2007-01-30

C1 дээр ярих гэсэн, ярьсан зүйлс

Ярилцлагад орохын урд шөнө таамаглаж байсанчлан төдийлөн нойр хүрсэнгүй, өглөө 8 гэж унтаад 11 гэж бослоо. Нойр хүрэхгүй байсан завшаанаар ярих зүйлсээ тэмдэглэн цэгцэлж авсан боловч ярилцлагын явцад төлөвлөж байснаар явсангүй. Босоод урьдын адил тайвнаар цайгаа уугаад яаравчлан хүрч очвол нэвтрүүлэг цагийн хувьд жаахан хойшлосон тул авч явсан номоо уншиж, зарим нэг хүний ярилцлагыг үзэж сууж байтал нэг л мэдэхэд миний ээлж болж. Энэ удаад миний зорилго интернэт гээч зүйлийн юу болохыг техникийн талаас нь ярих биш харин интернэт бидэнд ямар шинэ боломжуудыг олгож байгаа талаар хүмүүст ойлгуулах байв. Техник болоод зохион байгуулалтын хувьд хүн бүр л ярьдаг, ихэнх хүмүүс мэддэг, мэдэхгүй байсан ч болох харин түүнийг ашиглан хэрхэн ашигт үйл бүтээх талаар ярих нь чухал гэж үзсэн хэрэг.

Интернэтийн хувьд дэлхийг тэр чигээр нь хирсэн асар том сүлжээ болон өргөжиж хэн ч хэзээ ч хэнтэй ч холбогдох, хамтран ажиллах боломжийг олгоод байгаа. Үүнийг "дэлхий тэгширсэн" гэж нэрлээд ч байгаа, харин энэхүү тэгширсэн дэлхий дээр альваа улс үндэстэн болоод соёлын ялгаа байхгүй, бүх хүн ижил эрхтэй. Хэн илүү хөдөлмөрлөж, илүү ихийг мэдэж авсан нь хожино гэсэн ганц л дүрэмтэй. Иймийн учир монголчууд бид залхууралгүй хөдөлмөрлөж энэ их далайгаас чадах хэмжээгээрээ мэдээлэл хутган авч, өөрсдийн амьдралыг өөд татах хэрэгтэй. Жишээ нь аутсорсинг хийх том боломж гарч байна, Энэтхэгийн жишээг татаж болно. Үүнээс гадна вэб 2.0 гэдэг концепц гарч ирснээр өмнө бидэнд байдаг байсан "хамтдаа хөгжих" боломжуудыг илүү тодруулан гаргаж ирсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс та зөвхөн интернэт хэрэглэгч биш бүтээгч болох боломжтой болсон. Блогоо хөтөл мэдлэгээ хуваалц, вики ашигла. Энэ бол бидэнд олгосон хамгийн том боломж. Өнөөдөр л бид энэ бүхнийг ойлгож дорвитой хөдлөхгүй бол бид хоцорч мэдэх нь байна.

Вирус гээч зүйл сүүлийн үед өмнө байсан шигээ өргөн хэмжээний хор хүргэх нь багассан бас түүний эсрэг тэмцэх багажын нэр төрөл ч нэмэгдсэн. Ихэвчлэн мэдээлэл хулгайлах, тооцоолуурыг тань буруу үйлд ашиглах нь маш ихэссэн. Хамгийн гол нь интернэт гээч зүйлийг дагаж ирж буй аюулуудаас хэрхэн энгийн байдлаар зайлсхийх вэ. Та зүв зүгээр сууж байхад тань таныг шалгаруулж шагнал өгөхгүй, мөнгөнөөсөө хуваалцахгүй бас гадаадын банк болоод бусад санхүүгийн байгууллагуудад данс тань байхгүй болохоор тэдгээр нууцлал алдагдсан талаар мэдээлэл танд огт хамаагүй болохоор зүгээр л уншилгүй устгах хэрэгтэй. Firefox-г хэрэглэж заншвал илүү дээр гэх мэт.

Уг нь бас бус зүйлс ярихаар бэлдсэн байсан боловч өөрөө сандарсан бас хөтлөгчид дэмий шахуу зүйлс асуусаар цагаас минь хумсалсан. Бас зарим нэг зүйлийг буруу зөрүү ярьсан зүйл байна лээ. Интернэтийг ашиглаж чадвал маш өргөн боломж байгаа гэдгийг л хэлэх гэж оролдох шив. Өнөөдөр энгийн хүмүүс интернэтийн хэргийг гаргаж чадахгүй байгаа эсвэл мэдэхгүй байгаа болоод ч тэр үү интернэтийг төдийлөн сонирхохгүй байгаа, үүнийгээ дагаад хэрэглээ үгүй болохоор төдийлөн үнэ ч буурахгүй, шинэ үйлчилгээнүүд ч нээгдэхгүй байгааг хэн ч мэдэж байгаа. Энэ асуудал яг нөгөө "өндөг тахианы үлгэр" болоод байгаа ба Датакомын Энхбат гуай ч энэ талаар өгүүлсэн байсан. Зурагтаар гардаг л сонинд хэвлэгддэг л мэдээг интернэтээс үзэж байна, бидэнд арай өөр бидний амьдралд дэвшилт авчрах мэдээллүүд хэрэгтэй байна. Мэдээж үгээр бүх зүйл дуусч байгаа биш бид бүгдээрээ цаашид илүү ихийг бүтээх чадна.

BBC ҮС-үүдийн талаар

Өмнө өгүүлж байсанчлан Vista, Линукс болон MacOS X-н хэрэглэгчид өөрсдийн ашигладаг үйлдлийн системийн талаар BBC-д тайлбарлаж өгсөн байна. Windows Vista-н хэрэглэгчид өнгө дүрс хийгээд гадна төрхөнд илүү анхаарсан бол линукс хэрэглэгч уян хатан байдлыг илүү онцлосон байх юм, харин MacOS-н хэрэглэгч түүний цэгцтэй, Unix дээр суурилснаар илүү тогтвортой, найдвартай болохоос гадна Windows-н адил бүхий л програм ашиглах боломжтойг онцлосон байх юм. Линукс нь хэрэглэгчид Windows-с илүү уян хатан байдал олгодгийг линукс гайгүй сайн ашигладаг хүн бүр л хэлнэ. Миний хувьд Mac ашиглаж үзээгүй болохоор хэлэх юм алга. Ер нь тэгээд Юникс загвар маань цаг хугацааны туршид өөрийн цэгцтэй, тогтвортой, найдвартай гэдгээ баталсаар байгаа.

Нээлттэй стандартууд ар араасаа ...

Энэ сарын 29-нд Adobe Systems өөрийн бичиг баримт хадгалах PDF форматыг олон нийтэд нээж нээлттэй стандарт болгох алхам эхэлж байгаагаа зарлалаа. Дээрх алхамын хүрээнд PDF 1.7-н тодорхойлолт бичгийг AIIM-д нээж байгаа бөгөөд энэ нь ISO стандарт болох эхний алхам юм. Олон жилийн турш хав дарж байсан тэднийг ийм алхам хийхэд түргэсэн хамгийн том хүчин зүйл нь OpenDocument-н сэргэн мандал болоод нээлттэй стандартаар дамжуулан зах зээлд өөрийн байр суурийг бататгах гэсэн тэмцэл гэж Adobe-н төлөөлөгч хэлжээ. Ийнхүү нээлттэй стандартууд бүл нэмж байгаа боловч энэ нь сүүлийн гишүүн биш гэдэг нь тодорхой. Эцсийн эцэст хэрэглэгч, хөгжүүлэгчид бид л хожиж байгаа юм.

2007-01-29

Хятадууд нээрээ лут юмаа, гэхдээ ...

Хэдхэн хоногийн өмнө SHA-1 алгоримт эвдэгдсэн талаар мэдээ цацагдаж, мөн түүнийг орлох алгоритмийн эрэлд гаржээ. Өнгөрсөн онд мөн адил зориулалттай MD5 алгоримтийг эвдэж байсан хятадын эрдэмтэн Wang Xiaoyun энэ удаад амжилтаа ахиуллаа. Хэдийгээр дээрх алгоритмийг эвдсэн мэдээ нь өнөөдрийн байдлаар бодит аюул учруулахгүй ч нэгэнт эвдэж болох нь нотлогдож, зарим тохиолдолд эвдэж болох алгоритмийг ашиглах нь мэдээллийг хийгээд улс үндэсний аюулгүй байдалд халтай нь ойлгомжтой. Үүний улмаас АНУ-ын засгийн газар SHA-1-г дөрвөн жилийн дотор хэрэглэхээс татгалзах зорилт тавьсан байна.

Сүүлийн жилүүдэд маш өргөн ашиглагддаж байсан дээрх хоёр алгоритмийг цааш нь харуулах үүдийг нээдэг энэ хятад "эмэгтэй" эрдэмтэн үнэхээр лут юмаа. Одоо бүр гаршиж байх шиг байна. MD5-н хувьд бараг бодит аюул болоод байгаа гэж хэлэхэд болно. Хамгийн сонин нь нээлтээ хийсэн дороо зарладаг болов уу эсвэл ... гээд хардаж бас болох юм. Харин Монгол Улсын маань хувьд "чухал" гэх мэдээллийн системүүд ямар хамгаалалттай байдаг бол? Хамгийн гол нь улсад байгаа тэр мэдээллийн бүрэн бүтэн, итгэлтэй болон гажилтгүй байх гэсэн үзүүлэлтүүдийг хэн яаж шалгадаг бол? Хэн нэгэн гаднаас нь ороод өөрийгөө нэмэх, хүний мэдээллийг өөрчлөсөн эсхийг хэрхэн мэдэх вэ? Хэрэв таныг иргэний бүртгэлээс хассан эсвэл үхсэн гэж тэмдэглэсэн байдаг бол ямар хэцүү вэ. Миний мэдэхийн иргэний бүртгэлийн болон жолооны бүртгэлийн мэдээллийн сангууд задарчихсан тодорхой хүрээнд чөлөөтэй хэрэглэгдэж байгаа нь нууц биш болсон.

2007-01-26

SPAM-тай тэмцэх аргууд

Системийн найдвартай ажиллагааг хангаж, мэдээллийн системийн зөв алдаагүй байдлыг хянаж байх ёстой системийн администраторуудын шүдний өвчин яах аргагүй "СПАМ" мөн. Хэрэгтэй мэдээллийг хогны дунд танигдахгүй болгохоос эхлээд спамын лай ланчиг дуусахгүй. Миний бие системийн администраторын гэх ажлыг 2 жил хагас хийж байгаа ч томоохон хэмжээний шуудангийн сервер хариуцаж ажиллаж байсангүй тул спамын талаар төдийлөн анхаарал тавьдаггүй байлаа. Сайн болж л SpamAssassin суулгаад орхидог байсан чинь liMNux-г зарим нэг газар зарласантай холбогдоод сүүлийн үед энэ асуудал ихээхэн сонирхол татах болов. Ямар ч байсан нэг биш нижгээд хэдэн юмыг зэрэг ашиглаж байж овоо үр дүнд хүрэх бололтой юм. Тэгээд энэ талаараа хэлэлцүүлэг нээгээд зарим нэг олж мэдсэн зүйлээ бичлээ. Уг нь Баянаа энэ талаар их юм хэлнэ дээ. Та бүхнийг ч гэсэн өөрийн туршлагаасаа хуваалцахыг хүсч байна.

Би C1 телевизээр

Уржигдар ходоодны булан руу юм олж чулуудахаар гарч явтал утас дуугарч байна. Аваад ярьтал нэг эмэгтэй хоолой намайг C1 телевизээр ярилцлага өгөхийг санал болголоо. Яагаад ч юм тулгамдаад ямар нэг тоймтой хариу хэлэлгүй түр бодох цаг авав. Огоотой жаал ярилцаж зөвлөлдсөний эцэст оролцож өөрийн мэддэг зүйлсээс сэдвийн дагуу ярилцахаар боллоо. Миний ярилцах сэдэв "интернэт, интранет болон вирус" бөгөөд бүтэн өдөржин явах тооцоолуур болоод түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар нэвтрүүлгийн нэгэн хэсэг бололтой. Ийм нэвтрүүлэг бэлтгэж бид бүхнийхээ мэдлэгийн нууранд хур буулгах нь зүйн хэрэг, үүнд чадахаараа хувь нэмрээ оруулах ёстой.

Миний ярилцлага 27-ны өдрийн 12 цаг 40 минутаас эхлэх бололтой харин тэрнээс өмнө энэ сэдвээр холбогдсон хэд хэдэн сурвалжлагыг үзүүлж харин би өөрийн бодлыг хэлээд эцэст нь базаж дүгнэх ёстой юм байна. Интернэтийн талаар ярина гэдэг бас их өндөр хариуцлагатай ажил юм болов уу гэж ойлгож байна, хүмүүсийг түлхэж ч болно татаж ч болно. Гэхдээ зөвхөн интернэтийн хэрэглэгч биш харин оролцогч байх, ашиг тус гээд багар вэб 2.0 концепцийн талаар голчлон ярих санаа байна. Интранетийн хувьд яриад байх сүртэй зүйл байхгүй шахуу болоод байна, ярих ч сонирхол бараг алга. Вирус ч одоо өмнөхийн адил сүртэй айлгаад байхаа больсон гэж бодоод байгаа. Андуурч байж ч мэднэ. Харин үүний оронд интернэтийг дагаад ирж байгаа аюул болон тэдгээрээс зайлсхийх хамгийн наад захын мэдлэгийг өгье гэж бодоод байна. Жишээ нь, би хэзээ ч гэнэт их хэмжээний өв залгамжлагч болохгүй, зүв зүгээр сууж байгаад сугалаа хожихгүй болохоор тийм захидал ирвэл нээлгүй устгах хэрэгтэй.

Өмнө хэд хэдэн удаа Ийгл, ТВ9, UBS гээд телевизүүдээр ярилцлага өгч байсан туршлагатай ч сандарч, тэвддэг нь хэвээр бололтой. Эсвэл илүү өндөр хариуцлагатай, сүртэй гэж бодоод байгаа болохоор ч тэр үү. Ямар ч байсан 15 минутын турш дээрх болоод зарим нэг бусад зүйлийн талаар нүдэнд үзэгдтэл ярихыг бодож, хичээж байна. Ингэсгээд харьж яриагаа бэлдэж, зарим нэг цаасны юм бэлье. Бодохлээр л сандраад ч байгаа юм уу сонин болоод байх юм, шөнө бас нойр хүрэхгүй ээ.

ҮС-үүдийн халз мэтгэлзээн

Энэ сарын 30-ны өдөр Microsoft корпораци өөрийн хамгийн шинэлэг гэж цоллоод байгаа Windows Vista үйлдлийн системээ олны хүртээл болгохоор зэхээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд олон асуудлууд гарч байгаа ч BBC-с нэгэн сонирхолтой мэтгэлзээн зохион байгуулахаар санаачлаад оролцогчдоо сонгож байна. Юу вэ гэхээр Windows Vista-г түүхийгээс нь авахуулаад боловсортол нь ашиглаж ирсэн, MacOS болон линуксын гурван хэрэглэгчдийг халз мэтгэлзүүлэх юм. Сонирхолтой эд болж магадгүй санагдаад их хорхой хүрч байна шүү. Хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь сүүлийн үед BBC илүү нээлттэй эхийг дэмжих болоод байгаа бөгөөд Code Breakers гээд баримтат кино хийж, өөрсдийн дотоод архивыг хадгалах форматаа нээлттэй болгоод байгаа билээ.

Солонгосчууд Vista-г түр түтгэлзүүлнэ

Өнгөрөгч мягмар гарагт Солонгосын мэдээлэл, харилцаа холбооны яам, төрийн захиргаа, дотоод хэрийн яам болон санхүүгийн зохицуулах хорооны (Financial Supervisory Service) хамтарсан мэдэгдэл гаржээ. Уг мэдэгдэлдээ нийт интернэт хэрэглэгчиддээ Windows Vista руу шилжихдээ их няхуур хандахыг зөвлөсөн ба ихэнх тохиолдолд онлайн төрийн, банкны, дэлгүүрийн үйлчилгээг авах боломжгүй болох юм. Солонгосын ихэнх вэб сайтууд Microsoft ActiveX технологийг ашиглан бүтээгдсэн байдаг бөгөөд Windows Vista-н шинэ бодлогын үрээр дээрх вэб сайтууд зөв ажиллахгүй байх аюул тулгараад байна. Уг нь хангүг хэл дээрх Windows Vista 1-р сарын 31-нээс эхлэн дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх боловч дээрх асуудлын улмаас ямар нэг зохицуулалт хийх боломжгүй, харин хэрэглэгчдэд няхуур хандахыг анхааруулсан байна. Одоогийн байдлаар дээрх асуудлыг Microsoft компанитай хамтран шийдвэрлэхийг оролдож байгаа, гэхдээ ирэх 3-р сар хүртэл ямар нэг нааштай үр дүн гарахгүй болов уу гэж дүнгэж байгаа юм байна. Мөн дээрх дээрх шалтгааны улмаас нээлттэй эхийн програм хангамж Солонгос улсад төдийлөн хөгжиж чадахгүй байга, өөрөөр хэлбэл Microsoft-н шалаанд орчихоод байгаа юм.

Энд би Microsoft, Oracle ч юм уу аль нэг том компаний үйл ажиллагааг харлуулах гэсэнгүй. Үүний оронд монголчууд бид аль нэг компаний өмчийн технологийг ашиглахгүй, харин нээлттэй, хэнд ч хүртээмжтэй, стандарт болсон технологиудыг ашиглахыг эрмэлзэх нь зүйтэй болов уу. Жишээ нь вэб хийхдээ энгийн XHTML, CSS, JavaScript, програм бичихдээ ANSI C гэх мэт. Эс тэгвээс ийм төрлийн ацан шалаанд орохоос гадна маш их хэмжээний илүү зардал мөнгө зарж байж өөрсдийн хийсэн шийдвэрийн лайг үүрэх цаг ирэх вий гэж ...

2007-01-25

Нээлттэй эхийн шилдэг 3 төсөл

Нэг нөхөр сонин онол боловсруулсан бололтой тэгээд түүнийгээ батлахын тулд та бүхний өөрийн ашигладаг нээлттэй эхийн төслүүдээс хамгийн чухал гурван төслийг санал болгохыг хүсчээ. Та бүхний санал хүсэлтийг долоо хоногийн турш авах бөгөөд эцсийн дүнг ирэх долоо хоногт гаргах юм байна. Одоогийн байдлаар хамгийн чухал төслүүдийн тоонд Linux, Apache, MySQL, Firefox зүй ёсоор багтаж авна. Дараа долоо хоногт эцсийн дүнг статистик мэдээллийн хамт нийтлэнэ гэдэгт найдаад, хүлээх л үлдэж байна. Мөн та ч бас өөрийн сонирходог төслүүдийг санал болгоорой.

2007-01-24

Windows үгүй тооцоолуурын хэрэгцээ

Дэлхий ертөнц дээр ашиглагдаж байгаа нийт Windows үйлдлийн системийн 22% нь жинхэнэ биш хулгайн болох талаар мэдээллийг Microsoft олон нийтэд танилцуулжээ. Энэ мэдээг өнөөгийн монголчууд бидний шүдний өвчин болоод байгаа Windows Genuine Advantage-н статистик мэдээллээс авсан байх юм. Харин Business Software Alliance гэх байгууллагаас гаргасан судалгаагаар нийт програм хангамжийн 35% нь хулгайнх байх бөгөөд зөвхөн хойд америкийн хэмжээнд 22%-тай байна. Монголын хувьд хэдэн хувь байдаг бол? Зарагдаж байгаа тооцоолуур бүр л Windows суулгаастай, бараг бүгд нөгөө "хулгайн". Хамгийн харамсалтай нь "брэнд" гэх тооцоолуурын үнэд дагалдах "жинхэнэ" програм хангамжийн үнэ шингэсэн байдаг боловч ихэвчлэн бид "хуулгайн" эдийг л авч байна. Дагуулж өгсөн нөгөө "жинхэнэ" бүтээгдэхүүнийг авдаг ч "их мэдэгч" нь ирээд өөрийн гэсэн "хулгайн" эдийг суулгах нь яана. Уг нь Windows-г дагуулж авахгүй гэвэл үнэ буурах ёстой байдаг ч монгол энэ "журам" үйлчлэхгүй.

Саяханаас Dell шинэ n бүтээгдэхүүний цуврал гаргасан бөгөөд Windows үгүй харин нээлттэй эхийн үйлдлийн системээр тоноглосон байх юм байна. Энэ нь "брэнд" ашиглах сонирхолтой, өөр төрлийн систем ашигладаг ч тооцоолуур авахдаа Windows-д илүү зардал гаргахыг хүсэхгүй байгаа хүмүүст болон мань мэтийн нээлттэй эхийн дэмжигчдэд том мэдээ болж байгаа нь ойлгомжтой. Маш том алхам. MCS гэх мэт Dell оруулж ирж зардаг газрууд энэ арай "хямд" цувралаас нь ирж зардаг болоосой. Үүнээс гадна өнөөдөр манайд тооцоолуур шинээр авч буй хүмүүсийн нэлээдгүй хувийг тооцоолуур гэж огт сонсоогүй шахуу хүмүүс эзэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Юу ч бай тэд бүхнийг эхнээс нь сурах нь тодорхой бас ялгаагүй. Тооцоолуур зардаг компаниудын ажилчдыг сургаснаар энд тодорхой хэмжээний ахиц гаргаж чадна гэж итгэнэм.

2007-01-23

Microsoft шараа

Microsoft корпораци хамгийн том танин мэдэхүйн нэвтэрхий толь гэгдэх Wikipedia дээрх зарим мэдээллийг өөрт ашигтайгаар засварлуулахын тулд хүн хөлслөхөөр оролдсон талаар Slashdot мэдээллээ. Гол асуудал нь өөрийн батлуулах гэж буй OpenXML форматын тухай бололтой юм. Хамгийн гол энэ маягаар өөрсдийгөө сурталчлах гэсэн боловч амжилт олж чадсангүй. Ер нь тэгээд сүүлийн үед хэрэглэгч, нийгмийн хүч гэдэг зүйлийг илүү ихээр ойлгож мэдрээд байх шиг. Шараа.

Бас нэг зүйл гэвэл Windows Vista-гийн Service Pack 1 гарах гэж буй талаар чимээ чих дэлсэж эхэллээ. Өнгөрөгч оны 11-р сарын 30-ны өдөр сүр дуулиантайхан зарлаж, олны хэрэглээнд оруулж байсан ч ихэнх шинжээчид өмнөх хувилбаруудын адилаар тун удахгүй томоохон хэмжээний засвар гарна хэмээн таамаглаж байсан нь батлагдаж байх шиг байна. Энэ оны хоёрдугаар хагасд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилтад оролцохыг уриалсан захидал шидсэн байх юм. Ажаад байхнээ юмны учир мэдэх хүмүүс "өнгө"-нөөс өөр өөрчлөгдсөн, жинхэн шинэчлэл гэж болох зүйлгүй болохыг хэлэлцэх болж, бас юутай ч эхний засвар гарахыг хүлээхийг зөвлөж байсан ч удаан хүлээж тэвчээр барахгүй нь бололтой. Ингэж их удаж байж гаргачаад өмнөх хувилбаруудаасаа илүү чанартай зүйл хийчихэж болоогүй л юм байх даа. Үнэхээр шараа.

Сүүлийн жилүүдэд "чөлөөт", "нээлттэй" гэсэн тодотголтой програм хангамжууд маш хурдацтай сайжран бойжиж буй болохоор Vista-гаа илүү чанартай хийхээр, илүү шинэчлэлтийг авчрахаар ихээхэн хичээн ажилласан гэж бодоод байгаа юм. Өрсөлдөгч байгаагүй бол бүр аймшигтай юм шахах ч байсан юм билүү, хэн мэдлээ. Одоо бидэнд өрсөлдөгч, орлох бүтээгдэхүүн, сонголтууд бий болсон болохоор бид сонголтоо нямбай хийж чадах аваас ихээхэн амжилтанд хүрэх нягууртай. Өөрөө бүтээж шалиагүй байж баахан хийсэн муулчихлаа гэм.

2007-01-22

Нээлттэй стандартын талаар

Стандарт гэдэг зүйл маань эд юмсад тавигдах хамгийн доод шаардлагыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тэрхүү доод шаардлагыг хангасан л бол бүр илүү сайн байж болно гэсэн үг. Ийм маягаар альваа зүйлийн чанарыг дээшлүүлдэг байх юм. Гэтэл нээлттэй стандарт гэдэг маань юу билээ? Би өөрөө анх ойлгохдоо стандарт гэдэг маань хэнд ч нээлттэй байдаг тийм ч болохоор хэн ч авч ашиглах боломжтой тэгээд нээлттэй гэж тодотгох ямар шаардлага байгааг ойлгохгүй байлаа.

Өмнө хэлж байсанчлан дийлэнх стандартууд нээлттэй байдаг боловч түүнд ашиглагдаж буй зарим санаанууд өмнө нь патентаар хамгаалагдсан байх боломжтой байдаг юм байна. Ийм стандартдууд байдаг юм байна лээ. Харин патент маань зөвхөн шинэ санаанд олгодог тул стандарт гаргасны дараа патентыг хөөн авна гэсэн ойлголт байдаггүй бололтой. Ямар нэг патентлагдсан санааг хэрэгжүүлээгүй стандартыг "нээлттэй" гэж тодорхойлно, өөрөөр хэлбэл хэн ч ямар нэг зүйлээс айх, төлбөр төлөлгүйгээр ашиглаад хэрэгжүүлээд байх боломжтой.

Сүүлийн жилүүдэд улс орнуудад "нээлттэй эх" гэхээсээ илүү "нээлттэй стандарт" гэдэг зүйлийг сонирхох болоод байна. Юуны учир? Өнөөдөр олон газар "хаалттай" өгөгдлийн формат ашигласнаас болж тухайн компаний бүтээгдэхүүнд түгжигдэх, мэдээллийг цаашид ашиглах боломжгүй болгож үхүүлэх гэх мэт маш олон хортой үр дагаварууд гарсаар байна. Үүний томоохон жишээ бол Microsoft Office бөгөөд тухайн форматаар хадгалсан мэдээллийг Microsoft Office-с өөр илүү сайн боловсруулах, ашиглах програм байхгүй болохоор хүмүүс зөвхөн түүнийг л ашиглана. Үүний эсрэгээр мэдээлэл, өгөгдлийг "нээлттэй стандарт"-ын дагуу хадгалснаар хэнээс ч хараат бусаар уг мэдээллийг мэдлэг болгон хувиргах, эсвэл ашиг үйл хийхэд ашиглах боломжтой болж байгаа юм. Жишээ нь OpenDocument байна. OpenDocument-р бичиг баримт хадгалбал түүнийг уншдаг олон програмаас сонголт хийх боломжтой тул зөвхөн нэг програм түгжигдэх аюулаас сэргийлж байна, мөн формат болоод стандарт нь нээлттэй тул бас бусад багажуудыг ч урлах боломжтой. Цаашид төрөөс энэ талаар тодорхой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.

2007-01-16

World domination 201 биелэлээ олох нь ээ

Өнгөрөгч оны сүүлээр нээлттэй эхийн ертөнцийн томоохон төлөөлөгч Эрик Рэймонд 2008 он бол үйлдлийн системийн ахин хуваарилалт хийгдэх мөчлөг болох талаар World domination 201 нийтлэлдээ бичжээ. Шинэ тутамд өсөн нэмэгдэж буй тооцооллын хүчин чадлын хэрэгцээ шаардлага нь 64 битийн тооцоолол руу шилжих зайлшгүй шаардлагыг үүсгэж байна, харин уг шилжилтийн цөм нь 2008 онд болж өнгөрөх юм гэнэ. Учир юу вэ гэвэл 2008 оноос эхлэн 4GB-с дээш санах ойн шаардлага зайлшгүй гарах бөгөөд өнөөдрийн 32 битийн тооцоолол нь энэ их зайг хаяглах боломжгүй тул 64 бит рүү шилжих юм. Түүхээс харахад уг шилжилтийн үе цаашид ямар үйлдлийн систем ноёрхыг шийдсээр ирсэн бөгөөд сонгогдсон нэгийг цэцэглүүлж, нөгөөг нь булшилж байсан байна. Үүний нэг жишээ нь Windows бөгөөд 32 битийн тооцоолол рүү шилжихэд тэрээр ийнхүү цэцэглэн хөгжжээ. Гэвч энэхүү давуу талыг олохын тулд тухайн үйлдлийн системээс маш их зүйлийг шаардах нь тодорхой.

Энэ мөчлөгт нээлттэй эхийн буюу линукс давуу тал олох боломж байгаа боловч өнөөдөр өргөн хэрэглээнд байгаа кодекууд нь патент эсвэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул мултимедиа буюу дуу, дүрс тоглуулах тал дээр ихээхэн хүндрэлтэйд тооцогдож байсан юм. Харин өчигдөр нээлттэй эхийн хөгжүүлэгч Fluendo компани линукс болон бусад нээлттэй үйлдлийн системүүдэд зориулсан Windows media болон MPEG кодекуудыг гаргах болсноо зарлажээ. Хэдийгээр төлбөртэйгээр зарагдаж байгаа боловч хамгийн том асуудал ямар нэг хэмжээгээр шийдэгдэж байна. Цаашид хийх зүйл их бий.

Нээлттэй эхийн ноёрхолд хүрэх зам дардам байх болтугай

Блогчдоо ...

Өчигдөр MOSA-n хуралд оролцохоор очоод байж байтал Баярсайхан ирж байна. Өмнө нь би харж байгаагүй ч блог дээрх зургийг харж байсан бас тэр миний блог дээрх зургийг харж байсан болохоор бие биенээ шууд л танилаа. Бүр удаан уулзаагүй андууд шиг зарим нэг юмны талаар хууч хөөрлөө. Блог гэж сонин эд байна шүү.

2007-01-15

Таслагдсан хүн ...

Өнөөдөр интернэт гэж зүйлгүй нэг ч хонож чадахаа байжээ би чинь, урьд нь болоод л байдаг байсан санагдах юм бас хүмүүс болоод л байгаа даа. За тэр ч яахав нөгөө "хямд" интернэтийг нь эхлэхийг хүлээлээ, гэртээ тавигдахыг хүлээлээ эцэст нь манайх нөгөө 1.5км-с нь хол байж таараад гэр ашиглах боломжгүй болж таслагдав. Гэрт интернэт их хэрэгтэй байгаа юм аа, хэзээ ч юу ч хийчихнэ, чөлөөтэй. Wireless г.м өөр гарц хайх хэрэгтэй болов.

Саяхан БҮГДЭЭРЭЭ-г үзэж байгаад Бахархаж болдоггүй мэргэжил цааш дамжаад Баярсайханы блог руу ортол гэртээ УлусНэт-н WiMax холболт тавиулсан талаараа бичжээ. Сэтгэгдэл төрүүлж байнаа, тэгээд цааш холбоосоор орох гэсэн боловч "тийм домэйн байхгүй" гээд орсонгүй. Англи хэлний багахан мэдлэгээ ашиглаад http://trail.ulusnet.mn биш харинhttp://trial.ulusnet.mn байсан болохыг мэдчихлээ. Туршилтын нэр сарын хугацаанд үнэгүй ашиглах боломжтой юм байна, туршилтад оролцоход танаас ямар ч зардал гарахгүй бололтой. Өөрийн хэрэгцээнээс хамаарч "Албан байгууллага" эсвэл "Хувь хүн" гэсэн сонголтоос сонгоно. Хүн шүүмжлэхгүй байя гээд бас хүн шүүмжлэхлээр загнуулчаад байдаг ч гэсэн жаахан шүүмж хэлэхгүй бол үнэхээр болохгүй нь.

Миний хэрэгцээ хувь хүн болохоор дамжаад ортол их том маягт байх юм. Уг нь цааснаас цахим хэлбэрт шилжсэн нь ахицтай л юм гэхдээ энэ их мэдээлэл юунд бас хэнд хэрэгтэй юм бол? Бүгдийг нь бөглөөд явбал улсын бүртгэлд байхгүй шахуу их хэмжээний мэдээлэл тэд цуглуулж байх юм, харин бидний тэр мэдээлэл хэр найдвартай гарт байгаа бол? Энэ нь жинхэнэ асуудал шүү. За тэр яахав бөглөөд явж байтал бөглөмөөргүй бас байхгүй зүйлсийг "заавал" гэж шаардсан байна. Албан байгууллага заавал хэлтэс, албад хуваагдсан байх бас заавал факстай байх ёстой юу? Монголоо жаахан мэдрэмээр юм. Нэг зүйл дутуу бөглөсөн бололтой нөхөц бөглөнө үү гэсэн бичиг гарч ирээд миний бөглөсөн бүх зүйл алга болжээ, уг нь бөглөснийг нь бөглөснөөр нь гаргаад дутуугаа асуудаг байвал тээ. Ахиж бөглөхөөс залхуу. Утасны дугаар руу нь залгатал "Байна уу" гэхээр нь хаашаа холбогдсоноо лавлан асуутал дугаар андуураагүй бололтой, цааш лавлан асуувал "туршилт дууссан" гэнэ, харин "одоо мөнгөө төлөөд тавиулах уу, үнэ хөлс" гэж асуухын завдалгүй утсаа салгачихлаа. Одоо би яах уу, ахиад залгах уу? Үгүй ээ, залгахгүй. Ингээд бас Юнител адилаар миний урмыг хугалж байна шүү, уг нь шинээр гарч ирж байгаа компани эхнээс нь юмаа час хийтэл сайн хийж ирэхгүй бол бас хэцүү байх даа. Яалтай ч билээ дээ :(.

2007-01-14

YouTube ашиглаж үзвээ би гэж

YouTube дээр тавьсан видео бичлэгүүдийг үздэг байсан бол өөрийн нэг видеог ачиж (upload) үзлээ. Болж байна шүү.

Филиппинд байхдаа далайд сэлэхээр явж байх замдаа авсан зураглал. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

2007-01-13

Ubuntu суулгаж сурцгаая

Линукс сурах гэж байгаа эсвэл зүгээр л нэг ямар юм байдгийг нь харчихмаар байгаа хүнд тулгардаг хамгийн анхны бөгөөд хамгийн том бэрхшээл юу вэ? Мэдээж суулгах гэдэгтэй санал нийлэх байх. Нэгэнт суулгачихвал цааш нь сурж болмоор байдаг даанч суулгаж чаддаггүй. Тэгвэл миний бие ямар ч мэдлэггүйгээр Ubuntu линукс суулгах гарын авлага бэлдэх гэж оролдлоо. Ягштал дагаж хийгээд алдаа гарахгүй бол ер нь болох ёстой, тиймээс алдаа бүү гараасай гэж залбиръя. Та бүхэн бас үзээд санал, шүүмжээ хэлээрэй.

Ubuntu-г анх удаа суулгах нь гарын авлагыг дагаад суулгах гээд үзээрэй, болж байна уу? Сонсохгүй байна шүү, алив чанга хэл дээ. Хэхэ.

2007-01-12

Блогчидоо болъёооооооооо

Уг нь альваа мэдээллийг RSS эсвэл news feed-ээр дамжуулаад авчихвал амьдрал их хөнгөрөөд явчихдаг юм. Хэрхэн хялбарчилж байгаа талаар Ганбаатар бас бичсэн байсан. Гэтэл сүүлийн үед нэр бүхий блогчид энэ боломжийг хааж, заавал вэбээр орж уншихийг шаардах болов. Би бодохнээ ямар ч хэлбэрээр хамаагүй мэдээлэл тархаж, түгж байвал болох бишүү. Энэ одоо юуны учир вэ? Бүгдээрээ нээлттэй л байя л даа, тэхүү.

2006 миний хувьд

Ер нь харж байхад ихэнх хүмүүсийн хувьд 2006 он их амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн бололтой. Уг нь оны өмнө улирч буй оны талаар бичих санаа байсан боловч чадсангүй өдий хүрлээ. Гэхдээ зөвхөн үнэхээр амжилт, үсрэлт гэж бодож байгаа зүйлсээ бас чадаагүй зүйлсээ дүгнэх хэрэгтэй юм.

Ололтын хувьд 2006 оны хамгийн эхнээс зөвхөн нээлттэй систем ашиглаж хаалттай програм хангамж ашиглахаа больсон. Урьд нь боломжгүй, чадахгүй юм шиг байсан ч энэ байдлаараа аль хэдийнэ 12 сарыг ардаа орхисон байх юм, энэ талаар жич блог бичнэ. Зарим нэг хүний тооцоолуурын хэвийн ажиллагаа хангах гэж виндовс гэдэг зүйлийг ашигласан, бас гэрийн тооцоолуур дээр жаал тоглохын тулд бас бусад нь ашиглах гэж яалт ч үгүй суулгасан. Үүнээс гадна Unix Beer Party-г зохион байгуулж эхэлсэн бөгөөд олон шинэ найзуудтай болж тусламж дэмжлэг авахаас гадна тусалж дэмжиж ирлээ. Малайзын Куала-Лампурт азийн хэмжээнд томд тооцогдох нээлттэй эхийн програм хангамжийн хуралд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Альваа зүйл дээр улсаа төлөөлнө гэдэг нь цаанаа маш их хариуцлага байдаг болохыг тэгэхэд л мэдэрсэн, чадахаараа л хичээсэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэг байхаа. Тэнд очоод миний урам зориг улам сэргэж, эрч хүчийг олж авсан юм, учир нь үнэхээр гайхалтай, тэвчээртэй хүмүүстэй танилцсан бөгөөд өөрөөсөө ичсэн, өөрийгөө голсон, шийдсэн. Солонгос залуу 10 гаран жил линуксыг таниулах ажил хийгээд шантраагүй байхад би дөнгөж эхэлж байж шантрах гэж? Шантрах ёсгүй биз дээ? Биднийг тоохгүй байгаа биш бид зөвөөр хийж чадахгүй байна. Уг нь аль 2-р сард хийхийг зорьсон ч 4-р сарын 7-ны өдөр анхны Linux InstallFest гэгч зүйлийг хэсэг нөхдийн хамт зохион байгуулж 800 орчим хүн цуглуулж чадсан, чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж гэдэг зүйлийг дажгүй сурталчилсан болов уу. GUADEC гээд GNOME-н европын хурал болох гэж буйг мэдээд оролцох хүсэлт явуулахад хүлээн авснаар улсаа төлөөлөх ахин нэг боломж гарсан. Жинхэнэ нээлттэй эхийн нэгдэл (community) ямар байдгийг үзэж харлаа, олон зүйлийг ойлгож сурч авлаа, аялалын зургийг үзнэ үү. Буцаж ирээд GNOME Foundation-н албан ёсны гишүүн болж удирдах зөвлөлийн хуралд санал өгч үзлээ. Оны сүүлээр Филиппин улсад LPI-н анхан шатны шалгалтанд бэлдэх сургалтанд сууж, шалгалт өгснөөр тэнцсэн. Ер нь танилын хүрээ их тэлсэн, ихийг эргэцүүлж, их зүйлд зорьсон жил болж өнгөрчээ. Бас Sysadmin Summit гэгч зүйлийг бас анх удаагаа хэсэг нөхдийн хамт зохион байгуулсан, хүмүүс өөр өөрөөр дүгнэсэн ч хувьдаа бас амжилттай болсон гэж дүгнээд байгаа. Энэ жил дараагийнхийг нь хийх санаа уг нь байна. Нээрээ хэд хэдэн газар юникс, линукс гээч зүйлийн талаар анхан шатны мэдлэг олгох хичээл зааж үзлээ, багшийн ажил ч бас чанга эд байна лээ шүү. Бас Чөлөөт Програм Хангамжийн Өдөр гэдэг зүйлийн Монголд анх удаа тэмдэглэхээр оролдсон цаг хугацааны давчуугаас болоод төдийлөн амжилттай болоогүй, сэтгэл дундуур үлдсэн.

Мэдээж дардам замаар явсангүй. Оны эхний хагаст Нэтсофт компани татан буугдахаар болж ажилчин ардаас чөлөөт уран бүтээлч болов, одоо ч хэвээрээ. Уг нь гадаадад сурахаар ажлаасаа гарсан боловч болсонгүй ээ. Санхүүгийн хүндрэлийн үе эхэлсэн дээ. Сүүлд бодоод байхнээ ямар нэг ажилд хүлэгдэх юм бол элдэв бодсон зүйлсээ хийх завгүй болох байх гэж айсандаа одоо болтол хаа нэгэн газар харьяалагдахаас зайлхийсээр явна. Хэд хэдэн том санаа олсон боловч хойрго зангаасаа болоод өрсүүлчихсэн байдаг, яах уу? Хийхээр хичээсэн боловч чадаагүй ажлууд он дамжин үлдсэн нь тоогүй.

Ер нь их салан задгай амьдрал өрнүүлсэн байх юм, энэ оноос "төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг" гэдэг зүйл рүү шилжих гэж үзэж байгаа боловч тийм ч амархан зангаа хаяхгүй бололтой. Гэвч хичээж л байна. Хэрхэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж сурах вэ? Хүмүүсээ туслаарай, зөвлөгөө өгөөрэй. За товчхондоо ийм л байна.

UBP 2007.1 болчлоо гэж

Нэлээн шахуу хугацаатай MUUG болоод өөрийн блог дээр зарлаад өчигдөр 8 хүний оролцоотойгоор Unix Beer Party-гаа хийчихлээ, нэг жилийнхээ ойг бас хавсарчихлаа. Өмнө ирж байгаагүй 3 хүн ирсэн бөгөөд тэдний нэг Ганбаатар блог дээрээ UNIX beer Party бичлэгийг бичжээ. Энэ удаад шахуу зарлагдсан болоод ч тэр үү байнга ирдэг хэд хэдэн хүн, зарим ирнэ гэж байсан хүмүүс ирсэнгүй. Уг нь эрт зарлах хэрэгтэй болохыг мэдэж байсан боловч яагаад ч юм цагийг нь тулгачихлаа. Дараагийн удаа жоохон эртхэн зарланаа. Зарим нэг яригдсан сэдвүүдээс тэмдэглэж авсан бөгөөд бүгдийг бичих боломжгүй тул товч өгүүлрүүн.

Тамир "мянганы сорилын сан" гээч зүйлд монголын бүхий л нутгийг хирсэн шилэн кабелийн татах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд төслийн ажил жоохон удаашралтай байгаа гэнэ. Гэтэл нөгөө татчихсан байгаа кабель нь бараг ашиглалтгүй газар булаатай хэвтэж байгаагаас гадна од буюу star хэлбэрээр татсаны улмаас, мөн ашиглаж байгаа төхөөрөмжүүдээс шалтгаалан ашиглалт хангалтгүй, доголдол гардаг талаар зарим хүмүүс бүр жишээтэй ярьж байсан. Харин "мянганы" төслөөр тататгдаж магадгүй сүлжээ нь од биш гогцоо хэлбэрээр татагдах учир доголдлыг багасгаж чадах юм байна. Хэдхэн хоногийн өмнө MOSA буюу Монголын Software Association байгуулагдсан талаар дуулсан, мэдээлэл хомс байсан харин энд зарим нэг мэдээллийг олж авлаа. Өмнө нь Буянцогтоо ахын ярьж байснаар гаднаас захиалга авч ажил гүйцэтгэхэд аль ч компаний дотоод хүчин чадал, нэр хангалтгүй, жин дарж чаддаггүй учир захиалгын олдоц төдийлөн муу байсан бол MOSA-г байгуулснаар програм хангамжийн компаниуд нэгдэн, илүү том нэгж болж илүү их зүйлийг гаднаас зулгаах боломжтой болох юм байна. Яг MOSA нь юунаас тогтож байна? Mongolian Outsourcing Software Association биш байгаа? Ямартай ч энэ бол маш зөв санаачлага, одоо атгасан гар шиг нэгдэх л хэрэгтэй, ажиллах нь чухал байна. Хувьдаа маш дэмжиж байгаа. Web 2.0 гэдгийн талаар багагүй хэлэлцэх шив. Тал бүрийн санал, яриа өрнөсөн боловч одоогийн байдлаар яг тийм юмыг Web 2.0 гэж хэлсэн зүйл байхгүй тул зарим нэг тулгуур үзэл санаа болон давуу талуудыг дурдвал: ер нь интерактив буюу AJAX байх хэрэгтэй, сүлжээний ашиглалт бага, ашиглахад маш хялбар, ойлгомжтой гэх мэт. Гэвч хэрэгжүүлэхэд, хийхэд зарим нэг талын хүндрэлүүд гардаг, алдаа гарах магадлал өндөр байдаг тул маш няхуур хийх хэрэгтэй гэнэ.

Аутсорсинг гэдэг зүйл хэзээ нэгэн цагт зогсох уу? Саяхан нэг судалгаа үзэж байхад аутсорсинг хийгээд 3 жил орчмын дараагаас олж авсан давуу тал нь үгүй болж ахиад өөр газар хайх хэрэгтэй болдог гэж байсан. Энэ хандлагаар хэдэн арван жилийн дараа хамаг газар хөгжөөд, хөдөлмөрийн хөлс үнэтэй болохоор яах бол? Хэзээ нэгэн цагт зогсох болов уу? Мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах боловч цалинг хэт өндөр өсгөхгүй байнаар Монголд аутсорсингийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадна гэж би үзнэм. Ихэвчлэн эдийн засгийн хэмнэлт хайж аутсорс хийдэг харин монгол хүн 1000 долларын цалин аваад эхлэвэл давуу энэ тал дээр яах бол? Ер нь тэгээд аутсорсинг бидний явах зам мөн үү? Бас монголд боловсрол эзэмших нь хэр үр дүнтэй вэ, багш нар хангалттай байна уу? Ер нь багш хийхийн давуу болоод сул талууд юу байна? Өөрийн мэддэг зүйлийг илүү нарийвчлан бататгадаг давуу талтай болохыг миний бие багш хийж байсан туршлагаасаа олж мэдсэн. Өөр зүйл юу байна? Сайн хүмүүс нь ажиллаад, тааруухан нь ч хаашаа юм гэхдээ сайн бишүүд нь багш хийж байгаа нь боловсон хүчний бодлого алдагдаад байгаа юм биш биз? Магсар маань IPv6 гэдэг зүйлийн талаар бидэнд танилцуулав. Тэрээр 3 сарын хугацаанд сүлжээ гэгч зүйлийг л үзсээр, харсаар, нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцаж байгаад ирсэн бөгөөд IPv6-г хэрэгжүүлж үзсэн байх юм. IPv6-с маш их илүү гэж хэлж болох мэдээллүүд хасагдсанаар тооцоолол багасч, үүнийг дагаад төхөөрөмжүүдэд ирэх ачаалал багассан юм байна. Жишээ нь пакетийн бүрэн бүтэн байдлыг доод түвшинд даатгаж, бас бус зүйлийг өөр түвшин даатгаснаас ачаа ихээхэн хөнгөрсөн юм байх. Ганбаатарт маш их хэмжээний ном цахим хэлбэрт байгаа, цагийн эрхээр хуучрах гээд байгаа тул хүмүүст нээж, хуваалцахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Удахгүй сервер нээж ажиллуулахаар ярилцсан байгаа, тун удахгүй. За тэгээд хүмүүсийн ярианаас цаг хугацаа өнгөрөх тусам цаг сайхан болж, илүү их боломжийг олгож байгааг гайхах болж. Элдэв уралдаан тэмцээн, тэтгэлэгт хөтөлбөр, мэдээллийн эх сурвалж гэх мэт. Бас LPI сургалтын төвийн талаар багахан ярилцсан. Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ-с линукс болоод бусад нээлттэй технологийн талаар сургалт явуулах сургалтын төв нээхээр бэлтгэлээ базааж байгаа боловч уг нь шалгалтанд бэлдэх байтал одоогийн байдлаар ихэнх зүйлийг бүр эхнээс нь заах хүндрэл тулгараад байгаа нь хэнд ч тодорхой билээ. Уг сургалтын төв байгуулахаар мэддэг, чаддаг, мэргэшсэн гэдэг зүйлийн ялгаа бага ч болов тодрох болов уу гэж бодоод байгаа юм. Монголчуудын мэддэг нь гадаадын сонссон гэдэг үгтэй ижил утгатай гэж Тамирын найз хошигносон гэнэ билээ.

Эцэст нь зарим хүмүүсийн хүсэлтийг уламжилбал, ХасБанк нь системийн администратор гэхдээ чаддаг, өмнө нь хийж байсан хүнийг сайн хангамжтай авах юм гэнэ, үүнээс гадна сургууль хаах дөхөж байгаа тул сонирхолтой, өгөөжтэй, ирээдүйтэй дипломын сэдэв санал болгохыг "Холбооны" сургуулиас хүслээ, сэвдүүдийг миний блог дээр сэтгэгдэл болгоод үлдээх эсвэл багцлан блог бичихийг уриалж байна. За тэгээд элдэв сэдвээр ярилцаж, санаа оноогоо хуваалцах, сонссон зүйлээ нэмэх сайхан боломж гэж хувьдаа дүгнэдэж юм.

Баянаа байна уу ...

Баянаа Японд очоод холбоотой байна гэсэн яасан бэ? Очингуутаа нэг блог бичих болов уу гэж үнэхээр их хүлээлээ, гэвч ... Уг нь гаргаж өгье гэж бодож байсан боловч чадаагүй, уучлаарай. Чи бидэнд үгүйлэгдэж байна, нэг блог бичээч.

2007-01-08

Би юу бичээд байнаа?

Гадаад явснаас ч болсон уу эсвэл юу ч нөлөөлсөн юм сүүлийн үед элдэв зүйлийг бясалгаж толгой тархинд амрах зав гарахгүй байна. Бас тэгээд юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, гараас гарсан юмгүй байж бас л завгүй, блог ч бичихгүй. Их бясалгаад ингээд байна уу? Хүн өөртөө заавал цаг гаргах ёстой, энэ хугацаандаа өөрийгөө хэн байгаа, хэн болох гэж байгаа болоод юу хүсээд байгаа гэх мэт амьдралын бодлогоо тодорхойлоход зарцуулах ёстой гэдэг. Энэ зарчмаар жаал бясалгалаа, давгүй шүү. Зарим нэг асуултынхаа хариуг илүү тодорхойлж авлаа байна гэж.

Гэртээ нэг орой жаал хүмүүсийн блогийг үзлээ, мэргэжил нэгт андууд маань мэргэжил, ажлынхаа талаар болоод өөрийн мэддэг зүйлсийг хүмүүстэй харамгүй хуваалцсан байх юм, харин миний байж байгаа гэж. Өөрийнхөө бичлэгүүдийн талаар эргэцүүлэн бодоход мэргэжлийнхээ, ажлынхаа талаар төдийлөн бичээгүй бас их хадуурсан байх юм. Одоо мэргэжлийнхээ талаар илүү түлхүү бичихээр шийдэж байна, гэхдээ хадуурах нь тодорхой. Бас дээрээс нь амьдралдаа онцлох зүйлсээ өөртөө тэмдэглэл болгож бичнэ гэж байгаа. Бичээд байнаа. Хэрэв та өөрийн блоггүй бол блог нээж өөрийгөө нээгээрэй, бусаддаа мэддэг мэдээлэл хүргээрэй.

UBP 2007.1

Өнөөдөр MUUG дээр Unix Beer Party-гаа зарлачихлаа, сонирхосон хүмүүс хүрэлцэн ирээрэй. Нээрээ энэ сард UBP маань нэг ой хүрч байгаа юм байна, жилийн өмнө 2006 оны 1-р сарын 5-ны пүрэв гарагт 19 цагаас "Modern Nomads"-д болж байсансан. Үүнээс гадна хэдэн бодол байнаа.

Бүтэн жилийн турш UBP-г ерөнхийд нь зохион байгуулаад явлаа, олон хүмүүстэй уулзлаа, олон найзуудтай боллоо, мэдлэг туршлагаа ч тэлээд бас дээрээс нь сайхан амралт болж өгдөг. Гэтэл зарим хүмүүс UNIX гэдэг нэрнээс нь сүрдээд бас яг ямар зүйл байдгийг нь мэдэхгүй болоод ирдэггүй байх юм. Анх юникс төст үйлдлийн систем хэрэглэдэг, сонирходог хүмүүст чиглэн хийж байсан боловч одоо зөвхөн юникс гэлгүй тал бүрийн нээлттэй технологи, хамтран ажиллах, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна туршлага, мэдлэгийг маш ихээр солилцож байгаа. Тэгээд ч бие барилгүй сайхан чөлөөтэй ярилцаж байхын тулд шар айраг гэгч зүйлийг хачирлан оруулж, илүү чимж өгсөн. Гэтэл хүмүүс зөвхөн сисадминууд уулздаг, зөвхөн тэрнийхээ талаар л ярилцдаг гэж бодоод үргээд байдаг байх юм. Тэгэхээр яалтай вэ? Ер нь ЮНИКС гэсэн тодорхойлолтыг гээх үү? Open Beer Party байвал болж байгаа биз? Альваа зүйл цаг үеээ дагаж байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, энэ нь дайрч байна уу? Ямартаа ч сүүлийн үед "ЮНИКС" гэсэн тодотголгүй хүмүүсээр хүрээгээ тэлж, элдэв шинэ технологийн талаар хэлэлцэхээс гадна туршлага хуваалцаж, нэг нэгдээ дэм болж байна. Та ч гэсэн ирж бидэнтэй танилцаж, өөрийн бодож санаж явдаг зүйлийг олонд дуулгаж, бас тэгээд хамтран ажилламааргүй байна уу? Таныг бид урьж байна, гэхдээ ганц болзол бий. Та өөрийн гаргасан зардлыг бүрэн хариуцах ёстой, ердөө л энэ.

Энэ удаад ч бас халуухан болж магад шиг байна шүү. Вэб 2.0 гэгч зүйлийн талаар хэлэлцэх санал ирсэн, сонирхолтой, бас бусад хүмүүс сонирхолтой юу ярих бол гэхээс тэсч чадахгүй байна шүү. 10-ны лхагва гарагт 19 цагаас "Их Монгол"-д уулзацгаая, бид ширээн дээрээ бяцхан хөөрхөн оцон шувуу байрлуулсан байх болно. Та хэнийг ч таньдаггүй байсан санаа зовох хэрэггүй шүү, бүгд л анх бие биенийгээ таньдаггүй байсан, харин одоо өөр, цаашид ч өөр болох болно.

ТА БҮХЭНТЭЙ УУЛЗАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭНЭ

2007-01-05

Моби гэж ...

Сүүлийн үед Мобиком маань доголдоод хачин байна шүү, уг нь ... Миний бие анхнаасаа Мобикомын үйлчилгээг сонгон хэрэглэсээр ирсэн бөгөөд учир шалтгаанаа өгүүлье.

Хамгийн анх угаасаа сонголт байгаагүй улмаас сонгосон байх, мэдээж хэд хэдэн удаа солих боломж байсанч Skytel болоод CDMA-с яаагаад ч юм үнэхээр харшилтай болоод сольж байсангүй. Гэхдээ бусдын адил Моби мөлжиж байна, үнэ өндөр байна гэсэн хэвээр. Ажил хийдэг байхад ажлаас Мобигийн дараа төлбөрт дугаар олгож төлбөрийг нь төлдөг болсноор утсаар мэссэж бичих биш харин ярих гэдэг зүйлд амтшсан юм. Сүүлд ажлаас гарч дугаар хураагдсанаар дугаараа солих, цаашлаад үйлчилгээгээ солих том шалтаг болсон ч бас л Мобидоо үнэнч үлдсэн яагаад?

Би Мобиг сонгов. Skytel-г туршиж үзэхийг хэд хэдэн хүн санал болгосон боловч өмөх шалтгааны улмаас сонголтын шагсаалтанд огт байхгүй боловч өөр нэг сонголт нэмэгдсэн байсан нь Unitel. Өөрийн гэсэн дугааргүй байхдаа буюу 6-р сарын сүүлээр ажлаар Испани улсыг зорьсон бөгөөд тэр хойгуур Unitel-н үйлчилгээ эхэлж билээ. Оновчтой, зөв сонголт хийх санаатай вэб рүү нь ороод л үйлчилгээнд эргэлзээ төрөв. Ихэнх зүйлс нь зурагаар хийсэн боловч нөгөөх нь бүүдгэр, томруулах тусам улам бүрсийнэ гэж. Уг нь шинээр гарч ирж байгаа, их өрсөлдөөнөөр гарч ирэх болохоор бүх зүйлийг төгс хийнэ гэж бодож байсан маань үгүй байж. Цааш сонголт хийхэд хэрэгцээтэй мэдээлэл хайсан боловч олигтой зүйлс олдсонгүй, олдсон нь бүрсгэр зураг. Холбоо барих ч билүү санал сэтгэгдэл ч билүү булан руу нь ороод үнийн санал бас вэб дээр шүүмжлэх зүйлсийг бичээд илгээсэн боловч өнөөг хүртэл хариу байхгүй. Ашигладаггүй бол тэр буланг яваад хаячихмаар юм. Гэтэл Мобигийн вэб дээрх нэг алдааны талаар захидал бичихэд цаг ч хүрэхгүй хугацаанд хариу ирж, уг алдааг зассан байсан нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Ингээд би 9911UNIX гэсэн дугаарыг сонгож хэрэглэх болсон.

Би зөв сонголт хийсэн. Саяхан Филиппин явах болж гар утсаа авч явахаар шийдэв. 2222 гээд лавлах утас руу залгаад гар утас маань тэнд ажиллах эсэх талаар асууж байгаад санамсаргүй утсаа тасалчихав. Харин нэх удалгүй танихгүй дугаараас дуудлага ирж "Та Манилад утсаа ашиглаж болно" гэснээр гар утсаа авч явж хэдий жаахан үнэтэй боловч гэрийнхэнтэйгээ, найз охинтойгоо байнга холбоотой байсан. Техникийн дэвшил бас зөвхөн Мобигийн үзүүлж байгаа үйлчилгээ. Бээжинд ч гар утсаа барьсан. Өмнө ч Куала-Лампурт явж байхад ингэж байсан. Үүнээс гадна Системийн Администраторуудын Чуулга Уулзалтанд ивээн тэтгэгч хайж явахад илүү дутуу чирэгдэлгүйгээр нааштайгаар шийдвэрлэж өгсөн, тусласан. Миний уулзсан газрууд "манайд ямар ашигтай вэ" гэх мэт зүйл асууж байхад Моби "нийгэмд өгөх ашиг тус" гэж асууж байсан юм. Тэгээд ч биднээс авч байгаа энэ их мөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө чамгүй их зүйл хийсэн, хийж байгаа бас хийх ч болно гэж бодож байна. Гэхдээ л үнэтэй хэвээрээ байгаа :).

LPIC-1 авлаа

Өнгөрөгч оны 12-р сарын 4-нөөс 15-ны хооронд Филиппиний Манила гэх бүсэд оршид Күйсон гэх хотод линукс администрац хэрхэн хийх талаар сургалтанд сууж, шалгалт өгөөд ирсэн билээ. Уг сургалт болоод шалгалт нь линуксын тархацаас үл хамааран линуксын мэдлэгийг шалгах дэлхийд дээгүүрт ордог Linux Professional Institute байгууллагын хамгийн эхний түвшний шалгалтанд байлаа. Сургалтанд хамрагдах хүмүүст доод тал нь нэг жил линукстай ажилласан байх шаардлагыг тавьж байсан ба хоёр долоо хоногийн хугацаанд мэдвэл зохих сэдвүүдийг "шурт хийлгэсэн" гэж хэлж болно. Анхандаа гайхаж байсан боловч сүүлд нь ийнхүү шалгуур тавьсан учрыг ойлгож авсан. Үнэхээр тэр их сэдвүүдийг нарийвчлан үзэх боломжгүй харин сэргээх л боломжтой байсан юм.

Үнэндээ би сургалтанд сууж байхдаа бараг хичээл хийхгүй, анхаарахгүй зөвхөн чихээрээ сонссон болж, хааяа нэг лавлан асуун сууж байсан болохоор шалгалт өгчөөд их айж, бантаж, ичиж үнэхээр хачин байлаа. Хэдий хичээл дээр хичээл хийхгүй боловч орой буудалдаа очоод зарим нэг тест бөглөж, ном харна. Гэвч хэрэв тэнцэхгүй бол хичээлээ анхаарч байхгүй яав гэж өөртөө харамсаж, шанална тэгээд ч өдий олон жил линукс ашигласан, хүмүүс асуувал юу гэж хариулна гэж бодохоос үнэхээр ичиж үхмээр санагдаж хэцүү байсан үеүүд ингэж нэг дуусдаг юм байна, тэгээд нэг юм Филиппин улсыг зорьсон зорилго маань биелдэг байжээ. Одоо би LPIC-1 зэрэгтэй боллоо, энэ зэрэгт бэлтгэх сургалтыг явуулж болох эрхтэй боллоо, ямар ч байсан линуксын анхан шатны мэдлэгтэй гэдгээ баталж чадлаа. Тайвшир Дөлөө, айдгаа авдартаа хийчлээ ш дээ, гэхдээ цаашид давах даваа олон, хийж бүтээх ажил их байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. Нээрээ бидний анд Баянаа бас нэг юникс гэхдээ бүр аюулгүй байдлын сертификат авсан байсан шүү. Түүнд баяр хүргээрэй.

Ямар нэг үеийг давахын тулд хоёр шалгалт өгөх ёстой. Жишээ нь, хэрэв 1-р үеийнх бол 101 болон 102 шалгалтуудыг өгнө. Аль нэг дээр нь бүдрэх юм бол батламж авахгүй л болов уу. Хэрэв та өөрийгөө үнэхээр линукс мэддэг, ажиллаж чадна гэж бодож байгаа бол ийм төрлийн шалгалт өгөөд үзээрэй, батлаарай.

Шинэ оноо ч давгүй эхэлж байна шүү. Амжилт

2007-01-03

Шинэ ондоо ихийг бүтээцгээе

Өнгөрсөн он бидний хувьд шинэ санаачлага, ажил бүтээлээр дүүрэн байлаа. Мөн улирагч оны хамгийн гол зүйл нь бид бүгдээрээ илүүтэйгээр санал бодлоо хуваалцаж, нэг нэгийгээ дэмжиж, хамтран ажиллаж эхэлсэн явдал болов уу. Үүний дүнд анхны Linux InstallFest, Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт, Програм хангамжийн эрх чөлөөний өдөр гэх мэт олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж чадлаа. Цаашид ч бүр илүүг хийж бүтээж чадна бид.



Гүнээ хүндэтгэсэн:
Сүхбаатарын Дөлмандах
Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ-ын тэргүүн
liMNux - Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгийн ахлагч