт хугацааны үр дүн авчирна гэсэн санал байсан. Нэг талаар энэ үнэн. Бид энэ жижиг хавтгайгаасаа гарч дэлхийн зиндаанд гарч хүч үзэх, өрсөлдөх хэрэгтэй байна. Үүнд зөвхөн дэлхийн буюу англи хэлний өндөр чанартай мэдлэг туслана. Гэхдээ хүн бүр математикч байх албагүйтэй адил хүн бүр дэлхийд өрсөлдөх албагүй эсвэл үүнд хувьд нэмрээ оруулахын тулд заавал англи хэл мэддэг алба байхгүй гэж бодож байна. Жишээ нь, байгууллагын нярав нь эх хэл дээрээ санхүүгийн ажлаа сайн хөтлөөд, асуудалгүй аваад явах нь байгууллагын хувьд ямар чухал бол? Ийм жишээ маш олон бий. Бас гадаад, харийн зүйлс нь бидний оюун ухаан, амьдралд яв цаг таарч байгаагүй бөгөөд бид үргэлж л аливаа зүйлийг монголчилж ирсэн. Гэхдээ л бид англи хэлний сургалтыг сайжруулах тал дээр анхаарах ёстой, бүр бодлогоор бас үүгээр шалтаглан нутагшуулалтыг үгүйсгэж болохгүй байх.

Нутагшуулалт зайлшгүй шаардлагатай
Мэргэжил мэргэжлийн үүрэг бол түүнийхээ давуу тал, ашиг тусыг бусдад хүргэх юм гэж хувьдаа боддог. Гэхдээ юм бүр өөрийн үнэтэй учир заавал үнэгүй байх албагүй. Сууцанд амьдрахын тулд бидэнд барилгын талаар мэргэжлийн мэдлэг байтугай үг хэллэг мэдэх шаардлага байхгүй. Эмчид үзүүлэхийн тулд бид латин эсвэл орос хэл дээрх нэр томъёог мэдэх хэрэг байхгүй. Алт, мөнгө гэх мэт метал зүйлсийг ашиглахын тулд түүнийг хэрхэн олзворлодог, боловсруулах шат дамжлагын талаар нэг ч зүйл мэдэх хэрэгцээ бидэнд байхгүй. Гэхдээ л бид сууцанд сууж, эрүүл саруул амьдарч, халбага сэрээ, алт мөнгөн бөгж гээд есөн зүйлийн юм хэрэглэж болдог. Бидний мэргэжлийн үүрэг нь эдгээртэй л адил. Өөрөөр хэлбэл технологийн бусдад хүртээмжтэй болгох.

Хэрэв та эх хэл дээрээ вэбсайт ажиллуулж, эсвэл програм хангамж зохиодог бол мэргэжлийнхээ үүргийг биелүүлж байгаагын нэг хэлбэр. Гэвч бид бүгдийг өөрийн гараар бий болгох боломжгүй, дээрээс нь нээлттэй эхийн програм хангамжийн олгож буй боломж, давуу тал байхад түүнийг нь ашиглах л хэрэгтэй гэж бодох юм. Хаалттай, өмчийн буюу бидний өнөөдөр ашиглаж буй Windows зэрэг програмуудыг эх хэл дээрээ ашиглахын тулд бид заавал Microsoft-с зөвшөөрөл авч, магад төлбөр төлөх ёстой. Харин нээлттэй эхийн програм хангамж нь анхнаасаа аль ч хэл рүү нутагшуулахыг зөвшөөрсөн байдаг бөгөөд төлбөр төлөх шаардлагагүй. Тэгэхээр бид нутагшуулалт хийх замаар маш өргөн технологийн боломж, давуу талыг бусддаа хялбар хүргэх, мэргэжлийн үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа хэрэг. Гэхдээ өмнөх туршлагаас харахад дан ганц бидний мэргэжлийн давуу тал үүнд хангалттай биш юм бөгөөд хэлний мэргэжилтнүүдтэй заавал хамтран ажиллах шаардлагатай юм гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа. Тэгэхээр бас хэлний мэргэжилтнүүд, мөн энэ үйл хэрэгт оролцох хүсэлтэй хэн бүхэнд өөрийн хувь нэмрийг оруулах боломжийг олгож, зөв зохион байгуулж чадвал энэ тийм ч хэцүү зүйл биш санагдаад байгаа юм. Давхар бид хэл соёлоо хамгаалж, хадгалах буюу үндэсний онцлогоо авч үлдэх боломжтой болох юм.

Уриалах нь
Манай мэргэжлийнхэн үргэлж шахуу мэдээллийн технологийн хэрэглэгчид цөөн, зах зээл жижиг гэж гомдоллох боловч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, зах зээлээ томруулах тал дээр хамтдаа анхаарч байсан билүү? Бид хэрэглэгчдийнхээ чадвар, түвшинг голж тэд өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхийг нь хүлээхээс өөр зүйлийг хийсэн билүү? Үгүй ээ. Бүгдээрээ нэгдээд энэ нутагшуулалтын ажлыг хийгээд ядаж эхний ээлжинд энгийн зүйлсийг эх хэлээрээ ашиглах бүрэн боломжтой болгочих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл технологид хүрэхэд дамжих шаардлагатай хэл гэдэг маш өндөр шатыг үгүй хийчихье. Дараа нь хамтраад түүнийхээ сурталчилгааг хийгээд олон нийтэд таниулчихъя. Хэрэглэгч болоогүй нэгт нь хэрэглэгч болох хөшүүрэг болохоос гадна хэрэглэгч болох замыг маш хөнгөвчилнө. Өмнө нь хэлийг нь мэдэхгүй юм чинь гэж өөрийгөө зөвтгөж, хойш суудаг байсан бол яахаараа эх хэлээ ойлгож ашиглаж чадахгүй байдаг билээ гэсэн бодол хүмүүст төрөх болов уу. Хэрэглэгч боловч идэвхигүй нэгнийг нь илүү идэвхитэй, бүр олон технологийн хэрэглэгч болгох замыг нээж өгнө. Гэртээ тооцоолууртай боловч хөзөр тоглохоос өөрийг хийж чадахгүй хүмүүсийг бусад олон програм, интернэтийн идэвхитэй хэрэглэгч болоход хөшүүрэг болох болов уу. Үр дүнд нь бид өмнөхөөсөө хамаагүй олон хэрэглэгч, тэр дундаа идэвхитэй хэрэглэгчидтэй болж, зах зээл томроно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид ч бидэнд ч, ер нь бүгдэд нь ашигтай.

Үүнийг бидний өмнөөс хэн нэгэн эсвэл төр хийж өгөхийг хүлээж суусаар нэг л мэдэхэд их цаг өнгөрсөн боловч өмнөхөөсөө бараг өөрчлөлт гарсангүй. Энэ нийгэмд бид л өөрсдийн төлөө хөдлөхгүй бол өөр хэн ч бидний төлөө хөдлөхгүй нь батлагдсан үнэн. Бид олуулаа, хамтраад ажиллацгаая. Хүчээ нэгтгээд, хүн бүр багахан хувь нэмэр оруулаад л явчихад жилийн дараа гэхэд л үр дүн нь гарч хүмүүс эх хэл дээрээ технологийн давуу талыг хүртэх бүрэн боломжтой болно. Үр шимийг нь улс үндэстээрээ хүртэнэ. Энэ үр дүнг бий болгохын төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг уриалж байна. Мэргэжлийнхээ, технологийн давуу талыг бүгдэд хүртээмжтэй болгохын төлөө хамтран ажиллацгаая.

2009-03-29

Python хэл сурсан минь

Python хэлний талаар бичсэн чинь анх хэрхэн танилцаж байсан түүхээ эргэн дурсмаар санагдаад. "Сэрүүлэг"-т оюутан байхад минь Сүхээ гээд нэг жижиг биетэй багш ирээд python, zope гээд ярьж их магтлаг л байдаг байж билээ. Хүчирхэг, юу л бол юу хийдэг гэх мэт. Харин тэр үед нь би үл тоомсорлоод нэрнээс өөр юм сураагүй юмдаг. Дан ганц өөрөө үл тоохгүй бусдыгаа уриалан дуудаж бараг бүгд л тоодоггүй байж. Үнэхээр л юу л бол юу хийж бодог, маш хүчирхэг хэл шүү. Одоо бодоход тэр үед сураагүй нь их л харамсмаар...

Сүүлд 3 жилийн өмнө ажлын шаардлагаар багахан хэмжээний код уншиж ойлгох, бас засвар хийх шаардлагаар хальт үзээд орхисон. Дараа нь харж байхад бүх линукс тархацууд python-г агуулахаас гадна олон зүйлс бичигдэж байгааг хараад ер нь сурах шаардлагатай юм байна гээд цаг гаргаад судалж эхэлсэн. Амьд хэрэглээ байхгүй болохоор тийм ч сайн сурч чадахгүй л байлаа. Гэхдээ л бага сага зүйлсээ автоматжуулаад басгүй их цаг зав хэмнээд байсан юм. Миний хувьд уншаад ойлгодог, бага сага засвар хийчихдэг боловч шинэ юм бичихэд бэрх байлаа. Хичээлдээ анхааралтай суусан бол өөр байх байсан нь тодорхой. Харин сүүлд хөгжүүлж эхэлсэн төсөл дээр нэгэнт хэлний суурийг нь сурчихсан, өөр олон код уншиж байсан болохоор эхэндээ жаахан хэцүү байсан ч яваандаа их хялбар болж ирсэн. Одоо бол хөгжүүлэгч болоод олон код бичмээр ч юм шиг санагдах болсон. Бас код уншаад л ... Хамгийн гол нь юм бүтээх хүсэл, эрмэлзэл их нэмэгдээд байгаа....

Анхны програмчлалын хэл...

Технологийн сургалтаараа тэргүүлэгч MIT нь анхны програмчлалын хэлээр Pythonсонгох болсон байна. Python руу шилжихээсээ өмнө Scheme гэх Lisp хэлний салбар хэлийг ашигладаг байсан байна. Миний мэдэхийн, өмнө видео хичээлийг нь үзэж байхад Berkeley ч бас Scheme ашиглаж байсан.

Python, Scheme болон Lisp хэлүүд нь маш хүчирхэг, юу ч хийж болохоос гадна ямар нэг завсрын хувиргалтын ажиллагаа байхгүй, бичээд л шууд үр дүн нь харагддаг тул хэрэглэхэд илүү дөхөм юм шиг санагддаг. Мэдээллийн технологи, програм хангамж, алгоримт гээд юу ч мэдэхгүй хүн нь хэл, эмхэтгэх ажиллагааг сураад дараа нь бичсэн жаахан юмаа ажиллуулж үзэх нь тун бэрх ажиллагаа. Бүр дунд нь алдаа гарвал бүр дуусаа. Надад болон бусад залууст байнга тулгардаг асуудал. Энэ л бэрхшээлээс зайлсхийж, шинэ сурч буй хүмүүсийн замыг хөнгөвлөх бас урам өгөх үүднээс эдгээр энгийн, шууд ажилладаг хэлүүдийг сонгож байгаа болов уу гэж бодож байна. Хүн бүр л ямар нэг зүйл хийгээд түүнийгээ үр дүнг нь ямар ч байсан хурдан мэдэхийг хүсдэг. Алдаа гарч эсвэл амжилттай ч болж болно хамгийн гол нь үр дүн хурдан гарч байх ёстой. Ингээд програм хэрхэн ажилладаг, алгоримт гээд нэлээн суурьтай болсныхоо дараа системийн програмчлал хичээл дээрээ Си хэл үздэг. Харин манай сургуулиуд яагаад Си хэлээс зааж эхэлдэг юм бол? Энэ талаар ер нь бодох цаг болсон мэт санагдах юм.

2009-03-28

Амралтын өдрүүд

Өглөө босоод Үндэсний Телевиз дээр танин мэдэхүйн нэвтрүүлэг үзнэ. Багаасаа үзэх дуртай байсан юм. Дараа нь Ярилцъя гээд нэвтрүүлэг үзнэ. Бас C1 дээр Top Gear гээд маш сонирхолтой машины нэвтрүүлэг үзнэ. Орой нь Үндэсний Телевизийнхээ киног үзээд унтана. Ер нь амралтын өдрүүдэд Үндэсний Телевизийн кино үзэх дуртай гэж байгаа. Сүүлийн үед тэр Universe Best Songs гээд нэвтрүүлгийг үзээд байгаа гэж, өнөөдөр эхний шатны сүүлийн өдөр гэсэн.


Бүтэнсайны өглөө өөр нэг танин мэдэхүйн нэвтрүүлгээ үзнэ. Орой нь Үндэсний Телевиз, NTV дээр 7 хоногийн тойм мэдээ үзчихэд бараг болж байгаа юм. За тэгээд энэ хооронд нь мэдээж тооцоолуураа асаачихсан ганц нэг юм давхар үзэж суухаа юу гэж мартах билээ.

Үбүнтү 9.04 бета

Уржигдархан Үбүнтүгийн туршилтын шинэ хувилбар болох бета гарлаа. Миний хувьд аль Альфа 6 хувилбараас эхэлж ашигласан бөгөөд шинэчлэл хийх бүрт л ямар нэг юм шинээр нэмэгдсэн эсвэл сайжирсан байхыг харах үнэхээр сайхан байлаа. Эхлэхдээ үзүүлдэг дүрслэл нь илүү мэргэжлийн мэт харагдаж, диск бичих Brasero багаж илүү сайжирч гацаад байдаг нь больж ашиглахад илүү хялбар болсон, OpenOffice.org 3 орсон зэрэг маш олон сайн зүйлс багтсан байна. Одоо бусдад санал болгох, суулгаж өгөхөөр 4-р сарын 23-нд эцсийн хувилбар гарахыг хүлээж сууж байя. Харин та бетаг ашиглаж үзмээр байгаа бол http://mn.releases.ubuntu.com/ хаягаас өндөр хурдаар татаж авах боломжтой байгаа шүү.

2009-03-26

5 жилийн өмнө

Эрдэнэчимэг эгчийн блог дээрээс сонирхолтой нэгэн бичвэрийг олж үзлээ шүү. 5 жилийн өмнө бидний хэдэн нөхдүүд OpenMN багийг үүсгэчихээд ингээд нэг КТМС дээр уулзалт хийж байж билээ. Сонирхолтой, түүх өгүүлэх ийм зүйлийг дэлгэсэн Эрдэнэчимэг эгчдээ баярлалаа.