2007-06-30

Жоом гэнэ үү

Өчигдөр үдээс өмнө Жуумла Монгол төслийг танилцуулах хуралд суув. Хуралд ч болдогоороо болж төслийг танилцуулах явцад нэг нөхөр "нэгэнт л Жуумла Монгол гэж гаргах байсан юм бол яах гэж Жива гэх хийсэн юм, яаагаад ер нь Жива гэдэг нэр өгөв" гэсэн утгатай асуулт тавихад Мөнхбат дарга "зарим нэг дарга нар Joolma гэдгийг Жоом гээд эвгүй байсан болохоор Жива гэсэн, одоо харин Жуумла гэдгийг хэвшүүлнэ" гэж хариулав. Хаха, оны шилдэг онигоо.

Жуумла Монгол төсөлтэй http://www.joomla-mongolia.com хаягаар танилцаж болох юм байна, гол зорилго нь Joomla-г монгол хэл дээр төвөггүй ажиллуулахад чиглэсэн бөгөөд хамгийн гол нь энэхүү төслийн талаар Joomla-н төслийнхөн мэдэж буйгаар барахгүй их сайшаасан байх юм. Одоо ингээд Живаг авс, харин Жуумла Монголыг гэрэлт ирээдүй (сайн мэдэхгүй байна) хүлээж байна. Хамгийн гоё нь үдийн хоолон дээр ширээгээ тойрч сууж байгаад баахан юм ярьсан, солиотой. Үнэхээр гоё байсан гэж, нэг нэгийгээ явуулаад л ...

2007-06-25

Барын зулзгыг бага дээр нь

Амралт гэснээс хэд хоног тариулж байж биеийн байдал эрс сайжрав. Хоолой өвсдөн, эртхэн эмчлээгүйгээс хүндэрч тариа тариулахад хүрэв. Эм тарианд дургүй гэж жигтэйхэн, одоо яаая гэхэв. Таван хоног өдөрт 3 тариулах гэж чанга байсан шүү, эхэндээ тарих хүн олдохгүй өөрийгөө хоёр хатгав. Бас зоригтой гар шүү гэж. Хүмүүсээ өвчлөвөл ер нь эртхэн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай, гэхдээ хамгийн гол нь эмчилгээ таслахгүй хийлгэх шүү гэж.

Амралтын өдрүүд

Амралтын өдрүүдийг их үр дүнтэйгээр эсвэл таатайгаар өнгөрүүллээ. Хагассайн өдөр ажлын байрандаа цэвэрлэгээ хийж, боломжоороо жаахан тохижууллаа. Гэхдээ л бас болоогүй байна. Бүтэнсайн өдөр харин гэртээ цэвэрлэгээ хийгээд, орой нь сайхан хуушуур хийж идэв. Таалагдсан.

Хагассайны цэвэрлэгээг эс тооцвол ажил гэж юмыг огт хийсэнгүй, ер нь сайхан амарч өнгөрөөлөө. Харин нэг ажигласан зүйл гэвэл ажиг ч үгүй 11 12 хүртэл унтчихсан байх юм, уг нь 9 гээд л сэрчихдэг хүн юмсан. Юунаас болж байгаа юм бол залуусаа.

2007-06-18

Хулгайг гааруулах уу

Гар утас гээх, хулгайд алдах гэж үнэн гарлагатай тэгээд яаж ч болохгүй зүйл нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй маань утсаа гээв, үүнээс асуудал үүсэв. Гадаад гэж ярих дургүй ч гадаадад ямар нэг зүйл худалдан авсан гэрчилгээ нь байвал түүнийг шуудхан хураалган авч, нэмэлт төлбөр төлдөггүй гэнэ лээ. Харин энд алдаад л худалдаж аваад л, алдаад л гээд хэд ч эргэж болно. Уг нь энэ асуудлыг шийдчих хүн хүчний болоод техникийн боломж байгаа, харин юу саад болоод байна. Утсыг асаамагц өөрийн цувралын дугаар болон сим картны дугааруудыг ашиглан операторт бүртгэгддэг. Эндээс үзвэл дугаарыг сольсон ч утсыг олох боломжтой. Энэ ажиллагааг явуулах нь яагаад ч юм хориотой, болохгүй.

Миний бодлоор дугаар авсан хүн нь утас дугаар хоёроо бүх л бичиг баримтыг нь авч очоод бүртгүүлчихдэг байвал зүгээр юм уу. Шинэ утас, дугаар авах бүрдээ бүртгүүлнэ, яршигтай юм шиг боловч утсыг оймс шиг солихгүй нь лав. Эзэн нь гомдоол гаргасан үед хамгийн сүүлд бүртгүүлсэн утсыг олж өгдөг байвал, бас утсаа бүртгүүлэх гээд ирэхэд нь энэ чинь бүртгэлтэй байна гээд ахиад бүртгэдэггүй байвал, бүр хураадаг байвал. Үүний дүнд хүн ард маань ч гэсэн юм худалдан авахдаа бичиг баримтыг авах ёстойг мэдэж аваад, илүү хотжиход нь туслах болов уу. Үүнийг ер нь хэрхэн шийдвэл илүү оновчтой вэ?

2007-06-16

Миний амидаа

Өнөөдрийг хүртэл өөрийн амидааг харж байсангүй, одоо ч хараагүй л дээ гэхдээ блогийг нь олж үзлээ http://dulmandakh.blogspot.com. Уг нь яг энэ хаяг дээр миний англи хэл дээрх блог байрлаж байсан боловч зарим нэг алдаа гарсны улмаас хаягаа алдаж http://dulmandakhs.blogspot.com хаягтай болсон. За ямар ч байсан яг амидаагаа оллоо гэж.

2007-06-08

Насны доройтол

Шинэ үеийн хошин шог дээрээс насны доройтол гэдэг үг сурчихаад бие жаахан сулрах бүрт ашиглах зуршилтай болчихсон юм гэнэ лээ. Энэ долоо хоног насны доройтлоор эхэлж бас дуусах гэж байх шиг. Нэгдэх өдрийн шөнө хоолой өвдсөнөөс болж халуурч хонов, түүнээс хойш өнөөдрийг хүртэл халуурч байна. Гуравдахид заал авч сайхан хөлсөө гаргачихвал зүгээр болчихно гэж бодож байтал үгүй шүү, бүр бөөр өвдөж эхлэх нь тэр. Өнөөдөр арай гайгүй болж байх шиг. Ядаж байхад жил гаран бөмбөг бариагүйг хэлэх үү сүүлийн хэд хоног сууж босох, гар хөлөө хөдөлгөхөд хөндүүрлэж өвдөөд, орилоод хэцүү байноо. Энийг л насны доройтол гэхгүй бол өөр юуг насны доройтол гэх билээ.

Заал гэснээс нээрээ тоглосон чинь тасархай гоё байна лээ шүү. Хамаг хөлс цуваад ёстой гоё. Огоо, Үнэнбат хоёртой нэг баг болоод хожиж, тойрч энэ тэр. За тэгээд сар бүр ингэж тоглож байхаар болов, зохион байгуулах ажлыг Үнэнбат хариуцаж ажиллахаар ярилцсан. Заалаа олоод, хэзээ яаж гэдгийг нь тухай бүр зарлаж байна байх. Энэ удаагийн заалын зохион байгуулсан Баянмөнхдөө баярлалаа.

2007-06-06

Төвөгтэй Windows

Нэг газрын хүсэлтээр хэдэн халтар бултар код бичээд түүнийгээ Windows дээр ажиллуулах хэрэгтэй болов. Ер нь python ашиглаж бичсэн болохоор файлын зам засахаас өөр асуудал ер нь гарсангүй, гэвч Windows суулгаж бэлдэнэ гэдэг үнэн бэрх асуудал байнаа. Сүүлийн хоёр жил шахуу хугацаанд бараг Windows ашигласангүй, дээрээс нь аль 2006 оны 10 сард авсан Thinkpad дээрээ саяханыг хүртэл нэг ч Windows суулгаж байгаагүйгээ сая л нэг юм анзаарлаа. Өмнө нь өнө удаан жил хэрэглэсэн юм хойно суулгах энэ тэр ажилд огт түүртсэнгүй гэвч өөрт хэрэгтэй зүйлсээ татаж авч суулгах, төхөөрөмжүүдээ таниулах нь үнэн төвөгтэй санагдлаа. Windows суулгаад ашиглавал хамаг юм нь ажиллахгүй, Ubuntu рүүгээ орж байж хэрэгтэй зүйлсээ татаж авна, ntfs-3g ашиглаж файлуудаа Windows рүү шиднэ гээд бараг бүтэн өдрийн ажил болсон ч одоо болтол бүх зүйл хэвийн ажиллахгүй л байна. Учир нь програмаа ажиллуулахад хэрэгтэй зүйлсээс бусдыг суулгаж цаг алдахыг хүссэнгүй. Нээрээ ядаж байхад Thinkpad T42 дээр Windows товч байхгүй улмаас ажлын бүтээмж асар муу, харин линукс дээр нөлөө байхгүй.

Эцэст нь хувийн хэрэглээнд Windows ашиглах нь утгагүй, хэрэггүй болсон байх юм. Гэвч ажлын журмаар зарим тохиолдолд ашиглахаас өөр аргагүй болоод байх шинжтэй. Та бүхэн хэрэглээд үз, Гандэмбэрэлийн хэлсэнчлэн "дасах л хэрэгтэй".

2007-06-04

Лагер гарлаа

Хагассайн өдөр хамаг юмаа ачиж аваад лагер гарав. Сэрүүвтэр боловч цэвэр агаар юм хойно цаанаа л нэг гоё. Бодоод байсан чинь лагер гарах, орох гэдэг ажил их заваан ажил байна шүү. Гарахдаа амьдралд шаардлагатай зүйлсээ уван цувуулан зөөнө, төд удалгүй зун дуусч буцаагаад л зөөнө. Лайтай гээд лагер гарахгүй байж болохгүй ээ, цэвэр агаарт сайхан амарч авах нь чухал. Харин энэ хулгай гэдэг юм байхгүй болчихвол гээд бодсон чинь гоё байна шүү. Ер нь яавал хулгайд өртөхгүй байх вэ? Огт өмчгүй байвал ямар байх бол? Тэгвэл бас юу ч бодохгүй, ярихгүй байх хэрэгтэй тэгэхгүй бол оюуны өмчийн хулгай гэж байгаа. Хэхэ. Арай л биш юм. Амьдрал өөрөө баян юм болохоор хулгай хийх ч, хулгай хийлгүүлэх ч юм бий, хэзээ ч дуусахгүй байх. Бас төвхнөж дуусаагүй л байна.

2007-05-30

XXLady

Ийм нэртэй реалити шоу UBS дээр эхлэх гэж байгаа гээд рекламдаад байсан, уржигдар эхний дугаар нь гарч эхний шатны шалгаруулалт эд өрнөж байна. Хэхэ. Ойрийн үед зурагт үзэхгүй байсан чинь энэ хэд хоногт халит зурагт хараад амжаад байх болж. Эсвэл сонирхолтой санагдсан болохоор зорьж үзээ юм болов уу. Ямартай ч нэвтрүүлгийг үзэв. Нэг танидаг хүн орж байна, тэр нь манай хажуу ангид байсан Уянга. Тэр ч яахав, яагаад тарган хүмүүс ингэж эвлэгхэн хөдөлдөг юм бол? Шалгаруулалтын нэг нь бүжиг байхад ихэнх л их эвлэгхэн бүжиглэх юм. За тэр ч яахав. Өнөөдөр шалгарсан, нэвтрүүлэгт үлдэх бүсгүйчүүдийг харуултал үеийн нэлээн хэд, үед мултарсан хэд хэд гээд ерөнхийдөө залуу хүмүүс байна. Монголчууд, дэлхийн хүн ам нэлэнхийдээ таргалж байна, энэ нь ч бас намайг тойрчихгүй юм. Хэхэ. Амарч ирээд л нэх өглөө босч гүйдэг баатар болоод байсан чинь худлаа, гэхдээ л мартчаагүй байгаад байгаа. Нэг л өдөр нэг их зориг орчихсон гүйж явах вий цаадах чинь.

Хүнийг энэрэх сэтгэл

Сүүлийн үед бараг зурагт үзсэнгүй, зав нь олдоогүй биз. Сая бүтэнсайн өдөр зурагт үзэж байтал "Танайд хоноё" нэвтрүүлэг гарч байна. Даруухан, цэвэрхэн нэг бүсгүйнд очиж хонотол элгэний эдгэрэшгүй өвчин туссан, хоёр хүүтэй, нөхөр нь хаяаад явсан гээд шаггүй хүнд амьдралтай тэрээр өөрийн амьдралын талаар илэн далангүй хөөрөлдөж нэгэн үдшийг өнгөрөөв. Миний хувьд сонирхолтой, ихийг бодогдуулсныг нуух юун.

Маргааш нь буюу даваа гарагт 25-р сувгийн мэдээгээр тэрхүү бүсгүйд туслах хүсэлтэй хүмүүс их байгааг мэдэгдээд, мягмар гарагт түүнтэй уулзах өдөрлөг зохиогдох болсон талаар зарлав. Аав маань дүүг мөнгө аваачиж өгч гэж хэлж байсан боловч дүү маань нэвтрүүлгийг үзэх зуураа өөрийн хочсон мөнгөнөөс хандивлахаар шийдсэн байсныг хоол идэх зуураа олж мэдэв. Тэр 10000 төгрөг хандивласан. Түүнтэй адилхан зөндөө хүмүүс байсан талаар ээж дүү хоёр маань ярьж байна. Хүмүүс ихээр туслаж байгаа бололтой. Тэрхүү бүсгүй элгээ солиулахад хэрэгтэй 80 орчим мянган еврог монголчууд цуглуулж хандивлаж, эмчлүүлнэ гэдэг таамгийг аав дэвшүүллээ. Удахгүй хандивийн данс нээгдэнэ гэсэн, тэрэнд нь боломжоороо хэдэн цааш хандивлана даа. Та бүхэнд ч бас уриалж байна.

Өглөө зурагт үзэж байхнээ 10 сая төгрөг цугласан байна лээ, тун удахгүй 90 болоод бүсгүй маань хүүхдүүдтэйгээ эрүүл саруул аж төрөх байх гэж бодож байна. Голомт банкинд 1711021650 данстай байгаа гэсэн шүү.

Гэр бүл

Гэр бүл гэж хүн бүрийн хувьд хамгийн ариун нандин зүйл байдаг нь тодорхой. Надад ч бас ялгаагүй. Аав, ээж, хоёр дүү бас найз охин минь надад бүхнээс эрхэм. Өчигдөр ээжийн төрсөн өдөр болж ойр үзэгдээгүй нэгэн үзэгдэл болсон нь гэрийн бүлийн бүх гишүүн нэгэн ширээний ард цугларч, хамтдаа үдшийн хоол зооглолоо. Халуун яриа өрнүүлэн бүгд л аз жаргалтай сайхан байв. Ихэвчлэн бүгд л ажилтай учир уван цуван ирцгээнэ, ганц нэгээрээ хооллоно.

Жаргалын бага нь амттай гэж

2007-05-26

Хэвлэх материалууд

Би нээрээ үнэн хариуцлагагүй гар юмаа, ядаж байхад нэг юм үзээд суучихвал сална л гэж байхгүй. Сая нэг юм Linux InstallFest 2007 дээр ашиглагдах хэвлэх материалуудын загварыг гаргаж дууслаа гэж. Нээрээ анх удаа ингэж хэвлэлийн эх бэлтгэж байгаа байхаа. Нээлттэй эхийн Scribus гээд програм ашиглалаа, дажгүй санагдсан. Windows дээр хийж байгаагүй болохоор үнэхээр харьцуулах юм алга. Туршаад үзээрэй.

Ubuntu суулгах гарын авлага

Санал асуулгын хуудас

Хүмүүс боломжоороо хэвлээд өгөөрэй. Би гэртээ бас нэлээдийг хэвлэх бодолтой байгаа.

2007-05-25

Тайван өдрүүд

Амралтанд явж ирснээс хойш нэг л уур хүрэхээ байчихажээ, сонин юм шүү. Гэхдээ л өнөөдөр уур хүрээд байгаа юм уу бухимдаад байгаа юм уу нэг л сонин, дотор бүүдгэр. Амралт гэснээс амралтанд яваад бас бус юм алджээ. Аль гурван сард л линуксын сургагч багш хайж байна гэхээр нь нэрээ өгчихсөн байсан нь эзгүй хойгуур гэнэт хариу ирээд, хариу өгөх хугацаа маань өнгөрчихөж. Өнгөрөөгүй байсан ч амжихгүй байдаг. Дараа жаахан зайтай хэлээрэй, баярлалаа гэж хариу бичих шив. Уг нь овоо мөнгөтэй ажил байна лээ, жаахан харамсмаар л юм.

Сүүлийн хэд хоног ганц нэг код бичих гэж үзлээ. Ойрд ийм ажил хийгээгүй эсвэл тархи амралтын горимоос гарахгүй хэцүүхэн л байна. Нэг жижиг зүйл дээр гацаад хийж чадахгүй байгааг эс тооцвол бараг дуусчихсан байдаг. Хамгийн тэнэг нь бас хаяаад амралтанд явчихсан болохоор хийх, судлах цаг бараг байхгүй болчихсон байсан болохоор өнөөдөр хугацаа нь дуусчихсан. Гэхдээ л яагаад ч юм бүр их сандраад хачин болохгүй байгаа шүү. Хажууд нь Огоо яаж байна гэж байнга шахуу асуугаад, тайван хүнийг сандаргаад бүр гаран гаран болгоод байх юм. За маргааш үдээс өмнө дуусгах ёстой байгаа. Их үнэтэй олдож байгаа амралт шүү гэж.

2007-05-24

Гоё онигоо

Хэнээс ч юм ийм нэг онигоо ирлээ. Савж унатлаа л инээлээ, та бүхэнтэй хуваалцахгүй бол болохгүй нь.

Нэг шумуул яаж цус сорох вэ гээд бодож байтал завьжаараа цус дуслуулсан вампир явж байв. Түүнээс:
- Чи хаанаас цус олов? гэж асуутал вампир:
- Чи тэр шонг харж байна уу?
- Харж байна
- Тэгвэл би харсангүй...

ХАХА ХЭХЭ ХИХИ ХОХО ХӨХӨ ХҮХҮ өөр яаж инээдэг билээ байз

Алдагдсан итгэл

Хайртай найз охиныхоо итгэлийг алдаж орхилоо, маш ихээр гомдоочихлоо. Намайг уучлахыг хичээж буй боловч сэтгэл нь нэг л хөндүүрлээд байх шиг. Хүний итгэлийг алдах ямар амархан болохыг би мэднээ, тэр итгэлийг олж авах ямар хэцүү болохыг ч бас мэднэ. Гэхдээ л би тэнэг алдаа хийж түүнийгээ гомдоосон, итгэлийг нь алдсан.

Миний хайраа намайг үнэхээр уучлаарай. Надад ахиад ганцхан боломж олгооч, би ахиж итгэлийг чинь алдахгүй. Би чамдаа бас өөртөө амлаж байна.