2006-07-28

Цох агнасан нь ...

Evolution гээд цахим шуудан, цаг төлөвлөлт, тэмдэглэл хөтлөх зориулалттай нээлттэй эхийн бас Outlook-г орлох бүтээгдэхүүн дээр цаг төлөвлөлт хийхэд нэг цагийн зөрүү гарч байхыг 4-р сард анзаарсан юм. Юунд ямар учир байгааг хайсан боловч арга мухардаж хаясан. Харин Испанид явж байхдаа Evolution дээр ажилладаг програмчинтай таарч энэ тухай хэлтэл хэдхэн хоногийн өмнө засагдсан, шинэ 2.8 хувилбарт ямар ч асуудалгүй ажиллана гэж хэлсэн нь тодхон санагдана. Нээлттэй эхийн төслүүд програм хангамжийнхаа хөгжиж буй, түүхий хувилбаруудаа сондгой, харин тогтвортой болмогч тэгш тоогоор дугаарладаг. Өөрөөр хэлбэл Evolution 2.7 гэдэг нь түүхий, харин боловсорч гүйцмэгц 2.8 болно гэсэн үг.

Асуудал хэд хоногийн өмнө эхэллээ. Угийн түүхий боловч шинэ хувилбар хэрэглэх дуртай би GNOME 2.15-г Evolution 2.7-н хамт суулгалаа. Гэтэл хуучин алдаа маань хэвээрээ. Нээлттэй эхийн төслүүдэд хүссэн хүн бүхэн оролцох боломжийг эдэлж энэхүү алдааг хөгжүүлэгчдэд мэдээллээ. Хариуд нь бүхий л төрлийн цаг өөрчлөгдөх алдаа засагдсан, цагийн бүс сонгосны дараа доор нь жижиг сонголт гарна, тэрийг сонгоорой гэсэн байлаа. Тэрхүү сонголтыг нь сонгохоор яаравчлан програмаа ачаалахад сонголт маань идэвхигүй, сонгох боломжгүй байсанд ихэд гайхлаа.

Багахан судалгаа хийсний дараа зарим нэг цагийн бүсүүд дээр ажлаад харин Монгол Улсын маань Улаанбаатар бүсд лав ажиллахгүй байгаа нь тодорхой болов. Асуудал юунд байна? Уг програм нь хаа нэг файлд бүх цагийн бүсийн талаар мэдээлэл хадгалдаг, тэрэнд нь цаг шилжих үгүй мэдээлэл байдаг байж таарна. Харин яг аль файлд? Баахан файлууд ухсан боловч олсонгүй, ямар нэг гогцоо ч олж чадсангүй. Эцсийн арга нь чатаар орж хэн нэгнээс тусламж хүсэх байсан бөгөөд энэхүү арга хэрэглэгсний дараа .ics гэсэн өргөтгөл бүхий файл дотор байдаг болох нь тодорхой болов.

Ulaanbaatar.ics гэсэн файлыг хайж олоод доторхийг нь үзвэл ер нь дажгүй ойлгомжтой, харин нэг асуудал гарсан нь цаг яг хэзээ солигддогийг би мэдэхгүй байсан юм. Танидаг ганц нэг хүнээс асуухад бас л яг таг мэдэхгүй байсанд хамгийн сайн анд болох GOOGLE-д хандлаа. Хуучнаараа надад тус болж http://www.timeanddate.com/worldclock/city.html?n=720 хаягийг хэлэх нь тэр. Орж үзвэл надад хэрэгтэй бүх л мэдээлэл байна. Гоё. Улаанбаатарыг форматынх нь дагуу цаг өөрчлөгддөг болгож засаад туршид үзэхэд сонголт гарч ирж байна. Бүр гоё. Үүний дараа Монгол Улс гурван цагийн бүсийг эзлэх уудам нутагтай тул Ховд, Чойбалсан гэсэн бусад бүсийг шалгатал мөн адил өөрчлөгдөхгүй байв, засав. Хамгийн сүүлийн алхам юу вэ? Эдгээр засваруудаа төслийн цох мэдэгдэх системээр дамжуулан төсөлд хүргээд, бусад хүмүүст хүртээлэх.

Энэ анхных биш, өмнө нь хэд хэдэн ийм засвар хийж байсан, харин засч чадахгүй бол цохыг зүгээр л мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн нээлттэй эхийн програм хангамжийн төслүүдэд л та ингэж шууд оролцох боломжтой. Та бусдаас түрүүлж цохыг мэдээлэх, бүр засварлах нь тухайн програм хангамжийн хөгжлийг дэмжихээс гадна өөрийн болон бусдын амьдралыг илүү амар, гоё болгож байгаа юм. Ингэж л олон хүний оролцоотой нээлттэй эхийн програм хангамж өсдөг, хөгждөг.

Цох гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байх шиг. Эрт дээр үед компьютерүүд асар том байхад програмуудаа тусгай карт дээр зоон бичдэг байсан. Тэгээд ямар ч алдаагүй бичсэн програм нь ажиллахгүй эсвэл буруу ажиллаад байхаар нь картаа шалгахад карты нүхнүүдэд нь цох эсвэл ялаа орж үхсэн байх нь элбэг байж. Үүнээс үүдээд програмын алдааг bug буюу цох гэж нэрлэх болсон байна. Бас bug hunting гэдэг үг хэллэг байдгийг нь цох агнах гэж орчуулж болно байх. Тийм үү?

ЦОХГҮЙ ПРОГРАМ ҮГҮЙ

Наадмын маргааш намар

Энэ зун маш орой эхэлж зуравдугаар сарын сүүлчээр ч сайхан ногоорч чадаагүй байсан. Өмнө нь ийм сонин сэрүүн, орой зун эхэлж байсныг санахгүй юм. 7-р сарын эхээр их сайхан, дулаахан зун болж байсан ч наадмын дараа намар гэдэг үг үнэн болохыг харуулах гэсэн мэт наадам болов уу үгүй юу бороо, сэрүү орж эхэллээ.

Бараг өдөр тутам ямар нэг хэмжээгээр бороо орно, муу биш гоё гэхдээ жаахан дулаарвал ч. Өмнө нь хотод их халуун бөгчим болохоор лагер зугтдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. Халуун биш хүйтэн биш нэг л таатай. Үдэш орой ямар гоё гэж санана.

ЗУН Ч БОГИНОХОН ЮМ ДАА

2006-07-21

Блог унших

Би ч олон хоббитой доо, тэдгээрийн нэг нь блог унших. Миний бодлоор хэн нэгний блогийг унших нь тухайн хүнийг таних эсвэл шинэ мэдээлэл олж авахад хэрэгтэй байдаг. Би олон ч зүйлийг блогоод мэдэж, олж авдаг. Бас хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг ч хүргэхийг хичээдэг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүн тус болохоосоо илүү саад болдог, буруу зүйлд урвуулан татдаг блогууд олноороо байсаар байна.

Өөрөө би техникийн, тэр дундаа нээлттэй эхийн програм хангамж, юникс төрлийн үйлдлийн систем сонирходог болохоор янз бүрийн planet-уудаар хэсэх дуртай. planet гэдэг нь тухайн нэг бүлэг сэдвээр блог бичдэг хүмүүсийн блогийн нэгдсэн цуглуулга гэсэн үг. Өөрөөр хэлбэл та тийш орсноор зөвхөн тухайн сэдвийн холбогдолтой блогуудыг олж уншина гэсэн үг юм. Жишээ нь:

http://planet.gnome.org
http://planet.gentoo.org
http://planet.ubuntulinux.org
http://planet.debian.org гэх мэт олон planet байна. Илүү их жагсаалтыг http://www.planetplanet.org хаягаас авч болно.

Үнэнбат бид хоёр хамтраад http://www.unix.mn сайтаа шинэчилж, өөрчлөлтүүдийг туршиж эхэлсэн. Энэ шинэчлэлт дуусвал блог бас planet нээх бодолтой байгаа. Блог бичих сонирхолтой шүү. Тэр үед жинхэнэ техникийн талаар илүү их блог бичих байх.

Блог оо гэж

Хүний хүсэл

Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Энэ нь зөв. Хэрэв хүний хүсэл хязгаартай байгаад тэрэнд хүрэх боломжтой бол хүсэлдээ хүрсний дараа хүн юуны төлөө амьдрах вэ? Хүнд ямар амьдралын зорилго байх вэ?

Хүн бүр л өөрийн гэсэн хүсэл, түүнтэй уялдсан зорилго, хүрэх зорилт болон арга замтай байдаг. Тодорхой нэг хүсэлдээ, зорилгоодоо хүрсэн хойноо шат ахиулан дараагийн зүйлийг хүсч эхэлдэг. Ихэнх тохиолдол нэгдээ хүрээгүй байсан ч ахин хүслүүд, зорилгууд урган гарсаар байдаг.

Альваа хүн амьдралдаа хүсэж буй хамгийн том зүйлээ тодорхойлох хэрэгтэй, үүний дараагаар бусдыг нь чухалын зэргээр ангилах хэрэгтэй. Нэн чухал зүйлийн хүслийн төлөө зарим нэг зүйл золиослогдох нь зүйн хэрэг. Миний чин хүсэл бол сайхан амьдрах, түүнийхээ хэрээр Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг харамгүй оруулах.

Сайхан амьдрал гэдэг нь ёстой хүн бүрээс өөрөөс нь шалтгаална. Р.Чойномын "Жаргал зовлон" гээд шүлгэн дээр бас дажгүй хэлсэн байдаг. Та хүсэлтэй бай, гэхдээ хамгийн чухал нь түүндээ хүрэх гэсэн эрмэлзэл, хүчин чармайлт гэдгийг бүү мартаарай.

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусна

Миний мөрөөдөл

Мөрөөддөггүй хүн гэж үгүй байх. Хүн бүхэнд өөрийн гэсэн мөрөөдөл байх нь тодорхой гэвч ямар ч хүнд эх орноо гэсэн сэтгэл, түүний талаар мөрөөдөл бас байна. Би өөрийн бяцхан мөрөөдлөөсөө хуваалцах гэсэн юм.

Монгол Улс хөгжөөд өвгөд хөгшчүүл нь жинхэнэ утгаараа өндөр насны амралтаа эдэлж, өнөөдөр маргааш нөгөөдрийн хоолны мөнгөнд санаа зоволгүй тэтгэвэр нь хүрэлцээтэй, элдэв долоон хүнд зүйл өргөн автобус, микроавтобусанд ад үзэгдэн түнтчин хэсэхгүй, харин хүүхэд багачуул маань Үндсэн Хуулиар олгогдсон сурч боловсрох, тоглож наадах, өсөж торних эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж цаашдаа эх орондоо хэрэгтэй, боловсолтой, хүмүүжилтэй, ухаантай, эх орноо гэсэн сэтгэлтэй ирээдүйн шилдэг иргэн болон төлөвших тийм л орчин бүрдүүлэх цагийг би тэсэн ядан хүлээнэ. Энэ бол биелэшгүй, боломжгүй зүйл биш юм, бид хэдий чинээ үүнийг мөрөөдөн, сэтгэлдээ тээн, хамгийн гол нь хөдөлмөрлөнө төдий чинээ бид тэр цэг хурдан очно. Бид чаддаг чаддагаа л хийх хэрэгтэй, өөрийн хувь нэмрийг улс орныхоо хөгжилд оруулах л хэрэгтэй.

Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, харин та л өөрөө мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмцдэг, бусдад нөлөөлж чаддаг л байх хэрэгтэй. "Бусад нь ингээд байхад яагаад би ..." гэсэн яриа их байдаг, бусад амиа хорлож байвал та дагах уу? Бусад мөхөл рүүгээ явж байхад та хамт мөхөх үү? Үгүй, харин та мөхөл рүүгээ, эсвэл буруу замаар явж байгаа хүмүүсийг зөв замд урвуулан, татан оруулах хэрэгтэй. Ингэж байна гэмээнэ бид хөгжилд хүрч чадна.

Би өөрөө л болж байвал бусад юм хамаагүй биш, нийгэм тань болохгүй байна, харин нийгэм танд нөлөөлөх, таны амжилтыг бусинуулах боломжтой. Харин та чадах чинээгээрээ нийгэмд сайн талаар нөлөөлснөөр нийгмийг, өөрийн амьдралыг ч илүү гэрэл гэгээтэй болгох боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Тиймээ надад мөрөөдөл бий.

Надад мөрөөдөл бий
I have a dream

2006-07-18

Гадаад дахь наадам

Наадам дууслаа. Хүнтэй мэндлэх бүрдээ сайхан наадсан уу? хэмээн асууж жаал жуул наадмын талаар яриа өрнүүлсээр. Харин нэг найз маань Washington DC-с мессенжэрт орж ирэхэд нь зуршил болсон асуултаа тавихад, "Өчигдөр эндэхийн наадам болсон, гоё болсон" гэхээр нь их л гайхав. Төд удалгүй тэрээр тус наадмын зургийн цомгийг үзэх хаягийг надад өглөө.

http://www.hamagmongol.net/photogallery.php?album=14

Сонирхолтой, шаггүй гоё наадсан бололтой.

Миний Монгол Наадам

2006-07-16

Эрдэмд суралцах нь

Монгол боловсролтой хүмүүсийнхээ эзлэх хувь хэмжээгээр дэлхийд доогуур орохгүй нь мэдээж. Монгол Улсад хэд ч билээ учиргүй олон их дээд сургууль байдаг тоо байсан, харин чанар нь хэр юм бол? Гэхдээ удахгүй тооноос чанарт шилжинэ гэдэгт бат итгэдэг би.

Би хувьдаа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд үндсэн боловсрол эзэмшиж, "Сэрүүлэг" Дээд Сургуулиас компьютерийн програм хангамжийн чиглэлээр дээд боловсролын үнэмлэх буюу диплом авсан. Орос, англи хэлтэй болохоор аль ч хэл дээр ном сонин унших гэх мэт олон сувгаар мэдээлэл хүлээн авдаг маань бусдаас давуу тал маань байсан болов уу. Үүнийхээ тусламжтайгаар их ч юм сурсан, их ч юм үзсэн. Орос сургуульд суралцуулах шийдвэр гаргасан аавдаа үнэхээр их талархаж явдаг. Гэхдээ л энэ бүгд хангалтгүй, гуравдагч оронд очиж ахин мэргэжил дээшлүүлэх шаардлагатай.

Эрх чөлөөний орон гэгддэг АНУ улсад очиж мастер буюу магистерийн зэрэгт суралцах чин хүсэлтэй байгаа, бэлдэж ч байгаа. Яг үнэндээ АНУ гэхээр сонин санагддаг, нэг л сүжиггүй, гэхдээ боловсрол эзэмшихэд нэн тохиромжтой газар гэж үзэж байна. Англи хэлээр унших, сонсох чадвар маань хэр баргийг хэрэгцээнд гологдохгүй боловч ярих, бичих буюу өөрийгөө илэрхийлэх тал дээр үнэхээр дутагдалтай байгааг мэддэг. Иймд АНУ-д очиж бас нэг хэлний дамжаанд сууж, дутагдалтай талуудаа хөгжүүлснээр хүссэн сургуульдаа, хүссэн амжилтаа гаргаж чадна гэж итгэж байгаа. Удахгүй элчингийн ярилцлагд орно, хүслээ, мөрөөдлөө биелүүлэх боломж нээгдэнэ.

ЭРДЭМ СУРАХААР ЯВНА ДАА

Улаанбаатарын үдэш

Хавраас хойш үнэндээ орой үдэш төдийлөн гарсангүй, дээрээс нь зун эхэлмэгц зуслан гарсан болохоор үд өнгөрмөгц зуслан явсаар байгаад зуны Улаанбаатарын үдэшийг мартсан байна. Цэвэр агаарт амрах нь үнэхээр сайхан юм, сүүлийн хэдэн жил ингэж амраагүй юм бэ, ёстой мэдэх юм алга.

Сая хэд хоног орой үдэш интернэтэд холбоотой байх үнэхээр хэрэг гарсан болохоор хотод хэд хоног өнжиж байна, их орой оффисоос гарч харих замаа явгаар хороон, хотын гудамжаар алхах үнэхээр сайхан юм. Жинхэнэ нөгөө "Улаанбаатарын үдэш намуухан, намуухан" гэдэг дууны үг аман орж аялагдана. Ямаг үнэн үгтэй дуу вэ. Ялангуяа үдшийн бүрийгээр бүр ч гоё. НэтСофт-д ажилладаг байхад ажилдаа улайран сууж байтал нэг л мэдэхэд 22 цаг болсон байдаг, тэгээд л харих замын ихэнхийг алхаж, элдэвийг эргэцүүлэн алхдаг байж билээ. Одоо харин эрхэлсэн ажилгүй тодотголтой, ажилгүйчүүдийн эгнээнд жагсаж явна.

Их Монгол 800 жилийн хүрээнд багагүй сурталчилгаа хийсний дүнд гадны жуулчдаар Улаанбаатар үнэхээр дүүрчээ. Харих замд тааралдах ил болон далд паб, кафе, ресторанууд цөм дүүрэн.

Зуны Улаанбаатарын үдэш үнэхээр гоё, та гараад алхаарай. Хосууд хамтдаа хөтлөлцөн алхаад л, зөөлөн салхи үлээгээд л, ер нь л бүх юм цаанаа л нэг гоё.

УЛААНБААТАРЫН ҮДЭШ НАМУУХАН, НАМУУХАН

Соёл амралтын хүрээлэн

Өчигдөр оффисоос гараад харих замд бидний хэлдэгээр ПАРК, түүний дундаас АЛСЫГ ХАРАГЧ нүдэнд тусч ер нь сууж үзэхээр шийдлээ. Уг нь ноднин билүү хамгийн сүүлийн удаа ажиллаж байна, 2009 онд цоо шинэ соёл амралтын цогцолбор болгоно, нураана, сүйтгэнэ л гээд баахан сурталчилсан ч энэ ажил ажиллаж л байна. Сонирхолтой.

Хэдэн жил ч энэ парк ороогүй юм их сонин гоё, бага нас санаанд орж байсан шүү. Бас болоогүй хашаа давж ороод хамгийн түрүүнд тааралдсан мухлагаас ААРЦТАЙ ЗАЙРМАГ авч идээд. Үнэндээ орос зайрмаг авах гэсэн чинь үнэтэй санагдаад, мөнгөө хэмнэж байгаа минь тэр. Өнөөх алсыг харагчийн тасалбарыг 500-р авч суулаа.

Сүүлийн хэдэн жил л алсыг харагч дээр суухад зарим суудлыг хоосон явуулж, "ЖИН ТЭНЦҮҮЛЖ БАЙНА" гэх үг сонсогдох болсон, эсвэл бага байхад бас л ийм байсан юм болов уу, ёстой мэдэх юм алга. Суумагц л төмөр нь хяхарч дуугараад бас л аймар санагдаж байсан шүү. Үнэхээр үеээ өнгөрөөсөн бололтой. Улам бүр дээшилсээр, хот маань харагдах дөхсөөр л байлаа. Сүүлд хэдэн жилийн алсыг харагч дээр суухад хотыг бас дажгүй харчихдаг байсан шиг, харин одоо олон өндөр барилга сүндэрлэсэн тул урд зүгээс бусад талд их л маруухан харагдаж байна. Хот хөгжнөө гэж.

Үнэндээ бага зэрэг айдастай ч үнэхээр гоё байсан шүү, бага нас минь санагдаад л... Буумагцаа бас болоогүй ХӨӨСӨН ЧИХЭР гэдэг юмаар өөрийгөө баясгав. Дажгүй шүү. Илүү дутуу мөнгө төгрөг, зав ч байхгүй учир паркийнхаа дундуур алхаж, хүмүүсийг ажин, бага насаа дурссаар нэг л мэдэхэд гарах хаалган дээр ирсэн байлаа. Та нэг очоорой, дажгүй байна лээ шүү.

Зун бол бас боломжийн, харин хүйтний улиралд чөлөөт цагаа аятайхан өнгөрөөчих бар клубүүдээс өөр газар байхгүй юм байх даа? Ер нь хэн хэзээ нэг эрүүл, боломжийн, аятайхан чөлөөт цаг өнгөрөөх төв эсвэл жижиг газар байгуулах бол? Сонирхолтой л юм.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2006-07-15

Мөнгөний Ионжуулсан Уусмал

Мөнгөний Ионжуулсан уусмал буюу silver colloid гэдэг юмыг монголчууд бид төдийлөн мэддэггүй байх юм. Эрт дээр үеээс одоог хүртэл мөнгө нь хүний эрүүл мэндэд тустай, сайн нөлөөтэй гэдгийг хүн бүр мэддэг, монгол уламжлалд хүртэл нягт шингэсэн байдаг. Соривийг мөнгөн бөгжөөр сайн үрвэл арилна гэм мэт олон зүйлс байна. Харин яг яаж сайн байдаг юм бол?

Шинжлэх ухааны үүднээс мөнгө хүний биед хэрхэн үйлчлэдгийг би сайн тайлбарлаж мэдэхгүй юм, хэрэв та мэддэг бол сэтгэгдэлт бичиж үлдээнэ үү. Мөнгийг ион болгон задалж, усанд уусган бүхий л хэрэгцээнд ашиглаж болно гэдэг юмыг нэлээн хэдэн жилийн өмнө өвөө маань ярьдаг байсан, үнэндээ би төдийлөн итгэдэггүй байсан. Өвөө маань Анагаах Ухааны Дэд Доктор, профессор, НАХЯам, Эх нялхас гээд олон газар ажиллаж байсан буурал бий. Урт удаан хөөцөлдсөний эцэст өвөө маань түүнийгээ ШБОС болгож, өөрөө үйлдвэрлэн басхүү АПУ-тай хамтран мөнгөжүүлсэн ус гэх мэт бүтээгдэхүүн гаргах болсон. Мэдээж хэрэг өвөө маань судалсан, үнэхээр ач тусыг нь мэддэг байж таараа. Харин би хэвэндээ.

Яг үнэндээ харахад уснаас ялгаагүй тунгалаг, яльгүй өөр амттай боловч мөнгөжүүлсэн ус 650 гаруй өвчин эмчилнэ гэж хэн итгэх вэ? Би лав үгүй байсан. Өвөөгийнхөө буянд мөнгөний ионжуулсан уусмалыг хувиасаа ямар нэг мөнгө төлөлгүйгээр, хэрэгцээт хэмжээгээр авч ашигласаар 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Үр дүнг нь мэдрэв, шүтэв, өөр төрлийн эм, эмчилгээний зүйл ашиглахгүй болсон.

Ямар нэг өвчин тусахдаа би дасгал хийж хөлсөө гаргахын сацуу зөвхөн мөнгөний ионжуулсан ус уудаг. Үнэхээр үйлчилдэг. Би хувьдаа эм танд үнэхээр сүжигггүй. Мөн ямар нэг шарх авах үед мөнгөний уусмалаар шавшина, өөр ямар нэг юм хэрэглэхгүй. Шарх бусад эмчилгээний зүйлстэй харьцуулбал илүү хурдан илааршина, өвчин бас илүү хурдан идгэж, үүний сацуу дархлааг сайжруулна. Манай найз охин зун болохоор юуных нь мэдэгдэхгүй харшил эхэлж, үнэхээр зовоодог байсан гэсэн. Харин хавар нэг шаардлагаар түүнийг хэрэглэснээр харшил нь гайгүй байна, бас одоо ч хэрэглээд үнэхээр үйлчилж байна лээ шүү. Үүнээс гадна зарим эмнэлгүүд өвөөгөөс маань их хэмжээгээр худалдаж авдаг юм байна лээ.

Хэрэв танд эм уугаад төдийлөн эдгэрдэггүй, гайгүй болдоггүй эсвэл та ер нь л туршаад үзэхээр шийдсэн бол МОНОС-н эмийн сангуудаар асуугаад үзээрэй. Шаггүй үнэтэй эд байна лээ шүү, гэхдээ хэрэглээд үз, үнэхээр тус болж байвал мөнгө ч яамай байнаа.

МӨНГӨНИЙ ИОНЖУУЛСАН УУСМАЛ

2006-07-10

Нууц товчоо

Нууц товчоог уран зохиолын хичээл дээр үздэг ч хүн бүр төдийлөн сайн мэдэхгүй. Би хувьдаа "орос" дунд сургуульд сурч байсан болохоор уншаагүй, их сургуульд зальдаад өнгөрсөн.

7-р сарын 10-ны өдрөөс эхлэн 21:45 минутаас "Монголын Нууц Товчоо" гээд зохиомж, жүжиг маягийн юм өдөр тутам гарна гэсэн. Сонирхолтой байх болов уу. Гэхдээ "сонгомол эх" гэдэг юмаар нь хийж байгаа гэсэн. Үзээрэй, би лав үзнэ гэж бодож байгаа.

Сонгомол эх гэдэг юмыг яг таг сайн мэддэг хүн байвал тайлбарлаж өгөөч. :D

"Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил" гэдэг үг байдаг. Түүхээ мэддэг байх нь чухал.


ИХ ТҮҮХ

2006-07-07

Саарал хот, саарал амьдрал

Улаанбаатар гэж нэг л саарал хот байх юм. Сул шороо ихтэй, зүлэг ногоо бараг үгүй, үүнийгээ дагаад хүмүүс нь саарал хувцас өмсдөг, байшин барилга нь халтартаад саарал. Бүр агаар нь хүртэл саарал. Жинхэнэ СААРАЛ ҮЕ болчихож.

Гудамжаар алхаж явахад баргар царай, бараан хувцас гээд гэрэлтэй гэгээтэй зүйл нэг л үгүй болсон мэт. Гэвч яагаад? Жаргалтай, сэтгэл хангалуун инээж яваа хүн харахад өөрийн эрхгүй баяр төрдөг, яагаад нэг нэгэндээ инээд бэлэглэж болохгүй гэж?

Хүн юу харахаа өөрөө удирддаг гэдэг. Хэрэв муу муухай зүйл бодоод байвал танд гоё сайхан зүйл харагдахгүй болно, харин үүний эсрэгээр сайхан сэтгэл өвөрлөн, эргэн тойрноосоо аль сайхныг нь олж харцгаая л даа. Амьдрал хэцүү байхад юунд баярлах вэ, нийгэм болохгүй байна гэх мэтээр бодож л байгаа байх, гэхдээ хүн та өөрөө хичээгээд, хөдөлмөрлөөд, альваа зүйлийг илүү өөдрөгөөр, сайхнаар харж чадах юм бол амьдралд сайхан, сэтгэл татам зүйл дүүрэн байгаа.

Нийгэм юунд буруутай вэ? Бид чинь өөрсдөө нийгэм, нийгмийг бүрдүүлэгч эд эс нь. Бид өөрсдөө олигтой байхгүй болохоор нийгэм маань яажшуухан олигтой байх вэ дээ. Хажуугийнхаа хүнээс эхлээд сайнаар нөлөөлж, илүү сайн хүн болгохыг хичээ, сайн сайхныг ярь, харуул тэр хүн сайн сайхан хүн болно.

Бид энэ СААРАЛ, БАРААНТАЙ тэмцэх хүчтэй, даван дийлэх ч хүч бий. Өөрсдийгөө дайчилъя.

ХҮН БИД НИЙГМИЙН Л АМЬТАН

Их Монгол 800

Ноднин зунаас авахуулаад л шахуу 800 жил гэж хөл хөөрцөг болж, ихийг хийнэ бүтээнэ гэж байсан харин өнөөдөр юу хийсэн байна? Жилийн өмнө шахуу бүтэн жилийн хөтөлбөр гаргасан, үзвэл арга хэмжээ дүүрэн л байсан, гэтэл юу болоод байгааг үнэндээ мэдэх юм алга.

Уг нь бол бидний хувьд их тэмдэглэлт, бахархах ёстой ойн нэг мөнөөс мөн гэхдээ л хэт туйлшираад, хавтгайраад байх шиг. Хамаг л газраа Чингэс гээд нэрлэчих шиг боллоо, бас үлдсэн хэдээ нэрлэх талаар ярилцаад л. Төрсөн бүх хүүхэд нь Чингэс болоод, хамаг юм л Чингэс боллоо. Арай хэтэрч байгаа юм бишүү.

Үүний далимд бас 7 хоног амарна. Ийм урт амралт хэнд хэрэгтэй вэ? Өмнөх шигээ гурван өдөр л амраад, тэр хоорондоо наадаад, баярлавал барав бишүү. Хэдэн ажил хөөцөлдөх гэхээр амралт эхлээд, амралт дуусахаар шахуу болох гээд л хэцүү л байна. Бид чинь хэт их баяр, амралттай харин тэр цөөхөн ажлын өдрүүддээ хэр их үр бүтээлтэй байж чаддаг юм болоо? Амралт нь багадаад байгаа юм байх даа.

Дээрээс нь үр дүн багатай зүйлсэд маш их хэмцээний мөнгө зарж байна, маш их. Эдгээр мөнгөө эргүүлэн олж авах л юм байх даа. Үүний оронд эх оронд маань чухал, хийгдэхээ хүлээсэн маш олон асуудлууд байна, бүгд л харж байгаа.

Тэмдэглэхгүй гэсэнгүй харин зөв тэмдэглээсэй гэсэн юм.

ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ

2006-07-06

Оксфорд-Монсудар толь

Өнөөдрийг хүртэл гарч байсан Англи-Монгол толинууд зүгээр л 1:1 маягийн буулгацтай, баахан үгийн жагсаалт, ямар нэг тайлбар, ямар нөхцөлд ашиглах тайлбар, дуудлага байхгүй миний шаардлагыг ер нь хангадаггүй байсан. Орос сургууль сурдаг байсан болохоор Англи-Орос тайлбартай толийг ихэвчлэн ашиглаж байсан боловч сүүлийн жил гаран Oxford Англи-Англи тайлбар толийг ашигласан. Гэвч тайлбар, утгыг нь мэдэж байгаа яг монгол нэр, нэршилийг мэдэхгүй гэх мэт хүндрэл хааяа тулгардаг байсан. Жишээ нь нэг амьтны нэр харсан чинь тийм зүйлийн амьтан, үстэй, тийм өнгөтэй ч гэх шиг, би ойлгож чадаагүй :). Гэхдээ л одоо байгаа толинууд Монголд ихийг өгсөн, олон хүнд ч тус хүргэсэн.

Найз охин маань Англи хэлэнд тааруухан нэгэн, чадахаараа зарим үгийг нь хэлж өгнө, чадахгүй үе бас таарна. Өөрөө уг нь их мэрийлттэй боловч өөрийн гэсэн халаасны жижиг тольтой. Хаалаасны толь ашиглан англи хэлийг сурна гэдэг мэдээж хэрэг хэцүү, ихэнх тохиолдолд мэддэг хүмүүст зориулсан байдаг. Толь хэрэгтэй бас надад нэг муудчихсан Алтангэрэг байсныг эрээд олсонгүй, иймд гадуур зарлал тавьчихсан нөгөө алдарт Оксфорд-Монсудар толийг Интерном дэлгүүрт очиж сонирхолоо. Зөвхөн Интерном дэлгүүрт зарж байгаа.

Оксфордоос албан ёсны зөвшөөрөл аван, гурван жилийн хөдөлмөр шингэн энэхүү толь бүтжээ. Миний хүсч хүлээж байсан толь бараг л мөн. Үгийн сан нь 70000 гэсэн байсан, хэвлэсэн цаас, хавтас нь ер нь л анхны сэтгэгдэл дажгүй. Мэдээж надад доторх нь хэрэгтэй болохоор нээж үзтэл 1:1 гэсэн утгаасаа гадна түүндээ таарсан жишээтэй байх нь хэрэгтэй, мөн дуудлагыг авианы тэмдэгээр бичсэн байх жишээтэй. Үгсийн орчуулга, чанар нь өнөөдөр байгаа бусад толийг дагуулахгүй, гэхдээ 28800 төгрөгний үнэтэй :(. Худалдаж аваад гэрт хариуд тухтай үзэхэд надад үнэхээр таалагдсан. Ашиглахад эвтэйхэн, багтаамж ихтэй, илүү оновчтой орчуулгатай гээд л.

Гэхдээ мэдээж хүн л хийсэн юм хойно зарим нэг алдаа хийсэн байхыг би анзаарсан. Нэр үг гэж тэмдэглэсэн хэрнээ монгол үйл тавьсан байсан, мөн зарим нэг орчуулга оновчтой бус юм шиг санагдсан. Гэвч энэ бол англи хэл сурах гэж буй хүн бүрт байх ёстой толь, өнөөдрийн хамгийн сайн чанартай, агуулгатай толь гэж хувьдаа дүгнэлээ. Сонирхоод үзээрэй, үнэнээс бусад нь таалагдана гэдэгт итгэж байна.

ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ

2006-07-05

Checksum гэж юу вэ?

Мэдээллийн, өгөгдлийн бүрэн бүтэн байдал маш чухал харин түүнийг өөрчлөгдөөгүй, найдвартай гараас ирсэн гэж яаж мэдэх вэ? Нэг юм татаж авлаа тэгсэн чинь ажиллахгүй байна эсвэл буруу ажиллаад байна гэсэн асуудлууд надаас хааяа нэг хүмүүс асууна.

Альваа өгөгдөл нь тодорхой битийн цуглуулгаад бүтэж байгаа нь мэдээж хэрэг, харин hash нь эдгээр битүүдийг математикийн аргаар боловсруулж яг тухайн битийн цуглуулгад таарах, дахин давтагдашгүй богино хэмжээний мэдээлэл буюу checksum үүсгэнэ. Тухайн файл ямар ч хэмжээтэй байж болно, 1 мегабайт эсвэл 1 терабайт харин нэгхэн бит өөрчлөгдөхөд тухайн мэдээлэл өөрчлөгдөнө. Хамгийн өргөн ашиглагдаж байгаа нь MD5 бас SHA-1. Эдгээрийг нээлттэй эхийн програм хангамжийн төслүүд маш өргөн ашигладаг, харин Windows-н орчинд бол бараг үгүй.

Альваа файлыг татаж авах гэхэд MD5, CHECKSUM гэж тэмдэглэсэн зүйл байвал тухайн файл гэмтэлгүй байхдаа яг ийм мэдээлэл гаргана гэж ойлгож болох нь. Татаж аваад заавал шалгах нь зөв, учир нь файл гэмтсэний улмаар буруу ажилласан, систем сүйтгэх, буруу ашиллах гэх мэт асуудлууд олон. MUUG сайтын татаж авах буланд хүснэгийн нэг баганад файлд хүрэх зам, харин нөгөөд нь checksum нь байна. Өөрөөр хэлбэл бүрэн татаж уу шалгахад хялбар болгож. Windows дээр md5summer гээд дажгүй програм байгаа, хэрэв та Total Commander ашигладаг бол түүнд бас байгаа. BSD ашигладаг бол md5, харин линукс тархацууд дээр md5sum гэсэн командуудаар шалгаж болно.

Та ямарваа нэг файл татахдаа checksum гэх зүйл байна уу шалгах хэрэгтэй, байвал татаж авчаад түүнтэй нь тулгаж харах хэрэгтэй. Танд зөвлөж байна.

ТАНЫ ФАЙЛ БҮТЭН БАЙГ

Mobicom vs Skytel vs Unitel

За ингээд бидэнд олон сонголт бий боллоо. Алийг нь ямар үзүүлэлтээр сонгох вэ? Би ажлаасаа гарсан болохоор албаны дугаар ашиглаж болохгүй хувийн дугаартай болох талаар бодож, эргэцүүлнэ. Аль нь дээр вэ? Ямар шалтгаанаар? Намайг ятгаач.

Skytel яагаад ч юм надад огт таалагддаггүй, гар нь, сүлжээ нь гээд л нэг л сонин, худлаа юм шиг. Хэхэ. Харин Моби болохоор арай л үнэтэй, гэхдээ ер нь дажгүй. Хамгийн гол нь шинээр гарч ирч байгаа, хуучин юмнуудтай авцалдуулна гэсэн асуудал байхгүй болохоор Unitel их дажгүй, боломжийн байж магад гэж бодож байлаа. Гэтэл Испанид байхдаа вэб рүү нь ороод үзсэн чинь ямар ч зохион байгуулалт алга, хаана юм байгаа нь тийм ч ойлгомжтой бус, дээрээс нь хүснэгтээр хийчих юмыг яагаад ч юм зураг хийчихэж. Асуудлын гол нь шилээ хагалсан байсан учир нөгөө үнэ, тариф нь сайн харагдахгүй, томруулахлээр бүрсийгээд хэрэг алга. Хамрах хүрээ гэх мэт чухал мэдээлэл алга. Шинээр гарч ирч өрсөлдөж байгаа юм чинь хүчтэй, чанартай эхэлмээр юм. Санал сэтгэгдлээр нь энэ бүгдийгээ тоочоод, санал хүсэлт, асуулт явуулаад долоо гаран хонож байна, гэтэл одоо болтол хариу алга. Өмнө нь би Мобигийн вэб дээрх алдааг олж хэлээд засуулахад хэдхэн цаг болж байсан юмсан. Юу гэсэн үг вэ? Болимоор юм. Одоо бүр хаагдчихсан байна. ХАХА

Андтайгаа ярьж суухад намайг SkyPhone авсан нь ашигтай гээд маш олон давуу талуудыг дурьдаж байлаа, харин би Мобиг өмөөрөх, сөргүүлж тавьж хэлэх гэтэл хэлэх зүйл олдсонгүй. Skyphone маш хямд ярина бүр Моби Моби дотроо ярихаас, зурвас бичнэ гэх мэт маш олон харин Мобид сүлжээ хаана ч барина гэхээс өөр зүйл байна уу?

Алийг нь сонгох нь зөв юм бэ? Юуг анхаарах хэрэгтэй вэ? Одоог болтол утасгүй яваад л байна.

ХЭРЭГЛЭГЧ ТА ХААН гэдэг байхаа

2006-07-04

Харих зам

Vilanova-с гарахаас эхлээд л гэр рүүгээ яарч байлаа. Альваа тээврийн хэрэгсэл нэг л удаан яваад байгаа юм шиг, хэн нэгнээс болоод саатаад байгаа ч юм шиг. Нисэх буудал дээр хоносон болохоор онгоцонд ороод өөрийн эрхгүй тас үсэрсэн байлаа.

Энэ удаад их сонин гурав дамжихад бүгдэд нь онгоцноос буудал руу бас эргээд дандаа автобусаар зөөсөн. Автобус руу тайван алхаж яваа хүнээс болж миний нислэг удаад байгаа санагдаад бухимдаж байлаа.

Москва дээр ирээд явж байтал монгол хэлээр хүн ярихыг сонсоход их л сонин байсхүү таатай байсан. Тэдэнтэй нийлээд жаал юм яриж суусан.

Та бүхэндээ уг нь GNOME болон GUADEC футболк, жижиг цүнх, хүзүүний оосор давуу эрхээр авч хайрцганд хийж тээшинд өгсөн боловч түүнийг Улаанбаатар руу биш Москва руу ачсан байсан. Яагаад гэсэн асуултанд бид чадахгүй учраас гэж хариулсан. Үнэндээ би Москвад очоод авчихна гэж бодож байсан ч ОХУ виз байхгүй учир авч чадсангүй. Одоо хайлгах ажлаа эхлүүлсэн.

Монголдоо ирсэн чинь бороо орсон, сэрүүхэн, зүлэг ногоо тэгширсэн, агаар нь хүртэл ондоо байна лээ. Нэг л гоё, тансаг.

БИ ГЭРТЭЭ