Showing posts with label статистик. Show all posts
Showing posts with label статистик. Show all posts

2008-09-29

Нээлттэй эхийн үсрэнгүй хөгжил

Миний бие 2000 он хавьцаа интернэтээр орос хэл дээр мэдээ уншиж байгаад нээлттэй эхийн програм хангамж гэдэг зүйлийн талаар анх сонсч билээ. Тэр цагаас хойш бага багаар автсаар одоо түүний нэг эд эс болон хувирсан байх юм. Энэ бүх хугацаанд багахан дүнгэлт хийхэд нээлттэй эхийн програм хангамж нь 2004 оноос хойш нэлээн үсрэнгүй гэж болохоор хөгжсөн гэж хэлж болохоор байсан юм. Жишээ нь, 2004 оноос хойш нээлттэй эхийн програм хангамжуудын чанар нэлээн сайжирсан ба суулгахын тулд та заавал код бичдэг байх шаардлагагүй болсон. Нэр төрөл, тоо ширхэг, оролцож буй хөгжүүлэгчид гээд нэлээн хөгжсөн. Өнөөдөр бараг ашигладаггүй газар, хийдэггүй юм гэж үгүй болж. Үүнд нь маш олон байгууллага, компаниуд тэр бүү хэл төрөөс анхаарлаа хандуулж эхэлсэнтэй холбоотой гэж үздэг. Гэтэл дээхнэ хэсч яваад үүнийг нотлох гэсэн мэт хэдэн видео олсон юм.

Эдгээр видеонуудыг зарим нэг томоохон нээлттэй эхийн төслийн хувилбар удирдах систем дэх мэдээллийг ашиглан дүрсжүүлж үүсгэсэн бөгөөд хэзээ, хэн, юун дээр гэсэн мэдээллүүдийг ашигласан байдаг. Жишээ нь, доор байгаа python хэлний хөгжүүлэлтийн видеоноос харвал эхлээд зохиогч болох Guido ганцаараа нэлээн хэсэг хугацаанд ажиллана, бага багаар хүмүүс нэмэгдсээр 2004 он хавьцаанаас оролцогчид маш ихээр нэмэгдэж, кодын хэмжээ ч томорч байгааг харж болно.


code_swarm - Python from Michael Ogawa on Vimeo.

Цаашаа дараад орвол Apache, PostgreSQL, Eclipse төслүүдийн ижил төрлийн видеонуудыг үзэж болно. Сонирхолтой юм билээ.

2008-04-17

СПАМ-ын талаар хэдэн тоо

Sophos-ын судалгаагаар 2008 оны эхний 3 сард дэлхий нийтэд илгээгдсэн нийт цахим захидалын 92.3 хувь нь СПАМ байжээ. Өдөрт дунжаар 23,300 шинэ СПАМ-ын вэб сайт нэмэгддэг өөрөөр хэлбэл 3 секунд тутамд нэг гэсэн үг. Үнэхээр аймшигтай өсч байгаа биз, гэвч устгаж байгаа нь хэд бол? Хамгийн их СПАМ тараадаг орнуудыг АНУ- Орос болон Турк улсууд манлайлж буй юм байна. Турк гэхдээ маш хурдацтай дээшилж байгаа. Монгол маань нийт интернэтийн хэрэглэгчдийн тоо нь цөөхөн болохоор энэнд дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байгаа ч худалч хүнд бараг бүх компьютер ямар нэг хэмжээгээр вирустсэн, энэхүү СПАМ-ын сүлжээнд өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулдаг гэж боддог. Ийм болохоор оны дараахан Микомынхон гадаад руу гарсан 25 портыг хаасан байх. Энэхүү өсөн нэмэгдэж буй манай мэдээллийн технологийн хэрэглээг хэрхэн эрүүлжүүлэх талаар ICT мэйлинг листэд ярилцаж байсан ч одоогоор зогсонги байдалд орсон байна. Гэхдээ ямар нэг шийдэл, үр дүнд хүрээгүй хэвээр ... Гэхдээ СПАМ үнэхээр толгойн өвчин болоод байгаатай хэн ч санал нийлэх байх.