2011-06-11

Нов ногоон "нээлттэй програм"

Өнгөрсөн сарын Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг дээр маань цөөнгүй шинэ хүмүүс ирж суув. Өдөрлөг дууссаны дараагаар бөөндөө элдэв сэдвээр ярилцаж зогстол нэг шинэ залуу "Нээлттэй програм хэр ногоон бэ" гэсэн сонирхолтой асуулт тавьсан юм. Тухайн үед энэ асуултад товч хариулаад өнгөрсөн бөгөөд бага сага судалгаа хийгээд энэхүү блогийг бичиж байна.


Хариулт маш товчхондоо бол нээлттэй програм бол ногоон, бүр нов ногоон. Хар ухаанаар бодоход хэрэв код нь нээлттэй бол ямар нэг асуудлыг шийдсэн кодыг ижил төрлийн асуудлуудад дахин шинээр бичилгүйгээр зарим нэг шаардлагатай бага сага засвар хийгээд л ашиглана. Хэрэв хаалттай байсан бол аль хэдийн шийдэгдчихсэн асуудлыг шийдэхээр цахилгаан, цаг заваа үрээд багагүй суух хэрэгтэй болов уу. Эсвэл лицензийг худалдаж авах мөнгө олохоор чардайтлаа ажиллана, бас л цахилгаан, цаг зав зарцуулна. Хэрэв нээлттэй байсан бол шууд л аваад ашиглах нь байна шүү дээ. Ингээд бодохоор эрчим хүч, цаг зав, хүч хөдөлмөр хэмнэсэн "нов ногоон" шийдэл юм.

Дээрх хариултын зарим баримтад тулгуурлан дэлгэрүүлье. David A. Wheeler гэдэг нөхөр 2001 онд гарсан RedHat 7.1 үйлдлийн системд шинжилгээ хийхэд 30 сая мөр кодоос бүрдэж байсан бөгөөд уламжлалт аргаар үнэлбэл 8,000 хүн жил шаардагдаж, 1 тэрбум долларын өртөгтэй байна гэж дүгнэжээ. Үүний дараахан 2000 онд гарч байсан Debian 2.2 хувилбар дээр ижил төрлийн шинжилгээ хийхэд 55 сая мөр кодтой байсан бөгөөд 14,005 хүн жил, 1.9 тэрбум доллар шаардагдана гэж дүгнэжээ. Тэгвэл 2009 онд гарсан Debian 5.0 хувилбар нь 324 сая мөр код буюу 2.2 хувилбараас 6 дахин их хэмжээтэй юм байна. Хэрэв бүх зүйл 6 дахин нэмэгдсэн гэж үзвэл 84,000 хүн жил, 12 орчим тэрбум доллар шаардлагатай байх нь. Гэтэл Windows XP маань 50 сая орчим мөр кодтой гэнэ. 2011 оны байдлаар эдгээр тоонууд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Төслийн үнэлгээг тооцоход хүн цаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь дундаж ажилтан 1 цаг завсаргүй хийх ажил гэж ойлгож болно. Тэгвэл Debian 5.0 нь 1 хүн 84,000 жил хийх ажил, 1000 хүн 84 жил хийх ажил гэж ойлгож болох нь. Гэтэл энэ бол далайд дусал нэмэр гэдгийн адилаар сая сая хүмүүсийн хамтын бүтээл юм. Энэ агуу том бүтээл, далай мэт кодын сан ямар ч төлбөргүйгээр ашиглах боломжтой, өөрийн хэрэгцээнд зориулан хүссэнээрээ өөрчлөх боломжтой байна гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү? Хэдэн сая ватт цахилгаан, төдий хэмжээний нүүрс, түлш хэмнэх боломжтой болж байна. Тэгэхээр нээлттэй програм үнэхээр НОГООН гэдэгт итгэв үү.

5 comments:

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Ногоон код гэдгийг бүтсэн өртөгөөс нь гадна хэр оновчтой зөв шийдсэн, бага нөөц ашиглаж хурдан ажилладаг эсэхээр нь бас шинжих хэрэгтэй болов уу.

Khaschuluu Munkhbayar said...

Гайхалтай нийтлэл байна. Яасан олон мөр код вэ? Хөөрхий муу Виндөүс хэчнээн хүмүүсийг, хэчнээн удаан зовоож байгаа бол?

3apaa said...

Аль ч тохиолдолд компьютер асааж, цахилгаан зарцуулж, хүн суугаад хийж байгаа болохоор зарцуулах тог, цахилгаан адилхан гарна. Мөнгө бага зарцуулах, ногоон байх 2 хоорондоо тийм их хамааралтай байж чадах болов уу. Програм хангамжийн хувьд Ногоон гэдэг ойлголт тохирохгүй. Техник хангамжтай хоршсоноор Ногоон байж болох юм.

XOPBOO said...

Ногоон кодоо гэж урд өмнө нь бодож ч байсангүй