2006-06-30

GUADEC2006 - Сүүлийн өдөр

Яг үнэндээ маргааш дуусна, гэвч миний хувьд сүүлийн өдөр байлаа. Урьдын адил эртлэн босч, шүршүүрт орж, өглөөний цайгаа ууснаар байдаг л нэг эхэллээ. Гэхдээ сэтгэлд нэг л сонин. Би дасчихсан юм байх даа? Гэр рүүгээ явмаар байгаа ч эндээ ахиад жоохон үлдмээр ч юм шиг. Ямартай ч би өнөөдөр эндээс гараад гэрийн зүг жолоо зална.

Өчигдөр босоо бичиг хийх гэж байгаа нөхөрт жаал хуучин бичгээ заах гэж оролдов. Яг үнэндээ би сайн мэдэхгүй л дээ гэхдээ үсгүүдээ ялгана шүү. Уг нь энд авчрах гэж дүрмийн ном авсан боловч зарим юмтайгаа холиод гэрт үлдээчихэж. Ямар ч байсан монгол бичиг гэж ямар юм байдаг, хэдэг үсгэтэй, дуудлага гээд мэддэг бүхнээ хэл өглөө. Бас wikipedia дээр байгаа холбоосуудын нэг Omniglot үсгүүдийг буруу дүрсээр бичсэн байхыг олж мэдсэн.

Өнөөдөр жаал Vilanova i la Geltru-р алхлаа. Далай руу ахин нэг очлоо. Жаахан туулж, чимээг нь сонсод, харж, бодлогширч, юм юм зэрэгцсэн дээ. Бас зарим нэг сонирхолтой, жуулчдын үздэг газруудыг үзлээ. Төөрөхгүй байна лээ шүү. Хөлийнхоо улыг эргэтэл алхсан. Өдрийн хоолондоо орлоо, байрнаасаа очиж үлдээсэн зүйлсээ аваад, баахан GNOME-той холбоотой зүйлсээ аваад Барселон руу гарлаа.

Энд юмнууд нь манайхаас их өөр. Ер нь бол хэцүү санагдсан. Барселоны онгоцны буудал дээр гар тээшүүдээ үлдээгээд Барселон орж үзэхээр гарлаа. Очихдоо метрогоор явсан, золтой л төөрчихөөгүй байх. Бас л жаал явган алхаж, хотын сайхныг биширч явлаа. Буцахдаа харин автобусаар явах замдаа, уг нь ирэхдээ ингэж явсан бол их юм үзэх байж гэж харамсаад л. Учир нь буцахад харанхуй болчихсон байсан. Эндээс юм авалтгүй болотой, асуугаад ч хэрэггүй. Дэлхийн аваргын хөл бөмбөг 110 евро гэсэн. Сэвээрэй.

Өглөө 6:30-д нислэгтэй, одоо дөнгөж 00:00 болж байна. Онгоцны буудал дээр ямар нэг хэрэгтэй, өгөөжтэй зүйл олж хийхээр бодон сууж байна. Эндээс гараад Ром, Москвагаар дайраад Улаанбаатартаа очно.

Хэдхэн футболк авах гэсэн чинь бүтэн хайрцаг юм өгчихсөн. GNOME, GUADEC гэсэн жижиг цүнх, футболк, хүзүүний зүүлт бас Ubuntu гэсэн наадаг цаас авах хүн байвал холбоо бариад аваарай.

МОНГОЛ РУУГАА БУЦАЖ АВНА БИ

2006-06-29

GUADEC2006 - Core closure

Гурван өдөр үргэлжилсний эцэст үндсэн (core) хэсэг өндөрлөлөө. Хаалт дээр дээл өмсөнө гэж бодож байсан боловч, нээлт дээрх байдлыг бодоод энэ бодлоо хаясан юм. Энэ гурван өдрийн турш сонирхолтой, өгөөжтэй илтгэлүүд тавигдаж, мөн маш олон хүмүүстэй танилцсаж, олон зүйлсийн тухай ярилаа.

Хаалт дээр сайн дураар тусалсан хүмүүсийг дуудан гаргаж ирж, хичээл зүтгэлийг нь тусгайлан хийсэн улаан футболкоор шагнасан юм. Хэд байсан гэж бодож байна? 30 гаран, бүгд вэб сайтаас авахуулаад маш олон зүйлсд тусалсан байх юм. Ингэж нээлттэй эхийн програм хангамж хөгжиж, ингэж олон хүнд хүрдэг юм байна.

Luis Villa хуулийн магистерийн зэрэг авахаар сургуульд элсэж байгаа тул 2010 он хүртэл GNOME-н өдөр тутмын ажилд оролцож чадахгүй болохоо илэрхийлээд 2010 онд GNOME ямар байх талаар өөрийн мөрөөдөл, хүслээс хуваалцсан юм. gnome is everywhere гэдэг хэсэгтээ миний зургийг үзүүлэн, GNOME Монголд ч хүрсэн байна, бүр ч олон газар хүрнэ гэтэл бат итгэлтэй байгаагаа хэлсэн. Гайхалтай. Ийм юм хүлээгээгүй болохоор их л сонин санагдаж байлаа.

Үндсэн хэсэг өндөрлөлөө. Маргааш, нөгөөдөр ажлын бус өдрүүд байна. Гэвч би нөгөөдөр өглөө эрт нислэгтэй тул маргааш орой эндээс гарна. Сая хэд хоног хуралд оролцоод гадагшаа ч гарч, ойр тойронтойгоо ч танилцаагүй. Гэхдээ үдэшлэгийн бэлтгэл болгож далай орсон л доо. Маргааш амжвал ахиж нэг далай ороод, жаал гадуур алхаж байгаад эндээс хүлгийн жолоог нутгийн зүг зална даа.

ЭХ ОРОНДОО БИ ХАЙРТАЙ

2006-06-28

Sysadmin summit

Хоёр жилийн өмнө NetSoft-д ажилд орсноор сисадмин гэдэг зүйлийг гараар хүрч, мэдэрч үзсэн. Өмнө нь системийг хариуцаж ажиллаж үзэх юмсан гэж маш их хүсдэг, шохоорхдог байж билээ. Үнэхээр дуртай байсан болоод ч тэр үү цаг наргүй сууж, элдэв зүйлс уншин, багагүй туршилт хийдэг байсан. Тэгээд энэ ажлыг 2 жилийн турш хийсний эцэст NetSoft-т орхисон. Үнэхээр гайхалтай ажил.

Ямар нэг системийн найдвартай ажиллагааг хангана гэдэг тийм ч амар ажил биш болохыг олж мэдсэн. Суулгана, тохируулна, ажиллана :). Харин ямар нэг юм нь болохоо болиод, ажиллахаа болихлээр ёстой там. Бүр яаж янзлахаа мэдэхгүй, цаг дачуу бол үхмээр л санагдаж байлаа. Гэхдээ л болгоод л байдаг байсан, байсхийгээд л Микомын серверийн өрөө рүү гүйнэ.

Үнэндээ би сайн сисадмин биш, гэхдээ эргэн тойронд, Монгол Улсад маань туршлага нимгэн, чадвар доогуур хүмүүс байсаар байна, мэдээж үүнээс болж маш олон эрх хөндөгдөж байна. Би үүнийг харсаар юу ч хийж чадахгүй, юу ч өөрчилж чадахгүй гэж үү?

Үгүй, би бас та бүхэн үүнийг өөрчилж чадна. Харин яаж? Бид уулзаж, нэг нэгтэйгээ танилцаж, туршлагаасаа хуваалцаж байж нэг нэгийгээ илүү сайжруулж, нэг нэгэндээ тусалж, хамтдаа ихийг бүтээж чадна. 7-р сарын 28-нд сисадминуудад талархах өдөр гэж дэлхий дахин тэмдэглэдэг байх юм, энэ өдөрт зориулж өгөөжтэй арга хэмжээ зохиомоор байна.

Сисадминуудын чуулга уулзал буюу sysadmin summit-г зохиомоор байна. Энэ дээр өнөөдөр чухлаар тавигдаж байгаа сэдвүүдээр илтгэл тавьж, бусадтайгаа танилцаж, туршлагаасаа хуваалцмаар, хуваалцуулмаар байна. Бид хамтарч, нягтарч байж л ихийг бүтээж чадна. Ингэж байж гэмээнэ бид хамтдаа хөгжинө, сайжрана, өрсөлдөөн үүсгэнэ. Өрсөлдөөн - Маш сайн зүйл.

Одоогоор би Испанид хуралд сууж байна, очиж байгаад зохион байгуулалтыг ажилдаа орно. Хамгийн хүнд асуудал бол санхүүжилт олох. Та бүхний надад тусалж, дэмжиж ажиллана гэж бодож байна.

ТИЙМ, БИД ЧАДНА

GUADEC - Core day 2

Өнөөдөр бас их сайхан өдөр байсан, гэхдээ нэг зүйлийг эс тооцвол. Миний холын хараа -0.75 байсан гэхдээ одоо -1 болчоод байх шиг байна, гэтэл би өнөөдөр орой шилээ унагаад хагалчихлаа. Үнэндээ шилгүйгээр сүртэй холыг харахгүй ч гэсэн юм хараад байж болдог, гэвч компьютер дээр юм хийхэд үнэхээр хэрэгтэй байдаг юм. :D

O'Reilly-нх энд лангуу нээж ном зарсан, харин худалдагч нь надад нэг ном үнэгүй өгөхөөр амалсны дагуу нэг ном сонгуулж өгсөн. Ямар ном авсан гэж бодож байна? Өчигдөр орой би зарим залуустай ярилцаад Mono: Developer's notebook гэдэг ном авахаар болсон. Хэрэв чи өмнө нь код бичиж байсан, том биш байж болно, тэгээд C# бас Mono сурах гэж байгаа бол үүнээс илүү ном үгүй гэсэн. Үзсэн, сонгосон, авсан.

Miguel de Icaza-тай танилцаж түүнээс гарын үсгийг нь номон дээрээ авсан. Тэр үнэхээр дажгүй, эр хүчтэй залуу байна лээ, тиймдээ ч тэр Mono-г өдий зэрэгт хүргэсэн байх. Энд ирээд маш олон, үнэхээр маш олон хүнтэй танилцаж, сонирхолтой зүйлсийг ярьж, маш их зүйл сурч байна. Үнэхээр нээлттэй эхийн ертөнцийг мэдэрч байна.

Nokia-н залуус Nokia N770 гэдэг төхөөрөмж бүтээж байна. Үнэхээр гайхалтай төхөөрөмж. Гэхдээ гар утас биш шүү. Тэгээд үүндээ нээлттэй эхийн програм хангамжийг ашиглаж байна, үүнийхээ зэрэгцээ маш их зүйлийг эргүүлж өгч байгаа. Maemo гэдэг цогц програм хангамжийг GTK, GNOME ашиглан бүтээж байгаа юм байна, яагаад GNOME-г сонгосон нь их урт түүх байна лээ.

Харих дөхөж байна даа. Маргааш Core хаалт болно, дараа нь хоёр хоногийн хөтөлбөр байгаа боловч би нэгд нь л оролцно. Монголоо санаад ч байгаа юм шиг, эндээс үнэхээр гоё санаануудыг авч байна, очоод хэрэгжүүлэхийг хичээнэ. Мэдээж таныг надад тусалж, надтай хамтарч ажиллана гэдэгт найдаж байна шүү :).

ЭХ ОРОН МИНЬ ДУУДАЖ БАЙНА

Залуу хүн

Залуу хүн гэж хэнийг хэлэх вэ, залуу хүн ямар байх ёстой вэ? Залуу хүн гэдэгт ямар нэг насны тоо огт хамаагүй гэж хувьдаа боддог. Тухайн хүн юумыг хэрхэн хүлээж авч байгаа, хэрхэн сэтгэж байна, ер нь тухайн хүний хандлагаас залуу хүн эсэхийг тодорхойлж болох байх.

Залуу хүн бүр тодорхой зорилготой, түүндээ хүрэх гэсэн дүүрэн эрмэлзэлтэй, мөн өөрийгөө зориулах сэтгэлийн болон биеийн хүчтэй байх ёстой. Өнөөдөр танд тодорхой зорилго байна уу, эрмэлзэл болон зориг хүч байна уу? Хэрэв зорилго байхгүй байгаа бол өөрийн юу хүсч, юунд хүрэхийг хүсч байгаагаа тодорхойлох хэрэгтэй, үүнийхээ дараа түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлох хэрэгтэй.

Залуу хүн өөрт эрч хүч өгдөг, эрчлэг, хамгийн гол нь өөрийг нь сэргээдэг дуу сонсох хэрэгтэй. Миний бодлоор залуу хүн нийтийн эсвэл зохиолын дуу сонсох хэрэггүй юм шиг санагддаг. Би хувьдаа огт сонсдоггүй. Учир нь сонсохлээр надад байгаа хамаг эрч хүчийг минь сорж, сул дорой болгоод байх шиг санагддаг. Яагаад? Удаан хэмнэлтэй, утга агуулга нэг л хэвийн, хэт их хайр, нутаг ус, аав ээж дуулдаг. Нас нь болохоор бид сонсох л байх, харин одоо залуу байгаа дээрээ өөрт эрч хүч, урам зориг өгөх хөгжим сонсох хэрэгтэй.

Залуус бид монголын ирээдүй, хөдөлгөх хүч. Иймээс бид шинэ бүхнийг соргогоор хүлээн авч, Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэж толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулах ёстой. Мэдээж эдгээрийн тулд эрдэм, боловсрол, туршлага чухал. Иймд бич боловсрол, эрдэм мэдлэгийг олж авахын тулд шамдан суралцаж, өөрөө өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй юм.

Өнөөдрийн нийгэм биднийг мөнгөтэй, мөнгө олохыг шаардаж байгаа боловч мөнгийн нэгдүгээр зэрэгт тавилгүй, эрдэм мэдлэгийг нэгдүгээрт тавих нь чухал.

МӨНГӨГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГУТАМШИГ БИШ
МЭДЛЭГГҮЙ БАЙНА ГЭДЭГ ГУТАМШИГ

2006-06-27

A guy from Mongolia

Зохион байгуулагчид руу хүсэлт тавьснаар би ивээн тэтгүүлж энд ирсэн. Визийн асуудал шийдэгдээгүй байсан болохоор олонд зарлаагүй. Виз гармагц би цааш мэдэгдсэн бөгөөд зохион байгуулагчид тэр даруйд нь илгээлтийн жагсаалтаар Монголоос нэг залуу ирнэ гэж зарласан юм.

Энд ирээд хүмүүстэй танилцахад зарлалыг үзсэн байсан тул "Аа, чи нөгөө Монгол залуу юу" гэж ихэнх нь угтаж байлаа. Ихэнх нь өмнө нь Монгол гэж сонсч байсан боловч монгол хүнтэй таарч байгаагүй, харж байгаагүй юм билээ. Ийм ихэнх хүмүүст би тэдний мэддэг анхны монгол хүн боллоо. Гайхалтай. Гэхдээ Дөлмандах гэдэг нэрийг хүн бүр дуудаж чадахгүй, их л зовсон доо.

Нээлтийн өдөр нээлтэд зориулж дээл өмссөн байсан нь бүх л хүнд их сонин санагдаж, бас их таалагдаж байна лээ. Хүмүүс ирээд энэ юу вэ, чи их гоё харагдаж байна гэж байсан. Мэдээж хэрэг бас анх удаа л ингэж харж байгаа. Зургаа хамт авахуулж, зургийг минь бас авч байлаа.

Үнэндээ дээл өмнөх саналыг ээж гаргаж гутал хийлгэх саналыг тавьсан юм. Би тийм их юм зөөж явах, бас очоод өмсөхөөс төвөгшөөж эсэргүйцсээр байса. Гэхдээ би гэнэт бодлоо өөрчилж, гутал захиалгаар хийлгэж авч ирсэн. Их халуун байсан, ихэнх хүмүүс энгийн хувцастай байхад яаж дээлийг өмснөө гэж халширч байсан боловч зарим нэг залуус гайхалтай санаа байна гэсэн тул урам орж өмсөхөөр шийдсэн.

Ирэхдээ цөөн хэдэн бэлэг дурсгалын зүйл авчирсан. Жижиг морин хуур, нэг Чингэс хааны арьсан дээрх хөрөг, Алтан Чингис гээд архи, 20-тын дэвсгэртүүд. Энд чинь би анхны монгол хүн, Монголоо жаал сурталчилж авнаа байз.

Бас үдэшлэг дээр алдсан таних тэмдэггүйгээр өдрийн хоол идлээ. Таних тэмдэг дээрх тэмдэглэгээгээр хоолонд ордог юм, гэтэл надад байгаа хятадынх дээр тийм юм байхгүй, хоол идэхгүй нь гэж айж байлаа. Би монгол, арай содон болохоор хүн бүхэн таниж, хоолонд ч гэсэн саадгүй орсон. Бас л загас, далайн хоол. Үхрийн мах идмээр байна :(

БИ МОНГОЛ ХҮН

GEEK PARTY

Компьютерийн ард их суудаг, ер нь хэдийн биш хүмүүсийг geek гэж товчхондоо хэлнэ. Төсөөлж байна уу, баахан нүдний шилтэй, сонин сонин гарууд шоудаж байна гээд? Аймшигтай. Гэхдээ ийм нэг үдэшлэгийг FLUENDO гээд Бразилийн компани даан зохион байгуулсан. Уг компани нь gstreamer дээр програм хангамж хийдэг. Үнэндээ gstreamer гэж ямар юм байдгийг мэдэж байгаа ч тайлбарлаж бичиж барахгүй нь. Уучлаарай.

Хоол идээд балайрч суусуур цаг гаран хоцорч очсон. Бүх юм эхэлчихсэн, энд тэндгүй градустай хүмүүс. Оролцогч гэсэн үнэмлэхээ үзүүлээд барнаас үнэгүй кола, Mahou гээд пиво, баахан өндөр алкохолтой ундаа, жүржийн жүүс авч болно. Эхлээд нэг пиво аваад жаал энэ тэрүүгээр явж хүмүүстэй танилцаж, элдэв зүйлс ярилаа. Ихэнх хүмүүс миний дээлтэй байсанг харсан, тэгээд тэр талаар их ярилаа.Пиво таалагдсангүй.

Сүүлийн үед яагаад ч юм пивоноос чанга юм сонирхол, дур байхгүй болчоод байгаа юм. Уумааргүй санагдаад, шаардлага гараад уухаар аймар гашуун. Урьд нь гайгүй ороод л, уугаад л байдаг байсан юм даа. Пиво таалагдаагүй болохоор цаашид жүүс, кола уухаар шийдлээ.

Үнэндээ бүжиглэж байгаа хүн байхгүй, уусан, систем ярисан хүмүүс хаа сайгүй. Бас нэг зэвүүн тоглоом тоглосон. Хүн бүрт энгэрт зүүдэг, таних тэмдэг өгсөн байсныг бүгдийг нь хольж, сольж хэдэн залуус гүйсэн. Хамгийн зэвүүн нь би Patrick Gu гээд Sun-д ажилладаг ХЯТАД болж хувирав.

Үдэшлэг сонирхолтой байсан, бас баахан хүмүүстэй танилцсан. Яг үнэндээ тэднээс хэдийх нь л нэр, зүсийг нь цээжилсэн. Шөнө 2 цагт автобусаднаа суугаад бууц руугаа явлаа. Ядарч байна, унтаж амрах минь

LET'S GET PARTY

GUADEC - Нээлтийн өдөр

Өнөөдөр үндсэн хэсэг эхэлж, нээлтийн ажиллагаа эхэллээ. Нээлт дээр Монголоос хүн ирсэнг дурдаад гарч ирж үг хэлэхийг урьсан гэсэн. Гэтэл би тэнд нэг Nokia-д ажилладаг оростой танилцаад 10хан минут хоцорч ирээд, боломж алдчихсан байдаг. Гэхдээ сүүлд нь бодсон чинь нээрээ гараад юу ч гэж хэлэх байсан юм, ядаж байхад аймар сандардагийг хэлэх үү. Гэхдээ нээлт дажгүй болж өнгөрсөн.

Дээлтэй үнэхээр халуун боловч их сонирхолтой байлаа. Учир нь хүн бүр л хажуугаар нь гарахаар хараад л, их л анхаарч харж, гайхаж байх шиг байсан. Өмнөх өдрүүдэд танилцсан нөхдүүд гүйж ирээд л хамт зураг авахуулаад, зарим нь намайг дангаар нь аваад л хэхэ. Гэхдээ өглөө дээлээ өмсөх гэж багагүй зовсон, бас байсхийгээд янзлах гэж. Өмнө нь дээл өмсч байгаагүй болохоор их хэцүү байлаа.

Энэ өдөр бас багагүй чухал хүмүүстэй танилцаж, өөрийгөө танилцуулж амжлаа. Бас энэ өдөр их чухал, албан ёсны арга хэмжээнүүд зохиогдсон. Маш гоё, дажгүй илтгэлүүд. http://guadec.org хаягаар нээрээ шууд дамжуулж байгаа гэсэн шүү.

Бас эдний дотоодын нэг телевиз ирж надаас ярилцлага авсан. Хэрхэн анх нээлттэй эхтэй танилцсан, юм хийдэг, яаж энд ирэв гээд л. Сандраад их л хэцүү байсан, мэдээж англиар.

Хэдэн илтгэлийн дараа шатаж үхэхийэ өмнөхөн байр руугаа буцаж хувцсаа солилоо. Ёстой халуун байсан шүү, итгээрэй. Эндээс өгсөн ГОЁ GUADEC футболкоо, шорттойгоо өмсөөд л. Бас дээрээс нь далай үзнэ гээд илүү шорт авсан.

Бразилийн FLUENDO гээд компани ивээн тэтгэж далайн эрэг дээр үдэшлэг зохиосон. Энэ талаар тусад нь бичье. Харин үдэшлэгийн өмнө хэдэн залуустай хамтаар далай орж сэлсэн. Mediterian sea гэсэн байхаа аймар шорвог юм байна лээ. Анх удаа далай харж, орж байгаа маань. Сэтгэгдэл их өндөр байгаа шүү.

Үдэшлэг 10-с эхлэх байсан бөгөөд сэрүү орохлээр нь далайгаас гарч юм идэхээр явлаа. Ухаандаа нийлээд мөнгөө нийлүүлж, нийтийн хоол авъя гэсэн саналыг дэмжиж авсан боловч 10 евро төлөөд хэдхэн шарсан төмс л идлээ. Угаас би яагаад ч юм далайн хоолонд дургуй. Чөтгөр ав, 8 еврогоор пицца аваад идчихгүй хэхэ.

За үдэшлэгтээ явлаа.

GEEK PARTY by FLUENDO

GUADEC2006 - Хоёр дахь өдөр

Өнгөрсөн шөнө дажгүй унтаж амарсан болохоор өнөөдөр хамаагүй дээр мэдэрч байлаа. Урт аялал, цагийн зөрүү гээд тийм ч амар эд биш байна.

Өчигдөр багагүй залуустай танилцсан болохоор тэдэнтэйгээ юм яриад бас их л сонирхолтой. Хамгийн гол нь өнөөдөр Mozilla Europe-д ажилладаг залуутай танилцсан юм, тэгээд Mozilla-н бараг бүтэн өдөр үргэлжилсэн илтгэлүүдийг сонирхож суулаа. Mozilla Europe ОХУ, Монгол Улсыг хариуцаж ажлах юм гэнэ. Учир нь Mozilla World-д хүн хүчний бололцоо муу, эсвэл сонирхол байхгүй байгаа бололтой.

Монгол их гоё улс юмаа. Учир нь бид гоожуураас зүгээр л ус аваад уучихаж болно, харин энд бол аймар шорвог ус гарахаас гадна, угаалтуурын дэргэд ундны ус авч болохгүй гэсэн тэмдэглэгээтэй. Усанд ороод биеэ угаасан ч нэх сонин зууралдаад, хөлс гарчихсан юм шиг оргиод нэг л эвгүй. Эх орон шиг минь сайхан газар алга.

Бас өнөөдөр интернэтээс жаал юм буулгаж авах (download) шив. Учир нь энд 2MB/s-р дээд тал нь доод тал нь 500KB/s-р татах юм. Урамтай. Бүтэн дискийг 5 мин орчим суугаад л татна ш дээ. Хэзээ нэг эх орон маань ийм болох юм байгаан.

GUADEC гурван хэсгээс бүрдэж байгаа халаалт (warmup), цөм (core), ажлын бус (after hour). Өнөөдрөөр халаалт дуусч байна. Маргаашнаас 3 хоног үндсэн хэсэг явна.

Аав ээжийн ятгалгаар монгол дээр, нэг хором маягийн гутал авч ирсэн. Гутлыг нь бүр өмнөх өдөр нь хийлгэсэн. Энд аймар халуун, дээлтэй хаашаа харж үхнээ хэхэ. Гэхдээ дээл энэ хүмүүст сонин байх болов уу, бас дээрээс нь Монгол Улсаа танилцуулах боломж юм болов уу.

МОНГОЛ УЛС МАНДАТГУАЙ

2006-06-25

GUADEC - Эхний өдөр

Өглөө эртлэн босч өглөөний цай ууснаар GUADEC-н эхний өдөр эхэллээ. Өглөө бүр махан хоол иддэг байсан, харин энд сүү, боов идсэнээр өглөөний цай дуусч байх шив дээ. Өчигдөр их оройтсон байсан болохоор өрөөгөө олсонгүй, олдсон нэг өрөөнд л хоног төөрүүллээ.

Эхний хоёр өдөр онц сүртэй илтгэл, арга хэмжээ байхгүй, хэсэгхэн нутагшуулалтын талаар болно. Өнөөдөр OpenOffice.org-ын нутагшуулалт байх байсан боловч газар сайн мэдэхгүй байсан улмаас хангалттай оролцож чадсангүй. Гэхдээ их олон хүнтэй танилцсаны дотор босоо бичгийн дэмжлэг дээр ажиллаж байгаа залуутай уулзсан юм.

Сонин юм харлаа. Энэ хурал дээр нэг сохор хүн яваад байна, зөөврийн компьютерийнхаа доор нэг хавтгай төрөөхөмж тавьчихсан тэгээд код бичээд байх юм. Их сонин. График интерфэйс огт ашиглахгүй, командын шугам ашиглана. Хэдэн юм бичээд дэлгэцэн дээр юм гармагч нөгөө төхөөрөмжөө тэмтрээд, бодвол юу гарсанг уншиж байгаа байх. Ийм төхөөрөмжүүд монголчуудад ч бас хэрэгтэй юм.

Өдрийн хоолонд сонин амталсан гоймон, бас наймаалж төмсний шөл идэв. Далайн гаралтай хоолыг таалдаггүй учир төмсийг нь шөлтэй нь идээд, наймаалжуудыг нь үлдээсэн. Амсч үзэхэд олигтой эд биш шиг санагдсан.

Эхний өдөр хүмүүстэй танилцсан, жаал юм ярилцсаж, орчин тойрноо судалснаар өнгөрөх шив. Маргааш Mozilla-ийн нутагшуулалтыг сонирхож байна. Дээрээс нь зохион байгуулагч Quim Gil-д бага сага бэлэг дурсгалын зүйл авчирснаа өглөө. Ядарч байна гэж жигтэйхэн, их удаан аялсан, шөнө 4 хүрэхгүй цаг унтсан гээд.

GUADEC - The GNOME conference

2006-06-24

Эрчүүд гологдож байна :(

Монгол эрчүүд гологдож байна гэж үү? Испани явах замд Москвагийн буудал дээр олон монгол хүмүүстэй тааралдаж, хамтдаа цагийг нөхцөөж, ярилцаж суусан юм. Гэтэл ихэнх нь бүсгүйчүүл байснаас гадна хэд хэд нь гадаад хүнтэй сууж байгаагаа ярьсан юм.

Юугаараа гологдож байна вэ? Тэдний ярианаас харахад монгол эрчүүд, ялангуяа залуучууд, ирээдүйдээ нэх их санаа зовдоггүй, урсгалаараа явдаг. Өөрийн мэргэжил, боловсролд анхаарал тавихгүйгээс гадна архи, тамхи их хэрэглэдэг. Мөн дээрээс нь гэр орныг удирдаад авч явах чадвар муу, халамж муу, хариуцлага хүлээдэггүй гээд ярих юм их байна лээ. Сүүлдээ тэдний дунд ганцаараа болсноор тэр бүгдийг сонсоход улам бүх хэцүү болж байсан.

Яагаад? Тэдний ярьж байгаа нь оргүй биш ортой, бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Өнөөдөр монголын нийгмийн хамаг л ачааг эмэгтэйчүүд үүрч байна, тэд гэр бүлээ тэжээж, цаашдын амьдрал ирээдүйн төлөө эрчүүдээс илүү ихээр санаа зовж байна. Илүү өндөр боловсролтой болж, боловсрол муу монгол эрчүүдээ голдог болж байна. Мэдээж хэдэн гайгүй бүсгүйчүүл нь гадагшаа гараад монголдоо үлдсэн хэд нь бидэнд оногдож байна. Бид өнөөдөр олсон хэдэн бороо болж байна гэж бодож, олсныхоо хэрээр зарцуулж, ихэнхдээ бүр давуулан зарцуулна гээч. Их ууна, шоудна.

Гэхдээ бид өөрсдөөсөө алдаа, дутагдал хайхаасаа өмнө нийгэмдээ хамаг буруугаа тохчихоод өөрийн талаар бодолгүй, буруугүй мэт тайвширдаг. Нийгэм бидний амьдралыг өөрчлөж байна уу эсвэл бидний амьдрал нийгмийг өөрчилж байна уу? Бодох л асуудал.

Бид амьдралдаа хариуцлагатай хандаж, өөрсдийгөө хөгжүүлж, бүсгүйчүүдээ хайрлах цаг ирсэн мэт санагдах юм. Цаашид ингэж гологдсоор, монгол бүсгүйчүүдээ алдсаар байх уу? Хэдий болтол нүд нь балай, чих нь дүлий явах вэ? Лав миний сэтгэл их зовниж байна.


ЭРЧҮҮДЭЭ ЦААШИД ГОЛОГДСООР БАЙХ УУ?

Аян зам

Өчигдөр өглөө 8:30-д нисэх байсан тул 6 цагт эртлэн босч бэлтгэлээ базаан Чингэс Хаан нисэх буудлыг зорилоо. Манай нисэх буудал дээр WiFi холболтууд байх боловч алийг нь ч ашиглах гээд чадсангүй. IP зүгээр авч байна, гэвч ямар нэг юм үзэх гэхээр гарахгүй. Дээрээс нь WiFi эсвэл HotSpot гэсэн тэмдэглэгээ байхгүй нь хачирхалтай. Олон жуулчин ирж байна, уг нь интернэтээ төвөггүй ажилладаг болгочихвол сайнсан.

Москвад ирж гаалийнханд багагүй хугацаагаар саатуулуулан, бас багагүй байцалтанд орлоо. Яах гэж яваа, хэр удах гэх мэт хэрэггүй асуултууд асууж байлаа. Өмнө нь Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд сурч байсны ач гарч асуултуудад төвөггүй хариулахаас гадна нутаг нэгт монголчууддаа орчуулга хийж өглөө. Нислэг 6 цаг гаран үргэлжилсэн тул багагүй ядарч, мөн 7 цаг гаран нисэх буудал дээр саатлаа. Бүх зүйлс үнэтэй санагдаж, монголчуудтайгаа элдвийг ярилцан цагийг нөхцөөлөө.

Ромд ирэхэд хүмүүс, уур амьсгал шал ондоо. Москваг бодвол хүндрэл багатай их хялбар дамжин өнгөрлөө. Энд 1 хүрэхгүй цаг саатах байсан тул цаг давчуу олон зүйл сонирхож амжилгүй шууд л дараагийн онгоцонд суулаа. Наашаа 3 цаг гаран нислээ.

Хоёр цаг орчим ниссэн байхаа тэгээд Барселонд ирж хүрэх газар маань ойртсоор. Барселонд ирээд цаг хартал Монголоос гарснаас хойш нийт 22 цаг орчим аялсан байлаа. Эдээс цааш Vilanova ila Geltru гэдэг газар очих байсан юм. 23 цаг өнгөрч онгоц газардсан тул автобус байхгүй харин такси 150 евро ч гэх шиг асар үнэтэй.

Учраа олохгүй баахан төөрөлдөж ер нь өглөө болтол хүлээхээр шийдээд байж байтал мөн адил GUADEC рүү явж байгаа 4 залуутай тааралдаж замын зардлаа хуваалаа. Гэхдээ л 40 евро. Чанга.

Vilanova-д иртэл эндэхийн галын баяр бололтой баяр болж хаа сайгүй пис пас хийлгэж салют буудуулж, чанга чангаар орилцгоож байлаа. Тосч авсан залуу далайн эрэг рүү үдэшлэг рүү явахыг санал болголоо. Гэхдээ буцах сонголт өгөөгүй юм. Үнэндээ 22 цаг аялсан байсан тул маш их ядарч байлаа.

Өмнө далай үзээгүй байсан тул бас сонирхолтой санагдахаас гадна сонголтгүй учир явлаа. Хаа сайгүй машинууд, орилсон, халсан хүмүүс, пис пас хийх чимээ. Далайн ус бүлээхэн, их таатай. Замд танилцсан хэдэн залуутай хамт нэг нэг пиво уугаад GNOME Village руу явлаа.

Монголоос гарснаас хойш 26 цаг гаран явж байж байрлах газраа очлоо. Ядарч байна гэж жигтэйхэн. Унтаж амрах минь. Одоо эндэхийн цагаар шөнийн 3 болж байна. Гэвч өглөө эрт 7 өнгөрч босох хэрэгтэй.

GUADEC - The GNOME conference

2006-06-22

GUADEC бэлтгэл ажил

Зун болохоор бэлтгэл ажил ч бага, ер нь бараг байхгүй гэж хэлэхэд болох байх. Гэхдээ л хол явах гэж байгаа болохоор бага сага зүйлс зэхээд л байж байна.

Очоод зарим нэг хүнд талархал илэрхийлж, чухалчлан уулзах тул бэлэг авлаа. Мөн дээрээс нь цөөн тооны бэлэг дурсгалын зүйл. Үнэндээ энэ эд зүйлс чинь овоо үнэтэй байдаг эд байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй тул мөнгө цаасны асуудал ч хүнд тусах юм.

Дээрээс нь аав ээжийн зөвлөсний дагуу нээлт болон хаалт дээр нь МОНГОЛ ХУВЦСАА өмсөхөөр авч явна. Хүмүүст их л сонирхолтой байх болов уу.

Бэлтгэл ч ер нь болчихож, одоо явах л үлдэж байх шив дээ. Маргааш юм бичих чадахгүй байх, харин тэндэхийн цагаар 19:30-д Барселонд, цааш хурал болох газар руу хэдэн минут явж хүрээд суурьшчаад хэдэн юм бичнээ. Холбоотой байгаарай хүмүүсээ, сонини хачин зүйлс бичих болно.

2006-06-20

GUADEC2006

Өмнөхийн адил өдөр тутмын мэдээ шалгах ажлаа хийж явтал GUADEC гэх нэгэн арга хэмжээ зохион байгууллагддаг, 23-30-ны өдрүүдэд болж өнгөрөх гэж байгаа талаар олж мэдсэн юм. GUADEC нь GNOME Users and Developers European Conference гэсэн үгийн товчлол ба GNOME дэлгэцийн систем хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн хоорондоо уулзах, туршлага мэдлэгээ солилцох, дэлхий нийтэд алдартай арга хэмжээ юм билээ. Хөтөлбөр нь түүхий, төлөвлөж байсан бөгөөд өдөр бүхийн шинэ мэдээг соргогоор авч, надад, Монгол Улсад маань хэрэгтэй хэд хэдэн сэдэв хөндөгдөж байсан тул миний яаж ийж байгаад явчих хүсэл маш ихээр оргилж, хэрхэн очих мөнгө олох арга сүвэгчлэн, бодсоор баахан дэмий цагийг өнгөрөөлөө.

Гэхдээ би тэднээс тэтгэлэг явч ирэх очих, байрлах, хоол унд болон бүртгэлийн зардлыг GUADEC-р даалгахаар болсон. Тэд тэтгэлэг хүсэх хуудсыг мөнгө муутай хөгжүүлэгч, хэрэглэгчдэд зориулан нээсэн байсан бөгөөд ороод харахлээр л GNOME-н нөлөө бүхий зарим нэг хөгжүүлэгчид байсан тул сүрдэж, хүсэлт гаргасангүй. Нэг өдөр харж байтал хөгжүүлэгч биш гэхдээ энгийн хэрэглэгч нэгэн тэтгэлэг авсан байсан нь зориг оруулж хүсэлтээ тавьсан маргааш нь зөвшөөрсөн хариу ирсэн байлаа. БӨӨН БАЯР.

Гэвч асуудал мундахгүй. Онгоцны тасалбараа өрөө авч очоод мөнгөө эргүүлэн төлүүлэх, мөн визний асуудал байсан боловч мөнгө гэдэг том асуудал шийдэгдсэн байсан тул сэтгэл нэг л өег. Тасалбарын мөнгө зээл байгаад босгоод тасалбараа авлаа, Герман элчинд визийн хүсэлт өгөөд өнөөдөр визээ авлаа. Ингээд 5 дахь өдөр өглөө 8 цагт Монгол Улсаа орхин гарах л үлдлээ. Мэдээж очсон хойноо улсынхаа нэрийг хамгаалж, тэдгээр шилдэг хүмүүсээс чадахаараа мэдлэг, туршлага салгаж, ихийх сурахаар зорино.

Эндээс гараад Москва, дараа нь Ром, цааш Барселоноор дайран GUADEC-д хүрнэ. Бэлтгэл ажил, болон өдөр тутам блогоороо дамжуулан та бүхэнтэй уулзаж байхыг хичээнэ. Хамгийн гол нь олон хүнтэй танилцаж, туршлага судлах л байгаа юм даа.

ЭРДЭМ СУРАХААР ЯВЛАА

2006-06-17

Хөдөлгөөний дутагдал

Хөдөлгөөний идэвхитэй амьдрах нь тухайн хүний эрүүл мэндэд ямар ач тустайг хүн бүр мэднэ, гэвч оошоодоггүй. Би ч мөн адил. За хөдөлгөөн дутагдлаа даа, хийе дээ гэж боддог ч хийдэггүй.

Өнөөдрөөс дөрөв хоногийн өмнө болохгүй юм идсэн үү бүү мэд, ямар ч байсан ямар нэг зүйлээс хордсон бололтой. Үүний үр дүнд 3 хоног шингэн алдаж, халуунтай, юм идэж чадахгүй, тэнхээгүй гээд юм юм л зэрэгцээд үнэхээр хэцүү байлаа. Шалгаан нь юу вэ? Мэдээж хөдөлгөөн дутагдсаных.

Өмнө нь спорт клубт яваад, алдаг оног ч гэсэн хөдөлгөөн хийдэг байсан болоод ч тэр үү ямар нэг өвчин тусах, альваа зүйлс хордох гэсэн асуудал бараг байдаггүй байсан. Туслаа ч нэг өдөр өвдвөл өвдөнө үгүй бол тэр өдөртөө эдгээр зүгээр болдог байлаа. Ингэхдээ ямар нэг эм тан огт хэрэглэлгүй хөлсөө гаргах, эсвэл МӨНГӨНИЙ ИОНЖУУЛСАН УУСМАЛ-ыг хэрэглэдэг. Эм нь хэдий өвчнийг анагаах авч хажуугийн нөлөө ихтэй тул аль болох татгалздаг. Энэ удаад өмнөх шигээ найдаж байсан боловч энэ удаад тэгсэнгүй, 3 хоног зовлоо, ажлаа алдлаа, хажуудах хүмүүсээ бас зовоолоо.

Жил гарны өмнөөс ямар нэг спортоор хичээллэлгүй зөвхөн компьютертайгаа л ажилласан байна. Үүнээс дүнд хөдөлгөөний дутагдалд орж жин нэмсэн, дархлаа суларсан байна. Дархлаа суларна гэдэг маань эрүүл байх хэцүү болжээ гэсэн үг.

Ганц хоёр асуудал хөөцөлдөж байгаа, шийдэгдчих л юм бол маргаашнаас нь аль нэг клубт очиж дасгал хийхгүй бол хөдөлгөөний дутагдал гэдэг юмтай мөнхийн найз болох шинжтэй.

ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ

2006-06-12

Байгаль эхээ хайрлая

Хүмүүн бид байгаль дэлхийтэй салшгүй холбоотой, түүнийг шүтэн амьдарах учиртай оюун ухаант, ухамсарт амьтан билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд байгаль дэлхийн ааш, авир нь олдохгүй нэг л хэцүү болсон. Эргэн тойрноо хар. Энэ юуны учир вэ?

Хүмүүс бид оюун ухаантайгаараа бусад амьтадаас ялгардаг боловч яагаад өөрсдийн амьдран буй орчин, байгаль дэлхийг ингэж сүйтгэнэ вэ? Ингэж өөрсдийгөө ч сүйтгэж байгаа. Ийм нэгэн бодол сүүлийн үед толгой ихээр эргэлдэх боллоо. Жаалхүү байхад зун их л гоё дулаахан, ногоон, солонготой гээд үнэхээр гоё байсан санагдах юм. Өнөөдөр зуны эхэн сар дундаа орсон байхад шорттой ч явж болохгүй их л сонин, жихүүн байгаа. Энэ бүхэнд та бид л буруутай.

Хэн устгаж, сүйтгэж байгаа нь сонин биш би, та чадах чинээгээрээ л байгаль эхээ хайрлан хамгаалж, тордох хэрэгтэй гэж би бодном. Та бид идсэн чихэр, шоколадны цаас, гялгар уут гэх мэт хог хаягдлаа гудамжинд хаялгүй цуглуулж, гэрийн эсвэл гудамжны хогны саванд хийхэд л бага ч болов хувь нэмэр юм. Гэрийн хогийг төвлөрсөн цэгт хаях гэх мэт. Гэтэл бусад хүмүүс гудамжинд хаяад байхад яагаад би хаяхгүй байх ёстой гэж хүмүүс асууна, харин би хариуд нь бүгд явсаар хавцалд унаж үхэж байвал бусад тэгж байна гээд араас нь үхэх үү гэж ам асууна.

ТА БОДООРОЙ.

Би хувьдаа гудамжинд цаас, хог хаядаггүй.

БИД БАЙГАЛЬ ЭХИЙН ҮР САД

Minix 3

Шинэ содон бүхэн миний сонирхолыг татдаг. Иймдээ ч би өдөр тутам шинэ соргог мэдээлэл хайж, түүнийгээ уншиж, мэдлэгээ бага ч болов тэлэх дуртай. Үйлдлийн системийн онол, зохион байгуулалт аль жилийн өмнө миний сонирхолыг татаж, сонирхож, судалж эхэлсэн. Тухайн үед OpenBSD-н misc илгээлтийн жагсаалтад яг энэ тухай яриа өрнөж Modern Operating System гэдэг ном маш зүгээр гэж олон хүн хэлж байсныг Бээжин ажлаар орохдоо худалдаж авсан. Бүхлээр нь биш боловч ихэнхийг уншин, өөрийн Gentoo линуксын цөмийг өөрөө тохируулан босгодог болсон.

Үйлдлийн систем нь загварын хувьд хэд хэд хуваагддаг боловч monolithic болон microkernel нь өргөн хэрэглэгдэж ярианы сэдэв болж байдаг. Саяхан энэ хаягаас одоогоор байгаа үйлдлийн системүүдийн дутагдалтай талууд болон тэдгээрийг хэрхэн гэтлэх талаар хэд хэдэн арга, зөвлөмжүүдийг өгсөн байснаас онолын хувьд хамгийн оновчтой нь microkernel байсан. Саяханыг хүртэл бодит амьдрал дээр боломжгүй, хэцүү гэдэг байсан бол Minix3 болон GNU/Hurd нь microkernel юм.


Microkernel нь цөм зайнд маш цөөн тооны үйлдэл хийгддэг бөгөөд бүх л төхөөрөмжийн (залуур) драйверууд, сүлжээ, файлын систем г.м өнөөдөр байгаа үйлдлийн системүүдийн цөмийн хэсэгт байдаг зүйлс нь хэрэглэгчийн зайд оршдог юм. Цөмийн хэсэгт олон зүйл байх нь найдвартай болон тогтвортой байдалд маш сөргөөр нөлөөлдөг, учир нь тэнд ямар нэг зүйлд алдаа гарвал үйлдлийн системийг бүхэлд нь нураах боломжтой. Харин эдгээр зүйлсийг хэрэглэгчийн зайд гаргаснаар тэдгээр нь нурсан ч үйлдлийн систем тогтвортой хэвээр үлдэж, тухайн нурсан хэсгийг дангаар нь дахин эхлүүлэх боломжтой.

Minix нь анх линуксын эхлэл цэг болж байсан. Гэхдээ 3-с өмнөх хувилбарууд нь microkernel байсангүй. Сониуч зангаараа суулгаж үзэх гэсэн боловч сүлжээний картыг дэмжээгүй байсан тул элдэв туршилт явуулж чадахгүйд хүрч эмулятор дээр суулгах хэрэг гарч qemu ашиглан суулгасан боловч эхлүүлж чадсангүй :(. Тухтай үзэх зав ч байсангүй. Өнөөдөр харин суулгаад эхлүүлчихлээ шүү.

qemu суулгахдаа: $sudo apt-get install qemu
500МБ багтаамжтай хуурамч хатуу дикс үүсгэхдээ: qemu-img -f qcow qemu.img 500M
http://www.minix3.org/download/IDE-3.1.2a.iso.bz2 файлыг татаж авч задлана.
qemu -cdrom IDE-3.1.2a.iso qemu.img -boot d гэж өгөөд http://www.minix3.org/doc/A-312.html хаяг дээрх зааврын дагуу суулгана.

Сонирхоод, сулгах гээд хүндрэл гарвал надтай холбоо барьж болно шүү.

ТАНЫГ ШИНЭ СОНИРХОЛТОЙ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ ХҮЛЭЭЖ БАЙНА

2006-06-09

Үг хэллэг, нэр томъёо

Монголчууд бид эх хэлээ бараг мэддэггүй бололтой, хамгийн гол нь гадаад хэл рүү хэт хошуурсан мэт надад санагдана. Өнөөдөр та яг ямар хэлээр ярьдаг вэ? Үндэс нь монголоор гэвч англи, орос, герман гээд маш олон хэл холилдсон саармаг, яг ямар нь мэдэгдэхгүй тийм л хэлээр ярьдаг. Бид монгол хэлээ сурахаасаа урьтаж англи, хятад, япон, солонгос гэх мэт гадаадын хэлүүдийг сайтар судалж сурч байна. Би ч үүнийг тойроогүй.

Ноднин сонирхоод 25 мянгаар Цэвэлийн Монгол Хэлний Товч Тайлбар Толийг худалдан аваад, эхний хуудсыг эргүүлээд, цааш эргүүлэх тусам өнөөдөр бид гадаад үгээр авдаг боловч монгол нэршил нь байдаг зүйлс олон харагдаж байна лээ. Хэл судлаачид аль эвтэйхэн, ашиглахад хялбар байгааг нь хэрэглэх нь зөв гэж ярьдаг. Гэвч байгаа монгол үсгийг илрүүлэн ашиглахын оронд гадаад үгийг шууд ашиглах нь хэр оновчтой байдаг юм бол доо.

Мэдээллийн Технологийн үг хэллэг бол бүр л асуудалтай, учир нь өнөөдөр ихэнх хүмүүс гадаад нэршилээр нь ашиглаад сурчээ, хэвшжээ. Гэтэл бид Монголын Мэдээллийн Технологийн хэддэх үе вэ? Цаашид ирээдүйн хойч үе маань яах вэ гэдэг сонин. Миний бодлоор аль болох монгол үгээ ашиглан, гадаад үгийг бага оруулах хэрэгтэй мэт. TOEFL-д бэлдэх, англи хэлээ сайжруулах зорилгоор Oxford Advanced Learner's Dictionary аваад бидний ашигладаг мэдээллийн технологийн үгсийн тайлбар, мөн анхдагч үгийн утга шал ондоо, зүйрлэн авсан байсан. Гайхсан. Гэтэл яагаад бид зүйрлэн монгол үгсээ авч болохгүй гэж?

Жишээ нь: compile гэхэд замбараагүй зүйлийг нэгтгэн эмхлэх гэсэн үндсэн утгатай. Харин ТМ тайлбар нь мэдээж ойлгомжтой. Д.Алтангэрэлийн Англи-Монгол толь дээрч comple - эмхлэх гэж байгаа. Яагаад бид эмхлэх гэдэг үгийн нэг тайлбар нэмэж боложгүй гэж? Хүнд ойлгомжтой програмын хэлээс компьютерт ойлгогдох хэл рүү эмхлэн, хөрвүүлэх. Болж л байна. Ийм жишээнүүд маш олон байгаа, энэ бол ганц нь. Ингээд нэгтгэчихвэл дараа дараагийн шинээр гарах мэргэжилтнүүд бэлтгэгдэхэд илүү хялбар, дөхөм байх болов уу. Өвөө, эмээ бяцхан дүү нарт маань ч мөн адил дөхөм байна.

Энэ гадаад үгсийн асуудал хурцаар тавигдах болсон талаар Монголын Орчуулагчдын Эвлэл гэдэг байгууллага хуралдаж, хэрхэн цэгцлэх арга замыг эрэлхийлж байгаа бололтой. Хамтран ажиллаад нээлттэй эхийн програм хангамжуудаа илүү оновчтой орчуулах, зөвлөмж, зөвлөгөө авах нь чухал болов уу.

Ийм байдлаар орчуулаад, монгол хэлээ ашиглаад байх боломж байна. Гэтэл бид гадаад үгс зээлдсээр байгаад алийг мэдэхгүй хэлтэй болох хэрэг үү? Үүгээр би бүх үсгийг монголоор авъя гэсэнгүй, зүгээр боломжит үгс байсаар байтал... Бодох л асуудал.

ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДСЭН ХЭЛ
МАРТАЖ БОЛОШГҮЙ СОЁЛ
ҮХТЭЛ ОРШИХ ТӨРӨЛХ НУТАГ
САЛЖ БОЛОШГҮЙ ОРОН
Д.Нацагдорж

2006-06-08

Unix Beer Party

Монгол Улсад тодорхой хэмжээнд юникс төст үйлдлийн системүүдийг мэддэг, ашигладаг боловч тэдгээр хүмүүс тэр бүр бие биеээ мэдэхгүй, хоорондоо холбоо муутай байдаг юм шиг надад санагддаг. Эсвэл тодорхой хүрээнд л нэг нэгийгээ мэддэг, туршлага хуваалцдаг.

Өөрт шинэ мэдээлэл олж авах, http://www.unix.mn сайт дээр мэдээ оруулах зорилгоор баахан сайтуудаар хэсч явахдаа өнөөдөр бидний зохион байгуулдаг Unix Beer Party маягийн арга хэмжээг зохион явуулдаг, багагүй амжилттай болдог, ашиг тусыг нь хүртэж байгааг олж мэдсэн. Ер нь монголд байгаа юникс төст систем сонирхогч, хэрэглэгч нарыг хооронд нь уулзуулж, туршлага солилцуулж, ийм төрлийн арга хэмжээг яагаад зохион байгуулж болохгүй гэж?

Анхны арга хэмжээг 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас Modern Nomads ресторанд 18 оролцогчтойгоор амжиллтай зохион байгуулсан, сар бүр явуулж байх нь зүйтэй гэдэг шийдийг гаргасан. Үүнээс хойш сар бүр зарлаж, зохион байгуулсаар байгаа. Тийм сүртэй овоож оцойгоод байхаар амжилт байхгүй боловч анх эхэлж байгаагийн хувьд мөн шинэ тутам шинэ хүн нэмэгдэж, санал санаачлага нэмэрлэж, бас цөөнгүй хүнд хүрсэнд урамшдаг.

Цаашид оролцогсод маань ямар нэг ажлыг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр илүү анхаарч, илүү үр бүтээлтэй ажиллах саналыг илүүтэйгээр тавих болсон. Үүний нэг жишээ бол монголын анхны Linux Install Fest. 2006 оны 3-р сарын үдэшлэгт оролцогсод бүгд маш санаачлагатай, идэвхитэй оролцсон. Мөн өөр олон ажлыг ярилцаад, төлөвлөөд байж байгаа, нэг л өдөр ажил хэрэг болно.

Миний хувьд шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцах нь таатай байдаг. Дээрээс нь өөрийн үзэл бодол, сурсан мэдсэн зүйлс, туршлага, шинэ соргог мэдээллийг хүмүүстэй хүргэх мөн тэдэнд тулгардаг бэрхшээлүүд, бодол санаа, шинэ зүйлсийг хуваалцах нь их чухал санагддаг. Найзуудтайгаа суугаад системийн талаар ярих гэхээр тэд ойлгохгүй, харин энэ л өдөр ирж мэргэжил, сонирхол нэгт нөхдүүдтэйгээ ярилцах нь бас нэгэн кайф.

Бид хамтдаа ихийг бүтээж чадна гэтэг би итгэдэг.

ДЭМ ДЭМЭНДЭЭ
ДЭЭС ЭРЧИНДЭЭ

2006-06-06

Хуучин монгол бичиг

Хэл шинжлэлийн хүн биш ч би зарим нэг талаар хуучин монгол бичиг рүүгээ шилжихийг дэмждэг ч эсэргүйцдэг ч. Өнөөг хүртэл түүхэндээ гээлгүй ашигласаар ирсэн, түүхэн мөн монголчууд бидний онцлогч нийцсэн байдлаар нь дэмждэг, гэвч дуудлага бичлэг хоёр зөрөөтэй байдгаас ашиглахад тийм ч тохиромжтой биш байдаг. Саяхан нэг хэл шинжлэлийн хүнтэй ярилцаж байхад шинэ бичгийн дутагдалтай, харин хуучин бичгийн давуу талыг нэгэн жишээн дээр үзүүлсэн юм.

Сурагчид зургаа дахин явуулав.

Энэ ганц өгүүлбэрт 4 утга байгаа юм. Сурагч хүнд эсвэл олон сурагч, зургаан удаа, эсвэл гэрэл зургийг дахин явуулсан. Харин ийм тодорхой бус байдал хуучин монгол бичигт гардаггүй гэх юм. Бичиг баримт, орчуулга, мэдээ бичиж байхад ийм тодорхойгүй, салаа утгатай зүйлс цөөнгүй тохиолддог. Бид хэрхэх вэ?

Мөн түүх, бичиг үсэг л тухайн улсыг тусгаар тогтносон, бие даасан улс болохыг илтгэдэг гэдэг, гэвч бид өргөтгөсөн Орос бичгийг ашигласаар. Өнгөрөгч 3-р сард Малайз улсад хуралд оролцоход Монголчууд өөрсдийн үсэг байхгүй Орос үсэг ашигладаг гэсэг үгийг сонсоод зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байж билээ. БИД ӨӨРСДИЙН БИЧИГ ҮСЭГ, СОЁЛТОЙ УРТ УДААН ТҮҮХТЭЙ, ДЭЛХИЙГ ДОНСОЛГОЖ ЯВСАН ҮНДЭСТЭН Ч, УЛС Ч.

Ямар ч төрлийн босоо бичгийг GNOME дээр дэмждэг болгох ажлыг Maciej Katafiasz санаачлан Summer of Code-д өгснөөр тэднээс дэмжлэг аван ажиллаж эхэлсэн байна. Үүний мөрөөр судалснаар W3C нь CSS3 дээр босоо бичгийн дэмжлэгийг багтаахаар болсон ба энэ нь юникодын босоо бичгийг дүрслэх техникийн баримт дээр суурилсан байна. Хамгийн сонин нь Монголоос бусад босоо бичигнүүд хөндлөнгөөр болгоод асуудлыг түр ч атуйгай шийдсэн байх юм. Өнгөрөгч 2005 оны зун Google Summer of Code (SoC) гэх арга хэмжээг зуны турш санхүүжүүлж, зохион байгуулсан ба энэ нь оюутнуудыг зуны амралтыг үр дүнтэйгээр, нээлттэй эхийн програм хангамжуудыг сайжруулах, чанаржуулахад зориулах юм. Босоо бичгийн дэмжлэгийн талаар http://live.gnome.org/VerticalWritingForPango хаягаас, SoC-н талаар http://code.google.com/soc хаягаас дэлгэрэнгүй уншина уу.

Яагаад япон, хятад гэм мэт азийн улс орнууд хэцүү ч гэсэн өөрийн бичиг үсгийг авч үлдээд байна? Гэтэл бүр латин бичиг рүү шилжинэ, кирил үсгийг тоон төхөөрөмж дээр дүрсэлж, ашиглахад хүндрэлтэй байна гэнэ үү.

Гадаад хөгжүүлэгчдийн тусламжтайгаар GNOME дээр хуучин монгол бичгээрээ ямар ч асуудалгүй бичдэг болох бололтой. Би түүнтэй холбоо барьж, хамтран ажиллах саналыг тавьсан, тэрээр хүлээн авч Монгол бичгийг бүрэн дэмжүүлэх тал дээр хамтран ажиллах болохоо хэлсэн. Хамаг нөөц бололцоо, чадвараа дайчлан ажиллана, хуучин монгол бичгээ бүрэн дүүрэн эзэмших болно.

БИД ӨӨРСДИЙН БИЧИГ ҮСЭГТЭЙ АГУУ МОНГОЛЧУУД

Миний блог

Олон сарын өмнөөс өөрийн блогийг үүсгэх санаа төрч энд (blogspot) данс нээсэн боловч ямар нэг зүйл бичилгүй их л удлаа. Одоо болно, залхуурч хойш суухаа больё. Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Миний нэр Сүхбаатарын Дөлмандах, 1984 оны намрын нэг өдөр энэ хорвоод ээж аавын ууган хүү болж мэндэлсэн. 1998 онд анхны компьютерийг авахуулснаар мэдээллийн технологи, нээлттэй эх, линукс гэх мэт өнөөдрийн амьдралын салшгүй хэсгүүдийг өөртөө нээж олсон.

2000 он шиг санаж байна интернэтээр мэдээ үзэхлээр нээлттэй эх, линукс гэсэн зүйлс миний анхаарлыг их татсан. Өөрөө програмуудаа өөрчлөн, өөрөө өөрийн үйлдлийн систем, програм хангамж үүсгэнэ гэхээр их сонирхолтой, боломжтой санагдаж мөн дээрээс нь IDC, Gartner гэх мэт судалгааны компаниудын ирээдүйг зөгнөсөн судлагаанууд энэ замыг сонгоход маш их нөлөөлсөн. Ингэж миний амьдралд линукс, нээлттэй эх гэж зүйлс орж ирсэн.

2003 оноос OpenMN багт орж, эх орноо гэсэн сэтгэлтэй, урам зориг дүүрэн залуустай интернэтийн сүлжээг ашиглан хамтран ажиллах болсон. Энэ миний хувьд маш гоё үеүүд байсан. Бидний чин хүслэн бол Монгол Улсаа хөгжүүлэх, чадах чинээгээрээ өөрийн хувь нэмрийг оруулах. Жилийн хугацаанд GNOME дэлгэцийн системд МОНГОЛ хэлээ албан ёсоор багтааж чадсан. Монгол гэдэг нэрийг дэлхий дахин өөр нэг сэжимээр таниулсан.

2004 онд сургуулиа төгсч "НэтСофт"ХХК орж системийн админ, системийн инженерийн ажлыг 2 жил орчим хугацаанд хийхдээ FreeBSD, юникс ер нь бүх талын мэдлэгээ баталгаажуулж, маш их зүйлсийг сурч, мэдэж, ойлголж авсан. Өндөр шаардлага тавьж, үргэлж шахаж, шаардаж байсан захирал Ч.Анарт баярлалаа. Шаардлага өндөртэй газар л хүн өөрийгөө дайчилж, их зүйлийг сурдаг болохыг ойлгосон. Гэвч миний өмнө мэдлэгийн маш том далай байна, чадлынхаа хэрээр хүртэнэ ч, түгээнэ ч.

2000 оноос тодорхой хэмжээгээр хэрэглэж байсан ч 2004 оноос нээлттэй эхийн програм хангамж нь миний өдөр тутмын хэрэглээ болжээ. 2006 оноос эхлэн огт Windows ашиглахаа больсон. Өнөөдөр нээлттэй эхийн програм хангамж, линукс, BSD системүүдгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болжээ.


Энд би та бүхэнтэй өөрийн үзэл бодол, мэдлэг, мэдээллээсээ хуваалцах гэсэн юм.

ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ.