2012-02-11

tar хэрэглээ

Юникс төрлийн системүүд дээр tape archive буюу tar гэх хүчирхэг багаж байх. Зөв ойлгоод зөв хэрэглэж чадвал бас их уян хатан, өргөн боломжтой юм. Энэ талаар товч өгүүлью гэж бодлоо.

Юниксийн үндэс болсон нэг зарчим бол "нэг програм нэг л зүйл хийх, харин түүнийгээ маш сайн хийх" юм. Энэ л зарчмын дагуу tar нь зөвхөн архив файл буюу олон файлын нэгтгэсэн файл үүсгэх, задлах, зохион байгуулах зориулалттай. Үүнийгээ ч маш сайн хийнэ.

Жишээ нь, folder1 хавтас болон file1 файлыг агуулсан archive.tar нэртэй шинэ архив файл үүсгэхдээ доорх тушаалыг ашиглана.

tar -cf archive.tar folder1 file1

c нь шинэ архив үүсгэнэ гэсэн үг, f  нь ямар нэртэй файл вэ гэдгийг зааж өгөх бөгөөд хамгийн сүүлд өгнө. Ямар файлуудыг архивласнаа мартсан бол доорх тушаалаар дотор агуулгыг нь хялбархан харчихаж болно.

tar -tf archive.tar

Архив задлахдаа бүхлээр нь эсвэл зарим нэг файлуудыг сугалан задлаж болно. Дөрвөлжин хаалтанд байгаа шиг файлуудын нэр бичвэл зөвхөн тэдгээрийг сугална, ингэж бичихгүй бол бүгдийг нь задална. Тушаал нь.

tar -xf archive.tar [file1 folder1]

Сүүлийн үед түлхүү хэрэглэж байгаа нэг боломж нь архив файлыг өргөтгөх буюу файл нэмэх юм. Үүний тусламжтайгаар том хавтсыг архивлаад, тэнд нь шинэ файл үүсэх эсвэл файлд засвар орох бүрт тэдгээрийг архивт нэмснээр нөөцийн маш уян хатан систем үүсгэх юм. Файлд засвар орсон тохиолдолд шинэ болон хуучин хувилбар нь давхар хадгалагдах ба задлах үед хамгийн сүүлийн хувилбар нь үлддэг.

tar -uf archive.tar file2 folder2 folder1

Ийм маягаар folder1 дэх шинэ эсвэл өөрчлөгдсөн файлууд, file2 болон folder2 хавтсыг архивт нэмж өгч байна.

Энгийн үед tar нь архив файл үүсгэх боловч ямар нэг байдлаар шахдаггүй. Шахахдаа bzip болон gzip тушаалуудыг ашиглаж болохоос гадна j болон z сонголтуудын тусламжтайгаар архив файлыг үүсэхэд нь шахах эсвэл шахсан архив файлыг задлах боломжтой. Доорх маягаар gzip шахалттай архив файл үүсгэнэ.

tar -czf archive.tar.gz folder1 file1

Хэрэв та дараа нь архив файлыг өргөтгөх, файл нэмэх бол шахаж болохгүй. Харин нэг удаа үүсгэж авч байгаа бол шахах нь хэмжээг жижигсгэж, дискийн зайг хэмнэх давуу талтай. Мөн шахах болон задлах нь арай илүү уддаг болохыг анхаарна уу.

3 comments:

tuvi said...

thanks a lot...

Unknown said...

thanks, good job man

Хүрэлхуяг said...

tnx.
Одоо tar --help гэж бичээд хэдэн үсэг цээжлэх л үлдлээ :P