2006-10-21

Сүүлд уншсан блогууд

Долоо хоногийн блогуудаа энэ удаад ингэж нэрлэхээр шийдлээ. Учир нь сар гаруй хугацаанд цөөн хэдэн блог уншсан бөгөөд тэдгээрийгээ Долоо Хоногийн гэж шошголох нь жаахан утгагүй санагдаад тэр.

- Би гэрлэмээр байна, битгий биеэ vнэлээч.... Монголын нийгэмд ер нь болж байгаа зүйл цөөхөн бололтой, хамгийн болохгүй байгаа зүйлс бол (минийхаар) авилгал, архидалт, бие үнэлэлт (ил бас далд). Өнөөдөр насанд хүрсэн хүн бүхэн л саун, массажны ард далд бие үнэлэлт байдаг болохыг мэддэг, гэвч мэдээгүй дүр гаргадаг. Энэ дагуу сурвалжлагаас үүдсэн блог, сурвалжлагын хамт. Яамаар ч юм бэ дээ.

- Тэнэг том ӨРГӨС. Энэ блог монголд хайгаад олддоггүй хариуцлага гээч зүйлийн талаар бичжээ. Харин нэг хариуцлага огт байдаггүй газрыг ӨРГӨСөөр зүйрлэсэн байх юм. Монгол Улс - Азийн цээжин дэх ТЭНЭГ ТОМ ӨРГӨС мөн ҮҮ? Би ч бас хариуцлагагүй нөхөр шүү :).

- Замд бодсон бодлоос. Миний найз Огоо Энэтхэг улсад сурдаг бөгөөд амралтаараа бяцхан аялал хийх замд бодсон бодлоосоо сийрүүлжээ. Энэтхэгт хүмүүс яаж амьдарч байна, харин бид?

- Бардамнал. Монголчууд бид Чингис Хаан, Мөнх Тэнгэр заяат гэх мэт бардамнан ярих зүйлс их байдаг боловч өнөөдрийн залуус бид юугаараа бахархаж байна вэ? Анхаа та бүхнийг өөрийн бахархалаас хуваалцахыг уриалж байна. Тун удахгүй би өөрийн бахархадаг зүйлсийн талаар бичих болно.

- Дэлхий хавтгай болж байна. Газрын зурган дээр дэлхий угаасаа л хавтгай байдаг ш дээ, тийм биш гэж үү. Гэхдээ энэ бол тэр хавтгай биш мэдээллийн технологийн хүчтэй шуурга дэлхийн өрсөлдөөний талбайг хавтгай болгож байна, энэхүү шуурга нь маш олон талаасаа бидэнд ашигтай боловч буруу алхавал халтай. Шуурга эхэлчихсэн, хэзээ дуусах нь тодорхойгүй бид чиглэл, бодлогоо зөв тодорхойлж чадвал бүгд хожих болно.

- Электрон хувьсгал. Монголчууд бид мэдээллээр цангаж байна, гэхдээ хов жив, хэрүү уруул, хардлага сэрдлэг, болж бүтэхгүй бүхний талаар мэдээллээр хахаж цацаж байна. Болж бүтэж байгаа зүйлс олон байна, дэлхийн өнцөг булан бүрт ирмүүн сэтгэлтэй залуучууд блог бичин өөрийн мэдлэг, мэдээллийг түгээж байна. Монгол хэл дээрх маш их мэдлэг, мэдээлэл энэ тоон сүлжээнд урсаж байна. Эдгээр мэдээллийг хэрхэн энгийн олонд хүргэх вэ?

- Хуурын Эгшгэн дэхь Эх Орон. Эх орноо санасан нэгэн блогчин Монгол эх орныхоо талаар их гоёоор бичжээ.

Энэ удаад ингээд өндөрлөе. Хэрэв танд таалагддаг блогчин, эсвэл блог байх юм бол түүнийгээ надад санал болгохыг хүсч байна. Мөн ийм байдлаар багцалж хүргэж ч болох юм.

Хэрэв та блог бичдэггүй бол, амьдралаа дэмий үрж байна

Өнөөдөр хэдэн сайтуудаа шалгаж байгаад If you're not blogging, you're wasting your life гэсэн блог оллоо. Хөөе, та өөрийн амьдралаа дэмий үрээд байгаам биш биз? Блог бичиж, илүү бүтээлч амьдралаар амьдрах болсон биш үү?

2006-10-20

Бүгдээрээ хувь нэмрээ оруулцгаая

Чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийн хөгжилд бид бүхэн чөлөөтэй оролцож, өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой байдаг билээ. Тэгвэл Ubuntu Linux болон Firefox та бүхний саналыг авч эхэлж байна.

- Удаан хүлээгдсэн Firefox 2 хувилбар тун удахгүй гарна. Олон зүйлсийг шинээр агуулсан ч бас орхигдсон зүйлс цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Иймд Firefox 3 хувилбар ямар байх талаар та бүхний саналыг http://wiki.mozilla.org/Firefox/Feature_Brainstorming хаяг дээр авч байна. Хэрэв та Firefox-г ашигладаг бол танд ямар боломж, юу дутагдаж байгаа талаар дээрх хаягаар орж мэдээлнэ үү. Хэрэв та Firefox ашигладаггүй бол ашиглаад үзэхийг зөвлөж байна. http://www.mozilla.com хаягаас орж Mozilla-гийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, татаж авах боломжтой юм.

- Ubuntu (миний дуртай) линуксын шинэ хувилбар (6.10) удахгүй гарахтай холбогдуулан ирэх шинэ хувилбарын талаар та бүхний саналыг авч эхэлж байна. Ubuntu 7.04 хувилбарын код нэр нь The Feisty Fawn буюу Сэргэлэн Янзага байх бөгөөд зөөврийн, ширээний болон серверийн компьютеруудын дэмжлэгийг сайжруулах, шинэ тутам гарч ирж буй дэлгэцийн технологиудыг багтаах чиглэлтэй ажиллах юм. Мөн 6.06 болон 6.10 хувилбаруудад алдагдсан 6 сар тутмын эргэлтэндээ эргэн орж байгаа юм. Ubuntu хөгжүүлэгчид шинэ хувилбар гарсны дараа чуулга уулзалт хийдэг бөгөөд эндээс шинэ хувилбарын өнгийг тодорхойлог билээ. Дэлгэрэнгүйг http://lwn.net/Articles/204961/ хаягаас.

Ер нь бид чөлөөт болон нээлттэй эхийн төслүүдийг зөвхөн авч ашиглах биш өөрсдийн хувь нэмрийг оруулж байх нь чухал юм. Ингэснээр бидний шаардлага хангагдахаас гадна өөрсдөө тодорхой хэмжээний туршлага, мэдлэг хуримтлуулах боломжийг нээж өгч байгаа юм.

2006-10-20

Өөрийн тухайн өдөрт уншиж мэдсэн зүйлсийг базаж блог бичиж байх бодол аль дээрээс байсаар байсан, гэвч чадалгүй байсаар ирсэн. Гадаад дотоодыг холиод өнөөдрийн багц маань:

- Ubuntu 6.10 RC. Миний дуртай линукс болох Ubuntu Linux-н 6.10 шинэ хувилбарын горилогч бэлэн болсныг зарласан байна. Горилогч хувилбар нь түүхий хувилбар бөгөөд ихэнх ноцтой алдаануудыг арилгасан байдгаараа бусад түүхий хувилбаруудаасаа онцлог байдаг. Энхүү шинэ хувилбар маш олон шинэ санааг сориход чиглэснээрээ өмнөх илүү тогтвортой, урт хугацааны дэмжлэгийн хувилбараасаа онцлог юм.

- Өнөөдөр сонины өчигдөрийн дугаарт Архидалт Монгол үндэстний гамшиг болжээ гарчигтай нийтлэл тавигджээ. Үнэхээр л бидний гамшиг болоод байгаа АРХИДАЛТ гэдэг зүйлийн талаар хэн өөгшүүлж байгаа талаар бичжээ. Архи хэзээ ч араасаа сайн зүйлийг дагуулж байгаагүйг хэн бүхэн мэднэ. Хамгийн аймар нь архидалтыг дагаад ор хөнжлийн асуудал хавтгайрдаг юмсанж. Өглөө C1 телевизийн өчигдөрийн мэдээний давталтыг үзэх байхнээ бидний урд хөрш дэх ДОХ-той хүмүүсийн тоо Африкийн хэмжээнд дөхөж очжээ гэсэн мэдээ явж байсныг хараад үнэхээр эмзэглэсэн. Нээрээ юу гэсэн үг вэ? Хэрхэн тэмцэх вэ?

- Flash Player 9 Beta for Linux is available. Нээлттэй эхийн системүүдийн хөгжил, тархалтад тодорхой хэмжээнд Flash Player саад болж байсан билээ. Харин удахгүй линукс системд зориулсан Flash Player 9 гарах юм байна, гэхдээ зөвхөн 32 битийн компьютеруудад зориулж.

- GNOME 2.17.1 Development Release. Нээлттэй эхийн төслүүд тасралтгүй хөгжиж байдаг билээ, үүний нэгэн адилаар GNOME төсөл өөрийн шинэ хувилбарыг хөгжүүлж эхэлснээ зарлалаа. GNOME 2.18 хувилбар болж гарах түүхий GNOME 2.17 хувилбарыг хөгжүүлэлт эхэлжээ. Тогтвортой хувилбарыг тэсэн ядан хүлээж байна, бас хөгжүүлэлтэд нь оролцно гэж бодож байгаа шүү.

- OpenBSD 11 нас хүрлээ. Аюулгүй байдал, баталгаатай байдлыг гол чиг үүргээ болгон ажилладаг систем 11 нас хүрчээ. 1995 оны 10-р сарын 18-ны өдөр NetBSD-с салбарлан гарч байсан түүхтэй билээ.

- MySQL Enterprise. Хамгийн өргөн хэрэглэгддэг MySQL өгөгдлийн баазыг удирдах системийн хөгжүүлэгч MySQL AB нь MySQL Enterprise хувилбар гаргах болсноо зарлажээ. Гэхдээ бидний өнөөдөр ашигладаг нээлттэй, чөлөөтэй, үнэгүй MySQL хэвээр үлдэх бөгөөд MySQL Community Server нэрээр цаашид гарах юм байна.

- Minor issues surface after IE 7 launch. Дөнгөж саяхан Microsoft корпораци Internet Explorer 7 хувилбараа гаргасан. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа Intetnet Explorer-т гар хүрч байгаа юм. Гэвч гарснаасаа хойш цөөнгүй асуудлууд үүсгээд байгаагаас гадна анхны аюулгүй байдлыг цоорхой илэрсэн байна.

Ийм байдлаар зарим нэг талын мэдээлэл хүргэж байвал ямар байна? Ямархүү төрлийн мэдээлэл сонирхож байна. Би өдөрт маш олон мэдээллийн технологи, ялангуя нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой вэб сайт шалгаж, олон юм уншдаг боловч ямар төрлийн мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгааг сайн мэдэхгүй болохоор ерөнхий мэдээлэл хүргэсээр ирсэн.

2006-10-16

Бас надад туслаач

Анх блог бичиж эхлэхдээ бага ч болов өөрийн туршлага, мэдлэг шинээр сурсан зүйлс болон өөрийн үзэл бодлыг бусадтай хуваалцах зорилгыг тавьж байсан боловч Анхаагийн адилаар сүүлд бичсэн хэд хэдэн блогоо нийтлэлгүй устгаж, бодож байгаа боловч нэг л бичиж, илэрхийлж чадахгүй болсон байх юм. Бас онц сүртэй хэрэгтэй биш зүйл бичээд байх шиг санагдана. Энэ юуны учир вэ? Гэхдээ шантрахгүй гэж бодож байгаа шүү.

2006-10-12

Би амьд ....

Сүүлийн нэлээн хэдэн хоног гараас гарсан зүйлгүй өнгөрөөлөө, зарим хүмүүс үхсэн байх гэж бодож байж болох юм. Үхсэн гэдэг маань бие мах бодийн эсвэл сэтгэл санааных аль нь ч байж болох. Гэтэл тийм биш, би амьд. 9-р сарын сүүлээр миний зөөврийн компьютер эвдэрснээр цорын ганц ажлын минь багаж жагсаалтаас гарч сэтгэл санааны хувьд хүндхэн цохилтод орж сэнхэрч амжилгүй долоо хоног гаран явлаа. Үүнээс үүдсэн үү аль 8-р сарын эхэнд хүрсэн байсан ханиад маань гэнэт хурцаар хүндэрч ямар ч ажлын бүтээмжгүй болж үхээнц байдалд шилжсэн юм.

Харин хэд хоногийн өмнө нэгэн найзтайгаа зөвлөлдөөд уламжлалт монгол эмчилгээний Монг-Эм эмнэлэгч очиж үзүүлж, эм бичүүлж авснаар биеийн байдал дээрдсэн. Мөн өчигдөрхөн өөрийн мөрөөдөл шахуу болж байсан IBM Thinkpad-ийн T42 загварын зөөврийн компьютерийг овоо их хэмжээний өр тавин байж авч хэвийн амьдралдаа эргэн орлоо.

Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн блогууд хэсгээ долоо хоногийн холбоосууд болгон өөрчлөхөөс гадна, өөрийн ашигладаг багажуудыг нэг нэгээр та бүхэнд блогоороо дамжуулан хүргэхээр шийдлээ. Хүмүүсээ би үхсэн биш амьд, өмнөхөөсөө илүү эрч хүч, урам зоригтойгоор ажиллаж эхлэх гэж байна, намайг дэмжээрэй.

Нэмж хэлэхэд альваа өвчин эмгэгийг бага дээр нь дарж авах нь зөв юм байна. Ингээд эдгэнэ гэж бодсоор яваад ийм байдалд хүрлээ.

2006-10-07

Улаанбаатар ба Google Maps

Google бол таны хамгийн сайн анд! Ямар нэг мэдэхгүй зүйл байвал түүнээс асуу, тэр мэдэж л таарна. Гэвч Google зөвхөн хайлт биш харин бусад төрлийн эхлүүлсэн төсөл бүр нь амжилттай хэрэгждэгийн нэг нь Google Maps. Google Maps-г ашиглан дэлхийн газрын зургийн гудамж, байшингийн нарийвчлалтайгаар харж болохоос гадна ямар нэг чиглэл заалгах гэх мэт дэвшилтэт боломжуудаар дүүрэн програм юм. Саяхан Planet GNOME үзэж суутал Federico-н блог дээр тэрээр Google Maps ашиглан өөрийн байшинг харах боломжтой болсон талаар үзээд өөрийн гэрийг харах гэж оролдлоо. Улаанбаатар хотыг өмнө нь харж болдог нарийн сайн харагддаггүй байсан юм. Бүр томруулан Сүхбаатарын талбайг үзлээ. Хот маань дээрээсээ их аятайхан харагдаж байна. Саяхан нэг оролдож үзсэн боловч болохгүй байсан санагдаж байна, эсвэл би буруу үзсэн юм болов уу.

За ямар ч байсан Улаанбаатар хоттой Google Maps ашиглан танилцаж, төөрөхгүй байх боломжтой болжээ. Яг үнэндээ жоохон хуучин зураг шиг санагдлаа (2006-10-07), гэхдээ боломжийн. Мөн хэрэв та гадаад явах гэж байгаа бол эртнээс Google Maps ашиглан газар оронтой танилцаж, өөрийн төлөвлөгөөг боловсруулах боломжтой болоод байна шүү дээ.

2006-10-03

Unix Beer Party - 1 жил

Оросын юникс, линукс хэрэглэгчид шар айрагтай чөлөөт уулзалт хийдэг болохыг http://www.linux.org.ru сайт дээрээс жилийн өмнө харж байсан санагдана. Үүнээс ер нь яагаад монголчууд бид ийм нэг уулзалтыг зохион байгуулж болохгүй гэж санаад 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас "Modern Nomads" ресторанд анхны Unix Beer Party-г зохион байгуулж байсан. Мөн ч олон найзуудтай болж, маш их мэдээллийг хоорондоо солилцсон доо. Анхны үдэшлэг дээр ирсэн бид ярилцаж байгаад сар бүр зохион байгуулж байхаар тогтсон. Хүссэн хүн нь ирж, хамтдаа сууж учир ч буй бэрхшээлүүд, шинэ содон зүйлс гээд элдвийг ярилцаж өнгөрөөдөг энэхүү үдэшлэг нийт 9 удаа зохион байгуулагджээ.

Энэ Дөлмандах чинь юу болоод байна гэж бодож байна уу? Гэнэт ингээд бодсон чинь анхны Beer Party саяхан болж өнгөрсөн мэт. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга уулзалтын дараа 9-р сарын Beer Party хийсэн маань өчигдөрхөн мэт санагдаад, цаг хугацаа ямар хурдан урсч байна вэ. Бас Unix Beer Party маань нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Нэг жилийн ойгоо хэрхэн угтах, зохион байгуулах вэ? Unix Beer Party юникс сонирхогч биднийг танилцуулж, холбож, хамтран ажиллаж чамлахааргүй ихийг бүтээхэд түлхэц болж өгсөн. Хэрэв байхгүй байсан бол бид амьдарч л байгаа гэхдээ өнөөдрийнх шиг байх болов уу?

Нэг жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх вэ? Санал онолоо хуваалцаач. Цаашид хэрхэн өргөжүүлж, илүү үр ашигтай болгох вэ? Та хэрхэн хамтран ажиллах боломжтой байна вэ?

SysAdmin Summit 2007

SysAdmin Summit 2006 амжилттай болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Эндээс их зүйлийг сурч авч, их ч зүйлийг ойлголоо. Харин SAS2007 ямар байгаасай гэж хүсч байгаа талаараа энд сийрүүлэн бичье.

- Анхны чуулга уулзалт бол туршилт байсан гэж үзэж байна. Иймэрхүү арга хэмжээг хэр сонирхох нь уу, үр өгөөж юу байна гэж туршсан, амжилттай болсон. Анхны чуулга уулзалтын илтгэлийн сэдвүүд илүү гүн гүнзгий асуудлуудыг хөндөлгүй ихэвчлэн ерөнхий зүйлс явсан, ингэж ч бид төлөвлөсөн. Харин дараа дараагийнх мэргэжлийн хүмүүст чиглэсэн нарийн, илүү тодорхой асуудлуудыг хөндсөн, шийдсэн байх шаардлагатай байна.

- Хамгийн гол нь 7-р сарын сүүлийн баасан гарагт Системийн Администраторуудын Өдөртөө зохион байгуулбал их зүгээр. Үүний тулд 5-р сарын эх гэхэд бүх зохион байгуулалт дуусаад, сурталчилгааны ажил эхэлсэн байх. Тэгэхгүй бол зун бол амралтын үе байдаг тул хүмүүст эртхэн мэдээлэл өгч, ажил албыг нь зохицуулах боломж, цаг гаргах.

- Нэг өдөрт багтаах гэх хэрэггүй, хэд хэдэн өдөрт хуваагаад ингэхдээ нэг өдөр зөвхөн холбогдолтой сэдвүүдээр. Ингэхгүй бол удаан үргэлжлэх нь хүмүүсийг залхааж, ядрааж үр дүн багатай болох магадлалтай. Өдөрт 4-с дээшгүй илтгэлээр 4 хоногоос хэтрэх хэрэггүй байх, харин хаалтын өдөр нь дээр дурдсан дагуу баасан гарагт таарч байх хэрэгтэй.!

- Илтгэлийн тоо цөөрч байна гэдэг чинь нэг илтгэлд ноогдох цаг нэмэгдэж байна гэсэн үг. Тийм болохоор илтгэлийг илүү практик үзүүлбэртэй, илүү өгөөжтэй болгож өгөх нь маш чухал юм. Хамгийн сүүлд явсан Баска ахын илтгэл илүү практикт ойр, үзүүлбэртэй байсан болохоор ихээхэн хүмүүст хүрсэн байсан. Бараг workshop байвал зүгээр байх, монголоор үнэндээ хэлж мэдэхгүй байна.

- Анхных дээр Windows-той холбогдолтой мэдээллүүд бага орсон, илүү нэмэгдүүлэх нь чухал. Оруулахаар хүчин чармайлт гаргасан боловч нэг л илтгэл олж чадсан. Одоо харин тусад нь нэг бүтэн өдөр гаргаж байгаад тухайн өдрөө зөвхөн Windows-н талаар чуулбал.

- Windows, Unix, Networking, Security гэдэг сэдвүүдээр, өдөрт хувааж байвал зүгээр мэт санагдана. Анхны чуулга уулзалтыг зарим нэг талаар дутагдалтай ч амжилттай болсон гэж дүгнэж байгаа, иймд дараагийн удаад зарим нэг зохион байгуулалтын ажлууд нэмэгдэх ч арай л хөнгөн байна байх.

- Үнэгүй юм гэж энэ хорвоод ер нь үгүй билээ, тийм болохоор дараа удаа өндөр биш гэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж ордог байвал зүгээр байх. Ивээн тэтгэлгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж болох байх гэж найдаж байна.

- Тодорхой хугацаанд олон нийтийн саналыг авч, түүнийг нь тусгаад зохион байгуулалтын ажилдаа орох хэрэгтэй болов уу. Миний бодлоор 2007 оны 1-р сарыг дуустал төрөл бүрээр санал асуулга явуулъя, 5-р сар хүртэл бэлтгэлээ базаагаад, 5-р сараас эхлээд сурталчлах ажлуудаа эхлэвэл яасан юм бэ.

Ингээд бодоод байхнээ одооноос эхлэж бодож, төлөвлөж байхгүй бол нэг л мэдэхэд цаг нь тулдаг, тал тал тийш сандчин гүйж маш их хэмжээний зардал гаргадаг. Та бүхэнтэй өөрийн санаа оноог хуваалцаж, мөн та бүхний санаа оноог авах гэсэн юм.

SysAdmin Summit 2007