2007-07-31

Төгс зүйл гэж үгүй

Юм л бол Ubuntu гэж байдаг гээд хүмүүс намайг шүүмжилдэг. Тиймээ би Ubuntu-д үнэхээр дуртай. Суулгахад, хэрэглэхэд маш хялбар, хурдан. Тэгсэн төгс зүйл гэж үгүй бололтой. Ирснээсээ хойш зав зайгаараа сервер дээрээ virtualization хийхээр хэд хэд оролдсон боловч төдийлөн амжилттай болдоггүй ээ. Гэтэл энэ долоо хоногт тэр серверийг ажилд оруулаад хамаг мэдээллээ зөөхгүй бол болохгүй болоод байдаг. Маргааш Debian туршиж үзэхээр jigdo-р татаж аваад сууж байна. Энэ удаад амжилттай төгсөнө гэдэгт бас итгэж байна. Яагаад Debian гэвэл ажиллах зарчим нь Ubuntu-тэй бараг адил юм. Гэхдээ Ubuntu-чин хэвээрээ л байгаа шүү.

Энэ нойрыг яах уу

Өчигдөр орой зүв зүгээр явж байгаад гэнэт шоудахаар болов. Яг ч бас гэнэт биш, Огоо маань явах гэж байгаа болохоор дээрээс нэг гаръя гэж яриад байсан нь биелэлээ олсон нь тэр байх. Эхлээд зүгээр л голын эрэг дээр очиж суухаар болцгоов, тэгээд хэн жолооч хийхээ шодтол гай болж би жолоо хийн шар айраг уух эрхээ хасуулав. Нэг биш хэд хэдэн удаа ингэж байгаа юм. Голын эрэг дээр ч сайхан байсан гэж, гэхдээ муу туул гол мань алхаад л гарчихаар жижигхэн болсон байхыг хараад гайхсан гэж. Нэлээн сууж байгаад гэр гэрийн зүг явах гэж байтал нэг нь цааш үргэлжлүүлэх санал гарснаар дэмжигдэв.

За тэгээд шоу өндөрлөхөд бүгд сэтгэл хангалуун, маш сайхан үдшийг өнгөрөөв. Ойрд гарч бүжиглээгүй сонин байсан шүү, бас Нүүнээгийн "Огоогийн бүжиг" онол ер нь батлагдсан байх хэхэ. Нүүнээтэйгээ аль дээрээс л (жил гаран болж байна) нэг гаръя гэж яриад л байсан яриад л байсан, ингэж нэг гардаг юм байна. За хамгийн хэцүү нь өглөө босч чадаагүйгээсээ болоод их асуудалд оров гэж. Хамаг ажил амжихгүй, тэгээд бас бухимдаад. Бас өглөө дасгал хийж хөдөлгөөнөө идэвхижүүлье гэж аль дээрээс л бодсон бас байдаггүй ээ. Хүмүүсээ яаж энэ нойрыг дийлдэг болох вэ? Туршлагаасаа хуваалцаач.

2007-07-26

Planet ажиллахгүй байжээ

Planet маань сүүлийн хэд хоног ажиллахгүй байна гэж Үнэнбат надад хэлэв. Өнөөдөр харин ороод үзвэл тийм байна, бас системээс над руу хэд хэдэн захидал ирсэн ч СПАМ руу орчихсон байж. Жаал үзэж байгаад янзалчихлаа. Ер нь системүүдийн Live хяналтын систем маш хэрэгтэй байнаа, ойрдоо жаахан цаг бага байгаа болохоор өөрөө нухаад сууж арай л амжихгүй байна. Ер нь иймэрхүү юм гарвал хэлж байгаарай залуусаа.

Сисадминууддаа баярын мэнд

За тэгээд монголынхоо бүх сисадминууд, мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүддээ системийн администраторуудын өдрийн мэндийг хүргэе ээ. Анартаа баярлалаа гэж хэлье.

OBP 2007.07 болж өнгөрлөө

Өмнө нь http://www.limnux.org вэб сайт дээр зарласны дагуу энэ сарын маань Open Beer Party өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Удахгүй болох системийн администраторуудын өдөр, Огоо удахгүй явах, би явж ирсэн за тэгээд эцэст нь Beer Party гээд олон шалтаг, шалтгаан байсан гэхэд болно. Миний бие явж ирсэн сониноосоо хуваалцаж, олон зүйлсийн талаар ярьсан боловч онцлох хэдэн зүйлсийн талаар энд бичих гэсэн юм.

Нээлттэй эхийн график орчин болох GNOME-г монгол хэл рүүгээ үтэр түргэн орчуулах дээр санал нэгдлээ. 9-р сарын дундуур 2.20 хувилбар гарах бөгөөд түүний 80%-с дээшийг орчуулж байж бид албан ёсны дэмжигдсэн хэл болох болно. Үүгээрээ бас Software Freedom Day гээд дэлхийн нийтийн арга хэмжээнд оролцож, бусад орны багуудтай өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин үүнийг хэрхэн хийх тал дээр багахан санал зөрөлдөөн гарсан боловч ойрын хугацаанд нэг цугларч энэ талаар нухацтай ярилцахаар тохиролцов. Тухай бүрт нь блог бичих болно, харин та оролцох сонирхолтой байвал чих тавьж л байгаарай, 9-р сарын 10-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөө байна.

LiMNux линукс хэрэглэгчийн бүлгэм маань аль 3-р сард байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл зорилго зорилт болон бүтэц зохион байгуулалт нь олонд тодорхой, нээлттэй бус байна гэдэг шүүмж гарав. Санал нэг байна, миний бие үүсгэн байгуулж зорилго, бүтцийн хувьд олон талаас боддож, хүмүүстэй санал солилцох боловч одоогоор яг энэ гээд гаргаад тавьсан зүйл алга. Ажлын хэсэг гарган ойрын үед хэлэлцэхээр болов.

Системийн администраторуудын өдрийг өчигдөр хэсэг нөхдийн хүрээнд тэмдэглэв. Ноднин зохион байгуулсан Системийн Администраторуудын Чуулга уулзалтыг энэ жил хэрхэн яаж хийх талаар бага сага санал солилцлоо. Миний зүгээр 10-р сарын сүүлийн баасан гарагийг санал болгосон, олонхоор дэмжигдсэн байгаа, бас удахгүй ажлын бүлэг гарган ажилд орох байх. Хамгийн гол нь энэ жил илүү нарийн зүйлс ярьсан, жинхэнэ мэргэжлийн түвшинд болоосой гэж хүсч буйгаа олон хүн илэрхийлсэн тийм болохоор тэр тал дээр илүү анхааран ажиллах байх, түүндээ ч хүрцгээнэ.

Яг үнэндээ бидний хувьд, ялангуяа миний хувьд олон нийтийн ажил зохион байгуулах тал дээр нэлээн туршлага дутаж байна. Бас энэ удаагийн уулзалтын давуу тал нь төдийлөн амжилттай зохион байгуулж чадаагүй Linux InstallFest 2007-н талаар илэн далангуй ярилцав. Юу дээр яаж алдсан гээд бүхий л алдаа дутагдлаа нээлттэй сайхан ярилцаж цаашид тэдгээр зүйлс дээр илүү анхаарах тал дээр ажиллацгаахаар болов. Товчхондоо бол иймэрхүү цаашид илүү дэлгэрэнгүй зүйлс бичнэ.

2007-07-23

Гэрийн зүг ....

Миний Англи улсад байх хугацаа өнөөдрөөр дуусч байна, орой гэрийн зүг хүлгийн жолоо зална даа. Тэр болтол жаал гадуур тэнэж юм үзье. Энд ирээд дөнгөж 12 хоночихоод гэрээ санаад, эх нутаг руугаа яараад байх юм. Тэрийг нь хүмүүс яараад нэг л ойлгохгүй байх шиг. Гэр минь сайхан, гэр бүл минь сайхан.

Энд нээрээ газрын зургийг нь харахлээн нэх л том харагдаад байх юм, харин алхаад явахлээр жижигхэн газах байх гэж. Очоод сайхан зүйлс минь бөөн ажилтайгаа хамт намайг хүлээж байгаа даа. Нэг л гоё санагдаад, яараад байх юм. Удахгүй монголд уулзъя хүмүүсээ. OBP дээрээ очно шүү, сонин юм их үзсээн.

2007-07-21

Hackergochi

Хэрэв та миний энэ бичлэгийг http://planet.limnux.org-р уншиж байгаа бол аль хэдийнэ анзаарсан байх. Тиймээ би Hackergochi-той болчихсон. Хаха. Нээлттэй эхийн ихэнх блогчид Planet дээр өөрийн зургийг тавьдаг бөгөөд түүнийг нь Hackergochi гэж нэрлэдэг. Харин Planet нь олон хүний блогийг нэг газраас унших боломжийг олгосон програм хангамж бас програм. SysAdmin Summit 2006 дээр Үнэнбаттай авахуулсан зургаа янзлаад хийчихлээ. Миний hackergochi таалагдаж байна уу? Гэхдээ жаахан засах юм байх шиг байна, дараа завтай болж байгаад тухтай үзнээ.

Дээрээс л Hackergochi-той болъёо гэж бодоод л байсан юм, гэвч яаж хийх учраа олохгүй байж байгаад өчигдөр Andreas гээд мундаг залуугаар сайн гэгч нь заалгаж авлаа. Үнэндээ би дизайн тал дээрээ тааруухан, бас нээлттэй эхийн GIMP гээд програм дээр хийх гэж оролдоод бүтэлгүйтэж байсан юм. Хүмүүсээ бүгдээрээ Planet дээрээ Hackergochi-той болъёо, би зааж өгөхөд бэлэн байна. Бас 3 хүнд хийж өгч болох юм шүү. Аан нээрээ Planet дээр Hackergochi оруулахын тулд над руу шидэх ёстой гэдгийг санаарай, бас өндөр нь 100, өргөн нь 80 байвал сайн.

Худалдагчгүй дэлгүүр

Амьд явбал их юм үздэг юм байна. Сая буудал руугаа явах замдаа нэг цэвэр ус авчих санаатай дэлгүүр ортол худалдагчгүй байдаг байгаа. "Self service" гэдэг бичиг таазнаасаа унжуулчихсан байхаар нь юугаа өөрөө өөртөө үйлчлэх юм бол гэсэн чинь "чи өөрөө худалдагч шүү" гэсэн юм байна л даа. Яг ч бас худалдагчгүй биш юмаа нэг төхөөрөмж тавьчихсан тэрэнд нь худалдаж авсан зүйлсийнхээ кодыг уншуулна, сүүлд нь нэг юмаар мөнгөө шургуулаад л гүйцээ. Хариултыг тань зохор зоос ч дутайхгүй эргүүлж өгнө. Бас хажууд нь нэг хянагч зогсон байгаа бөгөөд хэд хэдэн худалдагчийн цалинг хэмнэсэн, жинхэнэ л автоматжуулалт чинь байна лээ дээ.

Нөхөөс

Та юун нөхөөс вэ гэж бодож байж магад тэгвэл patch гэвэл ойлгож байна уу? Мэдээллийн технологийнхон бид ихэвчлэн гадаад үг хэрэглэж дадчихсан болохоор орчуулаад хэрэглэхээр эвэртэй туулай үзсэн мэт нүд нь орой дээрээ гардаг. Patch-н уг утга нь нөхөөс, нөгөө өмч цоорохлээр дардаг та, яг тэр чинь. Харин програмын тиймэрхүү цоохройг дарж байгаа болохоор бас л нөхөөс :D.

Нэлээн хэдэн сарын өмнө нэлээн хөөш байж нэг цох олоод түүндээ зориулж нөхөөс бичиж байсан, харин өнөөдөр тэрхүү нөхөөс маань цоохрой болж таараад түүнийгээ эргүүлж нөхөх нөхөөс хийлээ. Тэр үед та миний блогийг уншиж байсан бол төвөггүй таах байх, үгүй бол энд жоохон бичье. Нээлттэй эхийн Evolution гээд програм дээр зуны цагийг авч чадахгүй хийсэн тэмдэглэл, уулзалтууд маань нэг цагаар зөрж яваад байсан юм, тэрийг нь засах нөхөөс бичих гэж ухантаж байтал нэг л мэдэхэд 3 цаг зарцуулсан байж билээ. Харин энэ жилээс цаг шилжихээ больсон тул тэрхүү нөхөөсөө буцааж авах хэрэгтэй болоход 5 минут ч зарцуулсангүй. Нэгт юм нэмээгүй юм хассан, хоёрт өмнө нь жаахан судалсан байсан болоод тэр байх. Хүний мэдлэг гэж ...

2007-07-19

Даруу зан уу эсвэл

Энд байгаа нээлттэй эхийн хөгжүүлэгч монгол хөгжүүлэгчдийн ер нь монгол хүний хооронд нэг зүйл дээр асар их ялгаатай юм. Үүнийг би аль дээр мэддэг байсан л даа гэхдээ өнөөдөр үүнийг маань сануулсан нэг зүйл тохиолдсон болохоор та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Шөнө нэг л нойр хүрдэггүй, босч сууж байгаа шалтгааныг нь олох гээд бодож гарлаа олдоггүй. Жаал сууж байгаад ер нь ингэж харанхуй өрөөнд сууж байхаар доош бууж интернэтэд холбогдохоор шийдээд буутал хэдэн нөхдүүд нийлээд суучихсан код бичиж байх нь тэр. Өглөө дөнгөж 5 өнгөрч байхад ш дээ, тэгээд "унтах болоогүй ээ" гэж яриад байгаа юм бас. Олон юм ярилгүй интернэтэд орж эх орныхоо сонин сайхнаас дуулах гэтэл байдаггүй ээ, интернэт ордоггүй. Жаал оролдож сууснаа залхаад дэмий баахан суув. Сүүлд нь ер нь ингэж суухаар өрөөндөө орж орондоо сууя гэж бодоод буцах замдаа нөгөө нөхдүүдээс юу хийж байгааг нь асуувал Telepaty-д MSN-ий дэмжлэгийг хийхээр сууж байгаа аж. Тэдний яриа өмнө нь сонсогдож байсан ба Microsoft-г заахан зүхээд байсан юм. Эндээс түүх эхэлж байна.

Ажил хэрхэн явж байгаад асуутал мэдээлэл бол асуудалгүй солилцож байгаа одоо цаад хүнийхээ зургийг (avatar) гаргачихаж байна харин цаад хүнийх рүү өөрийнхийгөө гаргаж чадахгүй байна гэнэ. Вэбкамерны асуудал үүнтэй төстэй тул нэгэнт үүнийг шийдчихвэл цаашаа гайгүй гэж байна. Харин Yahoo Messenger-н талаар асуутал их янзгүй ээ. Microsoft Yahoo-д ашиглагддаг технологийг хийсэн бөгөөд зүгээр л ажиллуулаад орхисон яг хийе гэж хийгээгүй болохоор новш гэж байна. Тэгээд өөр олон зүйлс асуухад тэд огт дургүйцэхгүй ярилцах ба түүндээ ч их дуртай. Харин монгол хүнээс асуусан бол тэд тэгэсгээд л нэх олон юм ярилгүй яриаг унтраана, Хэдийгээр энэ өөрчлөгдөж эхэлж буй ч энэ юуных вэ?

Монголчууд бид эрт дээр үеээс хүн өөрийн тухай эсвэл өөрийн хийсэн, хийж буй болоод хийх гэж буй зүйлийн тухай ярих буюу "би" үзлийг аль болох дарахыг оролдсоор ирсэн. Үүнийг эрдэмтэй хүн даруу, өөрийгөө магтвал адгийн тэнэг гээд маш олон зүйр цэцэн үгнээс харж болно. Энэ үгс хоосноос үүсээгүй нь лавтай, наад зах нь бусдыг гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг байх. Би хувьдаа монгол зүйр цэцэн үгсд итгэдэг, цаанаа л нэг юм өгүүлж байдаг. Гэвч энэ "би" чинь тийм хүний айдас хүргэх эд мөн үү? Үгүй. Шинжлэх ухаан хөгжсөн соёлт энэ ертөнцөд хүн гэдэг амьтан юу олж нээснээ болон юу хийснээ олонд дуулгаж, өөрөөрөө бахархаж, бусдаар хүндлүүлж, түүндээ урамшин улам ихийг бүтээх урмаар тэтгэгдэн ирсэн. Гэтэл хүний энэхүү амин чухал тэжээл нь монголчууд бидний "би"-г дарах үзэлд дарагдан сэтгэлийн мухарт шахагдан оршсоор, сүүлдээ бүр үндэсний онцлог болох шахжээ. Үүний дүнд дуу цөөтөй, бүрэг хүмүүсээр Монгол Улс дүүрчээ. Энэ нь хүмүүсийн харилцаанаас авахуулаад олон зүйлсийг хойш татаж буй ч шинэ үеийнхэн маань шал ондоо хүмүүжиж, ондоо болж байгааг бид өдөр тутам харж, мэдэрч байна. Жишээ нь миний 13 настай дүү миний 13 наснаас тэс ондоо байдаг. Үүнээс гадна хүн төрөлхтөн алдарт нэр хүртэхийн төлөө ширүүн тэмцэл хийн, өөрийн нээлт болон бүтээлийг олонд зарлахаар уралдан ажиллацгааж байна. Үүний тод жишээ бол хүн анх саран дээр хөл тавьсан явдал. Гэхдээ мэдээж өвөг дээдэс маань урам болоод нэр алдрын талаар мартаагүйгээр барахгүй түүнийг чухалчлан "бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ", "дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө" гэдэг биз. Хүмүүсээ өнөөдрөөс бүгдээрээ нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглэж, амар мэндийг нь асууж, үзэл бодлоо чөлөөтэй солилцож, блогоо бичицгээж чөлөөтэй сайхан амьдарцгаая.

Гэхдээ мэдээж "би" нь "БИ" эсвэл бүр том болвол хор уршигтай нь ч уршигтай шүү. Тийм болохоор хужрыг нь таруулах л хэрэгтэй.

Блог төрөх агшин

Сая блог бичиж суутал толгойд янз бүрийн бодол орж ирээд нэммээр санагдаад байдаг нэмчихлээр нохойн баас болчих гээд байх юм. Анх удаа биш дандаа ингэдэг л дээ. Нохойн баас шиг байдаг уу? Тэгээд ер нь блог маань хэрхэн төрдөг талаар хуваалцахаар шийдлээ. Зурагтаар "Бүтээл төрөх агшин" нэртэй нэг нэвтрүүлгээр бүтээл хэрхэн үүсч, хөгжиж эцэст нь төрдөг талаар үзүүлдэг ба тэрнээс нэрний санаа авав.

Зүв зүгээр гудамжинд алхаж явах сонин (миний хувьд ш дээ) зүйлс тааралдвал түүний талаар эхлээд бодно дараа нь бичих санаа төрнө. Эсвэл шал ондоо ажил хийж байхад, унтаж байхад гээд ер нь гэнэт гэнэт шал холбогдолгүй юмс толгойд орж ирнэ. Бас л бичмээр санагдана. За тэгээд тухайн үе шууд бичсэн ч дараа бичсэн ч яг бичих гэхээр заримдаа гол санаагаа мартчихсан байна. За тэгээд яг бичээд ирэхээр замаас нь янз бүрийн санаа зэрэгцээд ороод ирнэ, тэднийг нь шингээх гээд үзчихнэ. Тэгээд л нохойн баас зуурч эхлэх ба тэднийгээ ер нь эргэж хянадаггүй. Хянахлээр энэ тэндээс нь хасч янзалж байснаа гэнэт залхаад больчихдог болохоор хянахаас аль болох татгалзана шүү. Бичээд л байна бичэд л байна, дууссан гэж үзвэл Publish. Ингээд л галзуу хүний өдрийн тэмдэглэлд маань нэгэн хуудас нэмэгдэж байгаа нь энэ. Аан бас бараг эргэж уншдаггүй, нэг өдөр уншина даа. Тэр үед хэр өөрчлөгдсөн байх бол? Амьдрал нээрээ сонин шүү.

Нээрээ энэ блогийг чинь уг нь техникийн, мэргэжлийн холбогдолтой зүйл бичих гэж нээсэн ш д. Гэтэл тэр нь ер нь хэдэн хувийг нь эзэлдэг бол? Бараг эзэлдэггүй байхаа.

Хятадын Монгол

Энд тэнд явахлээр хүмүүс Монгол Улсыг маань хятадын харья гэж бодоод байдгийг би гайхаад олдоггүй байсан юм. Гэтэл сая нэг юм ойлгож эхлэх шиг боллоо. Хурлаа тарчихаад буудал орох замдаа Ирландад амьдардаг орос залуутай танилцаад оросоор халтар хултар ярьж байхдаа тэнд евро ашигладгийг сонсоод гайхав. Үгүй Ирланд чинь Британий хэсэг байтлаа юунд евро ашигладаг билээ гэж бодоод асуутал бас хоёр ирланд байдаг гэнэ. Нэг нь манайхтай адил тусгаар нөгөө нь мэдээж Британий хэсэг. Ирланд хүнээс энийг нь асуувал шууд зодуулна гэж байна шүү, монголчууд арай л зодохгүй байх. Энийг огт мэдээгүй амьдарч байсан байна ш дээ, гэхдээ надад амьдрахад ямар хэрэгтэй юм биш гээд биеэ өмөөрчихье. Тэгээд ч би өөрийгөө газарзүйн мэдлэг сайтай биш гэдгээ мэднэ. Нэх сүртэй хэрэг болохгүй байгаа болохоор зав гарахлээр сайн судалья гэж бодоод байгаа юм.

Ер нь ойролцоо нэртэй хоёр улс байх нь их хортой юм байна шүү. Хөөё нээрээ бараа түрээгдэхүүний барааны тэмдгийг бүртгэдэг шиг улс орны нэр бүртгэдэг албан ёсны газар байдаг болов уу. Жишээ нь Windows болон түүнтэй төстэй нэр орсон бүтээгдэхүүнийг Microsoft шүүхдээд будаа болгоод нэрийг нь сольдог ш, тийм юм байдаггүй юм байх даа. Тэгвэл Өвөрмонголчууд Уйгар ч юм уу эсвэл Ордос ч юм уу эсвэл зүгээр Өөртөө засах орон гээд Монгол үгүй нэр авахуулах юмсан. Даан ч тийм юм байдаггүй шиг байна шүү. Тэгэхгүй болохоор над шиг мэдлэг нисгэн амьтад төөрч будилаад эндүү ташаа бодоод байдаг шиг байна.

Өнөөдөр бас Olloo үзэж байсан чинь нэг хүн Өвөрмонголд зочлоод ирсэн байна. Тэд бас Монгол гэдэг нэрээр нэлээн юм хийж байна гэнэ, хамгийн гол нь маш хятаджсанд байгаа юм.

2007-07-18

Гологдсон хүн

Наашаа ирэхээс нэлээн хэд хоногийн өмнө харих гээд автобусанд явж байтал нэг хүн их сонин биеээ авч явж байсан юм. Хамгийн аймар нь ямар нэг осолд орсон бололтой дух нь цөмөрчихсөн, тэгээд зүгээр л автобусанд явж буй хүмүүсийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд өөрийгөө болон өөрийн авирыг тоож байгаа юм алга. Өөрт хамаагүй ч зав л гарвал элдэв юм эргэцүүлдэг зангаараа яагаад тэр хүн ийм болсон бол гээд бодож гарлаа. Зайнаас зогсоож түүнийг ажиглана, эргэцүүлнэ. Сүүлд нь нэг гаргалгаа гаргасан нь:

хүнийг хүн тоохоо боливол хүн өөрийгөө ч тоохоо болино
хүн өөрийгөө тоохоо байхаар хүнийг хүн тоохоо болино

Тэгэхээр хүнд тоогдохыг тулд эхлээд өөрийгөө нэлээн тоох хэрэгтэй, гэхдээ биеээ тоох биш шүү. Хостой хүн ганц бие хүмүүсийн хооронд үүнтэй адил маш их ялгаа байдаг, ялангуяа сэтгэлдээ.

СисАдмин гэж юу вэ?

Энд O'Reilly-гийн хямдарсан номын худалдаа гарсан байна. Ном сонирхож явтал "Time management for system administrators" гэсэн шинэхэн ном гарчээ. Зорилго нь үргэлж завгүй, ажилдаа түүртэл явдаг системийн администраторуудад хэрхэн цагаа зохицуулж, ажлуудаа амжуулах талаар бичжээ. Учир нь сисадмин долоо хоногийн дараа ажил оруулах зүйл дээрээ ажиллаж байтал яаралтай зүйлс орж ирснээр түүртэх, мартах, хамгийн гол нь цаад ажлаа цагт нь амжуулахгүй байх асуудал гардаг.

Номноос миний анхаарлыг татсан нэг өгүүлбэр бол "системийн администратор нь зүгээр ажил биш харин амьдралын хэв маяг юм" гэж тодорхойлсон байсан. Надад таалагдсан шүү. Бас энэ жилийн системийн администраторуудын өдөр энэ сарын 27-нд тохиож байгаа юм байна. Хэрэв та миний блогийг уншсан бол ажлынхаа эсвэл хэн нэгэн мэдээллийн технологийн ажилтанд бас системийн администраторт талархалаа илэрхийлэхээ мартузай. Жижиг сажиг зүйл бэлэглэсэн ч болно эсвэл зүгээр л сайхан инээмсгэлээд баярлалаа гэж хэлээрэй.

SysAdmin Summit энэ жил зохиогдох болов уу? Та хүлээж байна уу? Хэрэв зохиогдвол ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Гарын авлага бэлтгэх уралдаан

Би одоо Английн Бирмингхам гээд хотод нээлттэй эхийн нэгэн хуралд суугаад явж байна. Эндээс дэл сул гээд олон юм цуглуулаад өөрийн ачаагаа нэмсээр явна. Авч очсон зүйлсээ ямар зарчмаар тараах талаар өчигдөр жаахан бодлоо. Танилын журмаар авах гэсэн хүн бүрт өгвөл угаасаа хаанаа ч хүрэхгүй, бас үнэгүй зүйл үнэгүй байдаг гээд үг байна. Тиймээс нэгэнт нээлттэй эхийн сэдэвтэй футболкууд байгаа болохоор түүнтэй холбоотой зүйлсийн талаар гарын авлага бэлтгэх уралдааныг та бүхний дунд зарлаад, шилдэг гурван гарын авлагыг шалгаруулахаар шийдлээ. Хэрэв та уралдаанд оролцохоор сонирхож байгаа бол http://www.limnux.org/node/335 хаягаар ороод зааврыг аваад, амжилттай оролцохыг уриалж байна.

Миний зүгээр хэрэгтэй гэж бодож буй сэдвүүд бол:
- mailing list буюу илгээлтийн жагсаалт гэж юу вэ, хэрхэн ашиглах
- wiki гэж юу вэ http://wiki.limnux.org буюу MoinMoin ашиглах талаар
- Ubuntu өөрийг нь суулгах, эсвэл нэмэлт програм суулгах
- линукс дээрээс интернэтэд холбогдож вэб болон имэйл үзэх гээд хүнд өдөр тутам хэрэгтэй сэдвүүд байвал зүгээр байна.

Нэмэлт: Богино хугацаатай тул бүү алгуурлаарай

Зөрүү

Англид ирсэн чинь олон юм зөрөөд их хэцүү байна даа. Ирсэн өдрөөсөө хойш зам гарахдаа зүүн тийш харж байгаад машинд дайруулчих гээд хэцүү байна. Ер нь ингэхэд замын хөдөлгөөний чиглэлийн зөрүү хөгжилд яаж нөлөөлдөг бол? Аль алиных нь давуу болон сул талуудыг мэддэг хүн байвал мэдлэгээсээ хуваалцаач.

Цагийн зөрүү. 11-нд орой ирсэн, 12-нд нь өглөө 8 гээд босох шиг болов харин Цэрэнбат ах бөх үзэж байна, тэгэхээр нь би бодож байна "бөх чинь ийм эрт эхэлдэг билүү". Хэхэ. Аль эдийнээ 15 цаг болсон байгаа юм чинь. Өнөө өглөө бас цагийн зөрүүн дээр тэнэгтэв.

Мөнгөний зөрүүний талаар яриад ч яахав. Энэ талаар бодохоос дургүй хүрмээр, бухимдаад уур хүрээд байх юм. Энд бас хөгжлийн зөрүү гэж сонин юм байна, хүмүүсийн юманд хандаж буй хандлага, бусадтай харилцаж байгаа гээд. Цаг болон замын хөдөлгөөний зөрүү байж л байг, харин энэ хөгжил болоод мөнгөний зөрүүг л багасгах эсвэл бүр арилгах хэрэгтэй байна даа.

2007-07-15

Гадаадад гар утастайгаа

Ингэж рекламддаг ганц газар нь мэдээж Мобиком. Хэд хоногийн өмнө эх орноосоо гарч Москва, Лондонгоор дайрч эцсийн цэг болох Бирмингхам гэдэг хотод өчигдөр хүрэлцэн ирлээ. Рекламны дагуу би мэдээж гар утсаа аваад гарсан. Гэтэл саяханыг хүртэл утас маань ажиллаж байсан боловч Монгол руу холбоо барьж болохгүй байлаа. Бүр тодруулбал Англид ирснээс хойш. Уг нь гарахаасаа өмнө 2222 руу залгаж англид барьж болох эсэхийг асуутал "болно" гэдэг хариу өгсөн гэтэл ирсний дараа ажиллахгүй байгаа нь юуны учир вэ? Энд O2, T-Mobile, Vodafone гээд дэлхийн том том операторууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Vodafone-ий сүлжээ ашиглавал Монгол руу мессеж бичиж болдог юм байна. Энийг Энхбат ахтай ярилцаж суухдаа санамсаргүй олж мэдсэн бөгөөд сүүлд ухаарсан ажээ. 2222 лавлах үүнийг хэлээд өгчихөж байвал зүгээр юм даа. Лаг том мэдээллийн бааз үүсгэх юмсан.

Цаг агаарын мэдээ харалгүй гарснаас болоод тохирох хувцас бага байна гэж. Ганц цамц, хоёр өмд, нэлээн хэдэн футболк бас богино өмдтэй гарсан боловч эндэхийн борооны улмаас нимгэн хувцастай гүйгээд байх боломж гарахгүй бололтой. Бас наасаа ирж буй хүмүүс борооны шүхэр (зонтик) авч ирвэл зүгээр, эндээс авна гэвэл бас л хэцүү үнэтэй.

2007-07-13

Каноникалаар зочлов

Санаа нийлсэн хэсэг нөхдийн хамт байгуулсан "Адсолукс Монголиа"ХХК нь хэн бүхэнд танил болсон Ubuntu линуксын албан ёсны түнш юм. Ubuntu-г хөгжүүлдэг, ивээн тэтгэгч гол компани нь Каноникал бөгөөд төв оффис нь Лондон хотноо байрладаг юм билээ. Нэгэнт англи ирснийх тэдэнтэй уулзахаар шийдэж холбоо барьсны үндсэн дээр өгдөө 11 цагаас уулзалт хийхээр болж, хуваарийн дагуу тэднийхээр зочлов.

Түнш, нөхөрлөлийн асуудал хариуцсан менежертэй Ubuntu, Каноникал болон Монгол дахь үйл ажиллагааны талаар нэлээн ярьж суулаа. Энэ зуур "хавтгай дэлхийн" найзуудтай тааралдаж, жинхэнэ ёсоор танилцаж, ярилцах боломж олдсон юм. За тэгээд олон юм ярьсан доо бас нээрээ The Official Ubuntu book надад бэлэглэсэн. Үзээд суувал бас давгүй эд байна лээ.

Намайг зөчлөх тэр үеээр Ubuntu хөгжүүлэгчдийн цугларалт болж ажил эд өрнөж байна лээ. Каноникалын ажилчид нь дэлхийгээр тархан байрладаг ба 2 сар тутамд нэг цугларч ажлыг ёстой хийх шиг болдог юм байна. Нэг сүрхий залуу их ажил хийгээд байх шиг байсан чинь дугуйтай тэргэнцэр дээр суугаад өөрөө ч гараараа юм бариад уучих чадалгүй залуу байдаг байгаа, ёстой гайхсан гэж. Нээрээ цөөхөн Ubuntu футболк авсан Монголд очих байгаад тараанаа.

2007-07-12

Англид ирэхдээ анхаарах зүйлс

Визний асуудал шийдэгдээгүй удсан, цаг тулж гарснаас болж судалдаа шинжилгээний ажил хийж амжсангүй. Ер нь сохор гарч ирсэн гэхэд болно.

Эндэхийн цаг агаар нь их сонин бас их дажгүй санагдлаа. Одоогийн байдлаар их аятайхан халуун ч биш хүйтэн ч биш байна. Цөөлөн бороо зүсэрч ороод л. Ер нь бол өмд цамцтай байвал зүгээр шиг байна. Гэхдээ бүх зүйлийг ингэж үзэж болохгүй, өнөөдөр чинь техник гээч зүйл өндөр хөгжөөд цаг агаарыг нэлээн өмнөөс урьдчилан мэдэх боломжтой болж, бас интернэтээр тэр мэдээллийг авах боломжтой бол. http://weather.yahoo.com/ хаягаар ороод л дэлхийн ихэнх хотуудын цаг агаарыг харчихаж болно.

Наашаа ирэхдээ болж өгвөл эдний өөрийнх нь мөнгийг авч ирээрэй. Энд ёстой алуулсан. 100 ногоон сольсон чинь 2.2-р бодоод дээрээс нь шимжтгэл гээд 3 паунд аваад явчих юм. Эцэст нь та 42 паундтай үлдэж байгаа гэж. Уг нь монголд солиулбал 2 гээд 50 паундтай байх байсан байж. Өөрөөр хэлбэл 100 доллар тутамд дор хаяж 10 доллар алдаж байна гэсэн үг. Дэндүү байгааз.

Энд ер нь юм их үнэтэй юм. Тийм болохоор танидаг мэддэг хүмүүсээсээ мөнгө хэрхэн хэмнэх талаар зөвлөлгөө авах хэрэгтэй юм байна. Энд галт тэрэг болон автобусны билэтийг нэг удаагийн, өдрийн бас хэд хоногийн гээд байдаг шиг байна. Гадуур их хэсэхээр бол өдрийнхийг нь авбал их хэмнэлт гарч болохоор санагдсан. Одоогоор сайн мэдэхгүй байгаа болохоор олон зүйл хэлж чадахгүй нь.

Бодож явдаг нэг зүйлээ харин хийж эхлэмээр санагдсан. Тэр нь гадаадад аялах гэж буй хүмүүст зөвлөлгөө өгдөг вэб сайт. Би ч одоо 5 орноос аялсан байх юм, улс бүрт анхаарвал зохих зүйлс ажиглагдана тэр бүгдийг тэмдэглээд дараа дараагийн хүмүүстээ тус болмоор санагдах юм. Монголд очих байгаад энэ талаар жаахан судалнаа, тэгээд зав болоод боломж нь гарвал хэдэн зүйл тэмдэглэн бичээд, бусад хүмүүс ч бас чөлөөтэй ашиглаж болохоор байхаар хийхийг хийчээнэ. Одоогоор ийм байна.

Англид ирэв

Өчигдөр орой Лондонгийн цагаар оройн 10 цагт энд буулаа. Ямар ч төлөвлөгөөгүй шахуу ирсэн би энд хүмүүс жаал төвөг учруулж байна гэж. Ирэх замдаа Цэрэнбат ах руу холбоо барьсанд намайг тосохоор ирсэн байж, харин үүнийг нь мэдээгүй би буудал дээр тааралдсан хүнтэй хамт гарчихсан явж байх гэж. Гар утсаа авч гарч ирсний хүчин Цэрэнбат ахтай холбоо барьж тэднийд очиж "танайд хоноё" болов. Нааш цааш их хол явуулж их л төвөг удлаа даа, уучлаарай. Өглөө эртлэн босч Цэрэнбат ахын ажил дээгүүр хальт орж танилцаад Лондон руу орж ирэн аялалаа үргэлжлүүлсээр байна.

Хотоор жаал явган зугаалж, хэдэн газраар орсны дараа одоо Үнэнбат найзынхаа ахын ирээд сууж байна. Жаахан байж байгаад хамт гарч номын дэлгүүр орно доо, хэрэг болж болох хэдэн ном худалдаж авах хэрэгтэй байгаа. Ер нь очсон газар бүртээ номын дэлгүүр орж бага сага юм цуглуулдаг ч унших нь ховор, гэхдээ их хэрэг болдог юм.

Уг нь нэлээн юм бичье гэж бодоод нэлээн юм ажиглаж явсан ч яг бичих гэсэн чинь орж ирдэггүй ээ. Гэхдээ хэд хэдэн бичих юм бий, түүнийгээ тусдаа сэдэв болгоод бичнэ байз. Ямар ч байсан эсэн мэнд Лондонд газардаад давгүй сайхан зугаалж явна.

2007-07-04

Билл доошлов

Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ гэсэн асуултанд хүн бүр л "Билл Гэйтс" гэх хариулах нь лав. Харин саяханаас Слим нэртэй Мексикийн нэгэн бизнес эрхлэгч хөрөнгийн хэмжээгээрээ түүний дээр гарч "Дэлхийн хамгийн баян хүн" алдрыг зүүх болсон байна. Слим нь America Movil компаний эзэн бөгөөд түүний компаний хувьцааны үнэ 26% өссөнөөс түүний хөрөнгө 67.8 тэрбум доллар болж 56 тэрбумтай Билл ахыг гүйцсэн байх юм. 13 жилийн турш энэхүү алдрыг зүүсэн Билл ах үүнд төдийлөн сэтгэл зовинохгүй байгаа аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг http://seattlepi.nwsource.com/business/322239_richest04.html хаягаас уншаарай.

Нээлттэй эхийн програм хангамж, линукс сонирходог болохлээр хүмүүс намайг Microsoft-д дургүй гэж боддог шиг байгаам. Үнэндээ дуртай биш л дээ, дургүй ч биш гэхдээ Билл ахын бичсэн номны эхний бүлгийг уншсаны хувьд, мөн түүнгүйгээр өнөөдрийн мэдээлэлжсэн нийгэм байхгүй байсан гэж бодохлээр түүнийг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг гэж.