2006-08-30

Хэнтийн өндөр ууланд ...

Хэнтий өндөр ууланд ч юу байхав дээ Хангайтын зүүн тийш нэг ууланд гарсан юм. Гарчигаа юу гэж тавих талаар жаал бодсоны эцэст ингэж нэрийдлээ. Манайх Махайн Толгой гэдэг газар зусдаг ба зуслангаас орохын өмнөхөн ууланд гардаг уламжлалыг ноднингоос тогтооноод байгаа билээ. Энэ жил 8-р сарын 26-ны бямба гарагт Ундраа хүүхдийн зуслангийн цаахна байдаг нэгэн ууланд гарлаа.

Ноднин гэрийнхний шахалтаар дуртай дургүй явж байсан бол энэ жил өөрөө уриалан байж шахуу маш дуртай явлаа. Учир нь ноднин явахдаа самар олигтой түүж чадаагүй ч хад, үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, аньс түүж идэж, их сонирхолтой явснаас гадна ууланд зугаалахын сайхныг олж мэдсэн юм. Ноднин жил хоёр хэсэг хуваагдаж явахад манай хэсэг бүх уут шуудайг авсан байсан тул нөгөө талынхан маань их хэмжээний самартай тааралдсан ч авсангүй, харин миний хэсэг хэд хэдэн шуудайтай боловч самар олигтой унагаж чадалгүй бараг хоосон буцав. Дээрээс нь нэг удаа мод руу авирах гэж оролдсон боловч хүнд жинтэй учраас их асууладтай тулгарсан болохоор ахиж авирах гэсэнгүй. Хоосон ч олон сайхан жимс идэж, сайхан зугаалсан тул их л сэтгэл хангалуун байсан нь энэ жил ингэж өдөөсөн байх.

Энэ жил ноднингийнхоос яльгүй өөр бүрэлдэхүүнтэй явлаа. Би хотод хоносон тул өглөөгүүр зуслан явах замд цагдаа тааралдаж зугтсан, дугуй хагарснаас бусдаар амжилттай явж зуслан хүрлээ. Машинаар явсаар уулын бэлд очоод цааш явганаар зүтгэлээ. Дөнгөж ой руу ормогц хугарч унасан, үндэстэйгээ булгарсан мод маш ихээр тааралдаж байсан нь их сонин. Зарим нь бүр саяхан унасан бололтой самар нь бараг болсон байх юм. Яагаад унасан байж болох уу? Аньс түүж идсээр уул өөд өгсөж, самрын мод хайсаар. Үнэндээ миний хараа хальт муугаас гадна нүдний шилэнд дасал болсон тул модны орой дээр байгаа самрыг шилгүйгээр үнэхээр харахгүй байсан. Жаал амсхийж цайлсны дараа жинхэнэ самар түүх ажилдаа ханцуй шамлан орлоо. Хэсэг явсны эцэст нэг муна олж амьдрал цэцэглэв. Ээж холын хараа арай дээр учир самар харж, харин дүү бид хоёр ээлжлэн мунаар тоншиж дараагаас тоншоогүй нь бага дүүгийн хамт унасан боргоцойнуудыг түүсээр нэг 50-ийн шуудай дүүрэнг түүлээ. Харихын алдад бидний адил хоёр сонирхогч тааралдаж бидний муныг үе залгуулан авч нүдлээ. Зуслангийн байшиндаа ирээд зурагт үзэж байтал самрыг зохисгүй түүхийн эсрэг хэрэмний тоглосон хөөрхөн реклам үзээд их л хөөрхөн санагдаж, ихийг бодогдууллаа.

Байгаль эх минь ямар баян юм бэ. Хэдий баян ч бид зөв, зохистой ашиг шимийг нь хүртэхгүй бол болохгүй. Учир нь самрыг түүхий байхад нь түүх гэж модонд авирна, модыг том мунаар балбасаар шархлуулна, мөчир салаануудыг нь хугачина. Энэ архаг самарчдыг яаая даа байз. Бидний цөөхөн монголчууд хэзээ байгалаа хамгаалах ухаан сууж, илүү ухамсартай болох юм бол доо хөөрхий.

2006-08-25

Есүс гэж ... ?

Өчигдөр өглөө гэрээс гараад оффис орохоор такси бариад суулаа. Найз охиндоо нэг танилынхаа тушаал дэвшсэн талаар дуулгаад хийх ёстой ажлуудынхаа талаар бодол болон сууж байтал жолооч гэнэт яриа өдөн ярьж эхэллээ.

Тэрээр хүн болгон өөрийн хувь тавилантай, бусадтай өөрийгөө жиших хэрэггүй ЧИ энэ хорвоод цорын ганц гэж хэлснээр миний бодлыг саринууллаа. Хэн бэ, юу вэ гэж бодсоор толгойгоо өөд татлаа. Танилын маань тушаал дэвшсэн нь намайг ийм бодол автуулсан гэж жолооч ах бодож намайг урмаар тэтгэх гэж оролдсон бололтой. Оролдлого нь үнэхээр амжилттай боллоо. Гэнэт ухаан орсон мэт би чинь хэн, юунд зорьж байна гэх мэт асуултууд урган гарч намайг жинхэнэ утгаар нь сэрээсэн юм. Хүн бүр өөрийн амьдралаар амьдрана, өөрийн хүсэл зорилгын төлөө тэмцэнэ гэтэл чи юунд өөрийгөө бусадтай жишинэ вэ, чи бол цор ганц, дахин давтагдахгүй, чи өөрийнхөөрөө л амьдар гэдэг утгыг тал талаас нь ярьж байсан. Машин бариад суухад ихэнх жолооч нар замын бөглөөнөөс авахуулаад бухимдалтай, харин ийм өөдрөг жолоочтой анх удаа тохиолдож байгаа маань энэ. Эцэст нь тэрээр Есүст итгэдэг, итгэснээр ийм болсноо хэлээд намайг нэгдэхийг урилаа.

Үнэхээр Есүст итгэснээр хүмүүсийн бухимдал багасч, илүү өөдрөгөөр сэтгэхэд хүргэж байна уу? Хэрэв үнэхээр ингэж үйлчилж байгаа бол Есүс бидэнд хэрэгтэй болж таарч байна. Гэхдээ хэрхэн энэ үр дүнд хүрч байна, өөр ямар нэг сөрөг гаж гэх нөлөө байгаа болов уу? Өмнө нь хэнд ч хэрэггүй, худлаа гэж боддог байсан зүйлийг маань ахин бодуулахад хүргэлээ. Сүүлд тэр нэг номлогч ирээд хүмүүсийг эдгээнэ гээд гараад байсан, зурагт үзэж байтал эдгэчихлээ гээд гарч байна лээ. Энэ хэр үнэний ортой бол?

Энэ долоо хоногийн блогууд

Өөрөө зарим нэг блог бичихээс гадна гадаадын хөгжүүлэгчдийн блогуудыг тогтмол уншдаг билээ. Харин сүүлийн үед өөрийн блог дээрх сэтгэгдэлээр дамжин орж уншвал монголчууд бас багагүй блог бичдэг болохыг олж мэдсэн юм. Тэдгээрээс миний анхаарал, сонирхолыг татсан блогуудыг долоо хоног тутам уншигч та бүхэндээ хүргэхийг зорьмуй.

1. Gobi-ийн Software, Hardware, Adware, Spyware, Annoyware. Уг блог дээр гарчиг дээр дурдагдсан үгсийг бидний хэргэлж заншсанаар бус харин шинэ үг бүтээх замаар орчуулжээ. Гадаад үгийг галиглан авахын оронд монголчууддаа илүү дөхөм, зүйрлэн ойлгож болох үгээр орчуулбал илүү оновтой болох болов уу гэж боддог юм. Дараа энэ талаар бичнээ.

2. Мөн Gobi-ийн Microsoft Office үнэхээр хэрэгтэй юу?. Эндээс вэбийн технологийн өнөөгийн болон ирээдүйн хөгжил, үүнийг дагасан ширээний компьютер дээрх програмууд хэрэгтэй эсэх талаар эргэцүүлэл. Сонирхолтой

3. Бидний Бэгзсүрэн андын MUUG болон надад бичсэн талархал. Бэгзсүрэн андтай анхны Linux InstallFest хийх үеээр танилцаж, бидний зохион байгуулах ажилд чамгүй тусласан. Тэрээр бидний адил эрмүүн хүсэлтэй залуу хүн, ихийг бүтээхээр зорьж, хичээж ажилладаг. MUUG-н гишүүд бид нэг нэгэндээ хэзээд туслахад бэлэн байдаг.

4. Миний найз Отгонпүрэв блогтой байсныг сая л мэдлээ. Үзэж байтал Эх оронч үзэл гэсэн нийтлэлийг хаанаас ч юм олоод блогдоо оруулсан байна. Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн гадаадад гарсан, гарах гэж байгаа хүмүүсийн талаар өөрийн бодлыг зарим нэг жишээний хамт сийрүүлэн бичжээ.

5. Дөлгөөний блог дээрээс Баабарын бичсэн Бодь мөрийн зэрэг ба хар тамхи нийтлэлийг уншлаа. 2006 оны 8-р сарын 5-ны өдрийн "Цахим Өртөө Холбоо"ТББ-ын хүлээн авалт дээр Дөлгөөнтэй танилцаж элдвийг ярилцаж анх танилцсан. Өмнө нь тэрээр миний блогоор дамжуулж намайг жич мэддэг байсан юм билээ. Хэдийнээс Баабар өөрийн энгийн бус, хорон үгтэй нийтлэлээрээ миний сонирхолыг татдаг байлаа. Уг нийтлэлдээ тэрээр монголчуудын шашин шүтлэгийн талаар сонирхолтойгоор бичжээ.

Альваа зүйлсийг уншин, түүний учир холбогдол цаад хэлэх гэсэн үгийг эргэцүүлэх нь таны оюун ухааныг тэлэхээс гадна альвааг үзэх үзлийг илүү бодитой болгоход илүү түлхэц болдог болов уу гэж бодном.

Нэгэн шавь багшаасаа:
Багшаа та надаас илүү их эрдэм мэдлэгтэй атлаа, надаас олон асуултад хариулт эрэх юм гэсэнд багш хариуд нь:
Миний мэдэх ертөнц хорвоо чинийхээс том учраас тэр байх

Яг үг үсэгчлэн санахгүй байна, гэхдээ утгыг нь гаргаж гэж оролдлоо.

2006-08-22

OpenMN-с хасагдаваа ...

2003 оны 1-р сард анх байгуулагдахад нь гишүүнээр элсэн орж байсан OpenMN багаас өнгөрөгч баасан гарагт буюу 2006 оны 8-р сарын 18-ны өдөр хасагдлаа. OpenMN баг нь 2003 оны 1-р сард нээлттэй эхийн програм хангамжийг Монголд хөгжүүлэх, тэдгээрийг монголчлох зорилгоор байгуулагдаж нэг жилийн хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулсны эцэст үхмэл байдалд орсон ба одоог болтол сэрээгүй л байна. Яагаад юм бүү мэд, хүн бүр өөр өөрийн хариултыг өгөх биз.

Анх гишүүн болж орсон цагаас өнөөдрийг хүртэл хичнээн удаа Бадралтай ам зөрснийг зөвхөн бурхан л мэдэх байх. Үг сонголт, зохион байгуулалт гээд олон ч зүйлээс болж маргалдаж, муудалцаж бүр хэрэлдэж байсан. Харин энэ удаад миний ч бас Бадралын ч тэвчээр барагдсан бололтой, үр дүнд нь би OpenMN-с хасагдав. Шалтгаан?

Энэ 2006 он их онцлог жил болж байна. Учир юу вэ гэхээр их олон хүн нээлттэй эхийн програм хангамж, түүний ач холбогдлыг ойлгож, илүү ихээр анхаарч эхэллээ. Үүнийгээ дагаад бас хэрхэн хөгжүүлэх, орчуулга хийх талаар асуудал өрнөж тал талд хийгдэж байсан ажлуудаа нэгтгээд зангидаад, хамтдаа нэгэн хүчээр дайрахааар тохирцгоосон юм. OpenMN-ий нэрээр NewcomSystems-ийн хийсэн орчуулгуудыг аваад зарим нэг засварууд хийгээд явж байхад С.Бадрал намайг OpenMN дээр ажиллуулахаас татгалзсан тул уг ажил зогссон юм. Тэрээр 6-р сарын сүүлээр Монгол ирээд орчуулга хийсэн болон хийж байгаа улсуудтай уулзаад хийсэн орчуулгуудыг аваад нэгтгэхээр болсон. Гэвч миний л адилаар ажлын цаг заваар өөрөөр хэлбэл чөлөөт цагаараа хийж байсан тул багагүй хугацаанд таг чиг болсон. Сүүлд харин олон талаас нь шахаж байж нэгтгэсэн хувилбарыг cvs серверийн хамт үүсгүүлж чадсан юм. Сервер ажиллаж эхлээд бас л багагүй хугацаа өнгөрлөө надаас өөр юм хийж байгаа хүн алга, сонин шүү. Харин хэд хоногийн өмнө одоогийн байдлаар хийгдсэн бүх орчуулгуудыг GNOME рүү нэгтгэсэн болохоо зарласан юм. Сониуч зан хөдлөөд GNOME руу ороод харвал миний ажиллаж байсан нөгөө нэгдсэн гээд байсан хувилбар биш харин ондоо хувилбар орсон байлаа. Бас л сонин шүү. Тэгсэн Бадрал бүр өмнө нь хийж байсан орчуулгууд, нэгтгэж амжаагүй байсан юм гэнэ. Тэгээд?

Энэ хоёр салааны аль нь зөв бэ? Алийг нь барьж ажиллах вэ? Хэнийх нь гээгдэх вэ? Хэн хохироод үлдэх вэ? Эдгээр асуудлыг би бас түүнд тавьсан, хүлээж аваагүй, тайлбар хийгээгүй. Хоёр салаанд давхардсан зүйлс цөөнгүй тоогоор гарсан байсан юм. Учрыг лавлавал "Ажил их, зав муу байна, амжихгүй байна". cvs сервер дээрээ нэгтгээд явахад тийм л их цаг ороод байсан юм байх даа? Мөн нэгдсэн сервер дээр ашиглаж байх явцад илэрсэн алдаа болон зарим нэг шинэхэн орчуулгуудаа байрлуулсан байсанг Бадрал өөрийн хувилбараар дарж бичсэн нь миний бухимдалыг үнэхээр их хүргэсэн. Надад цаг зав илүүдээд, хийх юмаа олж ядсандаа эдгээр ажлуудыг хийгээгүй. Сүүлд нь харин "би миний чиний хийсэн ажлуудыг устгахгүй нь ойлгомжтой, эдгээр зөрүүг чамаар засуулах гэж байлаа" гэж хэлсэн.

Хэрэв үнэхээр нэгтгээгүй орчуулгууд байсан бол нэгдсэн гэж нэрлээд, сервер үүсгэх ямар хэрэг байна? Эсвэл үүнийгээ хэлж болох байсан шүү дээ давхар ажил болгож байхын оронд. Хэрэв үнэхээр амжихгүй байгаа бол өөр нэг завтай нэгэнд нь зааж өгөөд хариуцуулж болохгүй л байгаа юм байх даа? Ёстой мэдэхгүй, цаашид ийм янзаараа Бадралтай хамтран ажиллах нөхцөл алга, Бадралд ч байхгүй байх.

OpenMN-г тэнгэр ивээг

2006-08-18

Planet MUUG

Хувь хүн блог дээрээ юу бичих нь тухайн хүний дур сонирхол байдаг. Блогийг бяцхан өдрийн тэмдэглэл ч гэж тодорхойлсон байдаг. Анх блогийг хэн гэдэг хүн хаанаас үүсгэсэн гэдгийг тодорхойлох гэж үзвэл бас л хэцүүхэн юм болох байх. Сүүлийн жилүүдэд блог гэдэг юмыг маш олон хүн хөтөлж, өөрийн бодож санадаг, шинээр сурсан мэдсэн зүйлс, уншсан номны товч, өдрийн тэмдэглэл гэх мэт олон зүйлсийн талаар бичдэг болжээ. Харин эдгээр олон блогуудыг нэгтгэж, нэг хуудаснаас олон хүний блогийг унших боломжийг planet гэх програм олгож байгаа. Ихэнх тохиолдолд сонирхол нэгтэй хүмүүс хамтран, уг програмыг ашиглан PLANET буюу ГАРИГ үүсгэж, тэрүүгээрээ дамжуулан хурдан шуурхай, хялбараар мэдээлэл солилцох болсон.

Миний хувьд Planet Ubuntu, Planet GNOME, Planet Debian гээд олон гаригуудыг уншдаг. Энэ нь тухайн хүн бүрийн блог руу оролгүй, нэг дороос холбогдолтой мэдээллүүдийг авах сайхан боломж болж өгдөг. Харин сүүлийн үед өөрөө бичихээс гадна зарим нэг хүмүүсийг татан оруулсан боловч өөрийн болон холбогдолтой сэдвүүдээр бичдэг хүмүүсийг зангидах, өөрөөр хэлбэл ямар нэг гариг үүсгэх нь зөв шиг санагдсан юм. Эцэст нь монголын юникс болон нээлттэй эхийн програм хангамж сонирхогч, хэрэглэгчдийн нэгэн гариг нээсэн нь Planet MUUG билээ. Энэ хаягаас та тэдгээр хүмүүсийн бичсэн сүүлийн блогуудыг нэг дороос унших боломжтой. Гэхдээ дээрх бүлэгт хамаарахгүй хүмүүс энэ гаригт өөрийн блогийг багтаах, оруулах боломжгүй юм.

Хэрэв та найз нөхөд, сонирхол нэгт, эсвэл ямар нэг зүйлээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн блог байдгийг мэддэг, тэгээд гариг болгон нэгтгэх, зангидах хэрэгтэй байгаа бол надтай холбоо барьж болно шүү. Танд хэрхэн гариг үүсгэх талаар зөвлөгөө өгөхөөс гадна домэйн нэр дээр вэб сервер ажиллуулж, planet-г ажиллуулж өгч болно шүү.

Монголын БЛОГЧИД маш олон болтугай

2006-08-17

Хөдөө явсан нь ...

Бага насанд гэр бүлийн боломж, сонирхолоос болоод хөдөө явдаггүй байсан, харин өсч том болоод компьютераас удаан салж чадахгүйн улмаас гэртээ хоцордог болсон. Энэ жил уг нь хөдөө явж амарна гэж байсан ч бас л тодорхойгүй шалтгаанаар ахиад л явж чадсангүй. Өмнө нь Тэрэлжийн тийшээ хамаатныдаа, ноднин Хэнтийн замд тааралддаг Хэрлэн гол орсонг тооцохгүй бол Улаанбаатараас холдож үзээгүй. Өмнөх Цахим Өртөөгийн хүлээн авалт дээр Цахим Өртөөг санаачлагч, "Цахим Өртөө Холбоо"ТББ-ын тэргүүн Цэрэнбат ах маань бид бүгдийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байх өөрийн гэрт хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Аялалын өмнөх өдөр нь МТҮП-аас 10 цагт хөдлөх товыг дуулаад өглөө эртлэн босч бэлтгэлээ базаасан юм. Хотоод хөдлөөд Био комбинат, Шувуун фабрик гэдэг хотхонуудаар дайрч гарсан нь өмнө ирж байгаагүй надад их л сонин санагдаж байлаа. Ой мод үгүй тал, өвстэй уул толгод. Цахим Өртөөний андуудтайгаа хөөрөлдөн, элдвийг ярьсаар зорьсон газартаа нэг л мэдэхэд хүрсэн байв. Хамгийн сонирхолтой нь АНУ-д байдаг Саруул-Эрдэнэ гээд хэл шинжээч залуутай түүх, хэл, үгсийн талаар маш сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Монголчуудын байлдан дагуулалтын үед ТАТАР гэж монголчуудыг хэлдэг байсан юм байна, энэ нь тухайн үед хаанаас ч юм гарсан хар хүч дэлхий ертөнцийг байдлан дагуулж байна гэсэн цуу Европд тархсан бас ТАР ТАР гэдэг нь далдын хар хүч гэсэн утга илэрхийлдэг байсан ба эцэст нь ТАР ТАР биш ТАТАР болж хувирсан гэж байна лээ. Мөн хуучин монгол бичгийн дуудлагаар 8-р зуунд ямар ч байсан ярьдаг байсан гэнэ, өөрөөр хэлбэл АБУ, ВАГАР гээд, харин бидний ярьж буй монгол хэл нь 13-р зууны үед лав байсан нь хятад сурвалжаар батлагдсан гэнэ лээ шүү.

Хөндий тал нутаг дундуур Туул гол урсана. Даанч энэ усад нь Улаанбаатарчуудын бохир цутгадаг болохоор унд болон ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжгүй. Сумо, дээсний тэмцээнд явууллаа. Би СУМО аврага болоход Баска ах "Компьютерийн ард суусаар байгаад сульдаа болсон байх гэж бодож байсан чинь ..." гэдэг байгаа. Бүхэл өдөржин элдвийг хэлэлцэж, тоглож наадан, хүссэн хэмжээгээр айраг ууж хорхог идсэн энэхүү анхны гэж хэлж болох миний хөдөө явсан аялал маань дурсамж, сэтгэгдэл дүүрэн сайхан өнгөрлөө. Харин орой гэрт ирсний дараа онцгүй юм болсон шүү ...

ХӨДӨӨ ТАЛ МИНУ

2006-08-11

Зайсан толгой

Сүүлийн үед зуслан ч гарахгүй, бараг гэртээ ч харилгүй өдрийн ихэнх цагийг интернэтэд, компьютерийн ард өнгөрөөлөө. Гэтэл уржигдар найз маань ирээд хамт жаал гадуур явж байгаад зайсан толгой, бас түүнээс цаашилж голын эрэг дээр очиж богинохон хугацаанд ч болов салхинд гарав.

Зайсан толгой дээр гараагүй хичнээн ч удсан юм, хот маань их гоё харагдаж байсан шүү. Машины зогсоол дээрээс хотын барааг ширтэж баахан зогсож байгаад дээш гарч ард талыг харвал... Үнэхээр аймшигтай. Нөгөө төрийн тусгай хамгаалалттай билүү, ямар ч байсан нэг төрлийн хамгаалалттай байр орон сууц барих хориотой, ер нь л байгалийн зэрлэг байдлаараа байх ёстой гэдэг газар чинь бараг л хот сүндэрлэж байлаа. Жаал чагнаж зогсвол барилгын чимээ тасралтгүй дуугарч, хэд хэдэн газар барилгын ажил өрнөж байх юм. Хэд ингэж бариад байна? Монголын хууль үйлчилдэггүй, хуулийг үйлчлүүлдэггүй юм байх даа? Хэрхэн өөрчлөх вэ бүгдээрээ?

Зайсан толгойгоос буугаад онц сүртэй хийх юм байхгүй тул туулын эрэг дээр хальт салхилж, шумууланд соруулах шив. Голын эрэг дагаад багширсан хүмүүс амарцгаана, хамгийг гол нь яагаад тарьсан хогоо өөрсдөө аваад хот буцаж болдоггүй юм бол? Тэндээ үлдээчихсэн, асах их хогтой, гол ус нь ч бохирдоод л... Олны хөлөөс зайдуу байх гэж цааш нэлээн явж, хүн хуар багатай газар очсон ч нөгөө хог нь угтаад л байж байх юм.

Нэгэн үдшийг инхүү сайхан амралт болон хүний тарьж буй балгаас үүдсэн бухимдал хоёрыг хослуулан өнгөрөлөө. Монголчуудад энэ эх болсон байгалиа хайрлах сэтгэл, ухамсар байдаггүй юм байх даа.

2006-08-07

Цахим өртөө

Нэлээн хэдэн жилийн өмнө Цахим Өртөө гэж зүйлийг гадаадад байдаг монголчууд санаачлан байгуулж ажиллаж байгаа талаар хаанаас ч юм сонсоод орж, илгээлтийн жагсаалтад нь бүртгүүлж байсансан. Тухайн үед өдөр бүр л хэд хэдэн чухал, хэрэгцээтэй биш захидалууд ирээд байсан учир бүртгэлээс өөрийгөө хассан. Харин 7-р сарын сүүлээр "Монголын Оюуны Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулга Уулзалтыг" Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж, хэд хэдэн сэдвээр санал солилцсон билээ. Энэ арга хэмжээний талаар Датакомын Саруултуяа надад хэлээд, Мэдлэг ба технологи сэдэв дээр хамтран хөтлөн явуулах саналыг надад тавьсныг хүлээн авснаар Цахим Өртөөг ахин шинээр өөртөө нээсэн юм.

Чуулга уулзалтын өмнөх өдөр бүх хөтлөгчид хэрхэн хөтлөх, ямар зүйлсийг илүүгээр тодотгон ярих гэх мэт зохион байгуулалтын уулзалт дээр Цахим Өртөө гэх зүйлийн талаар анхны сэтгэгдэл надад буулаа. Тэнд хуульч, эдийн засагч гээд бараг л бүхий л салбараас төлөөлөгчид ирж үнэхээр ажил хэрэгчээр өөрсдийн хөтлөн явуулах сэдвүүдийн талаар ярилцаж байлаа. Энд ирсэн хүмүүс өөрсдийн салбартаа туршлагатай, чадвартай болох нь тэдний дэвшүүлэн тавьж буй санаа, ярьж буй ярианаас харагдаж байсан юм. Үнэндээ би олон зүйлийн талаар мэдэхгүй ч тэдний ярьж байгаа зүйлс үнэхээр хэрэгтэй, чухал Монгол Улсын маань хөгжилд хэрэг болохуйц нь хэнд ч ойлгомжтой байсан. Мэдээж гэхдээ зарим нэг мэргэжлийн зүйлсийг огт ойлгоогүй л дээ. Чуулга уулзалтын үр дүнг цаг хугацаа л харуулна байх, хувьдаа би амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэнэм.

Товчхондоо "Цахим өртөө"-нд нэгдсэн хүмүүс нэг л зорилготой энэ нь Монгол Улсаа хөгжүүлэх. Тэд өөрсдийн мэддэг чаддаг салбарын мэдлэгээ бусдадтайгаа хуваалцаж, хамтран хэрхэн Монгол Улсаа богино хугацаанд хөгжүүлэх талаар ярилцаж, ажил хэрэг болгодог хүмүүс байна лээ. Анх зүгээр л нэг вэб болон цахим шуудангаар ажиллагаа эхэлж байсан ч, илүү хүн хүрж, албан ёсны үйл ажиллагаа явуулах үүднээс "Цахим Өртөө Холбоо"ТББ-ыг өнгөрөгч оноос эхлэн ажиллуулж байна. Одоогийн байдлаар овойж оцойтол нь ажил хийгээгүй ч цаашдын ажиллагаагаа төлөвлөн ярилцаж, хувь хувийн нэмрийг оруулж улам ихийг хийж бүтээхээр зорьж байгаа нь тодорхой. Би ч тэдэнд нэгдэж, цаашдын үйл ажиллагаанд нь өөрийн хувь нэмрийг оруулах бодолтой байгаа.

2006-08-05

Хотын гудамжинд шөнө болдоггүй

Сүүлийн хэд хоног бас ирэх хэд хоног гэрт ганцаар болсон тул харих дур хүсэл бараг байхгүй болсон гэж хэлж болно. Учир нь унтахаас өөр том харих шалтгаан байхгүй, хариад ганцаараа, гэлээ ч хийгээд байх сүртэй юм байхгүй. Тэрний оронд оффис дээр элдэв хангайн юм уншсан шиг, бага сага зүйл хийсэн шиг сууж байх нь нэг төрлийн жаргал гэлтэй.

Өнгөрсөн долоо хоногт унтах гэж л бараг харисан байх, шөнө 22 23 гээд л гараад харина, харин замд хотын гудамжинд түм түчигнэж, бум бужигнана, машинууд сүлжилдэнэ. Зуны сайхан энэ үдшүүд үнэхээр сайхан, зөөлөн агаартай хосууд эерэг энерги цацруулан хамтдаа зугаална. Ямар сайхан зун бэ. Өмнө ийм зуныг үзэж байгаагүй юм шиг. Эсвэл миний ертөнцийг харах нүд маань арай ондоо болсон юм болов уу? Мэдэхгүй, ямар ч байсан үдэш орой харих гээд алхаж байхад цаанаа л нэг л таатай, гэвч гунигтай. Учир нь миний ХАЙР намайг түр орхиод хөдөө явсан.

Өнгөрсөн баасан гарагт интернэтээр 12 цагт эхлэх хичээлд суухаар төлөвлөлөө. Их л өлсөж байсан учир өмнө нь амжиж гэртээ хариад хоол хийж идээд 23 цагийн үед оффис руу алхах зам бас л их таатай. Хичээл 2 дөхүүлж дуусан, гараад гадуур алхатал бас л дүүрэн хүмүүс, унтдаггүй гэлтэй.

Өмнө нь нэгэн барилга дээр шөнө манаач хийж байхад машины цуваа шөнөжин тасрахгүй, таксины жолооч нар 5 дөхүүлж зогсож хальт дуг хийчээд, 6 өнгөрөөгөөд буцаад л хөдлөөд явдагийг мэдэхээс хотын төвөөр, шөнө дундаар ийм хөдөлгөөнтэй байдгийг мэдсэнгүй явж.

Хотын гудамжинд шөнө болдоггүй

2006-08-02

Миний зурагнууд

Би ер нь их залхуу хүн бололтой. Явж ирсэн зургуудаа бүр сар, бүхэл бүтэн сарын дараа олонд тавьж байдаг. Уг нь ч нэх ядаад байх юм байхгүй л дээ, гэхдээ хэмжээг нь жижиг болгож тавихаас залхуураад 33 хоног явчихаж, аймшигтай.

http://www.flickr.com/photos/dulmandakh/ хаягаас миний зурагнуудыг сонирхож болно. http://flickr.com дээр өөрийн Yahoo дансыг ашиглан эсвэл шинээр бүртгүүлээд ямар нэг төлбөргүйгээр өөрийн зургийг бусадтай хуваалцах боломж байдаг юм байна. Гэхдээ хэрэв үнэгүй эрхтэй бол сард 20 мега файл л байрлуулах боломжтой юм байна лээ, сүүлд нь мэдлээ.

ДҮР ТӨРХ