2010-06-09

Гүүш төслийг танилцуулж байна

Аав ээж маань 1998 онд тооцоолуур (компьютер) авч өгч, дараахан нь гэрт интернэт тавьж өгснөөр миний "их аялал" эхэлсэн юм. Хэрхэн яаж ашиглах, юу хийх боломжтой талаар юу ч мэдэхгүй болохоор интернэтээр хэсч олдсон бүхнийг уншиж ойлгохыг хүсдэг байлаа. Эхэнд үед ямар нэг материал олоод уншиж дуусах хугацааны 90% орчим хувийг элдэв толь эргүүлж таарсан мэдэхгүй үгийн утгыг олоход зарцуулдаг байсан бол одоо мэргэжлийн зүйл уншихдаа 1% хүрэхгүй хугацааг шинэ үгийн утгыг ойлгоход зарцуулж байх шиг байна. Манайд мэргэжлийн толь бичиг байгаагүй тул англи үгийн тайлбар толь үзэж байж утгыг гаргах гэж оролдох боловч тэр тайлбарийг уншихад бас мэдэхгүй үгс таарна. Дээрээс нь нэг үгийг нэг хараад цээжлэхгүй тул энэ бүхэн олон дахин давтагдана. Богино биш хугацаанд шаггүй хичээл зүтгэл гаргаж байж багахан мэдлэг олж авсан. Тэр үеээс хойш 10 гаран жил өнгөрсөн боловч нөхцөл байдал бараг өөрчлөгдсөнгүй. Хүүхэд залуус маань 10 жилийн өмнөх миний адилаар маш их цаг, хүч хөдөлмөр зарж байж багахан мэдлэг олж авч байна. Яагаад үүнээс хялбар байж болохгүй гэж?

Товч танилцуулга

Өмнөх асуултын хариуг уншсан бол та бараг л гадарласан байх. Гүүш төсөл нь олон нийтийн хамтын хүчээр англи хэлний нээлттэй мэдлэгийн сан үүсгэх зорилготой цахим толь бичиг юм. Хэдийгээр хэвлэмэл болон цахим толь бичгүүд олон байдаг боловч "Гүүш" маань ажиллагааны зарчмын ялгаатай. Үүнд:

1. Та англи үг эсвэл холбоо үг хайна.
2. Хэрэв олдвол харгалзах орчуулгуудыг үзнэ, харин олдохгүй бол тэр үгийг нэмж болно.
3. Хэрэв оруулга дунд таны мэдэх орчуулга байхгүй байвал та түүнийг нэмж болно.
4. Харин танд зөв санагдсан орчуулга байвал зүгээр л санал өгөөрэй.

Өөрөөр хэлбэл "Гүүш" маань таны оруулсан англи үг, орчуулгын тоогоор улам баяжиж, таны өгсөн саналын тоогоор илүү чанаржих болно. Бидний хамтдаа бүтээсэн баялаг буюу агуулга нь хэн ч ямар ч хэлбэрээр ашиглахад нээлттэй байх бөгөөд үргэлж үнэ төлбөргүй байна. Харин үг, орчуулга нэмэх болон санал өгөхөд заавал бүртгүүлсэн байх ёстойг анхаарна уу.

Энэ маягаар би ч Та ч өөрийн мэддэг үг, утга оруулаад, бас саналаа өгөхөд толь маань баяжиж, бас чанаржих юм. Ингэж чадвал бид шинэ үеийнхээ мэдээлэл, мэдлэг олж авахад тус болж, түгээмэл хэрэглэгддэггүй үгсийг ч танин мэдэхэд дөхөм болох юм.

Давхар буудагдаж буй нэг туулай бас бий. Энэ нь бид ямар үгийг хэрхэн оновчтой орчуулах тал дээр үргэлж маргаж, мэтгэж байдаг боловч яг санал хураагаад нэгтгэх боломж саяханыг хүртэл байхгүй байсан. Одоо толь бичиг дээрээ суурилаад бид орчуулгын оновчтой сонголтод бага ч гэсэн нэмэр болж чадахаар боллоо.

Ирээдүй

Өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа систем нь цөөн бас энгийн үйлдлүүдтэй цомхон систем юм. Гэхдээ төсөл маань хэвлэмэл биш цахим учир бид цааш улам хөгжүүлж, сайжруулах бөгөөд агуулгыг бусдад нээлттэй болгох ажлыг хамгийн ойрын хугацаанд хийх болно. Өөрөөр хэлбэл бид багаас эхэлж бага багаар урагшлахыг хүсч байна. Харин хэрэглэгч, оролцогч Та үүнд нөлөөлөх боломжтой тул санал хүсэлтээ илэн далангуй хуваалцахыг хүсье.

"Бид надаас илүү ухаантай" бас "далайд дусал нэмэр" гэдэг, тиймээс та хамтдаа бүтээх "мэдлэгийн далайд" нэг ч гэсэн дусал нэмээрэй. Олны хүч оломгүй далай билээ. Хэрэв та Гүүш төслийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсч байвал Twitter дээр дагаарай.

Энэ бодол санааг минь бодит биелэл болгоход тусласан хамт олондоо бүгдэд нь баярлалаа. Олны хүч оломгүй далай учир та өөрийн хувь нэмрийг заавал оруулаарай. Бид хамтдаа ЧАДНА.

6 comments:

Г.Ган-Эрдэнэ said...

Гүүш сайхан санаа байна шүү.

Асуух нэг юм байна аа. Өмнө оруулсан үгэн дээр өөрийн орчуулгыг яаж ижил статустайгаар (хажууд нь гурвалжны зурагтайгаар, өөрөөр хэлбэл үндсэн орчуулга хэлбэрээр) нэмэх вэ? Сэтгэгдэл л бичих боломжтой юм шиг байх юм. Эсвэл би учрыг нь олохгүй байна уу. хэхэ.

Г.Ган-Эрдэнэ said...

Аан болчихлоо. "Орчуулга нэмэх" гэдэг дээр дарах байжээ.

Unknown said...

Олон хүмүүсийн хүсэлтээр http://groups.google.com/group/guush-users гээд бүлэг үүсгэлээ. Бүгдээрээ гүүшийн талаар нээлттэй хэлэлцэж, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлох уу.

vlmedeh said...

Энэ яасан хөөрхөн юм бэ. Үнэхээр хэрэгтэй эд байна.
1998 онд ком интернэттэй болж бсыму хэхэ. Тэр үед би ком той болохыг мөрөөддөг байсан. Харин ком авсны дараа интернэт гэж гадарладаг болоод интернэт мөрөөдөж эхэлсэ дээ. Одоо ч нэг үе эээ бодвол цаг сайхан болжээ.

Bilegt said...

Болор толиос ямар ялгаа(Давуу тал)-тай вэ?
Би ч Болор толийг л хэрэглэдэг л дээ.

Munkhjin said...

Үнэхээр сайхан санаа байна. Иймэрхүү юм ч яг дутагдаад байсан шүү.