2009-10-23

Би маргаашнаас ажиллахгүй

Өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтэх чин эрмэлзэлтэй бас амьдрал минь миний хичээл зүтгэлээс бүрэн хамаарна гэж боддог байлаа. Бүх зүйл надаас хамаарах учир мэдлэг, боловсролтой, туршлагатай байхыг эрмэлзэж цаг үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зүйлс судлаж, туршиж тэдгээрийгээ амьдралд хэрэгжүүлэхийг маш их хүсдэг байлаа. Ингэж их хичээсний минь үр дүн хэзээ нэгэн цаг гарна гэдэгт бат итгэдэг байсан юм. Мөн "уг нь төр засаг минь ингээд дэмжээд өгвөл", "нийгэм жаахан ийм тал руугаа өөрчлөгдвөл" гэх сэтгэл байх боловч энэ бүх өөрчлөлтөд би ч бас нөлөөлж чадна гэж бодож, эндүүрч явсан бололтой.

Маргаашнаас би ажил хийхгүй, яагаад гэвэл хийсэн хийгээгүй төр минь намайг халамжилж сайхан амьдруулах насан туршийн баталгааг өгөхөөр болж байна. Оюу толгойн гэрээ зурагдаад төсөл ажилдаа орчихлоо, удахгүй араас нь Таван толгойн нүүрс, Мардайн уран, Асгатын мөнгөний гээд олон ордуудын гэрээ зурагдсанаар эх орны маань хэтэвч зузаарч хүн бүрийг "монгол хүн" болж "амьд явсных нь төлөө" халамжилж, тойглох юм гэнэ. Хэн яаж хөдөлмөрлөж байгаагаас үл хамаарч бүгд ижил тэгш сайхан амьдрах юм гэнэ, яг л өвөө эмээгийн ярьдаг "хуучны сайхан цаг" шиг. Ингээд ирэхээр сайхан юм шиг хэрнээ нөгөө талаас хэн ч өөрөө өөрийнхөө төлөө санаа тавилгүй, зүтгэл гаргалгүй амьдарч болдог нийтээрээ хавтгай үүрэг хариуцлагагүй нийгэм рүү яваад байна уу даа. Явцдаа энэ нь хүмүүсийн идэвхи зүтгэл, хүсэл мөрөөдлийг устгаж "хүн сүг" эсвэл амьдардаг биш "амьд явдаг" хүн болгох вий гэдгээс айж байна. Би хүсэхгүй байна.

Төр маань өнөөдөр намайг "иргэний үүргээ" биелүүлж хүн амын шинэчлэсэн тоолологод хамрагдсаны төлөө шагнах гэж байна. Харин үүргээ биелүүлээгүй нэг нь зүгээр л "шагналгүй" хоцроно. Бидний амьдарч буй нийгэмд үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага тооцдог биш харин үүргээ биелүүлэхээр нь шагнадаг, биелүүлээгүй нэгнийнх нь "толгойг илээд" өнгөрдөг болж байгаа юм байна. Ардчилсан нийгэмд үүрэг бол үүрэг, шагналтай шагналгүй биелүүлэх ёстой, харин эрх бол тусдаа ойлголт юм. Үр дүнд нь үргэлж "гар хардаг", шагнал горьддог, гар хүндрүүлж байж л хөдөлдөг хачин "гацаа" гажиг нийгэм үүсэх вий дээ. Хувьдаа үүргээ биелүүлэх үүднээс заавал очно доо гэж бодож байсан ч шагналыг нь бодохоор дургүй хүрээд байх юм. Үүргээ биелүүлээгүйтэй нь хариуцлага тооцвол илүү үр дүнтэй байх бус уу.

Бидний өнөөдөр "бие гүйцсэн" гээд байгаа ардчилсан нийгэм маань хувь хүнийг өөрөөс нь хамаатуулж, төрөөс нь ижил тэгш боломж олгох тухай биш билүү. Хэн илүү боловсролтой, хэн илүү хөдөлмөрлөж буй нь сайхан амьдрах жамтай, хэн залхуу хэн олхиогүй нь шалгарч хоцрох ёстой биш билүү. Энэ л ухаанаар хандаж "тундас" болж үлдэхгүйн тулд өдөр бүр шинийг эрэлхийлж, илүү ихийг сурч мэдэх, хийж бүтээхийг эрмэлзэж ирсэн. Би өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би амьд явах биш амьдрах ёстой, амьдрах амьдрахдаа хүн шиг, дутагдах гачигдах зүйлгүй амьдрах ёстой, тэгээд энэ бүхэн надаас өөрөөс минь бүрэн шалтгаална гэж боддог байлаа. Бас хүн нь өөрөө хүсэл мөрөөдөлтэй, хариуцлагатай байж нийгмийг хөгжүүлдэг, илүү төгөлдөржүүлдэг гэдэгт би итгэдэг байлаа. Харин өнөөдөр нийгмийн байгаа байдал, төр засгийн маргаашийг зөгнөж байгаа байдал надад огт таалагдахгүй байна. Тэр хэдхэн суудал нь нийгмийг бүхлээр нь сааралтуулах, мянга мянган залуусын хүсэл эрмэлзлийг бөхөөх дайны үнэтэй гэж даанч бодсонгүй. Би ийм нийгмийг хүсээгүй, өнөө өглөөхөн ухаан санаанд минь байсан нийгмийг хүсч байна. Би хүсэл мөрөөдөлтэй байж, ихийг хийж бүтээмээр байна. Намайг битгий мохоо харин боломж олгоож гэж гуйж байна. Надтай адил мянга мянган залуу байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мөнгө тараах хэрэггүй, харин хөрөнгө оруулалтад, биднийг ажил хөдөлмөртэй байлгахад зарцуулаач. Төр минь бодлогоо эргэж нэг хараач....

2009-10-18

Итгэж болохгүй мэдээллийн систем

Ноднин шиг санаж байна интернэтээр хэсч яваад "Хүнд суртал нь хакерыг барихад тус болов" гэсэн сонин гарчиг бүхий нийтлэл олж уншсан юм. Утга санаа нь бол нэг хүн "төгссөн" сургууль дээрээ ирээд тодорхойлолт авахаар оролдоход нь сургалтын албаны хүн мэдээллийн систем дээрээ хайгаад түүнийгээ лавлахаар архив ухаад түүний талаар мэдээлэл олсонгүй гэнэ. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаад сургуулийн мэдээллийн системд нь гаднаас халдаж хуурамчаар баахан хүнийг төгссөнөөр бүртгэсэн болохыг илрүүлж, хэрэгтнийг барьсан байх юм. Зарим тохиолдолд хүн суртал хэрэгтэй ч юм уу?

Манай сонгуулийн байгууллага сонгуулийг зохион байгуулахдаа гар ажиллагаагаар цаасан дээр явуулж ирсэн нь сонгогчдод хүнд суртал үүсгэж байсан байна гэнэ. Үүнээс гадна сонгогчийн бүртгэл зөрөх, сонгуулийн дүн будилахад хүргэж байсан тул ажиллагаагаа сайжруулж мэдээллийн систем ашиглах нь зүйтэй гэж шийдэж ямар ч байсан энэ удаагийн нөхөн сонгууль дээр туршиж байгаа юм гэнэ. Бүх сонгогчдыг системд бүртгэж, зураасан код өгсөн бөгөөд санал хураах газар ирсэн сонгогч нь сонгогчийн үнэмлэхийнхээ зураасан кодыг уншуулснаар хэдэн хэдэн зузаан зузаан дэвтрээс сонгогчийг хайх, үзгээр бичин тэмдэглэх ажил хөнгөрч байгаа гэнэ. Энэ явцыг тухайн санал авах байранд байрлуулсан дэлгэцэнд гаргах нь ил тод байдлыг хангахад туслаж, илүү ил тод, хяналттай болж байгаа гэнэ. Эдгээр нь миний телевизээр гарч буй ярилцлага, сурталчилгаанаас олж авсан мэдээлэл, түүн дээр тулгуурласан ойлголт юм. Ярилцлага нэвтрүүлгээр ярьж буй байдал, ерөнхий хүмүүсийн нийтлэг хандлагаас үзэхэд мэдээллийн технологи бол хамгийн зөв, хамгийн найдвартай зүйл гэсэн ойлголт бололтой. Уг нь ч сайхан л санаа, гэхдээ...

Мэдээллийн технологийн хэрэглээ нь хөгжил дэвшилд хүрэх гарцаагүй шаардлага мөн боловч юунд ямар зорилгоор ашиглах, тэр нь ямар эрх ашгийг хөндөж байгаа вэ гэдгээс хамааран ашиглах, эс ашиглахыг шийдэхээс гадна ашиглавал ямар түвшинд яаж ашиглахыг шийддэг. Мөн зорилго хэрэгцээнээсээ гадна хэн яаж хийх хийх, хэн хариуцан ажиллуулах нь их хамаатай юм. Миний ойлгож байгаагаар сонгууль, ард түмний төрөө сонгох эрх нь маш чухал эрх ашиг бөгөөд үүнд ашиглах технологи, ажиллагааг маш нарийн сонгох ёстой юм. Өмнө нь цаасаар хийдэг байхад сонгогчийн бүртгэлийг будилуулахад хуудас урах, баллаж дарах гэх мэт болхи арга хэрэглэх ба хор нөлөө нь хэдэн арав эсвэл хэдхэн зуугаар л тоологдохоос гадна ул мөр үлдэж, цаг хугацаа их орно. Харин цахим мэдээлэлд нүд эрмэх зуур хэдэн мянгаар өөрчлөлт оруулж болно, бас дийлэнх тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүйд хамаг аюул оршино. Дэлгэцээр бүртгэлийг гаргаж хянах боломжтой боловч сонгогч нэг бүрчлэн тэмдэглэж авахгүй л бол хүний хязгаарлагдмал байгалийн чадавхиас болж хэдэн мянган сонгогчийг бүртгэлийг тогтоох, хянах боломжгүй юм. Тэмдэглэсэн байлаа ч будилааныг шийдвэрлэж дуусахад цаг хугацааны хувьд хоцорсон байх нь түгээмэл. Нэг талаасаа сайжирсан, дэвшсэн юм шиг боловч нөгөө талаасаа маш том хэмжээний том луйвар хийх хялбар, ул мөргүй хаалга нээгдэж буй юм. Гэхдээ би цаасан дээр давхар тэмдэглэж байгаа гэдэгт найдаж байна, энэ тохиолдолд давхар бүртгэлийг будилуулах тийм ч хялбар биш болно.

Миний харж байгаагаар нэг талаасаа хэрэглэж сурсан, хэрэглээ болсон юм шиг мөртлөө амьдралын цоо шинэ хэв загвар, хэвшил авчирч буй мэдээллийн технологийг сонгуульд хэрхэн зөв ашиглах, санал хураалтыг хэрхэн үнэн зөв, бодитой байлгах талаар дэлхийн тэргүүлэх орнууд судалгаа хийсээр байгаа бөгөөд тийм ч сайн хувилбар, технологи олж чадаагүй л байна. Туршилтаар хийж буй системүүдэд ойр ойрхон асуудал гарах ба тэр талаар мэргэжилтнүүд шүүмжилж, илүү сайжруулах талаар хэлэлцсээр байгаа. Харин манай орны хувьд мэдээллийн технологи нь бараг л цоо шинэ зүйл хэвээр байхаас гадна мэдээллийн системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар туршлагатай мэргэжилтэн, компани байхгүй гэж хэлэхэд болно. Тиймээс сонгуулийн системийн талаар бүр бодох ч хэрэг байхгүй юм. Мэдээллийн технологи нь хөгжлийн гол тулгуур мөн боловч ямар зорилгоор хэний эрх ашгийг хөндөж байгаагаас ямар системийг хэрхэн хэн хийх, хэн хариуцан ажиллаж байгаа нь их хамаарна. Зарим тохиолдолд бүр ашиглахгүй байх нь дээр ч үэ гарна. Бид галуу ч хөлөө хөлдөөгөөгүй байхад хэрээ хөлөө хөлдөөх гэж байна уу даа. Энэ нөхөн сонгууль болдогоороо болоод өнгөрч байна, гэхдээ дараа дараагийн сонгуульд бодох юм их бий...

2009-10-11

Ubuntu тоолуур

Та миний блогийн баруун талд байгаа Ubuntu 9.10 хувилбарын тоолуурыг харж байна уу? Ийм зүйл хэрхэн тавих талаар болон хаанаас авч болох бол гэж бодож байна уу? Тэгвэл http://www.ubuntu.com/getubuntu/countdown хаяг руу ороод хэрхэн өөрт таалагдсан тоолуураа сонгоод вэбдээ байрлуулна уу. Шинээр ирж буй Ubuntu 9.10 хувилбарыг хамтдаа хоног тоолон хүлээцгээе.

2009-10-02

Буцаад Mediawiki руу

Аливаа мэдээлэл нь олон хүнд хүрч байж мэдлэг болдог. Харин ямарваа нэг мэдээллийг мэдлэг болгохын тулд түүнийг баримтжуулж, түүх болгон хадгалж үлдэх, дараа дараагийн хүнд дамжуулан хүргэхэд нь чухал юм. Тэгэхээр энэхүү мэдлэгийг хадгалж буй систем нь хэн нэгэн үзэхэд хялбар байхаас гадна өөр хэн нэгэн мэдлэг баримтжуулахад бас үүсгэхэд ч мөн адил маш хялбар байх ёстой юм шиг. Тэгж байж гэмээнэ далай шиг арвин мэдлэг хуримтлагдах учиртай.

Линукс хэрэглэгчдийн бүлгэмийн хувьд дэлхий ертөнцийн хандлагыг даган wiki систем үүсгэн ашиглаж байгаа. Ингэхдээ хамгийн том мэдлэгийн сан болох Wikipedia -д ашигладаг Mediawiki-г сонгон ашиглаж багагүй мэдлэг хуримтлуулж чадсан. Гэвч явцын дунд СПАМ гэх мэт техникийн асуудлуудаас үүдэж, бас хуудас бүр дээр хандалтын эрх үүсгэж болдог, хэрэглэгчдийг хэдэн ч бүлэгт хуваах боломжтой гээд цөөнгүй давуу талтай гэж үзэн MoinMoin гэх өөр нэгэн систем рүү шилжээд овоо хэдэн сарыг үдэв. Зун болж хүмүүсийн амралт нөлөөлсөн үү эсвэл ашиглахад үнэхээр хэцүү байсан уу төдийлөн ашиглагдсангүй.

Бүлгэмийн зарим гишүүдийн хүсэлт, гомдол дээр үндэслэн нөгөө талаас мэдлэгийн сан үүсгэх гэсэн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд http://wiki.limnux.net сайтыг буцаан Mediawiki систем рүү шилжүүллээ. Энэ системийг сонгох болсон өөр нэг хүчин зүйл нь нэгэнт үүнийг ашиглаад сурах юм бол энэхүү чадвараа Mediawiki-г ашигладаг Wikipedia болон түүний монгол хувилбар, бусад олон мэдлэгийн санд өөрийн хувь нэмрийг оруулахад, баяжуулахад тус болно гэсэн бодол юм. Эцэст нь та бүхнийг линукс болон нээлттэй эхийн програм хангамжтай мэдээлэл, мэдлэгийг оруулж, бүх нийтийн мэдлэгийн санг баяжуулахад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсч байна.