2012-03-24

Бөөн мөнгө олох янзтай бизнес санаа №1

Юуны өмнө бөөн мөнгө олон янзтай бизнес санаа надад байхгүй, байгаагүй болохоор мөнгийг бөөн бөөнөөр олдоггүй гэдгээ хүлээх нь зөв байх. Миний буруу ч байж болно, гэхдээ хувийн туршлагаасаа ийм бизнес санаа байдаггүй гэж боддог болсон. Өнөөдөрхөн нэг залуу Youtube, Facebook, Twitter зэргийг дурдаад надаас энэ талаар асуусан болохоор өөрийн бодлыг хуваалцах гэсэн юм.


Хувийн туршлага
4 жил орчмын өмнө юм уу даа би "янзтай" санаа олсон юм. Бодох тусам л бөөн амжилт харагдаад, нойр ч хулжих болов. Ганц нэг хүнтэй санал солилцоход бас л миний бодож байсан бөөн амжилт олох өндөр магадлалтай гэсэн тул шөнө бараг унтахаа болив. Бие даагаад ганц нэг судалгаа хийхийн хажуугаар бага сага код бичиж эхлэв. Яаж ч бодсон ганц нэгээрээ барах ажил биш тул баг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч хайх талаар бодож эхлэв. Бизнесийн чиглэлээр ажилладаг хэдэн найзууддаа санаагаа танилцуулж хамтарсан компани байгуулахаар тохиролцов. Сар орчмын дараа хөрөнгө оруулагчид үзүүлэх зах зээлийн, интернэт хэрэглэгчийн судалгаатай 60 гаруй хуудас бизнес төлөвлөгөө бэлэн болсон байлаа. Бөөн амжилт нүдэнд харагдсаар...

Төлөвлөгөөгөө бариад хөрөнгө оруулж болохуйц итгэлтэй хүмүүст хандахаас гадна цааш хүмүүстэй танилцуулж өгөхийг хүсч явсаар, хариу хүлээсээр нэг мэдэхэд 4 сар өнгөрсөн байлаа. "Янзтай" бизнес санааг нь ойлгож хөрөнгө оруулах хүн олж чадаагүй, дээрээс нь энэ хугацаандаа "бухын доодохыг харах"-аас өөрийг хийгээгүй болохоор хоолны мөнгөгүй болсон байв. Энэ хооронд мөнгөний ажил олдож байсан ч хөрөнгө оруулагч олохоороо "өөр" болно гэдэгт  хэт итгээд огт авдаггүй байсан юм. Нэг өдөр сэрэхэд хэрэгжээгүй "янзтай" санаа, хоосон халаастай, худалч, олон хүний итгэлийг алдсан нэгэн болсон байв.

Одоо эргээд бодоход хөрөнгө оруулагч олдоогүй нь оносон. Олдсон бол амжилттай хэрэгжүүлж чадахгүй унагаад бөөн асуудал болох байсан гэж боддог. Өнөөдөр тэр санааг минь хэрэгжүүлсэн газар алга л байна, би ч бас бууж өгөөгүй байгаа. Гэхдээ одоогоор тэр санааг хэрэгжүүлэх мэдлэг, туршлага дутаж байгаа болохоор дараа хийх ажлуудынхаа жагсаалтанд оруулчихаад туршлага хуримтлуулж байна.

Төсөл маань хэрэгжээгүй ч би хожсон. Их зүйлийг сурч авсан. Юуны өмнө хэрэгжүүлээгүй ямар ч "янзтай" санаа 1 мөнгөний үнэгүй болохыг яс махандаа шингээсэн. Гэнэтийн амжилт гэж байхгүй, байсан ч тэр нь удаан тогтдоггүй. Амжилтыг удаан хадгалахын тулд мэдлэг, боловсрол, туршлага бас хөдөлмөр хэрэгтэй. Ингэж байж "янзтай" санааг "янзтай" бизнес болгоно. Аливааг гэнэт бус алгуураар, системтэйгээр бага багаар хийх нь илүү зөв болохыг ойлгосон.

Эцэст нь, би яаж хийвэл амжилт олохыг сураагүй ч юмыг яаж хийвэл болдоггүй нэг аргыг өөрийн биеээр үзэж ойлгосон. Дараагийн блогтоо гадны компаниуд ямар аргаар амжилтанд хүрч байгаа талаар товч өгүүлэх болно.

4 comments:

xvv said...

Тийм шүү санал нэг. Би бас нэг хэсэг мөрөөдлөө тээсээр, бас чирсээр л явна. Ямар ч байсан сурч байна, туршлага сууж байна. Тодорхой хэмжээнд хийхийг хүсэж байгаа зүйл рүүгээ дөхөөд л яваа гэж боддог. Амжилт хүсье! :)

saruuliin blog said...

Яаг ийм үе надад тохиодож байсан, бодит хүчин чадлаасаа хэд дахин давсан зүйл төлөвлөөд хайран цагаа нилээн үрсэндээ, тэхдээ гоё сургам болсон. Таны янзтай санаагаа хэрэгжүүлхэд амжилт хүсэе :)

Unknown said...

Ха ха адилхан нөхцөл байдал байна шүү сонин юм.Мөрөөдөлтэй байна гэдэг сайн бас сайхан хэрэг гэд бодож байна.

Ууганбаяр said...

Иймэрхүү байх ч талтай. Гэхдээ чи өөрөө АЙТ-гийн хүн Microsoft, IBM, Apple -ийг харвал бүгд их хэцүү нөхцөлд ажиллаж амьдарынхаа бүх цагаа зорилго хүсэл мөрөөдөлдөө зориулсан байдаг. Тэдний заримынх нь лаборитори тэдний граашинд байсан гэдэг. Зөвхөн тэд гэлтгүй алдартай бизнесменүүдийг харвал бүгд дардан замаас эхлээгүй байдаг. Идэх хоол, өмсөх хувцасийг зэрэгийг эс тооцсон байдаг. Ер нь энийг гол фронтын шугам болгож анхаарах хэрэггүй гэж бодож байна. Тэгвэл талхны гол тулалдана гэдэг нь болсоор хамаг насаа барах байх. Үсрээд л хэсэг зуур өлсөж, хувцас муутай явна биз. Үүнийг би эргэн тойрон дах олон хүмүүсийн амьдралаас харсан. Ямар насан турш тийм амьдрах гэж байгаа биш. Энэ бол зүгээр цаг хугацааны асуудал. Хамгийн гол нь гоё санаа, дахин давтагдахгүй санаа гэж байдаг. Шатраар бол үнэхээр уран нүүдэл. Програм хангамжаар бол миний бичсэн 1000 мөр кодыг 50 мөр болгоод дээр миний төсөөлж байсанаас илүү өөр гайхалтай аргаар сэтгэж бичсэн код байдаг даа. Яг тэр гэсэн үг. (Өөрийн бичсэн кодыг өөр хүмүүс яаж бичиж үү гэдгийг харьцуулах үед их юм сурдаг.) Паркер үзэгний реклам дээр "Нэг мөр саяар үнэлэгдэнэ." гэдэг дээ.Тэгвэл програмж хангамжийн инженерүүдэд саяар үнэлэх үнэхээр гоё код байдаг. Америкчуудын дунд байдаг нэгэн яриаг хальт санаж байна. Өдөрт 8 цаг хөдөрмөрлөх энэ бол зүгээр амьдралаа авч явах, 16+.. гэж ажилвал амжилттанд хүрэх цаг. Нэг энэтхэг эмч дээхин үед "монголчуудын амжилт гаргаж чаддагүй нь олон юманд зэрэг зүтгэдэг. энэ бол хүний хөдөлмөр цаг хугацааг их барна. Зөвхөн нэг юмыг барьж аваад тосыг гартал нух. Тэгээд түүгээрээ амьдар амжилтанд хүр" гэж зөвлөж билээ.

Нэг юмыг нэмэхэд манайд цэвэр хөдөлмөрөөрөө том бизнесийг эхлүүлсэн хүмүүс 90 оны үед ажил төрөл, зарим нь сургуулиа орхиод шууд бизнест орсон байдаг. Тэрнээс төсөвийн 8 цагаа хийгээд дээр нь +2 гэвэл хэн ч гахай зөөж чадахгүй байх байсан. Женко Тулгаа, МСЭС Оджаргал, Эрэл Эрдэнэбат, Буян Жагаа ер нь эдний бизнесийн түүхийг уншаад үзэхэд илүүдэхгүй.

Эцэст нь санаагаа хэрэгжүүлээд сайхан төсөлөө танилцуулаарай.