2009-03-29

Python хэл сурсан минь

Python хэлний талаар бичсэн чинь анх хэрхэн танилцаж байсан түүхээ эргэн дурсмаар санагдаад. "Сэрүүлэг"-т оюутан байхад минь Сүхээ гээд нэг жижиг биетэй багш ирээд python, zope гээд ярьж их магтлаг л байдаг байж билээ. Хүчирхэг, юу л бол юу хийдэг гэх мэт. Харин тэр үед нь би үл тоомсорлоод нэрнээс өөр юм сураагүй юмдаг. Дан ганц өөрөө үл тоохгүй бусдыгаа уриалан дуудаж бараг бүгд л тоодоггүй байж. Үнэхээр л юу л бол юу хийж бодог, маш хүчирхэг хэл шүү. Одоо бодоход тэр үед сураагүй нь их л харамсмаар...

Сүүлд 3 жилийн өмнө ажлын шаардлагаар багахан хэмжээний код уншиж ойлгох, бас засвар хийх шаардлагаар хальт үзээд орхисон. Дараа нь харж байхад бүх линукс тархацууд python-г агуулахаас гадна олон зүйлс бичигдэж байгааг хараад ер нь сурах шаардлагатай юм байна гээд цаг гаргаад судалж эхэлсэн. Амьд хэрэглээ байхгүй болохоор тийм ч сайн сурч чадахгүй л байлаа. Гэхдээ л бага сага зүйлсээ автоматжуулаад басгүй их цаг зав хэмнээд байсан юм. Миний хувьд уншаад ойлгодог, бага сага засвар хийчихдэг боловч шинэ юм бичихэд бэрх байлаа. Хичээлдээ анхааралтай суусан бол өөр байх байсан нь тодорхой. Харин сүүлд хөгжүүлж эхэлсэн төсөл дээр нэгэнт хэлний суурийг нь сурчихсан, өөр олон код уншиж байсан болохоор эхэндээ жаахан хэцүү байсан ч яваандаа их хялбар болж ирсэн. Одоо бол хөгжүүлэгч болоод олон код бичмээр ч юм шиг санагдах болсон. Бас код уншаад л ... Хамгийн гол нь юм бүтээх хүсэл, эрмэлзэл их нэмэгдээд байгаа....

Анхны програмчлалын хэл...

Технологийн сургалтаараа тэргүүлэгч MIT нь анхны програмчлалын хэлээр Pythonсонгох болсон байна. Python руу шилжихээсээ өмнө Scheme гэх Lisp хэлний салбар хэлийг ашигладаг байсан байна. Миний мэдэхийн, өмнө видео хичээлийг нь үзэж байхад Berkeley ч бас Scheme ашиглаж байсан.

Python, Scheme болон Lisp хэлүүд нь маш хүчирхэг, юу ч хийж болохоос гадна ямар нэг завсрын хувиргалтын ажиллагаа байхгүй, бичээд л шууд үр дүн нь харагддаг тул хэрэглэхэд илүү дөхөм юм шиг санагддаг. Мэдээллийн технологи, програм хангамж, алгоримт гээд юу ч мэдэхгүй хүн нь хэл, эмхэтгэх ажиллагааг сураад дараа нь бичсэн жаахан юмаа ажиллуулж үзэх нь тун бэрх ажиллагаа. Бүр дунд нь алдаа гарвал бүр дуусаа. Надад болон бусад залууст байнга тулгардаг асуудал. Энэ л бэрхшээлээс зайлсхийж, шинэ сурч буй хүмүүсийн замыг хөнгөвлөх бас урам өгөх үүднээс эдгээр энгийн, шууд ажилладаг хэлүүдийг сонгож байгаа болов уу гэж бодож байна. Хүн бүр л ямар нэг зүйл хийгээд түүнийгээ үр дүнг нь ямар ч байсан хурдан мэдэхийг хүсдэг. Алдаа гарч эсвэл амжилттай ч болж болно хамгийн гол нь үр дүн хурдан гарч байх ёстой. Ингээд програм хэрхэн ажилладаг, алгоримт гээд нэлээн суурьтай болсныхоо дараа системийн програмчлал хичээл дээрээ Си хэл үздэг. Харин манай сургуулиуд яагаад Си хэлээс зааж эхэлдэг юм бол? Энэ талаар ер нь бодох цаг болсон мэт санагдах юм.

2009-03-28

Амралтын өдрүүд

Өглөө босоод Үндэсний Телевиз дээр танин мэдэхүйн нэвтрүүлэг үзнэ. Багаасаа үзэх дуртай байсан юм. Дараа нь Ярилцъя гээд нэвтрүүлэг үзнэ. Бас C1 дээр Top Gear гээд маш сонирхолтой машины нэвтрүүлэг үзнэ. Орой нь Үндэсний Телевизийнхээ киног үзээд унтана. Ер нь амралтын өдрүүдэд Үндэсний Телевизийн кино үзэх дуртай гэж байгаа. Сүүлийн үед тэр Universe Best Songs гээд нэвтрүүлгийг үзээд байгаа гэж, өнөөдөр эхний шатны сүүлийн өдөр гэсэн.


Бүтэнсайны өглөө өөр нэг танин мэдэхүйн нэвтрүүлгээ үзнэ. Орой нь Үндэсний Телевиз, NTV дээр 7 хоногийн тойм мэдээ үзчихэд бараг болж байгаа юм. За тэгээд энэ хооронд нь мэдээж тооцоолуураа асаачихсан ганц нэг юм давхар үзэж суухаа юу гэж мартах билээ.

Үбүнтү 9.04 бета

Уржигдархан Үбүнтүгийн туршилтын шинэ хувилбар болох бета гарлаа. Миний хувьд аль Альфа 6 хувилбараас эхэлж ашигласан бөгөөд шинэчлэл хийх бүрт л ямар нэг юм шинээр нэмэгдсэн эсвэл сайжирсан байхыг харах үнэхээр сайхан байлаа. Эхлэхдээ үзүүлдэг дүрслэл нь илүү мэргэжлийн мэт харагдаж, диск бичих Brasero багаж илүү сайжирч гацаад байдаг нь больж ашиглахад илүү хялбар болсон, OpenOffice.org 3 орсон зэрэг маш олон сайн зүйлс багтсан байна. Одоо бусдад санал болгох, суулгаж өгөхөөр 4-р сарын 23-нд эцсийн хувилбар гарахыг хүлээж сууж байя. Харин та бетаг ашиглаж үзмээр байгаа бол http://mn.releases.ubuntu.com/ хаягаас өндөр хурдаар татаж авах боломжтой байгаа шүү.

2009-03-26

5 жилийн өмнө

Эрдэнэчимэг эгчийн блог дээрээс сонирхолтой нэгэн бичвэрийг олж үзлээ шүү. 5 жилийн өмнө бидний хэдэн нөхдүүд OpenMN багийг үүсгэчихээд ингээд нэг КТМС дээр уулзалт хийж байж билээ. Сонирхолтой, түүх өгүүлэх ийм зүйлийг дэлгэсэн Эрдэнэчимэг эгчдээ баярлалаа.

2009-03-25

Нэг асуудал...

Би анх мэдээллийн технологид суралцах гээд явж байсан үеээ гайгүй тод санадаг юм. Амьхандаа юм сурчих гээд монгол хэл дээрээ матеариал хайх боловч олдохгүй, орос эсвэл англи хэлээр уншихаар үгийг нь мэдэхгүй. Уг нь гайгүй орос хэлтэй, англи хэлтэй л баймаар гэвч уншихаар нөгөө л мэргэжлийн үгнүүдээ, утгыг нь мэдэхгүй болохоор явж өгөхгүй их л хүнд санагддаг байж билээ. Kernel гээд үг гараад ирнэ толиноос жимсний болон ясны чөмөггэх шиг харин мэдээллийн технологид ямар юмны жүжиг байх билээ гэж бодоод англиар нь ашиглаад ойлгоод яваад байдаг байв. Сүүлд харин утгыг нь олоход үйлдлийн системийн цөмийг ингэж хэлдгийг олж мэдсэн. Бас stable гээд үг нь миний мэдэхийн тогтвортой гэдэг утгатай байхад толин дээр морины жүчээ гэсэн утга нь байх. Харин одоо мэргэжлийн ихэнх эсвэл өөрийн хэрэглээний бүх үгс, утгыг мэддэг болсон боловч энгийн утгыг нь эсвэл өөр мэргэжлийн утгыг нь мэдэхгүй "таг".

Одоо ингээд харж байхад араас гарч ирж байгаа шинэхэн мэргэжилтнүүд маань миний туулсан нөгөө л хатуу бэрх замыг яг л адилхан туулж байх юм. Би 1 жил болсон зүйлийг тэд бас 1 жил эсвэл түүнээс урт хугацаа зарцуулж байна. Миний бодлоор ямар нэг зүйлийн анхдагчид нь араасаа гарч ирэх хүмүүсийнхээ замыг засаад хялбарчилж өгдөг байхад бид байхгүй шүү. Хараад байхад аль ч салбарт тийм зүйл дутагдаад байх шиг. Уг нь бид замыг нь засаад өгчихвөл манай мэргэжилтнүүдийн хөгжил, цаашлаад улс үндэстний минь хөгжил хурдасмаар байдаг. Гэхдээ бас бүр бэлэн будаа өгмөөргүй байдаг. Энэ нэг асуудлыг яаж ч шийдмээр юм бэ дээ???

2009-03-24

Continuous integration

Багаар ажиллана гэдэг их ондоо эд байна шүү. Ганцаараа систем, шийдэл боловсруулаад туршаад болоод байдаг байсан. Бас ганцаараа жижиг хэмжээний код бичээд, туршаад, ажиллуулаад болоод л байдаг байсан юм. Харин багаар ажиллаад хийх болохоор кодоо хуваах, нэгтгэх, бичиг баримт бичихээс авахуулаад арай л өөр болдог юм байна. Хамгийн гол нь би өөрөө манлайлж байгаа тохиолдолд.

Бичиж байгаа нөгөө л кодоо бас цаашид бичих програмуудаа ямар арга ашиглан, хэрхэн хамтын үр ашигтай ажиллагааг бий болгох талаар сүүлийн үед жаал судлав. Ямар ч байсан одоогоор миний хэрэгцээнд уламжлалт хөгжүүлэлтийн загвар тохирохгүй. Хөгжүүлэлтээс өмнө хийгээд байх тийм сүртэй судалгаа, баримтлуулалт хэрэггүй. Харин үүний оронд шууд бичээд явдаг, үр дүн нь дороо харагддаг арга барил нь илүү тохиромжтой санагаад байгаа гэж. Гэтэл үүнд зориулаад rapid development, extreme programming, agile programming, scum гээд маш олон арга барил байснаас миний хувьд continuous integration илүү юм шиг санагдсан. Ер нь арга барил, зарчимын хувьд ижил боловч маш нарийн зохион байгуулалт систем шаарддагаараа онцлог юм. Өөрчлөлт бүр нь хувилбар удирдах систем рүү орох ёстой бөгөөд автоматжуулсан систем нь кодын өөрчлөлт бүрт програмыг байгуулах, зөв ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт бүр нь заавал ямар нэг алдаагүй ажилладаг байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангаж байх ёстой. Харин ямар нэг алдаа гарсан тохиолдолд автоматжуулсан системийн тусламжтайгаар цаг алдалгүй илрүүлэх, засах боломжтой. Миний мэдэхийн Wikipedia-ын цаад систем болох Mediawiki нь энэ аргыг ашигладаг бөгөөд бараг Wikipedia дээр шууд амьд хөгжүүлэлт хийдэг гэж ойлгож болно.

Миний хувьд одоо үүнийгээ бүр нарийн судлаад, ажиллагаандаа нэвтрүүлэх л дутаж байх шиг байна. Одоо бичиж байгаа програмаа ч бас Wikipedia шиг хөгжүүлэх санаатай байгаагаа нуух юун.

2009-03-22

Refactoring

Өөрийн ажлын хэрэгцээнд зориулаад жижиг хэмжээний програмуудыг python дээр биччихдэг байв. Ихэнх нь гараар хийх ажиллагааг хялбарчилсан, нэг өгөгдлийн төрлийг нөгөөх рүү хөрвүүлдэг гэх мэт маш энгийн. Жишээ нь, сүүлд санаж байгаагаар мэдээллийг нэг өгөгдлийн сангаас өөр сан рүү зөөж байж билээ. Гэхдээ л яагаад ч юм хэн бүхэн ашиглаж болох, хэрэгцээтэй програм бичих юмсан гэдэг бодол маань бодлыг маань эзэмдсэн хэвээр байв. Харин сар шинийн үеээр жаахан зав гарсан, дээр нь нөгөө нэг мөрөөдлөө биелүүлэх хүсэл маань оргилоод жаал код бичиж суув. Ингээд ямар ч байсан арын ажиллагааг нь бараг бүгдийг хийгээд, бас энэ хоорондоо python-ийн мэдлэгээ бататгаад авсан юм.

Сая хэд хоног код дээр ажиллах зав байсангүй. Тэгээд өчигдөр, өнөөдөр өмнөх кодоо жаал харж яаж илүү сайжруулчих вэ гэж бодож суулаа. Хэд хэдэн өөрчлөлтийг ч бас хийв. Харин эдгээр өөрчлөлтүүд нь програмын ямар нэг үйл ажиллагааг өөрчлөлгүй уншигдах хэлбэр, өмнө нь хийгдсэн болхи ажиллагааг жаахан сайжруулан бичсэн юм. Ийм төрлийн кодын өөрчлөлтийг Refactoring гэж нэрлэдэг.

2009-03-20

Буруу эргэлт

Сүүлийн үед манайхан киног үйлдвэрлэж өгч байнаа. Эсвэл хийсэн хэдэн киногоо ойрхон гаргачихав уу. Ямартай ч сонирхолтой санагдсан хэдэн кинонуудаа үзээд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хийчээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд л явж байна. Хэд хоногийн өмнө "Миний хөрш чөтгөр" гээд давгүй хөгжилтэй киног үзэж сайхан инээж авлаа. Нэрнээс нь тодорхой зүйл бол хоёр хөрш хоорондоо сөргөөцөлдөх, харин киноны төгсгөлд нэг нэгдээ хайр сэтгэлтэй болоод дуусдаг. Хөгжилтэй, үзэхийг зөвлөж байна. Харин өнөөдөр "Буруу эргэлт" киног үзээд хэсэг хугацаанд бодолд автав. Нэг хүний хөнгөн, бодлогогүй бас нөгөө талаас сэтгэлийн хөөрлөөр хандсан зүйлээс өөрийгөө болон ойр тойрныхондоо хэрхэн нөлөөлж, муугаар төгсч болохыг харуулсан нь ингэж бодолд автахад хүргэсэн болов уу. Өмнөх кинотой адил хөгжилтэй, инээдмийн биш ч хөгжилтэй, гунигтай гээд сэтгэлийн бүх хөдлөлийг харуулсан хамгийн гол нь нэгийг бодогдуулсан кино байлаа. Үзэх хэрэгтэй. Бас бүр өмнө нь "Сая километр" гээд кино үзсэн нь бас таалагдсан. Зураг авалт бас сайн хийсэн санагдсан. Ер нь манайхан киног хийдэг болсон байна лээ. Үзээд байдаг хэрэг ээ.

Харин "Орхидос", "Хүрэлдэй" гээд кинонууд нь миний сонирходог сэдэв биш тул үзсэнгүй. Сүүлийн үед шуугиан тариад байгаа "Watchmen" удахгүй "Тэнгис"-д гарч эхлэх юм билээ үзнээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, залуусыг кино үзээсэй гэсэндээ киноны талаар бичдэг санаатай. Миний блог таны киноны сонголтод нөлөөлж байсан уу?

2009-03-17

Арга барилын зөрүү

Сүүлд мэдээллийн аюулгүй байдлын 2 блог нээгдсэн нь хоорондоо арга барил, зарчмын хувьд маш том зөрүүтэй байх юм. Арай өмнө үүсч элдэв алдаа цоорхойн талаар мэдээллийг дэлгэсэн Ajaxmaa блог нь олон нийтийг цочролд оруулсан боловч арга барил нь арай л биш юм. Тэрээр алдааны талаар мэдээллийг байгууллагад нь өгч байгаа гэх боловч цоорхойны талаар мэдээллийг дэлгэн тавьж байгууллагын нэр хүндэд халдаад зогсохгүй нэг талаар айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулаад ч байх шиг харагдах юм. Эсвэл хэлсээр залхасан гэж ч харж болно. Гэхдээ буруутгаж огт болохгүй, цочроо өгч байгаа нь зөв...

Харин саяхын нээгдсэн Defense ! Hamgaalalt блог нь харин вэбийн аюулгүй байдал, програмчлалын нийтлэг алдаануудаас хэрхэн сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилготой бололтой. Эхний ээлжинд SQL Injection гэх халдлагын талаар мэдээлэл өгч, хамгаалах аргыг цуврал болгон хүргэж байгаа юм байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсмээр байна...

Миний хувьд Responsible disclosure буюу хариуцлагатайгаар цаад байгууллагадаа мэдэгдээд, алдаа засагдсаны дараагаар мэдээллийг задлах нь зүйтэй гэсэн зарчмын баримтладаг бөгөөд сүүлийн блогийн арга барил илүү таалагдаж байна. Ингэхдээ эхнийхийг үгүйсгэх эсвэл буруутгах гэсэнгүй. Бид өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаар анхаарахгүй бол үнэхээр болохгүй болсон гэдгийг аль аль блогоос, бас бусад зүйлсээс харж болохоор байна.

2009-03-14

Альфа 6

Өнгөрсөн шөнө сууж байгаад системээ Ubuntu 9.04-ийн Альфа 6 хувилбарыг суулгаж авлаа. Хэдийгээр хөгжүүлэлтийн хувьд шаггүй түүхий, их ажил хийгдэж байгаа боловч өчигдөрийг хүртэл ашиглаж байсан систем маань овоо сайн туршилтын туулай болсон тул бас их хөглөрсөн байсныг сольж л орхилоо. Таалагдаж байна, харин татаж авахдаа өмнөх аргыг ашигласан болно.

Дөнгөж суулгасны дараагаар дэлгэцийн нягтрал маань нэг л биш парайгаад байсан нь өнөөдөр шинэчлээд зүгээр болчих жишээтэй. Энэ хувилбарт хийгдэж байгаа бас шаггүй маргаан дагуулаад байгаа нэг шинэ зүйл бол ямар нэг шинэ зүйлсийг мэдээлэх загвар юм. Сүлжээнд холбогдох, шинэ захидал ирэх гээд эдгээрийг мэдээлэх нь их эвтэйхэн гоё болсон байна. Цэс нь бас нэлээн цомхон, эмх цэгцтэй болсон юм шиг санагдлаа. Бидний хүчтэй яриад байсан OpenOffice.org 3 өрсөн ч миний хувьд сүртэй өөрчлөгдсөн зүйл анзаарагдсангүй. Хэрэглэх явцад илүү мэдэгдэх бизээ. Харамсалтай нь Firefox 3.5 хувилбар орохгүй бололтой. Цаашид үргэлжлүүлэн бичнээ...

2009-03-12

Монгол улс 2070 онд (зөгнөл)

Ийм нэртэй нэгэн блог бичлэгийг уншаад сэтгэл сэргээд их сайхан болж байх чинь. Бид эртнээс амны билгээс ашдын билэг гэж сайхныг зөгнөж сайн зүйл ярьж байхыг эрхэмлэж ирсэн. Үнэхээр ийм болчихвол гоё доо. Ийм болохын тулд бид л зөв сэтгэж, хамгийн гол нь ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

Хэнд нь итгэх үү

Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэдлэг нимгэн нэгэн байж ийм зүйл хошуу дүрж байгаа нь ичмээр ч юм шиг. Гэхдээ Монгол Банкны өмнөх ерөнхийлөгч нь хямралтай үед инфляцийг буулгах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн нь бэлэн мөнгөний эргэлтэд нөлөөлж төгрөгийн хосдолд орсон гээд зурагтаар яриад байсан шиг санагдах юм. Төгрөгийн хомсдол орсныгоо "судсаар гүйх цус үгүй болсон" гэж зүйрлээд эргэлтийн хөрөнгөгүй болсон компаниуд үйлдвэрлэл явуулж чадахгүй, ингээд орлого буурахаар цалин өгч чадахгүй гээд өөрөөр хэлбэл манай эдийн засгийг царцаагаад, гацаасан гээд л яриад шүүмжлээд, шуугиад байсан. Энэ яриа бараг хуучирч амжаагүй байтал нөгөөх Монгол Банк нь ахиад л бодлогынхоо хүүг нэмлээ гэх юм, гэхдээ төгрөгийн ханшийн барих гэж гэнэ. Эдийн засгийн олигтой мэдлэг байхгүй надад нэг л ойлгогдож өгөхгүй, толгой эргээд байх юм. Ер нь хэн нь үнэн яриад байна вэ? Үүнд тайлбар өгчих эдийн засагч алга уу?

2009-03-09

Нээлттэй агуулгын эрэлд

Анх харахад өнөөдөр бидний хүлээн авч буй мэдээлэл, агуулга бүхэн нээлттэй мэт. Учир нь хэн ч үзэх, унших магад сонсох боломжтой. Гэвч тэрхүү мэдээлэл, агуулгыг хэн нэгэн авч дурын зорилгоор ашиглах, өөрчлөх гэхээр хаалттай эсвэл заавал ямар нэг байдлаар зөвшөөрөл авах шаардлага гардаг. Ингээд харахаар хаалттай.

Миний бодлоор мэдээлэл нь аль болох олон хүнд хүрч, ашиглагдаж байвал тэр нь хэрэгцээтэй, чухал болохыг нь харуулж буй хэрэг. Мэдээлэл хог шиг үйлвэрлэгдэх биш харин чанартай байж олон дахин ашиглагдах ёстой. Харин олон дахин ашиглагдахын тулд хаалттай бус нээлттэй байх ёстой. Нээлттэй агуулга нь тухайн агуулгыг дахин өөрчилсөн эсвэл тэр чигээр нь ашиглах, түгээхийг зөвшөөрөх ёстой бөгөөд хамгийн гол нь эх сурвалжийг дурдах шаардлага тавьдаг. Нээлттэй агуулгын хамгийн том жишээ бол хэн бүхний мэдэх Wikipedia. Энэ бөмбөрцөгийн хаана ч байгаа хүн Wikipedia руу орж мэдээлэл үзэх боломжтойгоос гадна тэнд нь мэдээллийг засч өөрчлөх эсвэл тэндээс авсан мэдээллээ дурын зорилгоор ашиглах боломжийг олгодог. Энэ л давуу талынхаа хүчинд өнөөдөр хамгийн их мэдээллийг агуулсан нэвтэрхий толь бичиг болж, хүмүүсийн сэтгэхүй, мэдээллийн талаарх ойлголтыг өөрчилж чадсан гэж хувьдаа боддог.

Дэлхий ч яахав ийм байдаг байж, харин манай Монгол Улсад байдал ямар байна вэ? Дурын зорилгоор чөлөөтэй ашиглаж болно гэсэн агуулга манайд байна уу? Телевизүүдийн, сонины, дуу бичлэг зохиогчдын гээд төрөл бүрийн холбоод нь эсвэл зохиогч нь агуулгаа ашиглаж, хуулбарлахыг хориглоно. Эсвэл оюуны өмч ашигласны төлбөр гээд тэнгэрт тулсан үнэ нэхээд суучихна. Үүнийх нь дүнд нөгөө оюун ухаан, цаг хугацаа, хүн хүч, мөнгө хөрөнгө зарж хийсэн бүтээл, үүсгэсэн агуулга маань магад хэзээ ч байхгүй дараагий эфирийн цагаа хүлээн хэнд хэрэггүй хог болон хөглөрнө. Харин сонин сэтгүүл нь хэн нэгний гэрийг дулаацуулах гэж, шил толийг нь өнгө оруулах гэж эсвэл 00-ийн өрөөнд хэвтэнэ. Мэдээж бүгд үнэ цэнэ байж чадахгүй л дээ гэхдээ эдгээрээс хэд нь түүхийн болоод мэдээлэл, мэдлэгийн хувьд үнэтэй байгаа бол? Үнэхээр харамсмаар....

Жишээ нь, Баабар гуай Baabarpedia гэх Википэдиатай төстэй вэб үүсгэж, агуулга оруулж, хүмүүсээс багагүй дэмжлэг авсан боловч өнөөг хүртэл агуулгыг хэрхэн ашиглах талаар хууль эрхзүйн ямар ч мэдээлэл байхгүй. Хэдэн жилийн өмнө хуучнаар МХХТГ-с санаачлан мэдээллийн технологийн мэргэжлийн үгсийг орчуулах ажил хийгдсэн. Дүнд нь http://www.itdic.edu.mn гэх цахим толийг бүтээсэн боловч оролцсон зарим эрдэмтэд өөрийн оруулсан хувь нэмрийг зохиогчийн эрхээр хамгаалуулах, хуулбарлахыг хориглох талаар санал гаргасан тухай яриа сонсоод мэл гайхаж билээ. Computer-ийг компьютер гэж орчуулаад зохиогчийн эрх аваад, харин бид орчуулгыг нь ашиглахын төлөө зөвшөөрөл авч эсвэл төлбөр төлөх хэрэг үү? Өөрөөр хэлбэл монгол хэл маань хэн нэгний өмчлөлд орж байгаа гэж ойлгогдох гээд ч байх шиг. Энэ мэт жишээ олон. Манайд энэ оюуны өмч, зохиогчийн эрхийн галзуурал явагдаад байна уу гэлтэй.

Мэдээж бүх мэдээлэл нээлттэй байх албагүй. Гэлээ ч Үндсэн Хуулийн дагуу хүн өөрийн өмчийг захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Зохиогчийн л шийдэх асуудал. Гэхдээ бидэнд нээлттэй агуулга хэрэгтэй, шаардлагатай байна. Ялангуяа хэн бүхэнд хамаатай, хэрэгтэй мэдээллүүд. Жишээбэл түүх, хууль, хэл соёлтой холбоотой бас бүх нийтийн боловсролд үнэтэй хувьд нэмэр оруулах зүйлс заавал нээлттэй агуулга байх ёстой гэж би мунхаглана. Эцэст нь миний блогийн бүх агуулга "нээлттэй агуулга", өөрөөр хэлбэл та дурын зорилгоор авч ашиглаж болно гэхдээ хаанаас авснаа л дурдахад болно. Баярлалаа.

Хуучин монгол бичгийг дэмжье

http://xvv.blogmn.net/21109/ энд бичигдсэн зүйлийг зарчмын хувьд бүрэн дэмжиж байна. Энэ тэнд явахаар танайх оросоор бичиж оросоор ярьдаг уу ч гэх шиг асуулт тавих нь үнэхээр эвгүй шүү. Яагаад гэхээр орос үсэг ашигладаг биз дээ гэнэ. Манай нэг найз (монгол л доо) хамт зурагт үзэж байснаа кирилээр бичсэн текст гарсан чинь оросоор бичсэн байна ш дээ гэж хэлж билээ. Нөгөө талаасаа та нар ямар хэлээр ярьдаг вэ, бичдэг вэ гэж асуух нь амар ч юм шиг. Таны санал?

2009-03-08

Нутагшуулалт хэрэгтэй юу?

Ямар нэг зүйлийг өөрийн хэл соёл, амьдралын хэв маягт нийцүүлэн өөрчлөхийг нутагшуулах гэж хэлээд байх шиг. Програм хангамжийн нутагшуулалтанд орчуулга чухал үүрэгтэй орох ч орчуулгатай шууд холбоогүй нэр үгийг олон тоонд хувиргалт хийх, мөнгөн тэмдэгтийн тэмдэглэгээ, долоо хоногийн эхний өдөр, огнооны болон цагийн тэмдэглэгээ, цаасны хэмжээ зэрэг маш олон зүйлс багтдаг. Жишээ нь, АНУ нь өнөөдрийг 08/03/09 гэж тэмдэглэж байхад бид 2009-03-28, долоо хоногийн эхний өдрийг бүтэнсайн гэж үздэг бол бид даваа гарагийг гэж үздэг, мөн бид A4 хэмжээстэй цаас өргөн ашигладаг бол тэд Letter гэх цаасны хэмжээсийг ашиглаж байх юм. Харин монгол маягт шилжүүлэхийг монголчлох гэнэ.

Гэвч монголчлох хэрэг байгаа юу? Зарим хүмүүс програм хангамжийг яг байгаа чигээр нь англиар ашиглах нь дээр гэж үздэг. Үүнийгээ чухал болоод байгаа нийтийн англи хэлийг сайжруулах, сурах эрмэлзлийг өдөөх сэдэл болно гэж тайлбарлах нь бий. Гэвч өнөөдрийн нийгэмд өдөр тутмын ажлын багаж, мэдээлэл түгээх, хүлээн авах зайлшгүй хэрэгсэл болтлоо өргөн хэрэглээнд нэвтрээд буй тооцоолуурыг (компьютер) ашиглахын тулд бид гадаад хэл сурах, сурах сурахдаа бүр давгүй өндөр түвшинд сурах шаардлага байгаа гэж би хувьдаа боддоггүй. Миний өвөө мэдээлэл авах, хааяа нэг гардаг ойр зуурын бичиг цаасны ажлаа хийхийн тулд англи хэл сураад явж байна гэдэг утгагүй хэрэг. Дөнгөж уншиж сурч буй жаахан дүү нар минь, эсвэл энгийн ард иргэдэд мэдээж англи хэл сурах нь давуу тал олгох ч зөвхөн тооцоолуур ашиглахаар хөшүүрэг хийнэ гэдэг байж боломгүй хэрэг мэт.

Нөгөө талаасаа өнөөдөр гэртээ нэг юм авч тавьчихаад тэрийгээ хэлний бэрхшээлээс болоод хааяа нэг асааж хөзөр гэх мэт жижиг тоглоом тоглочихоод, эсвэл ганц нэг хуудас юм шивж хэвлэж гаргачихаад л өөр хэрэглээ бараг үгүй, олигтой ч ашиглаж, хэргийг нь гаргаж чадаагүй айл өрх хэд байгаа бол? Энэ талаар судалгаа байна уу? Гэтэл нөгөө талд нь бидний мэргэжил нэгт нөхдүүд ямар нэг бүтээгдэхүүн хийхэд ашиггүй, манай зах зээл хэт жижиг, хэрэглэгчид маань боловсроогүй байна гэх мэтийн олон гомдлын үг унагадаг. Манайд мэдээллийн технологижсон, тооцоолуур ашиглаж чаддагаасаа чаддаггүй нь хавьгүй их, бас мэдээллийн технологийн хэрэглэгчид байгаа ч дийлэнх нь маш идэвхигүй. Мэдээж бүгд ийм байх ёсгүй л дээ, гэхдээ л хөгжлийн нэг жам.

Бидний хэсэг нөхдүүд нээлттэй эхийн програм хангамжийн нутагшуулалтыг хийж дуусгах талаар сүүлийн 6 жил ярьж, хэлж багагүй зүйлийг хийсэн. OpenMN багийн ахлагч С.Бадралын хөдөлмөрийн дүнд бид огнооны тэмдэглэгээ, 7 хоногийн эхний өдөр, цаасны хэмжээс, сар болоод гарагийн монгол нэршил, монголоор бичих боломж гээд бүх суурь асуудлаас салж чадсан. Бас түүний манлайллын хүчинд бид эх хэл дээрээ тооцоолуур ашиглаж болох юм байна, үүнийг хийх нь тийм ч хэцүү зүйл биш байна гэдгийг олж мэдсэн. Тухайн үедээ бидний амжилтыг олон улсад жишээ болгон ярьж, бидний хийсэн бүтээснийг гайхаж байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн нэг асуудал бол нэр томъёоны сонголт ба хамтын ажиллагаа юм. Энэ англи үгийг ингэж орчуулах хэрэгтэй гэсэн олон санал гаргадаг боловч өдий хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй л яваа. Мэргэжлийнхэн бид болохоор монголоосоо илүү англиар ашиглаад дасчихсан байдаг болоод ч тэр үү монголоор бичээд, ярихаар нэг л биш. Нөгөө талаасаа орчуулах болохоор хэлний мэргэжилтнүүд биш болохоор үгийн сонголт, ярилцах сэдэв, маргааны үндэслэл маань тийм ч оновчтой биш байсан мэт санагдана. Хэрэв та анзаарсан бол би компьютер гэж биш тооцоолуур гэж бичиж байгаа. Компьютер гэдэг үгийн үндэс, язгуур гээд манай хэлний юу ч байхгүй. Харин тооцоолуур нь тооцох, тооцоолох гэсэн үгийн үндэстэй, уур гэсэн нэр үг үүсгэгч дагавартай. Өөрөөр хэлбэл ашиглаж дасаагүй боловч ойлгоход илүү хялбар. Гэтэл нөгөө хэл шинжлэлийнхэн маань дотроо талцан хуваагдсаны улмаас бидний нөхөд яг хэнтэй хамтран ажиллах учраа олохгүй байх жишээтэй. Уг нь манай мэргэжилтнүүд, хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтраад ажиллачихвал... Энэ мэт хэлзүйн асуудлууд их бий.

Бидэнд програм хангамжийн эх хэл дээрээ ашиглах, нээлттэй эхийн програм хангамжийн монголчлох чухал шаардлага бий. Энэ нь маш олон давуу талыг олгоно. Үүнийг хийхтэй холбоотой асуудал, бэрхшээлүүд ч бий. Гэхдээ асуудал гарлаа гээд хойш суух биш харин шийдвэрлэх ёстой. Миний бодлоор бид нэгийг бодож, хүчээ нэгтгэж ямар нэг зүйл хийх цаг болсон. Блогийн минь уншигч авхай энэ талаар юу гэж бодож байна?