Showing posts with label монгол кино. Show all posts
Showing posts with label монгол кино. Show all posts

2009-05-23

9009

Ийм сонин бас сонирхолтой нэртэй нэгэн киног өчигдөр Өргөөд үзлээ. 1990-ээд онд болж байсан зүйлс, эгшиглэдэг байсан дуунууд, хэрэглэдэг үгс, дээрэм, атаманууд гээд хүүхэд насыг минь санагдуулах мөчүүд, бас 2009 буюу өнөө үеийн нийгмийг харуулсан гоё кино байна лээ. Аз жаргалтай төгсгөл нь их таалагдсан. Найз нөхөрлөлийг гоё гаргаж чадсан нь таалагдсан. Надад таалагдсан. Дүүд маань ч, найз охинд маань ч, ер нь бүгдэд таалагдсан.

2009-05-02

Өргөө

Өргөө кино театр орж Гоёлын даашинз гээд кино үзэв. Зөвхөн "Тэнгис" гэж байгаад хүмүүсийн ам сайтай байхаар нь шинэ газар орж үзэхээр шийдсэн маань энэ байв. Дотоод засал нь тун давгүй, тухтай юм бас олон төрлийн үйлчилгээ авч болохоор бас 3 биш 4 танхимтай. Миний хувьд 3-р танхимд орсон бөгөөд танхим нь давгүй том, суудал нь илүү өргөн зайтай тул над шиг "урт" хүнд суухад эвтэйхэн байсан. Бас дэлгэц нь том, дууны чанар сайн гээд бараг л бүх юм таалагдсан. Ганц зүйл таалагдаагүй нь вэб дээрээ 7:40 гэж байсан кино нь тасалбараа авах гээд очтол 7:00 гэж байснаас болоод төлөвлөгөөнд өөрчлөлт орж, жаахан яарч сандарлаа.

Сүүлийн үед бид бүгдийн үндэсэрхэг үзэл сэргэж "үндэсний" гэсэн тодотголтой зүйлсийг түлхүү хэрэглэх болов. Би ч тэдэнтэй нэгдэж G-Mobile хэрэглэх болсон, бас болж өгвөл Өргөө орж байна гэж бодож байгаа. Теартын хувьд тун давгүй, кино нь энгийн, хөнгөн бас хөгжилтэй. Үзэхийг, тэр дундаа Өргөөд үзэхийг зөвлөж байна.

2009-03-20

Буруу эргэлт

Сүүлийн үед манайхан киног үйлдвэрлэж өгч байнаа. Эсвэл хийсэн хэдэн киногоо ойрхон гаргачихав уу. Ямартай ч сонирхолтой санагдсан хэдэн кинонуудаа үзээд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хийчээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд л явж байна. Хэд хоногийн өмнө "Миний хөрш чөтгөр" гээд давгүй хөгжилтэй киног үзэж сайхан инээж авлаа. Нэрнээс нь тодорхой зүйл бол хоёр хөрш хоорондоо сөргөөцөлдөх, харин киноны төгсгөлд нэг нэгдээ хайр сэтгэлтэй болоод дуусдаг. Хөгжилтэй, үзэхийг зөвлөж байна. Харин өнөөдөр "Буруу эргэлт" киног үзээд хэсэг хугацаанд бодолд автав. Нэг хүний хөнгөн, бодлогогүй бас нөгөө талаас сэтгэлийн хөөрлөөр хандсан зүйлээс өөрийгөө болон ойр тойрныхондоо хэрхэн нөлөөлж, муугаар төгсч болохыг харуулсан нь ингэж бодолд автахад хүргэсэн болов уу. Өмнөх кинотой адил хөгжилтэй, инээдмийн биш ч хөгжилтэй, гунигтай гээд сэтгэлийн бүх хөдлөлийг харуулсан хамгийн гол нь нэгийг бодогдуулсан кино байлаа. Үзэх хэрэгтэй. Бас бүр өмнө нь "Сая километр" гээд кино үзсэн нь бас таалагдсан. Зураг авалт бас сайн хийсэн санагдсан. Ер нь манайхан киног хийдэг болсон байна лээ. Үзээд байдаг хэрэг ээ.

Харин "Орхидос", "Хүрэлдэй" гээд кинонууд нь миний сонирходог сэдэв биш тул үзсэнгүй. Сүүлийн үед шуугиан тариад байгаа "Watchmen" удахгүй "Тэнгис"-д гарч эхлэх юм билээ үзнээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, залуусыг кино үзээсэй гэсэндээ киноны талаар бичдэг санаатай. Миний блог таны киноны сонголтод нөлөөлж байсан уу?

2009-01-21

Зовлонт, гунигтай кино

Өнөөдөр Тэнгис ороод сонголтгүйгээр "Зүүдний үргэлжлэл..." гээд кино үзэв. Нэгэнт хүн бүхэн өөрийн гэсэн зовлонтой байдаг хорвоод бас өөр хүний хэцүү амьдрал үзэж өөрийгөө зовоож яахав гээд хөгжилтэй, аз жаргалтай кино үзэх илүү дуртай. Уг нь өөр кино үзэх гэж байтал нөгөөхийг үдээс өмнө л гаргаж байгаа гэнэ. Уг нь вэб дээрээс нь харж харж л гарсан юм. Ингээд зовлонт, гунигтай кино үзэв.

Яасан ч их гуниг зовлон нь дуусдаггүй кино вэ дээ, эхнээсээ дуустал асуудал, бэрхшээл, зовлон гарах юм. Гэхдээ бас дундуур нь хүүхэд нь хөгжийн авъяасаараа амжилт гаргаж буй, бас ах дүү тоглож буй гэгээлэг дүр зураг үзэгдэнэ. Сүүлийн үед дандаа хэт амархан, толгой ажиллуулдаггүй кино үзсээр байгаад тэр үү бас зарим газар нь бодох, ойлгох гэж оролдох хэрэг гарч байв. Эсвэл найруулагч нь муу байгаад тэр үйл явдлын холбоос, утгыг сайн гаргаж чадсангүй юу. Зовсны эцэст жаргал гэгчээр үзэгч сайхан, гэгээлэг төгсгөлийг үргэлж хүлээж байдаг, би хувьдаа олж харсангүй. Эсвэл нэг нь нэгэндээ амьдрал бэлэглэж, үр хүүхэд нь өмнөхөөсөө илүү сайхан ирээдүйтэй болж байгаа хэсгийг сайхан хийж чадсангүй.

Сүүлийн үед үзсэн хамгийн муу кино гэж хэлмээр байна. Миний бодлоор хэсэгхэн боловч тэрхэн гэрэл гэгээтэй мөчүүдийг илүү тод харуулж өгсөн бол арай өөр байх байсан болов уу. Хэрэв танд чөлөөт цагаараа хийх зүйл хэрэгтэй байгаа бол Тэнгис орж Зөрлөг үз. Үзсэн бол ахиад нэг үз, хөгжилтэй, сонирхолтой, адал явдалтай хамгийн гол нь гэрэл гэгээтэй зүйл ихтэй. ZMN-ий залуучууд ч давгүй кино хийдэг шүү.

2008-12-30

Бяр байхад ухаан хэрэггүй

Тэнгис кино театрт гарч буй "Зөрлөг" кинон дээр нэгэн бадриун эр ингэж ярьж байх юм. Хөгжилтэй гэдэг нь. Агшин бүрт хөгжилтэй явдлаар дүүрэн ёстой л үзүүштэй кино байна лээ.

ZMN-ий залуучууд ёстой кино хийж чадаж байна шүү. Ийм нэгэн дурлал болон 2-р анги, надтай гэрлээч гээд нэлээн олон бүтээл хийсэн. Улам л сайжраад байх юм. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Нэмэлт: Маргааш уулзах гэж өнөөдөр салдаг, үргэлж хамт байх гэж маргааш уулздаг гээд гоё үг байна бас.

2008-09-04

Үхэж үл болно

Сүүлийн үед манайхан кино хийдэг болжээ. Бидний бахархах дуртай Чингис хааны маань тухай маш олон киног дотоод гадаадын олон уран бүтээлчид хийсэн байдаг. Хамгийн сүүлд манай хэсэг уран бүтээлчид "Үхэж үл болно - Чингис Хаан" гээд кино хийсэн нь Тэнгисийн танхимыг дүүргэж, манай үзэгчдийг байлдан дагуулж байна. Өнөөдөр гэрийнхэнтэйгээ үзээд сэтгэл их хөдлөв, энэ талаараа бичихгүй байхын арга алга.

Киноны нэр нь Чингис хаанд маань олон хүн итгэж, өөрийн амьдралыг даатгаж явж байгаа болохоор тэрээр үхэх эрхгүй гэдгээс санаа авсан бололтой. Кино үйл явдал Бөртэ үжинг мэргидүүд хулгайлахаас эхлэх бөгөөд Тэмүүжин Жамуха хоёрын анд нөхөрлөл, овог аймгуудын хагарал, нэгдэл, үндэсний үзэл гээд маш олон зүйлсийг уран сайхнаар дүрслэн үзүүлжээ. Түүхэн үнэнд хэр нийцэхийг нь мэдэхгүй ч их дажгүй кино болж. Ер нь түүхэн кино үзэж байхад монгол эмэгтэйн амьдрал ямар хэцүү байсан юм бэ. Хар багаас нь бараг танихгүй хүн эхнэр болгоод өгчихнө, хулгайлагдана, бэлэг болно гээд л бас л барзгар байсан байгаа юм шүү. Кино үзэж байхад санаанууд төрч байсан боловч ирээд хэдэг ажлаа амжуулчаад бичих гэсэн мартчихаж. Ямар ч байсан хэрэв та үзэж амжаагүй байгаа бол заавал очиж үзээрэй гэж хэлэх байна.

Миний хувьд чөлөөт цагаа зөв боловсон гэдгээр өнгөрүүлэх үүднээс Тэнгис орж кино үзэх дуртай. Бас монголчуудынхаа хийсэн киног үзэж "үндэсний үйлдвэрлэлээ" дэмжих дуртай.

2008-03-27

Аз жаргал - The bad boy

Дөнгөж сая ээжийн зараалаар өмнө зөвхөн зурагт, сонингоор мэдээлэл авч, гадны киноноос төсөөлөл авч байсан шорон буюу "Ганц худаг" гэдэг газар очиж үзлээ. Нэлээн хол яваад байдаг энэ газарыг олж очих гэж овоо юм боллоо. Харин энд гарчиган дээр байгаа киноны нэгэхэн хэсгээс бичих гэсэн юм.

Гол дүрийн залуу найзуудтайгаа нийлж аваад бүлэг зодоон үүсгэнэ. Тэр нь цагдаад баригдсанаар тарчигхан амьдралтай түүнээс овоо хэмжээний мөнгө нэхэмжлэхэд аав нь үг дуугүй төлөөд хүүгээ суллаж авна. Хүү аавыгаа мөнгө төлөхгүй, түүний оронд өөрийнхөө эрх чөлөөгөө хэсэг хугацаанд хасуулсан нь дээр гэж ятгасан боловч амжилтгүй болно. Аав нь үүний дараагаар хүүгээ дагуулан үнэтэй, гоё ресторануудаар явж, кино үзүүлж ер нь бүх л өдрийн туршид цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлнэ. Хүү энэ өдрийн туршиж болсон зүйлд ихэд баярлан аавдаа их сайхан байсныг хэлтэл аав нь "амьдралын энэ бүх сайхныг мэдрэхийн тулд хүн чинь эрх чөлөөтэй байх хэрэгтэй" гэсэн утгатай үг хэлдэг. Хүн зөвхөн эрх чөлөөтэй байж гэмээнэ өөрийн зорилгод хүрч, амьдралын сайн сайхныг мэдрэх боломжтой.

Нэмэлт: Ирэх 6-р сард DVD нь гарах юм гэсэн. Хэрэв үзэж амжаагүй бол худалдаж авч үзэхийг зөвлөж байна.

2008-03-12

Халуун сэтгэл

Миний бие үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх үүднээс аль болох монголчуудынхаа бүтээсэн киног үзэхийг зорьж байгаа билээ. Тэгээд саяхан Тэнгист Халуун сэтгэл киног үзлээ. Энэхүү кино нь соц үеийн сангийн аж ахуй, нийгэм, хүмүүсийн үзэл бодол гээд тухайн нийгмийн талаар зарим нэг сонирхолтой зүйлсийг ажиглаж болно. Жишээ нь, өнөөгийн нийгэмд хайрлаж дурлах нь хүний эрх, хүн хэдэн ч настайдаа хүнд дурлаж, хайрлаж болно. Гэтэл нас залуудаа хүнд хайртай болохыг жигшүүртэй гэмт хэрэг мэт үзэж, тэрхүү охиныг гадуурхаж буй нь тухайн нийгэм ямар чанга хатуу байсныг илтгэх биз. Сүүлийн үед хараад байхнээ монголчуудын хийж буй кинууд найруулга, ашиглаж буй шийдэл, технологи гээд бүхий л талаараа маш сайжраад үзэхэд ч их урамтай болж байгаа. Танд ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж бас чөлөөт цагаа бааранд хэн нэгний татсан тамхины утаа, согтуу хөлчүү хүмүүсийн дунд биш харин цэвэрхэн, эрүүл орчинд өнгөрүүлэхийг зөвлөж байна.

Энэ блог маань киноны талаар огтхон ч биш харин вэб 2.0-ын тухай юм. Цахилгаан эрчим хүч бий болсноор хүн хэд дахин илүү бүтээлж болж басхүү ажлын цаг ч уртассан гэдэг. Өөрөөр хэлбэл харанхуйг өдөр мэт гэрэлтүүлж чадсан гэсэн үг. Харин дараа нь мэдээллийн технологи үүсч хөгжсөнөөр бид бараг бүх төрлийн мэдээллийг тоон хэлбэрээр дүрслэх, хадгалах, түгээх боломжтой болсон. Мэдээлэл өгөгдөл нь тоон хэлбэрт байхдаа ямар ч жин татахгүй, цаг хугацааны элэгдэл үгүй, түгээж тараах боломжид бараг хязгаар үгүй гээд тоочоод, харьцуулаад байдал уламжлалт мэдээлэл түгээлтээс хавьгүй их давуу талуудтай. Энэ нь бидний амьдрал, нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт зарим зүйлс мөхөл авчирч байна. Хэрэв компьютер, интернэт, вэб гэж үгүй байсан бол надад өөрийн үзэл бодол, дуртай зүйлийнхээ талаар бичих хэзэн зуун үг байтуйгай ганц өгүүлбэр ч бичих сонингийн булан олдохгүй байсан биз. Олдсон ч хэтэвч маань хэт нимгэдэх байсан нь ойлгомжтой. Бас тэгээд тэрийг нь дэлхийн хаана ч байгаа хүн уншина гэдэг бол бүр зүүдэнд ч орохгүй үзэгдэл. Зүүдэнд орлоо ч хар дарсан зүүд байх байсан биз.

Миний бодлоор бид үнэхээр азтай хүмүүс. Бид хэн нэгэн юу хийж бүтээж, юуг бидэнд санал болгож, хэзээ бидний хийж бүтээх, туурвих ээлж ирэх бол хэмээн хүлээж суулгүйгээр яг одоо бүтээгч болох боломжтой. Өмнө бид зөвхөн хэрэглэгч байж зурагтаар гарсан, сонинд нийтлэснийг уншдаг байсан бол та өнөөдөр блог нээснээр сэтгүүлч нийтлэгч, podcast нээснээр радио нэвтрүүлэгч, flickr дээр фото зургуудаа нийтлэснээр фото студитэй, дүрс бичлэгээ youtube дээр тавьнаар кино клип бүтээгч эсвэл жүжигчин болох боломжтой болж байна. Энэ бол зөвхөн жишээ төдий л ... Интернэт, хавтгай дэлхийн ертөнцөд та хэнээс хамааралгүйгээр нийтлэгч, жүжигчин, бүтээгч, туурвигч байж дэлхийн хаана ч байгаа хүнд өөрийн бүтээлийг хүргэж, өөрийн гэсэн шүтэн бишрэгч, уншигч, үзэгчтэй, сонирхолын хүрээлэлтэй болох боломжтой байна. Та мэргэжлийн байх албагүй, та сонирхогч байхад л хангалттай. Хамгийн гол нь энэ бүх үйлчилгээг интернэт компаниуд танд үнэгүй үзүүлж танаас зөвхөн интернэт холболттой байхыг шаардана. Өнөөдөр дэлхий дээр тэр тусмаа Монгол Улсад маань хэдэн блогчин, хэдэн видео туурвигч, хэдэн бүтээгч байгааг хэн ч мэдэхгүй. Тэдгээрийн нэг нь би байна, магад уншигч та ч тэдний нэг байж болно. Хэрэв та блог хөтөлдөг эсвэл бүтээгч бол интернэтийн хаягаа сэтгэгдэл болгон үлдээхийн танаас хүсье. Хэрэв та одоогоор зөвхөн хэрэглэгч байгаа бол өөрт байгаа энэ сайхан боломжийг ашиглан бүтээгч болохыг уриалж байна. Таныг бүтээгч болоход туслахдаа ч бэлэн байх болно.

Яагаад хаа хамаагүй киноны талаар бичсэн юм болоо гэж та гайхаж байж болох юм. Би зүгээр л технологи хөгжихийн хэрээр өөрөө хямдарч, түүнийхээ хэрээр хэн бүхэнд хүртээмжтэй болж байна. Тэр хэрээр бидний амьдрал, бүтээл гээд бүхий л зүйл чанаржиж буйг ... гэсэн юм.