2012-04-27

Домэйны IP солих туршлага

Хэд хоногийн өмнө www.xyyp.mn вэб маань байрлаж буй серверийг Magicnet дээрээс Gemnet рүү зөөсөн юм. Мэдээж серверийн IP хаяг солигдоно, тэгээд www.xyyp.mn болон бусад туслах домэйнуудыг өөрчлөх хэрэгтэй болов. Харин яаж зогсолт багатай буюу бараг байхгүй, хэрэглэгчдэд анзаарагдахгүй хийх талаар жаал туршлага судалсан, өөрөө хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцах гэсэн юм.

Домэйн бол IP хаягтай харгалзах нэр юм. Аль нэг домэйн рүү хандахад цаад талд нь тухайн домэйны IP хаягийг олоод дараа нь тэр IP хаяг руу холбогдох ажил бидэнд мэдэгдэлгүй явж байдаг. Харин бид домэйн руу холбогдож байна гэж бодно. Цаад талд нь холбогдох бүрт тэр нэрний хаяг юу билээ гэж байнга асуугаад байх нь зохимжгүй тул энэ нэр нь тийм хаягийнх гэдгийг түр хугацаагаар нөөшлөн хадгалах буюу cache хийх хэрэгтэй болдог. Ингээд холбогдох бүртээ асуулгүй, өмнөх асуултын хариуг ашиглан дараа дараагийн холболтыг үүсгэдэг.

Домэйны IP хаяг солигдож болох тул хариултыг мөнх хадгалахгүй, харин домэйны эзний тохируулж өгсөн хугацаагаар хадгалаад тухайн хугацаа дууссан тохиолдол дахин шинээр асуух хэрэгтэй гэсэн үг. Хэрэв та анзаарсан бол та өөрийн домэйн нэрний IP хаягийг хэр удаан дахин асуулгүй хадгалах хугацааг зааж өгдөг байгаа. Энэ хугацааг секундээр хэмжих бөгөөд Time To Live буюу TTL гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч таны домэйны IP хаягийг асууж авсан цагаас энэ хугацаа эхэлж, энэ үед дахин асуухгүй гэсэн үг юм.

IP хаягийг солихоос өмнө бага зэрэг бэлтгэл хэрэгтэй, харин хэзээ гэдгийг одоогийн TTL чинь мэднэ. Хэрэв 6 цаг бол дор хаяж 7 цагийн өмнө, 12 цаг бол дор хаяж 13 өмнө бэлтгэлээ базаах ёстой. Бэлтгэл нь болохоор TTL-ийг маш бага болгох бөгөөд 5 минут орчим байхад хангалттай. Өөрөөр хэлбэл хэрэглэгч 5 минут тутамд таны IP солигдсон эсэхийг асууна гэсэн үг юм. За ингээд IP солигдсоны дараа буцаагаад TTL-ийг өсгөж болно шүү дээ. Яагаад дандаа бага байж болохгүй юм гэж үү? Болно л доо, гэхдээ өөрчлөгдөхгүй юмыг ойр ойрхон асуулгаад, тэрэнд нь хариулах чинь хэрэглэгчдээ, сүлжээндээ бас сервертээ ачаалал нэмнэ шүү дээ.

www.xyyp.mn -ийн хувьд TTL нь 12 цаг байсан болохоор 14 цагийн өмнө TTL-ийг 5 минут болгож бууруулсан юм. Тэгээд яг зөөхөд бэлэн болмогцоо өөр сервер дээр засвартай байгаа хуудас байрлуулж, тийш заагаад серверээ унтраахаас өмнө 20 гаруй минут хүлээсэн юм. Бүх хэрэглэгчид засвартай гэсэн хуудсыг үзэж байгаа гэсэн итгэлтэй болмогцоо серверийг унтрааж авч явсан даа. Харин www.xyyp.mn нэлээн удаан засвартай байсан нь арай өөр асуудал тул энд бичихгүй ээ.

2 comments:

Unknown said...

heregtei medeelel bichsend bayarlalaa.

Unknown said...
This comment has been removed by the author.