2008-07-31

Тодруулга: SSL гэж юу вэ?

Өөрийн блогтоо "ТОДРУУЛГА" гэсэн нэгэн шинэ булан нээж байна. Энэхүү булангаараа дамжуулан зарим нэг зүйлийн талаарх буруу ойлголтыг залруулж, өөрийн туршлага мэдлэгээсээ хуваалцах гэсэн юм. Хамгийн эхэнд SSL-ийн талаар бичихээр шийдлээ. Танд тодруулах эсвэл эргэлзээтэй зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээгээрэй, чадах чинээгээрээ тодруулга хийж, асуултанд тань хариулъя.

Манай компани интернэтийн аюулгүй байдлын шийдэл боловсруулагч thawte компанитай өнгөрсөн 10 сараас эхлэн хамтран ажиллаж байна. Тэдний бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдахаас гадна танд аль нь илүү тохирох, хэрхэн хэрэглэх талаар зөвлөлгөө өгч байгаа. Энэхүү ажлынхаа хүрээнд хүмүүстэй уулзаж ярилцаж байхад SSL тавьснаар вэбтэй холбоотой бүх асуудлыг шийдэх боломжтой гэсэн эндүү ойлголттой байдаг нь анзаарагдаж байсан. Жишээ нь, би нэг вэбийн код бичсэн, аюулгүй байдлыг хувьд төдийлөн шалгаж үзээгүй, гэхдээ SSL тавьчихаар энэ зүгээр биз дээ? Манай вэб дээр SQL Injection, XSS алдаа илэрсэн гэсэн SSL тавиад хамгаалж болох уу? Манай вэб сервер хакердуулсан гэхдээ SSL тавиад хамгаалж болох уу? Гэвч бүгдийнх нь хариулт ҮГҮЙ.

SSL гэж юу вэ? Бидний вэбээр үзэж болон илгээж байгаа бүх зүйл нээлттэйгээр хийгдэж байдаг. Өөрөөр хэлбэл хэн ч замаас нь бариад, задлаад үзэж болхо. Та нэгэн вэб сайтад ороод нэр, нууц үгээ хийхэд тэрийг тань замаас нь мэдэж болно гэсэн үг. Энэ байдал нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд нөлөөлж байсан тул мэргэжилтнүүд энэхүү дамжиж байгаа мэдээллийг хэрхэн нууцлах, хөндөгдөөгүй байдлаг хэрхэн хангах талаар толгойгоо гажилгасны эцэст SSL буюу Secure Socket Layer гэдэг юмыг зохион бүтээжээ. SSL нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизмыг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээллийг тань серверээс өөр хэн ч уншиж чадахгүй гэсэн үг, мөн таны хүлээн авч байгаа мэдээлэл тань замдаа ямар нэг байдлаар засварлагдаагүй гэсэн баталгаатай байдаг. Иймд SSL нь зөвхөн интернэтийн сүлжээгээр дамжиж буй мэдээллийн нууцлалыг хангах хэрэгсэл болохоос биш агуулгыг хянадаггүй, бас серверийг хамгаалдаггүй. Вэбээр дамжин хийгддэг SQL Injection, XSS гэх мэт халдлага нь агуулгын хэлбэртэй хийгддэг болохоор өмнөх хариултууд ҮГҮЙ гэж гарсан. SSL технологи маань хөгжлийн явцдаа бусад технологиудын адил цоорхой гарч байсан ба мэргэжилтнүүд v3 буюу сүүлийн 3-р хувилбар нь илүү найдвартай, өндөр зэрэглэлийн хамгаалалт өгдөг гэж үзэж байгаа. Мөн адил санал болгож байна.

SSL нь хэн үүсгэж байгаа, хэн баталгаа өгч байгаагаасаа шалтгаалан хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Хэн нэгэн өөрөө түлхүүрийг нь үүсгээд, өөрөө сертификатыг нь үүсгээд өөрөө баталгаа гаргаж байгаа бол үүнийг self signed гэж нэрлэдэг. Харин түлхүүрийг нь өөрөө үүсгээд, сертификатыг нь thawte гэх мэт аль нэг аюулгүй байдлын (CA буюу Certificate Authority) компани үүсгэж, баталгааг гаргаж байгаа бол CA гэж нэрлэдэг. Self signed сертификат нь нууцлалын хувьд ялгаагүй ч маш бага хүрээнд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Учир нь ийм төрлийн сертификат бүхий вэб рүү зочлох бүрд вэб хөтөч маань итгэх эсэхийг асуудаг. Харин CA-ын үүсгэсэн сертификат бүхий вэб руу ороход ямар нэг анхааруулга өгөхгүй бөгөөд өндөр нууцлалын баталгаа өгдөг юм.

DNS-ийн алдаа ба сэтгэл зовинол

Энэ бүхэн хагас жилийн өмнө Dan Kaminsky гэх аюулгүй байдлын мэргэжилтэн санамсаргүй байдлаар DNS сервер дээр cache poisoning төрлийн халдлагыг хялбар бөгөөд үр дүнтэй хийх арга олсон тэр цагаас эхэлсэн. Мань нөхөр эхлээд өөртөө төдийлөн итгээгүй бас ийм амархан байна гэж санаагүй юм шиг байгаам. Үүнийхээ дараагаар хэдэн аюулгүй байдлыг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, жинхэнэ халдлага хийж болох эсэхийг шалгасныхаа дараагаар энэхүү цоорхой нь ямар их хор хохирол авчирч болохыг олгоод DNS серверийн програм хийдэг томоохон компаниудтай уулзалт зохион байгуулсан. Дүнд нь алдааны талаар олонд зарлагдаагүй байхад тэдгээр компаниуд сар гаруйн өмнө програм хангамжиндаа засвар оруулж, түгээх сүлжээгээрээ тараасан. Томоохон програм хангамжийн компаниудын засварыг хийснийхаа дараахан тэрээр хэвлэлийн бага хурал хийлгэж ноцтой алдаа илрүүлсэн, засагдсан болохыг зарласан. Мөн Black Hat дээр цоорхойн талаар дэлгэрэнгүй мэдээллийг задлахаа ч нуусангүй. Харин бусад аюулгүй байдлыг мэргэжилтнүүд энэхүү алдаа чухам юу байв, хэрхэн хадлага үйлдэх гэх мэт техникийн асуудлуудаас гадна цоорхойны талаар мэдээллийг ийнхүү нуух нь зүйд хэр нийцэх гээд ёс зүйн асуудлуудыг хүртэл хөндөөд амжив. Зарим хүмүүс ийнхүү нууцлаж байгаад програм хангамжийн компаниудаас засуулсны дараа задлах нь зөв, ингэснээр их хэмжээний хор хохирол учрахгүй гэж үзэж байхад ингэж нуух нь хүмүүсийг төөрөгдөл, хүлээлтэнд оруулж энэ хойгуур нь атгаг санаатнууд энэхүү цоорхойг аль хэдийнээ мэдээд ашиглах боломжтой гэж зарим хэсэг нь үзэж байх юм. Аль алинд нь сайн болоод сул тал бий. Аюулгүй байдлыг мэргэжилтнүүд цоорхойн талаар илүү ихийг мэдэхээр эрэлхийлж байх хойгуур нэгэн reverse engineering-ийн мэргэжилтэн хийгдсэн засварыг задалж, тайлж уншсанаар энэхүү оньсого мэт цоорхойн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацагдав. Ингээд Dan Kaminsky үнэнээ хүлээж, цоорхойн талаар мэдээллийг олон нийтэд цацав.

Энэ яг ямар алдаа байв? DNS буюу домэйн нь бид ойлгож, цээжлэхэд хялбар www.dulmandakh.com гэж интернэтийн хаягийг компьютерт ойлгогдох 202.131.4.20 гэсэн IP хаяг руу хөрвүүлдэг систем юм. Өөрөөр хэлбэл интернэт хэрэглэгчид өөрийн мэдэлгүй алхам тутамдаа ашиглаж байдаг юм. Харин эдгээр домэйн нэр нь маш олон домэйн серверт тархан байрласан байдаг ба асуусан домэйн нь аль нэг серверт байхгүй бол бусад серверүүдээсээ хайн олоод тухайн хариултыг тодорхой хугацаагаар өөрт хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл бид компьютер дээрээ домэйн серверээ 202.131.0.10 гэж тохируулсан байсан бол энэхүү сервер маань надад хэрэгтэй мэдээллийг олох хүртлээ хайж олоод, дараа ахин хайхгүйн тулд тодорхой хугацаанд өөр дээрээ хадгалдаг буюу cache хийдэг. Харин dns cache poisoning халдлагыг гол зорилго нь тэрхүү сервер дээр түр хадгалагдсан байгаа мэдээллийг өөрчлөх, хордуулах замаар www.dulmandakh.com руу орох гэсэн хүнийг шал өөр сервер, вэб руу оруулахад оршино. Өөрөөр хэлбэл та өөрийн банкны вэб рүү нэвтрээд нууц үгээ хийж байна гэж бодож байхад үнэн хэрэгтээ шал өөр "хорт санаатны" вэб рүү орчихсон өөрийн санхүүгийн мэдээллээ алдаж байх аюултай юм. Сүүлд илэрсэн алдаа нь энэхүү ажиллагааг маш хялбархан, бас илүү үр дүнтэй хийх боломжийг олгож байснаас гадна зөвхөн аль нэг компаний програм хангамжийн бүтээгдэхүүнд бус маш олон програм хангамжийн бүтээгдэхүүнд илэрсэн нь томоохон аюул дагуулж байсан юм. Бидний мэдэх ISC Bind, Microsoft DNS, Cisco гээд бүгд л алдаатай, засвар хийсэн. Өөрөөр хэлбэл интернэтийн бараг бүх хэрэглэгчдэд аюул учирч байгаа юм. Бараг гэж хэлдэг нь djb dns, powerdns гэх програм хангамжууд өртөөгүй.

DNS cache poisoning гэдэг алдаа цоо шинэ эд биш. Энэ талаар өмнө нь хүмүүс ярьдаг, бичдэг, ижил төрлийн алдааг илрүүлж, засч л байсан. Гэхдээ энэ төрлийн алдаанаас хэрхэн сэргийлж болох талаар бидний сайн мэдэх qmail програмын зохиогч D. J. Bernstein олж нээгээд өөрийн djbdns програмд хэрэгжүүлсэ байдаг. Харин энэхүү djbdns нь сүүлд илэрсэн цоорхойд өртөөгүй. Үүнээс үүдэн олон асуулт, асуудлууд урган гарсан. Бид алдааг илэрхлээр нь тухай бүрт нь засч байх уу? Эсвэл дизайны алдааг илрүүлж, үүнээс болж гарсан болон цаашид гарах цоорхойнуудаас сэргийлж байх уу? Хэрэв Bernstein-ы зөвлөлгөөг дагасан бол өнөөдөр ийм хүнд нөхцөл үүсэхгүй л байсан байх.

Хамгийн сонирхолтой нь энэхүү алдааны талаар цуурхал бас засвар нь гараад сар гаран болсон, ямар их аюул дагуулж болох талаар бүгд мэдээд долоо хоног гаран болсон. Энэ хугацаанд бүр Metaspoit дээрх exploit буюу халдлага үйлдэх програм нь гарчихаад байхад монголын ихэнх интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд програмаа шинэчлээгүй байгаа нь гайхалтай. Өөрөөр хэлбэл та үнэхээр өөрийн үзэх гэсэн вэбээ үзэж байгаа юу гэдэг сонин асуулт урган гарч байна. Энэ мэт олныг хамарсан алдааг илүү богино хугацаанд засварлах, аюулыг эдгээр хариуцлагатай хүмүүст таниулах ажлыг хэрхэн зохион байгуулбал зүгээр вэ? Ямар арга хэмжээ авбал зохих вэ? Энэ асуултын хариуг хамтдаа хайцгаая. Сэтгэгдэл үлдээгээрэй.

2008-07-19

АНУ-ын консул виз өгөхөөс татгалзав

Санамсаргүй олдсон сайхан боломжийг ашиглахаар АНУ-ын элчинд орсон боловч надад виз олгосонгүй. Өмнө нь хэд хэдэн улсын визэнд орж, цөөн хэдэн улсаар аялсан туршлагатай байсан болохоор АНУ-ын консул "буцаж ирэх үндэслэл алга" гэдэг шалтгаанаар виз өгөхөөс татгалзсан нь ихэд сонин санагдав. Манай найзууд, гэр бүлийнхэн, би өөрөө ч төвөггүй виз авна гэж бодож байсан нь эндүүрэл байж. Юунд алдав? Дараа би юунд анхаарах ёстой вэ? гэдэг асуултын хариуг олохоор зорьж хэд хоног бясалгав. Хэдэн зүйл олж мэдсэнийгээ энд сийрүүлью.

Хамгийн эхлээд мэдээж ямар зорилгоор аялах гэж байгаагаа тодорхойлсны үндсэн дээр тухайн аялалын төрөлд хамаарах маягтуудыг бөглөнө. Миний хувьд бизнес аялал байсан тул түүнд шаардагдах DS-156 маягт болон бүх эрчүүдийг бөглөх ёстой DS-157 маягтыг бөглөлөө. Маягтуудыг бөглөхдөө хамгийн гол нь үнэн, зөв бөглөхийг хийчээх хэрэгтэй болов уу. Худал бөглөөд баригдвал дараа нь асуудалд орж мэдэх болохоор тэр. Дараа нь ярилцлагаа товлох хэрэгтэй. Ер нь бол нэлээн өмнөөс бэлтгэлээ хангаж, нэлээн эрт товлохгүй бол таныг нисэх өдрөөс чинь өмнө ярилцлагын цаг байхгүй байх магадлалтай. Ярилцлагын цагаа товлосон бол тэгээд ярилцлагад орох, өөрийгөө тэнд үлдэж харлахгүй гэж харуулах, нотлох бүх л боломж, бололцоог бэлтгэх хэрэгтэй. Харин үүнд санхүүгийн баталгаа маш том үүрэг гүйцэтгэнэ. Та энд боломжийн орлоготой, эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй, эсвэл гэр бүл чинь өмнөх шаардлагуудыг хангадаг байхад болох байх. Бас нэг чухал зүйл бол таны гадаад паспорт тань тэд байх хугацаа + 6 сарын хүчинтэй байх ёстой. Мөн визийн төлбөр болох 131 ам. долларыг тушаахаа мартав аа.

Ярилцлага маань тодорхой өдрийн тодорхой цагт товлогдоно. Гэхдээ та тэр цагтаа очно гэж бодож болохгүй. Яг тэр цагт чинь нэлээн олон хүн товлосон байгааг бодож үзээд нэлээн өмнө очих хэрэгтэй. Минийх жишээ нь 9 цагт гэж байсан боловч хүлээж хүлээж бараг 11 болж байхад ярилцлагад орсон. Мэдээж ярилцлагад очихдоо өөрт хэрэгтэй, виз авах ёстой хүн гэдгийг тань нотлох бүх л баримт бичиг, материалуудаа авч очих хэрэгтэй. Консулын ажилтан танаас шаардлагатай гэсэн асуултуудаа асууна. Гэхдээ та асуултанд хариулахаас гадна асуугаагүй байсан ч буцаж ирэхийг чинь нотолж чадахаар зүйлсийг ярьж, түүнд ойлгуулах хэрэгтэй. Энэ л миний алдаа байсан юм болов уу гэж бодоод байгаа. Энэ хоорондоо та түүнд материалуудаа үзэхийг хүсэх хэрэгтэй, ингэж байж л та үлдэх бодолгүй байгаа нотолж виз авах шаардлага хангах болно. Энэ бүхний эцэст танд зөвшөөрсөн эсвэл татгалзсан хариу өгнө. Татгалзсан хариу өгвөл та түүнтэй маргах, өөрийгөө нотлохыг оролдох эрхтэй. Ярилцлагад орохдоо аль болох өөрөө яривал илүү үр дүнтэй байх юм болов уу гэж бодсон. Бас ямар ч асуулт тавьсан өөртөө маш итгэлтэйгээр хариулах хэрэгтэй. Бас нэг бодсон зүйл нь хэрэв та өөртөө тийм ч итгэлтэй бус байвал хоёр удаагийн ярилцлагыг товлоход илүүдэхгүй мэт. Хэрэв эхний удаа дээр нь татгалзсан хариу авбал дараагийн удаадаа ахин сар орчим хүлээх шаардлагагүй, өөрөөр хэлбэл цаг хэмнэж байна гэсэн үг.

Миний хувьд гэвэл асуултанд хариулснаас илүү дутуу юм бараг яриагүй. Татгалзсан хариу өгөхөд нь түүнтэй маргаж мэтгээгүй. Цаанаас нь санхүүжүүлж байгаа, мөн өмнө олон газраар явж байсан гээд өөртөө итгэлтэй байснаас болоод төдийлөн анхаарч бэлдээгүй гээд дараа нь бодоход хэд хэдэн том алдаа хийсэн юм шиг. Хамгийн харамсалтай нь маш том боломжийг ингэж алдлаа. Та бүхнийг ч мөн адил туршлагаасаа хуваалцахыг хүсч байна.

2008-07-14

Соёолонгийн тоосонд даруулав

Энэ жил нар, хур тэгширсэн их сайхан наадам болж өнгөрлөө. Энэ л өдрүүдэд бороо хур татарч, нар гардаг нь их сонин санагддаг юм. Нэг шарга азарга улсын наадамд 5 дахь удаагаа түрүүлж МУ-ын шинэ дээд амжилт тогтоов, олон шинэ бөхчүүд улсын цол хүртэж, бөхийн барилдааныг сайхан чимж өглөө. Улс хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмын бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байсан билээ. Уншигч та ч мөн адил сайхан наадсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьдралдаа анх удаагаа морины талбай руу очиж үзлээ. Өглөө эртлэн босч аав ээжийн хамт явсаар "Хүй Долоон Худаг"-т очиж, хамгаалалтын хашааны дэргэд байраа эзэлснээр соёолонгийн тоосонд даруулахад бэлэн болов. Нэлээн хүлээсний эцэст алсаас тоос босч, хүмүүс шаваад ирлээ. Айргийн тавын соёолонгууд маань бусдаасаа тасархай орж ирж байна лээ. Гайгүй урдуур давхиж байсан нэг соёолон багтарч унаад, босгож чадалгүй "явчих шиг" болсон. Нээрээ эхний морьд орж ирээд, хүүхдийн гийнгоо сонсоход сэтгэл хөөрөөд, огшоод гэдэг юм уу их сонин гоё мэдрэмж төрдөг юм билээ. Миний хувьд хоёр ойтой байхдаа "стадион" орж П.Сүхбат заантай уулзаж байснаа хальт санадаг юм. Аймар том, булчинтай хүн байсан юмдаг, тэгээд гэртээ ирээд л "аймар том" гээд ярьдаг байсан гэсэн. Тэрнээс хойш гэртээ зурагтынхаа өмнө нааддаг байсан билээ гэж ...

"Хүй Долоон Худаг"-т хэдэн мянган машин, түүнээс олон мянган хүн очсон байлаа. Үнэхээр олон. Энд багцаагаар хэд орчим хүн очдог юм бол? Байраа эзлэхээр аавтай наадмын талаар ярилцан явахад Солонгосчууд манай наадам, биднийг үнэхээр гайхдаг гэж хэлсэн юм. Зөвхөн соёолонгийн тоосонд даруулах гэж, хэний шандаст хүлэг түрүүлэхыг харах гэж ийм олон хүн, ийм хол замыг туулж ирдэг гэж бодохоор үнэхээр сонин шүү. Тэнд явж байгаад танилцсан нэг америк өвөө, түүний авгай ч мөн үүнтэй санал нэг байна лээ. Биднийг ингэж соёл, уламжлалаа хадгалж үлдсэн байдал, үндэсний хувцас, хүүхдээ боловсрол эзэмшүүлэхээр хол хөдөөнөөс хот руу явуулдаг байдал болон хөдөө нутаг их гайхалтай, сэтгэл хөдөлгөм санагдсан гэсэн.

Бөх ч их сонин, сонирхолтой боллоо. Шинэ залуу үе хүч түрэн гарч ирж байна. Олон шинэ цолтнууд төрлөө. Жилээс жилд наадам маань өнгө нэмж, би ч илүү дуртай, илүү шимтэж үздэг болж байх шиг ...

2008-07-04

... гэсэн, ... гэнэ

"МАХН сонгуулийн саналыг луйвардаж гэнэ", "МАХН коммунизмийг хөгжүүлж, ардчилалаас салгах гэж байгаа гэсэн", "АН бас их хэмжээгээр луйвардсан", "мөнгө тараасан, санал худалдаж авсан", "ард түмэн уг нь ардчилалыг сонгосон гэнэ", "тэнд хүмүүст архи тарааж, заавар өгч байсан гэнэ", "машинаар чулуу, мод, төмөр, шатах бодис тарааж байсан гэсэн", "жагсагчдын ихэнх нь согтуу, танхай нөхдүүд байсан гэсэн". "жагсаалд дандаа боловсролтой, ардчилсан залуус байсан гэсэн", "цагдаагийн нүдийг ухаж авчээ, нүдний аяганаас нь хумс олдсон гэнэ", "үймээн самууныг шинэ залуу намуудын төлөөлөгчид турхирч, өдөөсөн гэсэн, үгүй АН, үгүй дан ганц Элбэгдорж", "тайван жагсаалыг МАХН хутган үймүүлж, бүр өөрсдөө байраа шатаалгасан гэнэ", "цагдаа нар хүмүүс рүү буудаж, хүний аминд хүрчээ","угаасаа дотор нь зэвсэгтэй залуус байсан", "машинтай улсууд бүх эд агуурсыг ачаад явсан гэсэн", "гэм зэмгүй иргэдийг баривчилж, хорьж байна гэнэ" цаашилбал "АН МАХН хоёр угаасаа гуравдагч хүчнүүдийн эсрэг хамтарсан сонгуулийн луйвар хийсэн","угаасаа энэ хоёр цаанаа халаас нэгтэй", "хамтдаа нийлж архиддаг", "энэ жагсаалыг хэдэн сарын өмнөөс бодож, төлөвлөж байсан","Хятадууд энэ жагсаалыг санхүүжүүлж, зохион байгуулсан" энэ мэт үнэн худал нь ялгагдахгүй яриа, хардлага ам дамжин, бас мэссэнжэрээр, блогуудаар, вэбсайт болон түүний сэтгэгдлүүдээр дамжин тархасаар. Энэ нь гэмгүй юм шиг хэрнээ хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж, бухимдуулж, бүр айдас төрүүлж байна.

Гэвч эдгээрийн ихэнх нь ямар нэг баримтаар нотлогдоогүй, ам дамжсан хий хоосон яриа мэт. Өвөг дээдэс маань мянга сонсохоор нэг үз гэдэг байхаа. Би мөргөлдөөн гарахаас өмнө МАХН-ын байрны урд очиж хоёр цаг орчим харж зогссон, оройхон ахин нэг өчиж харсан, харих гээд ажлаасаа гарч явахдаа мөргөлдөөн үргэлжилсээр байгааг бас харсан. Эхлээд би ганц нэг согтуу хүн хүмүүсийн дунд ороод элдэв үг хэлж, орилж, хүмүүсийг турхирч байгааг бас цагдаа нар руу дайрахыг уриалж байхыг харсан. Хажууханд нэг залуу зогсоод утсаар хэн нэгэнд юу хэлэхийг нь зааварлаж байсны дараахан цагаан хоолойгоор нөгөө хэлсэн зүйлсийг нь хашгирч эхлэхийг сонссон. Архи хэрэглэсэн, цагаан хоолойгоор элдэв үг хашгирсан хэсэг хөгжин эмэгтэйчүүд туг барьсаар тэнд ирсэн. Иймэрхүү хүмүүс бага багаар нэмэгдэж ирсээр байсан. Эдгээрээс гадна Магнай, Батзандан, Жаргалсайхан, Энхбат, Уянга зэрэг УИХ нэр дэвшигчид ирчихсэн байсан. Тэнд цугласан хүмүүс "ард түмэн", "эх орон", "эрх чөлөө", "ардчилал", "шударга ёс" гэдэг үгсийг хэт их хэрэглэж, "үнэгүй" болгож байв. Бас "ХУ намыг газартай нь тэгшилье", "ХУ намыг газрын хөрснөөс арчъяа", "ХУ нам зайл" зэргээр хашгирцгааж байсан. Явж байгаад оройхон очиход МАХН-ын байр шатаж бас жагсагчид цагдаа нартай мөргөлдөж эхэлсэн байсан. Жагсагчид ямар нэг юмнаас айж хойш зугтана, хэсэг байж байснаа дахин давшилтанд орж байлаа. Тэд МАХН-ын байранд дөхөж очоод юу ч юм баахан юм шидэлнэ, мөн пис пас дуугарна. Бас болоогүй тэд галын машиныг дотогш нэвтрүүлэхгүйн тулд бөөнөөрөө овоорч, зүүгдэж бас цохиж байсан. Хажууханд явж байсан цагдаа нарт нэг халамцуу өвгөн хүрч ирээд Улаанбаатар зочид буудлын хажуухан хүмүүст архи өгч байна гэж хэлж байсан. Хэсэг бүлэг халамцуу залуус бас "гудамжны" гэгдэх хүмүүс үүгээр түүгээр хэрэг мандаана. Өртөж гэмтэхээс зайлхийж бүрд дунд нь орсонгүй. Ажил дээр очоод хэсэг суух гэтэл зарим нэг найз нар маань харихыг зөвлөсөн тул харихаар гартал мөргөлдөөн Спортын Төв Ордны урд ирсэн, бараг л ажилд маань хүрчихсэн байсан.

Хувийн дүгнэлт, хувийн бодол. Одоогоор луйвардсан талаар амтай бүхэн ярих боловч сонгуулийг хэрхэн луйвардсан талаар баримтыг хэн ч хэзээ ч ямар ч телевизээр эсвэл ямар нэг мэдээллийн хэрэгслээр дамжуулаагүй. Жилийн жилд мөнгө тараасан, мөнгө авсан гэдэг шуугиан гардаг ч би лав авч үзээгүй, хараагүй бас баримт ч байсныг санахгүй байна. Багад чулуугаар байлдахад хэдхэн нь манлайлж, уриалж бусад нь довтолдог байсан шиг л байдал энд байсан. Тэнд согтуу галзуу нь ч байсан, энгийн номын нь ч байсан. Нийлээд их зүйлс эвдэлж хэмхчиж байсан. Энийг бүгд зурагтаар үзсэн, харсан. Жагсагчид дунд Магнай, Батзандан, Энхбат, Жаргалсайхан, Уянга гээд хүмүүс байсан, зурагтаар ч гарсан. Бас Элбэгдорж юм ярьж дарин дээр давс нэмсэн. Ийм богино хугацаанд ийм их хохирол учруулж, маш их зүйлсийг тонон дээрэмдсэн нь зохион байгуулалттай байсан гэмээр санагдана. Аав маань мөргөлдөөн болсон шөнө ажлаар хотын төв орсон, цагдаа нар хэсэг бүлгээрээ явж байгаа залуусын гарыг нь шалгаад, оролцсон шинжтэй байвал баривчилж байсан гэсэн. Бас хяналт өндөр байсан гэнэ лээ. Аавдаа би мэдээж итгэнэ. Би Монгол төрийг хүн буудаж алах хүртлээ харгис гэж бодохгүй байна, жагсаалыг үеээр цагдаа нарыг яаж байныг харсан бол ч ... Харин ямар ч эрүүл ухаанаар бодож үзэхэд хэн тэгж өөрийнхөө ажлын байр, гал голомтыг самарч байх вэ дээ. Хоёр том нам халаас нэгтэй, үгсэн хуйвалдсан талаар ямар нэг баримтгүй яриа л хэсүүчлэхээс яг баттай юм байхгүй. Хятадууд гэж хардахаас өөр юмгүй. Магад бидний мэдэж чадахгүй, эсвэл мэдэх хэрэггүй үнэн гэж энд байдаг байх. Хэдий ийм ч бусдын адилаар ам дамжсан ярианд автаж, энэ бүхэн итгэх шинжтэй. Энэ бүхний эцэст онцгой байдал зарласан нь зөв үзэж байгаа, мөн хэрэг явдлын талаарх бүх үнэнийг цагдаа, тагнуулынхан маань илрүүлж, хариуцлага тооцно гэдэгт иргэн хүний хувьд эргэлзэхгүй байна.

2008-07-02

Онцгой байдал, эмгэнэл

Өнөөдөр хотын төв хэсгээр онцгой байдал зарлаж, цэрэг цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Өчигдөр хотын төвийн хэсэгт болсон эмгэнэлт явдлын үр дүн. Энэ удаагийн сонгуулийн дүнг МАХН-ыг луйвардаж байгаа гэж үзсэн хэсэг нөхөд ард иргэдийг цуглуунд уриалснаар энэхүү үйл явдал эхлэв. Сүр дуулиантай эхэлж байсан ч намдаж, сонирхогчид голдуу болсон байхыг би өөрөө очиж харсан. Тэр дунд зарим нэг "согтуу" хүмүүс хэсэг бүлгээрээ зогсон бусдыг үймээн самуунд турхиран орилж, ухуулан ятгаж элдвийг ярьж байхыг би сонссон. Зарим нэг нь утсаар заавар зөвлөлгөө өгч, хэлэх үгийг нь хүртэл зааж өгч байсан. Тэнд зөвхөн МАХН-ыг эсэргүүцсэн эсвэл сонирхогчид цугласан гэвэл худлаа бас энэ цуглааныг эсэргүйцсэн, үүнд дургүйцсэн хүмүүс ч байж л байсан. Тэдгээр хүмүүс "Монгол Улс", "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэдэг үгийг ямар их хэрэглэж, ямар их үнэ цэнэгүй болгож байгааг би хараад их харамссан.

Энэ бүхний гол зорилго нь юу байв? Үр дүнд нь юу хожив? Миний бодлоор хэн ч юу ч хожоогүй, бүгд хожигдсон. Зарим нэг хүний "түргэн хэл"-ний ачинд би л лав шинээр гарч ирж буй улстөрчдөд бас "ардчилагч" овогтонгуудад итгэх итгэл багасч, бүр алдарч байна. Жагсаалд миний адил хүмүүс хоорондоо үзэл бодлоо хуваалцаж, нэг нь "Баяр Элбэгдорж хоёрын халз мэтгэлзээнээс өмнө манай аав ээж, манай гэрийнхэн саналаа хуваан талыг нь АН, талыг нь МАХН-д өгөхөөр ярьж байсан. Харин халз мэтгэлзээний дараа бид бүгд Баяр, түүний багийг дэмжихээр шийдсэн, саналаа өгсөн" гэж ярьж байхыг сонссон. Ил хэлэхийг хүсэхгүй байгаа ч олонх нь ийм л сэтгэгдэлтэй байх шиг санагдсан. Миний хамгийн эмзэглэсэн зүйл нь миний дүү нар шиг хөвгүүдийг өдөөн хатгаж, үүндээ татан оруулсан. Гэтэл өнөөдөр тэдгээр залуус, бидний ирээдүй ялтан болж, насаараа нэрийн дансандаа хар толботой болзошгүй байна. Бас дөрвөн хүний амь нас хохирчээ. Ямар их золиос вэ? Ямар их эрх ашиг вэ? Бас нэг харагдсан зүйл нь залуус маань хэт сэтгэлийн хөөрөлдөө автаж, хөнгөн зүйлд их татагдаж байх шиг. Үүгээрээ би хэн нэгнийг буруутгаж эсвэл аль нэг талыг өмөөрөх гэсэнгүй. Өчигдрийн үйл явцыг хараад төрсөн сэтгэгдлийг иргэний хувьд илэрхийлж байна. Бид ардчилал ч гэж тэмцэхдээ өөрсдөө ч мэдэлгүй ардчилалаасаа ухраад байгаа юм биш биз? Үнэхээр эмгэнэл ...