2006-09-27

Laptop лай

Өнгөрөгч бүтэнсайн өдөр laptop маань гэнэт ажиллахаа болив. Ёстой жинхэнэ гамшиг. Жаал юм хийж сууж байгаад хоол идэх зуураа зөөлөвчтэй сандал дээр тавьсанаас болж халаад тэгсэн бололтой. Харин халаад хаана нь юу нь болохоо болиод ийм асуудал үүсдэг талаар үнэндээ мэдэх юм алга. Ноднин аав ээж маань надад авч өгсөн ба миний хамаг л ажлаа явуулдаг, товчхондоо амь амьдрал болоод байсан юм. Өөр ямар нэг ширээний компьютер байхгүй. Гэтэл ингээд өнгөрөгч бүтэнсайн өдөр ажилгүй болдог юм байна. Бүтэнсайн өдөр бүр сэтгэлээр унаад ямар ч зүйл хийх сонирхолгүй, үхсэн амид нь мэдэгдэхгүй амьтан байж байгаад өөрөө янзлахаар оролдсон боловч задалж чадаагүй. Засварчинд үзүүлэхлээр авч үлдэж байж тухтай үзнэ гэсэн учир ер нь өөрөө учрыг нь олохоор шийдэж хэд хэдэн удаа задалж угсарсан боловч үр дүн алга. Одоо энд нэг хүний компьютер дээр шуудангаа шалгах гээд сууж байна. Энэ долоо хоног гарснаар ямар нэг бүтээлч ажил хийсэнгүй, сэтгэлээр унаж, laptopoo задалж угсарсаар сая хэд хоног өнгөрлөө. Маргааш засварчинд өгч үзүүлэхээс өөр арга үлдээгүй бололтой :(.

2006-09-23

Нээлттэй эхийн лицензүүдийн талаар

Нээлттэй эхийн хэдэн төслийн санаа тархинд минь байнга л эргэлдэж байдаг, үүнийхээ хажуугаар лицензийн асуудал бас бодогдоно. Үнэндээ бид байтугай ихэнх програм хангамжийн хэрэглэгчид лицензэд ямар заалт байдаг, ер нь юу байдаг талаар ч мэддэггүй гэсэн судалгаа байсан. Харин нээлттэй эхийн програм хангамжийн хувьд лицензийг зөв сонгох нь хөгжүүлэгчдийг татах, тэдний итгэлийг олох гэх мэт маш олон зүйлстэй нягт холбоотой байдаг учраас нээлттэй эхийн төсөл эхлүүлж буй хүн, баг бүрт лиценз нь ихэвчлэн асуудал үүсгэж байдаг болов уу. Өнөөдрийн байдлаар нээлттэй эхийн тодорхойлолтыг хангасан 50 гаруй лиценз байдаг гэсэн тоо байгаа, гэвч дийлэнх нээлттэй эхийн төслүүд GPL-г сонгон ашигладаг, бас миний санаж буй төслүүдэд их тохирох байх гэж бодоод байгаа. Ер нь Монгол Улсад зохиогчийн эрх, лиценз гэх мэт оюуны өмч болон түүний харилцааг зохиоцуулагч зүйлсийг илүү хүмүүст ойлгуулах, сурталчлах хэрэгтэй юм шиг. Програм хангамжийг хэн ч хуулж, хувилж болно, харин нээлттэй эхийн код л бол бүгд адилхан авч өөрчлөөд тэрийгээ дарчихаж болно гэж боддог юм уу хаашаа юм. Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй болов уу. Саяхан үзэж байтал патент, зохиогчийн эрх, лиценз гэдгийг товч тайлбартй, үүнээс гадна лицензүүдийг зургаар харьцуулсан Sun-н ажилтаны гарсныг үзлээ, таалагдсан. Бас өнөөдөрхөн үзэж байтал GPL нь өнөөдрийн линуксын хөгжил болон тархацад их нөлөөлсөн талаар David A. Wheeler-н блогийг уншлаа. Их сонирхолтой басхүү тоо баримж, жишээ зүйрлэл оруулсан бөгөөд ямар зорилгоор алийг нь ашиглавал зүгээр вэ гэсэн багахан зөвлөмж оруулжээ. Цаашид энэ талаар илүү судалж, блог бичих бодолтой байнам, учир нь энэ талаар монголчуудад илүү таниулж, мэдүүлэх шаардлага байна. Оюуны хөдөлмөр, өмчийг ойлгуулахгүй, хамгаалахгүйгээр оюуны өмчийг нэмэгдүүлэх, үнэлүүлэх боломж нь тун хомс юм.

2006-09-19

Software Freedom Day 06

2004 онд нэг нөхөр ер нь нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамж нь хакер, хөгжүүлэгч, жинхэнэ сонирхогчийн хүрээнээс хальж энгийн хэрэглэгчид ашиглахад хялбар болжээ гэдгийг анзаарчээ. Тэгээд тэрээр нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжуудыг багтаасан "The OpenCD" гээд арга хэмжээг тухайн жилдээ зохион байгуулж. Харин 2005 оноос эхлэн Software Freedom International гэдэг байгууллага Software Freedom Day гэдэг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 2005, 2006 оны ивээн тэтгэгчээр Ubuntu-г гаргадагCanonical компани оролцож багаа юм байна. Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжийн талаар мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх нь эл өдрийн гол зорилго юм. Харин 2006 онд дэлхийн 150 гаруй баг Software Freedom Day-г тэмдэглэхээр бүртгүүлсэн ба миний бие "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" багийг бүрдүүлэн шилдэг 5 багийн нэг болохоор өрсөлдөж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд дараах асуудлуудыг хөндсөн яриа хийх юм:

- Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамж гэж юу вэ?
- Тэдгээрийн ач холбогдол
- Хэрхэн хөгждөг вэ?
- Хэрхэн оролцох вэ?

Мөн 16-ны өдөр 13 цагаас МТҮП дээр нээлтээ хийсэн бөгөөд 18-наас 22-ныг дуустал програм хангамжийн чиглэлээр сургалт явуулдаг 10 их, дээд сургуулиуд дээр дээрх яриаг хийх юм. Цагийн хуваарь:

- 19-нд 15:30 Хан-Уул дээд сургууль
- 19-нд 17:30 Холбоо мэдээлэл технологийн сургууль
- 20-нд 14:40 МУИС МКС
- 20-нд 15:30 Сэрүүлэг Дээд Сургууль
- 21-нд 13:00 Цахим дээд сургууль
- 21-нд 15:00 МУИС МТС
- 21-нд 16:00 Хүрээ дээд сургууль
- 22-нд 14:00 Улаанбаатар дээд сургууль
- 22-нд 15:00 Алтай дээд сургууль

16-ны өдөр 13 цагаас МТҮП дээр нээлтийг амжилттай хийсэн бөгөөд 18-нд 16:40-д КТМСургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ. Хэрэв та Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжийн талаар мэдмээр байгаа бол цагийн хуваарийн дагуу дээрх сургуулиуд дээр очиж оролцох боломжтой.

Програм Хангамжийн Эрх Чөлөөний Өдөр 2006

Амралт дууслаа

Хавар гадаадад суралцна гэдэг шалтгаанаар Нэтсофтоос гарнаас хойш овоо хэдэн сар өнгөрсөн байна шүү. Энэ хооронд "Нээлттэй МН"ТББ-д ажиллая гэсэн боловч болсонгүй, ингээд MUUG болон бас бусад зүйлсэд сайн дураар зүтгэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тогтсон ажил байхгүй болохоор тогтмол орлого байхгүй, хаяаа нэг олдох "халтуур" хийж мөнгө олчоод дуртай үедээ босч, дуртай үедээ унтаж, хүссэн зүйлсээ хийсээр хавар, зуныг жинхэнэ амралт гэж хэлж болохоор өнгөрөөлөө. Гэвч бас яг тийм биш бололтой, их хэмжээгээр ядарсан байх юм. Гэхдээ энэ амарч байх хугацаандаа багагүй зүйлийг сурч, ойлгож авлаа. Ер нь цаашид ингэж яваад байж болохгүй. Хамаг сайхан эр хүчээр дүүрэн залуу нас минь амралтын хэмнэлээр амьдралын хананд үрэгдэж дуусахыг би хувьдаа огт зөвшөөрөхгүй. Эцэст нь энэхүү шинэ долоо хоногоос эхлэн амралтын горимоосоо гарч илүү үр бүтээлтэй байхаар шийдлээ. Хамгийн гоё нь би залуу байна. Тун удахгүй 22 нас хүрнэ.

2006-09-16

Баабарын латин галиг

Би Дөлгөөний блогийг унших дуртай. Тэрээр даяаршил болон хүний ухамсар гээд ер нь их хэрэгтэй, чухал сэдвүүдээр сонирхолтой асуудлуудыг хөндөж байдаг, бас хөндсөн нийтлэлүүдийг хүргэдэг. Сүүлд Баабарын нэгэн нийтлэлийн ишлэлийг оруулан, цааш унших хаягийг байрлуулсан байснаар орж үзтэл Баабар гуайн хувийн вэб сайтыг олж мэдлээ. Яг үнэндээ өмнө мартсан байснаа сэргээж санасан юм. Баабар өөрийн жирийн бус үг хэллэг, сэтгэлгээ агуулсан ярилцлага, нийтлэлүүдээрээ миний сонирхолыг татдаг, би түүний улаан шахуу ФЭН. Вэб сайтаар нь хэсүүчилж яваад Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе гэсэн нэгэн саналыг сонирхон уншлаа. Учир нь Латин үсэг ба Монгол гэдэг блогийг уншсанаас хойш латин үгийг илүү эергээр хүлээж авдаг, басхүү дэмждэг болсон билээ. Гэхдээ Цахим-Өртөөний андуудтай танилцаагүй, тэдэнтэй тэдгээр сайхан яриа өрнүүлээгүй байсан бол өдий хүртэл эсрэг явах байсан байх. Саналыг уншаад хэсэг бодол боллоо. Өмнө нь хаанаас ч юм латин үсгийн галигийн стандарт батлагдсан гэж дуулдаж байсан ч нүдээр харж байсангүй. Энэ нь альваа гаргасан хууль дүрэм, стандартыг олон нийтэд сурталчилдаггүй, таниулах ажил бараг хйигддэггүйтэй холбоотой болов уу. Хүмүүсийн ярьж буйгаар, миний ойлгосноор тэрхүү стандарт нь бидний өдөр тутам ашигладаг галигаас нэлээн ялгаатай, бас зарим талаар техникийн асуудалтай байгаа юм. Жишээ нь, ө, ү үсгүүдийг o' u' гэж тэмдэглэнэ, гэхдээ зөвхөн үгийн эхэнд л. Харин үлдсэн бүх o u нь ө ү болох юм байх. Програм хангамжийн түвшинд ' нь тусгай утга илэрхийлдэг, бидний ашиглах гээд байгаа тэмдгийг \' гэж дүрслэнэ, ингэж ажил удах хэрэг байсан ч юм уу. Дээрээс нь Төрболд гэдэг нэрийг To'rbold гэж тэмдэглэх ба буцаах уншвал Төрбөлд болох юм. Үүний эсрэгээр Баабар гуайн галиглал бидний өнөөдөр хараар ашигладаг галигтай дүйж очихоос гадна өмнөхтэй адил хүндрэлүүд гарахгүй. Мөн ямар нэг амьдралд ойр галигийн стандартыг тогтоогоод мөрдөж эхлэх нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвлөх нь тодорхой, үүнийг цаг үе шаардаж байна.

2006-09-15

Unix Beer Party Sep, 2006

Өчигдөр Beer Party болж өнгөрлөө. Тулгаж зарласан болоод ч тэр үү хэдхэн идэвхитэн гишүүд л цугларч, урьд өмнө байгаагүй тийм нэг үдшийг хамтдаа өнгөрөөсөн юм. Яриа сэдэвт болж өнгөрсөн Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт болон цаашид хэрхэн зохион байгуулах, ямар зүйлс дээр анхаарах талаар байлаа. Энэ удаад хэт урт сунжирсан, илтгэлүүд бодит жишээ, үзүүлбэр бага, илүү гүнзгий мэдээлэл бага орсон гээд дутуу зүйлс байсан боловч амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэлээ. Цаашид эдгээр зүйлсийг харгалзан үзэж SysAdmin Summit-г сэдэв сэдвээр өдрүүдэд хувааж, хэдхэн өндөр чанартай илтгэлүүд оруулах, практик жишээг илүү түлхүү оруулах хэрэгтэй нь ойлгомжтой байна. Жишээ нь, Windows, Unix & Linux, Security, Networking гээд өдрүүдэд хувааж, өдөрт 3 эсвэл 4 чанартай илтгэл байвал яах бол? Өөр ямар асуудлуудыг тусгавал зүгээр гэж та бодож байна? Мөн Beer Party дээр Бааска ах аюулгүй байдал, халдлагын талаар сонирхолтой яриа өрнүүлснээс гадна багагүй туршлага хуваалцсан шүү. Дээрээс нь шилдэг илтгэлийн шагналт Даваасүрэн анд маань биднийг шар айргаар дайлсан, баярласан шүү. Ингээд хараад байхад Beer Party маань илүү өргөжөөд, илүү үр бүтээлч, сонирхолтой, туршлага хуваалцсан болсоор байх шиг.

Unix Beer Party

2006-09-14

Microsoft-н төгсгөл ирсэн үү?

Why Vista will mean the end of the Microsoft monolith гэсэн уншлаа. Миний ойлгосноор бол ирэх онд Vista гармагц Microsoft-н өндөр албан тушаал хашдаг хоёр хүн ажлаасаа гарахаар болсон байгаа юм байна. Нэг нь Jim Allchin, нөгөө нь Brian Valentine. Vista гарсны дараа Microsoft-г ямар зүйл хүлээж байгаа нь ерөнхийдөө бүрхэг санагдаж байна. Саяхан бас Microsoft vs. Open Source: Who Will Win? гэсэн нийтлэл дээр Microsoft програм хангамжийн гол нийлүүлэгч хэвээр үлдэнэ, гэвч линуксыг зах зээлээс шахаж чадахгүй гэсэн байсан. Microsoft vs OSS гэсэн маргаан, мэтгэлзээнүүд овоо өрнөдөг, харин хариуг цаг хугацаа л хэлэх болов уу.

... баярлалаа

Миний бие SysAdmin Summit 2006 дээр хэд хэдэн хүнд талархал илэрхийлэх гэж байгаад сандраад мартчихаж. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирал А.Батжаргал ахдаа баярлалаа. Тэрээр бэлтгэл ажилд зориулж хэд хэдэн удаа уулзалтын өрөө гаргаж өгч, үнэлшгүй хувь нэмэр оруулсан юм. Мөн Мобиком корпорацийн олон нийттэй харилцах албаны н.Энхболдод илтгэл тавих, олон нийтийн өмнө яриа өгөх талаар санал, зөвлөгөө өгсөнд маш их баярласнаа илэрхийлэх нь зөв болов уу. Энэхүү Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт дан ганц хүний хүчин чармайлтаар бүтэхгүй байсан нь тодорхой. Бидний ажлыг ойлгож, туслаж дэмжиж байсан бүх хүндээ баярлалаа.

Миний буруу, намайг уучил ...

Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалтыг зарлах гэж 9-р сарын 9-ний өдөр Ийгл телевиз дээр очоод ярилцлага өгөхдөө 16-нд гээд алдаад хэлчихэж, үүний улмаас цөөнгүй хүн төөрөгдөлд орсон бололтой. Ингэж хэлснээ өөрөө ч анзаараагүй. Энэ бол миний алдаа, миний буруу. Өчигдөр холбооны сургуулийн хажуугийн дэлгүүрт зогсож байтал хажууд хэдэн оюутнууд системийн админы хурал болно гэсэн, 16-нд хамт очъёо гэсэн юм яриж байхыг сонсоод тэвчилгүй тэднээс уйчлал гуйсан. Тэдний адил хичнээн хүн ингэж хоцорсныг үнэхээр мэдэхгүй байна, энэ бүгд миний алдаа. Намайг уучлахыг хүсье.

2006-09-12

Эрх чөлөө ...

За сайхан, Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж дууслаа. Харин хэрхэн болж өнгөрсөн талаар оролцогсод л дүгнэх болов уу. Миний хувьд зохион байгуулалт гээд хамаг ажлаа хойш нь тавиад, найз охин, ээж аавыгаа дайчлаад гэр бүлээрээ чадахаараа л зүтгэлээ. Анх зохион байгуулах гэж зүтгэснээрээ тэр чигээр нь зүтгээд маш олон ажлыг цалгардуулж, олон ч өдөр бухимдаж, дутуу нойртой гүйлээ. Ингэж нэг эцсийг нь үзэх ч сайхан байна шүү. Хамгийн хэцүү нь ивээн тэтгэгч олох, данс нээлгэх гээд бараг бүх л зохион байгуулалтын ажлууд хүнд байсан гэж хэлж болно. Анх удаа ивээн тэтгэлэгтэй, ийм өндөр төсөвтэй арга хэмжээ зохион байгууллаа. Анх төсөв зохиоход овоо хэдэн төгрөг гарч байсан боловч санаж байснаас бага гарлаа, үсрээд л 80 хүн ирнэ гэж хүлээж байсан боловч 170 сандал тавихад сандал хүрэлцэхгүй их сандаргасан шүү. Мөн 60 албан газар л урилга тараахад хангалттай гэж үзэж байсан ч вэбээр урилгын хүсэлт авч байтал 140 ширхэг урилга хэвлүүлж таарсан, 11 цагаас 17 цагийн хооронд хангалттай амжина гэж байсан боловч 19 цаг гэж арай гэж нэг юм дуусгалаа. Харин хамгийн хангалтгүй зүйл нь 50 ширхэг SysAdmin Summit 2006 гэсэн футболк хэвлүүлэх байсан боловч 30 ширхэгийг хэвлүүллээ. За хөтлөх явцад хэд хэдэн алдаа гаргаснаа хүлээе. Зохион байгуулалтын зардал ч овоо их гарсан шүү!!!

Энэ өдөр 11 илтгэл тавигдсан, ерөнхийдөө чанар болоод агуулгын хувьд дажгүй болсон гэж хувьдаа дүгнэнэм. Миний бие Samba ашиглан Domain controller гэсэн сэдвээр илтгэл бэлдсэн байсан боловч цаг давчуу улмаас өөрийгөө хасч, хөтлөгч, зохион байгуулалтыг хариуцан ажиллаа. Бидний сайн анд Баянзул хувийн ажлаар гадаад явсан, мөн Буянзаяа хагалгаанд орсныг эс тооцвол бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тэд минь бидэнтэй хамт байж, хэрхэн зохион байгуулагдаж байгааг харсан ч болоосой, би үнэхээр хүссэн. Бүх илтгэгчиддээ талархалын бичиг, харин ивээн тэтгэгчиддээ өргөмжлөл гардуулж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан.

Ингэж нэг сэтгэл амардаг юм байж. Өнөөдөр зохион байгуулалт гээд гүйж байхад ээж минь хэдэн пирожки авчирсан байсан нь хоолойгоор давахгүй байсан боловч орой гэрийнхэнтэйгээ хоолонд ороход ёстой нэг амьсгаа авах завгүй идэж гарсан даа. Нээрээ, маш их өлссөн байна лээ шүү. Маргаашнаас хэвийн амьдралдаа орж, цалгардуулсан ажлуудаа нөхөхөөр чармайж ажиллана. Эрх чөлөө, ямар гоё вэ. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалтыг ивээн тэтгэсэн, илтгэл тавьсан, мөн бүх оролцогсдоо баярлалаа. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд намайг ойлгож, дэмжиж байсан аавдаа, ээждээ мөн хайртай найз охиндоо баярлалаа. Сэтгэлээ унаад, шантраад бүр залхмаар ч санагдаж байсан, харин тэр үед найз охин минь намайг сэргээж, урам оруулж, зоригжуулж байсан юм. Чамдаа баярлалаа

SysAdmin Summit 2006

2006-09-09

GNOME 2.16 гарлаа

GNOME бол нээлттэй эхийн дэлгэцийн орчин (open source desktop environment) бас нийгэм (community) юм. 2000 оны эхээр нээлттэй эхийн програм хангамж, линукс үйлдлийн систем гэж мэдэх болсон цагаасаа эхлээд GNOME-г ашиглаж эхэлсэн. KDE гэж өөр систем байдаг боловч худлаа хоосон өнгө хөөсөн мэт санагдсанаас гадна GNOME нь илүү энгийн, ойлгомжтой, илүү хурдан ажиллагаагаараа намайг татсан юм. Мөн KDE-н гол амь болсон Qt-г Trolltech гэх компани хөгжүүлдэгээс гадна KDE-н хөгжлийн чиг хандлагад их нөлөө үзүүлдэг нь таалагдаагүй юм. Харин GNOME нь жинхэнэ хамтын бүтээл, ямар нэг компани хүчтэй нөлөө үзүүлэх боломжгүй бүтээл. 2006 оны 6-р сарын сүүлээр GUADEC гэх GNOME-н хуралд явсан нь GNOME нь миний мэддэгээс хавьгүй өргөн уудам, илүү үзэсгэлэнтэй ертөнц болохыг олж нээлээ. Тэд "Чингис" гэдэг тодотголтой Монгол улсаас ирсэн намайг халуун дотноор хүлээн авч "member of GNOME Foundation" болгосон. Миний бие GNOME 2.16 хувилбарын бэлтгэл ажлыг ашиглаж, зарим талаар оролцож байсны хувьд нэг нэгийгээ хүндлэх сэтгэл, хамтын хүч, зөв зохион байгуулалтаар маш их ажлыг бүтээх боломжтой юм гэдгийг харлаа. Өмнө нь би ийм их ажил ордог гэж огт бодож байсангүй. Энэ шинэхэн хувилбарын талаар MUUG-ийн мэдээнээс уншина уу.

Ийм л нэг бүтээлч, нэг нэгийгээ хүндэтгэсэн хамт олныг цогцлоохыг би хүснэм

Би аминч хүн

Энэ хорвоо дээр амьдарч байгаа бүх л хүн өөрийн болоод үр хүүхдийнхээ төлөө тэмцсээр насан эцэслэдэг болов уу. Бүх л амьдралынхаа турш өөрт болон өөртэйгөө салшгүй холбоотой зүйлсийн төлөө эцсийн хүчээ өгдөг. Эцэст нь хүн өөрийн аминч хүслийн золиос болж төгсдөг. Харин миний аминч хүсэл бол мэдээж үр хүүхэд, сайхан амьдрал. Би сайхан амьдрамаар байна, гэвч би нийгмийн эд эс учраас амьдрал минь нийгмийн шалтгааны нөлөөнд автаж байгаа тул өөрийгөө хөгжүүлэхийн сацуу нийгэмдээ хөрөнгө оруулах, хөгжихөд нь дусал ч болов нэмэр оруулахыг эрмэлзэж амьдарч байна. Хэдий өнөөдөр гарт баригдах ашиг үгүй ч ирээдүйд минь, нийгэмд минь тустай үйл байвал түүнийг хийхийг, гүйцээхийг эрмэлзэнэ. Бусад хүмүүс ч миний адил сэтгэж боддог болов уу, тэгвэл Монгол эх орон минь хөгжих нь дамжиггүй. Гэвч нийгэмд маань өнөөдрийн л баригдах ашгийн төлөө хөөцөлдөгчид, ирээдүйгээ сүүдэр, харанхуй руу түлхэгчид зөндөө байсаар л байна.

Би өөрөө өөрийнхөө төлөө

Би өөртөө итгэл муутай

Яг үнэн хэрэгтээ би тийм дорой хүн биш, харин энд монголчууд бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын тухай бичих гэсэн юм. Зурагтаар миний үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг бол А.Х.А. Энэ нэвтрүүлгийг үзэнгээ өөрийгөө сорихоос гадна зарим нэг шинэ зүйлсийг нэмж сурдаг нь их аятайхан санагддаг юм. Харин хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотой нэг дугаарыг үзэж байтал хичээлийн хэрэглэл зарж байсан хаа ч юм газраас явагдаж байлаа, тэгээд тэднээс бэлтгэлээ хангаж байгаа хүүхдүүдийг хамруулан оруулсан бололтой. Тэндээс би юуг харав? Бүх л хүүхдүүд нэг адил хариулт зөв ч буруу ч өөртөө нэг л итгэлгүй хэлнэ, харин хариуг нь мэдэхгүй бол аав ээж, багшдаа загнуулж байгаа юм шиг бантаад ч юм уу зогсоод байх юм. Юу гэсэн үг вэ?

Хүүхэд залуусын өөртөө итгэл муутай, дорой байдалд юу нөлөөлж байна вэ? Миний бие Орос Монголын хамтарсан 3-р сургуульд сурч хүмүүжсэн, тийм болоод ч тэр үү өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг, хэлэх гэсэн юмаа хэлчихдэг зарим нэг талаар зохисгүй зан авиртай байж болох. Миний сайн найз "орос" сургуульд хамт сурч байгаад 8-р ангидаа "монгол" сургуульд шилжин ороод ангийнхан болон сургуулийнхныгаа ихэд гайхсан янзтай надад хэлж байсан нь их тодхон санагдаж байна. Учир юунд вэ гэхээр "монгол" сургуулийнхан багшаасаа үхтлээ айдаг, зөв ч буруу ч тэдний хэлсэн нь хууль, тэгээд багш нь ирж явааг хараад бүгдээрээ сандралдаж гүйж ирээд л "багш багш" гэх юм гэнэ. Харин "орос" сургуульд бид багшийг хүндэлдэг ч эмээж байсангүй, эргэлзээтэй эсвэл ойлгомжгүй санагдсан зүйсээ шуудсан хэлээд л асуучихдаг сонин ч гэмээр зан бидэнд суучихжээ. Энэхүү өөртөө итгэл муутай, дорой гэмээр ч юм шиг зан төлөвшихөд "монгол" сургалтын арга барил нөлөөлж байна уу? Магадгүй, гэвч "орос" сургуулийнхан бүгд тийм биш. Дээрээс нь гэр бүлийн байдал ч хүчтэйгээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой.

Яагаад бид өөртөө итгэлтэй байх ёстой вэ? Хүн нь өөртөө итгэл төгс байх нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, бие явж явах байдал гээд тухайн хүний амьдралын бүхий л хэсэгт нөлөөлдөг. Жишээ нь хоёр хүн ажилд шалгуулаад нэг нь үгээ зөөж ярьдаг, нөгөө нь чөлөөтэй илэрхийлж байвал хэн нь ажилтай болох вэ. Залуучууд "за, би чадахгүй эсвэл боломжгүй юм чинь аль нь ч байсан яахав" гэдэг сэтгэхүйгээр дээш, урагш тэмүүлэх биш харин байрандаа үлдэх эсвэл бүр ухрах замыг сонгосоор байна. Нийгэм болохгүй байна, би яаж ч өөдлөх вэ дээ, болох бүтэх юу ч алга гэх мэтээр сэтгэл дундуур, гундуу байдлыг өөртөө итгэлгүй байдал төрүүлж байна. Үүнтэй цаашид эвлэрсээр байх уу?

Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? Альваа зүйл хоёр талтайг хүн бүхэн мэднэ, иймд саар талаас нь илүүтэйгээр сайхан талыг нь олж харахыг хичээх нь хэрэгтэй. Эсвэл өөрт таалагдахгүй зүйлийг өөрчлөх эсвэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө шантралгүйгээр тэмцэх, өөрийгөө байнга зоригжуулах хэрэгтэй. Харин хүнийг хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ? Энэ аргыг нээлттэй эхийн програм хангамжийнхан маш амжилттайгаар хэрэгжүүлсээр ирсэн. Хэн нэгэн жижиг ч байх зүйл хийсэн бол түүнийг нь сайшааж урам өгөх, харин хэрэв алдсан бол түүнийг нь тайлбарлаж ойлгуулах, бусдыг хүндэтгэж өөрийгөө хүндлүүлэх гээд л. Дөлгөөнтэй ярилцаж байхдаа нээлттэй эхийн зарчмыг сонгодог утгаар Монгол Улсад хөгжүүлж чадах юм бол хүмүүсийн ухамсар, амьдралыг үзэх үзэлд зөвөөр нөлөөлж чадах юм гэдэг дээр санал нэгдсэн. Гэвч хэрхэн илүү үр дүнтэйгээр нийгмийг өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгох вэ?

2006-09-08

SysAdmin Summit 2006: Зохион байгуулалтаас

Энэ блогоороо зарим нэг зохион байгуулалтын асуудлуудыг тодруулахаар шийдлээ. Анхны энэхүү арга хэмжээгээ өндөр такс, төлбөртэйгээр бус харин аль болох олон хүнийг хамруулж, хэрэгтэй, мэдлэг түгээсэн байдлаар хийхийг анхнаасаа бид зорьж ажилласан. Үүнийхээ хүрээнд төрийн болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн системийн администратор эсвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд урилга өгөх байдлаар үнэгүй, харин сонирхогч, хувь хүмүүст 3000 төгрөгийн такстайгаар оролцох боломжтой байгаа. Зохион байгуулалтын үеээр бид хамтаар урилга өгөх ёстой гэсэн байгууллагуудын жагсаалтыг гаргасан байгаа, гэвч энэ жагсаалт олон нийтэд ил биш тул хэрэв та дээрх урилга авах эрхтэй хүмүүсийн тоонд орж байгаа бол dulmandakh[at]gmail[dot]com хаягаар аль байгууллагаас, ямар албан тушаалтай талаар бичээд хүсэлт илгээж болно. Сая хэд хоногт хаанаас мэдэгдэхгүй урилгын хүсэлт ирсэн, лавлагаа захидал бичих нь ажлыг хүндрүүлж байна. Мэдээж хэрэв та сонирхогч, хувь хүн бол тухайн өдрөө очоод 3000 төгрөг төлөөд оролцох боломжтой байгаа, танд тасалбар олгох болно.

Мөн өдөр бид ярилцаж байгаад хэрэгтэй, чухал гэж сонгосон сэдвүүдээр тухайн сэдвээрээ туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр илтгэл тавиулахаар хүссэн, хүсэлтүүдийг маань ч хүлээж авсан байгаа. Илтгэл болон хөтөлбөртэй танилцахыг хүсвэл SysAdmin Summit 2006: Хөтөлбөр хуудаснаас үзнэ үү. Илтгэлүүдийн чанар дээр их анхаарал хандуулан ажиллаж байгаа ба илтгэгчид маань ямар нэг цалингүй зөвхөн сайн дураар тавьж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүний ялдамд өөрийн мэдлэгээсээ харамгүй хуваалцаж, цагаасаа хугаслаж байгаа илтгэгчиддээ баярлаж буйгаа зохион байгуулагчдын нэрийн өмнөөс хэлэх нь зүйтэй.

Анхдугаар Чуулга Уулзалтад зориулсан футболкийг гаргаж байгаа ба тухайн өдөр 5000 төгрөгөөр худалдах болно. Яг үнэндээ футболкны нийт зардал 10000 орчим төгрөг болж байгаа ба зарим зардлыг ивээн тэтгэгчдээр даалгаж байгаа юм. Дээрээс нь "Монголын Юникс Хэрэглэгчдийн Холбоо"ТББ-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх, дэмжих зорилгоор энэ худалдааг зохион байгуулах тул та бүхний энэхүү худалдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна. Системийн Администраторуудын Чуулга Уулзалт цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах тул анхны оролцогч, анхны дэмжигч болж буй нь нэр төрийн хэрэг болно байх гэж бодож буйгаа нуух юун. Футболкоос гадна бас бус арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно, хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

SysAdmin Summit 2006 эхэллээ

Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга уулзалт болоход хэдхэн хоног үлдлээ. 9-р сарын 12-ны өдрийг бид сонгосон байгаа. Хэдхэн хоног үлдсэн байгаа биз? Санхүү, төсвийн асуудал ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар шийдэгдсэн болохыг өмнөх блогоороо мэдэгдсэн, одоо харин сурталчилгаа, зохион байгуулалтыг ажлууддаа илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Нэг асуудлаас болж хурлаас хожигдож, сэтгүүлчдийг чилээсэн тал байгаа. Ерөнхийдөө хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрсөн гэж хэлж болно. Учир нь өмнө нь Linux InstallFest-н хэвлэлийн бага хурал дээр алдсан зүйлс байсан тэднийгээ залруулсан, ахиж алдаагүй гэж бодож байна. Хэвлэлийн бага хурлын дүнд хэд хэдэн телевиз, бас сонин дээр мэдээлэл тавьсан байна лээ, гэвч бас нэг алдаа нь бүх мэдээллийг вэбээс авах боломжтой гэж хэлсэн боловч хэвлэл мэдээллийнхэн вэб сайтын маань хаягийг дурдахгүй байх шиг.

Хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбайн урд зарлалаа гаргалаа, вэб сайтдаа мэдээллээ оруулаад наад захын мэдээлэл олж авахаар болгочихлоо. Вэб сайтын талаар бас шүүмжүүд ирсэн, чадахаараа хүлээж авсан. Гэхдээ өөрчлөх, шүүмжлэх зүйл байвал хэлээрэй. Бас бус вэб сайтууд дээр сурталчилгаагаа байрлууллаа. Телевизийн реклам хийлгэх байсан боловч бас бус асуудлууд гараад байна. Яг үнэндээ ивээн тэтгэлгийн асуудал шийдэгдсэн боловч дансаар мөнгө шилжиж орж ирэх гэж багагүй хугацаа алдаж, зохион байгуулалтыг ажлыг хойш татаж байгаа тал байна.

Гэхдээ одоо хөтөлбөр гарчихсан, илтгэгчүүдийг шахаад ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sysadmin.mn сайтаас аваарай. Энэхүү анхны арга хэмжээг амжилттай зохион байгуулахад та бүхний дэмжлэг ч гэсэн хэрэгтэй байна.

2006-09-02

Энэ долоо хоногийн блогууд

Энэ долоо хоногт яагаад ч юм энэ тэндэхийн блогуудыг унших зав төдийлөн гарсангүй. Иймд долоо хоногийн онцлох блогуудыг нийтлэхгүй байхаар шийдээд байсан боловч өнөөдөр басгүй блог шалгах зав гарснаар өнжих шийдвэрээ цуцалж, та бүхэндээ цөөн тооны хэдэн блог бичлэгүүдийг онцлохоор шийдлээ. Заримыг нь бүр дөнгөж уншиж дуусаад л орууллаа.
  • Бин Ладенууд ба даяаршлал. Үндэсэрхэг үзэл гэж андуурагдаж байгаа даяаршлын эсрэг үзлийн талаар өөрийн бодлыг бичжээ. Үнэн зөвийг та өөрийн оюун ухаандаа тунгаах буй за.
  • Латин үсэг ба Монгол. Би хувьдаа латин үсгийн эсрэг байдаг, учир нь одоо огт хүндрэлгүй болсон техникийн асуудалтай шалтгааныг холбон тайлбарладаг. Харин энэ блогийг уншаад миний бодол ч мөн адил бараг 180 градус эргэлээ. Үнэндээ энэ тал дээр бол бодох асуудал, бид хэрхэн оновчтой хийж болох вэ? Ингэхдээ харин кирилл гэдэг юмыг legacy болгоод зөвхөн хуучин монгол болон латин үсгийг мөрдвөл их зүгээр мэт.
  • Нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад. Энэ саналыг дэмжиж байна. Угаас дэмжсээр ирсэн, үүний тулд бас ихийг хийхээр зорьж ажиллаж байгаа билээ би. МХХТГазрынхан болохоор бусад гадаад орнуудын нээлттэй эхийн талаар бодлогуудыг харзнаж байна гэдэг хариу өгдөг. Харин миний хувьд нээлттэй эхийн бүтээгдэхүүнүүдийг гол чигээ болгохгүй ч гэсэн туслах чиг болгоод хөгжүүлж байсан нь хэн хэндээ ашигтай хувилбар байж болох. Уг нь сонирхогч дундаас маш олон зөв зүйтэй санал санаачлагууд гардаг ч бодлогын хэмжээнд очоод дэмжигддэггүй.
  • Нээлттэй эхийн програм хангамж хямдхан байж чадах уу?. Дээр байгаа блогоос үндэслэж энэхүү блогийг бичсэн бололтой. Нээлттэй эхийн програм хангамжийг зөвхөн үнэнд нь болж сонгодог биш үүнээс гадна ил, далд маш олон ашиг байгаа. Жишээ нь нээлттэй эхээс бид ихийг сурах боломжтой, түүн дээр суурилсан дотоодын бүтээгдэхүүн гэх мэт. Үүнээс гадна нээлттэй эхийн програм хангамж нь лицензгүй биш лицензтэй, лицензээрээ дамжуулан өөрийн болон хэрэглэгчийн эрхийг цааш тунхагладаг. Лицензгүй програм хангамжийг public domain гэж нэрлэдэг шиг санаж байна.

Сүүлийн үед анзаараад байсан чинь нээлттэй эх, юникс гэх мэт техникийн холбогдолтой сэдвүүдээр блог бичилгүй орхигдуулсан байна. Дараа долоо хоногоос энэ тал руугаа илүү анхаарах болно, гэхдээ чөлөөт сэдвээ орхих нь юу л бол.

2006-09-01

SAS2006: Ивээн тэтгэгчид

SysAdmin Summit гэх арга хэмжээг 2006 оны 7-р сарын 28-нд анх зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цаг хэт давчуу, бэлтгэл сайн хангах боломжгүйн улмаас 8-р сарын 5-ны өдөр болж хойшлосон. Мөн 8-р сарын 5-ны өдөр хийхэд тодорхой хүндрэлүүд гарч байсны хамгийн том нь ивээн тэтгэлэг олж чадаагүй байсан юм. Ингээд бүгд ярилцсаны эцэст 9-р сарын 12-ны өдрийн 11 цагаас "Чингис Хаан" зочид буудлын хурлын том танхимд зохион байгуулахаар эцэслэн шийдэгдэж одоогоор бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Альваа арга хэмжээг зохион байгуулахад зардлын тооцоо хийх, түүндээ тохирсон санхүүжилт олох хамгийн хүнд ажил байдаг гэдгийг хамгийн сайнаар ойлголоо. 8-р сар гараагүй байхад бид 9-р сарын 12-нд болгох шийдийг гаргасан, үүнээс хойш өнөөдрийг хүртэл ярьж, хөөцөлдөж байж одоо л нэг санхүүжилтын асуудлууд шийдэгдэж дуусч байна. Анх бүх зардлыг тооцож үзэхэд 3 сая орчим төгрөг болж ивээн тэтгэгчдийн ангилалыг гаргасан, жаахан дэгсдүүлсэн байж болох. Ерөнхий, алт болон мөнгөн гэсэн ангилалуудад хуваасан юм. Компаниудын төлөөлөгчидтэй ярьж, уулзах үед зарим нэг зардлыг хасах хүсэлт тавьж байсанг харгалзан үзэж зарим нэг зохицуулалтуудыг хийгээд зардлыг 2 сая хасаг болтол буулгаж чадлаа, гэхдээ энэ зардал зөвхөн биет нь. Биет бус овоо гарч байгааг тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн. Жишээ нь хэвлэлийн эх бэлтгэл, зохион байгуулалтын зардал гэх мэт.

Ерөнхий ивээн тэтгэгч: Mobicom
Алтан ивээн тэтгэгчид: Datacom, Migma Electronics
Мөнгөн ивээн тэтгэгчид: adsolux, NewcomSystems, EmpaSoft

Ямар ч байсан санхүүжилтын асуудлууд шийдэгдлээ, SysAdmin Summit маань болохоороо болно. Гэхдээ одоо зохион байгуулалт, илтгэлийн чанар дээр илүүгээр анхаарлаа хандуулах цаг болсон шиг байна. Оролцох хүмүүс байвал цагаа төлөвлөөд, ажлаа зохицуулаарай. Тун удахгүй хэрхэн зохион байгуулалтын талаар нэг бичнэ.

Бидний энэхүү арга хэмжээг боломжтой болгож буй эдгээр ивээн тэтгэгчиддээ нийт зохион байгуулагчдын өмнөөс баярлалаа.

SysAdmin Summit 2006