2009-01-21

Зовлонт, гунигтай кино

Өнөөдөр Тэнгис ороод сонголтгүйгээр "Зүүдний үргэлжлэл..." гээд кино үзэв. Нэгэнт хүн бүхэн өөрийн гэсэн зовлонтой байдаг хорвоод бас өөр хүний хэцүү амьдрал үзэж өөрийгөө зовоож яахав гээд хөгжилтэй, аз жаргалтай кино үзэх илүү дуртай. Уг нь өөр кино үзэх гэж байтал нөгөөхийг үдээс өмнө л гаргаж байгаа гэнэ. Уг нь вэб дээрээс нь харж харж л гарсан юм. Ингээд зовлонт, гунигтай кино үзэв.

Яасан ч их гуниг зовлон нь дуусдаггүй кино вэ дээ, эхнээсээ дуустал асуудал, бэрхшээл, зовлон гарах юм. Гэхдээ бас дундуур нь хүүхэд нь хөгжийн авъяасаараа амжилт гаргаж буй, бас ах дүү тоглож буй гэгээлэг дүр зураг үзэгдэнэ. Сүүлийн үед дандаа хэт амархан, толгой ажиллуулдаггүй кино үзсээр байгаад тэр үү бас зарим газар нь бодох, ойлгох гэж оролдох хэрэг гарч байв. Эсвэл найруулагч нь муу байгаад тэр үйл явдлын холбоос, утгыг сайн гаргаж чадсангүй юу. Зовсны эцэст жаргал гэгчээр үзэгч сайхан, гэгээлэг төгсгөлийг үргэлж хүлээж байдаг, би хувьдаа олж харсангүй. Эсвэл нэг нь нэгэндээ амьдрал бэлэглэж, үр хүүхэд нь өмнөхөөсөө илүү сайхан ирээдүйтэй болж байгаа хэсгийг сайхан хийж чадсангүй.

Сүүлийн үед үзсэн хамгийн муу кино гэж хэлмээр байна. Миний бодлоор хэсэгхэн боловч тэрхэн гэрэл гэгээтэй мөчүүдийг илүү тод харуулж өгсөн бол арай өөр байх байсан болов уу. Хэрэв танд чөлөөт цагаараа хийх зүйл хэрэгтэй байгаа бол Тэнгис орж Зөрлөг үз. Үзсэн бол ахиад нэг үз, хөгжилтэй, сонирхолтой, адал явдалтай хамгийн гол нь гэрэл гэгээтэй зүйл ихтэй. ZMN-ий залуучууд ч давгүй кино хийдэг шүү.

Шинэ залуу ба хуучнаа дурсахуй №1

Долоо хоногийн өмнөөс нэг залууг ажил дээрээ туршилтаар, дадлагаар ажиллуулах болов. Түүнийг аль 2 жилийн өмнөөс мэдэх бөгөөд юникс төрлийн системд их сонирхолтой нэгэн. Өнгөрсөн хугацаанд түүнийг чиглүүлж, зөвлөж, бэрхшээл гарсан үед нь туслах хүн байгаагүй болохоор ихэнх юникс хэрэглэгчийн наад захын мэдэх ёстой зүйлсийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэрээр одоо болтол бууж өгөөгүй, сурах сонирхол, идэвхи нь одоо хүртэл байгаа нь их олзуурхууштай. Хэдйигээр би юниксийг бүр сайн мэдэхгүй ч түүний асууж буй асуултууд нь надад яг миний тэгж юникс сурах гэж зүдэрч байсан үеийг минь санагдуулдаг юм. Тэгээд юникс анх сурч эхэлсэн түүхээ бичью гэж бодлоо.

Анх 2000 оны сүүлээр интернэтээр хэсч яваад линукс гэж зүйлийн талаар олж уншиж байв. Линукс гэдэг нь Windows шиг үйлдлийн систем гэхдээ чи өөрөө өөрийнхөөрөө, хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж бичсэн байсан нь миний анхаарал болон сонирхолыг татсан юм. Нэтээр уншихаас олж харах, ашиглах үзэх боломж бараг байхгүй байлаа. Нэлээн сүүлд харин Микомд ажилладаг байсан танил маань Redhat6.2 гэдэг хувилбарыг нь дискэн дээр бичиж өгч байж билээ. Тэрийг нь аваачиж одоо Yadii.net-ийг хийдэг Батмөнхийн компьютер дээр анх суулгаж үзсэн юм. Файлын систем, түүний бүтэц, бүрхүүл гээд юниксийн талаар А ч байхгүй 2 гар баахан асуултанд хариулаад яваад л байлаа, нэг юм суучих шиг боллоо. Ассан чинь харин Windows шиг гоё биш (одоо бол эсрэгээрээ) шал хачин хар дэлгэц гарч ирээд зогсчихоор нь их л гайхаж байж билээ. Ингэж суулгахдаа түүний компьютер дээр байсан бүх юмыг нь устгаснаа дараа нь мэдсэн гэж...

Тухайн үед юниксийг ашигладаг хүн байсан ч над мэтэд нь олддоггүй байлаа. Ганц нэг асуух боломж гарсан ч залхааж орхисон юм. Асуух ч хүн байхгүй, бас хэл сайнгүй болохоор уншаад ч ойлгохгүй. Хэлтэй байлаа ч зарчмыг нь мэдэхгүй бол бас ойлгохгүй. Яаж аваад ч юм "Секреты Юникс" бас нэг линуксын талаар орос хэл дээр ном олж аваад ээлжилж уншина. Уншиж яваад л хэлийг нь мэддэг ч ойлгохгүй болно. Хэсэг хаяна, нөгөө номоо бас өөр ном үзнэ. Суулгаж чадахгүй болохоор энэ үед зүгээр л ном уншина, туршлага байхгүй. Гайгүй сураад байж байтал 7.0, 8.0 гээд гарахад нь суулгаж үзэж байсан. Хамгийн сүүлд 9.0 хувилбарыг харин хэсэг ашиглаж үзсэн юм. Гэхдээ тухайн үед, одоо ч бас линукс дээр модем ажиллуулахад хүндрэлтэй байсан болохоор Windows дээрээсээ интернэтээс юм уншиж тэмдэглэж авна, эсвэл файл татаж аваад линукс руугаа зөөж оруулж туршиж үзнэ. Болохгүй бол буцаад л Windows.

Ингэж байгаад номноос уншсанаас хэтрэхгүй шахуу мэдлэгтэй, бас хүн юм асуухаар мэддэг ч юм шиг нөхөр 2004 онтой золгов. Би маш тод санадаг юм. Тэр нэг зун ажилд орох санаатай МТҮПарк дотор хаалга хаалга шагайгаад явж байтал өмнө нь хэдхэн удаа хальт уулзсан, Микомд миний мөрөөдөл болсон хар дэлгэц ширтэж суудаг байсан Анар админ сууж байсан юм. Нэг нэгийгээ мэдэхийн хувьд мэндлээд, түүнд ажилд орох санаатай яваагаа хэлэхэд тэрээр намайг туршилтаар ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингэж миний зүүд мөрөөдөл болсон юникстэй ажиллах, системийн администратор гэж ажлыг хийж эхэлж байж билээ. Юникстэй ажиллах, системийн администратор гэж чухам ямар ажлыг нь мэдэхгүй байж би аль хэдийнээ ухаанаа алдатлаа дурласан байсан юм.

Цааш үргэлжилнэ....

Нөгөөдөр нэгэн илтгэл тавих нь

Нөгөөдөр 12 цаг 30 минутаас МТҮП-ын хурлын зааланд өмнө бичиж байсан блогтойгоо ижил сэдвээр илтгэл тавихаар болов. Энэхүү илтгэлдээ өмнө бичсэн санаа болон зарим нэг бичгээр илэрхийлж чадаагүй эсвэл боломжгүй байсан зарим санаануудаа жишээтэй нь оруулах бодолтой байна. Бичиж ярих, унших сонсох маань их ялгаатай. Өнөөдөр л илтгэл тавих болсноо мэдэж, өнөө маргаашдаа ажлын завсраар жаал бэлдэж байгаад ярина даа. Дутуу дулимаг зүйл байвал өршөөгөөрэй. Хэрэв та нээлттэй эхийн талаар бас мэдээллийн технологийн боловсролын талаар сонирходог бол таныг хүрч ирээд бидэнтэй санал бодлоо хуваалцахыг урьж байна.

МТ-ийн Инкубаторт байдаг компаниуд тус бүр нэг сарыг дааж аван сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах ёстой байдаг юм. Энэ сард EON гээд компани таарсан бөгөөд инкубаторын компаниудаас бүгдээс нь илтгэл тавиач гэсэн санал гаргасан байсны үр дүн нь энэ. Миний хувьд цахим шуудангаа гүйцэт шалгадаггүй байсны лайгаар өнөөдөр л мэдэж сэдвээ сонгож авлаа.

2009-01-20

Wikipedia vs. Knol

Миний хувьд маш олон хүн хамтран интернэтээр бүтээл хийж болохын хамгийн том үлгэрийг Wikipedia үзүүлсэн гэж боддог. Хэн хүссэн нь өөрийн гэсэн нийтлэлийг эхлүүлж, эсвэл хэн нэгний эхлүүлсэн нийтлийг засамжлах боломжийг олгодгоороо бусад нэвтэрхий толинуудаас ялгаатай. Хэн ч хэзээ ч сэдвийг өмчлөхгүй, хамтын бүтээл. Үүнийхээ үр дүнд 2 702 000 гаруй англи, 853 000 гаруй герман гэх мэт олон хэл дээр бараг агуулаагүй сэдэвгүй дэлхийн хамгийн том мэдлэгийн сан болсон. Гэвч бусад нэвтэрхий толиудын адил түүний ард шинжээчдийн баг үгүй учир агуулж буй зарим мэдээлэл нь үнэн бодит эсэх нь эргэлзээ төрүүлдэг нь нууц биш юм. Гэхдээ л миний мэдлэг олж авах эхний алхам маань Wikipedia нийтлэл байдаг, олон хүний хувьд адилхан байх.

Ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг нийтлэл, мэдээлэл нь өөрийн гэсэн эзэнтэй бас тэр нь үнэн бодит болохыг нь баталгаажуулах ёстой гэж үздэг. Анхнаасаа ч ингэж явж ирсний том илрэл нь Britanica юм. Google ч мөн ийм санаагаар Knol гэх үйлчилгээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Wikipedia-ийн адилаар хэн ч нийтлэл үүсгэх боломжтой боловч тэр хүн өөрийгөө хэн болохыг баталгаажуулах ёстой, бас нийтлэлийн цор ганц өмчлөгч байна гэдгээрээ ялгаатай юм. Хэдийгээр энэ үйлчилгээ нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн боловч ямар нэг зүйл хайхад эхний хуудсанд гарч ирж байхыг би үзээгүй бас Arstechnica-ийн нөхдүүд одоо бараг үзээгүй гэнэ.

Миний нэг гайхдаг зүйл бол Монголд Wikipeda маягийн нээлттэй мэдлэгийн сан үүсгэх боломж байгаа болов уу? Ер нь яаж хийвэл зүгээр вэ? Манай үндэсний болоод соёлын онцлог энэ хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол?

2009-01-18

UDW маргааш эхэлнэ

Ubuntu-ийн хөгжүүлэгчдийн тоог нэмэх, хэрэглэгчдийн идэвхийг нэмэх зорилгоор Ubuntu Developer Week гэх арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд ээлжит нэг нь маргааш эхлэх гэж байна. Энэ өдрүүдэд Ubuntu хөгжүүлэгчид нь өөрсдийн ажилладаг төслийг танилцуулахаас эхлээд хэрхэн цох агнах, богц үүсгэх, bzr хувилбар удирдах системийг ашиглах зэрэг маш олон сонирхолтой сэдвүүдээр шууд хичээлийг явуулдаг байгаа. Хичээл нь чат маягаар өрнөх бөгөөд та ойлгоогүй, эсвэл ойлгомжгүй санагдсан зүйлсээ багшаасаа шууд лавлаад асуух боломжтой байдаг. Манай цагаар яг шөнө дунд эхэлдэг Ubuntu Developer Week-д миний бие өнгөрсөн намар оролцохдоо маргааш өдөр нь ажилтай байдаг байсан болохоор ядраад жаахан хэцүү байснаас бусдаараа нэлээн их зүйлийг суралцаж авсан билээ. Хэрэв ажилт, амралт, нойроо үнэхээр зохицуулж чадвал оролцоод үзвэл маш их зүйлийг суралцана шүү.

Thinkpad муудаа юу даа

Олон газруудаар явж байхад хөгжүүлэгчид, системийн администраторууд зэрэг нарийн мэргэжлийн улсууд дандаа л Thinkpad ашигладаг нь анзаарагддаг байв. Үнэхээр найдвартай, тогтвортой ажиллагаатай, харахад маш энгийн цэвэрхэн дизайнтэй гээд яг л миний мөрөөдөл болж, зүүдэнд ордог байв. Анх ашиглаж байсан Samsung маань 2006 оны 9-р сард эвдэрснээр бас өөр нэг сонголт хийх боломжтой болов. Төд удалгүй үнэхээр боломжийн үнээр Thinkpad T42 зарж байна гэж сонсоод бөөн өр зээл болж байж нэг авч билээ. Тэрийгээ өнгөрсөн 5-р сар хүртэл ашигласан бөгөөд үнэхээр найдвартай, тогтвортой ажиллаж нэг ч эвдэрч гэмтээгүй юм. Гэсэн хэдий ч цаг хугацааны эрхээр миний шаардлагыг хангахгүй болсон тул Thinkpad T61-ийг шинээр худалдаж аваад ашиглаж одоо ч байна. Ажиллагаа бол өмнөхтэйгээ адилхан үнэн жигд найдвартай ажиллана. Дээр нь бүр ундаа асгаад амжсан гээч. Гэвч 2 3 сарын өмнөөс процессорын хөргөгч(CPU cooler)-ийн сэнс нь хааяа нэг дуугардаг болж эхэлж, саяханаас бүр залхааж эхлэв. Нэлээн тэссэн боловч дөнгөж сая тэвчээр алдагдаж хамаг юмыг нь задлаад тослосноор дуу алга болов. Сайхан байна гэж... Өмнөх нь намайг ашигладаг байхад огт дуугардаггүй байж байгаад өнгөрдөг зун дуу орж, тослоод зүгээр болсон. Харин миний энэ аваад хагас жил болов уу үгүй юу дуугарч эхэлсэн нь Thinkpad муудаа юу даа гэж санагдах болов.

Мэдээллийн аюулгүй байдлыг үгүй хийх алхамууд

SANS байгууллагаас мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахдаа ямар алхамуудыг хийж болохгүй вэ гэсэн жагсаалтыг How to Suck at Information Security нэртэйгээр нийтлэжээ. Утга нь бол хэзээ ч биелэшгүй эдгээр зүйлсийг хүнээс бүү шаардаачээ, энэ нь мэдээллийн ауюлгүй байдлыг сайжруулах биш улам дордуулна шүү гэжээ. Жишээ нь, хэрэглэгчдийг ойр ойрхон нууц үгээ солихыг шаардах. Энэ нь явцдаа цээжлэхэд амархан, нэг хэв маягтай буюу таахад хялбар нууц үг сонгоход хүргэх болов уу. Бас бэлтгэл ажлаа хангаагүй байж маш том хэмжээний ISO 27001/27002 гэх стандарт руу шилжихийг завдах. Үүний дүнд олон ажил хийдэх бөгөөд нэвтрүүлэхэд тулгарах бэрхшээлүүдээс үүдэн ажиллагсад болон удирдлага шантарч ч болох. За ер нь нэлээн олон зүйл байна даа. Хэрэв та мэдээллийн аюулгүй байдлыг сонирхон судалдаг эсвэл ямар нэг байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэн бол нэг ороод харахыг зөвлөж байна.

Нээлттэй эх ба үндэсний аюулгүй байдал

"Хэрэв Орос улс нь програм хангамжийн салбарт хараат бус байж чадахгүй бол бусад бүх хараат бус болон өрсөлдөх чадвартай байхыг хүсч буй салбарууд аюулд унана" гэсэн үгийг манай хойд хөршийн ерөнхийлөгч Д.Медведев хэлсэн байх юм. Мэдээллийн технологи болон програм хангамж нэвтрээгүй, хэрэглэгддэггүй салбар, үйл ажиллагаа гэж өнөөдөр үгүй болсон. Хэрэв ашиглаж буй технологи, програм хангамж нь аль нэг компани эсвэл улс орны мэдлийнх бол тэрхүү салбар, үйл ажиллагаа бараг тэр технологийн компанийн хараат болж байна гэсэн үг. Жишээ нь, ОХУ батлан хамгаалахдаа Microsoft-ийн технологи, програм хангамж ашигладаг байтал АНУ-тай харилцаа муудаж эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон байг. Гэтэл аюулгүй байдлын томоохон алдаа илэрвэл яах уу? Ер нь Оросын технологийн талаар мэдээллийг нууцаар дамжуулахгүй гэдэгт яаж итгэх вэ? Зөвхөн эх код нээлттэй байхад, хангалттай тооны бас чадварлаг мэргэжилтнүүд байхад технологийн хараат болохоос маш их хувиар магад бүрэн хамгаалж болох юм. Оросууд нээлттэй эхийн програм хангамж руу бодлогоор, бага багаар шилжиж байна. Ингэхдээ бас дотоодын зах зээлийг дэмжих, хамгаалах аргуудыг ч авч байна. Бас сүрхий байгаа юм шүү.

2009-01-17

Ubuntu сүлжээндээ Windows XP-с хурдан уу

Нэг нөхөр санамсаргүй байдлаар туршилт хийхэд яг ижилхэн шугам дээр Ubuntu нь 22-25mbps байхад Windows XP нь 12-14mbps хурдтай байсан байна. Гэхдээ тэрээр үүнийгээ ямар нэг зүйлийг батлах зорилгоор хийгээгүй, бас ижилхэн тооцоолуур, тохиргоо ашиглаагүй гэнэ. Ubuntu дээр байсан 256МБ илүү санах ой нь ингэж бараг 2 дахин хурдлахад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой юмаа. Тэгж байгаад нэг туршиж үзье байз.

Blogger руу нүүгээд ирлээ

Блогоо нүүлгэх талаар бодол орж ирсэн боловч хэрхэн нүүхээ шийдэж чадалгүй байж байгаад гэнэт шийдээд нүүгээд ирлээ. Сүүлийн жил хагасын хугацаанд бичсэн хэрэгтэй хэрэггүй 150 орчим бичлэгээ нааш зөөх гэж нэлээн хэдэн цаг суув. Уг нь Google API ашиглаад нэг пэр хийгээд зөөх санаа орж байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас гараар хийхийг сонгов. Үүнд:
- Бичлэгүүдээ дахин ангилах, илүү зохион байгуулалттай болгох. Баруун багананд нэлээн төрөлжүүлж, ангилсан байгааг харж болно.
- Хоорондын холбоосыг засах, ажиллахгүй холбоос бий болгохгүй байх.
- Хэдийд юун тухай юу бодож, юу бичиж байснаа дахин нэг харах.

Blogger руу шилжээд нэлээн олон шинэ зүйлс нэмэгдсэн байгааг та бүхэн харж байгаа байх. Жишээ нь, гурван багана бүхий загвар, зүүн багандаа LiMNux-ийн хэд хэдэн сувгийн мэдээллийг оруулж өглөө. Энэ бүхнийг хийхэд Баянмөнхийн бичсэн Google-ийн үйлчилгээнүүдийн талаарх цуврал заарвууд болон түүний хувийн зөвлөлгөө маш их тус болсныг дурдахгүй өнгөрч үнэхээр болохгүй нь.

За ямар ч байсан бичлэгүүдээ нүүлгээд ирлээ, тэгж байгаад сэтгэгдлүүдээсээ нүүлгэнэ. Ямар ч байсан эхний хувилбарыг амжилттай ашиглалтанд орууллаа, цаашдаа илүү сайжруулаад явна, бусад гоё боломжуудыг ашиглана гэж бодож байна. Бас зөв шийдвэр гаргасан байна гэж хувьдаа бодоод л сууна. Хэрэв та блог хөтлөдөггүй, гэвч хэн нэгэнд эсвэл таньдаг таньдаггүй олон хүнд өөрийн үзэл бодол, дуу хоолойг хүргэмээр байгаа бол, эсвэл зүгээр л өдрийн тэмдэглэл хөтөлмөөр байгаа бол яг одоо Blogger-т бүртгүүлж, бичиж эхлэхийг санал болгож байна. Танд амжилт хүсье.

2009-01-15

Нээлттэй эх ба МТ-ийн боловсрол

Нээлттэй эх гэдэг нь товчхондоо бол програмыг бичсэн эх код буюу түүний яаж ажилладаг нь хэн бүхэнд нээлттэй, бас түүнийг нь хэн ч судлах, өөрчлөх боломжийг олгосон хөгжүүлэлтийн загварыг хэлдэг. Харин хаалттай хөгжүүлэлтийн хувьд бол тэрхүү програм хэрхэн ажилладаг, хэрхэн хийгдсэн нь хийсэн хүний л мэдэлд байхаас хөндлөнгийн хүн харж үл болно, зөвхөн ажиллуулж л болно. Хэдийгээр харахад эх код нээлттэй байх үгүй нь жижиг асуудал мэт боловч манайх шиг хөгжиж буй, ирээдүйд МТ-ийг хөгжлийн түлхүүр гэж тодорхойлсон улсын хувьд асуудал арай өөр юм. Хөгжингүй улсуудын хувьд зардал хэмнэх, нэг нэгээсээ хараат бус байх зорилгоор ихэвчлэн нэвтрүүлж хөгжүүлж байгаа. Гэтэл миний нүдээр, манай орны хувьд бүр илүү чухал үзүүлэлт мэт санагддаг юм.

Аутсорсинг хийхэд хүний нөөц үнэхээр дутагдалтай байна. Хүмүүстэй ярилцаж байхад ялангуяа аутсорсингийн бизнес эрхэлж буй хүмүүстэй ярилцаж байхад ажил олох боломжтой боловч энд авчраад хийх хүний нөөцийн асуудал үнэхээр дутмаг талаар бүгд ярьдаг. Хэд хоногийн өмнө АНУ-д байхдаа Баатар ахтай, мөн ирчихээд Жагдагтай ярилцаж байхад Монголд байгаа баг маш сул учир эндээс ажил аваад, чанартай хамгийн гол нь хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй гэж хэлж байсан нь тодхон санагдаж байна. Энэ л манай мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын хөтөлбөр, арга барил нэг биш байгааг илтгэнэ. Миний бодлоор ямар нэг шинэчлэл хийлгүйгээр энэ янзаараа явбал бид мэдээллийн технологийн хөгжлөөс илүү хол хоцрох тийш хандах байх.

Нээлттэй эхийн програм хангамжийн хэрэглээ, хөгжүүлэлтийг бодлогын түвшинд дэмжмээр байна. Манайд төгсч буй ихэнх оюутнууд үнэхээр чадалтай, толгойтой боловч төлөвлөх, багаар ажиллах, харилцааны зэрэг чадварууд маш дутмаг олгогддог. Бас гэрийн даалгавар, бие даалт, курсын ажил гээд цөөн хэдэн мөр кодтой ажиллаж байснаас хэдэн мянган мөр кодтой ажиллаж байсан туршлагагүй төгсдөг. Зарим гайгүй нэг нь хамраа сөхсөн байх нь элбэг. Гэтэл баг болж ажиллаад хамтын төлөвлөлт хийх, асуудлыг хамтдаа тодорхойлох, код хамтран бичих, хоорондын харилцаа зэрэг дээр байнга асуудал үүсэх ба үүний шийдвэрлэхийн оронд ганцаарчилсан тоглолт хийхийг илүү үзнэ. Эсвэл ажилд авсан компани энэ бүгдийг эхнээс нь зааж сургах, дадлагажуулах гэж багагүй хугацаа зарцуулна. Харин үүний оронд нээлттэй эхийн програм хангамжийг бодлогоор дэмжиж ажилласны үр дүнд богино хугацаанд их хэмжээний үр дүнд хүрэх боломжтой гэж боддог. Жишээ нь, нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэлт нь дэлхийн өнцөг булан бүрээс хийгддэг бөгөөд тэнд маш туршлагатайгаас авахуулаад анхлан сурагчид ч байна. Тэд бүгд цахим хэлбэрээр харилцах ба мөн адил аргаар ажлыг төлөвлөж, асуудлын талаар ярилцаж шийдвэр гаргана. Эндээс хэрхэн багаар асуудлыг тодорхойлж, шийдвэрлэдэг болон хэрхэн цахим харилцаа үүсч, хөгждөгийг бэлэхнээ харж болно. Энэхүү харилцааны үндсэн дээр тэд бас бүгдээрээ хамтран кодыг хөгжүүлж, алдааг засварлах ба үүндээ хувилбар удирдах системийг ашиглана. Жишээ нь, Firefox, PHP, Apache, GNOME, линуксын цөм гээд энэ жагсаалт маш урт. Манайханд ёстой дутагдаад байдаг real-life буюу жинхэнэ амьдрал дээрх төсөл дээр ажиллаж үзэх, багаар ажиллах дадал олж авах өргөн боломжийг нээж өгнө. Мөн жинхэнэ програм хангамжийг ажиллагаа, найдвартай, тогтвортой болон аюулгүй байдлын үүднээс хэрхэн бичдэг, ямар технологи ашигладаг гээд маш их зүйлийг кодоос, хөгжүүлэгчдээс суралцах боломжтой.

Ингээд бичээд байвал нээлттэй эх нь МТ-ийн боловсролд маш их ач холбогдол өндөртэй болох нь харагдаж байна. Нөгөө талаас зарим нэг дутагдал байж болох ч нэгэнт олж авсан дадал, туршлага, мэдлэг нь хөрвөх чадвартай тул чадваргүй хүнтэй харьцуулашгүй. Ер нь боловсролын салбарт бодлогоор дэмжиж өгөөд ашиглавал богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой мэт. Энэ талаар уншигч авхай юу гэж бодож байна?

Wine дээр хорт програм ажиллах уу?

Линукс хэрэглэгчдийн дийлэнх нь өмнө өөр нэг систем тэр дундаа Windows ашигласан байдаг. Тийм болоод ч тэр үү зарим нэг хуучин програмуудаа санагалзах, хаяж чадахгүй зэрэг асуудлууд гардаг. Нийтийн энэхүү асуудлыг шийдэх гэж Wine гэх програм байх бөгөөд линукс дээр Windows-ийн програмуудыг ажилуулахад туслана. Зарим нэг Wine ашигладаг хэрэглэгчид энэ нь бас вирусуудыг ажиллуулаад, миний файлууд вирустэйхгүй байгаа гэсэн зүйл асууна. Миний зүгээс мэдэхгүй ээ, гайгүй биз дээ гэж хариулдаг байлаа. Гэтэл өнөөдөр Ubuntu-ийн хэлэлцүүлэг уншиж байтал аюулгүй байдлын мэргэжилтэн Kees нь "Wine нь хэт сайн хөрвүүлэгч учраас зарим хорт програм болон өтнүүдийг ч ажиллуулчаад байх юм. Гэхдээ бид үүнийг бататгах хэрэгтэй" гэж хэлсэн байх юм. Тэгэхээр бид юу ажиллуулах, юу ажиллахгүй вэ гэдэгтээ бас анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг. Гэхдээ л Windows вирустэж байгаа юм шиг хор хохирол учрана гэж бодохгүй байна.

OBP 2009 оны нээлтийн уулзалтын талаар

Зарласан хуваарийн дагуу өнөөдөр OBP маань амжилттай зохион байгуулагдлаа. 22 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд цөөнгүй тооны шинэ хүмүүс ирэв. Зарим нь давгүй туршлагатай байхад дөнгөж сонирхож эхэлсэн нэг ч байх. Яг энэ талаар ярилцана гэж гаргасан хөтөлбөр байхгүй тул нэлээн чөлөөтэй байдлаар яриа эхлэв. Ингээд цаашид OBP-г хэрхэн илүү үр дүнтэй зохион байгуулж зүгээр л цуглаад яриад гардаг биш үйл хэрэг эхэлдэг, дүгнэдэг болгох тал дээр нэлээн урт хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн эцэст дараагийн уулзалтуудын хөтөлбөр, ярилцах сэдвүүдийг урьдчилсан байдлаар гаргаж, ирсэн хүмүүс сэдвийн талаар бэлтгэлтэй ирж илүү үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж байхаар болов. Үүнээс гадна хэд хэдэн асуудлаар санал солилцсон бөгөөд уулзалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлгийг хаягаас уншина уу. Миний хувьд энэхүү уулзалт нь үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэж байгаа ба 2009 он маань тун давгүй эхэлж байгаад баяртай байна.

2009-01-14

Blogger руу нүүх үү?

Жил хагасын өмнө өөрийн гэсэн блогийн системийг ажиллуулах, авч явах шийдвэр гаргаж Blogger-с нүүж билээ. Эхлээд wordpress ашиглаж байсан боловч тухайн үед нэлээн их цоорхой гарч байсхийгээд шинэчлэ гэсэн анхааруулга гарч ирээд байхаар нь Drupal руу төд удалгүй шилжиж өнөөг хүртэл явж байна. Миний хувьд элдэв агуулга удирдах системүүд ашиглаж байсан боловч хамгийн таалагдсан нь Drupal. Бараг хамгийн анх шахуу clear url буюу элдэв тэмдэгтгүй энгийн, ойлгомжтой вэб хаягийг дэмжиж эхэлсэн, аюулгүй байдлын хувьд тун давгүй, модуль болон загвар суулгах зэрэг үйл ажиллагаа их хялбар, хамгийн гол нь нэг суулгаад олон домэйн ажиллуулах боломжтой нь надад таалагдсан юм.

Гэтэл сүүлийн үед ингэж явах нь жаахан төвөгтэй санагдаж эхлэх болов. Мэдээж төгс систем гэж үгүй болохоор Drupal-д маань цөөн ч гэсэн цоорхой илэрнэ, бас бус ашигласан модулиудад бас илэрнэ. Тэр бүгдийг шинэчлэнэ. Дээрээс нь анх бодож байсан чигээ цаг зав царцуулаад гоё янзлаад явъяа гэсэн чинь дизайны мэдрэмж маш муу болохоор барахгүй юм. За бас нэмэлт нэг нууц үг цээжлэх нь жаахан төвөгтэй санагдаад байх болж. Тэгээд ч сервер маань Монголд байгаа болохоор гадаадад байгаа хүмүүс хандахад жаахан удаан байх шиг. Ер нь бэлэн систем, Blogger руу шилжвэл яадаг юм бол гэж бодох боллоо. Элдэв шинэчлэлт хийнэ гэж санаа зовохгүй бас http://www.dulmandakh.com дээрээ ажиллуулаад байх боломжтой ч юм. Дээрээс нь Google-ийн Gmail, Groups зэрэг үйлчилгээг өдөр тутам хэрэглэдэг, цаашдаа Picasa, Reader, AppEngine гээд бусад олон үйлчилгээнүүдийг ашиглаж эхэлж байгаа болохоор нэгдсэн байдлаар хялбар ч юм. Одоо харин Drupal дээр бичсэн зүйлсээ хэрхэн сэтгэгдлийн хамт нүүлгэх вэ гээд гашлаад байж байна. Та ямар блог систем ашигладаг вэ? Яагаад?

LiMNux бүлгэм Google Groups дээр

Сүүлийн жилүүдэд линукс болон бусад нээлттэй эхийн үйлдлийн системүүдийг сонирхон судлах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэх боллоо. Гэвч тэднийг холбох, нэгтгэх, мэдлэг туршлага солилцуулах зорилготой байгуулагдаж байсан "LiMNux" линукс хэрэглэгчдийн бүлгэм маань надаас шалтгаалсан болон бусад зарим нэг зүйлийн улмаас төдийлөн идэвхитэй үйл ажиллагаа явуулалгүй удлаа. Энэ хойгуур хаанаас эхлэх, юу үзэх, хэнтэй яаж холбогдох талаар чиглэлгүй учир шантраад хаясан нэг байхад өөрийн хүчээр хэнээс ч тусламж авалгүй суралцсан нэгэн байх. Зарим нэг нь нэлээн мэргэшин бусаддаа туслах, анхан шатныханд зориулсан зөвлөлгөө өгөх, блог бичих зэргээр линукс хэрэглэгчдийн хүрээг тэлэх, түвшинг ахиулахад өөрийн хувь нэмрийг оруулсаар байна.

Цаашид линукс сонирхох залуучуудын тоо улам өснө, дэлхий дахинд ч ийм байгаа. Линукс сонирхогч, хэрэглэгчид маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа. Эдгээр залуусыг холбох, нэгдэх, туршлага солилцуулах боломжийг нээх нь урьд өмнөхөөс илүү чухлаар тавигдах болоод байна. Иймийн учир LiMNux бүлгэмийг шинэ зохион байгуулалтад оруулах, линукс сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих чиглэлд манай бүх линукс сонирхогч, хэрэглэгчид нэгдэн нягтрах, өөрийн санал бодлыг хуваалцах шаардлагатай байгааг хэн бүхэн харж байгаа байх. Үүнээс л шинэчлэлээ эхлэх нь зөв болов уу гэж бодоод Google Groups дээр LiMNux бүлгэмийг үүсгэж хэн ч бүртүүлэх, бусадтайгаа харилцах боломжтой болголоо. Мөн хэрхэн гишүүн болох, бүртгэлээс гарах, өөрийн тохиргоог өөрчлөх зэргийг агуулсан жижиг гарын авлага бичсэн бөгөөд гарын авлагыг засах, сайжруулах талаар өөрийн санал, шүүмжийг өгөхийг хүсье. Өнөөдөр болох Open Beer Party дээр ирж олон зүйлийн талаар ярилцах болов уу гэж найдаж байна. Эцэст нь LiMNux бүлгэмд нэгдэж бусдаасаа зөвлөлгөө авч, бусаддаа зөвлөлгөө өгч соёлтой сайхан хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцахыг уриалж байна.

2009-01-13

2009 оны донсолгоог даахгүй технологийн компаниуд

Дэлхийн санхүүгийн хямрал мэдээллийн технологийн салбарыг тойроод өнгөрөхгүй нь нэгэнт тодорхой. Харин хэрхэн нөлөөлөх бол, орон тооны цомхотгол хэр хэмжээнд хийгдэх бол гэсэн айдас өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Хямралаас үүдэн захиалагчид цөөрч буй учир хөгжүүлэлт багасна, хөгжүүлэлт багассанаар орлого муудна, төдийлөн хэрэгцээтэй бус ажилчдаа цомхотгоно. Тэгж байтал ChannelInsider гэх вэбээс 2009 оны хямралын донсолгоог дийлэхгүй байх магадлалтай технологийн компаниудын талаар нийтлэл гаргасан байна. Жагсаалт нь бидний мэдэх SuSE линуксын хөгжүүлэгч, Microsoft-той түншлэсний улмаас олон хүний дургүйцлийг хүргэсэн Novell-р эхэлж байна. Цаашаа бидний мэдэх VMWare, Symantec, Sun Microsystems, AMD зэрэг компаниудаар үргэлжилнэ. Гэвч энэхүү жагсаалт нь донсолгоог яг даахгүй гэдгийг нь харуулах гэсэн биш донсолгоо хэрхэн нөлөөлөх вэ гэсэн дүгнэлтийг хийхийг зорьсон байна. Энэ жагсаалтад байгаа дийлэнх компаниуд огт ажрахгүй давахаар дүгнэлт гарчээ.

2009-01-12

Fedora Leonidas

Одоо хөгжийн шатандаа явж буй 11 дугаар бүхий Fedora хувилбарыг Leonidas гэж нэрлэхээр болсон байна. Үүний өмнө хэрэглэгч, хөгжүүлэгчдээс нэрийн санал авсан бөгөөд татан танасаар эцэст нь энэхүү нэрийг сонгожээ. Leonidas гэхээр бид бүгдийн мэддэг 300 гээд кинон дээрх хааны нэр санаанд орж байгаа байх. Яг тэр чинь. Дашрамд хэлэхэд Leonidas гэдэг нь Грекээр "арслангийн хүү", бас "арслан мэт" гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

2009-01-10

Steve Jobs-ын видео бичлэгүүд

Сүүлийн жилүүдэд манайхан Apple болон түүний iPhone, iPod, MacBook зэрэг бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, шохоорхож, ашиглах нь нэлээн нэмэгдсэн. Манайд ч гэлтгүй дэлхий даяараа Apple-ийн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж, юуг бидэнд шинээр санал болгохыг хүлээн суусаар. Энэ их хүлээлтийг үүсгэхийн тулд Steve Jobs болон түүний баг маш нууцаар ажиллаж, хөгжүүлэлтийн шатанд бүтээгдэхүүний талаар мэдээллийг гаргадаггүй. Энэ их хүлээлт зөвхөн MacWorld дээр л тайлагдаж, Steve Jobs шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг. Тэрээр үүндээ ч гаргуун, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг яаж хамгийн хялбар бөгөөд зардал багатайгаар сурталчлах талаар ч мэддэг. Үүгээрээ хэдэн арван сая долларыг зар сурталчилгаанаас хэмнэж, орлогыг асар өндөр хэмжээнд хүргэж чаддаг. Тэр үнэхээр чадварлаг бөгөөд түүний 1998 оноос 2008 оны хооронд MacWorld-ыг хэрхэн нээж, хэрхэн бүтээгдэхүүнээ танилцуулж байсныг The Industry Standard эмхэтгэн гаргасан байна. Бүтээгдэхүүнийг ингэж л танилцуулж, маркетингийг ингэж л хийх хэрэгтэй байгаа юм. За та өөрөө үзээд сэтгэгдлээ хуваалцаарай.

IPv6 руу бид хэзээ шилжих вэ?

Интернэтийн хамгийн том үйлчилгээ үзүүлэгч Google IPv6-г бүрэн дэмжиж, удахгүй бүх үйлчилгээнүүдээ түүнд дээр ажиллах боломжтой болгож буйгаа зарлалаа. Үүний дараа IPv6 хэрэглэгчид хайлт, зураг, блог зэрэг бүх үйлчилгээг авах боломжтой болох юм. Япон, Солонгос болон бусад хөгжиж буй Азийн улсууд нэгэнт "ховрын бараа" болоод байгаа IPv4-с татгалзаж аль болох IPv6 ашиглахыг эрмэлзэх болсон. Жишээ нь, 2008 онд л гэхэд дэлхий даяаар нийт 197.27 сая IPv4 хаягийг олгосон бөгөөд энэ нь өмнө жил байсан 69.7%-ийн хэрэглээг 75.3% болгон өсгөсөн байна. Хэдийгээр цаана нь нэлээн хэдэн хувь үлдсэн байгаа ч интернэтийн хэрэглээ, хаягийн ашиглалт маш хурдацтай өсч байгаа, хажуугаар нь нэлээн их хэмжээний хаягууд нөөцөд, тусгай зориулалтаар хамгаалалгдсан байдаг. Үүндээс Ази тив нь маш хурдацтай өсч, хэрэглээ нь гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Өнөөдөр сүртэй асуудал биш боловч тун удахгүй чухал асуудал болж, интернэтийн хөгжлийг боомилох өдөр ирэх вий. Үүнээс өрсөн бид 5 жилийн хугацаанд юуг яаж хийх вэ, хэрхэн шилжих талаар ярилцах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. "Сүх далайтал үхэр амар" гэдэг үлгэрийг дуусгах хэрэгтэй болов уу. Таны санал?

Yesman!

Ямар ч хүн залхуу, бас өөртөө итгэл муутай байх үе байдаг. Залхуурсан болон үгүй гэж хэлэх бүрдээ ямар нэг боломжийг алдаж байдаг. Тэгсэн хэрнээ ямар нэг байдлаар өөрийгөө өмөөрөөд, зөвтгөөд бас тайвшруулаад өнгөрдөг. Байдаг л нэг, энгийн л нэг ийм залуу нэгэн хуралд сууснаар амьдрал нь өөрчлөгдөж, илүү сонирхолтой, илүү амжилттай болдог. Маш сонирхолтой, хөгжилтэй, инээдтэй кино. Хоёр ч удаа үзсэн, одоо танил найз нөхдүүддээ үзүүлэх гээд найзаасаа асуутал Happy.mn дээр байрлуулсан байна. Татаж аваад үзээрэй, хөгжөөрөй.

Google гэж юу вэ?

Интернэт хэрэглэгч бүр л энэ асуултын хариуг мэднэ. АНУ мэдээллийн технологи болон интернэтийн нэвтрэлт, ашиглалт хамгийн өндөр гэж явдаг. Гэтэл АНУ-д дөнгөж хөл тавиад байж байтал гаалийн ажилтан бүсгүй надаас дээрх асуултыг асуув. Би "интернэтийн компани" гэж хэлээд их л гайхан, толгойгоо маажаад цааш явав. Энэ л миний АНУ-ын талаар анхны сэтгэгдэл байлаа.

Google Chrome 2 удахгүй гарах нь

Саяхан л нэлээн шуугиан дагуулж гарч байсан отгон браузер Chrome-ын маань дараагийн хувилбарын маш түүхий боловч ашиглаж болох эхний хувилбар бэлэн болжээ. Одоогийн хувилбараасаа нэлээн олон шинэ зүйлсийг агуулж байгаа ч хамгийн онцлох нь өөрийн гэсэн HTTP санг хөгжүүлж түүнийгээ ашиглах болсон байна. 1.0 хувилбар нь WinHTTP гэх санг ашигладаг учир Windows-с өөр үйлдлийн систем дээр ашиглах боломжгүй байсан юм. Харин өөрсдийн санг хөгжүүлсэн нь тун удахгүй Мак болон линукс хэрэглэгчдэд Chrome суулгах, ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Миний хувьд саяхан гэрийн тооцоолуур дээрээ Chrome суулгаж ашиглаж үзсэн бөгөөд маш энгийн, ойлгомжтой, давгүй ажиллагаатай санагдсан. За ингээд линуксд зориулсан хувилбарыг нь хүлээж дээ...

2009-01-08

OLPC төсөл цомхолгол хийжээ

Буурай, хөгжиж буй орнуудын хүүхэд залуусийг хамгийн хямд зардлаар технологитой танилцуулах, ашиглах боломж олгох зорилгоор байгуулагдаж байсан OLPC төсөл маань эхний зорилгодоо ч хүрч 200$ үнэ бүхий бяцхан тооцоолох төрөөхөмжийг програм хангамжийн хамт зохион бүтээсэн. Бага насны хүүхдүүд хэрэглэхдээ өөрийгөө гэмтээхгүй байх аюулгүй ажиллагааны талаас ихээхэн анхаарснаас гадна, цэнэг сайн барьдаг, програм хангамжууд нь хүүхдийн боловсролд ашиглахад нэн тохиромжтой зэрэг нэлээн олон давуу талуудыг агуулж байгаа. Энэхүү төхөөрөмжөө дэлхийн буурай, хөгжиж буй орнуудад зарсны дотор манай Монгол Улс ч орж байгаа. "Хүүхэд Бүрт Компьютер" гэх төслийн хүрээнд манайхан 20000 ширхэгийг авахаар болсон ба одоогийн байдлаар 10000 нь л орж ирсэн мэдээлэл байна. Ирсэн хэдийгээ яасан талаар тодорхой мэдээлэл байхгүй бас төслийн ажил нь санхүүжилт болон бусад шалтгаануудын улмаас төдийлөн ахиц дэвшил гараагүй гэж харагдахаар байгаа. Манайхан авсан хэдийнхээ ашгийг сүртэй гаргаж чадаагүй байдал дэлхийн санхүүгийн хямрал төслийн толгой нэгжийг дайрч, үүний улмаас тал ажилчдаа халах шийдвэр гаргажээ. Бас болоогүй үлдсэн хэдийнхаа цалинг ч буруулсан байх юм. Бүр буурай хөгжилтэй орнуудад "үнэгүй" өгөхийг зорьж буйгаа ч дурдсан байна. Хэдийгээр зохион байгуулалтын хувьд нэлээн өөрчлөлт орсон ч хөгжиж буй орнуудад зөөврийн тооцоолуур хүргэх зорилгодоо тууштай байх болно гэдгээ мэдэгдсэн байна. Arstechnica өмнөхийн адилаар маш давгүй нийтлэл гаргасан байна,эндээс уншаарай. Энэхүү зохион байгуулалтын өөрчлөлт нь "Хүүхэд Бүрт Компьютер" төсөлд хэрхэн нөлөөлөх бол?

2009-01-07

Эд чинь мартахгүй байна гэнэ

Сүүлийн жилүүдэд хувийн нууцын талаар асуудал ихээхэн хөндөгдөх болов. Хүмүүсийн интернэтээр аялсан түүхээ бусдаас нуухыг эрмэлзэж, вэб браузер хөгжүүлэгчид энэ хэрэгцээнд суурилан Private mode гэх горимыг зохион бүтээв. Энэ горимд ажиллах байх үед браузер нь хэрэглэгчийн ямар вэбээр орсон гэхээс авахуулаад ямар ч мэдээллийг өөр дээрээ хадгалж үлдэхгүй байх ёстой бөгөөд хаамагц намайг суусан талаар ор тас мартах ёстой юм. Үүргээ ч биелүүлдэг гэж хөгжүүлэгчид нь ярьсаар ирсэн. Гэтэл саяхан явуулсан нэгэн судалгаагаар тийм биш болох нь тогтоогдсон байна. Хамгийн сонирхолтой нь бараг интернэт хэрэглэгч бүрийн ашигладаг Adobe Flash нь ямар ч браузерийн нууцлалын дүрмэнд захирагдахгүй байсан ба хамаг зүйлийг нь санаж байсан байх юм. Бас бус програмууд нь зарим нэг зүйлсийг алдаг оног санаж үлдээд байгаа юм байна. Эд чинь мартахгүй л байна шүү дээ...

Бидний бахархал

АНУ-ын бас нөгөө талаар дэлхийн мэдээллийн технологийн тэрүүлэх шугаманд ажиллаж буй мэргэжилтнүүдийнхээ хүрсэн амжилт, хийсэн ажлыг нь үнэлж манай Засгийн Газар шагнал гардуулжээ. Энэ талаар надад шагналын эздийн нэг болох Жагдагдорж анд хэд хоногийн өмнө дуулгаж байсан юм. Тэрээр зөвхөн Баатар ахад шагнал гардуулсан тухайгаа тодорхой хэлснээс өөрөө шагнал авсан болон бусад хүмүүсийн талаар төдийлөн ярьсангүй, харин АНУ-д мэргэжлээрээ ажиллахын гоё болон хүндрэлтэй тал, одоо байгаа байдал хийгээд ерөнхий нийгмийн талаас бас их зүйл хуучилсан. Магад би бусдыг нь танихгүй болохоор тэр байх. Бас эрдэмтэй хүн даруу гэдгийг үлгэрлэсэн юм. Баатар ахтай уулзаж ярилцахад, энд ирчихээд Жагдагтай чатлаж байхад хамгийн ихээр мэдрэгдсэн зүйл бол бид маш түүхий байна, тэднээс суралцах, үлгэр жишээ авах зүйл ямар их юм бэ гэж бодогдсон. Бас бидний дунд байгаа энэ том "зааг"-ийг хэрхэн багасгах вэ гэсэн бодол төрж байсан, одоо ч бодсоор. Эцэст нь шагнал авсан 6 хүндээ цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг чин сэтгэлийн гүнээс хүсэн ерөөе. Та бүгд бидний бахархал шүү.

3 шумуул

Хэд хоногийн өмнө санамсаргүй явж байгаад нэг сонин энэтхэг кино үзэв. Ах дүү хоёр байх бөгөөд ах нь дээрэмчин болж, дүү нь эгэл амьралаар амьдрахаар шийднэ. Киноны төгсгөл рүү дүү нь "Саятан болохыг хүсвэл" гээд нэвтрүүлгийн энэтхэг хувилбарт оролцож асуултанд хариулах бөгөөд нэг асуулт нь нэг иймэрхүү эхэлнэ "Александр Дюмагийн 3 шумуул зохиол дээр ....". Уран зохиолд сайн биш ч яахлээрээ шумуулын талаар зохиол байдаг билээ гээд гайхах зуураа зурагтаар гарч байгаа асуултыг харвал "The Three Musketeers" буюу бидний хэлдгээр "Шадар 3 цэрэг" байсан байгаа юм. Инээдтэй гэж....

Хэрүүл дуусч, Debian 5 удахгүй гарах нь

Нэг талаас ардчилал хэрэгтэй, нөгөө талаас хэрэггүй ч юм шиг. Нэг талаас идеалист байх нь гоё, бас үгүй ч юм шиг. Ямар ч байсан туулшралгүй аливаа юмны голыг олох хэрэгтэй юм шиг байгаа юм. Бас нэг иймэрхүү асуудлаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан Debian Lenny буюу 5-р хувилбар удахгүй гарахаар болсон байна. Асуудлын гол нь Debian маань ямар програм хангамжийг өөрт агуулж болох вэ гэсэн журамтай бөгөөд тэр нь зөвхөн нээлттэй эхийн програм хангамж гэж заасан байдаг. Гэвч зарим нэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай firmware гэх жижиг програмыг хаалттай байлгадаг нь тэдгээрийг оруулахгүй байх эсэх талаар хөгжүүлэгчдийн дунд үл ойлголцол, маргааны алим болсон юм. Тэдгээрийг оруулахааргүй болбол нэлээн олон төхөөрөмжүүд ажиллахгүй болохоос гадна цэвэрлэгээ хийх ажил нь нэлээн урт хугацаа шаардах юм. Дайран дээр давс гэгчээр Debian нь төлөөллийн зарчим байхгүй, зөвхөн бүх хөгжүүлэгчдийн санал асуулгаар асуудлыг шийддэг хэт ардчилалтай учир тэрхүү санал асуулгыг зохион байгуулах нь ихээхэн эсэргүүцэл, хэрүүлийг дагуулдаг юм билээ. Ямар сайндаа үүнээс нь болоод нарийн бичгийн дарга ажлаа өгсөн байгаа. Эцэст нь санал асуулга маань firmware-г агуулах нь зөв гэсэн дүнгээр дууссан тул одоо бараг бэлэн болсон Lenny-г гүйцээгээд ойрын хугацаанд гаргахаар болсон байна. Асуудлын талаар Arstechnica сонирхолтой нийтлэл гаргасан бөгөөд ямар ч байсан удаан хүлээгдсэн Debian Lenny тун удахгүй бидний гар дээр ирэх нь байна.

2009-01-06

Эрт босохгүй ээ

Хэд хоногийн өмнө тэнэж яваад шал дэмий юм үзээд сэтгэлд "юм" орчлоо. Уг нь орой унтахын ач холбогдлын талаар юм л даа. Тэгсэн судалгаагаар 8 цаг унтах нь сайн боловч ахин 2 цаг унтвал бүр ч сэргэг байдаг гэсэн байх юм. Шөнө сууж юм хийдэг хүмүүс яагаад ч юм илүү бүтээлч байдаг. Сэтгэлд "юм" хийдэг нь өглөөний 7 цагийн үед "стресс" буюу бухимдлын гормон маань дээд цэгтээ хүрдэг тийм болохоор босоход хэцүү байдаг гэнэ. Үүнээс сэргийлж жаахан илүү унтах хэрэгтэй гэх юм. Энийг нь уншсан би бээр өглөө 7 цагтаа босч чадахаа байсан гэж...

2009-01-05

2008 оны нээлттэй эхийн ялалтууд

Хоёр оны зааг дээр бараг хүн бүр л улирч буй оныхоо ажлыг дүгнэж, ирж буй оныхоо ажлыг төлөвлөдөг. Сонирхолтой мэдээлэл хүргэж байдаг Arstechnica вэбээс 2008 оны нээлттэй эхийн онцлох үйл явдлуудаас хүргэж байна. Үүнд нь Firefox 3, KDE 4, Mono 2 болон Python хэлний 3 гэх мэт шинэ хувилбарууд оржээ. Мөн QT-ийн хөгжүүлэгч, KDE-ийн ивээн тэтгэгч Trolltech компанийг Nokia худалдаж авсан явдлыг бас онцложээ. Хамгийн сүүлд нь нээлттэй эхийн үйлдлийн системүүд маань OpenSolaris-р бүл нэмснийг оруулсан байна. Үүнийхээ хажуугаар 2009 онд юу болж болох талаар товч бичжээ. Саяхан бас Phoronix-с ийм төрлийн мэдээлэл гаргасныг та бүхэнтэй хуваалцсан билээ.

Алсын нэгжлэг

Английн цагдаа нарт хувь хүний гэрийн компьютер рүү зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх олгох шийдвэр гарчээ. Үүнийгээ алсын зайны "нэгжлэг" гэж нэрлээд байгаа бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүндээс хувийн цахим захидалууд, вэбийн түүх болон мессенжерийн түүх орж байгаа юм байна. Гэмт хэрэгээс сэргийлэх арга зам байж болох ч хүний эрх, хувь хүний нууц гээд асуудлууд бас цаана нь босч ирнэ. Гэтэл манайд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцын талаар ямар зохицуулалт байдаг юм бол? Миний харж байгаагаар цагдаа хүчний байгууллагынхан бараг л хязгааргүй эрхтэй ч юм шиг.

Тархсан хувилбар удирдах системийн сэргэн мандалт

Ямар файлд хэзээ хэн ямар өөрчлөлт оруулсан талаар мэдээллийг хадгалж байдаг, хөгжүүлэгчийн заавал ашиглах ёстой багажуудын нэг нь яах аргагүй хувилбар удирдах систем буюу version control system юм. Түүний тусламжтайгаар програм хангамжийн түүхийн бүрэн бичиж авах боломжтойгоос гадна тогтвортой хөгжлийг дэмжиж өгдөг олон талын ашиг тустай нэгэн. Анх үүсэхдээ төвлөрсөн нэг серверт бүх мэдээлэл хадгалагдаж, хөгжүүлэгч бүр түүнд холбогдох боломжтой байхаар бүтээгдсэн байсан. Харин энэ загвар нь зарим талаараа хоцрогдож, ажлын чөдөр тушаа болох нь элбэгших нь бололтой. Тархмал байхын давуу талыг мэдэрсэн Mozilla төсөл өнгөрсөн онд өөрийн хувилбар удирдах системээ Mercurial руу шилжүүлж байсан бол Perl хэлний хөгжүүлэгчид дөнгөж саяхан Git гэх линукс цөмийн хөгжүүлэгчдийн бүтээсэн систем рүү бүрэн шилжиж дууссан болохоо зарлажээ. Харин GNOME төслийнхөн хэдхэн жилийн өмнө хуучирсан CVS-с Subversion (бас төвлөрсөн) руу шилжсэн бөгөөд одоо дахиад тархсан систем рүү шилжихээр судалгаа явуулсан байна. Үүний дүнд ямар ч байсан 2009 онд Git эсвэл Bzr гэх хоёр системийн аль нэгийг нь сонгож ашиглах эхлэхээр болж байх шиг. Гэхдээ бас л овоо маргаан, мэтгэлзээнийг араасаа дагуулж хамгийн зөв, илүү тохирох системийг сонгоно гэдэгт итгэж байна.

Хувилбар удирдах системийн талаар тусдаа нэг материал бэлтгэх санаа байгаа, гэхдээ энэ бичлэг дээр бага сага зүйл бичигдсэн байгаа тул бас сонирхоод үзээрэй. Сэргэн мандалт гэхээр өмнө байж байгаад мөхөөд ахиж сэргэж байгааг нь хэлдэг билүү? За ямар ч байсан илүү эрх чөлөөтэй, техникийн хувьд илүү боломжийг олгосон тархсан хувилбар удирдах систем хүчээ авч, төвлөрсөн систем ул болох нь.

2009-01-02

Browser Security Handbook

Browser Security Handbook гэх нэгэн гарын авлагыг Google-ийн инженер Michal Zalewski бэлэн болгосон байна. Энэхүү гарын авлагаа тэрээр вэб програм хангамж хөгжүүлэгч, аюулгүй байдлын судлаачдад зориулсан бөгөөд үүгээрээ орчин үеийн вэб браузеруудын аюулгүй байдлын талаар цогц мэдээллийг өгөхийг зорьжээ. Сайн үзэж амжаагүй болохоор нэмж хэлэх зүйл алга даа гэж....

IE доошоо орчиж

NetApplications.com-ын явуулсан судалгаагаар интернэт хэрэглэгчдийн 90% гаруй хувь нь ашигладаг байсан Internet Explorer-ын хэрэглээ дөнгөж 70% хүрэхтэй үгүйтэй болжээ. Үүний эсрэгээр Firefox-ын нийт зах зээлд эзлэх хэмжээ бараг 21% хүрсэн байна. Харин харьцангүй сүүлд эсвэл хамгийн отгон гэж хэлж болох Google Chrome аль хэдийнээ 0.83% эзэлж, ахмадуудын нэг болох Opera-гаас давж гарсан байх юм. Гэтэл миний блогийн зочдын 71.59% нь Firefox, 21.37% нь Internet Explorer, 5.43% нь Chrome ашигладаг гэж Google Analytics харуулж байна. Харж байхад манайд Firefox-ын хэрэглээ нэлээд өндөр юм шигээ. Та юу гэж бодож байна?

2009-01-01

Эцэг Debian, хүү Ubuntu

Ихэнх шинэ линукс эсвэл Ubuntu хэрэглэгчид түүний Debian-тай ямар холбоотой, түүний хувьд Debian их ач холбогдолтойг төдийлөн мэддэггүй гэж Arstechnica-ийн нийтлэл эхэлж байна. Энэ нь ч үнэн. Debian нь нэлээн олон линукс тархацын эцэг болсон боловч ихэнх нь бие даан гаран явдаг. Харин Ubuntu тийм биш. Шинэ хувилбар бүрийнхээ эхэнд Debian-аас их хэмжээний богц (package)-уудыг татаж оруулж ирдэг ба түүнийгээ илүү сайжруулах, бас өөрсдөө зарим шинэ богц үүсгэх маягаар хөгждөг. Гэхдээ Debian шиг олон архитектур дэмждэггүй, цаг хугацаанд захирагддаггүй биш харин зөвхөн нийтлэг буюу Intel-ийн 32 битийн болон 64 битийн архитектуруудыг дэмждэг, хагас жил бүр шинэ хувилбар гардаг гээд олон зүйлээр өөр. Цаг хугацаатай байх нь төлөвлөлтийг нарийн хийх боломжийг олгож, нөгөө талаараа хэрэглэгчдэд хүлээлт үүсгэж чаддаг давуу талтай. Бас Ubuntu нь шинэ програм хангамжуудыг агуулж байдаг, энгийн хэрэглэгч суулгаж ашиглахад хялбар гээд олон юм байна. Хэзээ ч бие дааж тусдаа гарахгүй хүү бхйж мэднэ. Гэхдээ бас эцэг хүү хоёр асуудалтай. Ааваасаа эргүүлж өгөлгүй авдаг, сайн хамтарч ажиллахгүй байна гэсэн шүүмжийг ааваасаа бас хөршүүдээс сонсоно. Энэ бүгдийн талаар дээрх нийтлэлээс үзээрэй.

Нээлттэй эхэд таны тусламж

Хүмүүс бид үнэхээрийн сайн хэрэглэгчид, буцаад өгөлгүй авагчид, үүрд орших мэт сэтгэгчид. Нээлттэй эхийг бид нээлттэй учраас бид ямар нэг төлбөр төлөлгүй авч хэрэглэдэг. Хаяа нэг цохыг мэдээлэх, нөхөөс өгөх зэргээр хариу барьдаг. Тэрхүү зүйл маань үүрд оршин байж өөрт үнэгүй хэрэглэгдэнэ гэж эндүүрнэ. Гэвч тэр бүгдийн цаана хүн ажиллана, тэр хүн хоол идэх бас гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Мөн та бүдэнд хүргэхийн тулд сервер, интернэт гэх дэд бүтэц ашиглана, бүгд өөрийн өртөг зардалтай. Энэ бүгдийг яаж нөхдөг гэж бодож байна? Сайн дурын хандиваар. Та код нэмэрлэхгүй байж болно гэхдээ энд л танд туслах боломж байна.

Интернэт хэрэглэгч бүрийн ашигладаг хамгийн том мэдлэгийн сан бол яах аргагүй Wikipedia. Гэтэл энэхүү вэбийг ажиллуулахын тулд асар том дэд бүтэц ажиллаж, түүнийг ажиллуулах гэж цомхон боловч чадварлаг баг ажиллаж байдаг. Зардлаа хаахын тулд тэд жил бүр уншигчдаасаа хандив цуглуулдаг. Хэрэв Wikipedia үйл ажиллагааныхаа зардлыг төлж дийлэхгүй болоод хаагдвал бид тэндээс мэдлэг мэдээллийг хаанаас авах вэ? Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн эцэг, хамгийн гол цөм гэж хэлж болох GNU төсөл маань хандив цуглуулж эхэлжээ. GNU төслийн хүчинд бид өнөөдөр C хэлний нээлттэй сантай, төрөл бүрийн хэлний эмхэтгэгчтай (compiler), bash бүрхүүлээс авахуулаад юниксд байх ёстой бүхий л багажуудтай байгаа. Энэ бүгд нь ямар ч линукс тархацын амин чухал хэсэг. Түүнгүйгээр ер нь ямар ч нээлттэй эхийн програм хангамж оршин тогтнох боломжгүй.

Би саяхан GNU төсөлдөө 120 ам доллар хандивлаад Associate Member болоод авав. 120 гээд сонсоход их мэт боловч сард 10, өдөрт 0.3 буюу 400 төгрөг. Бид огт хэрэггүй зүйлд, тамхинд үүнээс илүүг зарцуулж чаддаг. Яагаад ийм хэмжээний мөнгийг өөрийн болон бусдын тусын тулд, нээлттэй эхийн хөгжлийн төлөө хандивлаж болохгүй гэж? Нээлттэй эхэд таны тусламж хэрэгтэй байна. Далайд дусал нэмэр гэдэг. Бүгдээрээ бага ч болов хандив өргөцгөөе.

The 2008 Malware Challenge

Тооцоолуурын ажиллагааг доголдуулдаг, түүний эзэнд хохирол учруулдаг хортон програм хангамжийг malware гэж нэрлэдэг. Үүнд нь вирус, тагнах програм хангамж гээд бүгд л орно. Улам бүр нарийсан хөгжиж буй хортон програм хангамжуудыг шинжлэх, үйл ажиллагааг нь ойлгох басхүү мэргэжилтнүүдийг өрсөлдүүлэх зорилгоор Malware Challenge гэж уралдааныг өнгөрөгч буюу 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна. Бусад уралдаануудын адилаар даалгавар өгөгдөх бөгөөд хүн бүр өөрийн сурсан аргаар шинжлэн өөрийн гэсэн дүгнэлтийг өгөх юм. Тэгээд дөнгөж саяхан тэнэж яваад нэгэн оролцогчийн блогоос нь 2008 оны дүнг олж үзлээ. Үүнээс надад сонирхолтой санагдсан нэг зүйл нь тэнд хүн бүр өөрийн арга барилаар, өөрийн багажуудаар тэрхүү хортон програм хангамжийг задалж, шинжилж, дүгнэлт өгсөн байгаа бөгөөд тэдгээрээс ямар зорилгоор ямар багажууд ашиглаж болдог, ямар шинж тэмдэг илэрвэл юу гэж дүгнэдэг зэрэг асар их туршлага байсан юм. Та ч гэсэн ороод үзнэ биз, хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.