Showing posts with label интернэт. Show all posts
Showing posts with label интернэт. Show all posts

2011-02-08

IPv4 ба IPv6

Сүүлийн хэд хоногуудад IPv4 гэгч зүйлийн нөөц дуусч IPv6 руу шилжих талаар мэдээ, блогууд хөврөх болов. Ер нь ямар асуудал үүсээд буйг ойлгоход дөхөм болох үүднээс IPv4, IPv6 гэж юу болох талаар товч өгүүлэхээр шийдлээ.

2009-01-17

Ubuntu сүлжээндээ Windows XP-с хурдан уу

Нэг нөхөр санамсаргүй байдлаар туршилт хийхэд яг ижилхэн шугам дээр Ubuntu нь 22-25mbps байхад Windows XP нь 12-14mbps хурдтай байсан байна. Гэхдээ тэрээр үүнийгээ ямар нэг зүйлийг батлах зорилгоор хийгээгүй, бас ижилхэн тооцоолуур, тохиргоо ашиглаагүй гэнэ. Ubuntu дээр байсан 256МБ илүү санах ой нь ингэж бараг 2 дахин хурдлахад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой юмаа. Тэгж байгаад нэг туршиж үзье байз.

2009-01-10

IPv6 руу бид хэзээ шилжих вэ?

Интернэтийн хамгийн том үйлчилгээ үзүүлэгч Google IPv6-г бүрэн дэмжиж, удахгүй бүх үйлчилгээнүүдээ түүнд дээр ажиллах боломжтой болгож буйгаа зарлалаа. Үүний дараа IPv6 хэрэглэгчид хайлт, зураг, блог зэрэг бүх үйлчилгээг авах боломжтой болох юм. Япон, Солонгос болон бусад хөгжиж буй Азийн улсууд нэгэнт "ховрын бараа" болоод байгаа IPv4-с татгалзаж аль болох IPv6 ашиглахыг эрмэлзэх болсон. Жишээ нь, 2008 онд л гэхэд дэлхий даяаар нийт 197.27 сая IPv4 хаягийг олгосон бөгөөд энэ нь өмнө жил байсан 69.7%-ийн хэрэглээг 75.3% болгон өсгөсөн байна. Хэдийгээр цаана нь нэлээн хэдэн хувь үлдсэн байгаа ч интернэтийн хэрэглээ, хаягийн ашиглалт маш хурдацтай өсч байгаа, хажуугаар нь нэлээн их хэмжээний хаягууд нөөцөд, тусгай зориулалтаар хамгаалалгдсан байдаг. Үүндээс Ази тив нь маш хурдацтай өсч, хэрэглээ нь гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Өнөөдөр сүртэй асуудал биш боловч тун удахгүй чухал асуудал болж, интернэтийн хөгжлийг боомилох өдөр ирэх вий. Үүнээс өрсөн бид 5 жилийн хугацаанд юуг яаж хийх вэ, хэрхэн шилжих талаар ярилцах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. "Сүх далайтал үхэр амар" гэдэг үлгэрийг дуусгах хэрэгтэй болов уу. Таны санал?

Google гэж юу вэ?

Интернэт хэрэглэгч бүр л энэ асуултын хариуг мэднэ. АНУ мэдээллийн технологи болон интернэтийн нэвтрэлт, ашиглалт хамгийн өндөр гэж явдаг. Гэтэл АНУ-д дөнгөж хөл тавиад байж байтал гаалийн ажилтан бүсгүй надаас дээрх асуултыг асуув. Би "интернэтийн компани" гэж хэлээд их л гайхан, толгойгоо маажаад цааш явав. Энэ л миний АНУ-ын талаар анхны сэтгэгдэл байлаа.

Google Chrome 2 удахгүй гарах нь

Саяхан л нэлээн шуугиан дагуулж гарч байсан отгон браузер Chrome-ын маань дараагийн хувилбарын маш түүхий боловч ашиглаж болох эхний хувилбар бэлэн болжээ. Одоогийн хувилбараасаа нэлээн олон шинэ зүйлсийг агуулж байгаа ч хамгийн онцлох нь өөрийн гэсэн HTTP санг хөгжүүлж түүнийгээ ашиглах болсон байна. 1.0 хувилбар нь WinHTTP гэх санг ашигладаг учир Windows-с өөр үйлдлийн систем дээр ашиглах боломжгүй байсан юм. Харин өөрсдийн санг хөгжүүлсэн нь тун удахгүй Мак болон линукс хэрэглэгчдэд Chrome суулгах, ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Миний хувьд саяхан гэрийн тооцоолуур дээрээ Chrome суулгаж ашиглаж үзсэн бөгөөд маш энгийн, ойлгомжтой, давгүй ажиллагаатай санагдсан. За ингээд линуксд зориулсан хувилбарыг нь хүлээж дээ...

2009-01-07

Эд чинь мартахгүй байна гэнэ

Сүүлийн жилүүдэд хувийн нууцын талаар асуудал ихээхэн хөндөгдөх болов. Хүмүүсийн интернэтээр аялсан түүхээ бусдаас нуухыг эрмэлзэж, вэб браузер хөгжүүлэгчид энэ хэрэгцээнд суурилан Private mode гэх горимыг зохион бүтээв. Энэ горимд ажиллах байх үед браузер нь хэрэглэгчийн ямар вэбээр орсон гэхээс авахуулаад ямар ч мэдээллийг өөр дээрээ хадгалж үлдэхгүй байх ёстой бөгөөд хаамагц намайг суусан талаар ор тас мартах ёстой юм. Үүргээ ч биелүүлдэг гэж хөгжүүлэгчид нь ярьсаар ирсэн. Гэтэл саяхан явуулсан нэгэн судалгаагаар тийм биш болох нь тогтоогдсон байна. Хамгийн сонирхолтой нь бараг интернэт хэрэглэгч бүрийн ашигладаг Adobe Flash нь ямар ч браузерийн нууцлалын дүрмэнд захирагдахгүй байсан ба хамаг зүйлийг нь санаж байсан байх юм. Бас бус програмууд нь зарим нэг зүйлсийг алдаг оног санаж үлдээд байгаа юм байна. Эд чинь мартахгүй л байна шүү дээ...

2009-01-02

Browser Security Handbook

Browser Security Handbook гэх нэгэн гарын авлагыг Google-ийн инженер Michal Zalewski бэлэн болгосон байна. Энэхүү гарын авлагаа тэрээр вэб програм хангамж хөгжүүлэгч, аюулгүй байдлын судлаачдад зориулсан бөгөөд үүгээрээ орчин үеийн вэб браузеруудын аюулгүй байдлын талаар цогц мэдээллийг өгөхийг зорьжээ. Сайн үзэж амжаагүй болохоор нэмж хэлэх зүйл алга даа гэж....

IE доошоо орчиж

NetApplications.com-ын явуулсан судалгаагаар интернэт хэрэглэгчдийн 90% гаруй хувь нь ашигладаг байсан Internet Explorer-ын хэрэглээ дөнгөж 70% хүрэхтэй үгүйтэй болжээ. Үүний эсрэгээр Firefox-ын нийт зах зээлд эзлэх хэмжээ бараг 21% хүрсэн байна. Харин харьцангүй сүүлд эсвэл хамгийн отгон гэж хэлж болох Google Chrome аль хэдийнээ 0.83% эзэлж, ахмадуудын нэг болох Opera-гаас давж гарсан байх юм. Гэтэл миний блогийн зочдын 71.59% нь Firefox, 21.37% нь Internet Explorer, 5.43% нь Chrome ашигладаг гэж Google Analytics харуулж байна. Харж байхад манайд Firefox-ын хэрэглээ нэлээд өндөр юм шигээ. Та юу гэж бодож байна?

2008-10-15

Youtube - #2 хайлтын систем

comScore, Inc гэх компани тоон ертөнцийн мэдээллийн цуглуулж хэмждэг ба qSearch гэх судалгаагаар сар бүрийн хайлтын зах зээлийн талаар мэдээллийг гаргадаг юм байна. 8-р сарын байдлаар хайлтын зах зээлийн тэргүүлэгч нь мэдээж Google ба тэд 63%-ийг эзэлдэг, Yahoo 19.6%-г эзэлдэг бол Microsoft 8.3%-иар удаалж байна. Мөн 8-р сард Youtube дээр нийт 2,564 хайлт хийгдсэн бол Yahoo дээр 2,393 хайлт хийгдэж Youtube маань 2 дахь том хайлтын систем болжээ. Харин Google дангаараа 7,594 хайлтыг эзэмшихээс гадна хамгийн том хоёр хайлтын системийг эзэмшиж байна. Тодруулж хэлэхэд 7,594 гэдэг нь 7 тэрбум хагас гэсэн үг юм байна.

2008-10-01

Интернэтээс нуугдаж чадах уу?

АНУ-ын дэд ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Sarah Palin-ы Yahoo! Mail дээрх цахим шууданг нэг нөхөр нээж үзээд, олонд дэлгэсэн нь сүүлд нэлээн шуугиан тарьж байгаад намжих шиг боллоо. Үүнийг үйлдсэн залуу түүний хувийн гэрэл зургууд, зарим нэг хувийн харилцааг нь олон дэлгэснээрээ хэрэгт унахаар шахаж байгаа ч хэрхэн үүнийг хийсэн бэ гэдэг нь хамгийн сонирхол татаж байсан юм. Харин хэргийн эзэн маань хэрхэн үүнийг хийснээ олон нийтэд тайлбарласан бөгөөд үүнд нь ямар нэг тусгай мэдлэг шаардагдаагүй харин багахан интернэт хайлт л хангалттай байснаа хэлсэн нь шуугиан тариад амжсан.

Хэргийн эзний сониуч зан нь хөдөлсөн үү яасан Sarah Palin-ы хувийн захидлуудыг үзмээр санагдсан юм шиг байгаам. Тэрээр зорилгодоо Yahoo! Mail-ийн мартсан нууц үгээ сэргээх боломжийг ашиглахаар шийдэж. Харин энэ тохиолдолд тавигдах асуултын хариуг багахан хайлт хийгээд л олсон гэсэн. Нөхөртэйгөө хаана танилцсан, нохойг нь хэн гэдэг, аль сургууль, ямар анги гээд бүх л мэдээлэл. Өөрөөр хэлбэл тэр хүн бараг хувийн нууцгүй болж.

Интернэт нь хөгжихийн хэрээр бид бүхнээс маш их мэдээллийг өөртөө авч үлдэж, хадгалах болж. Өөрөө ч мэдээгүй байхад миний талаар мэдээлэл интернэтэд нэмэгдсээр, одуудын хувьд бүр ч хэцүү байх. Дээрх явдлаас санаа аваад өөрийнхөө талаар хайж үзсэн чинь бас их юм гарч ирж байна лээ шүү. Та ч бас өөрийгөө хайгаад үзээрэй. Ер нь интернэтээс нуугдах, ул мөрөө үлдээхгүй байх боломж байна уу?

Интернэтийн түүхэн дэх 50 онцлох үйл явдал

Энэ тэрүүгээр хэсч элдэв юм үзэх зуршлаараа тэнэж яваад сонирхолтой гэж болох юм оллоо гээч. Энэ нь өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернэтийн суурь гэгддэг ARPANET төслийг үүслээс эхлээн интернэтийн өнөөдрийг хүртэл түүхэнд болсон 50 онцлох үйл явдын тойм юм. Бас болоогүй "эхлэл", "вэб", "цахим шуудан", "вэб 1.0" бас "вэб 2.0" гэх мэтээр ангилан үзүүлсэн нь их сонирхолтой.

Товчхон сонирхуулбал ARPANET төсөл маань 1966 оны 2-р сард эхэлж байсан, 1974 оны 5-р сард TCP/IP үүссэн, 1990 оны 11-р сард WWW-ыг Tim Berners-Lee санаачилсан байх юм. Хамгийн анхны СПАМ нь 1978 оны 5-р сард 400 хүнд цацагдаж байж. Миний бараг өдөр тутмын хэрэглээ, мэдлэгийн эх далай гэж болох Wikipedia маань 2001 оны 1-р сард үүсчээ. Энэ хаягаар ороод сонирхоод үзээрэй, сонирхолтой юм байна.

2008-07-31

Тодруулга: SSL гэж юу вэ?

Өөрийн блогтоо "ТОДРУУЛГА" гэсэн нэгэн шинэ булан нээж байна. Энэхүү булангаараа дамжуулан зарим нэг зүйлийн талаарх буруу ойлголтыг залруулж, өөрийн туршлага мэдлэгээсээ хуваалцах гэсэн юм. Хамгийн эхэнд SSL-ийн талаар бичихээр шийдлээ. Танд тодруулах эсвэл эргэлзээтэй зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээгээрэй, чадах чинээгээрээ тодруулга хийж, асуултанд тань хариулъя.

Манай компани интернэтийн аюулгүй байдлын шийдэл боловсруулагч thawte компанитай өнгөрсөн 10 сараас эхлэн хамтран ажиллаж байна. Тэдний бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдахаас гадна танд аль нь илүү тохирох, хэрхэн хэрэглэх талаар зөвлөлгөө өгч байгаа. Энэхүү ажлынхаа хүрээнд хүмүүстэй уулзаж ярилцаж байхад SSL тавьснаар вэбтэй холбоотой бүх асуудлыг шийдэх боломжтой гэсэн эндүү ойлголттой байдаг нь анзаарагдаж байсан. Жишээ нь, би нэг вэбийн код бичсэн, аюулгүй байдлыг хувьд төдийлөн шалгаж үзээгүй, гэхдээ SSL тавьчихаар энэ зүгээр биз дээ? Манай вэб дээр SQL Injection, XSS алдаа илэрсэн гэсэн SSL тавиад хамгаалж болох уу? Манай вэб сервер хакердуулсан гэхдээ SSL тавиад хамгаалж болох уу? Гэвч бүгдийнх нь хариулт ҮГҮЙ.

SSL гэж юу вэ? Бидний вэбээр үзэж болон илгээж байгаа бүх зүйл нээлттэйгээр хийгдэж байдаг. Өөрөөр хэлбэл хэн ч замаас нь бариад, задлаад үзэж болхо. Та нэгэн вэб сайтад ороод нэр, нууц үгээ хийхэд тэрийг тань замаас нь мэдэж болно гэсэн үг. Энэ байдал нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд нөлөөлж байсан тул мэргэжилтнүүд энэхүү дамжиж байгаа мэдээллийг хэрхэн нууцлах, хөндөгдөөгүй байдлаг хэрхэн хангах талаар толгойгоо гажилгасны эцэст SSL буюу Secure Socket Layer гэдэг юмыг зохион бүтээжээ. SSL нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизмыг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээллийг тань серверээс өөр хэн ч уншиж чадахгүй гэсэн үг, мөн таны хүлээн авч байгаа мэдээлэл тань замдаа ямар нэг байдлаар засварлагдаагүй гэсэн баталгаатай байдаг. Иймд SSL нь зөвхөн интернэтийн сүлжээгээр дамжиж буй мэдээллийн нууцлалыг хангах хэрэгсэл болохоос биш агуулгыг хянадаггүй, бас серверийг хамгаалдаггүй. Вэбээр дамжин хийгддэг SQL Injection, XSS гэх мэт халдлага нь агуулгын хэлбэртэй хийгддэг болохоор өмнөх хариултууд ҮГҮЙ гэж гарсан. SSL технологи маань хөгжлийн явцдаа бусад технологиудын адил цоорхой гарч байсан ба мэргэжилтнүүд v3 буюу сүүлийн 3-р хувилбар нь илүү найдвартай, өндөр зэрэглэлийн хамгаалалт өгдөг гэж үзэж байгаа. Мөн адил санал болгож байна.

SSL нь хэн үүсгэж байгаа, хэн баталгаа өгч байгаагаасаа шалтгаалан хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Хэн нэгэн өөрөө түлхүүрийг нь үүсгээд, өөрөө сертификатыг нь үүсгээд өөрөө баталгаа гаргаж байгаа бол үүнийг self signed гэж нэрлэдэг. Харин түлхүүрийг нь өөрөө үүсгээд, сертификатыг нь thawte гэх мэт аль нэг аюулгүй байдлын (CA буюу Certificate Authority) компани үүсгэж, баталгааг гаргаж байгаа бол CA гэж нэрлэдэг. Self signed сертификат нь нууцлалын хувьд ялгаагүй ч маш бага хүрээнд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Учир нь ийм төрлийн сертификат бүхий вэб рүү зочлох бүрд вэб хөтөч маань итгэх эсэхийг асуудаг. Харин CA-ын үүсгэсэн сертификат бүхий вэб руу ороход ямар нэг анхааруулга өгөхгүй бөгөөд өндөр нууцлалын баталгаа өгдөг юм.

2008-06-19

Firefox 3-ын таталт бараг 10 сая хүрч байна

Firefox-ын 3-р хувилбар хоёрхон хоногийн өмнө эцэслэн гарч хэрэглэгч бидний гар дээр ирсэн. Хэн дуртай нь http://www.spreadfirefox.com/en-US/worldrecord хаягаас татаж авах боломжтой ба хэдхэн минутын өмнөх байдлаар 9757905 хүн татаж авсан байна. Үүнд монголчууд бид багагүй хувь нэмэр оруулж 897 удаа татаж авсан байх юм. Гэхдээ үргэлжилсээр ... Бас энд линукс тархацуудаар дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа тоо ороогүй гэдгийг тэмдэглэмээр байна. Энэ бол нээлттэй эхийн програм хангамжийн хувьд маш том амжилт, бас програм хангамжийн түүхэнд ийм богино хугацаанд ийм олон хэрэглэгчдэд хүрнэ гэдэг бол гайхамшиг.

2008-06-14

Firefox 3-г сонгоцгооё

Интернэт хэрэглэгч хэн бүхний мэдэх Firefox-ын 3-р хувилбар ирэх мягмар гарагт буюу 17-ны өдөр эцэслэн гарч та бүхний гар дээр очих гэж байна. Firefox нь бусад вэб үзэгч програмуудыг бодвол хурдан, найдвартай мөн таны мэдээллийн аюулгүй байдлыг илүү сайн хамгаалж өгснөөрөө илүү давуу талтай юм. Шинээр гарах гэж буй 3-р хувилбар өмнөх хувилбарын давуу талуудыг хадгалан үлдэж, илүү баталгаажуулснаас гадна таныг интернэтээр хийх аялалыг тань илүү хялбар, тааламжтай болгох шинэ шинэ боломжуудыг нээж байна. Би хувьдаа нэлээн дээрээс туршилтын хувилбарыг ашиглаж байгаа ба аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулж, илүү хурдан, илүү хялбар болсон гэдгийг баттай хэлмээр байна. Танд таалагдана. Хэрэв та Firefox-ын үнэнч хэрэглэгч бол эсвэл та хэрэглэхээр шийдсэн бол http://www.spreadfirefox.com/en-US/worldrecord/ хаягаар орж дэмжиж буйгаа илэрхийлээрэй. Мөн Монгол Улсынхаа газрын зургийг илүү тодоор дүрслэгдэхэд хувь нэмрээ оруулаарай.

2008-04-29

Web 2.0 ба хүний нийгэм

Хуульч Тэмүүжингийн "Үгс ..." гэх номыг саяхан нэгэн найзаасаа аваад өдөрт нэг нийтлэлийг нь уншаад бараг дуусч байна. Монголын нийгмийн амьдрал, болж буй үзэгдлүүдийн талаар жишээ иш үгээр егөөдөн өгүүлэх энэ ном амьдрал, нийгмийг үзэх миний үзлээс өөрөөр бичиж басхүү аливаа юмыг арай өөрөөр харах боломж олгож байгаа нь надад их таалагдсан. Номыг уншаад элдвийг бодож суухад интернэт бидний нийгэм, хувь хүний зан төлөвшилд хэрхэн нөлөөлдөг талаар уншсан минь санаанд орж та бүхэнтай хуваалцмаар санагдсан нь энэ.

Мэдээллийн технологи нь хүмүүс бидэнд аливаа юмыг хийх маш өргөн боломжийг олгож энэ нь бизнес, хүмүүсийн харилцаанд хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Өмнө нь бид мэдээлэл хайхдаа бараг бүх хуудас руу шагайж үздэг байсан бол одоо хэдхэн түлхүүр үг ашиглаад хайгаад олно. Юм хайх хоорондоо та өөр төрлийн мэдээлэл авах боломж хумигдаж байна. Энэ нь бүр хөгжөөд таны хайлтнаас таны юу сонирходог, ямар хүн болохыг тань тааж болохоос гадна таны сонирхолд нийцсэн зүйлийг санал болгоход ашиглаж байна. Google дээр та өөрийн хаягийг бүртгүүлээд нэвтэрч ороод хайсан бүгдийг тань Google хадгалж аваад дараа дараагийн хайлтанд ашиглана. Amazon.com бүр гайхалтай та нэвтэрч орсон ороогүй хамаа байхгүй таны хийсэн бүх үйлдлийг тань бүртгэж аваад таны хайгаад буй эсвэл холбогдолтой зүйлсийг санал болгохдоо ашиглана. За та тэгээд бараг бүх юмыг нь авмаар санагдана. Худалдаа хийсний дараа араас байнга захидал шийднэ, эндээ бас л миний сонирхолд нийцсэн зүйлсийг санал болгоно. Бас болоогүй өөртэйгөө ижил үзэл бодолтой, ижил юм сонирходог хүмүүстэй уулзах учрах ганц боломж нь ямар нэг дугуйлан эсвэл клуб байсан бол одоо арай л ондоо. Та өөрийгөө цор ганц, хосгүй эсвэл хэний ч сонирходоггүй зүйлийг сонирходог гэж боддог болно, гэхдээ та эндүүрч байна. Зүгээр л та өөртэйгөө ижил хүнийг олж чадахгүй л байсан байх. Харин одоо та хэсэгхэн хайлт хийхэд л хангалттай, "you are not alone" :). Юм хөгжөөд би өөрт хэрэгтэй зүйлсээ илүү богино хугацаанд илүү хялбар олох боломжтой болж байгаа нь сайн хэрэг. Гэвч ...

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд технологийн дэвшил нь бидний нийгэмд үзүүлэх нөлөөлллийг судалж зарим нэг дүгнэлтүүдийг хийсээр байна. Хамгийн энгийн хамгийн түгээмэлүүд нь мэдээллийн технологи, цахим шуудан, чат нь хүмүүсийн хоорондын халуун дулаан харилцааг хүйтрүүлж байна, хүн хүнтэйгээ харьцах, ойлголцох чадварыг алдагдуулж байна, зожигруулж байна гээд тоочвол дуусахгүй. Бас нэгэн сонирхолтой судалгаагаар хүмүүст сонирхлынх нь дагуу мэдээллийг гаргаж өгөх нь хэдийгээр тухайн хүний цагийг хэмнэх гээд сайн нөлөө их боловч тухайн хүнийг хэт өөрийн үзэлд итгэх эсвэл нэг зүйлд хэт автах гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна. Ижил төрлийн хүмүүсээ хялбар хайж олох боломжтой байх нь энэ хандлагыг улам лавшруулна.

За дүгнэлтийг нь бичих гэсэн чинь нэг л болдоггүй ээ. Орхихоос

2008-03-18

Google-гүй 72 цаг

Хэрэв Google 72 цаг зогсвол та яах вэ? Энэ асуултанд хариулахыг оролдоно уу. Хариултаа харин сэтгэгдэл болгоод үлдээгээрэй. Нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь ямар нэг мэдээллийг тогтоохын оронд 2 3 удаа Google-с хайхыг илүү үзсэн байх юм. Би ч бас дараа нь Google-с олж болдог болохоор ихэнх зүйлсийг хадгалаад байдаггүй.

2008-03-01

Шал тэнэг юм

Хүн төрөлхтөн үүссэн цагаа хойш аливаа зүйлийг амарчлах эсвэл илүү нарийвчлалтайгаар хийх аргыг эрж хайсаар ирсэн. Үүний дүнд өнөөдрийн бидний өдөр тутын хэрэглээ тог, гэрэл, хэвлэгч, хувилагч, компьютер, интернэт гэх мэт зүйлс зохиогдсон. Байгалийн гэрэл хязгаарлагдмал байсан тул харанхуйд өдөр мэт гэрэлтүүлж ажиллахын тулд лаа, дэнлүү цаашлаад ламп, ямар нэг зүйлийн олон дахин гараараа бичихгүйн тулд хувилагч, тооцооллыг илүү нарийвлалтай, алдаагүй хийхийн тулд компьютер, мэдлэг, мэдээллийн илүү хурдан солилцохын тул интернэтийг бүтээсэн. Энэ бүгд түүхэнд тодоор бичигдэх томоохон нээлтүүд ба хүний хөгжилд томоохон түлхэц болж бид бүхний амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлэхэд болно.

Эстони улс нь интернэтээр сонгууль явуулсан анхны улс болжээ. Хүмүүсээс санал авах, түүнийгээ тоолж дүгнэх нь хэзээ ч амар жил байсангүй. Санал асуулгад оролцож буй хүн болон асуултын тоо өсөхийн хэрээр саналыг тоолох, дүгнэх ажил хүндэрдэг. Хамгийн гол асуудал нь санал бүрийг алдалгүй тоолж эцсийн дүнд тусгах явдал юм. Энэ ажиллагааг хялбарчлах, илүү нарийвлалтай болгох үүднээс хөгжилтэй орнууд цахим санал хураах системийг боловсруулан ашиглаж байгаа боловч интернэтээр дамжуулан санал авсан анхны улс нь ийнхүү Эстони болжээ. За энэ ч яахав.

Тэнэг юм эндээс эхэлж байна. Интернэтээр мэдээ үзэж байхад АНУ-д хэрэглэгддэг Diebold гэдэг цахим санал хураах машины аюулгүй байдлын талаар мэдээлэл байнга цацагдаж байдаг. Энэхүү машиныг хэрхэн гацааж ажилгүй болгохоос авахуулаад хэрхэн авсан саналыг өөрчлөх, худал санал өгөх, олон дахин санал өгөх гээд асуудал хөвөрч өгнө. Нэлээн өргөн хэрэглэдэг бас Засгийн Газраас нь дэмжлэг үзүүлдэг бололтой юм. Энэ талаар нэх сонирходоггүй болохоор тэр бүгдийг уншдаггүй байтал саяхан "Master Diebold Key Copied From Web Site" гэсэн гарчигтай мэдээлэл нь миний анхаарлыг татав. Лавлаад үзвэл Diebold-ын санал авах машинууд нь бүгд нэг түлхүүрээр түгжигдэж бас онгойдог байх юм. Хамгийн тэнэг нь нэг хүн албан ёсны вэб сайт дээр нь байсан түлхүүрийн зургийг ашиглан шинэхэнэ түлхүүр хийсэн нь таарч, бүх санал хураах машинуудыг онгойлгох боломжтой болсон байна. http://www.bradblog.com/?p=4066#more-4066 хаягаас дэлгэрэнгүй мэдээллийг авч, бас Diebold-г онгойлгож байгаа дүрс бичлэгийг үзээрэй. Нээрээ шал тэнэг юмаа.

2008-02-29

Монголын интернэт: өнгөрсөн ба одоо

Бага дүүгээ гитарынх нь дамжаанд хүргэж өгч авдаг ажлаа өнгөрсөн долоо хоногт хийж яваад буцах замаараа 10-р хорооллын "Номин"-гоор оров. Дүүгээ жаахан эрхлүүлж зарим нэг амттан авч өгчихөөд гараад явж байтал хажууханд нь байдаг интернэт кафены хаягийг харсан дүү маань "ADSL өндөр хурдны интернэт гэчихсэн байх юм, нээрээ тийм хурдтай юм уу" гэж асууж байна. Гэртээ манайх Magicnet-ийн DSL ашигладаг болохоор "манайд байдаг шиг л интернэт" гэж хэлэхэд "тэгвэл сүртэй биш юм байна тээ" гээд нэх тоосон шинжгүй байна. Хэдийгээр би хуучин ямар байсныг тайлбарлахыг оролдсон боловч тэр үеийг мэдэхгүй дүү маань миний яриаг төдийлөн ойлгосонгүй. Хэдхэн жилийн өмнө хүн бүрийн хүсдэг боловч авч чаддаггүй, өндөр хурдтай, найдвартай гэгддэг байсан холболт маань маш энгийн, байх л ёстой зүйл болсон байх юм. Юм хөгжинө өө гэж ...

2008-02-28

Microsoft + Yahoo = аюул занал

Хэсэг шуугисан Microsoft болон Yahoo-гийн асуудал намжиж байх шиг байна. Хамгийн эцсийн байдлаар Microsoft-ын санал болгосон үнийг хүлээж авах боломжгүй, харин үнийг өсгөвөл ахин энэ асуудлаар ярилцаж болох талаар Yahoo-ийн удирдах зөвлөл шийдвэр гаргасан. Yahoo-ийн хувьцаа бүрд санал болгосон үнэ үнэхээр боломжийн, гэсэн хэдий ч Yahoo-ийн ирээдүй маш гэрэлтэй басхүү одоогийн байгаа үнэнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй харагдаж байгаа юм. Өнөөдөр Yahoo нь хайлт, интернэт сурталчилгаагаараа Google-г гүйцэхгүй боловч бусад интернэтийн хэрэглээгээрээ түүнийг ардаа орхидог билээ. Хамгийн наад зах нь Yahoo! Mail, Yahoo! Messenger гээд байна. Энэ хоёрыг хэрэглэдэггүй компьютер хэрэглэгч Монголоос хайгаад лав олдохгүй байх шүү. Хэрэв энэ худалдаа амжилттай болсон бол маш том аюул занал ирэх байсан, эдгээр нь юу вэ?

Microsoft корпораци нь бараг хамгийн анх програм хангамжийг ширхэг бүрээр нь үнэлж, худалдах ажлыг эхлүүлсэн. Үүний дүнд тэд маш том хөрөнгө босгохын хэрээр олон зүйлс, шинэ технологиудад хөрөнгө оруулсаар байгаа. Мэдээж тэд өөрийн гэсэн технологитой болмогцоо тэднийгээ олон нийтэд шахах, хүчээр хэрэглүүлэх, басхүү тэр технологидоо түгжих ажиллагаануудыг цаг үргэлж хийсээр ирсэн. Төдийлөн амжилттай бус байсан Microsoft компанид Windows програм нь амжилт авчирч, олон нийтэд хэрэглэгдэж зах зээлийн нэлээдгүй хувийг эзлэх болсон. Тухайн үед вэб гэж дөнгөж төрж байсан ба Netscape л ашиглаж вэб үздэг байсан юм. Харин Microsoft өөрийн монополь байдлыг ашиглан Internet Explorer-г олон нийтэд шахаж чадсан бөгөөд асар богино хугацаанд Netscape-г тоглоомын талбараас шахаж чадсан билээ. Дараа нь Media player болон хаалттай форматууд, дараа нь Office болон бусад хаалттай форматууд гэсээр нэг л мэдэхэд Microsoft-ын програм хангамжууд нийт компьютер хэрэглэгчдийн 90 гаруй хувьд хүрч чаджээ. Хөгжлийн энэ явцдаа жам ёсоор хөгжиж байсан олон технологиудын гольдролыг алдагдуулж, зөвхөн өөрийн өмчит технологиор орлуулахыг оролдсоор ирсэн. Үүний тод жишээ бол бид бүхний мэдэх HTML юм. Microsoft нь зах зээлийн ихэнх хувийг эзэлж байсан Internet Explorer-оо ашиглан HTML болон бусад вэбийн стандартуудыг гажуудуулж байсан бөгөөд зөвхөн IE дээр ажилладаг, зөвхөн Microsoft-ынхон ашиглах боломжтой боломжуудыг нэмж байсан бөгөөд үүний дүнд вэбийг хийхдээ IE болон бусадад зориулан хоёр ба түүнээс дээш хувилбараар хийдэг уламжлал одоо ч байсаар л байна. Мөн хэрэв та Microsoft-ийн технологи, програм хангамжийн ашиглаж эхэлсэн л бол үхэн үхтлээ ашиглана гэсэн дүрмээр тоглоно. Microsoft нь аливаа зүйлд давамгайлж эхэлмэгцээ шударга бус, гажуудуулах алхамууд хийж эхэлдэг. Гэвч энэ бүгд бидэнд сургамж болсон бөгөөд илүү нээлттэй стандарт, нээлттэй агуулга, нээлттэй програм хангамж руу тэмүүлэх сэтгэлийг илүү төрүүлсээр байна. Үүний дүнд ихэнх засгийн газрууд зөвхөн баримтын нээлттэй стандартаар төрийн хэргийг хөтлөн явуулах шийдвэрүүдийг гаргаж, зарим нэг газар хэрэгжээд эхэлжээ.

Microsoft яах гэж Yahoo-г худалдан авах вэ? Microsoft интернэтийн зах зээлд багагүй хувь эзэлдэг, үүнийгээ Yahoo-тай нэгтгэхээр Google-тэй өрсөлдөх хэмжээнд очих ёстой юм. Одоогийн байдлаар Google нь хайлт болон интернэт сурталчилгааны зах зээлд 50%-с дээш хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид зах зээл болон түүний эзлэх хувь ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тэгэхээр өсөн нэмэгдэж буй зах зээлд өөрийн хүчээр эзлэх хувиа дорвитой нэмэгдүүлж чадахгүй учир Yahoo худалдан авах санал гаргасан нь тэр. Гэвч энэ бол том зүйлсийн зөвхөн эхлэл төдий. Тэд өөрийн үйлдлийн систем болон браузертэй хийсэн шигээ зүйлийг интернэттэй хийх гээгүй биз? Мэдээллийн технологи, интернэт нь цаашид илүү хурдтай хөгжинө, өнөөдөр байгаа стандарт, технологиудыг сайжруулах бүр шинийг үүсгэх шаардлага нэмэгдэнэ. Тэд СПАМ-тай тэмцэх, вэбийг илүү хөгжөөнт болгох, нууцлал хамгаалалт, дуу дүрс гээд маш олон технологиудыг боловсруулж, хөгжүүлж байгаа. Харин дэлхий нийтээрээ стандартад нийцсэн эсвэл нээлттэй стандарт бүхий технологиудыг түлхүү хэрэглэх болсон, мөн Microsoft нь интернэтэд өөрийн ноёрхолоо тогтоож чадаагүйн улмаас тэнд тэнд шударга өрсөлдөөн байж, тэдний технологийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байгаа юм. Вэбийг илүү хөгжилтэй, илүү амьд болгохыг тулд тэд Silverlight технологиийг хөгжүүлсэн боловч төдийлөн хүчээ авч чадахгүй байна. Харин Yahoo-г авснаар тэд илүү өргөн зах зээлийг хамарч Silverlight, Sender ID болон бусад интернэтийн хаалттай технологиудыг түгээх боломжийг нээх учиртай. Өнөөдөр бид өөрийн компьютер болон албан хэрэглээндээ Microsoft-с хараат байсан бол цаашид интернэт болон интернэтийн хэрэглээ маань тэднээс хараат болох аюул дөхөж ирээд байна. Гэвч Yahoo-ийн удирдах зөвлөл энэхүү саналыг хүлээж авсангүй. Асуудал нээлттэй хэвээр.

Google-ийн талаар хэдэн үг. Зарим хүмүүс гайхаж байж магад, яагаад Google нь ийм их зах зээлийг эзэлж байж хэл аманд өртөж, цаашлаад ийм их айдас дагуулахгүй байна вэ гэж. Нэг талаас Google нь хүмүүсийн айдас эсвэл харыг хөдөлгөхөөр урт удаан түүхгүй нь нөлөөлж байж болох. Нөгөө талаар Google-ийн хөгжүүлж буй технологиуд нь өнөөдөр амьдралд туршигдсан, хэн бүхний хүлээн зөвшөөрсөн стандартад нийцсэн, нээлттэй стандарт бүхий байдаг нь гол юм. Тэд стандартыг үнэлдэг, хүндэлдэг тийм ч учраас тэд HTML эсвэл XHTML, CSS, Java Script стандартуудын горимын дагуу вэбүүдийг урлаж, стандартын дагуу ажилладаг Firefox браузерийг ашиглахыг зөвлөдөг. Эцэст нь хаалттай технологи, хаалттай стандартыг нь мэдээллийн технологийн хөгжлийн чөдөр тушаа болдог мөн тэднийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь ямар аюул, хохирол дагуулдаг болохыг мэдээллийн технологи өндөр хөгжсөн улсуудын туршлага бэлхнээ харуулж байна. Тэд нэгэнт учирсан аюул, хохиролыг арилгах гэж тэмцэж буй боловч төдийлөн амжилт олохгүй байна. Энэ нь тэдэнд сургамж болсон.