Showing posts with label linux. Show all posts
Showing posts with label linux. Show all posts

2012-02-11

tar хэрэглээ

Юникс төрлийн системүүд дээр tape archive буюу tar гэх хүчирхэг багаж байх. Зөв ойлгоод зөв хэрэглэж чадвал бас их уян хатан, өргөн боломжтой юм. Энэ талаар товч өгүүлью гэж бодлоо.

Юниксийн үндэс болсон нэг зарчим бол "нэг програм нэг л зүйл хийх, харин түүнийгээ маш сайн хийх" юм. Энэ л зарчмын дагуу tar нь зөвхөн архив файл буюу олон файлын нэгтгэсэн файл үүсгэх, задлах, зохион байгуулах зориулалттай. Үүнийгээ ч маш сайн хийнэ.

2009-04-21

Сервер удаад байх юм....

Өнөөдөр найз маань залгаад "сервер удаад байх юм, юундаа байна үзээдхээч" гэж хэлэхээр нь хэдэн жилийн өмнө суулгаад орхисон сервер рүүгээ орж үзэв. Эхнээс нь шалгаад үзвэл хагас жил гаран огт унтраагүй, тэр хооронд үйлчилгээ нь нэг ч зогсоогүй байна. Харин асуудлын хувьд сануур (memory) нь дүүрээд swap хийгээд эхэлсэн бөгөөд түүнийгээ ч бараг дүүргэх тийш хандсан байв. Үүнээсээ болоод системийн ажиллагаа маш удааширч, бас процессорт их хэмжээний ачаалал өгч байна. netstat ашиглаад ажиллах ёстой серверийн програмуудаас өөр юм ажиллаж байгааг шалгахад юм алга, яг л байх ёстой хэд нь байх юм. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь qmail-ийн хэд хэдэн процесс ажиллаад хаашаа ч юм захидал илгээх гээд байв. Зориулалт нь болохоор тоосонгүй, дараа нь ps aux гээд системд ажиллаж байгаа бүх процессыг шалгавал хэд хэдэн perl хэл дээр бичигдсэн cgi-ууд байх нь хачин.

cgi нь хуучин үед өргөн ашиглагддаг байсан технологи бөгөөд програмын гаралтыг вэб рүү гаргах арга юм. сgi ашигласан тохиолдолд HTTP толгой гээд бараг бүр гаралтыг програмаасаа хийж өгөх ёстой ба C, Perl, Python, PHP, Ruby гээд бараг бүх хэлийг ашиглах боломжтой боловч Perl илүү өргөн хэрэглэгддэг. Харин миний тохиолдолд мөн адил Perl дээр хийгдсэн, маш олон процесс ажиллаж байсан ба хаанаас ажиллаад, юу хийгээд байгаа нь тодорхойгүй байлаа. Ингээд нэгэн хэцүү сонголтын өмнө ирэв. Удаад бараг ажиллах боломжгүй систем дээр ажиллаж, асуудлын голомтыг судлах эсвэл системийг дахин эхлүүлээд арай дээр систем дээр ажиллах. Миний хувьд сүүлийнхийг нь сонгосон юм. Шинээр эхэлсэн систем маань ажиллах ёстой хэдэн зүйл л ажиллаж, сануур нь ч дүүрэх нь больсон байв. Арай гайгүй болохоор нь хайсаар нөгөө файлаа олоод үзтэл захидал шиддэг програм байх ба баахан жагсаалтыг ч хамт агуулсан байна. Судлаж үзвэл вэбээс хуулж тавьсан бололтой, бас вэбээс дуудаж ажиллуулаад байна. Бүгдийг нь өөр тийш нь зөөгөөд, дахин бичих эрхгүй болгоод орхив.

Хэсэг ажиглавал бас бага зэрэг ачаалал ирж байна, ухаад үзвэл qmail их хэмжээний захидал гаргахаар ажиллаад байна. Жагсаалтыг нь үзвэл 10000 шахам зүйл явуулахаар хүлээгдэж байх ба нэг нэгэнгүй үзвэл тэр дундаас багахан нь л жинхэнэ байх юм. Жаал интернэт ухаж байгаад янзлах аргыг нь олоод янзлаад орхив. Ингээд сервер маань хэвийн болсонд сэтгэл амрав ....

2009-02-08

2000 оны шилдэг линукс тархац

Сая ганц нэг юм үзэж яваад маш сонин юм оллоо. Энэ нь 2000 оны шилдэг линукс тархацуудыг шинжсэн, бас үзүүлэлтүүдийг нь харьцуулсан нийтлэл. Дөнгөж линукс сурах гэж байсан үеийг минь санагдууллаа. Тэр үед л RedHat 6.2, Mandrake 7.0 гээд суулгаж чадахгүй, суулгачаад ашиглаж чадахгүй их бүдүүлэг системүүд санагдаж байж билээ. Энд л үзүүлсэн шиг харагддаг байсан даа.

2009-02-02

Шинэ залуу ба хуучнаа дурсахуй №2

Үргэлжлэл. Өмнөхийг http://www.dulmandakh.com/2009/01/1.html хаягаас уншина уу.

Зөвхөн туршилтын 3 хоногийг давсны дараа л ажилд жинхэлэх нөхцөлтэйгээр ажиллаж эхлэв. Эхний өдөр иртэл MRTG гээч юмыг ажилд оруулах даалгавар авав. MRTG, SNMP гэж сонсох нь байтугай линуксыг сүлжээнд ч холбож үзээгүй надад тун амаргүй даалгавар байлаа. Тэгээд 3-хан хоногт шүү дээ. Хаанаас эхлэх учраа ололгүй хэсэг сууж байгаад интернэтээс хэрэгтэй байж болох зүйлсийн эрэлд гарав. Нэлээн хайж байгаад Essential SNMP гэдэг номон дээр бараг хэрэгтэй бүхэн байгаа талаар олж мэдээд тухайн үед алдартай байсан eDonkey гээд програмаар энэхүү номыг бөөн юм болж татаж авч уншиж эхэлсэн юм. Ном маань 180 гаруй хуудастай байдаг, надад юу судлах талаар огт төсөөлөл байгаагүйгээс гадна 3-хан хоногийн дараа миний мөрөөдөл болсон ажилдаа үлдэх эсэх нь шийдэгдэх байлаа. Миний хувьд мөрөөдлөөсөө тийм ч амар салах хүсэлгүй байсан учир ажлын цагаар, хариад бас гэртээ гээд бараг унталгүй уншиж гарав. Ингэсээр 2 дахь өдрийн оройноос ер нь юу судлаад байгаагаа, ашиглаад юу хийх боломжтой болон SNMP, MRTG-ийн ажиллагааны зарчмыг ойлгож эхлэв. 3 дахь өдрийн үдээс өмнө сууж байгаад сүлжээний орсон, гарсан траффикийг тоолж, зураглал гаргаж чадав. Захиралд үзүүлтэл одоо системийн идэвхитэй байгаа хэрэглэгч, процессорын ачаалал, санах ойн хэрэглээг гаргаад аль гэсэн үүрэг өгөв. Нэгэнт SNMP, MIB болон MRTG-ийн тохиргооны зарчмыг ойлгосон байсан болохоор энэ даалгавар төдийлөн хүнд байсангүй. Ингэж нэг жинхэнэ ажилтан болж, мөрөөдлийнхөө ажлыг хийх болсон юм. Одоо ч бараг MRTG гэж мартсан даа.

Захирал маань Микомд ажиллаж байсан тул бусдын адил FreeBSD хэрэглэгч байсан тул намайг ч мөн адил FreeBSD ашиглаж сурах, ажил дээрээ ашиглаж байхыг даалгав. Дараагийн ажил маань FreeBSD судлах байв. Ажилд орохоос өмнө интернэт ухаж байгаад FreeBSD болон линуксын ялгаа гэсэн жижиг нийтлэл уншиж байсан нь их тус болов. Тэндээс FreeBSD нь дискийн тасалгаа (partition) үүсгээд, ахиад түүнийгээ дотор нь хуваадаг талаар олж мэдсэн байсан юм. Гэхдээ л түүний тусламжтайгаар анх FreeBSD суулгаж байж билээ. Ингээд миний ports, Makefile гэж юу болох,хэрхэн ашиглах хийгээд FreeBSD цөм хэрхэн байгуулах, хувилбар дээшлүүлэх гээд олон зүйлийн судалгааны ажил эхэлсэн юм.

Нэлээн хэсэг FreeBSD тасралтгүй судалж, туршиж үзсэний дүнд багахан мэдлэгтэй болж, үүнийгээ дагаад хариуцлагатай ажил дааж авав. Энэ нь компаний хостингийн үйлчилгээ ажиллаж байсан серверийг хариуцах юм. Нэгэнт суулгаад ажилд орчихсон систем болохоор эхний үед ажиллахад хялбар байлаа. Харин нэг удаа хостингийн програмыг нь ssh-р ороод шинэчлэж байтал интернэт тасарснаар асуудал үүсэв. Тэрхүү програм нь нэлээн нүсэр, тэгээд суулгах, шинэчлэх зэрэг нь гараар хийгдэх зүйл бараг байхгүй өөрийн гэсэн олон хэл холилдсон script-үүдээс бүтнэ. Харин дунд нь явж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийх амаргүй даваатай тулгарсан юм.....

2009-01-21

Шинэ залуу ба хуучнаа дурсахуй №1

Долоо хоногийн өмнөөс нэг залууг ажил дээрээ туршилтаар, дадлагаар ажиллуулах болов. Түүнийг аль 2 жилийн өмнөөс мэдэх бөгөөд юникс төрлийн системд их сонирхолтой нэгэн. Өнгөрсөн хугацаанд түүнийг чиглүүлж, зөвлөж, бэрхшээл гарсан үед нь туслах хүн байгаагүй болохоор ихэнх юникс хэрэглэгчийн наад захын мэдэх ёстой зүйлсийг мэдэхгүй юм. Гэхдээ л тэрээр одоо болтол бууж өгөөгүй, сурах сонирхол, идэвхи нь одоо хүртэл байгаа нь их олзуурхууштай. Хэдйигээр би юниксийг бүр сайн мэдэхгүй ч түүний асууж буй асуултууд нь надад яг миний тэгж юникс сурах гэж зүдэрч байсан үеийг минь санагдуулдаг юм. Тэгээд юникс анх сурч эхэлсэн түүхээ бичью гэж бодлоо.

Анх 2000 оны сүүлээр интернэтээр хэсч яваад линукс гэж зүйлийн талаар олж уншиж байв. Линукс гэдэг нь Windows шиг үйлдлийн систем гэхдээ чи өөрөө өөрийнхөөрөө, хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж бичсэн байсан нь миний анхаарал болон сонирхолыг татсан юм. Нэтээр уншихаас олж харах, ашиглах үзэх боломж бараг байхгүй байлаа. Нэлээн сүүлд харин Микомд ажилладаг байсан танил маань Redhat6.2 гэдэг хувилбарыг нь дискэн дээр бичиж өгч байж билээ. Тэрийг нь аваачиж одоо Yadii.net-ийг хийдэг Батмөнхийн компьютер дээр анх суулгаж үзсэн юм. Файлын систем, түүний бүтэц, бүрхүүл гээд юниксийн талаар А ч байхгүй 2 гар баахан асуултанд хариулаад яваад л байлаа, нэг юм суучих шиг боллоо. Ассан чинь харин Windows шиг гоё биш (одоо бол эсрэгээрээ) шал хачин хар дэлгэц гарч ирээд зогсчихоор нь их л гайхаж байж билээ. Ингэж суулгахдаа түүний компьютер дээр байсан бүх юмыг нь устгаснаа дараа нь мэдсэн гэж...

Тухайн үед юниксийг ашигладаг хүн байсан ч над мэтэд нь олддоггүй байлаа. Ганц нэг асуух боломж гарсан ч залхааж орхисон юм. Асуух ч хүн байхгүй, бас хэл сайнгүй болохоор уншаад ч ойлгохгүй. Хэлтэй байлаа ч зарчмыг нь мэдэхгүй бол бас ойлгохгүй. Яаж аваад ч юм "Секреты Юникс" бас нэг линуксын талаар орос хэл дээр ном олж аваад ээлжилж уншина. Уншиж яваад л хэлийг нь мэддэг ч ойлгохгүй болно. Хэсэг хаяна, нөгөө номоо бас өөр ном үзнэ. Суулгаж чадахгүй болохоор энэ үед зүгээр л ном уншина, туршлага байхгүй. Гайгүй сураад байж байтал 7.0, 8.0 гээд гарахад нь суулгаж үзэж байсан. Хамгийн сүүлд 9.0 хувилбарыг харин хэсэг ашиглаж үзсэн юм. Гэхдээ тухайн үед, одоо ч бас линукс дээр модем ажиллуулахад хүндрэлтэй байсан болохоор Windows дээрээсээ интернэтээс юм уншиж тэмдэглэж авна, эсвэл файл татаж аваад линукс руугаа зөөж оруулж туршиж үзнэ. Болохгүй бол буцаад л Windows.

Ингэж байгаад номноос уншсанаас хэтрэхгүй шахуу мэдлэгтэй, бас хүн юм асуухаар мэддэг ч юм шиг нөхөр 2004 онтой золгов. Би маш тод санадаг юм. Тэр нэг зун ажилд орох санаатай МТҮПарк дотор хаалга хаалга шагайгаад явж байтал өмнө нь хэдхэн удаа хальт уулзсан, Микомд миний мөрөөдөл болсон хар дэлгэц ширтэж суудаг байсан Анар админ сууж байсан юм. Нэг нэгийгээ мэдэхийн хувьд мэндлээд, түүнд ажилд орох санаатай яваагаа хэлэхэд тэрээр намайг туршилтаар ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингэж миний зүүд мөрөөдөл болсон юникстэй ажиллах, системийн администратор гэж ажлыг хийж эхэлж байж билээ. Юникстэй ажиллах, системийн администратор гэж чухам ямар ажлыг нь мэдэхгүй байж би аль хэдийнээ ухаанаа алдатлаа дурласан байсан юм.

Цааш үргэлжилнэ....

2009-01-18

Нээлттэй эх ба үндэсний аюулгүй байдал

"Хэрэв Орос улс нь програм хангамжийн салбарт хараат бус байж чадахгүй бол бусад бүх хараат бус болон өрсөлдөх чадвартай байхыг хүсч буй салбарууд аюулд унана" гэсэн үгийг манай хойд хөршийн ерөнхийлөгч Д.Медведев хэлсэн байх юм. Мэдээллийн технологи болон програм хангамж нэвтрээгүй, хэрэглэгддэггүй салбар, үйл ажиллагаа гэж өнөөдөр үгүй болсон. Хэрэв ашиглаж буй технологи, програм хангамж нь аль нэг компани эсвэл улс орны мэдлийнх бол тэрхүү салбар, үйл ажиллагаа бараг тэр технологийн компанийн хараат болж байна гэсэн үг. Жишээ нь, ОХУ батлан хамгаалахдаа Microsoft-ийн технологи, програм хангамж ашигладаг байтал АНУ-тай харилцаа муудаж эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон байг. Гэтэл аюулгүй байдлын томоохон алдаа илэрвэл яах уу? Ер нь Оросын технологийн талаар мэдээллийг нууцаар дамжуулахгүй гэдэгт яаж итгэх вэ? Зөвхөн эх код нээлттэй байхад, хангалттай тооны бас чадварлаг мэргэжилтнүүд байхад технологийн хараат болохоос маш их хувиар магад бүрэн хамгаалж болох юм. Оросууд нээлттэй эхийн програм хангамж руу бодлогоор, бага багаар шилжиж байна. Ингэхдээ бас дотоодын зах зээлийг дэмжих, хамгаалах аргуудыг ч авч байна. Бас сүрхий байгаа юм шүү.

2009-01-15

Wine дээр хорт програм ажиллах уу?

Линукс хэрэглэгчдийн дийлэнх нь өмнө өөр нэг систем тэр дундаа Windows ашигласан байдаг. Тийм болоод ч тэр үү зарим нэг хуучин програмуудаа санагалзах, хаяж чадахгүй зэрэг асуудлууд гардаг. Нийтийн энэхүү асуудлыг шийдэх гэж Wine гэх програм байх бөгөөд линукс дээр Windows-ийн програмуудыг ажилуулахад туслана. Зарим нэг Wine ашигладаг хэрэглэгчид энэ нь бас вирусуудыг ажиллуулаад, миний файлууд вирустэйхгүй байгаа гэсэн зүйл асууна. Миний зүгээс мэдэхгүй ээ, гайгүй биз дээ гэж хариулдаг байлаа. Гэтэл өнөөдөр Ubuntu-ийн хэлэлцүүлэг уншиж байтал аюулгүй байдлын мэргэжилтэн Kees нь "Wine нь хэт сайн хөрвүүлэгч учраас зарим хорт програм болон өтнүүдийг ч ажиллуулчаад байх юм. Гэхдээ бид үүнийг бататгах хэрэгтэй" гэж хэлсэн байх юм. Тэгэхээр бид юу ажиллуулах, юу ажиллахгүй вэ гэдэгтээ бас анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг. Гэхдээ л Windows вирустэж байгаа юм шиг хор хохирол учрана гэж бодохгүй байна.

2009-01-12

Fedora Leonidas

Одоо хөгжийн шатандаа явж буй 11 дугаар бүхий Fedora хувилбарыг Leonidas гэж нэрлэхээр болсон байна. Үүний өмнө хэрэглэгч, хөгжүүлэгчдээс нэрийн санал авсан бөгөөд татан танасаар эцэст нь энэхүү нэрийг сонгожээ. Leonidas гэхээр бид бүгдийн мэддэг 300 гээд кинон дээрх хааны нэр санаанд орж байгаа байх. Яг тэр чинь. Дашрамд хэлэхэд Leonidas гэдэг нь Грекээр "арслангийн хүү", бас "арслан мэт" гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

2009-01-10

Google Chrome 2 удахгүй гарах нь

Саяхан л нэлээн шуугиан дагуулж гарч байсан отгон браузер Chrome-ын маань дараагийн хувилбарын маш түүхий боловч ашиглаж болох эхний хувилбар бэлэн болжээ. Одоогийн хувилбараасаа нэлээн олон шинэ зүйлсийг агуулж байгаа ч хамгийн онцлох нь өөрийн гэсэн HTTP санг хөгжүүлж түүнийгээ ашиглах болсон байна. 1.0 хувилбар нь WinHTTP гэх санг ашигладаг учир Windows-с өөр үйлдлийн систем дээр ашиглах боломжгүй байсан юм. Харин өөрсдийн санг хөгжүүлсэн нь тун удахгүй Мак болон линукс хэрэглэгчдэд Chrome суулгах, ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Миний хувьд саяхан гэрийн тооцоолуур дээрээ Chrome суулгаж ашиглаж үзсэн бөгөөд маш энгийн, ойлгомжтой, давгүй ажиллагаатай санагдсан. За ингээд линуксд зориулсан хувилбарыг нь хүлээж дээ...

2009-01-07

Хэрүүл дуусч, Debian 5 удахгүй гарах нь

Нэг талаас ардчилал хэрэгтэй, нөгөө талаас хэрэггүй ч юм шиг. Нэг талаас идеалист байх нь гоё, бас үгүй ч юм шиг. Ямар ч байсан туулшралгүй аливаа юмны голыг олох хэрэгтэй юм шиг байгаа юм. Бас нэг иймэрхүү асуудлаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан Debian Lenny буюу 5-р хувилбар удахгүй гарахаар болсон байна. Асуудлын гол нь Debian маань ямар програм хангамжийг өөрт агуулж болох вэ гэсэн журамтай бөгөөд тэр нь зөвхөн нээлттэй эхийн програм хангамж гэж заасан байдаг. Гэвч зарим нэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай firmware гэх жижиг програмыг хаалттай байлгадаг нь тэдгээрийг оруулахгүй байх эсэх талаар хөгжүүлэгчдийн дунд үл ойлголцол, маргааны алим болсон юм. Тэдгээрийг оруулахааргүй болбол нэлээн олон төхөөрөмжүүд ажиллахгүй болохоос гадна цэвэрлэгээ хийх ажил нь нэлээн урт хугацаа шаардах юм. Дайран дээр давс гэгчээр Debian нь төлөөллийн зарчим байхгүй, зөвхөн бүх хөгжүүлэгчдийн санал асуулгаар асуудлыг шийддэг хэт ардчилалтай учир тэрхүү санал асуулгыг зохион байгуулах нь ихээхэн эсэргүүцэл, хэрүүлийг дагуулдаг юм билээ. Ямар сайндаа үүнээс нь болоод нарийн бичгийн дарга ажлаа өгсөн байгаа. Эцэст нь санал асуулга маань firmware-г агуулах нь зөв гэсэн дүнгээр дууссан тул одоо бараг бэлэн болсон Lenny-г гүйцээгээд ойрын хугацаанд гаргахаар болсон байна. Асуудлын талаар Arstechnica сонирхолтой нийтлэл гаргасан бөгөөд ямар ч байсан удаан хүлээгдсэн Debian Lenny тун удахгүй бидний гар дээр ирэх нь байна.

2009-01-05

Тархсан хувилбар удирдах системийн сэргэн мандалт

Ямар файлд хэзээ хэн ямар өөрчлөлт оруулсан талаар мэдээллийг хадгалж байдаг, хөгжүүлэгчийн заавал ашиглах ёстой багажуудын нэг нь яах аргагүй хувилбар удирдах систем буюу version control system юм. Түүний тусламжтайгаар програм хангамжийн түүхийн бүрэн бичиж авах боломжтойгоос гадна тогтвортой хөгжлийг дэмжиж өгдөг олон талын ашиг тустай нэгэн. Анх үүсэхдээ төвлөрсөн нэг серверт бүх мэдээлэл хадгалагдаж, хөгжүүлэгч бүр түүнд холбогдох боломжтой байхаар бүтээгдсэн байсан. Харин энэ загвар нь зарим талаараа хоцрогдож, ажлын чөдөр тушаа болох нь элбэгших нь бололтой. Тархмал байхын давуу талыг мэдэрсэн Mozilla төсөл өнгөрсөн онд өөрийн хувилбар удирдах системээ Mercurial руу шилжүүлж байсан бол Perl хэлний хөгжүүлэгчид дөнгөж саяхан Git гэх линукс цөмийн хөгжүүлэгчдийн бүтээсэн систем рүү бүрэн шилжиж дууссан болохоо зарлажээ. Харин GNOME төслийнхөн хэдхэн жилийн өмнө хуучирсан CVS-с Subversion (бас төвлөрсөн) руу шилжсэн бөгөөд одоо дахиад тархсан систем рүү шилжихээр судалгаа явуулсан байна. Үүний дүнд ямар ч байсан 2009 онд Git эсвэл Bzr гэх хоёр системийн аль нэгийг нь сонгож ашиглах эхлэхээр болж байх шиг. Гэхдээ бас л овоо маргаан, мэтгэлзээнийг араасаа дагуулж хамгийн зөв, илүү тохирох системийг сонгоно гэдэгт итгэж байна.

Хувилбар удирдах системийн талаар тусдаа нэг материал бэлтгэх санаа байгаа, гэхдээ энэ бичлэг дээр бага сага зүйл бичигдсэн байгаа тул бас сонирхоод үзээрэй. Сэргэн мандалт гэхээр өмнө байж байгаад мөхөөд ахиж сэргэж байгааг нь хэлдэг билүү? За ямар ч байсан илүү эрх чөлөөтэй, техникийн хувьд илүү боломжийг олгосон тархсан хувилбар удирдах систем хүчээ авч, төвлөрсөн систем ул болох нь.

2009-01-01

Эцэг Debian, хүү Ubuntu

Ихэнх шинэ линукс эсвэл Ubuntu хэрэглэгчид түүний Debian-тай ямар холбоотой, түүний хувьд Debian их ач холбогдолтойг төдийлөн мэддэггүй гэж Arstechnica-ийн нийтлэл эхэлж байна. Энэ нь ч үнэн. Debian нь нэлээн олон линукс тархацын эцэг болсон боловч ихэнх нь бие даан гаран явдаг. Харин Ubuntu тийм биш. Шинэ хувилбар бүрийнхээ эхэнд Debian-аас их хэмжээний богц (package)-уудыг татаж оруулж ирдэг ба түүнийгээ илүү сайжруулах, бас өөрсдөө зарим шинэ богц үүсгэх маягаар хөгждөг. Гэхдээ Debian шиг олон архитектур дэмждэггүй, цаг хугацаанд захирагддаггүй биш харин зөвхөн нийтлэг буюу Intel-ийн 32 битийн болон 64 битийн архитектуруудыг дэмждэг, хагас жил бүр шинэ хувилбар гардаг гээд олон зүйлээр өөр. Цаг хугацаатай байх нь төлөвлөлтийг нарийн хийх боломжийг олгож, нөгөө талаараа хэрэглэгчдэд хүлээлт үүсгэж чаддаг давуу талтай. Бас Ubuntu нь шинэ програм хангамжуудыг агуулж байдаг, энгийн хэрэглэгч суулгаж ашиглахад хялбар гээд олон юм байна. Хэзээ ч бие дааж тусдаа гарахгүй хүү бхйж мэднэ. Гэхдээ бас эцэг хүү хоёр асуудалтай. Ааваасаа эргүүлж өгөлгүй авдаг, сайн хамтарч ажиллахгүй байна гэсэн шүүмжийг ааваасаа бас хөршүүдээс сонсоно. Энэ бүгдийн талаар дээрх нийтлэлээс үзээрэй.

2008-12-31

Тогтвортой хөгжил гэж үүнийг л хэлэх байх

Phoronix сайт маань шинэ гарсан програм хангамж бүрийг турших, түүний талаар бараг анхны гэж болох сонжоог уншигчиддаа хүргэдгээрээ онцлог юм. Тэгвэл дөнгөж сая гараад буй 2.6.28 линуксын цөмийн ажиллагааг өмнөх 3 хувилбартай харьцуулсан байна. Линуксын цөмийн шинэ хувилбар бүр шинэлэг, шинэ зүйлсийг агуулж байдаг бөгөөд зарим талаараа ажиллагаанд нөлөөлөх үед байдаг. Өмнө нь муудсан гэсэн шүүмж гарч нэлээн шуугиан дэгдэж байсан. Харин энэ удаад шинэ хувилбар маань олон шинэлэг зүйлээр баяжиж жин нэмсэн боловч өмнөх хувилбаруудаасаа ажиллагааны хувьд бараг өөрчлөгдөөгүй байна. Шинэ зүйлсийг тогтвортой хэрэгжүүлэх атлаа өмнөх үзүүлэлтүүдээ алдахгүй байна гэдгийг л ёстой тогтвортой хөгжил гэж байх даа.

2008 он линуксын хувьд

Phoronix сайтаас 2008 оны линуксын шинэчлэлтүүдийг нэрлэжээ. Шинэчлэлтүүдийг харвал энгийн хэрэглэгч, дэлгэцийн системийн талд маш олон шинэлэг, зарим талаар үсрэнгүй гэж хэлж болохоор өөрчлөлтүүд оржээ. Жишээ нь, Graphics Execution Manager (GEM) нь X.Org-ийн үе шат бүхэнд тус тусын байдлаар хийгддэг байсан санах ойн удирдлагыг линукс цөмийн түвшинд шилжүүлсэн бөгөөд цаашид X.Org системийг илүү найдвартай тогтвортой ажиллах боломжийг олгохоос гадна кодын маш их давхардлыг үгүй болгож байгаа юм. Дээрээс нь AMD зэрэг компаниуд төхөөрөмжийн драйверууд нь нээлттэй байхын, мөн линуксын цөм эсвэл X.Org-ын нэгэн бүрэлдэхүүн хэсэг байхын ач холбогдлыг ойлгон өмнө нь хаалттай байсан зүйлсээ нээж эхэллээ. Үүний дүнд нээлттэй эхийн систем дэх төхөөрөмжүүдийн дэмжлэг сайжирч байгаа бөгөөд системийн найдвартай ажиллагаанд нөлөө үзүүлж байна. Энэ мэт өөрчлөлтүүд нь цаашдын нээлттэй эхийн програм хангамжуудын хөгжлийн үндэс суурийг тавьж өгсөн бөгөөд 2009 онд илүү шинэлэг, илүү хялбар, илүү найдвартай ажиллагаатай хамгийн гол нь энгийн хэрэглэгчдэд ашиглахад дөхөм дэлгэцийн систем бий болоход түлхэц болж байна.

2008-12-24

Линукс болон чөлөөт програм хангамж 2008 онд

LWN вэбсайтаас шинэ оны өмнөхөн тухайн жилд болсон үйл явдлуудыг цаг хугацааны хувьд эрэмбэлэн танилцуулдаг билээ. Харин он дөнгөж гармагц байхаа (сайн санахгүй байна) ирэх онд болох үйл явдлуудыг зөгнөн бичдэг. За 2008 онд линукс болон чөлөөт програм хангамжийн ертөнцөд юу болж өнгөрснийг http://lwn.net/SubscriberLink/306966/52b6ec4168b3422d/ хаягаас үзнэ үү.

2008-12-19

OBP: 2009 оны нээлт

Удаан уулзсангүй шүү найзуудаа. Одоо ер нь таслалгүй тогтмол уулзаж байвал яасан юм бэ? Линукс сонирходог нь, линукс хэрэглэдэг нь, ер нь тэгээд нээлттэй эхийн програм хангамжийг дэмждэг бүхэн нь надтай надгүй уулзаж байвал яасан юм бэ? Энэ удаад 2009 оны 1-р сарын 14-ний лхагва гарагт "Их Монгол" уушийн газартаа яг болздог цагтаа буюу оройн 7 цагт уулзацгаая. Шинээр ирж байгаа хүмүүст танигдах зорилгоор бид ширээн дээрээ "оцон шувуу" байрлуулсан байх болно шүү. Цагаа барьцгаагаарай залуусаа.

Яг санахгүй байна гэхдээ нэлээн хэдэн жилийн өмнө юникс төст систем хэрэглэгч, сонирхогчдыг танилцуулах, уулзуулах зорилгоор үүсч байсан Unix Beer Party-г өргөжүүлж нээлттэй эхийн програм хангамж сонирхогч бүхэнд зориулан Open Beer Party болгон нэрийг нь солисон. Тэнд таних танихгүй хүмүүс хүрч ирж танилцаад, асуудал бэрхшээлээ ярилцаад, шинэ сонин мэдээллүүдээ солилцоод их зугаатай байдаг. Та танихгүй хүмүүс очно гэж битгий жийрхээрэй, бүгд л эхэндээ нэг нэгийгээ таньдаггүй шүү дээ.

Миний хувьд энэ удаад ажлын журмаар АНУ-аар аялж яваа бөгөөд олон шинэ зүйл үзэж харж байна. Жишээлбэл, Ubuntu Developer Summit-д оролцож, OLPC төслийн төв байранд ирж хөгжүүлэгчидтэй уулзав, бас дөнгөж саяхан Free Software Foundation-р зочлоод ирлээ. Бас ганц нэг бэлэг дурсгалын зүйлүүд ч цуглууллаа. За тэгээд уулзалтынхаа цагийг барьж эрт эрсэн эхний хэдэн хүнтэй цуглуулгаасаа хуваалцах бодолтой байна. Удахгүй уулзацгаая. Нээрээ хүн бүр өөрийн гаргасан зардлыг даана шүү.

2008-12-12

Сургалт болохгүй, уучлаарай

Уучлаарай залуусаа, миний өмнө зарлаж байсан "Линуксын нээлттэй сургалт" явагдах боломжгүй болсныг мэдэгдэх гэсэн юм. Үнэхээр харамсалтай. Анх зарлах үед цаг заваа харгалзаж, төлөвлөж байсан боловч төлөвлөгдөөгүй хэд хэдэн ажлын улмаас цаг завын хүрэлцээ муу боллоо. Гэхдээ ирэх онд хэд хэдэн сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдгийг нь өнөөдөр хэлэхэд бэрх байна.

Сүүлийн үед блогтоо салхи оруулаагүй юм байна шүү. Уг нь ойр ойрхон юм бичиж баймаар байгаа ч нэг л зав болж өгөхгүй юм. Залуусаа, он гаргаад Open Beer Party хийвэл ямар вэ? Та нар юу гэж бодож байна?

2008-10-23

"Линуксын нээлттэй сургалт" тун удахгүй

Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ. Сургалтанд хамрагдагсадын санал хүсэлт болон өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхээр сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйгээ сайжруулахаар ажиллаж байна.

Энэ удаад сургалт маань өмнөхийн сургалтуудын адил зөвхөн линукстай ажиллахад шаардлагатай анхан шатны мэдлэг олгохыг зорьж байгаа ба дараахь үдсэн сэдвүүдийг агуулна:

  • Чөлөөт болон нээлттэй эхийн програм гэж юу вэ? Хэрхэн хөгждөг вэ?

  • Линукс гэж юу вэ? Түүний үүсэл хөгжил ба өнөөдрийн байдал.

  • Файлын систем гэж юу вэ буюу эзэн болон эрхийг ойлгох нь.

  • Shell буюу бүрхүүл гэж юу вэ? Түүний үндсэн зарчим, ажиллагаа, ашиглалт.

  • Ubuntu дээр өөрийн хэрэгцээт програмыг суулгах, устгах.


Мөн өмнөхийн адил нэг долоо хоног буюу ажлын 5 өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд Ubuntu ашиглан заахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад сургалтанд хамрагдахыг хүсэгчид оюутан бас LiMNux бүлгэмийн гишүүн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьж байгаа ба бусад ямар шалгуур тавих болон хэдэн хүний хязгаартай байхыг албан ёсны зарлал дээр гаргах болно. Өмнөх явагдаж байсан сургалтуудын талаар багахан мэдээллийг эндээс бас эндээс авна уу. Тун удахгүй....

2008-10-06

Ubuntu 8.10


Та ч мөн адил өөрийн блог дээрээ тавихыг хүсвэл http://www.ubuntu.com/getubuntu/countdown хаягаар ороод аваарай.

Линукс 17 нас хүрлээ

17 жилийн өмнө Линус Торвалдс гэдэг нөхөр линукс гэдэг үйллдлийн системийн цөм хийснээ олон нийтэд зарлаж байсан байх юм. Яг ч 17 жилийн өмнө биш 17 жил нэг хоногийн өмнө. Бодвол тэрээр тухайн үед өнөөдрийнх шиг ийм том зүйлийн эхлэлийг тавьж байна гэж бодоогүй л байх даа. За тэгээд манай линукс хэрэглэгчид мянга, түм болох болтугай гэсэн сайхан ерөөл дэвшүүлье.