Би хүмүүст туслах дуртай. Зөвлөлгөө өгөх эсвэл сайхан чөлөөтэй ярих бүр ч дуртай. Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөлгөөнүүд ихэнх нь технологитой холбоотой ба ямар нэг асуудал эсвэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар байлаа. Энэ бүрдээ баримтладаг байсан зарчмуудын нэг нь интернэтэд хэн нэгэн хийчихсэн, шийдчихсэн байгаа бэлэн юмыг авч ашиглахгүй яагаад өөрөө ахиад шийдэх гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах ёстой юм бэ гэдэг байв. Нээрээ л бид чинь бэлэн байсаар байтал аваад ашиглахын оронд хэдэн сараар сууж цаг заваа барахаас гадна багагүй хэмжээний мөнгө зарлагаддаг. Үүнийх нь оронд ийм юм цаана чинь байна, тийм асуудлыг ингэж шийдэж гээд зөвлөлгөө өгөөд авч туршихыг ч санал болгоно. Мэдээж зарим нэг нь өөрөө хийхээр шийдэж байхад нөгөө хэсэг нь зөвлөлгөөг дагах нь бий.
Хүнд ийм зөвлөлгөө өгдөг байж зарим зүйлийг би өөрөө хийхийг эрхэмлэнэ. Энэ нь заримдаа шинэ юм турших, шинэ мэдлэг олж авах, туршлагатай болох гээд давуу талуудтай боловч ихэнх тохиолдолд маш их цаг, мөнгийг бараг хэрэггүй зүйлд зориулсан байдаг. Хамгийн тод жишээ бол ажлын өрөөнд байдаг wireless router. Энгийн компьютер дээр карт нэмж тавиад өрөөндөө интернэт цацах боломжтойг олж мэдээд карт худалдаж авч тавиад турших эхлэв. Туршилтын хугацаанд өрөөний сүлжээ байнгын доголдолтой ба жинхэнэ ажиллагаанд орсныхоо дараа ч доголдол, бэрхшээлүүд гардаг байв. Эдгээрийг нь шийдэх гэж бас л овоо юм болно. Нэг компьютерийг байнга асаалттай байлгах, дуртай үедээ асааж унтрааж туршилж хийх боломж ч хязгаарлагдмал байв. Тэгээд бэлэн төхөөрөмж авахаар Amazon.com дээр үзтэл харин нөгөө нэмэлт картнаас ялгаагүй шахуу үнэтэй байж таарав. Уг нь нэлээн мөнгө хэмнээд байгаа гэж баярлаад байсан гэж байгаа. Төхөөрөмж худалдаж аваад тавьсан чинь туршилт хийх нэг компьютер гараад ирж байгаа гэж. Шал дэмий юмтай баахан ноцолдсон байгаа юм.
Аль дээрээс л LiMNux-г хэрхэн шинэчлэх вэ, илүү үр дүнтэй болгох талаар байнга бодогдох болсон. Ийм сайн дурын нэгдэлд харилцах холбоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ хэрэгцээг хэрхэн хангах талаар бодож эхлэв. Уг нь бол мэдээлэл солилцох вэб, туршлага солилцох хэлэлцүүлэг бас илгээлтийн жагсаалт байхад болоод явчихна. Үнэхээр том болоод хэрэгцээ нь гарвал Wiki зэрэг системүүдийг ашиглаж эхэлдэг. Олон зэрэг зүйл ажиллуулах гэж хүч тарамдаж байхаар вэб, планэт бас илгээлтийн жагсаалт ажиллуулахад хангалттай гэж бодогдох болов. Вэб байна, планэт байна харин нөгөөхийг яаж үүсгэх талаар бодов. Харьж байгаад тухтай сууж байгаад хийх талаар төлөвлөж гарч болох бэрхшээлүүдийг бодов. Тийм амар эд биш.
Харин дөнгөж сая яагаад ер нь Google Groups дээр нэг бүлэг үүсгээд ашиглаж болохгүй талаар бодол толгойд орж ирэв. Ер нь яагаад болохгүй гэж? Миний хийхээс дутагдал юу байна, давуу тал юу байна гэж бодоод байсан чинь давуу тал нь их болоод явчих нь тэр. Үүсгэхэд цаг үрэхгүй хялбар, хэдэн ч хүн удирдаад аваад явах боломжтой, аятайхан вэб интерфэйстэй, архивт ёстой хайлтыг харин ч хийнэ дээ. За тэгээд LiMNux гээд нэг бүлэг үүсгэчихлээ. Баянмөнх маань Google ахын бүтээгдэхүүнүүдийг цуврал болгон танилцуулж байгаа ба түүндээ Google Groups-ийн талаар оруулаачээ гэж түүнээс хүсмээр байна. Өмнө ашиглаж байсан туршлагатай хүн байвал хэрхэн бүртгүүлэх, ашиглах гээд багахан гарын авлага үүсгээд орхивол бүгдээрээ нэмээд засаад явах боломжтой юмуу даа. Хүн нээрээ сонин, өөрөө өөртэйгээ үргэлж шахуу зөрчилдөж байна. Эцэст нь тавтай морил, бүгдэд нээлттэй.
No comments:
Post a Comment