2007-04-13

Open Beer Party 2007.4

Сүүлийн үед үнэн худлаа нь мэдэгдэхгүй завгүй гүйгээд олигтой ч блог бичсэнгүй, бичлээ ч гудамжинд явж байхдаа төрсөн сэтгэгдлээсээ бичих юм. Бас л ижил юм бичих гэж байснаа ойрд Planet liMNux-д ороогүйгээ санаад ортол бидний анд Баянаа маань Beer Party-аа санагалзжээ. Андынхаа хорхойг улам хүргэхээр ч юм уу сэтгэлийг нь дэвтээхээр ч юм уу эсвэл зүгээр л сүүлийн үед юу болоод байгаа сониноос хуваалцахаар шийдлээ.

Unix Beer Party маань Open Beer Party болж нэрээ солилоо. Бид бүхэн цуглаад чөлөөтэй сайхан ярилцаж, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг байхад хүмүүс юникс гэдэг сүржин бөгөөд даржин нэрнээс айдаг юм уу сонирхосон ч ирж чадахгүй байсан болохоор нэрээ солихоор шийдэв. Анхнаасаа барьж ирсэн юникс төст үйлдлийн систем болон нээлттэй-эхийн програм хангамж хэрэглэгч, сонирхогчдын уулзуулах зорилгоосоо нэр маань хазайгаагүй гэдэгт итгэлтэй байна. Бас сая харж байхад хүмүүст ч таалагдаж байх шиг.

Бид улам бүр олон болсоор л байна. Эхэлж байхад бараг бид хэдүүлэхнээ суугаад л элдвийг ярьдаг байсан бол сүүлийн үед доод тал нь 10 хүн цугладаг болжээ, бас хэзээ болох билээ гэж их асууж, их л хүлээдэг бололтой. Бидний хэдэн нөхдийн хувьд тэсэн ядан хүлээдэг өдөр хэвээр л байгаа. Сүүлийн үед оютнууд овоо ихээр ирдэг болж, энэ бол сайн хэрэг, бас их идэвхитэй оролцохыг нь яана. 3-р сард 20 гаран хүн ирээд багтаж шингэх газар олдохгүй, басгүй сандаргаад авсан гээч.

InstallFest 2007. Өнгөрсөн оны 4-р сарын 7-нд болж байсан Linux InstallFest-г энэ жил дахин зохион байгуулах нь тодорхой боллоо. Урьдынхтай харьцуулбал нэлээн өргөн фронтоор давших шинжтэй болоод явчихлаа. Одоо миний бие төлөвлөгөө бичээд, нийтээрээ хэлэлцэж ажлаа төлөвлөх л үлдэж байна. Хүн бүрийг идэвхитэй оролцохыг хүсчийнээ.

Гэвч бидний тоо нэмэгдэх тусам бүр нарийн шийрийн зүйлс ярилцах нь багасч, тэр бүр хүн бүрт хүрч чадахгүй байна. Нэг булангаас нөгөө буланд яриа хүрэхгүй тул хэсэг хэсэг болон өөр өөр сэдвээр хэлэлцэнэ. Дээрээс нь хүн бүрт хүрсэн, илүү бүтээлч, илүү үр дүнтэй уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар бүгд л толгой гашилгаж, санал бодлоо солилцож байна.

No comments: