2008-10-31

Ubuntu 8.10 гарчихваа

Товлосон хугацаандаа буюу өчигдөр Ubuntu 8.10 хувилбар эцэслэн гарлаа. Цагийн зөрүүний улмаас болоод манайхаар бараг оройн 9, 10 цагийн үед зарлагдсан байх. Гэхдээ миний бие хөгжүүлэлтийн Alpha 5 хувилбараас эхлэн ашигласан бөгөөд хэрхэн хөгжиж, хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж байсан юм. Мөн нээлттэй эхийн програм хангамжууд нь зарлагдахаасаа хэсэг хугацааны өмнө эцэслэн гараад, толин буюу дэлхийн даяарх серверүүд рүү түгээгдэхэд бэлэн болсон байдаг ба Монголынхоо толин сервер дээр аль өглөөнөөс татаж аваад эхэлсэн байлаа. Ингээд хамгийн эхэнд татагдсан байснаар нь http://mn.releases.ubuntu.com/8.10/ubuntu-8.10-alternate-i386.iso -г татаж авч суулгав.

Суулгах явцдаа зарим нэг хийж байсан ажил болон чухал хэдэн файлыг авахаа мартан устгаснаас бусдаараа асуудал гарсангүй. Үүнээс болж зарим ажлыг эхнээс нь хийх, бас зарим нэг серверүүд рүүгээ хандаж чадахгүй болов. Болгоомжгүй байсан л хэрэг. Ер нь их давгүй, хувилбар бүрээс илүү сайжраад байгаа. Дэлгэцийн системийн хувьд шинэчлэгдсэн зүйлсийг эндээс харин серверийн хувьд эндээс хараарай. Миний хувьд дэлгэцийн системийн хэрэглээ маань вэб үзэх, баримт бичиг шивэх, мессенжердэх, дуу сонсохоор хязгаарлагддаг бөгөөд ихэнх цагаа терминалын ард өнгөрөөдөг нь нууц биш. Гэхдээ USB дээр системээ суулгах, ашиглах боломжтой болсныг нь тэгж байгаа туршиж үзнээ. Харин серверийн хувьд илүү сайжруулсан virtualization, java (openjdk), RAID гээд олон сонирхолтой боломжуудад нь татагдаад байна. Ер нь нэлээн их юм хийгдсэн дээ.

За хүмүүсээ нэг Ubuntu суулгаад туршаад үзээрэй, таалагдана шүү. Монголд байгаа хүмүүс http://mn.releases.ubuntu.com/8.10 дээрээс татаж авбал хамаагүй илүү хурдан байгаа шүү.

2008-10-29

Мундаг Google

Хамаг юм вэб рүү шилжээд үнэн гоё ч юм шиг үгүй ч юм шиг. Вэб 2.0 болоод зөвхөн мэдээлэл өгдөг байснаа болиод бүхэл төрлийн үйлчилгээ үзүүлдэг болж. Эндээс хамгийн мундаг, хамгийн том нь Google байх шив дээ. Анх зүгээр хайлт хийхээр гарч байсан бол таны өмнөөс тоо бодож, мөнгөн тэмдэгт болон хэмжих нэгжийг хялбархан хөрвүүлдэг болж. Жишээ нь, 2 pounds in kgгээд хайнгуут ойлгоход хэцүү pound гэдгийг чинь сайн найз kg рүү хөрвүүлээд л өгнө. Амазон дээрээс авсан юмны маань тээврийн зардал хэд гарахыг багцаалахад их хялбар болсон гэж. За тэгээд файлын төрлөөр, домэйн нэрээр хязгаарлан хайх энэ тэр гээд өчнөөн боломж байгаагын хэсгээс нь энд танилцуулсан байна. Google-г илүү ухаалгаар ашиглахад зориулагдсан гэнэ.

2008-10-25

Амьдралын өнгө

Амьдрал хэдэн өнгөтэй бол? 32 бит, 64 бит эсвэл 1024 бит байдаг юм болов уу? Ямар ч байсан миний мэдэхийн хүн бүрийн амьдрал өөр өөр өнгөтэй. Тэр нь тэгээд өнгөрсөн амьдрал, тухайн үеийн сэтгэл санаа, ирээдүйн талаар бодол зэргээс шалтгаалан цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч хэзээ ч яг ижил өнгө байдаггүй. Нэг тодроно, нэг бүдгэрнэ эсвэл өөр нэг туяа орж ирнэ. Хэдий ингэж хувьсан өөрчлөгдөх боловч суурь өнгө бараг өөрчлөгдөхгүй. Бас болоогүй энэ өнгөнүүд маань өөртэйгөө ижил эсвэл нийцтэй өнгийг үргэлж хайж эрнэ. Тэдгээр өнгөний мөн чанарыг таньж, нөхөрлөж, сүлэлдэхийг хүснэ. Амьдралын жирийн л нэг хууль.

Заза дуусгаж чадахгүй нь ... Ингээд орхилоо.

Вирусын эсрэг тулалдах нь

Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа. Хамгийн анх Norton, McAfee ашигладаг байсан бол сүүлрүүгээ Kaspersky ашигладаг байсан. Эцэст нь эргэлт буцалтгүй линукс руу шилжсэнээр вирус гэх зүйлээс айхаа больсон.

Харин сүүлийн үед ажлын шаардлагаар эргээд Windows-тэй нэлээн ойрхон ажиллах шаардлага гарах болов. Тэгээд ч гэрийн, хамаатны, найзын, найзын найзын гээд л бүх компьютер бараг бүгд Windows болохоор бүр мөсөн салж чадахгүй л байлаа. Бас болоогүй өмнө нь овоо хэдэн жил өдөр тутам хэрэглэж байсны туршлага маань ч их хэрэг болно. Тэгээд л нөгөө вирусны маань асуудал ахиад босч ирнэ. Яг одоо нэг найзынхаа компьютерийг хажуудаа янзлаад л сууж байна. Харж байхад сүүлийн үеийн вирус эсвэл хорт (malicious) програмууд нь хүнд хохирол учруулахаасаа илүү хүнийг шулах, ашиглахад илүү чиглэх болсон юм шиг. Жишээ нь таны компьютерийг СПАМ түгээх сүлжээндээ нэгтгэж илүү олон хүнд СПАМ-аа хүргэхэд ашиглах болно. СПАМ-р дамжаад бүр олон хүнд халдварлах болно. Эсвэл таны компьютер дээр байгаа үнэтэй мэдээллүүд эсвэл үйлдлүүдийг тань бүртгэж авч дараагийн хорт үйлдэлдээ ашиглана.

Ямар вирусын эсрэг програм дээр юм болоо? Kaspersky давгүй сайн элрүүлэх боловч их хүчин чадал шаардаж компьютерийн ажиллагааг удаашруулаг. Бас заримдаа лиценз нь асуудал үүсгэдэг. Nod32 болохоор жижигхэн, хурдан боловс кракдсаны дараагаар илрүүлэх чадвар нь илт мууддаг юм билээ. За Norton McAfee нар аль дээр л миний жагсаалтаас хасагдсан, эргэж үзэж амжаагүй л байна. Ингэхэд та ямар програмыг хэрэглэдэг вэ? Яагаад?

Ubuntu 8.10 горилогч хувилбар

За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ. Миний хувьд аль Альфа 5 хувилбараас хойш ашиглаж байгаа ба хэрхэн боловсорч гүйцэж байгааг харах, мэдрэх сайхан байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа эцсийн хувилбар гарахыг хүлээж байяа. Гэхдээ горилогч хувилбарыг туршиж үзмээр байвал http://mn.releases.ubuntu.com дээрээс эсвэл jigdo ашиглан татаж авах боломжтой.

2008-10-24

Молом гэсэн ...

Drupal дээр блогоо хөтлөж эхэлснээс хойш ер нь СПАМ-дуулж байснаа сайн санахгүй байх чинь. Гэтэл сүүлийн хэдэн хоногт viagra энэ тэр гээд элдэв юм үлдээгээд байх болж. Энэ нь мэдээж хэн нэгэн биш харин автоматжуулсан програмуудын хийдэг ажил. Хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй ч оройтоогүй байна. Ингээд хамгаалах аргуудын талаар багахан судалж байгаад Mollom гэсэг үйлчилгээг сонголоо. Нээрээ Молом гээд хүний нэр шиг ч юм шиг хэхэ. Миний блог том хэмжээтэй биш бас СПАМ нь хүнд асуудал биш учир үнэгүй хувилбарыг ашиглаж байна, үнэтэй нь овоо үнэтэй юм байна. Сэтгэгдэл бичих нь өмнөхөөсөө арай илүү ажиллагаатай болсон байх, гэхдээ элдэв онцгүй зүйлүүдээс хамгаалах гэж ингэж байгааг ойлгоорой. Нээрээ вэб хөгжихийн хэрээв вэбийн СПАМ ч бас асуудал болж байна шүү...

2008-10-23

"Линуксын нээлттэй сургалт" тун удахгүй

Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ. Сургалтанд хамрагдагсадын санал хүсэлт болон өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхээр сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйгээ сайжруулахаар ажиллаж байна.

Энэ удаад сургалт маань өмнөхийн сургалтуудын адил зөвхөн линукстай ажиллахад шаардлагатай анхан шатны мэдлэг олгохыг зорьж байгаа ба дараахь үдсэн сэдвүүдийг агуулна:

  • Чөлөөт болон нээлттэй эхийн програм гэж юу вэ? Хэрхэн хөгждөг вэ?

  • Линукс гэж юу вэ? Түүний үүсэл хөгжил ба өнөөдрийн байдал.

  • Файлын систем гэж юу вэ буюу эзэн болон эрхийг ойлгох нь.

  • Shell буюу бүрхүүл гэж юу вэ? Түүний үндсэн зарчим, ажиллагаа, ашиглалт.

  • Ubuntu дээр өөрийн хэрэгцээт програмыг суулгах, устгах.


Мөн өмнөхийн адил нэг долоо хоног буюу ажлын 5 өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд Ubuntu ашиглан заахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад сургалтанд хамрагдахыг хүсэгчид оюутан бас LiMNux бүлгэмийн гишүүн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьж байгаа ба бусад ямар шалгуур тавих болон хэдэн хүний хязгаартай байхыг албан ёсны зарлал дээр гаргах болно. Өмнөх явагдаж байсан сургалтуудын талаар багахан мэдээллийг эндээс бас эндээс авна уу. Тун удахгүй....

2008-10-19

Ronski Speed уучлалт гуйв

Өчигдөр орой Mass Club-д тоглох ёстой байсан Ronski Speed ирж чадахгүй болсон бөгөөд тоглолтоо 25-ны өдөр болгож хойшлуулжээ. Ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа өөрийн албан ёсны вэбээр дамжуулан мэдэгдээд, биднээс уучлалт хүссэн байна. Тэрээр ХБНГУ-ын иргэн ба Москвагаар дамжин нааш ирэх төлөвлөгөөтэй байсан боловч Берлин-Москва чиглэлийн нислэг хоцорсноос болон тэрээр ирж чадахгүй болжээ. Доор бүрэн эхээр нь хүргэж байна.



Вэбээс нь ороод бүтээлүүдийг нь сонсох боломжтой юм билээ. 25-нд тэнд уулзацгаая.

2008-10-15

MacBook Pro

Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа Apple-ийн бүтээгдэхүүний дизайн, ажиллагааг шагшин магтах болсон. Хөгжим тоглуулагч iPod шиг ашиглахад хялбархан, ойлгомжтой байхыг эсвэл гар утас iPhone шиг олон боломжтой, хүчирхэг хэрэгсэл байж болох юм гэдгийг магад тэд ойлгоогүй, ойлгохгүй байсан. Хэдхэн жилийн өмнө "мөхлийн эрмэг" дээр байсан компани өнөөдөр дэлхийн хөгжмийн зах зээлийг хянагч, гар утасны томоохон нийлүүлэгч басхүү хурдацтай өсч яваа компьютерийн компани болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Харин өнөөдөр сая сая хүн тэдний дараа дараагийн бүтээгдэхүүн юу байх бол гэдгийг чих тавин хүлээж, зах зээлд нийлүүлмэгч нь худалдаж авахаар анаж суудаг болсон байна. MacBook Air гэх дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютерийг гаргалаа, түүгээр нь HP-ийн нэгэн захирал төрсөн өдрийн бялуугаа зүсэв. Харин өчигдөрхөн MacBook Pro гэх цоо шинэ зөөврийн компьютераа олонд танилцууллаа. Би олон зүйл нуршихгүй, ямар бүтээгдэхүүн болсныг тэгээд түүнийгээ хэрхэн танилцуулдгийг өмнөх холбоосоос ороод үзээрэй. Тавьж байгаа presentaion-ы ямар чанартай, ямар төвшинд хийсэн байгааг хараарай, үнэхээр гайхамшигтай.

Миний хувьд сонсч хүмүүсийн хэрэглэж байгааг харснаас саяханыг хүртэл ашиглаж үзээгүй байлаа. Зун дүү маань iPod-той болов, тэрийг нь ашиглаж үзээд бараг л хайр зарласан. Ашиглахад үнэхээр хялбар бас ойлгомжтой. Хүмүүсийн ашиглаж байгаа iPhone их гоё, хүчирхэг хэрэгсэл гэдэг нь харагдах боловч гар утаснаас дуулга хийх, мессеж бичихээс өөр юм ашигладаггүй болохоор сонирхолтой биш. Харин өнгөрсөн долоо хоногт нэг ахынхаа MacBook-г монголоор бичдэг болгож өгсөн. Эндээс орж MongolianCYR.keylayout гэсэн файлыг татаж аваад /Library/Keyboard Layouts/ хавтас руу хийхэд л болчихно. Дараа нь тохиргоон дотор нь монгол хэл гээд гараад ирдэг юм билээ. Одоо надад байхгүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь, гэхдээ анх удаа ашиглаж байгаа болоод ч тэр үү эсвэл өөр систем ашигласаар байгаад дадсан уу надад лав ашиглахад маш хэцүү санагдсан.

Youtube - #2 хайлтын систем

comScore, Inc гэх компани тоон ертөнцийн мэдээллийн цуглуулж хэмждэг ба qSearch гэх судалгаагаар сар бүрийн хайлтын зах зээлийн талаар мэдээллийг гаргадаг юм байна. 8-р сарын байдлаар хайлтын зах зээлийн тэргүүлэгч нь мэдээж Google ба тэд 63%-ийг эзэлдэг, Yahoo 19.6%-г эзэлдэг бол Microsoft 8.3%-иар удаалж байна. Мөн 8-р сард Youtube дээр нийт 2,564 хайлт хийгдсэн бол Yahoo дээр 2,393 хайлт хийгдэж Youtube маань 2 дахь том хайлтын систем болжээ. Харин Google дангаараа 7,594 хайлтыг эзэмшихээс гадна хамгийн том хоёр хайлтын системийг эзэмшиж байна. Тодруулж хэлэхэд 7,594 гэдэг нь 7 тэрбум хагас гэсэн үг юм байна.

2008-10-14

Холливүүд ба дайршлын үр нөлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэртээ зурагт үзэж байтал "Карибийн Тэнгисийн Дээрэмжид" киноны 4-р анги хийгдэх болсон, тэгээд Jack Sparrow дээрэмчний дүрд тоглох жүжигчин нь 56 сая доллар авахаар болсон тухай гарав. Нэвтрүүлэгчийн хэлж буйгаар 56 сая нь өнөөдрийн байдлаар Холливүүд дахь хамгийн өндөр хөлс болон тэмдэглэгдэж байгаа талаар дурдаж байв. Яагаад өмнө нь ийм өндөр хөлс төлдөггүй, нөгөөх нь авдаггүй байсан юм бол? Миний бодлоор үүнд даяаршил нөлөөлсөн. Хэдхэн жилийн өмнө Холливүүд нэг кино хийгээд түүнийгээ АНУ болон зарим нэг томоохон кино театруудын сүлжээгээр гаргадаг байсан байх. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, төрөл бүрийн хэлээр кино театруудад гаргаад зогсохгүй DVD, Blu Ray гээд өндөр чанартай хэлбэрээр үзүүлэх боломжтой болжээ. Энэ бол зүгээр л технологийн хөгжил, даяаршлын үр нөлөө юм. Бидэнд ч бас ийм боломж адилхан бий гэж боддог ...

2008-10-12

Wikipedia Ubuntu-руу системүүдээ шилжүүлнэ

Бидний сайн мэдэх, мэдлэгийн их далай болсон Wikipedia өөрийн дэд бүтцэд ашиглагдаж буй RedHat Linux болон Fedora-ийн холимог хувилбарууд бүхий 400 серверүүдээ Ubuntu руу шилжүүлэх болсноо өчигдөр зарлажээ. Ийнхүү нэгдсэн нэг систем рүү шилжих нь арчилгаа, үйлчилгээг маш ихээр хялбарчлах бөгөөд илүү найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад туслах юм байна. Ер нь аливаа байгууллага нь аль нэг эсвэл цөөхөн хэдэн системийг стандартлах, түүнийгээ үйл ажиллагаандаа ашиглах нь боловсон хүчний сургалт хийгээд шинэ систем нэвтрүүлэх зэрэгт маш их хэмнэлт авчирдаг.

2008-10-07

Сонгууль, мөрдөгч, бодлого

Орон нутгийн гэх тодотголтой сонгууль хаяанд ирлээ. Нэг харвал УИХ-ыг бодвол ач холбогдол багатай мэт, нөгөө талаасаа яг бидэнтэй тулж ажиллах хүнээ сонгож байгаа болохоор илүү ач холбогдолтой ч юм шиг. Ямартай ч УИХ-ын сонгуулийг бодвол арай доод шатных, мөнгө төсөв багатай болоод ч тэр үү сүр дуулиан багатай болж өнгөрдөг нь нууц биш. Гэхдээ аль ч сонгууль нь болсон бай сонгогчид нь "мөрдөгч", сонгогдогч буюу нэр дэвшигч нь "мөрдүүлэгч" болон хувирдаг. Ингэж мөрдлөгө хийхдээ сонгогч бидэнд хамаатай байж болох тэр гэр бүл, ажил төрөл, бодлогоос авахуулаад шал хамаагүй хамаатны ах дуу, хамт ажиллагсдын булхай, найзын найз гээд хаа хамаагүй зүйлсийг сэтгүүлчид мөрдөж олоод бидэнд өгнө. Харин бид сэтгүүлчдийн мөрдлөгө дээр тулгуурлан сонголтоо хийнэ дээ. Дээрээс нь 4 жил хэд хэдэн удаа мөрдлөгө эрчимжинэ. Гэтэл бидэнд ийм их мэдээлэл хэрэгтэй юм уу?

Нэр дэвшигчид маань хамаг байдгаа ухуулна, дэлгүүлнэ, муулуулна. Энэ бүгдийг нь бид уншина, хоорондоо хов зөөнө, эцэст нь сонгоно. Ингэх замдаа бид тухайн хүний хувийн амьдрал, эд хөрөнгө гэгч зүйлсэд анхаарлаа хандуулсаар байгаад хамгийн гол болох ажлын туршлага болон баримтлах бодлогыг нь харахаа мартаж орхих нь элбэг. Хэнийг сонгох вэ гэж гашилсаар хамаг нерв, мөрдөгч хийсээр хамаг цагаа бардаг энэ тогтолцоог солих цаг болсон юм шиг.

Сайн мэдээ дуулдана. 2012 оноос 4 жилдээ нэг л сонгууль явуулж түүгээрээ УИХ-аа ч, орон нутгаа ч сонгодох болох гэнэ. Бас хүнийг биш бодлогыг уралдуулдаг пропорционал гэх сонгуулийн тогтолцоо руу шилжих юм гэнэ. Улам бүр эрчимжиж, өдөр ирэх тусам завгүй болж буй амьдралд дээрх хоёр алхам их ахиц авчирна гэдэгт итгэж байна. Хэдэн сонгууль дамжиж баахан хүний хувийн амьдрал мөрдөхийн оронд "бодлого" гээд гаргачихсан ганц хэдхэн цаасыг аль ч илүү хэрэгжих үндэстэй, аль нь илүү амьдрал болоод ирээдүйд нийцэж байгааг судалж суух нь бидний цаг болоод нервенд хэмнэлттэй. Харин намууд маань судалгаан дээр үндэслэсэн, даацтай, амьдралд хэрэгжихүйц, басхүү ирээдүйг харсан тийм л бодлогыг боловсруулахын төлөө ажиллаж, тийм л бодлогыг уралдуулаасай билээ. Тэр өдрийг тэсэн ядан хүлээгээстэй ...

Миний хувьд энэ жилийн мөрдөгчийн ажлыг бараг хийгээгүй, зав төдийлөн гарсангүй. Гэхдээ амьдралдаа хариуцлагатай хандах үүднээс бага сага зав гаргаж судласны үндсэн дээр сонголтоо хийсэн. Харин орон нутгийн сонгуулийн хувьд манай тойрог дээр хэн хэн нэр дэвшээд, тэд нь хэн бэ гэдгийг мөрдөх зав олдоогүй болохоор мэдэх юм алга. Гэхдээ нэгэнт олонх болсон, засгийн эрх авсан МАХН-ыг сонгоод үзэх санаатай байна гэж ...

2008-10-06

Ubuntu 8.10


Та ч мөн адил өөрийн блог дээрээ тавихыг хүсвэл http://www.ubuntu.com/getubuntu/countdown хаягаар ороод аваарай.

106

Блогд маань энэ бичлэг 106 гэсэн дугаартай орно. Өөрөөр хэлбэл би блогоо Drupal-руу шилжүүлснээс хойш 106 бичвэр бичсэн байна гэсэн үг. Мэдээж зарим нэг нийтлэгдээгүй ганц нэг бичвэр байгаа л байх. Жишээ нь, Нээлттэй эхийн үсрэнгүй хөгжил-ийг бараг 3 сар дуусгаж нийтлэлгүй хадгалсан байна лээ. Энэнээс өмнө wordpress дээр ажиллуулж байгаад түүнийгээ устгачихсан, хэхэ. Тэрнээс өмнө буюу бүр анх http://duluu.blogspot.com хаяг дээр бичдэг байсан.

Яагаад би блог бичдэг юм бол? Ер нь яагаад блог бичиж эхэлсэн юм бол? Бодохнээ яагаад бичиж эхлэх болсон шалтгаанаа яг санахгүй байгаа ч дуулсан, мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэж бичих эхэлсэн байх. Одоо ч энэ маань гол зорилго. Бас өөрөөр блог дээрээ шинэ бичвэр оруулахдаа түүнийхээ талаар мэдээллийг хайх, унших, ойлгох хэрэгтэй, дараа нь бага сага цэгцлээд оруулах гээд өөрөө тухайн зүйлийнхээ талаар багагүй цэгцтэй мэдээлэл, мэдлэгтэй болж авдаг. Дээрээс нь зарим нэг юмыг эргэж судлах, сөхөх хэрэг гарвал ихэвчлэн өөрийнхөө бичсэнийг уншихад л хангалттай байдаг юм. Одоогоор би Clickjacking гээд шинэ вэб халдлагын тухай бичиж байгаа ба түүнийхээ талаар аль болох их мэдээллийг цуглуулж, тэдгээрийгээ цэгцлэхээр оролдож сууна. Мэдээлэл нь олонд түгж байж мэдлэг болно гэдэг үгийг хаанаас билээ олж уншиж байсан юм. Багахан мэдээллийг мэдлэг болгоход минь туслаж, миний блогоор зочилдогт тань баярлалаа.

Линукс 17 нас хүрлээ

17 жилийн өмнө Линус Торвалдс гэдэг нөхөр линукс гэдэг үйллдлийн системийн цөм хийснээ олон нийтэд зарлаж байсан байх юм. Яг ч 17 жилийн өмнө биш 17 жил нэг хоногийн өмнө. Бодвол тэрээр тухайн үед өнөөдрийнх шиг ийм том зүйлийн эхлэлийг тавьж байна гэж бодоогүй л байх даа. За тэгээд манай линукс хэрэглэгчид мянга, түм болох болтугай гэсэн сайхан ерөөл дэвшүүлье.

2008-10-04

Ubuntu 8.10 Beta - эхний сэтгэгдэл

Өчигдөр блогоо бичиж байх зуураа бетаг татаж аваад, дуусмагцаа туршилтаа эхлэв. Хувийн зөөврийн компьютер дээр аль эртнээс ашиглаж байсан болохоор энэ удаад ажлынхаа интернэтийн толгой компьютер дээр туршихаар шийдлээ. Эхний оролдлого маань давгүй явж байсан боловч дундаа CD алга гэсэн алдаа гараад зогсов. Бууж өгөхгүй ээ. Энэ туршилт хийж байгаа компьютер маань MGM X2 бөгөөд сүүлд боордыг нь солиулсан юм. Боордыг солиулахаас өмнө ямар ч линукс зүгээр ажилладаг байсан ба ABIT IB9 болгож солиулснаас хойш суулгахад, ер нь ашиглахад хүндрэлтэй болсон. Үүнийг мэдэх тул бас бус хэдэн арга хэргэлээд эцсийг нь хүртэл үзэхээр шийдэв.

Сүүлийн үеийн компьютерүүд маань эрчим хүч хэмнэх, зохистой хэрэглэх үүднээс янз бүрийн системүүдийг ашиглаж ирсэн байдаг. Эхнийх нь PM байсан бол өнөөдөр ашиглагдаж байгаа нь ACPI билээ. Зарим боордны биос нь алдаатай, зөв ажилладаггүйн улмаас суулгахад хүндрэл гардаг ба үүнийг давж гарах механизмууд ч байна. Жишээ нь, цөмөө бүүтлэхдээ acpi=off, noapic, nolapic гэх мэт параметруудыг дамжуулан алдаатай биосыг даван гарч болдог. Гэхдээ эдгээрийг ашиглах нь зарим нэг хүндрэлүүдийг учруулдаг. Миний хувьд бас яг л ийм, гарсан хүндрэл нь гэвэл гар маань сааталтай, бас бус зүйл нь их удаан ажилладаг юм. Яг юунаас асуудал үүсч байгааг тодорхойлохоор бүх параметруудыг дангаар нь бас хослуулан хэрэглэж үзсэн боловч бүгдийг нийлүүлсэн нь амжилтанд хүрэв. Удаашрах сөрөг талын улмаас бас туршилтын дүнгээс болж бараг 3 цагийн дараа ажиллагаатай системтэй боллоо.

Шинэхэн системд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол өнгө. Нэвтрэх хэсэг болон арын зураг нь солигдсон бас дизайнд бага сага өөрчлөлт орсон. Уг нь анх нэлээн бараан өнгө ашиглахаар төлөвлөж байсан боловч хэрэглэгчдийн санал гомдлын дагуу татгалзсан байгаа. За тэгээд арай илүү хурдан, илүү гоё болсон шиг байна. Үндсэндээ GNOME 2.24 ашиглаж байгаа болохоор эндээс ба эндээс шинэ боломжуудын талаар үзчихэд болох байх. Нэгэнт туршилтын хувилбар хэрэглэж байгаа болохоор хэд хэдэн цох илрүүлсэн, мэдэгдэх гэсэн боловч надаас хүмүүс түрүүлчихсэн байсан болохоор түр орхилоо. Ер нь бол нэлээн давгүй болсон байна. Цаашдаа ахиад зүйлс бичнээ.

2008-10-03

Ubuntu 8.10 beta гарлаа, jigdo ашиглах нь

Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр Ubuntu 8.10 хувилбарын бета хувилбар гарлаа. Миний бие UDW-ийн эхний өдөр л 8.10-ийн хөгжүүлэлтийн хувилбар руу өөрийн системийг шилжүүлэн ашиглаж байгаа ба их давгүй сайхан болсон гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлтийн хувилбар ашиглахтай холбоотой баахан асуудлууд үүсдэг ч ер нь даваад гарсан. Харин beta нь хөгжүүлэлтийнх боловч томоохон хэмжээний асуудал үүсэхгүй, бараг бэлэн болсон гэдэг утгыг илэрхийлдэг болохоор ахиж татаж авч туршихаар шийдлээ. Татаж авах гэтэл http://mn.releases.ubuntu.com дээр хараахан орж ирээгүй байгаа (өнөөдөр л татуулж эхлүүлсэн), http://releases.ubuntu.com дээрээс татах гэхээр хэтэрхий удаан. Үүнд бас нэг гарц байдаг нь jigdo гэж жижигхэн багаж юм, гэхдээ зөвхөн debian төрлийн систем дээр ажилладаг.

Jigdo-ийн ажиллах зарчим маш хялбар. Jigdo нь өөрийн гэсэн .jigdo болон загвар файлаас бүрдэнэ. .jigdo файл дотор ямар ямар файл байх болон түүний checksum байна. Үүнийхээ тусламжгайраар jigdo нь богц бүрийг нэг нэгээр нь татаж авах ба дуусмагцаа iso файл үүсгэх юм. Ийнхүү iso үүсгэх явцдаа файл бүрийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Хамгийн гол давуу тал нь богцуудыг татахдаа бид өөрсддөө хамгийн ойр байгаа толин серверийг ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл http://mn.archive.ubuntu.com-г ашиглана гэсэн үг. За ингээд ашиглах гээд үзье.

Юуны өмнө sudo apt-get install jigdo-file гэсэн тушаалаар jigdo-оо суулгана. Үүнийхээ дараагаар http://releases.ubuntu.com/intrepid/ хаягаас ороод өөрт хэрэгтэй хувилбарынхаа .jigdo болон .template файлуудыг татаж авна. Миний хувьд wget http://releases.ubuntu.com/intrepid/ubuntu-8.10-beta-alternate-i386.jigdo болон wget http://releases.ubuntu.com/intrepid/ubuntu-8.10-beta-alternate-i386.template гэсэн тушаалуудаар дээрх хоёр файлыг татаж авсан. За дараа нь татаж авсан хавтас руугаа ороод jigdo-lite <файлын нэр>.jigdo буюу минийхаар jigdo-lite ubuntu-8.10-beta-alternate-i386.jigdo гэсэн тушаалыг өгнө. Ажиллуулмагч танаас хэд хэдэн асуулт асуух ба Ubuntu Mirror гэдэгт http://mn.archive.ubuntu.com/ubuntu гэж хариулах ба бусдад нь хариулахгүй байхад болно. Үүний дараагаар таны өмнө гайхамшиг өрнөж, хэсэг хугацааны дараа .iso файл үүссэн байх болно. Дахин хэлэхэд jigdo нь debian суурьтай бүх линукс тархацуудад ашиглах боломжтой бөгөөд Ubuntu, Debian аль алин дээр нь болно.

Хулгайч сисадмин, шившиг

АНУ-ын Naval Research Laboratory-д ажилладаг байсан Victor Papagno гэх сисадмин ажлынхаа компьютерийн эд ангиудыг хулгайлдаг байсан нь шүүхээр тогтоогджээ. Ганц нэг юм "туусангүй" бүр 19,709 ширхэг, тэгээд тэр нь нийт $120,000 гаруйгаар үнэлэгдэх эд зүйлсийг 1997 оноос 2007 оны хооронд өөрийн болон найзуудынхаа тусын тулд "туужээ". За бас болоогүй хамт ажиллагсдынхаа хувийн мэдээллийг хүртэл хулгайлж, хадгалж байсан нь баригджээ. Мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж л байдаг. Онцгүй байгаа юм шүү.

2008-10-01

Интернэтээс нуугдаж чадах уу?

АНУ-ын дэд ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Sarah Palin-ы Yahoo! Mail дээрх цахим шууданг нэг нөхөр нээж үзээд, олонд дэлгэсэн нь сүүлд нэлээн шуугиан тарьж байгаад намжих шиг боллоо. Үүнийг үйлдсэн залуу түүний хувийн гэрэл зургууд, зарим нэг хувийн харилцааг нь олон дэлгэснээрээ хэрэгт унахаар шахаж байгаа ч хэрхэн үүнийг хийсэн бэ гэдэг нь хамгийн сонирхол татаж байсан юм. Харин хэргийн эзэн маань хэрхэн үүнийг хийснээ олон нийтэд тайлбарласан бөгөөд үүнд нь ямар нэг тусгай мэдлэг шаардагдаагүй харин багахан интернэт хайлт л хангалттай байснаа хэлсэн нь шуугиан тариад амжсан.

Хэргийн эзний сониуч зан нь хөдөлсөн үү яасан Sarah Palin-ы хувийн захидлуудыг үзмээр санагдсан юм шиг байгаам. Тэрээр зорилгодоо Yahoo! Mail-ийн мартсан нууц үгээ сэргээх боломжийг ашиглахаар шийдэж. Харин энэ тохиолдолд тавигдах асуултын хариуг багахан хайлт хийгээд л олсон гэсэн. Нөхөртэйгөө хаана танилцсан, нохойг нь хэн гэдэг, аль сургууль, ямар анги гээд бүх л мэдээлэл. Өөрөөр хэлбэл тэр хүн бараг хувийн нууцгүй болж.

Интернэт нь хөгжихийн хэрээр бид бүхнээс маш их мэдээллийг өөртөө авч үлдэж, хадгалах болж. Өөрөө ч мэдээгүй байхад миний талаар мэдээлэл интернэтэд нэмэгдсээр, одуудын хувьд бүр ч хэцүү байх. Дээрх явдлаас санаа аваад өөрийнхөө талаар хайж үзсэн чинь бас их юм гарч ирж байна лээ шүү. Та ч бас өөрийгөө хайгаад үзээрэй. Ер нь интернэтээс нуугдах, ул мөрөө үлдээхгүй байх боломж байна уу?

Интернэтийн түүхэн дэх 50 онцлох үйл явдал

Энэ тэрүүгээр хэсч элдэв юм үзэх зуршлаараа тэнэж яваад сонирхолтой гэж болох юм оллоо гээч. Энэ нь өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернэтийн суурь гэгддэг ARPANET төслийг үүслээс эхлээн интернэтийн өнөөдрийг хүртэл түүхэнд болсон 50 онцлох үйл явдын тойм юм. Бас болоогүй "эхлэл", "вэб", "цахим шуудан", "вэб 1.0" бас "вэб 2.0" гэх мэтээр ангилан үзүүлсэн нь их сонирхолтой.

Товчхон сонирхуулбал ARPANET төсөл маань 1966 оны 2-р сард эхэлж байсан, 1974 оны 5-р сард TCP/IP үүссэн, 1990 оны 11-р сард WWW-ыг Tim Berners-Lee санаачилсан байх юм. Хамгийн анхны СПАМ нь 1978 оны 5-р сард 400 хүнд цацагдаж байж. Миний бараг өдөр тутмын хэрэглээ, мэдлэгийн эх далай гэж болох Wikipedia маань 2001 оны 1-р сард үүсчээ. Энэ хаягаар ороод сонирхоод үзээрэй, сонирхолтой юм байна.