2011-08-22

Өгөгдөл олборлох нь

Сүүлийн жилүүдэд data mining буюу өгөгдөл (мэдээлэл) олзворлох талаар их яригдах болов. Товчхондоо бол талаар нэг тарсан мэдээллийг нэгтгэн цуглуулж, боловсруулж хэрэгтэй мэдээлэл гаргах талаар шинжлэх ухаан юм. Мэдээллийг нэгтгэн боловсруулах ямар чухал болохыг ойлгодог ч саяханы нэг жижиг төслийг хүртэл төдий л ач холбогдолгүй санагддаг байв.


Мэдээллийн технологийн салбарын бид яаж ийж байгаад л америк доллартай харьцах хэрэг гардаг. Домэйны төлбөр, цахим сонин, сэтгүүл захиалга гээд тоочвол дуусахгүй. Зарим нь доллараар цалин авна. Тэгэхээр долларын ханшийн хэлбэлзэл ямар байдаг бол, ямар нэг зүй тогтол байдаг болов уу гэсэн бодол надад төрөөд нэг жижиг програм бичиж ажилд оруулав. Энэ програм маань өглөө бүр 10 цагт Монгол Улсын томоохон банкуудын вэб сайтаар зочилж хамгийн сүүлийн ханшийн мэдээллийг татаж авч хадгалдаг юм. Ихэнх банкуудын хуучин ханшийн мэдээллийг харах боломжгүй байсан тул ямар нэг боловсруулалт хийлгүй зүгээр л хэсэг хугацаанд мэдээлэл цуглуулахаар орхив.

Тэр өдрөөс хойш 2 сар өнгөрсөн тул цуглуулсан багахан мэдээллийг боловсруулсны дараа ямар зүйл гарах нь үнэхээр сонирхолтой санагдсан тул байгаа өгөгдлөөсөө график зурж үзэв. Доор зурагт Худалдаа Хөгжлийн Банкы америк долларын ханш сүүлийн 2 сард хэрхэн өөрчлөгдөж байсныг харж болно. Цэнхэр нь албан ханш, шар нь авах ханш, нөгөөх нь зарах ханш юм.


Энэ зурагт зарим нэг ажиглалт хийж болно. Ерөнхийдөө долларын ханш буурч байгаа юм байна. Үүнийг хүн бүр хэлж байгаа боловч яг хэдий хэмжээгээр хэрхэн буурч байгаа талаар тун цөөн хүн мэдээлэлтэй байсан болов уу. Нэг зүй тогтол ажиглагдсан нь сарын эхээс эхлэн долларын ханш бууж эхэлдэг ба сарын дундуур хамгийн доод хэмжээндээ хүрдэг. Сарын дундаас бага багаар өссөөр сарын сүүлээр хамгийн дээд цэгтээ хүрдэг байх юм. Өдөр тутмын валютын ханшийн мэдээллийг авахыг хүсвэл @mnZoom_money хаягийг дагаарай. Энэ валютын мэдээллийг өөр яаж боловсруулж болох вэ? Өөр ямар мэдээллийг ингэж боловсруулбал сонирхолтой байх бол?

Мэдээж энэ бол зөвхөн эхлэл. Мэдээллийг энэ маягаар цуглуулсаар жилийн дараа ямар мэдээлэл гаргаж авч болох нь маш сонирхолтой санагдаж байна. Монголчууд бидэнд төрөл бүрийн маш их мэдээлэл, өгөгдөл байгаа ч тэрийгээ зөв боловсруулж ашиглаж чадаагүйгээс хэчнээн шийдвэр буруу гаргаж байгаа бол?

5 comments:

Bayana said...

Data mining бол хэрэгтэй л эд байгаа юм. Хамгийн чухал нь өгөгдөл цуглуулах. Цуглуулсан мэдээлэл дээрээ боловсруулалт хийхэд зориулсан RapidMiner гээд нээлттэй эхтэй нэг хүчирхэг програм байдаг юм. Тэрийг ашиглаад үзээрэй.

Tengis said...

Сонирхолтой мэдүүштэй үр дүнд хүржээ. Амжилт!

Дөлмандах said...

УИХ гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг боловсруулж үзмээр санагддаг юм. Сонгогдохоосоо өмнө ямар байсан, гишүүн болсноос хойш жил жилд хэрхэн өөрчлөгдсөн гээд гаргавал бас сонирхолтой байх.

Badraa said...

Ханшийн өгөгдөл цуглуулан ажигласан нь сонирхолтой үр дүн гарчээ. Гэвч энэ нь Data Mining-н жинхэнэ хэрэглээ биш санагдаж байна. Ханшийн мэдээг графикаар харах нь банк бүхэн хийж л байгаа байх. эсвэл валютын ченжүүд. Өгөгдлийг боловсруулан мэдээлэл болгох, өмнө нь анзаараагүй шинэ үзэгдлийг илрүүлэх, өнгөндөө огт хамаагүй мэт боловч хоорондоо хамааралтай 2,3 өгөгдлийн хоорондын харьцааг олоход Data Mining технологийг ашигладаг. Жишээ нь "супермаркэтаас хүүхдийн памперс худалдаж авсан хүн бас пиво худалдаж авдаг байсан" гэсэн жишээ их алдаршсан байдаг. Дата майнинг гээд ярьж хэрэглэсэн нь зүгээр бишүү? Глобалчлагдсан орчин үед технологийн үг бүрийг орчуулах шаардлагагүй байх.

Дөлмандах said...

шивх, шар айрагны хувьд үнэхээр сонирхолтой баримт байна.

одоогоор надад байгаа мэдээлэл нь энэ болохоор үүндээ багахан шинжилгээ хийсэн хэрэг. олон газрууд дотооддоо хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

миний хувьд ийм зүйл байдаг шүү, энгийн мэт тоог нийлүүлээд багахан боловсруулаад харахаар үр дүн нь өөр болдог гэдгийг товч харуулахаар үүнийг тэрлэв. бас валютын ханшийн энэ мэдээлэл удахгүй бүгдэд нээлттэй болно.