2006-12-25

UBP 12-р сарын талаар ...

Энэ сарын UBP маань уламжлалт өдрөөсөө ондоо өдөр бас ондоо газар болж өнгөрсөн. Баянаа болон бусад хүмүүсийн санал тавьсанаар долоо хоногоор хойшлуулав, харин Их Монгол уушин газар үнийн шинэ журам мөрдөж байсан тул өөр газар орохоос өөр аргагүй болж бид хэдийн утсыг мэддэг, холбоо барьж чаддаг хэдхэн хүн цугларлаа. Ерөнхийдөө их цомхон боловч идэвхитэй хүмүүс цугларч мэтгэлзсэнээр ихэнх хүмүүс цагаа мартан нэг мэдэхэд шөнө дунд болсон байв. Их олон зүйлсийг хаман авч хэлэлцсэнийг энд товч сийрүүлье.

Хойшлуулах болсон шалтгаан нь Үнэнбат бид 2 байсан бөгөөд бусад маань хол газрын болоод аян замын сониноос дуулах гэсэн биз. Бид хоёр линукс администраторын сургалтанд суухаар хоёр долоо хоногийн хугацаатайгаар Филиппин улсыг зорьсон билээ. Уг сургалт нь уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд гол зорилго нь аль нэг линукс нийлүүлэгчээс үл хамаарах линуксын мэдлэг, чадварыг шалган батламжлах LPI сертификатын сургалтыг явуулах сургагч багш бэлдэх юм. Ингээд бид хоёр НҮБ-ийн дэмжлэгтэйгээр хоёр долоо хоногийн турш сургалтанд хамрагдаж, холбогдох шалгалтыг өгсөн боловч одоогийн байдлаар хариу ирээгүй байна. Мөн бид ийм төрлийн сургалт чухал болохыг мэдэрч линуксын сургалтын төв, цаашлаад уг шалгалтанд бэлдэх төв нээхээр зорин ажиллаж байгаа билээ. Дэмжээрэй.

Мэдээллийн технологийнхны гэсэн тодотголтой нэгэн шинэ жил бидний ярианы гадуур үлдэж чадаагүй юм. Урд өдөр нь болсон басхүү хэдэн хүн маань оролцсон байсан тул төрсөн сэтгэгдэл бас бусад зүйлсийн талаар ярилцлаа. Ер нь сонсоод байхнээ энэ шинэ жилийн талаар шүүмж маш их байна. МТ гэж байж шилдэг програм хангамж, шийдэл, үйл явдал, ололт гэх мэт бүтээлч ажлуудыг шалгаруулахын оронд бидэнтэй бидэнгүй хөгжиж байдаг чухал бус зүйлсийг шалгаруулсан нь олон хүний бухимдлыг төрүүлж байна. Зарим хүмүүс зүгээр наймаачдыг шагнасан, нүдээ олоогүй олон шагнал болон бас хар цагаан хэрээний талаар хэлэлцэж байна лээ. Миний хувьд Буянцогтоо ахыг дэмжиж байсан боловч санал авах системийн хувьд гажигтай байсны улмаас санал өгч чадсангүй.

Бидний урт удаан хугацаанд хэлэлцэж буй нэр томъёо, түүний орчуулгын асуудлууд. Гөө мөн ч олон удаа ярьж байна даа, өөр зуураа хэлэлцээд байдаг яг жинхэнэ хэл шинжлэлийн хүмүүс нь тоодоггүй ээ. Тэднийхээ анхаарлыг хэрхэн татах талаар надад нэг санаа бий. Ер нь олонхийн саналаар орчуулах, монгол үг байх нь зөв гэх боловч үгийн сонголт, оноолт дээр санал зөрөлдөөн гарч байгааг нэг тийш болгох цаг болсон, гэхдээ хүчээр биш эвээр, нэгдлээр.

Ер нь уламжлал ёсоор бас сэдвээсээ хадуурч өөр сэдвийг хамран ярих нь олонтаа. Энэ удаад анагаахын салбараас хоёр оролцогч байсан болоод ч тэр үү анагаахын талаар мэдлэгээ басгүй зузаатгаад авсан шүү. Вирусын үүсгэгчтэй өвчин бүрэн эдгэрнэ гэж байдаггүй гэнэ харин нян бол устана. ДОХ энэ тэр гээд олон ч юм ярьсан доо.

Эдгээр зүйлсийн талаар тусгайлан блог бичих бодол бий тул дээр цухасхан дурдаад өнгөрлөө. Ирэх онд UBP маань нэг ой хүрч том болох гэж байна, санаж сэдэж буй ажлууд ч цөөнгүй. Бүгдээрээ нэгдэцгээе, бүтээцгээе.

2006-12-21

Шинэ Blogger гарчээ

Ирэх замдаа Бээжинд хэд хонохдоо цахим ертөнцөөс золтой л тасарчихсангүй. Интернэт байхгүй, шинэ соргог мэдээ байхгүй. Оройдоо компьютераа асааж хэдэн юм уншиж, тэмдэглэж бас нэг гарын авлага бичиж эхэлснийгээ явуулах янзтай боловч залхуу хүрнэ гэж жигтэйхэн. Гэхдээ л бага багаар явуулаад байх шинжтэй.

Гэртээ ирсэн талаараа блог бичих гээж Blogger Beta руу ортол өмнө харж байснаас арай өөр зүйл гарч ирсэнд их гайхав. Та шинэ буюу Google данс ашиглах уу эсвэл хуучнаа ашиглах уу гэнэ. Өмнө нь Бетагаар нь орохоор зөвхөн шинэ нь харин бета биш дээр хуучин данс ашигладаг байсан юм. Ихэд гайхаад вэб хаягийг харвал http://www.blogger.com гэнэ. Цаашлаад үзвэл туршилтын шатандаа явж байсан шинэ Blogger маань тогтвортой хувилбарт шилжиж, хүн бүхэн ашиглах боломжтой болжээ. За тэгээр шинээр орж байгаа боломжуудын талаар өмнө нь олон хүн бичиж байсан болохоор энд илүүц зүйл яриад юу гэхэв.

Хэрэв та хуучин данстай бол http://help.blogger.com/bin/answer.py?answer=42660&topic=9083 хаягаас хэрхэн шинэ рүү шилжих талаар үзээрэй. Хэн ч байсан шинэ хувилбарын талаар Шинэ онцлогууд хаягаас үзээрэй.

Би гэртээ ирчлээ ...

12-р сарын 4-ний өдөр гэрээсээ, эх орноосоо хүний газар эрдэм сурахаар гарсан билээ. 16 хоногийн дараа гэртээ ирлээ. Гэрээ, хуучин амьдралаа санасан гэж жигтэйхэн. Сингэнэсэн сэрүүн агаар, үл ялиг бээрхүүлэх хүйтэн агаар гээд бүх юм гоё, сайхан. Би Монголдоо хайртай, өвөлд нь ч гэсэн хайртай. Хэхэ. Хэдхэн хоног явчаад их юм болж байнаа, бүр удаан явбал яах юм болоо.

Эцэст нь хүний газарт чамгүй юм үзлээ, бодлоо. Энд, бидэнд хийх юм зөндөө байна гэдгийг л илүү ихээр мэдэрлээ. Цаашид блогоороо та бүхэнтэй хуваалцах болно. Аан нээрээ өнөөдөр чинь 19 цагаас Их Монголд Unix Beer Party-тай, очиж сайхан чалчиж өгнөө. Хүмүүсээ ирээрэй :).

2006-12-15

PHP-д итгэж нь болох уу?

Сая уншиж байхнээ PHP-н аюулгүй байдлын багийн гишүүн төслийг орхиж байгаагаа мэдэгдээд, басхүү шалтгаануудаа дурджээ. Мэдэгдээд 6 сар болж байгаа цох хүртэл байх юм гэнэ цаана чинь, бас аюулгүй цох илрэхлээр зарлахгүй харин засчихаад зарладаг тул ихэнх хөгжүүлэгчид нь цох засахдаа их хойрго ханддаг бололтой. Өчигдөр бас уншиж байсан чинь PHP-н лицензийн зарим заалт Нээлттэй Эхийн Тодорхойлолтод нийцдэггүй, ер нь нээлттэй эхийн програм хангамж мөн үү гэсэн байсан. Угаас би PHP-д сүжигтэй биш, бас дээрээс нь ийм мэдээлэл цацагдаад ер нь их бүрхэг байна шүү. Гэтэл өнөөдөр чинь хүн бүр шахуу PHP сураад бүр сонирхогчдын нэгдэл хүртэл байгуулагдсан шүү дээ. PHP-д итгэж болох юу болов уу даа? Java, Python, Ruby гээд олон сонголт байна, арай илүү дэвшилттэйг нь сонгоцгоох уу даа бүгдээрээ.

Stefan Esser-н гарсан талаар мэдээ http://www.heise-security.co.uk/news/82500.

Bye bye blobs ...

blob гэдэг нь үйлдлийн системийн цөмд орших хаалттай, хоёртын код гэсэн үг. Зарим нээлттэй эхийн үйлдлийн системийн хөгжүүлэгчид blob-г цөмд оруулахыг зөвшөөрч байсан боловч уг хаалттай кодыг нийлүүлэгчээс өөр хэн ч удирдаж чадахгүй тул үйлдлийн системийн тогтворгүй болгож байсан удаа цөөнгүй. Гэвч OpenBSD ганцаараа blob гэгч зүйлээс ангид байж ирсэн, тэр чигээрээ үлдэх байх. Харин саяхан линукс хөгжүүлэгчид 2008 оны 1-р сараас эхлэн blob-г огт зөвшөөрөхгүй байхаар шийд гаргаад анхааруулах мэдээг цөмд хийж өгчээ. Blob нь GPL болон тэдний зохиогчийн эрхийг зөрчиж байна, бас тогтворгүй байдал үүсгэж байгаа болохоор ингэж шийдсэн байх нь. Өмнө OpenBSD blob-н эсрэг тэмцдэг байсан боловч нийт зах зээлд эзлэх жин бага тул төдийлөн амжилтанд хүрч байгаагүй, харин энэ алхам юунд хүргэх бол? Харж л байя.

Эхийг http://groups.google.com/group/fa.linux.kernel/msg/49660a7178833ef1 хаягаас үзнэ үү.

Удахгүй очлоо доо

Энд 4-ний өдөр ирсэн нэг л мэдсэн чинь буцах өдөр маань их ойртчихсон, "харих уу" гээд хаалгыг минь тогшиж байх юм. Энд ч халуун байна шүү, Монголдоо очиж жаал даарах юмсан. Хэсэг байж байгаад бас хүйтнээс залхана даа. Гол зорилго маань линукс администраторын сургалтанд суух, дараа нь LPIC1 шалгалт өгөх байсан бол саяхан шалгалтаа өгчихлөө, харин одоо хариуг нь хүлээх л үлдлээ дээ. Ер нь дажгүй өгсөн гэж бодож байгаа ч, давахгүй бол онигоонд орно гэж бодохоор сэтгэл нэг л хэцүү.

Маргааш өглөө маш эрт босоод эндээс 5 цагийн зайтай нэг газар очиж далайд сэлнэ. За тэгээд бараг нэг судалгааны багтай явна очоод нөгөө шумбадаг төхөөрөмж энэ тэрд сууж үзэх юм шиг байна лээ, бас өөрөө ч шумбах гэж оролдоно доо. Бага байхад л бассейнд явж хальт сэлж сурсан, эрийн цээнд хүрснээс хойш ч бараг сэлээгүй шиг байна шүү. За тэгээд эрэг хавиар нь гүйж, жаахан наран шарах гээд үзнэ дээ. Энд их гоё юмаа, таалагдаж байга халуунаас бусад нь, гэвч гэр бүл минь, найз охин маань намайг хүлээж байгаа, тэдэн рүүгээ очихоор яарч байна.

Нөгөөдөр өглөө эндээс гараад, Бээжингээр орж бас хэд хоночоод удахгүй Монголдоо очно доо. Тэгээд бас болоогүй маргааш нь Unix Beer Party-тай. Дуртай сэдвээрээ ярилцаад л, шинэ хүмүүстэй танилцаад л UBP маань ч сайхан шүү. Юникс, линукс сонирходог, Баянааг мэддэг хүмүүстээ түүнийг сайхан гаргаж өгье гээд уриалчихъя. Аягүй бол өнөөх чинь Бээжинд интернэт хайгаад, олоод ахиад блог бичнэ шүү.

2006-12-14

Төгрөг зарсан түүхүүд

Он гарсаар би чинь Малайз, Испани бас Филиппин гээд 3 улсаар яваад үзчихэж. Энэ болгондоо монгол төгрөгөөрөө басгүй наймаа хийчихсэн байх юм. Сүүлд бодоход их сонин санагдаад байгаа юм.

- Анх Малайзад явж байгаад зочид буудалдаа юуны ч билээ мөнгө төлөх хэрэг гартал надад байсан ренгит (тэдний мөнгө) хүрсэнгүй ээ. Зөвхөн 100 долларын дэвсгэртүүд байсан тул тэрүүгээрээ худалдаа хийх гэтэл бүгдийг нь солино тэгээд тэндээс чинь авна гэх юм. Буцах тулчихсан байсан тул тэдний мөнгө надад хэрэг болох нь юу л бол. Яах учраа олохгүй зогсож байтал хамт хуралд суусан хэдэн Япончууд явж байна, тэгээд юу болсон талаар асуудахад явдал учрыг өчлөө. Гэтэл тэд харин тэд миний дэлгээд тавьчихсан байсан төгрөгүүдийг маань худалдаж авах санал тавьж өөрийн өртгөөс өндөр үнээр авч нар гаргаж билээ. Мэдээж зарахдаа бас сурталчилгаа, таниулах ажил хийнэ л дээ. Хэхэ.

- Испанид улны хэлбэртэй зайрмаг идэхээр далайн эрэг дээрх мухлаг руу очлоо. 2 евро тул нөгөө хэдэн зоосыг нь олох гэж хэтэвчээ ухаж байхад өлөн нүдтэй худалдагч нь өөр мөнгөн тэмдэгт байгааг харчихсан бололтой сонирхоё гэж байна. Түүнд 20тын дэвсгэртээ үзүүлж, босоо монгол үсгийнхээ талаар болон бусад зүйлсийн талаар таниулж жаахан ярьж зогслоо. Тэгтэл нөгөөх маань үнийг нь сонирхоод худалдаж авъя гэж байна, харин би 2хон евро центээр яах ч юм билээ шууд л зайрмагаар тулчихъя гэсэн санал тавьлаа. Манай хүн эргэлзээд л, тээнэглэзээд л зогсоод байх юм, бас л миний явах цаг тулчихсан яаруу явж байсан тул зайрмагны үнийг төлөөд явах гэтэл өнөөх маань наймааг тохирч 20 төгрөгөөр 2 еврогийн зайрмаг надад худалдав. Их өндөр нугалж өгсөн байгааз?

- Линукс системийн администраторын сургалтанд Филиппинд ирээд, нисэх буудлаас зочид буудал руу иртэл таксинд төлөх мөнгө цох дутав. Дутсан ч юу байхав өнөөх нь бүхэл мөнгө задлахгүй, харин бидний задгай мөнгө хүрэхгүй. 50 песо буюу 1 ам. доллар л дутсан. Яаж ч ухаад байдаггүй, шөнө болсон байсан болохоор мөнгө задлах хүн олддоггүй ээ. Өмнөхийн адил төгрөгөөр наймаа хийх гэж үзлээ. Гэвч цоо шинэ 100тын дэвсгэрт байдаг гэтэл нөгөө жолоож маань яг үнийг нь тааруулж солилцоо хийнэ гэх юм. Тэгэхлээр нь наадах чинь 1 доллар гарантай болно, ингээд болъё тэгэх үү гэтэл ухайн тас зөвшөөрч төгрөгийг маань аваад одов.

Ингэж хилийн дээс давах бүртээ төгрөгөөс наймаа хийчихсэн байдаг. Ингэж улсын мөнгөн тэмдэгтийг гадаадад гаргаж зарах нь зөв болов уу? Сонин санагдаад байдаг юм шүү энэ асуудал. Эсвэл шалихгүй мөнгө болохоор зүгээр ч юм уу?

2006-12-13

Нээлттэй эх гэдэг чинь ...

Хувьдаа Нээлттэй Эхийн Тодорхойлолтыг эх хэл дээрээ орчуулаад олонд хүргэвэл хүмүүс нээлттэй эхийн програм хангамж гэж юу болох талаар ойлголттой болж, тодорхой хэмжээнд дэмжээд басхүү хамтарч ажиллана гэж итгэж байсан боловч бас тийм биш бололтой. Орчуулга эхлэхээс өмнө хэн нэгэн орчуулсан байх вий гэж хайлт хийсэн боловч дутуудуулжээ, гэхдээ бас тийм орчуулга байдаг гэдгийг таг мартчихсан байгаа юм даа(сүүлд хараад санасан хэхэ). Гол асуудал нь нээлттэй эх гэдэг нь зөвхөн програм хангамж болоод эх кодоос гадна оюуны өмч, патент, зохиогчийн эрх, лиценз гэж юу болох талаарх бага сага ойлголтыг шаарддаг. Өчигдөр Огоогоос өөрийн орчуулсан нээлттэй эхийн тодорхойлолтыг уншсан эсэхийг асуухад дажгүй санагдсан боловч зарим нэг зүйлсийн талаар мэдэхгүй болохоор хэсэг зүйлсийг төдийлөн ойлгоогүй болохоо хэллээ. Иймийн учир дээрх зүйлсийн талаар өөрийн уншиж мэдсэн зүйлсээсээ хуваалцахаар шийдлээ.

Оюуны өмчийг хараар тайлбарлах юм бол булчингаараа бус оюун ухаанаараа бий болгосон өмчийг эсвэл санааг хэлж байгаа юм. Үүнийг ШБОС буюу шинэ бүтээл, оновчтой санаа ч гэж хүмүүс хэлдэг, таны оюун санаанд бүтсэн бүх зүйл л таны оюуны өмч билээ. Утаагүй зуух, шаталт сайн нүүрс хийх санаа гээд юу ч байж болно. Ингээд бас болчихгүй та өөрийн оюуны бүтээлийг хамгаалахын тулд тодорхой байгууллагад очиж бүртгүүлж гэрчилгээ гардах ёстой. Монголын хувьд бол Оюуны Өмчийн Хороонд. Таныг санаагаа аваачмагц тань шууд гэрчилгээ гаргаад өгөхгүй тэд ШБОС гэж юу вэ гэдэг зүйлийн тодорхойлолтод нийцсэн, өмнө бүртгэгдсэн ижил төрлийн өмч байгаа эсэхийг шалгаж байж болно. За ингээд та шинэ, оновчтой санаагаа бүртгүүлж гэрчилгээ авснаар патент гэгч зүйлийн эзэмшигч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл патент гэж зүйлийг бодит биш хийсвэр санаанд олгодог бөгөөд та өөрийн энэхүү өмчөө хэрхэн үнэлэх тань таны өөрийн дур гээд Иргэний Хуульд заачихсан байгаа. 1000000 доллар гээд дээшээ хараад хэвтчихсэн ч болно, тэгээд таны нэхсэн мөнгийг роялти буюу оюуны өмч ашигласны төлбөр гэж нэрлээд байх шиг байгаа юм. Харин альваа санааг гарт баригдаж нүдэнд үзэгдэх бүтээл болгосон тохиолдолд тухайн бүтээл дээрээ зохиогчийн эрх авна. АНУ-ын жишгээр (миний ойлгосон) альваа бүтээл гармагцаа ямар нэг бүртгэл шаардлагагүйгээр зохиогчийн эрх нь хамгаалагддаг, харин Монгол Улсын хувьд би судалж үзээгүй байна. Жишээ нь, дээр хэлсэн зуухны төрөл, нүүрсний жор, ном, дууны үг, дууны шүлэг, програм хангамж гэх мэт яг тэр бас ийм гээд заачих зүйл. Гэвч зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг танигдахгүйгээр өөрчилж чадвал өөрийн тань бүтээл болно :). Энд тодорхой хэмжээ хязгаар байдаг шиг байгаам. Гэхдээ хэн нэгэн танд мөнгө төлж өмч эсвэл бүтээл урлуулж байгаа тохиолдолд мөнгө төлсөн хүний өмч болох нь олонтаа. Мэдээж хэн нэгэн бүтээл хийгээд, түүнийгээ хамгаалчихаад өөртөө хадгалаад байхгүй бусдад ашиглуулах ёстой. Санааны хувьд дээр хэлсэн харин бүтээлийн хувьд зохиогчийн эрх эзэмжигч нь лицензээр дамжуулан худалдан авагчид тодорхой хэмжээнд эрх болоод үүрэг хүлээлгэж болно. Лиценз нь танд эрх олгож ч болно таны эрхийг хааж ч болно. Өөрөөр хэлбэл та энэ програм хангамжийг ингэж болно харин тэгж болохгүй гэсэн заалтууд. Дээрх оюуны өмчлөл болон зохиогчийн эрх нь тодорхой хугацаанд хамгаалагдах боловч хугацаа дуусмагц нийтийн эзэмшлийн болдог.

Нээлттэй эхийн гэх тодотголтой програм хангамж нь нээлттэй эхийн тодорхойлолтын шаардлагуудыг хангасан зохиогчийн эрх эзэмшигчээс хэрэглэгчид эрхийг дамжуулж буй лицензээр тодорхойлогддог. Жишээлбэл, эх код нээлттэй байх ёстой, өөрчлөлт хийх боломжтой байх ёстой, хэнд ч өгч болдог байх ёстой, хэн нэгний гадуурхах ёсгүй гээд л. Нээлттэй эхийн тодорхойлолтоос болоод ч тэр үү нээлттэй эхийн лиценз нь таны эрхийг хязгаарлахаасаа илүү таны юу хийх боломжтойг зааж өгсөн байдаг. Ер нь хуулийнд л хоригоогүй л бол юу ч хийж болдог шүү дээ :D. Одоогийн байдлаар 50 гаран ийм лиценз байна гэж байгаа боловч түгээмэл ашиглагддаг нь гарт багтана. Дээрх зүйлсийг Монгол Улсын хуулинд хэрхэн заасан талаар судалж байгаад илүү тодорхой, албан ёсны нийтлэл бичнээ тэгж байгаа(хэзээ нь тодорхойгүй). Одоо харин та Нээлттэй Эхийн Тодорхойлолтыг уншаад үзээрэй. Танд хэр ойлгомжтой байна?

Галтүнэгний кино

Энэ огт өмнө нь бичдэг байсан блогуудтай адилгүй. Өнөөдөр жаахан тэнэж яваад нэг ийм юм оллоо. Хөөрхөн бас таалагдсан.



Ямартай ч Firefox ашиглаж байгаарай. Бусад өөр видеонуудыг http://www.firefox.com/tv сайтаас үзэж болох юм байна лээ.

2006-12-12

too lazy to fail

Энэ үгийг утгачлаад орчуулбал "алдаа хийхээргүй хэт залхуу" гэсэн үг гарах болов уу. Хэн нэгэн сайн ч муу ч ямар нэг зүйл хийж байвал заавал шүүмжлэлд өртөж, муугаар хэлүүлж байх юм. Тэр хүнийг юм хийж бүтээснийх нь төлөө ингэж шийтгэх хэрэг байгаа юм уу? Өөрсдөө сүрхий зүйл хийж гавиагүй байж бүтээсэн нэгнийгээ ингэх ямар хэрэг байна? Хийж гавьсан байсан ч гэсэн. Хүн бүр адилхан байх албагүй. Хэрэв тэр хүний урам хугарч цаашид хийх бүтээх сонирхолгүй болвол яах вэ? Эцэст нь хэн хохирох вэ? Үнэхээр шүүмжлэх зүйл байгаа бол нөхөрсөгөөр шүүмжилье. Гэхдээ бас шүүмжилснийхээ хэрээр урмын үг хайрлаж, нэг нэгийгээ дэмжиж сурцгаая хүмүүсээ. Уриалж байна.

Please, spread the word about ...

Хүн болж ухаан орсон цагаас хойш азийн хоёр, европын нэг улсаар орж янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцлаа. Дээрх хүмүүстэй уулзаж ярьж байх үед Монгол Улсын маань талаар мэдлэг үнэхээр нимгэн болох нь анзаарагдсан. Хамгийн хачирхалтай нь ихэнх нь Хятадын гэж боддог. Үгүй ш дээ.

Хамгийн түгээмэл асуугддаг асуултуудыг тооцвол:
- Чи хятад уу?
- Монгол гэж улс байдаг юм уу?
- Монгол Хятадын хэсэг үү?
- Та нар хятадаар ярьж, бичдэг үү?
- Та нар машин унаж, байшинд амьдардаг уу? (монголын талаар мэддэг нь)

Хачирхалтай нь эдгээр асуултыг асууж байгаа хүмүүсийн зарим нь "би монгол хүнтэй уулзаж байсан" эсвэл "би монгол найзтай, тэр гэдэг" гэж ярих нь яана. Гадуур явж байгаа хүмүүсээ Монгол Улсынхаа талаар үнэн мэдээллийг түгээж байгаачээ гэж хүсье. Зарим талаар энэ Хятадын бодлого ч явж байж магад гэж хардах юм. Учир нь хэзээ нэгэн цагт Монгол Хятадын эрхшээлд орвол гадаад улсууд гайхахгүй, болдог юм болсон, эсвэл байсан юм хэвээрээ үлдсэн мэт сэтгэгдэл төрөх бишүү. Харин мэдээллийг хүргэснээрээ дээрх асуудлаас тодорхой хэмжээнд сэргийлж чадах юм шиг санагдах юм. Дээрээс нь Хятадын гэсэн тодотголтой "өвөр монголчууд" болон бусад монгол туургатан улсуудаа нэгтгэж "Нэгдсэн Монгол Улсыг" байгуулах хэрэгтэй мэт. За хадуурч байна. Миний гуйх зүйл бол ....

"Цахим Монгол"-ын талаар ...

Блогчин, сэтгүүлч Галаарид Элбэгдоржийг өмөөрч, Энхболдод талархахын учир блогтоо тэднийг гадаадад явж юм үзээд бас хоосонгүй ирсэн талаар бичсэн байсан. Гэхдээ зөвхөн үүний талаар биш бас их сонирхолтой. Харин энэхүү блог нь Зоригтын "загатнасан газар маажиж" Цахим монгол хөтөлбөрийн талаар өөрийн бодлыг хэлсэн байна, ер нь шүүмж. Тэрээр бас миний "загатнасан газар маажив". Харин би тэнд ажилладаг цөөнгүй хүн танидаг, санал бодлоо хуваалцдаг басхүү монголд байдал ямар байгааг тодорхой хэмжээнд мэдэхийн хувьд "Цахим Монгол" талаар бичье. Өмөөрч байгаа юм биш, шүүмж ч бас байгаа гэхдээ ...

"Цахим Монгол" хөтөлбөрийн хэсэг "Бүх нийтийг компьютержүүлэх" хөтөлбөрийн хүрээн чадал муутай зарим хүмүүсийн тодорхойлсноор чанар муутай компьютерүүдийг маш хямд үнээр монголын ард түмэнд нийлүүлж эхэлсэн. Доод үнэ нь 250$. Мэдээж ийм үнээр өндөр үзүүлэлттэй супер компьютер авахгүй нь лав. Гэвч энэ алхамаараа хүмүүсийг компьютертай танилцуулж, түүний ач холбогдлыг ойлгуулах гэсэн байх. Өнөөдөр дийлэнх хүмүүс компьютер гэж байдгийг мэддэг боловч яг ач холбогдлыг ойлгохгүй болохоор худалдан авдаггүй. Боломжийн үнээр заръя, өөрсдөө туршиг, ач холбогдлыг нь ойлгог. Ойлгох нэг бий ойлгохгүй нэг бас боловч эхнийх нь давамгай байна байх. За мэдээж олон компьютер хэрэглэгчтэй болсон тохиолдолд програм хангамжийн гэх зах зээл арай өснө, басхүү хүчтэй, хурдтай компьютерүүдийн хэрэгцээ ч нэмэгдэх байх. Хажуугаар нь компьютер зардаг компаниуд хөлжөөд авах нь мэдээж. Овойж оцойхгүй ч хоосонгүй. Тоог чанарт хувиргаж эхэлж байгаа нь энэ. Энэхүү эхний алхам тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжсэн гэж хувьдаа дүгнэж байгаа.

"Бүх нийтийг компьютержүүлэх 2" буюу "Өрх бүрт интернэт" хөтөлбөр. Зорилго нь өрх бүрх боломжийн үнэтэй интернэтийн холболтыг хүргэх. Бас л өмнөхийн адил хурд удаан, чанар муу гээд шүүмжлэлүүд байж л байна. Гэхдээ ач холбогдол нь өмнөхтэй яг адил буюу интернэт гэдэг юмны ач холбогдлыг л ойлгуулах. Миний хувьд интернэт чухал гэдгийг мэддэг авч үнэнээс нь болоод гэртээ өнөөг хүртэл холболтгүй. Ийм цөөхөн интернэт хэрэглэгчидтэй болохоор гарч байгаа зардлаа хуваагаад ерөнхий үнэ өндөр гарна. Харин механик аргаар хэрэглэгчдийг олшруулах замаар интернэтийн үнийг бууруулж байна, үнэхээр хэрэгтэй бол хурдан чанартайг сонгож болох шүү дээ. Зарим нэг шалтгаанаас болж явц удааширсан тал бий ч эхнээсээ хэрэглэгчдэд хүрээд эхэлчихэж ээ. Сонирхуулахад "Улсын мэргэжлийн хяналтын газар" гээд маш том байгууллага интернэт байтугай дотоод сүлжээгүй байвал яах юм бэ. Бас тэдгээрийнхээ ач холбогдлыг ч мэдэхгүй.

Энэ замаар компьютер болоод интернэт хэрэглэгчдийн тоог нэмж бидний ажиллах, хооллох зах зээлийг тэлж өгч байна. Агуулгын шаардлага бас агуулга үүсгэх асуудал ч нэмэгдэх нь дамжиггүй. Жижиг тогоон дотор багахан хоолны төлөө алалцах биш арай том тогоонд чадвал том, чадахгүй бол жижиг хоолны төлөө. Гэвч энэ бүхнээр ажил дуусахгүй. Бүх төрийн байгууллагуудын вэб хуудсуудыг загварынх нь хамт нэгтгэж нэг серверт оруулав, үүнийхээ адилар бүх цахим шууданг. Энэ замаараа вэб урладаг болоод хост хийдэг хүмүүс, байгууллагуудын бизнесийг төр нь авчих юм. Хачин юм шүү. Дээр нь сүүлийн үед бүх ажлыг дээрээс нь доош хүчиндэж явуулдаг болж. Ямар зорилгоор ямархуу програмтай байх шаардлагатай талаар журам гаргалгүй шууд "энийг ашигла". Бас л чөлөөт сонголтыг боож, биднийхээ ажлыг булаагаад байна уу даа гэсэн бодол төрнө. Гэхдээ бидний үзүүлэх үйлчилгээнээс хэд дахин чанар муутай, удаан, хүнд сурталтайгаар. Эндээс хэдхэн хүн том хоол иднэ, уг нь бүгдээрээ адилхан өлсөхгүй байвал болох бишүү. Хамгийн шүүмжлэлтэй ханддаг ганц асуудал бол "ийм бодлогын бичиг гарлаа, ийм ажил хийгдлээ" гэж мэдээлэх. Үүнийхээ оронд "ийм бодлого хийж байна, ийм ажил хийх гэж байна" харин дараа нь "хийчлээ" гэж явах ёстой. Нээлттэй ажиллагаа нь заримдаа ямар ч үр дүнгүйгээр ажлыг удаашруулах тал байдаг боловч өнөөдрийн нийгэмд энэ заавал байх ёстой.

Шүүмжлээд байвал дуусах ч үгүй, бидний нас ч хүрэхгүй. Түүнийхээ оронд хамтран ажиллах ямар боломж байгааг судалж аль болох хамтран ажиллах хэрэгтэй. Тэнд хэдэн хүн ямар их ажил амжуулахын төлөө ажилладаг гэж бодож байна, арай л аймар. Зөвхөн нэг сэдэв биш олон сэдвүүд авна судална, хийнэ бас хувийн амьдралаараа амьдарна. Шинэ салбар, шинэ байгууллага, залуу хүмүүс ажилладаг болохоор шинэлэг зүйлст сонгог ханддаг юм шиг санагддаг. Харин тэдний эсрэг зогсохын оронд хамтран ажиллаад "гэрэлт ирээдүйн" төлөө хамтдаа алхавал ч ... Гэхдээ бүү шүүмжил гэсэнгүй, шүүмжлэх хэрэгтэй, цочроо өгөх хэрэгтэй.

Блогийн багц 2006-12-12

Анх долоо хоног бүр уншсан сонирхолтой блогуудаа багцалж нийтэлж байя гэсэн боловч тухайн үед мэддэггүй байсан уу, олон блогчин байгаагүй юм нэг л болж өгдөггүй байсан. Харин өнөөдөр бүх юм өөр болжээ, өдөр тутам ч багцлаад тодорхой юм хүргээд байх боломжтой болчихож, гэвч тийм зав үнэхээр алга. Сүүлийн үед юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй завгүй л байх юм, байж байгаад нэг бөөндөж блогууд уншина бас бичнэ. Бас бүр тийм биш юмаа, хааяа бас цаг заваа зохицуулаад байх юм. Цагаа зохицуулахдаа л бас алдаад байх шиг. За ингээд багцаа хүргэе гэхдээ шинэ хуучин гэлгүйгээр, цаашид зөвхөн шинүүдийг уламжлал болгох гээд үзнээ.

- Энэ оны Хамгийн Шилдэг 10н блогчин гэсэн блогтоо Ганбаатар шилдэг 10 блогчинг шарлгаруулах уриалга гаргажээ. Бас жижиг дүрэмтэй байх юм. Энэ хаягаас ороод шалгаруулах журам болон бусад хүмүүийн саналыг үзэж болно.

- Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон. Галаарид өмнө нь орчуулга хийж эхлэх гэж буй залуучуудад үг хэрхэн сонгох талаар сонирхолтой боловч миний хувьд санал бүрэн нийлэхгүй байгаа. Энэ талаар миний саналыг Орчуулгын талаар миний бодол блогоос уншаарай.

- Баянмөнх Яагаад эмэгтэй хvн компьютерээс илvv гэж? блогт эмэгтэй хүн болон компьютерийн давуу болон сул талуудыг харьцуулжээ. Бас үнэний ортой зүйл байна лээ шүү :D. Гэхдээ яаж ч бодсон эмэгтэй хүн намайг хайрлана, харин би хариу хайрлана.

- Дөлгөөн бухимдал... блогтоо өөрийн бухидал болон залуу хүний хувьд өөртөө шүүмжлэлтэй хандсан зүйлсээ бичжээ. Шүүмжийг нь уншаад үзээрэй.

- Баярсайхан Цахим монгол оо? гэсэн блогтоо МХХТГ-ын хийсэн, хийж буй ажлуудын талаар бичжээ. Голчлон шүүмж бичсэн байна. Өмнөх блогтоо хэлж байсан, шүүмжлэхээс гадна хамтарч ажиллах шаардлага байна.

Энэ удаад ингээд төгсгөе. Ер нь блог уншсан бүртээ тэмдэглэл хийгээд явахгүй бол сүүлд нь агуулгыг санаад хэний блогоос, ямар нэртэй байсныг нь санахгүй юм байна :).

2006-12-11

Орчуулгын талаар миний бодол

Мэдээллийн технологи бидний амьдралд өргөн нэвтэрч байгаатай холбогдоод ч тэр үү сүүлийн үед бидний хэсэг хүмүүс орчуулгын талаар их өгүүлэх болж. Ялангуяа бидний хувьд шинэ гэж хэлж болох мэдээллийн технологийн талаар. Би ч энэ хүмүүсийн тоонд бас орж байгаа болохоор энэ талаар бодож явдаг зүйлсээ хуваалцах гэсэн юм.

Миний бодлоор орчуулга хийхдээ аль болох монгол үгээ авах хэрэгтэй, хэрэв тэр үг нь байхгүй бол ямар нэг зүйлтэй зүйрлүүлэн тухайн үгний утгыг баяжуулах. Үг олдохгүй гэж санаа зовох хэрэггүй тайлбар толиноос харах эсвэл хэл шинжээчээс асуух замаар ихэнх тохиолдолд олдоно, гэхдээ үнэхээр олдохгүй бол үг шинээр үүсгэх эсвэл зээлдэж авах хэрэгтэй. За тэгээд зүйрлэхдээ хүн бүхэнд ойлгомжтой байлгах гээд нэг үгийг хэт олон бас хоорондоо авцалдаагүй салаа утгатай болгох нь утгагүй, тиймээс түгээмэл хэрэглэдэггүй боловч утгыг гаргаж байгаа үгийг ашиглах нь зөв. Энэ талаар Ленин багш маань "Үйлдвэрийн сонин сая сая хөдөлмөрийн хүмүүст хялбар ойлгомжтой байх ёстой. Гэхдээ хялбарчлах нэрээр хэт дур мэдэн аашилж болохгүй. Боловсрол муутай уншигчийн хэмжээгээр бус, харин хэлбэрэлтгүйгээр маг алгуурхан тун болгоомжтойгоор тэдний хөгжил, боловсролын хэмжээг өөд татах хэрэгтэй" гэж хэлсэн болохыг ХэлЗасаг сайтаас олж үзлээ, хуучин нийгмийн агуулгатай болохоос санаа бол маш зөв. Мөн Оксфорд дээрх үгний анхдагч утга нь шинээр гарсан үгтэй авцлдахгүй байх тохиолдолд олон байна. Жишээлбэл програмчлалын хэл дээр бичсэн кодыг машинд ойлгомжтой хоёртын хэлбэрт шилжүүлэх үйлдэл нь бичиг баримтыг эмхэтгээд, хэнд ч ойлгомжтой хэлбэртэй төстэй санагдаад compile буюу эмхэтгэх гээд авчихаж. Мэргэжлийн хүн нь ийм утга байдгийг нь мэдээд бас хэнд ч хүртээмжтэй тайлбар толь байхад болох бишүү. Бас компьютер байна, compute гэдэг нь тооцоолоод хариу гаргахыг хэлдэг байж гэтэл computer нь тэр ажлыг үйлддэг зүйл буюу тооцоологч эсвэл тооцоолуур. Гэтэл яагаад бид эмхлэх гээд явахын оронд компайл, компилятордох эсвэл хөрвүүлэх гэж авах ёстой гэж? Энэ мэт жишээнүүд олон байдаг. Гэлээ ч огт холбогдолгүй үг авч байгаа биш мэдэхгүй хүн яг утгыг нь мэдэхгүй ч төсөөлөл бол бууна. Гэхдээ үүгээрээ бүх үгийг монголчлох эсвэл зүйрлэх ёстой гэсэнгүй харин энэ арга нь бидэнд эх хэлээ хадгалж үлдэх, үгсийг илүү эргэлтэнд оруулах мөн хэнд ч ойлгомжтой байх хамгийн дөт, зөв зам мэт санагдаж буй учир хэллээ.

Гэхдээ энэ үг сонголт, орчуулгын асуудал мэдээллийн технологийн бидэнд ямар хамаатай юм бэ, бидний ихэнх нь мэддэг болохоор бидэнд англиар ашиглах нь хялбар байна ш дээ гэж та бодож байна уу? Үгүй шүү, харин ч бүр илүү хамаатай гэхдээ таныг хэл шинжээч бол гээгүй. Яагаад хамаа? Өнөөдөр мэдээллийн технологи гээч зүйл бидний амьдралд угаасаа эргэлт буцалтгүй орчихож тэгээд ч мэдээллийг шороон түмэн хүнд хамгийн хурдан хүргэх хэрэгсэл нь болчохсон болохоор бидэнд хамаагүй зүйл биш тэгээд ч бид чинь бас эх хэлээ мэдэх ёстой юм байнаа биз дээ. Ялангуяа та эх хэл дээрээ агуулга үүсгэж, орчуулга хийж эсвэл шинэ програм бичиж байгаа бол. Тэгээд ч та анх сурч байхдаа гадаад үгийг буулгаж ойлгох гэж, гадаад хэлнээс сурах гэж хэрхэн зүдэрч байснаа сана даа. Дээрээс нь "бид" гэдэг хүмүүс энэ нийгмийн хэдэн хувийг бүрдүүлж байна. Хүний юм бол хэзээд л хүнийх байдаг. Гэхдээ та орчуулж байна гээд хөрвүүлж байвал юу ч хөврүүлж байсан хамаагүй хөрвүүлэх, тохируулж л байвал юу ч тохируулж байсан тохиргоо, засах бас өөрчилөх үйлдлүүд нь юунаас үл хамааран засах эсвэл өөрчлөх, хэрэглэдэг зүйл байвал хэрэгсэл гэж муйхарлаж болохгүй. Эдгээр үгсийн утга нь хэдэн арван салаа болж орчуулснаасаа бүр эс юм болно. Харин үүнийхээ оронд найруулан өөрчилж байвал найруулах, алдааг нь засамжлан өөрчилж байвал залруулах, хөдөлмөрлөхөд хэрэглэж байвал багаж, хүн алахад хэрэглэж байвал зэвсэг, хөгжим тоглоход хэрэглэж байвал зэмсэг гээд авчихвал ч час хийгээд явчихна биз. Жишээ нь цонхны Edit гээд цэсийг Найруулга гээд авчихвал зохимжтой санагдах юм. Учир нь тэнд чинь сонгоод хайчлаад эсвэл хуулаад өөр газар аваачих өөрөөр хэлбэл найруулан өөрчлөхтөй холбоотой зүйлс байдаг байхаа? Компьютерийн програм хангамжийг орчуулах тал дээр бас санал зөрөлдөөнтэй асуудлууд байна. Жишээ нь Монгол Улсын хоёрдогч хэл англи хэл байна эсвэл бүх нийтээрээ англи хэл мэдэх ёстой болохоор тэр дэмий. За боль доо, зөвхөн компьютер ашиглаад англи хэл сурчих уу, эсвэл компьютер ашиглахын тулд англи хэл мэддэг байх шаардлагатай юм уу? Үгүй дээ, тийм шаардлага байхгүй. Манай өвөө гэж 80 шахсан өвгөн байгаа гэхдээ зүгээр суугаад байхгүй бичиг цаастай ноцолдож компьютераа бас ашиглах гэнэ. Яахав хэлж өгсөн гэдэг зүйлийг бичээд авчихсан тэрийгээ харанхуйгаар хийнэ. Энэ мэтчилэн амьдралд нь гадаад хэл шаардлагагүй олон хүмүүс байгаа байсаар ч байх болно гэхдээ тэдгээр хүмүүсийг мэдээлэл авах эсвэл бусадтай харилцах хэрэгслээр нь дамжуулан дарамталж байхын оронд чаддаг зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Жишээ нь, шүлэг бичдэг хүн шүлгээ компьютерт оруулахын тулд англи хэл сурах хэрэггүй үүнийхээ орон олон сайхан шүлэг бичвэл дээр.

Баахан шүүмж асуудал бичлээ, ер нь тэгээд гарах гарц байна уу? Мэдээж, ганц биш маш олон байгаа. Хамгийн гол нь хүн бүр нийгэмдээ идэвхитэй оролцож түүндээ цаг зав гаргаж, бага атугай зүйлийг хийх нь чухал. Үүнээс гадна нэгэн үзүүрт сэтгэлээр хэн ч хэнтэй ч хамтран ажиллах ёстой юм. Ирчихсэн байгаа мэдээллийн технологи биднийг ижил тэгш хамтран ажиллах боломж олгоод байгааг хаа сайгүй л ярьцгаах болсон, үүнийгээ ашиглая л даа. Жишээ нь OpenMN баг нээлттэй эхийн програм хангамжийг орчуулж байхад миний мэдэхийн нэг ч хэл шинжээч байгаагүй, тиймдээ ч буруу замаар будаа тээсэн зүйлс байгаа. Тэр үед хамтраад ажилласан бол өнөөдөр байдал арай өөр байх байсан. Өнөөдөр ч бас бидэнд хамтран ажиллах зүйлс мундахгүй л байна. Бидэнд та бүхний зөвлөмж хэрэгтэй байна. Бас миний санаж явдаг нэг зүйл бол монгол хэлний цахим тайлбар толь бичиг бүтээх гэхдээ хэн ч ашиглаж болох. Өнөөдөр хэд хэдэн толь бичиг гарлаа, ахиад бас гарах гэж байх шиг байна гэвч тэдгээр нь 100$ хавьцаа үнэтэй байх юм. Цөөхөн хэдэн хүнд л хүрнэ. Мэдээж оюуны хөдөлмөрөө үнэлэх нь зөв боловч тэдгээр хүмүүс эндгээрийг мөнгө олох гэж хийж байна уу мэдлэг түгээх гэж хийж байна уу? Хэрэв мөнгө олох гэж ингэсэн бол болж байна. Харин мэдлэг түгээх гэж хийсэн бол өөр хэрэг. Мэдсэн юм түмэнд түгж байж мэдлэг болдог гэж үг байдаг үнэхээр түгээх гэж байгаа бол хямд үнээр зарах эсвэл үнэ төлбөргүй вэб хувилбар үүсгэх арга байж болж байна. Жишээ нь оросын ABBYY компани вэбийн толио үнэ төлбөргүй ашиглуулж, харин компьютер дээр суулгадгийг нь зардаг. Орос сургуульд сурсан болоод ч тэр үү мэдэхгүй монгол үг тааралдана тэгээд л Цэвэлдэнэ, гэвч нөгөө Цэвэл нь тийм ч сайн толь биш байх юм. Өөр бас та блог бичих эсвэл бусад замаар өөрийн үзэл бодлыг, мэдлэгийг хуваалцаж болно харин уншсан хүн авах гээхийн ухаанаар хандах болно. Цаагуураа та хэдэн хүн сайнаар нөлөөлж буйгаа мэдэхгүй л байгаа.

Цааш нь бичээд байвал их л юм байна, гэвч одоогоор ингээд төгсгөе дөө. Сүүлийн үед нээлттэй эхийн програм хангамжийг монгол хэл рүү орчуулах ажлыг эрчимтэй явуулах талаар бодол толгойноос салахаа байлаа. Өвөө маань компьютераа ашиглаж чадахгүй их муншинаж байгаатай бас холбоотой болов уу.

Open XML стандартаар батлагдлаа

Саяхан Microsoft-нхон Windows болон Office програмуудынхаа шинэ цувралыг сүр дуулиантайгаар олонд зарлаж басхүү араасаа хэл ам таталсаар байгаа. Microsoft Office 2007-д орсон шинэлэг зүйл нь XML-г бүрэн дэмжиж цаашид бүх файлуудаа Open XML гэх Microsoft-н форматаар хадгалах болсон. Өнгөрөгч пүрэв гарагт Open XML нь албан ёсоор ECMA-н стандарт болсныг зарласан бөгөөд энэ нь Open XML формат хэрхэн мэдээллийг хадгалдаг болоод түүнийг уншдаг, бичдэг програм хангамжуудыг нээлттэйгээр бүтээх боломжийг олгож байгаа юм. Цаашлаад ISO стандарт болох юм байна. Өөрөөр хэлбэл стандарт нь хэнд ч нээлттэй байх ёстой байдаг. Удахгүй Open XML уншиж, бичдэг нээлттэй эхийн програм хангамжуудыг харна гэж итгэж байна. Гэтэл цаана нь бас аюул байна. Юу вэ гэвэл Microsoft Office 2007 нь мэдээллээ хадгалахдаа Open XML форматаар хадгалаад зогсохгүй бас хамгаалалт хийж байна гэнэ. Энэ нь Microsoft Office-с бусад програм бараг нээж доторхыг нь харуулж чадахгүй бололтой.

Энэ Microsoft ер нь яах гээд байна? Нээлттэй сайхан өрсөлдөж чадахгүй л юм байх даа? Эндээс харахад Microsoft нээлттэй эхийн програм хангамжуудыг өрсөлдөх чадваргүй гэдэгч бас байж болох чадамжуудыг үнэлж байх шиг.

2006-12-08

"Нээлттэй Эхийн Тодорхойлолт" хяналт

Нээлттэй эхийн програм хангамж гэж юу вэ, ямар шаардлагуудыг хангах ёстой вэ гээд Нээлттэй Эхийн Тодорхойлолт заачихсан байдаг. Эдгээр заалтуудыг хангасан тохиолдолд нээлттэй эх гэж үзнэ. Өмнөх блог дээрээ би үүнийг тодорхой хэмжээнд орчуулсан болохоо мэдэгдэж та бүхнийг хянаж өгөхийг хүссэн билээ. Тэр блогд маань сэтгэгдэл ирснээс гадна Галаарид ах орчуулгын сэдэвтэй холбоотой нэгэн блог бичсэнээс санаа авлаа. Уг блогт хэд хэдэн удаа хянасан уншилт хий гэсэн байна, өмнө нь бас уншиж байсан ч энэ удаад хэд дахин илүү нухацтай уншаад бас багагүй засвар хийлээ. Миний хувьд өмнөхөөсөө илүү ойлгомжтой болсон мэт санагдаад байх юм, гэхдээ хүн өөрийн хийсэн зүйлээс алдаа хайхдаа маруухан байдгийг та бүхэн мэдэх хойно.

Одоо байгаа Нээлттэй эхийн тодорхойлолтын орчуулгыг өмнөх орчуулгатай нь хянаад үзээрэй. Энэ шинэ хянасан хувилбартаа MUUG-н орчуулгаас зарим нэг жишээ, санаа авлаа.

Монголд хүний хөгжил муу байна

Өнөөдөр сонинд ийм гарчигтай нэгэн мэдээ нийтлэгджээ. Энэхүү нийтлэл нь хүний хөгжлийн тайлангаас иш аван өгүүлсэн байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 98% нь бичиг үсэг тайлагдсан гэж мэдээлсэн байна. Энэ үнэхээр том үзүүлэлт биш гэж үү? Энэ тоог хэрхэн чанарт шилжүүлэх вэ?

Саяхан нэгэн мэдээ уншиж байхад Хятад улс судалгаа шинжилгээний ажилд зардаг мөнгөөрөө дэлхийд 2-р байранд орох боллоо гэж байсан. Энэ оноос эхлэн 160 тэрбум долларыг зөвхөн энэ салбарт зарна, хариу АНУ 300 гаруйг зарж тэргүүлж байх юм. Хэдийгээр тэд асар их хэмжээний мөнгө зарж байгаа ч нийт хүн амын бичиг үсэг тайлагдсан болон зарим нэг сургалтын арга барилаас болоод Энэтхэгийг ч гүйцэх энүүхэнд байгаа бололтой(нэг судалгаанаас үзсэн юм). Гэтэл бид чинь үнэн ч худлаа ч ийм өндөр үзүүлэлттэй, зөрсөн ч шалихгүй биз, байж яагаад цоороод гараад ирж болохгүй гэж? Зөв бодлого, зөв манлайгч л дутагдаад байх шиг.

2006-12-07

Филиппиний сониноос

Даваа гарагт Үнэнбат бид 2 Филиппиний нийслэл Манилад сургалтанд суухаар ирсэн билээ. Хэдийгээр ирээд удаагүй байгаа ч хэд хэдэн сонин гэж болохоор зүйлсийг анзаарснаа хуваалцах гэсэн юм.

Хамгийн их сонирхол татаж байсан зүйл нь хоолны асуудал байлаа учир нь хавар Куала-Лампурт очоод идэх хоол бараг олдохгүй хэцүүхэн байлаа. Үнэндээ би далайн хоолонд тун сүжиггүй. Миний байрлаж байгаа орчинд махтай хоол элбэг олдох боловч их бага порцтой юмаа. Ихэвчлэн тахиа, гахайн мах идэх боловч үхрийн мах бас олдоцтой. Тэдгээр махын янз бүрээр амталж бэлдэх боловч тийм ч халуун биш. Хоолтой холбоотой сонин зүйл нь шөлтэй ч шөлгүй ч заавал халбага сэрээ хослуулж иднэ. Би өөрөө тавгандаа хоол үлдээхгүй байхыг эрхэмлэдэг учир заримдаа сэрээгээр хоолоо шавхах нь хүндрэлтэй байдаг, энэ үед энэ арга жинхэнэ хэрэг болох юм байна лээ. Энд идэх юмны үнэ их боломжийн мэт боловч их бага порц ирнэ, нөгөөхийг нь идээд цадахгүй ч өл даарчихна. Жишээ нь 1$ орчимоор нэг аяга будаа, 100 хүрэхгүй грам мах авна, гэхдээ уух ус нь үнэгүй. Хэрэв ундаа эсвэл эрдэсжүүлсэн ус авна гэвэл үнэтэй. Өчигдөр орой жаахан өлсөж байсан тул жаахан жимс авахаар шийдэж 0.80$ орчимоор нэг кг гадил жимс авч идлээ. Монголд зарагддаг хужааг бодвол хамаагүй гоё амттай байсан.

Энд ирсэн зорилго нь LPI гээд линуксын сургалтанд сууж эцэст нь шалгалтыг нь өгөх. Ирсний дараагаар сургалт үнэгүй боловч шалгалт үнэтэй байж таарлаа. Авчирсан хэдэн ногооноо солиулахаар банк ортол манайд данстай юу гэж юм. Ажилтны тайлбарласнаар зөвхөн банкинд данстай хүн л банкаар мөнгө солиулж болох юм байна, гэвч тэрхүү ажилтан маань өөрийн нэр дээр солиулж бид хоёрт их тус хүргэлээ. Төлбөрөө төлчихлөө, дараа долоо хоногийн баасан гарагт шалгалт өгнө тэнцвэл LPI Level 1 батламж, үгүй бол хоосон нь ойлгомжтой.

За тэгээд хаа газар байдаг гуйлгачин, хулгайч, дээрэмжин энд байдаг бололтой. Мөн өчигдөр эндэхийн худалдааны төв ортол нэг лангууг нь туузаар хүрээлээд, хамаг хүмүүсийг нь гаргаад хаячихаж, хэрэг гарсан бололтой. Бас гадил жимсээ идээд алхаж ч амжаагүй байхад хэдэн бацаанууд дагаад эхлэх юм.

Энд энд гэж яриад л байх юм гэж бодож байж магад. Бид 2 Дилиман дахь Филиппины их сургуулийн кампус дотор зочид буудалд байрлаж, тэндэхийн нэг сургууль дотор сургалтанд сууж байгаа. Одоогийн байдлаар энэ хүрээнээс гарч амаагүй л байна. :). Уг нь хэд хэдэн юм бичиж байгаад орхичихсон, удахгүй нийтлэнээ.

"Хачин юм шүү" блогийн хариулт

Нянгийн эсрэг хамгаалалт бүхий цахим шуудангийн сервер суулгаж байхдаа анзаарсан хачирхалтай зүйлийн талаар Хачин юм шүү блог дээрээ бичиж байсан. Өнөөдөр Баска ахаас миний асуултын хариуг ирүүлжээ. Доор сийрүүлбэл:

Sain baina uu?

http://duluu.blogspot.com/2006/11/blog-post_29.html
EICAR buyu anit virusyn softyn ajillagaag shalgahad ashigladag string ni 68 byte hemjeetei baidag. Getel zarim text editoroos bolood 70 byte hemjeetei boloh tohioldol garch baisan.
Tuhailbal hooson moer toegsgold ni nemeh yed. Chi HEX editoroor EICAR stringyn toesgolyg ni shalgaj yzeh ni zyitei bolov uu. Ene yed harin anti virusyn softuud tanihaa baidag.
Hariultyg blog system deer account baihgyi tul end bichlee. Busad hymyyst ch gesen medyyshtei yum bolvo uu.

ME,
Baasandorj

Google PageRank-н тухай

Угаасаа Google-г мэдэхгүй хүн одоо үгүй болсон, харин тэр найз маань энэ их мэдээлэл дундаас хэрхэн бидний хайсан зүүг олж өгөөд байнаа? Мэдээж бидний энэ бүхнийг хийхийн тулд маш нарийн, өндөр технологи, тооцоолол хэрэг болох нь гарцаагүй. Харин саяхан American Mathematical Society-с энэхүү PageRank гэж технологийн цаана ажиллаж буй математик томъёоллыг дэлгэн тавьжээ. Сонирхолтой мэт санагдаж байна.

2006-12-06

community?

Сүүлийн жилүүдэд community гээч зүйл бидний амьдралд илүүтэйгээр нэвтрэх болжээ. Гэтэл миний мэдэхийн community гэдэг үгийг монгол руу яг таг буулгачихаагүй байх шиг. Dictionary.com-с авсан англи тайлбар нь "a social group of any size whose members reside in a specific locality, share government, and often have a common cultural and historical heritage." гэж байна. Үүнийг бүлэг гэж арай л боломжгүй, нийгэм гэхээр society гэдгээс ялгарахгүй бас нэг л авцалдахгүй байх шиг, гал гэж бөхчүүдийн галтай зүйрлэж болох юм шиг. Ер нь дээрээс хойш бодсон боловч тохирох үг нэг л орж ирэхгүй юм, монгол хэлний үгийн баялаг муу болоод тэр байх. Хэрэв танд санал болгох хувилбар байвал сэтгэгдэлд үлдээх эсвэл над руу захидал илгээнэ үү.

2006-12-01

Нээлттэй эхийн тодорхойлолт

Нээлттэй эхийн тодорхойлолт нь ямар лиценз бүхий програм хангамжийг нээлттэй эхийнх гэж тооцох вэ гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Жаахан лицензийн талаар ойлголтыг дэлгэрүүлэн сийрүүлбэл альваа зүйл ялангуяа програм хангамж нь зохиогчтой байдаг бөгөөд зохиогчийн эрхийг зохиогч эзэмшиж байдаг. Харин лиценз нь зохиогчийн эрхийн эзэмшигчээс хэрэглэгч болон түгээгчид олгож буй эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Нэг ёсондоо та тухайн програмыг хэрхэн ашиглах болон ашиглаж болохгүй зааврууд гэж ойлгож болно. Харин нээлттэй эхийн тодорхойлолт нь "нээлттэй эхийн" лиценз ямар байх ёстойг зааж өгсөн байдаг.

Миний бие өчигдөр бас өнөөдөр багахан сууж байгаад Open Source Definition буюу Нээлттэй Эхийн Тодорхойлолтыг эхний хэлбэрээр орчуулж дууслаа. Та бүхнийг хянаад өөрсдийн саналыг өгөхийг хүсч байна. Алдаа бол байгаа гэдэгт би итгэлтэй байна, зарим нэг дутуу үлдээсэн ч зүйлс байнаа. Галаарид ахтай холбоо барих гэсэн боловч блогоос нь холбоо барих хаяг хайгаад олсонгүй. Хэрэв та энэ бичлэгийг уншиж байгаа бол надтай холбоо бариач. Та бүхнийг уншаад, хянаад өгөхийг хүсч байна.

Нээлттэй Эхийн Тодорхойлолт http://wiki.limnux.org/OpenSourceDefinition. Эхийг http://www.opensource.org/docs/definition.php хаягаас үзнэ үү.

12-р сарын 1

Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ гээч аймшигт тахалтай тэмцэх өдөр. Энэ өдрийн хүрээнд ДОХ-н эсрэг сурталчилгаа хийж, түүний аюулын талаар мэдээллийг аль болох олон хүнд хүргэх учиртай. Монголчууд бид ДОХ-н аюулаас хол байгаа гэвэл үгүй ээ овоо хэдэн тохиолдол илэрх, басхүү хүний алтан амь авч одоод байгаа билээ. Тиймээс монголчууд бид ДОХ гэх аймшигт өвчинтэй бүх нийтээрээ тэмцэх, түүний аюулын талаар мэдээллийг аль болох олон хүнд түгээх хэрэгтэй байна.

ДОХ-н талаар мэлээддийг Дотно сайтаас авах боломжтой.

Миний хувьд саяхан ДОХ-н шинжилгээ сайн дураараа өгч ямар нэг халдваргүй гарсан. Шинжилгээ өгөхөөс өмнө хүн л юм хойно багахан айдастай байдаг байсан бол одоо өөртөө бүрэн итгэлтэй байна. Та бүхнийг ч мөн адил шинжилгээ өгч өөртөө итгэлтэй амьдрахыг уриалж байна.

2006-11-29

Сайжирсан байна шүү

Саяхан Ubuntu дээрээ DVD бичих гэж GnomeBaker гээд нэмэлт програм суулгаж байсан. Гэтэл өнөөдөр би тэрхүү нэмэлт програмгүйгээр зүгээр л DVD бичдэг болж. GNOME болон Nautilus ийм хэмжээнд хүртэл хөгжөөд сайжирсан байна. Миний ашигладаггүй, мэддэггүй маш олон боломж байдаг тэдгээр нь ч мөн адил мэдэгдэхгүйгээр сайжирч л байгаа байх. Нээлттэй эхийн програм хангамж хувилбар хувилбараар биш харин минут хором бүрт улам бүр сайжирсаар байдаг. Энэ талаар өмнөх блог дээрээ ч бичиж байсан. Хурдан байна шүү.

Нээрээ Fedora 6-д овоо хэд хэдэн шинэчлэлт орсон гэхээр нь туршиж үзэх гэж DVD iso-г татаж авсан шүү дээ. Одоо шарчихлаа. Бас fedora 6 DVD iso эсвэл бичүүлж авах хүн байвал надтай холбоо бариарай. Харин миний хамгийн дуртай Ubuntu тархацыг http://mn.releases.ubuntu.com хаягаас татаж авч ашиглах боломжтой, мөн надтай холбоо барьсан ч болно. Харьж унтъя байз.

Өчигдөр сайхан пиводсон шүү

Өчигдөр "Их Монгол" уушийн газар Буянцогтоо ах, Үнэнбат, Нямдорж бид 4 жаал элдвийг ярилцаж суулаа. Мэргэжил, сонирхол нэгтэй болохоор нээлттэй эхийн програм хангамж, аутсорсинг, web 2.0, ирээдүйн чиг хандлага гээд ер нь хамж авч яриагүй сэдэв гэж байхгүй байхаа. Энэ өдрийг уулзалтын гол зорилго нь танилцах, санал бодлоо хуваалцах цаашид хамтарч хийх ажлуудын талаар бас ярилцах байлаа. Бидний хамгийн түрүүнд хийх, хамгийн том ажил нь "Мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэв дор лекц зохион байгуулах юм. Энэхүү лекц нь хамгийн гол нь мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтой байх гэсэн үндсэн шалгууртай байх бөгөөд илтгэгчид бүгд өөрийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж болох гэж бодож буй зүйлийнхээ талаар илтгэл тавих ёстой. Энэ бүгд хэнд хэрэгтэй, ямар ашигтай вэ?

Хэнд чиглэж байгаа вэ гэдгээс ямар ашигтай, хэнд хэрэгтэй нь тодорхой болно. Бид ярилцаж байгаад дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох гэж байгаа, их сургуулиа төгсөх гээд дипломоо бичих гэж байгаа, төгсчихсөн ажиллаж байгаа болон энэ салбарт ажилладаг компаниуддаа өөрсдийн үзэл бодлоосоо хуваалцаж, чиг хандлага болж буй зүйлсийн талаар хувиасаа танилцуулах гэсэн юм. Өнөөдөр хүн бүр тал талын мэдээлэл авч чадахгүй байгаа, чадах ч үгүй харин бидний харж байгаа зүйлсийг тэд ч бас хараасай гэж хүсч байна. Тэр чиг хандлага чинь тэгээд юу вэ? нээлттэй эх мөн үү? аутсорсинг мөн үү? web 2.0 мөн үү? эдгээрт ямар бодлого хэрэгтэй вэ? энэ бүх сэдвээр илтгэл тавьж хүмүүстэй чөлөөт ярилцлага хийнэ. Танд өөр нэг санаа байгаа бол бидэнтэй хуваалцаач, хамтдаа нэгдээд ажиллацгаая. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг.

Ямар нэг юм болоход "Их Монгол"-д орсоор байгаад сурчихаж, бас дажгүй ч газар. Пиво уунгаа мэргэжил, сонирхолт нэгт хүмүүстэй элдвийг ярьж олж хараагүй зүйлээ харж, ойлгож чадахгүй байсан зүйлсээ ойлгох ч сайхан байдаг шүү. Дээрх арга хэмжээг 1-р сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд явцын дунд илүү дэлгэрэнгүй мэдээлэл түгээж, сурталчилгаа хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

Хачин юм шүү

Өчигдөр өнөөдөр хоёр багагүй үзэж байж нэг "мэйл" сервер босголоо. Сүүлийн үед BSD гэхээсээ илүү линуксчин болсон болохоор линукс сервер тавилаа, дээр нь postfix, courier-imap, squirrelmail гээд. Багагүй үзэхдээ өмнө нь FreeBSD дээр гарч байсан шиг асуудал гарах болов уу гэж бодоод яг тийм асуудлыг линукс дээр шийдэх гээд ихэнх цагаа өнгөрөөчихсөн байх юм. Асуудал юу вэ гэхээр Squirrelmail-н нэвтрэх үг солидог plugin суулгаад хэрэглэгчид нь өөрийнхөөрөө нэвтрэх үгээ солидог юм хийх гээд FreeBSD дээр нэг л болоогүй. Ингэхдээ poppassd эсвэл courierpassd суулгаад түүнийгээ нэвтрэх үг солих plugin даа тохируулж өгөх юм. Эдгээр програмууд нь серверийн програм бөгөөд нэвтрэх үг солихоос өөр юм ч хийдэггүй. Гэтэл FreeBSD дээр болсонгүй ч гэж дээ болгож чадаагүй, энэ асуудлаа линукс дээр шийдэх гэж хайсан боловч эцэст нь ийм асуудал байдаггүй болохыг олж мэдлээ. За тэгээд бас онцын хэрэгцээгүй бол postfix+MySQL гэсэн сонголт дэмий болохыг бас их ухаарлаа. Өмнө нь exim, qmail ашиглаж бас postfix-р хамгийн энгийн мэйл сервер суулгаж байснаас өнөөдрийнх шигийг суулгаж байсангүй. Дээрээс нь өөрийн сервер байсан бол яаж ийж байгаад л явуулаад байна, харин өөр хүн цааш авч явах учир тухайн хүндээ их хялбар болгох гэж ихээхэн хичээв. За тэр ч яахав.

Суулгаж дуусахад Postfix + Courier + Squirrel + Amavis + Clamav + SpamAssassin гэсэн бүрэлдэхүүнтэй мэйл сервер ажилж эхлэв. Гаднаас юм ирж байна, гадагшаа явуулж байна, дотроо ч бас явж байна. Вирусын эсрэг хамгаалалтыг шалгахад үнэхээр хачин зүйл болов. Юу вэ гэхээр таны вирусын эсрэг програм ажиллаж байгаа эсэхийг вирус энэ тэр хайж явалгүй EICAR текстэн мэдээлэл эсвэл файлаар шалгаж болно. Түүнийг ямар ч вирусын эсрэг програмууд вирус гэж таних ёстой боловч өөрөө ямар нэг хор байхгүй. Хамгийн энгийн нь ийм текст:

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

Ийм агуулгатай захидалыг вирустэй гэж таних ёстой гэтэл

> X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

гэснийг вирус гэж танидаггүй байгаа даа. Сонин шүү. Та мэдэж байвал мэдлэгээсээ хуваалцаач. Ингэхдээ clamav 0.88.2 болон amavis 2.3.3 хувилбар ашиглаж байгаа. Нээрээ хэрэв та СПАМ-н эсрэг хамгаалалт ажиллаж байгаа эсэхийг шалгах арга мэдэж байгаа бол хуваалцаачээ гэж хүсмээр байна.

PHP community нээгдлээ

Сүүлийн үед монгол дахь нээлттэй эхийн програм хангамжийн хэрэглээ өргөн дэлгэр болж байгаа нь сайшаалтай. Гэвч бас зарим нэг гол утга санаануудыг ойлгохгүй байх шиг. За тэр ч яахав энэ тал дээр ажил хийгдэх байх. Энэхүү блогийг бичиж байгаа учир нь монголд PHP сонирхогчдыг нэгтгэх зорилготойгоор http://www.phpmn.org сайт шинээр нээгдсэн байх юм. Энэхүү санаачлагыг OpenMN-ий анд Хүрэлбаатар санаачлан эхлүүлж байгаа юм байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг байдаг түүний дагуу бид үзэл бодол, сонирходог зүйлсээрээ нэгдэн нягтарч бүхэл болох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ нь үзэл бодлын фракц, бизнесийн бүлэглэл шиг биш харин мэдлэг, мэдээлэл туршлагаа солилцдог ингэхдээ өөрийн биш харин нөхдийн эрх ашигийг дээдэлдэг байх нь чухал байдаг. Түүнд би амжилт хүсч байна.

Cola уухгүй ээ

Мэссэнжэрээр маш их хэмжээний мэдээлэл эргэлдэж байдгийг бүгд л мэднэ дээ. Харин өнөөдөр Eberx-н бичсэн нэг мэдээлэл ирэхээр нь үзлээ. Тэгсэн мань хүн бидний уух дуртай Кола гэдэг зүйлийн тухай овоо хэдэн шүүмжлэлийг цуглуулж бичжээ. Үүн дээр нэмээд өөрийн хэдэн санааг хэлэх гэсэн юм.

Ноднин шинэ жилийн өмнөхөн би тавхайныхаа ясыг цуулаад, анх удаа "ясны" гэмтэл авч үзлээ. Алхаж явж болохгүй, гипстэй, гутал таарахгүй гээд их зовлонгууд байсан, гэвч эдгээрээс Кола бас их нөлөө үзүүлж байлаа. Юу вэ гэхээр ажил дээр сууж байхад ам цангахад Кола уувал яс их янгинаж өвдөнө. Гэхдээ нэг өвдөөд зогсохгүй тэр өдрөө бас маргааш нь өвдөнө. За бас өвтгөөд зогсохгүй нөгөө эдгэж байгаа хөлөнд минь их нөлөөлж, эдгэрэлтийг ихээхэн удаашруулж байна лээ. Тэрнээс хойш ер нь Кола, хийжүүлсэн ундаа уухаа эрс багасгасан. Сүүлийн үед бүр огт уухгүй байхаар хичээж байгаа боловч хааяа уучаад бас болохгүй юмаа. За тэгээд та бүхэн өөрийн мэргэн оюундаа тунгаад бодно биз дээ.

2006-11-27

GNOME-н гишүүний эрхээ эдлэв

Өнгөрсөн 6-р сарын сүүлээр GUADEC гээд GNOME-н хуралд оролцож ирээд GNOME Foundation-д гишүүнээр элссэн билээ. Гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авсны дараа тэд таны талаар сайн мэдэх гурван гишүүнээс таны талаар лавлагаа авсны эцэст таны гишүүний эрхийг баталгаажуулдаг, энэ л шатаар явж би гишүүн болсон юм. Гишүүнээс элссэнээр та GNOME Foundation-ы зарим нэг үйл ажиллагаанд албан ёсоор оролцох боломжтойгоос гадна GNOME-н удирдах зөвлөлийн сонгуульд өрсөлдөх болон санал өгөх эрхтэй болох юм.

11-р сарын эхнээс авахуулаад хэн удирдах зөвлөлд орох талаар хэлэлцүүлж, гишүүд маань ч өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж нэр дэвшээд байгаа билээ. Уг сонгууль нээлттэй явагддаг бөгөөд уг нэр дэвшигчдээс хэн ч дурын асуулт асуух боломжтой байдаг юм байна. Энэ удаагийн сонгууль 11 хүн нэр дэвшсэн бөгөөд хүн бүр 7 хүртэлх нэр дэвшигчид санал өгөх боломжтой бөгөөд тэдгээрээс хамгийн их санал авсан 7 хүнд удирдах зөвлөлд сууж GNOME Foundation-ы үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм. Миний хувьд Испанид явж байхдаа танилцсан, хэн илүү хөдөлмөрлөдөг болон хэн илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлснийг харгалзан өөрийн саналыг өглөө. Ингэж анх удаа өөрийн шинээр олгогдсон эрхийг эдэлж үзлээ, миний гишүүнчлэлийн хугацаа ирэх 8-р сард дуусах ба тэр үед өөрийн гишүүнчлэлийн хугацааг бас сунгах боломжтой юм байна лээ.

2006-11-24

Линукс ба суперкомпьютер

TOP500 сайт нь дэлхий дээр байгаа суперкомпьютеруудын жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэдэг билээ. Энэ 11-р сард бас нэг шинэчлэсэн бөгөөд эхний хэдэд IBM жагсаж яваа. Саяхан тэнэж яваад эдгээр суперкомпьютеруудын 75% дээр нь линукс ажилладаг гэсэн статистикийг үзлээ. Өнөөдөр харин сууж байгаад дээрх тоог бататган харахаар TOP500 руу орж шалгатал үнэхээр тийм байна. Мөн линукс хамгийн анх хэзээ энэхүү жагсаалтанд орж ирснийг харахад 1998 оны 6-р сард анхны 1 ширхэг суперкомпьютер орж иржээ. Тухайн үед 3 ширхэг нь BSD, бусад нь UNIX буюу төлбөртэй Unix ашигладаг байжээ. Гэтэл өнөөдөр хамгийн их буюу 376-г линукс, 86-г Юникс, 3-г BSD ажиллуулдаг байх юм. Ингээд харахад линуксын маань эзлэх хувь хэдхэн жилийн дотор огцом өссөн байхад, юникс харин эзлэх жингээ ихээхэн алджээ. BSD-н хувьд тооны хувьд өөрчлөлт гараагүй ч цагийн явцад басхүү өгсөж уруудаж явсан байх юм.

Үүний нэгэн адилаар сүүлийн жилүүдэд бүхий л салбарт линуксын эзлэх байр суурь улам бүр өсөн нэмэгдэж байна. Гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сервер, гэрийн компьютер, халаасны компьютер, робот гээд ороогүй, ажиллууллагүй төрөл зүйл гэж үгүй болсон мэт. Эцэст нь линукс гэж нэг супер үйлдлийн систем юм уу даа, цаашид ч гэсэн улам бүр өсөх хандлагатай.

TOP500-н статистик мэдээллийг эндээс авна уу.

Ардын багш

Хавраас хойш нийт 5 удаа багшийн ажлыг хийсэн байх юм. Энэ хугацаандаа олж мэдсэн зүйлс, өөрийн бодож явдаг зүйлсийн талаар бичье гэж бодоод бас л залхуураад явж байтал өнөөдөр Баянаа загтнасан газар майжих шиг боллоо. Ингээд ер нь бодоод явсан зүйлийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Анх багшлах саналыг Магсар анд хавар тавьж байсан санагдана. Түүнтэй бид анхны Unix Beer Party дээр танилцсан бөгөөд түүнээс хойш сайхан нөхөрлөж байгаа билээ. Тэрээр Важпайн нэрэмжит сургалтын төв дээр юникс үйлдлийн системийн талаар хичээл орооч гэж санал тавьсны дагуу зөвшөөрч хичээл орохоор болсон. Гэтэл хүнд хичээл заах, мэдлэг өгөх гэдэг нь тийм ч амар ажил биш болохыг тэгэхэд л ойлгосон. Өөрөө болохоор юникс гэдэг юмаа давгүй суулгаад тохируулаад чадахаараа л бүх зүйлийг нь болгоод байдаг, хүнд тэр бүгдийгээ хүргэх гэж, өгөх гэж шаггүй махаа идсэн шүү. Анхны хичээлийг "нисэхийн" гэдэг тодотголтой хүмүүст заасан, дараа нь харин тус сургалтын төвийн сурагчдад заасан. Хоёр дахь удаадаа багагүй туршлага хуримтлуулсан байсан боловч мөн л адил шаггүй ажил байлаа. Сүүлд намар бас нэг хичээл зааснаар тус сургалтын төв дээрх хичээлүүд дууслаа. Энд тулгарсан хамгийн гол хүндрэл нь оюунтнууд нь хичээлээ их тасална. Үүний улмаас нэг ярьсан зүйлээ байгаагүй хүмүүст товчлон хэлэх, цаг дэмий үрэх хэрэг гарна.

Энэ сард харин "төрийн албан хаагч" гэдэг тодотголтой хүмүүст хоёр удаа хичээл заах саналыг авлаа, бас бус багш нар олж өгөх ч даалгавартай дагалдсан юм. Нэг нь бүх яамдын нөгөөх нь засгийн газрын агентлагийн ажилтнуудад. Өөрөө "Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж", "Юниксийн үндсэн ойлголтууд", "Samba ашиглан файл сервер үүсгэх" гэсэн хичээлүүдийг авч Баянаа цахим шуудан, Үнэнбат вэб сервер, Баска ах мэдээллийн аюулгүй байдлын талаар хичээл орохоор боллоо. Баянаа өөрийн хичээлийн талаар блог бичсэн байна лээ. Энэ удаад өмнөхийг бодвол мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бас зарим нь юниксийн талаар бага ч болов мэддэг гэдгээрээ илүү хялбар боловч зарим нэг үл ойлголцлын улмаас цаг их давчуу байсан учир зөвхөн "Юниксийн үндсэн ойлголтууд" хичээлийг л шахаж амжуулж байлаа. Уг хичээлийнхээ хүрээнд Ubuntu линукс ашиглан юниксийн түүх, хэрэглэгчийн данс, файлын систем, файлын эрх болон Ubuntu линуксыг суулгах, програм хангамж нэмж суулгах зэрэг сэдвүүдийг багтаалаа. Бид боломжоороо суулгаж үзэх, тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан гэж итгэж байгаа. За ингээд асуудалдаа оръё.

Баянаагийн хэлж байсанчлан аль ч байгууллагын мэргэжилтэн нь К үсгээр эхэлсэн бүх юмыг хийдэг гэсэн асуудлыг бас надад ярьж байлаа. Тэр дотор байгаа бүх сервер, бүх хэрэглэгчдийн компьютер, сүлжээ гээд л бүх юм. Ийшээ ч нэг дуудагдана, тийшээ ч нэг дуудагдана. Бараг бүгд л ямар нэг асуудалтай, судлах сурах зав тэдэнд гарахгүй, гэтэл хийх юм маш их. Нэг байгууллага нь шуудангийн сервер суулгах гээд 2 сар гаран болж байна гэсэн шүү. Яагаад мэддэг, чаддаг хүмүүсээр нь хийлгэж болдоггүй юм бол? Гадны хүнээр хийлгэх нь мэдээллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцэхгүй, харин мэдэхгүй чадахгүйн улмаас ажил хойшлох, эсвэл чанаргүй хийх нь мэдэллийн аюулгүй байдал, дотоод журманд нийцдэг юм байх даа? Ойлгохгүй юм. Энэ тал дээр төр засаг маань анхаарч зарим нэг талын арга хэмжээ авмаар юм. Хүмүүсийг нь нэмээд чиглэл чиглэлээр нь явуулдагсан уу, эсвэл зарим нэг ажлуудыг аутсорс буюу компаниудаар хийлгэх шаардлагатай байна. Ийм нэг дуу хоолойг бүгдээрээ нийлж дээд тушаалын албан тушаалтнуудад хүргэх хэрэгтэй болов уу.

2006-11-22

Unix Beer Party шинэчлэлт

Альваа зүйл нь цаг хугацааны эрхэнд шинэчлэгдэн сайжирч байх ёстой гэж хувьдаа үздэг. Гэхдээ мэдээж хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд шүү дээ. Зарим зүйлс цагийн аясаар өөрөө сайжруулагдан шинэчлэгддэг, харин зарим нь заавал зарим нэг зохицуулалт, хярмайлт шаарддаг. Миний бие, бас бусад зарим нөхөд маань Unix Beer Party гээч зүйлийг өөрчлөх, цагийн шаардлагыг тусгах хэрэгтэй байгаа талаар яриад багагүй хугацаа өнгөрч байгаа, гэвч хэрхэн?

Удахгүй Unix Beer Party маань нэг ой хүрэх гэж байна, зогсолтгүй үргэлжилсээр л байна. Юникс төст болон линукс системийн сонирхогч, хэрэглэгчдийг холбодог, туршлагыг хуваалцуулдаг цорын ганц тогтмол арга хэмжээ. Энэ өдөр зарлалын дагуу хүссэн хүн нь ирээд бусад хүмүүстэй танилцаж, мэдээлэл туршлагаасаа хуваалцдаг, нэг нэгээсээ шинийг байнга сурч байдаг. Үүнийхээ хажуугаар алжаал тайлах сайхан далим болж өгдөг. Анхаарах зүйл нь өөрийн гаргасан зардлыг бүрэн төлөх. Гэвч энэ байдлаараа үргэлжлэх нь зүгээр боловч илүү үр өгөөжтэй болгож сайжруулах хэрэгцээ байна.

Энэ сард "Мягмар гарагийн уулзалт" гэдэг уулзалтанд Үнэнбат, Баянзул нарын хамт очин ямархуу зүйл хэрхэн зохион байгуулагддагийг сонирхолоо. Эхлээд хөтөлбөртэй нь зар тараачихна, оролцох хүмүүсээ бүртгэчихнэ. Гэхдээ заавал бүртгүүлэх ёстой учир нь тэнд танд зориулж ширээ засаж оройн хоолынг бага сага уух юмтай захиалга өгч бэлдүүлнэ, энэ бүгд 5000 төгрөг. Дажгүй байгаа биз. За тэгээд хөтөлбөрийн дагуу хүмүүс хийсэн, хийх гэж буй зүйлсийнхээ талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Явцын дунд протокол хөтөлж сүүлд нь тайлан бэлддэг бололтой байсан. Энэ үнэхээр авууштай санаа.

Unix Beer Party маань тогтмол ирдэг 6-8 хүнтэй болчихлоо цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Мөн Монголын Юникс Хэрэглэгчдийн Холбоо маань ч овоо нэр хүнтэй болоод ирлээ, энэ алхам тутамд минь мэдрэгддэг юм шүү. Иймд бид уулзалтынхаа эхний 30 орчим минутад тодорхой нэг асуудлаар танилцуулга хийж, үлдсэн цагт нь хамгийн гол асуудал болох танилцах, мэдээлэл, мэдлэг туршлагаа солилцож, чөлөөтэй ярилцах ёстой юм. Тэгэхлээр өнөөдрийн явж байгаа зүгээр л Их Монголын нэг сул шийрээнд суух нь зохимжгүй харин нэг тусгай өрөө байх хэрэгтэй болж байна. Иймд бүгдээрээ вэб сайт дээрээ Unix Beer Party-н булан нээе эсвэл бүр вэб сайт ч байж болох. Тэндээ уулзалтын байрыг ивээн тэтгэж буй газрынхаа сурталчилгааг байрлуулах хэрэгтэй, бас түүгээрээ дамжуулан зарлалаа тарааж бас үр дүнг нь нийтлэж байх ёстой. Үр дүнд гээд сүртэй зүйл байхгүй ш дээ танилцуулга хийсэн файл нь, бас яригдсан зүйлсийн товч. Энэ маягаар шинэчлэх юм бол бидний хүрээ тэлж, мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх боломжтой болох юм.

Эцэст нь хэрэв та Unix Beer Party дээр ирж байсан бол санал хүсэлтээ бас миний саналын талаар бодлоо хуваалцаач. Монголчууд бид цөөхүүлээ, гэхдээ эвтэй байхдаа хүчтэй. Нэгдэцгээе.

Ухаалгаар асуулт тавих нь

Нээлттэй эхийн програм хангамжийн томоохон төлөөлөгчдийн нэг Eric Raymon-ын "How To Ask Questions The Smart Way" гээд нэг бичиг байдаг. Энэхүү бичгээрээ дамжуулан асуулт тэрдундаа техникийн асуултыг асуухдаа хэрхэн асуух вэ, асуухаасаа өмнө ямар алхамуудыг хийсэн байх хэрэгтэй вэ гэх мэтчилэн илүү үр дүнтэйгээр асууж, илүү үр дүнтэй хариулт авах талаар дэлгэрэнгүй, маш дажгүй бичсэн байдаг. Үүнийг монгол хэл рүү орчуулах бас хэрэгцээ гарч байх шиг байна. Учир шалтгаануудыг тоочвол.

Өнөөдөр вэб сайтууд, форумууд болон мэссэнжэрээр асуугдаж байгаа асуултуудыг өнгөц аваад үзье л дээ. Хамгийн наад захын жишээ бол MUUGхэлэлцүүлэг. Эндээс харвал ихэнх асуултууд нь тодорхой бус, мэдээлэл үгүй дээрээс нь асууж байгаа хүн нь бэлэнчлэх сэтгэлгээтэй. Саяхан мэссэнжэрээр надаас нэг хүний асуусан асуулт нь "Server дээр latin1 гэж гараад байх юм яаж utf8 болгох вэ" гэж байгаа юм. Асуултаас харахад ямар сервер дээр, бас юун дээр нь latin1 гэж гараад байгаа нь тодорхойгүй байна. Иймэрхүү асуултуудаас болж ахин лавлан асуух, хэд хэдэн шатны асуултаас тухайн хүнд тулгараад байгаа асуудлын зах зухаас нь ойлгодог. Заримдаа нөгөө хүнээсээ лавлаад асуухаар алга болчихно, бүр зарим нь асуултанд хариулсангүй гэж харааж ч байсан. Хэн ч гэсэн хүнд тус болохыг хүсэлгүй яахав, гэхдээ хариулж байгаа хүндээ төвөг багатай цагаас нь бага үрвэл хэн хэндээ амар байх болно. Учир нь бид бүхэнд чинь өөрийн амьдрах амьдрал, илүү чухал хийх ёстой зүйлсээр дүүрэн байгаа.

How To Ask Questions The Smart Way-г миний бие орчуулж эхэлсэн бөгөөд Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ гэж монголоор нэрлээд байна. Орчуулгаа хэн бүхэнд чөлөөтэй байлгах үүднээс Wiki ашиглан хийж байгаа болохыг анхаарна уу. Миний англи хэлний, мөн монгол хэлний мэдлэг чадвар тааруу болоод ч тэр үү нэг л сонин болоод байх шиг санагдах юм. Бүрэн хэмжээгээр нь орчуулаад дуусчихвал анхлан сурагчдын заавал унших ёстой нэг бичиг болгоод тавьчихвал миний болон бусад асуултанд хариулагчдын амьдрал хөнгөрөх болно, үүнээс гадна асуугчид маань өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийгээд асуудлаа шийдэх дөртэй болно гэж найдаж байна. Эцэст нь та бүхнийг хянаад өөрсдийн санал хүсэлтийг илгээхийг, мөн боломжтой бол зарим нэг хэсгээс нь орчуулахад туслахыг хүсэх гэсэн юм.

How To Ask Questions The Smart Way буюу Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ.

2006-11-21

Миний багаж: NetworkManager

Нээлттэй эхийн програм хангамж өдөр ирэх бүр илүү сайжирч, бидний амьдрал ч илүү хялбар болж байгаа билээ. Өөрийн ашигладаг багажийн ээлжит танилцуулгаараа NetworkManager-г танилцуулахаар шийдлээ.

Саяханыг хүртэл утасгүй сүлжээнд холбогдоход маш хүндрэлтэй байсан. Ихэвчлэн график биш хэрэгслүүдийг ашиглан утасгүй сүлжээгээ тохируулах боловч тэдгээр нь ашиглахад бэрх, ойлгомжгүй хамгийн гол нь тийм ч тогтвортой байсангүй. Сүүлийн үед хамгийн энгийн утасгүй интернэтийн сүлжээг тохируулах боломжтой болсон боловч бас л арай дэвшилтэт зүйлсийг ашиглах боломжгүй байлаа, харин NetworkManager гарснаар бидний амьдрал их хөнгөрч байна.

NetworkManager нь үйлдлийн системтэй хоршиж ажилласнаар утасгүй болон утастай сүлжээний хооронд шилжих, нэг утасгүй сүлжээнээс нөгөө утасгүй сүлжээ рүү шилжихэд илүү хялбар болгосон. Мөн дохионы чанарыг маш энгийнээр үзүүлэх болно. Хамгийн гол нь WPA, WPA2 гэх мэт утасгүй сүлжээг хамгаалах дэвшилтэд аргуудыг ашиглах боломжтой болгосон. Миний бие 6-р сард Испанид явж байхдаа Fedora Core 5 дээр орсон байхыг хараад бүр гайхаж, тийм юмыг бас ашиглахыг хүссэн. Тэр үед NetworkManager байсныг мэдээгүй, ийм зүйл байдгийг мэддэг ч үгүй байлаа.



Ubuntu систем дээр суулгахдаа, доорх командыг ашиглана.

sudo apt-get install network-manager-gnome

Үүний дараа системээ шинээр эхлүүлээд та NetworkManager-г ашиглах боломжтой болж байгаа юм. Гэхдээ миний нэг найзын компьютер дээр огт утасгүй сүлжээ ажиллахгүй байсан болохоор ажилсангүй, иймд бүх тохиолдолд асуудалгүй ажиллана гэсэн үг биш. Миний Thinkpad T42 дээр ямар нэг асуудалгүй сайхан ажиллаж байна.

Харин Ubuntu-с бусад системүүд дээр өөрийнх нь зааврыг дагана уу. Хэрэв та Ubuntu-г авч ашиглахыг хүсч байгаа бол http://mn.releases.ubuntu.com хаягаас өөрийн дуртай хувилбарыг татаж авч ашиглана уу. Гэхдээ уг серверээс зөвхөн Монгол Улсад суугаа хэрэглэгчид татаж авах боломжтойг анхаарна уу.

2006-11-20

Нээлттэй эхийнхэн улам бүр сайжирсаар ...

Хэрэв та нээлттэй эхийн програм хангамж ашигладаг бол өдөр ирэх бүр улам илүү сайжирч байгааг анзаарсан л байх. Илүү өргөн боломж, илүү найдвартай ажиллагааг урд өмнөхөөсөө илүүтэйгээр санал болгох болсон. Эдгээрээс гадна шинэлэг санааг ч бас. Миний хувьд өдөр тутам ашигладаг, бас шинэлэг мэдээнүүдийг цаг алдалгүй барьж авахыг тулд хичээдэг болохоор илүү их анзаардаг ч байж болох. Гэхдээ Ubuntu Edgy-н түүхий хувилбарыг ашиглаж байхад системээ шинээр эхлүүлэх бүрд нүдэнд үзэгдэх, өөрт мэдрэгдэх өөрчлөлтүүд орж байсныг хараад их гайхаж байж билээ.

За эн бүхэн ч яахав гэхдээ бидний хүсч, хүлээж байсан шинэ боломжийг удахгүй нэмэхээр ажиллаж байгаа юм байна. Юу вэ гэвэл бараг 2008 оноос эхлээд X Window гэдэг юмны тохиргоо хийхгүй болох нь. Өнөөдөр байгаагаар бол бид ямар хулгана, гар, дэлгэц гэх мэт зүйлсийг яаж ашиглахаа X Window дээр тохируулж өгдөг, буруу эсвэл тохиргоо байхгүй тохиолдолд ажиллахгүй. Үүнээс гадна үйлдлийн системээ эхлүүлэхээс өмнө нэмэлт дэлгэц эсвэл проектороо залгах ёстой, эс тэгвээс ажиллахгүй. Саяханы X.Org-н Keith Packard-ийн ярьж буйгаар бол X.Org 7.3 хувилбар гарснаар X.Org нь ямар нэг тохиргоогүйгээр харин техник хангамжуудыг шууд таньж ажиллах юм байна. Гэхдээ X.Org 7.3 хувилбар нь 2007 оны дундуур гарах боловч нэгэнт гарснаар бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Энэхүү хувилбар болон ирээдүйн хэд хэдэн хувилбарт илүү тогтворжуулах ажил хийгдэж, илүү олон төхөөрөмжийг таних чадварыг оруулах байх гэж хувьдаа дүгнэж байна.

Ubuntu Developer Summit-с эх сурвалжийг авав.

2006-11-17

Бидний ирээдүй: Сэтгэл зовинол

Монгол Услынхаа ирээдүйн талаар бодож явдаг зүйлсээ хуваалцахаар "Бидний Ирээдүй" сэдвийг эхлүүллээ. Энэ бүхэн зөвхөн миний үзэл бодол гэдгийг тэмдэглэмээр байна. Та бүхэн өөрийн санал бодлыг мөн адил хуваалцахыг уриалж байна.

Сүүлийн нэлээн хэд хоног Монгол Улс, эх орны маань хөгжил ирээдүйн талаар сэтгэл зовинол улам ихсэж, амар тайван байдал алдагдаж байна. Үүнд World is Flat эсвэл "Дэлхий Хавтгай" гэсэн ном илүү ихээр нөлөөлж байгааг би угаасаа мэдэж байгаа. Цааш унших бүр элдэв бодол толгойноос салахгүй, ирээдүйн төлөө улам ихээр сэтгэл зовних боллоо. Учирлавал.

Номонд бичигдсэнээр Энэтхэгт жилдээ хэдэн зуун мянга, харин Хятадын хувьд 350000 мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэгддэг байна. Тиймээ би болон та андуураагүй, жилд зуу зуун мянга ш дээ. Хятадын хувьд аваад үзэхэд жилдээ Монгол Улсын нийт хүн амын 1/7 хэмжээтэй мэргэжилтэн бэлтгэж байна, гэхдээ зөвхөн нэг салбарын. Мөн америкийн топ гэх сургуулиудын гадаад оюутнуудын дийлэхийг хятадууд эзлэх болсон. Энэ зүгээр л тоо гэж болож байна уу? Үгүй, тооноос чанарт хувьсдаг. Гэхдээ энэ бол зөвхөн МТ-н салбарт ш дээ, бусад салбаруудын талаар тодорхой мэдэх юм алга. Өнөөдөр бидэнд тийм боломж байхгүй, ирээдүйд ч байхгүй. Харин бид яах ёстой вэ? Та өөрийн бодлоосоо хуваалцаач.

Өнөөдрийн бидний сургалтын арга барил, бодлого холын ирээдүйд бидний булшлахаас биш аврахгүй байх. Бид маш шинэлэг, ирээдүйг харсан бодлого баримталж байж ирээдүйд амьд үлдэж, өрсөлдөх чадвараа хадгалан үлдэх болно. Юу үнэн, энэ л үнэн байх. Өнөөдөр багш нь зааж байгаа зүйлээ мэдэхгүй, заалгаж байгаа оюунтан нь юу ч мэдэхгүй. Гэхдээ бүгд биш л дээ. Миний танил нэг багш "Багш чинь оюунтнаасаа нэг хоногийн өмнө явдаг ш дээ, огт зав байхгүй өмнөх өдөр нь ном уншаад л маргааш нь хичээлээ заадаг" гэж наргиа маягаар хэлж байсан, гэвч үнэн үг. Хэн өнөөдөр багш хийж байна вэ? Хичээлдээ сайн, мэдлэг туршлагатай нь лав биш харин дүнгийн араас хөөцөлдсөн, багшийн хайртай боловч мэдлэг нимгэн хүмүүс багшийн ажлыг хийдэг. Аргагүй, цалин бага дааж авсан анги болон хичээл их болохоор багш маань өөрийгөө хөгжүүлэх зав үгүй, сонирхол үгүй өдөр хоногийг аргацааж амьдарч байгаа, буруутгах арга байхгүй.

Баахан л шүүмж хэллээ, хэн ч гэсэн шүүмжлээд байвал шүүмжлэх зүйлс гарч ирээд л байна. Эцэст нь хэлэхэд өөрийн оюун ухаандаа хэд хэдэн зүйлс бодоод л, буйдхандаа гашлаад л яваад байна, зөв үнэн эсэхийг хэрэгжүүлэн байж мэдье байз. Хамгийн гол нь та бүхний санал бодлыг мэдэх гэсэн юм, та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хүслээ.

Java-н эргэн тойронд

Java нь нээлттэй эхийн болсноор араасаа хачин сонирхолтой зүйлсийг дагууллаа. Хамгийн сонирхолтой нь 2005 онд Apache Foundation нээлттэй эхийн Java үүсгэхээр Harmony гээд төсөл эхлүүлж байсан тухай өмнө нь мэдээлж байсан бол уг төсөл маань бойжиж гүйцээд "Top-Level" гэсэн төлөвтэй болсон байх юм. Гэхдээ энэ үйл явдал цаг хугацааны хувьд Sun-ы Java-г нээлттэй болгодгоос арай өмнөхөн Apache Foundation-ы захиралуудын зөвлөлийн хуралдаанаар шийдэгдсэн байна. йл явдал цаг хугацааны хувьд Sun-ы Java-г нээлттэй болгодгоос арай өмнөхөн Apache Foundation-ы захиралуудын зөвлөлийн хуралдаанаар шийдэгдсэн байна. Мөн Apache-н төлөөлөгч нь Sun болон Apache нь өөр өөрийн гэсэн хүрээлэлтэй, өөр өөр нөхцөлд ажилладаг тиймээс Apache License v2 бүхий Java хэрэгтэй гэж өөрийн блог дээрээ хэлээд Sun нь эх кодоо нээсэн нь нээлттэй эхийн хүрээнд ахин нэг сонголт бий болсныг илэрхийлж байна гэж тэмдэглэсэн байна.

Харин Free Software Foundation нь Sun-ы хийсэн алхамыг сайшаасан байх юм. Мэдээж хэрэг тэдний боловсруулсан GPLv2 лицензийг ашигласан болохоор тэр байлгүй. Миний хувьд мөн адил GPL лицензийг дэмжиж, чөлөөт програм хангамжийн үзэл санааг дэмждэг билээ. Одоо ингээд энэ сэдвээр дуусгая. Цаашид арай ондоо зүйлс бичье.

2006-11-14

Sun GPL2-г сонгожээ

Өмнөх блог дээрээ GPL нь хамгийн өндөр магадлалтай горилогч болох талаар мэдээлж байсан. Харин саяхан GPL гэхдээ түүний 2-р хувилбарыг сонгох болохоо эцэслэн шийдэн зарлажээ. Өмнө хэлж байсанчлан GPL нь элдэв салаалахаас тодорхой хэмжээнд сэргийлэх боломжтой гэж үзжээ. Мөн олонх нээлттэй эхийн хөгжүүлэгчид GPL-г сонгон хэрэглэдэг, дэмждэг, илүү хайрладаг учир тэдгээр хөгжүүлэгчдийн сонирхолыг татах гэсэн бас эрмэлзэл байгаа. Дэлгэрэнгүйг CNET News-с уншина уу.

Харин өмнөх блогийн сэтгэгдлүүдийн хувьд Java-г олон улсад маш өргөн ашигладаг, гэхдээ бүр вэб технологид. Монгол Улсын хувьд жоохон тиймэрхүү талууд байгаад байгаа, хэдэн жилийн дараагаас ондоо болно гэдэгт итгэдэг шүү би.

Эдгээрээс гадна OpenSolaris-д ч мөн адил GPL ашиглахаар судалж байна. Учир нь өөрсдийн Solaris системийг нээлттэй болгохдоо CDDL гэх өөрсдийн лицензийг үүсгэж ашигласан бөгөөд энэхүү лиценз нь GPL-тэй зөрчилдөж байгаа нь GPL дэмжигч хөгжүүлэгчдийг өөрөөсөө түлхэж байгаа юм. Тиймээс Java-г GPL болгосныхоо хажуугаар OpenSolaris-д хэр нийцтэй байх талаар судалж байгаа юм байна. GPL нь тоглоомын талбайд тоглогч бүрд эн тэнцүү эрх, үүргийг олгодог давуу талтай юм.

2006-11-10

Java нээлттэй болж GPL-г сонгох нь ээ

Java хэл нь хувийн хэвшил (enterprise) эсвэл өндөр түвшинд маш өргөн ашигладаг. Ингэхдээ бичихэд хялбар, арвин сан мөн зарим нэг талын аюулгүй байдлын асуудлуудаас болж голчлон сонгодог бололтой. Гэвч Java хэлний маань үндэс болсон эмхэтгэгч (compiler), виртуал машин болон гол сангууд хаалттай хөгжсөөр ирсэн нь ихээхэн хэмжээний асуудлуудыг үүсгээд байсан юм. Жишээ нь, бүх хяналтыг Sun-с тавьдаг, хэт хараат болон лицензээс болоод линукс системтэй дагалдан сууж болохгүй заавал өөрөө нэмж суулгах г.м. Мөн хаалттай систем дээр суурилсан нээлттэй эхийн програм хангамж нь хараат байдаг тул Java ашиглахын бусад нээлттэй хэлүүдийг ашиглах зөвлөмжийг нээлттэй эхийн хөдөлгөөний тэргүүлэгчид байнга гаргаж тавьдаг байсан. Үүний улмаас GNU-нхэн GCJ, Apache-н Harmony, Kafe, IBM JAVA гэх мэт төслүүдийг эхлүүлж өөрсдийн гэсэн нээлттэй Java хувилбаруудыг үүсгэж эхэлсэн. Мэдээж хэрэг энэ нь араасаа олон асуудлуудыг дагуулсан. Java-н "НЭГ БИЧ, ХААНА Ч АЖИЛЛУУЛ" гэсэн уриа алдагдаж эдгээр төслүүд нь програмуудыг харилцан адилгүй ажиллуулж эхэлсэн. Эдгээр нээлттэй хувилбаруудаас гадна C#, Ruby, Python, PHP гэх мэт хэлүүд нь илүү сайжирч өнөөдрийн Java ноёрхож байгаа зах зээл рүү хүч түрэн орч ирж байгаа нь Sun-г Java-н талаар авч байгаа бодлогоо ахин нэг харж үзэхийг шаардаж эхэлсэн. Үүний үндсэн дээр Java маань 2007 онд багтааж бүрэн нээлттэй болохоор болсон билээ.

Намайг өнгөрөгч 6-р сард Испанид GUADEC гээд GNOME-н хуралд явж байхад Sun-н ажилтан Simon "ирэх жилийн өдийд Java нээлттэй болоогүй байвал би их гайхна" гэж хэлж байсан. Би тод санаж байна. Үүний дараагаар Sun-с тийм зүйл огт байхгүй, нээлттэй болгохгүй гэсэн мэдэгдлүүдийг хийж байсан боловч эцэст нь нээлттэй болгох шийдвэр гаргасан. Ингэхдээ хоёр шаттайгаар хийхээр болсон бөгөөд энэ 11-р сард багтан эмхэтгэгч болон виртуал машин. Харин ирэх оны эхний хагаст бүрэн эхээр нь нээлттэй болгохоор болсон билээ. Аан нээрээ ингэхдээ зөвхөн J2SE буюу стандарт Java-г.

Нээлттэй болгочихдог юм байна гэхдээ ямар лиценз ашиглах вэ гэсэн асуулт олны дунд яригдсаар байсан боловч хамгийн боломжит хувилбар нь GPL байсан. Яагаад? GPL-н бусад нээлттэй эхийн лицензүүдээс ялгарах хамгийн гол онцлог нь GPL-тэй кодыг ашиглан хаалттай, худалдааны програм хийх боломж хаалттай байдаг. Үүнээс болж ХОРОН гэх мэт хочуудыг зүүсээр ирсэн юм. Java-г нээлттэй болгохын эсрэг байсан хамгийн том үндэслэл нь Java-г нээлттэй болгомогч компаниуд түүнийг салаалаад хоорондоо нийцгүй олон төрлийн Java-г үүсгэнэ гэсэн болгоомжлол байсан. Харин GPL-ийн энэхүү онцлог нь салаалахаас сэргийлэхгүй ч салаа бүр нээлттэй байна гэдэг баталгааг олгож байгаа юм. Мөн линуксын өнөөдрийн түвшинд авчирсан гол хөшүүрэг нь GPL гэж үздэг. Учир нь тоглоомын талбарт бүх хүнд ижил эрх, хариуцлагыг олгож байдаг. Ингээд Java эхнээсээ нээлттэй боллоо гэхдээ GPL лицензийг ашиглан.

Дэлгэрэнгүйг http://www.crn.com/sections/breakingnews/breakingnews.jhtml;?articleId=193600331

2006-11-07

Ubuntu толин сервер

Өмнөх блог дээрээ "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага"ТББ нь Ubuntu линуксын монголын толин сервер үүсгэсэн талаар мэдээлж байсан. Тэр толин сервер гэж яг юуг хэлээд байна вэ?

Бидний хэсэг нөхдүүд mirror server гэдгийг толин сервер гэж орчуулаад байгаа, утга агуулгын хувьд ч их таарч байгаа юм. Толь гэдэг маань ямарваа нэг зүйлийн яг буюу ямар нэг өөрчлөлтгүй тусгалыг харуулдаг эдийг хэлдэг, харин толин сервер маань аль нэг серверийн агуулгын өөрчлөлтгүй, хуулбарыг агуулсан серверийг хэлнэ. Яв цав тохирч байгаа биз? Гэхдээ мэдээлэл нь юу ч байж болдог ба мэдээллийн төрлөөс хамааран толин сервер үүсгэх технологи маань өөрчлөгдөнө.

За тэгээд ер нь тэгээд ийм серверийн ач холбогдол, шид нь юу юм болоо? Бид интернэтээр ямарваа нэг зүйл үзэхэд, тэрхүү мэдээлэл маань гадаадад байгаа бол тухайн сервер рүү холболт үүсч мэдээллийг дамжуулснаар бид үздэг. Тэрхүү мэдээлэл маань гадаадын серверээс бидэнд хүрэхийн тулд тодорхой тооны сүлжээгээр дамжин өнгөрөх бөгөөд тэдгээр сүлжээ тус бүрийн хурдын нөлөөллөөс нийт хурд маань ямагт буурч байдаг. Харин гадаадын серверийн толин серверийг дотооддоо үүсгэж, ашигласнаар тэдгээр мэдээлэл маань гадаадын олон сүлжээгээр дамжилгүй дотоодоос бидэнд шууд хүрэх боломжтой болдог. Дамжин өнгөрөх сүлжээний тоо цөөрснөөр мэдээлэл ирэх хурд маань илүү өндөр байх боломжтой, үүнээс гадна Монгол Улс дотор холбогдох хурд нь гадаад сервер рүү холбогдох хурдаас хавьгүй илүү байдаг талтай. Иймд толин сервер үүсгэх нь монголын хэрэглэгчид маань илүү өндөр хурдаар мэдээлэл хүлээн авах боломжийг нээж өгч байна. Гэвч толин сервер үүсгэнэ гэдэг маань үргэлж хурдан байна гэсэн үг биш, зөвхөн өндөр хурдны холболттой байж л үр ашгаа өгөх болно гэдгийг анхаарна уу.

Яагаад Ubuntu толин сервер гэж? Би өөрийн Миний багаж: Ubuntu блог дээрээ яагаад Ubuntu-г ашигладаг талаар сийрүүлэн бичихийг оролдсон. Тэнд бичсэнээр бол Ubuntu маань нэмэлт програм хангамж болон системийнхээ шинэчлэлтүүдийг интернэт дэх серверээс татаж авч суулгадаг. Харин энэхүү толин серверийг үүсгэснээр Ubuntu хэрэглэгчид маань илүү богино хугацаанд шинэ програм хангамж суулгах, системээ шинэчлэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ хэрэв та монгол дахь толин серверийг ашиглахыг хүсч байгаа бол суулгахдаа location буюу байршлаа Монгол эсвэл Улаанбаатар гэж сонгох хэрэгтэй, үүний дараа автоматаар монгол дахь серверийг ашиглах болно. Мөн Ubuntu-н бүхий л хувилбарыг толин серверээс татаж авах боломжтой.

Серверүүдийн хаягууд:
http://mn.releases.ubuntu.com
http://mn.archive.ubuntu.com

2006-11-06

Unix Beer Party: 11-р сар

Юникс, линукс төрлийн үйлдлийн систем хэрэглэгч, сонирхогчдын маань сар бүрийн уулзалт энэ сарын 9-ний пүрэв гарагт тохиож байна. Уламжлалт ёсоороо Их Монгол уушийн газар 19 цагаасаа уулзана, бидний ширээг гартаа шар айраг барьсан оцон шувуу болон мөн адил чөтгөрийн дүрс бүхий дарцагаар таних боломжтой. Энэ үдэш бид хоорондоо мэдлэг туршлагаасаа солилцохоос гадна төрөл бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцан өнгөрүүлдэг билээ. Миний хувьд энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг ба тэнд өрнөх яриан дундаас багагүй зүйлсийг шинээр сурч, ойлгож авдагаа нуух юун. Мөн миний хэд хэдэн танил ч үүнтэй санал нэг байдаг.

Шинээр нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүсд хэлэх хэдэн үг байна. Хүмүүстэй ярилцаж байхад сонирхол байвч бараг танидаг хүн байхгүй болохоор ичээд эсвэл санаа зовоод очиж чаддаггүй гэж хэлдэг. Хариуд нь би "Бид ч анх нэг нэгийгээ огт таньдаггүй байсан, харин одоо ихэнх нь найзууд болсон. Тэнд хэн ч чамайг гадуурхахгүй, ичээхгүй, зовоохгүй. Хүрээд ир, тэгээд нээлттэй эхийн хамт олон ямар байдгийг өөрөө очоод мэдэр, найзууд бол" гэж хэлдэг. Нээлттэй эхийн програм хангамж ашигладаг хүмүүст байдаг нийтлэг зан бол нийтэч, эелдэг. Энэ л уур амьсгалыг хүрч ирээд мэдрэх болно.

Анхаарах зүйл бас бий. Энд биднийг хэн ч санхүүжүүлдэггүй тийм болохоор бүгд өөрсдийн гаргасан зардлыг бүрэн төлдөг, төлөх ч ёстой. Ийм хэрэв та ирэх гэж байгаа бол үүнийг анхааралдаа авахыг хүсч байна. 11-р сарын 9-ний пүрэв гарагт 19 цагаас Их Монгол уушийн газар уулзацгаая.

Миний багаж: Ubuntu

Өөрийн ашигладаг багажуудын танилцуулгаа би Ubuntu линукс тархацаар эхлэж байна. Үйлдлийн систем буюу програм хангамжуудынхаа суурийг зөв сонгох нь таны бүтээмж, сэтгэл ханамж, тав тухтай байдал гээд бүх зүйлд нөлөөлөх болов уу. Яагаад би Ubuntu-г сонгох болсон талаар доор сийрүүлэн бичье.

2000 он хавьцаа линукс болон нээлттэй эхийн програм хангамжуудын талаар анх сонссон. Тэр цагаас хойш сонирхолыг минь татаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч сонирхох болсон. 2001 онд шиг санаж байна RedHat 6 билүү хувилбар олоод нэгэн найзынхаа компьютер дээр суулгаад хамаг юмыг нь устгаад, юу ч үгүй болгож байж билээ. Тухайн үедээ линуксыг хакерууд ашигладаг гэдгийг сонсоод юу ч мэдэхгүй байж хакер болох гэж оролдсон нь тэр. Хэдий хүний хамаг юм устгасан ч огт хашраагүй юмдаг. Тэр цагаас хойш линукс тархацуудаас RedHat 7.2, 8.0, 9.0, Fedora Core 1, 2, 3, Debian, Gentoo, SuSE г.м, BSD тархацуудаас FreeBSD, OpenBSD-г ашиглаж үзэж байсан боловч эцэст нь Ubuntu дээр буусан даа. Үүнээс өмнө Gentoo-г голчлон ашигладаг байсан боловч суухдаа их хугацаа шаарддаг, тохируулахад хэцүү гэдэг шалтгаанаас татгалзсан юм.

Ubuntu надад анхнаасаа л ихээхэн таалагдсан. Учир нь Ubuntu нь миний өмнө туршиж үзэж байсан, мөн ихээхэн таалагдсан Debian GNU/Linux дээр суурилсан байлаа. Debian нь чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн үзэл санааг тууштай дагадаг, өндөр чанартай, тогтвортой, суулгаж ашиглахад хялбар, програм хангамжийн арвин сантайгаас гадна зөвхөн сайн дурынхан хөгжүүлдэгээрээ бусад тархацуудаас онцлог юм. Өөрөөр хэлбэл чөлөөт програм хангамжийн тодорхойлолтоор танд олгогдсон ажиллуулах, судлах, түгээх болон сайжруулах эрхүүдийг дээдлэх ба түүний хөгжүүлэлтийн ард ямар нэг компани байдаггүй харин сайн дурынхан зөвхөн өөрийн сайн дураар хөгжүүлдэг систем. Мэдээж Ubuntu түүний эдгээр чанаруудыг залгамжлан авсан байдаг ба үргэлж үнэгүй тараагдана гэдэг амлалтыг хэрэглэгчиддээ өгсөн байгаа. Гэхдээ Ubuntu-н гол хөгжүүлэгчээр Canonical ажилладаг ба Ubuntu-н техникийн дэмжлэгийг өөрөө эсвэл бусад түншүүдийн хамтаар үзүүлдэг. Хамгийн сонирхолтой нь Ubuntu гэдэг нь африкийн Зулу хэлээр "humanity to others" буюу "бусдад энэрэнгүй хандах" гэсэн утгыг илэрхийлдэг юм (Хэрэв илүү оновчтой орчуулга байвал сэтгэгдэлд бичиж үлдээнэ үү).

Мөн Ubuntu нь таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөр өөрийн онцлог бүхий хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та серверийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол Ubuntu server, линукстай ажиллах туршлагатай, илүү нарийн тохиргоо хэрэгтэй бол Ubuntu alternative, боловсролын салбарт ашиглах гэж байгаа бол Edubuntu, GNOME ашигладаг бол энгийн Ubuntu, KDE ашигладаг бол Kubuntu г.м хувилбаруудыг гаргадаг. Хэрэв та юникс, линукс төрлийн үйлдлийн системийг сонирхон судлах гэж байгаа бол танд Ubuntu-с эхлэхийг санал болгож байна. Ubuntu нь зөвхөн ганц дискээс бүрдэх ба түүнийгээ суулгамагц ямар нэг тохиргоо хийх шаардлагагүйгээр ажиллахад бэлэн системтэй болно. Харин бусад линукс тархацууд 4 болон түүнээс дээш дискээс бүрдэх ба хэмнэлтийн үүднээс ч ганц диск нь илүү юм. Зөвхөн нэг дискэн дээр багтах мэдээлэл хэр билээ, үүнээс шалтгаалан дискэнд агуулагдах програм хангамжийн тоо маш хязгаартай боловч интернэтээр дамжуулан 16000 гаруй програмуудаас сонгон суулгах боломжтой.

Монгол Улсад чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн хөгжлийг дэмжих, хурдасгах зорилготойгоор байгуулагдсан "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ нь Ubuntu линуксыг сонгож, түүний толин серверийг үүсгэн ажилд орууллаа. Энэхүү толин серверийг ажилд оруулснаар интернэтийн нэвтрэлт бага, хурд муу холболттой монголын хэрэглэгчид маань илүү хурдан, илүү богино хугацаанд Ubuntu-г шинээр татаж авах, шинэ програм хангамж нэмж суулгах болон ашиглаж байгаа системээ шинэчлэх боломжтой болж байгаа юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага"ТББ нь өнгөрөгч 9-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашдид чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг таниулах, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр явч хэрэгжүүлэх төслүүдийг боловсруулахаар ажиллаж байна.

2006-11-02

Нээлттэй эхийн лицензийн онцлог ...

Өчигдөр нэг найзтайгаа гарч пиво уухаар ажил дээр нь очтол ажил нь хараахан дуусаагүй байсан тул хажуугийнх нь интернэт кафед орж жаал интернэтээр сэлгүүцэв. Гэтэл SecurityFocus дээр Surprises Inside Microsoft Vista's EULA гэсэн гарчигтай нийтлэлийг сонирхоод уншлаа. Уг нийтлэлийг бичсэн эрхэм маань Windows XP EULA болон GNU-н General Public License-уудыг уншсан хүмүүсийн нэгнээс нь юу бодогдсон талаар асуухад эмэгтэй "The EULA sounds like it was written by a team of lawyers who want to tell me what I can't do, and the GPL sounds like it was written by a human being who wants me to know what I can do." хариулжээ. Сийрүүлбэл EULA буюу ихэнх хаалттай, худалдааны програм хангамжийн лицензүүд нь танд юу хийж болохгүйг тань зааж өгдөг, харин GPL г.м нээлттэй эхийн лицензүүд нь танд юу хийж болохыг тань зааж өгдөг. Ялгаатай байгаа биз?

Уг нийтлэлд Microsoft-ийн Windows Vista хувилбартаа ашиглах EULA (End User License Agreement) буюу ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЛИЦЕНЗИЙН ХЭЛЦЭЛ нь илүү нарийн чанга болж байгаа, хамгийн гол нь бас бус сонин аргуудыг ашигласан байх юм. Жишээ нь програмын нэг хувилбар гарахдаа ямар нэг лицензтэй гарсан бол ашиглалтын явцад лицензийн заалт өөрчлөгдөх боломжгүй байдаг, гэтэл энэ удаад Microsoft лицензийн заалтандаа вэб сайтыг нэгэн хаягийг заагаад "түүнд заасны дагуу" гэсэн ишлэлийг оруулсан байна. Сонирхолтой, өөрөөр хэлбэл дуртай үедээ тэрхүү вэб хуудасныхаа агуулгыг солиод байх боломжтой юм.

БИ ХИЙЖ БОЛОХОО МЭДМЭЭР БАЙНА

2006-11-01

Цомхотгол

Өнөөдөр http://planet.unix.mn дээр блог нь гардаг блогчдын тоог цөөрүүллээ. Учир нь юникс, линукс, чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой зүйлс бичихгүй байна гэдэг гомдлыг хэд хэдэн хүн тавьсан юм. Энэ үзүүлэлтээр бол би ч өөрийгөө бас хасах шаардлага нь бүрдчихээд байгаа гэж хэлж бас болно. Үүний сацуу намайг энэ сэдвээр бичихгүй байна гэж шүүмжлээд бичих хэрэгтэй гэж шахав. Зөв шүүмжлэлийг бол үнэхээр хүлээж авна, гэлээ ч би бас илүү бичихээр бодоод л (их удаан бодож байгаа шүү) яваад байгаа. Бичнээ.

Өмнө нь би бас та бүхэнд хэлж байсан, хэрэв хүсвэл өөр нэг ПЛАНЭТ үүсгэж өгөх боломжтой юм. Мөн хэрэв та юникс, линукс болон нээлттэй эхийн програм хангамжийн талаар блог бичдэг бол би таныг http://planet.unix.mn дээр нэмэх боломжтой шүү.

2006-10-21

Сүүлд уншсан блогууд

Долоо хоногийн блогуудаа энэ удаад ингэж нэрлэхээр шийдлээ. Учир нь сар гаруй хугацаанд цөөн хэдэн блог уншсан бөгөөд тэдгээрийгээ Долоо Хоногийн гэж шошголох нь жаахан утгагүй санагдаад тэр.

- Би гэрлэмээр байна, битгий биеэ vнэлээч.... Монголын нийгэмд ер нь болж байгаа зүйл цөөхөн бололтой, хамгийн болохгүй байгаа зүйлс бол (минийхаар) авилгал, архидалт, бие үнэлэлт (ил бас далд). Өнөөдөр насанд хүрсэн хүн бүхэн л саун, массажны ард далд бие үнэлэлт байдаг болохыг мэддэг, гэвч мэдээгүй дүр гаргадаг. Энэ дагуу сурвалжлагаас үүдсэн блог, сурвалжлагын хамт. Яамаар ч юм бэ дээ.

- Тэнэг том ӨРГӨС. Энэ блог монголд хайгаад олддоггүй хариуцлага гээч зүйлийн талаар бичжээ. Харин нэг хариуцлага огт байдаггүй газрыг ӨРГӨСөөр зүйрлэсэн байх юм. Монгол Улс - Азийн цээжин дэх ТЭНЭГ ТОМ ӨРГӨС мөн ҮҮ? Би ч бас хариуцлагагүй нөхөр шүү :).

- Замд бодсон бодлоос. Миний найз Огоо Энэтхэг улсад сурдаг бөгөөд амралтаараа бяцхан аялал хийх замд бодсон бодлоосоо сийрүүлжээ. Энэтхэгт хүмүүс яаж амьдарч байна, харин бид?

- Бардамнал. Монголчууд бид Чингис Хаан, Мөнх Тэнгэр заяат гэх мэт бардамнан ярих зүйлс их байдаг боловч өнөөдрийн залуус бид юугаараа бахархаж байна вэ? Анхаа та бүхнийг өөрийн бахархалаас хуваалцахыг уриалж байна. Тун удахгүй би өөрийн бахархадаг зүйлсийн талаар бичих болно.

- Дэлхий хавтгай болж байна. Газрын зурган дээр дэлхий угаасаа л хавтгай байдаг ш дээ, тийм биш гэж үү. Гэхдээ энэ бол тэр хавтгай биш мэдээллийн технологийн хүчтэй шуурга дэлхийн өрсөлдөөний талбайг хавтгай болгож байна, энэхүү шуурга нь маш олон талаасаа бидэнд ашигтай боловч буруу алхавал халтай. Шуурга эхэлчихсэн, хэзээ дуусах нь тодорхойгүй бид чиглэл, бодлогоо зөв тодорхойлж чадвал бүгд хожих болно.

- Электрон хувьсгал. Монголчууд бид мэдээллээр цангаж байна, гэхдээ хов жив, хэрүү уруул, хардлага сэрдлэг, болж бүтэхгүй бүхний талаар мэдээллээр хахаж цацаж байна. Болж бүтэж байгаа зүйлс олон байна, дэлхийн өнцөг булан бүрт ирмүүн сэтгэлтэй залуучууд блог бичин өөрийн мэдлэг, мэдээллийг түгээж байна. Монгол хэл дээрх маш их мэдлэг, мэдээлэл энэ тоон сүлжээнд урсаж байна. Эдгээр мэдээллийг хэрхэн энгийн олонд хүргэх вэ?

- Хуурын Эгшгэн дэхь Эх Орон. Эх орноо санасан нэгэн блогчин Монгол эх орныхоо талаар их гоёоор бичжээ.

Энэ удаад ингээд өндөрлөе. Хэрэв танд таалагддаг блогчин, эсвэл блог байх юм бол түүнийгээ надад санал болгохыг хүсч байна. Мөн ийм байдлаар багцалж хүргэж ч болох юм.

Хэрэв та блог бичдэггүй бол, амьдралаа дэмий үрж байна

Өнөөдөр хэдэн сайтуудаа шалгаж байгаад If you're not blogging, you're wasting your life гэсэн блог оллоо. Хөөе, та өөрийн амьдралаа дэмий үрээд байгаам биш биз? Блог бичиж, илүү бүтээлч амьдралаар амьдрах болсон биш үү?

2006-10-20

Бүгдээрээ хувь нэмрээ оруулцгаая

Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн хөгжилд бид бүхэн чөлөөтэй оролцож, өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой байдаг билээ. Тэгвэл Ubuntu Linux болон Firefox та бүхний саналыг авч эхэлж байна.

- Удаан хүлээгдсэн Firefox 2 хувилбар тун удахгүй гарна. Олон зүйлсийг шинээр агуулсан ч бас орхигдсон зүйлс цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Иймд Firefox 3 хувилбар ямар байх талаар та бүхний саналыг http://wiki.mozilla.org/Firefox/Feature_Brainstorming хаяг дээр авч байна. Хэрэв та Firefox-г ашигладаг бол танд ямар боломж, юу дутагдаж байгаа талаар дээрх хаягаар орж мэдээлнэ үү. Хэрэв та Firefox ашигладаггүй бол ашиглаад үзэхийг зөвлөж байна. http://www.mozilla.com хаягаас орж Mozilla-гийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, татаж авах боломжтой юм.

- Ubuntu (миний дуртай) линуксын шинэ хувилбар (6.10) удахгүй гарахтай холбогдуулан ирэх шинэ хувилбарын талаар та бүхний саналыг авч эхэлж байна. Ubuntu 7.04 хувилбарын код нэр нь The Feisty Fawn буюу Сэргэлэн Янзага байх бөгөөд зөөврийн, ширээний болон серверийн компьютеруудын дэмжлэгийг сайжруулах, шинэ тутам гарч ирж буй дэлгэцийн технологиудыг багтаах чиглэлтэй ажиллах юм. Мөн 6.06 болон 6.10 хувилбаруудад алдагдсан 6 сар тутмын эргэлтэндээ эргэн орж байгаа юм. Ubuntu хөгжүүлэгчид шинэ хувилбар гарсны дараа чуулга уулзалт хийдэг бөгөөд эндээс шинэ хувилбарын өнгийг тодорхойлог билээ. Дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/204961/ хаягаас.

Ер нь бид чөлөөт болон нээлттэй эхийн төслүүдийг зөвхөн авч ашиглах биш өөрсдийн хувь нэмрийг оруулж байх нь чухал юм. Ингэснээр бидний шаардлага хангагдахаас гадна өөрсдөө тодорхой хэмжээний туршлага, мэдлэг хуримтлуулах боломжийг нээж өгч байгаа юм.

2006-10-20

Өөрийн тухайн өдөрт уншиж мэдсэн зүйлсийг базаж блог бичиж байх бодол аль дээрээс байсаар байсан, гэвч чадалгүй байсаар ирсэн. Гадаад дотоодыг холиод өнөөдрийн багц маань:

- Ubuntu 6.10 RC. Миний дуртай линукс болох Ubuntu Linux-н 6.10 шинэ хувилбарын горилогч бэлэн болсныг зарласан байна. Горилогч хувилбар нь түүхий хувилбар бөгөөд ихэнх ноцтой алдаануудыг арилгасан байдгаараа бусад түүхий хувилбаруудаасаа онцлог байдаг. Энхүү шинэ хувилбар маш олон шинэ санааг сориход чиглэснээрээ өмнөх илүү тогтвортой, урт хугацааны дэмжлэгийн хувилбараасаа онцлог юм.

- Өнөөдөр сонины өчигдөрийн дугаарт Архидалт Монгол үндэстний гамшиг болжээ гарчигтай нийтлэл тавигджээ. Үнэхээр л бидний гамшиг болоод байгаа АРХИДАЛТ гэдэг зүйлийн талаар хэн өөгшүүлж байгаа талаар бичжээ. Архи хэзээ ч араасаа сайн зүйлийг дагуулж байгаагүйг хэн бүхэн мэднэ. Хамгийн аймар нь архидалтыг дагаад ор хөнжлийн асуудал хавтгайрдаг юмсанж. Өглөө C1 телевизийн өчигдөрийн мэдээний давталтыг үзэх байхнээ бидний урд хөрш дэх ДОХ-той хүмүүсийн тоо Африкийн хэмжээнд дөхөж очжээ гэсэн мэдээ явж байсныг хараад үнэхээр эмзэглэсэн. Нээрээ юу гэсэн үг вэ? Хэрхэн тэмцэх вэ?

- Flash Player 9 Beta for Linux is available. Нээлттэй эхийн системүүдийн хөгжил, тархалтад тодорхой хэмжээнд Flash Player саад болж байсан билээ. Харин удахгүй линукс системд зориулсан Flash Player 9 гарах юм байна, гэхдээ зөвхөн 32 битийн компьютеруудад зориулж.

- GNOME 2.17.1 Development Release. Нээлттэй эхийн төслүүд тасралтгүй хөгжиж байдаг билээ, үүний нэгэн адилаар GNOME төсөл өөрийн шинэ хувилбарыг хөгжүүлж эхэлснээ зарлалаа. GNOME 2.18 хувилбар болж гарах түүхий GNOME 2.17 хувилбарыг хөгжүүлэлт эхэлжээ. Тогтвортой хувилбарыг тэсэн ядан хүлээж байна, бас хөгжүүлэлтэд нь оролцно гэж бодож байгаа шүү.

- OpenBSD 11 нас хүрлээ. Аюулгүй байдал, баталгаатай байдлыг гол чиг үүргээ болгон ажилладаг систем 11 нас хүрчээ. 1995 оны 10-р сарын 18-ны өдөр NetBSD-с салбарлан гарч байсан түүхтэй билээ.

- MySQL Enterprise. Хамгийн өргөн хэрэглэгддэг MySQL өгөгдлийн баазыг удирдах системийн хөгжүүлэгч MySQL AB нь MySQL Enterprise хувилбар гаргах болсноо зарлажээ. Гэхдээ бидний өнөөдөр ашигладаг нээлттэй, чөлөөтэй, үнэгүй MySQL хэвээр үлдэх бөгөөд MySQL Community Server нэрээр цаашид гарах юм байна.

- Minor issues surface after IE 7 launch. Дөнгөж саяхан Microsoft корпораци Internet Explorer 7 хувилбараа гаргасан. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа Intetnet Explorer-т гар хүрч байгаа юм. Гэвч гарснаасаа хойш цөөнгүй асуудлууд үүсгээд байгаагаас гадна анхны аюулгүй байдлыг цоорхой илэрсэн байна.

Ийм байдлаар зарим нэг талын мэдээлэл хүргэж байвал ямар байна? Ямархүү төрлийн мэдээлэл сонирхож байна. Би өдөрт маш олон мэдээллийн технологи, ялангуя нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой вэб сайт шалгаж, олон юм уншдаг боловч ямар төрлийн мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгааг сайн мэдэхгүй болохоор ерөнхий мэдээлэл хүргэсээр ирсэн.

2006-10-16

Бас надад туслаач

Анх блог бичиж эхлэхдээ бага ч болов өөрийн туршлага, мэдлэг шинээр сурсан зүйлс болон өөрийн үзэл бодлыг бусадтай хуваалцах зорилгыг тавьж байсан боловч Анхаагийн адилаар сүүлд бичсэн хэд хэдэн блогоо нийтлэлгүй устгаж, бодож байгаа боловч нэг л бичиж, илэрхийлж чадахгүй болсон байх юм. Бас онц сүртэй хэрэгтэй биш зүйл бичээд байх шиг санагдана. Энэ юуны учир вэ? Гэхдээ шантрахгүй гэж бодож байгаа шүү.

2006-10-12

Би амьд ....

Сүүлийн нэлээн хэдэн хоног гараас гарсан зүйлгүй өнгөрөөлөө, зарим хүмүүс үхсэн байх гэж бодож байж болох юм. Үхсэн гэдэг маань бие мах бодийн эсвэл сэтгэл санааных аль нь ч байж болох. Гэтэл тийм биш, би амьд. 9-р сарын сүүлээр миний зөөврийн компьютер эвдэрснээр цорын ганц ажлын минь багаж жагсаалтаас гарч сэтгэл санааны хувьд хүндхэн цохилтод орж сэнхэрч амжилгүй долоо хоног гаран явлаа. Үүнээс үүдсэн үү аль 8-р сарын эхэнд хүрсэн байсан ханиад маань гэнэт хурцаар хүндэрч ямар ч ажлын бүтээмжгүй болж үхээнц байдалд шилжсэн юм.

Харин хэд хоногийн өмнө нэгэн найзтайгаа зөвлөлдөөд уламжлалт монгол эмчилгээний Монг-Эм эмнэлэгч очиж үзүүлж, эм бичүүлж авснаар биеийн байдал дээрдсэн. Мөн өчигдөрхөн өөрийн мөрөөдөл шахуу болж байсан IBM Thinkpad-ийн T42 загварын зөөврийн компьютерийг овоо их хэмжээний өр тавин байж авч хэвийн амьдралдаа эргэн орлоо.

Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн блогууд хэсгээ долоо хоногийн холбоосууд болгон өөрчлөхөөс гадна, өөрийн ашигладаг багажуудыг нэг нэгээр та бүхэнд блогоороо дамжуулан хүргэхээр шийдлээ. Хүмүүсээ би үхсэн биш амьд, өмнөхөөсөө илүү эрч хүч, урам зоригтойгоор ажиллаж эхлэх гэж байна, намайг дэмжээрэй.

Нэмж хэлэхэд альваа өвчин эмгэгийг бага дээр нь дарж авах нь зөв юм байна. Ингээд эдгэнэ гэж бодсоор яваад ийм байдалд хүрлээ.

2006-10-07

Улаанбаатар ба Google Maps

Google бол таны хамгийн сайн анд! Ямар нэг мэдэхгүй зүйл байвал түүнээс асуу, тэр мэдэж л таарна. Гэвч Google зөвхөн хайлт биш харин бусад төрлийн эхлүүлсэн төсөл бүр нь амжилттай хэрэгждэгийн нэг нь Google Maps. Google Maps-г ашиглан дэлхийн газрын зургийн гудамж, байшингийн нарийвчлалтайгаар харж болохоос гадна ямар нэг чиглэл заалгах гэх мэт дэвшилтэт боломжуудаар дүүрэн програм юм. Саяхан Planet GNOME үзэж суутал Federico-н блог дээр тэрээр Google Maps ашиглан өөрийн байшинг харах боломжтой болсон талаар үзээд өөрийн гэрийг харах гэж оролдлоо. Улаанбаатар хотыг өмнө нь харж болдог нарийн сайн харагддаггүй байсан юм. Бүр томруулан Сүхбаатарын талбайг үзлээ. Хот маань дээрээсээ их аятайхан харагдаж байна. Саяхан нэг оролдож үзсэн боловч болохгүй байсан санагдаж байна, эсвэл би буруу үзсэн юм болов уу.

За ямар ч байсан Улаанбаатар хоттой Google Maps ашиглан танилцаж, төөрөхгүй байх боломжтой болжээ. Яг үнэндээ жоохон хуучин зураг шиг санагдлаа (2006-10-07), гэхдээ боломжийн. Мөн хэрэв та гадаад явах гэж байгаа бол эртнээс Google Maps ашиглан газар оронтой танилцаж, өөрийн төлөвлөгөөг боловсруулах боломжтой болоод байна шүү дээ.

2006-10-03

Unix Beer Party - 1 жил

Оросын юникс, линукс хэрэглэгчид шар айрагтай чөлөөт уулзалт хийдэг болохыг http://www.linux.org.ru сайт дээрээс жилийн өмнө харж байсан санагдана. Үүнээс ер нь яагаад монголчууд бид ийм нэг уулзалтыг зохион байгуулж болохгүй гэж санаад 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас "Modern Nomads" ресторанд анхны Unix Beer Party-г зохион байгуулж байсан. Мөн ч олон найзуудтай болж, маш их мэдээллийг хоорондоо солилцсон доо. Анхны үдэшлэг дээр ирсэн бид ярилцаж байгаад сар бүр зохион байгуулж байхаар тогтсон. Хүссэн хүн нь ирж, хамтдаа сууж учир ч буй бэрхшээлүүд, шинэ содон зүйлс гээд элдвийг ярилцаж өнгөрөөдөг энэхүү үдэшлэг нийт 9 удаа зохион байгуулагджээ.

Энэ Дөлмандах чинь юу болоод байна гэж бодож байна уу? Гэнэт ингээд бодсон чинь анхны Beer Party саяхан болж өнгөрсөн мэт. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга уулзалтын дараа 9-р сарын Beer Party хийсэн маань өчигдөрхөн мэт санагдаад, цаг хугацаа ямар хурдан урсч байна вэ. Бас Unix Beer Party маань нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Нэг жилийн ойгоо хэрхэн угтах, зохион байгуулах вэ? Unix Beer Party юникс сонирхогч биднийг танилцуулж, холбож, хамтран ажиллаж чамлахааргүй ихийг бүтээхэд түлхэц болж өгсөн. Хэрэв байхгүй байсан бол бид амьдарч л байгаа гэхдээ өнөөдрийнх шиг байх болов уу?

Нэг жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх вэ? Санал онолоо хуваалцаач. Цаашид хэрхэн өргөжүүлж, илүү үр ашигтай болгох вэ? Та хэрхэн хамтран ажиллах боломжтой байна вэ?

SysAdmin Summit 2007

SysAdmin Summit 2006 амжилттай болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Эндээс их зүйлийг сурч авч, их ч зүйлийг ойлголоо. Харин SAS2007 ямар байгаасай гэж хүсч байгаа талаараа энд сийрүүлэн бичье.

- Анхны чуулга уулзалт бол туршилт байсан гэж үзэж байна. Иймэрхүү арга хэмжээг хэр сонирхох нь уу, үр өгөөж юу байна гэж туршсан, амжилттай болсон. Анхны чуулга уулзалтын илтгэлийн сэдвүүд илүү гүн гүнзгий асуудлуудыг хөндөлгүй ихэвчлэн ерөнхий зүйлс явсан, ингэж ч бид төлөвлөсөн. Харин дараа дараагийнх мэргэжлийн хүмүүст чиглэсэн нарийн, илүү тодорхой асуудлуудыг хөндсөн, шийдсэн байх шаардлагатай байна.

- Хамгийн гол нь 7-р сарын сүүлийн баасан гарагт Системийн Администраторуудын Өдөртөө зохион байгуулбал их зүгээр. Үүний тулд 5-р сарын эх гэхэд бүх зохион байгуулалт дуусаад, сурталчилгааны ажил эхэлсэн байх. Тэгэхгүй бол зун бол амралтын үе байдаг тул хүмүүст эртхэн мэдээлэл өгч, ажил албыг нь зохицуулах боломж, цаг гаргах.

- Нэг өдөрт багтаах гэх хэрэггүй, хэд хэдэн өдөрт хуваагаад ингэхдээ нэг өдөр зөвхөн холбогдолтой сэдвүүдээр. Ингэхгүй бол удаан үргэлжлэх нь хүмүүсийг залхааж, ядрааж үр дүн багатай болох магадлалтай. Өдөрт 4-с дээшгүй илтгэлээр 4 хоногоос хэтрэх хэрэггүй байх, харин хаалтын өдөр нь дээр дурдсан дагуу баасан гарагт таарч байх хэрэгтэй.!

- Илтгэлийн тоо цөөрч байна гэдэг чинь нэг илтгэлд ноогдох цаг нэмэгдэж байна гэсэн үг. Тийм болохоор илтгэлийг илүү практик үзүүлбэртэй, илүү өгөөжтэй болгож өгөх нь маш чухал юм. Хамгийн сүүлд явсан Баска ахын илтгэл илүү практикт ойр, үзүүлбэртэй байсан болохоор ихээхэн хүмүүст хүрсэн байсан. Бараг workshop байвал зүгээр байх, монголоор үнэндээ хэлж мэдэхгүй байна.

- Анхных дээр Windows-той холбогдолтой мэдээллүүд бага орсон, илүү нэмэгдүүлэх нь чухал. Оруулахаар хүчин чармайлт гаргасан боловч нэг л илтгэл олж чадсан. Одоо харин тусад нь нэг бүтэн өдөр гаргаж байгаад тухайн өдрөө зөвхөн Windows-н талаар чуулбал.

- Windows, Unix, Networking, Security гэдэг сэдвүүдээр, өдөрт хувааж байвал зүгээр мэт санагдана. Анхны чуулга уулзалтыг зарим нэг талаар дутагдалтай ч амжилттай болсон гэж дүгнэж байгаа, иймд дараагийн удаад зарим нэг зохион байгуулалтын ажлууд нэмэгдэх ч арай л хөнгөн байна байх.

- Үнэгүй юм гэж энэ хорвоод ер нь үгүй билээ, тийм болохоор дараа удаа өндөр биш гэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж ордог байвал зүгээр байх. Ивээн тэтгэлгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж болох байх гэж найдаж байна.

- Тодорхой хугацаанд олон нийтийн саналыг авч, түүнийг нь тусгаад зохион байгуулалтын ажилдаа орох хэрэгтэй болов уу. Миний бодлоор 2007 оны 1-р сарыг дуустал төрөл бүрээр санал асуулга явуулъя, 5-р сар хүртэл бэлтгэлээ базаагаад, 5-р сараас эхлээд сурталчлах ажлуудаа эхлэвэл яасан юм бэ.

Ингээд бодоод байхнээ одооноос эхлэж бодож, төлөвлөж байхгүй бол нэг л мэдэхэд цаг нь тулдаг, тал тал тийш сандчин гүйж маш их хэмжээний зардал гаргадаг. Та бүхэнтэй өөрийн санаа оноог хуваалцаж, мөн та бүхний санаа оноог авах гэсэн юм.

SysAdmin Summit 2007