2009-12-09

Gentoo

Gentoo гэх нэгэн төрлийн линукс тархац байх, гол онцлог нь portage нэртэй програм хангамж удирдах (software management) системийн тусламжтайгаар суулгах хэрэгтэй бүх програмуудаа эх кодоос нь байгуулж (build) суулгадаг юм. Эх кодоос бүгдийг байгуулахын давуу тал нь тухайн програм хангамжийг яг юу хийх боломжтой байх вэ, хэрхэн байгуулах вэ гээд маш нарийн тохиргоонуудыг хийх уян хатан боломж олгодогт оршино. Мөн эмхэтгэгчийн (compiler) тусгай тохиргооны тусламжтайгаар 386, pentium4, xeon, core2 эсвэл opteron гэх мэт процессоруудад зориулан оновчлол (optimization) хийж, илүү өндөр хурдыг гаргах боломжтой. Энгийн линукс тархацууд нь 386-с хойшхи бүх процессорт тохирохоор ерөнхийлөн байгуулагдсан байдаг тул сүүлийн үеийн давуу талуудыг ашигладаггүй. Ер нь бүх зүйлсийг тохируулах боломжтой болохоор яг өөрийн хүссэн, ямар ч илүү дутуу зүйлгүй систем босгох боломжийг олгоно. Хамгийн хэцүү нь үүнд зарцуулах цаг хугацаа.

2005 он гэж санаж байна би гэдэг хүн улаан Gentoo-чин болов. Судлаад л, суулгаад л, устгаад л ёстой хольж сольж ажлын ихэнх цагийг үүнд зориулдаг байсан юм шиг. Одоогийнхоор 30 минутад суулгачих Ubuntu системийн тал орчимыг л суулгах гэж бараг л 3 хононо шүү дээ. OpenOffice.org-ыг байгуулах гэж л дор хаяж 8 цаг зарцуулдаг байв. Бүгдийг эх кодоос байгуулж суулгана, бүр линуксын цөмийг ч бас. Цөмийг гараар суулгах нь зөвхөн хэрэгтэй зүйлс болон төхөөрөмжүүдийг идэвхижүүлж бусдыг хасах боломжийг олгох ба жижиг хэмжээтэй, басхүү маш хурдан ачаалдаг цөмийг байгуулах боломжтой болдог. Мэдээж бас маш удаан ажилладаг, зарим төхөөрөмж нь ажилладаггүй эсвэл бүр огт ажиллахгүй цөм байгуулах ч боломжийг олгоно. Гэвч бүтэн 3 хоног сууж байж арай гэж ажилд оруулсан системээ нэг л буруу үйлдлээр үгүй хийх ба үүнийгээ сэргээх гэж ахиад л 3 хоног сууна. Суулгах нь их цаг орно, тогтвортой бас ажиллагаатай систем байлгаж арчлах нь төвөгтэйн улмаас үндсэн ажлаа биш системтэйгээ зууралдаж хамаг цагаа барж байсан учир нэлээн хэдэн сар ашигласны дараа татгалзаж, эргэлт буцалтгүй Ubuntu-чин болсон юм.

Сая нэг систем суулгах шаардлага гартал цаанаас нь Gentoo тавихыг зөвлөж байна. Өмнө нь ямар суулгаж байгаагүй биш болно гэж бодоод зөвшөөрч орхилоо. Маш их зүйлийг интернэтээс явц дундаа татаж суулгадаг болохоор бас оролдоогүй их удсан болохоор маш бага багаар явуулсаар нэг юм суулгаж дуусав. Гэхдээ бүгдийг эхнээс нь суулгалгүй хамгийн бэлэн, хамгийн хурдан аргаар нь суулгасан юм. Хамгийн хэцүү хэсэг нь линукс цөм тохируулах байв. Өмнө нь намайг байгуулдаг байхад дөнгөж 2.6 хувилбар гараад байсан юм, харин сая ороод үзвэл тохиргоо болон боломжууд нь маш их өөрчлөгдөж, зарим талаар илүү хялбар ч болсон юм шиг, эсвэл бүр хэцүү олон сонголттой болсон ч юм шиг санагдана. Ухантаж байгаад ямар нэг алдаагүй байгуулж дуусаад ачаалж үзтэл сүлжээний карт нь ажилладаггүй, дахин тохиргоо хийж сүлжээний картыг нь идэвхижүүлж байгуулж байж нэг юм сүлжээнд холбов. Маш олон юм хасч, зөвхөн хэрэгтэй хэсгүүдээ үлдээсэн болохоор маш хурдан систем бэлэн болж, бас маш хурдан унтарч байна. Суурь систем ч бэлэн болж миний ажил ч дуусав. Харин одооноос Ubuntu-ийнхээ цөмийг нарийн тохиргоо хийгээд байгуулбал яадаг бол гэж бодогдох боллоо.

4 comments:

Xacaa said...

Ubuntu-г ингэж тохируулчихвал гоё байх да. Ер нь ингэх боломжтой болохоор Linux OS-ууд мэрэгжлийнхэнд хэрэгтэй байдаг. Зөвхөн өөрийн хэрэгцээнд, бас мэдлэгт :) Гоё нийтлэл байна

xvv said...

Хэрвээ тэгвэл вики дээр оруулаарай :)

MGiS said...

ene chini kharin dajgui yum bilee... bi buren kheregleegui l dee... gekhdee neg program-iin LiveCD sonirkhson chini Gentoo deer khiichikhsen, saikhan mongoloor kharaad l tun dajgui sanagdsan shuu...

m said...

сайн уу http://www.apc-forums.com/thread.jspa?messageID=4255 энэ дээрх шиг алдаатай учираад шийдэх арга зам олдоггүйээ өөрөө ийм зүйлтэй таарч байсан бол яаж шийдвэрлэсэн талаар блогдоо бичиж тус болооч