2008-06-13

Нэр дэвшигчдэд бичих ил захидал

Сайн байцгаана уу. Миний нэрийг Сүхбаатарын Дөлмандах гэдэг. Энэ жил би 24 нас хүрнэ. Энэ жил би хоёрдахь удаагаа УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байна. Өмнөх 2004 оны сонгуулиар би МАХН-д саналаа өгч байсан. Тэр үед би өөртөө надад юу хэрэгтэй, амьдралаа хэрхэн зохиох, нийгмээсээ ялангуяа бодлого тодорхойлогчдоос юу хүсч байгаа талаар тийм ч сайн ойлголтгүй явж зурагтаар хэн сайхан юм ярьж, хэн илүү сайн хүн шиг санагдсан хүнд саналаа өгч байсан. Бас их завтай бөгөөд сонгуулийн талаар бараг бүх мэдээ мэдээлэл, ярилцлага, сурталчилгааг үзэж, хэн илүү сайн хүн бэ гэдгийг тодорхойлохыг оролдож байлаа. Харин өнөөдөр бүх юм арай өөр. Миний үзэл бодол ерөнхийдөө төлөвшиж, амьдралаас юу хүсч байгаагаа зах зухаас нь ойлгож эхэлж байна. Өнөөдөр би тэднээс юу хүсэхээ ер нь мэдэж байна.

Бид 18 жилийн өмнө ардчлалыг сонгож, эргэж буцалтгүйгээр түүнд итгэсэн. Ардчилсан нийгэм нь бидэнд хувь хүний эрх, эрх чөлөө, сонголтыг нээж өгснөөс гадна өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, өөрөө өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээхийг даалгасан. Энэ нийгэмд би "ардчилсан улс" гэж хязгааргүй эрх эдлэх бус бусдын эрхээр миний эрх хязгаарлагдаж, хэн нэгний эсвэл төр засгийн гарыг харж бус өөрийн хүчин чармайлт, хөдөлмөрөөр өөрийн амьдралыг тэтгэх ёстой гэдэгт би итгэдэг. Бас заавал ардчилсан хүчнийг сонгосон сонгоогүй ардчлал хумигдаж, харгис бурангуй нийгэм рүү хэлбийхгүй гэдэгт итгэдэг. Хүмүүс энэхүү олдсон ардчлалыг хамгаална гэдэгт бат итгэдэг. Хэний ч билээ хэлснээр ардчлалаас өөр илүү сайн сонголт одоогоор бидэнд байхгүй. Ардчилалаас би лав ухрахгүй.

Өнгөрсөн оны эхээр би мэдээллийн технологийн чиглэлээр өөрийн бизнесийг эхлүүлсэн, одоо давгүй явж байна. Үүнээс өмнө өөр нэг мэдээллийн технологийн компанид ажиллаж байсан. Ажил хийсэн энэ бүх хугацаанд хүн өөрөө хөдөлмөрлөж, хөлсөө урсган байж олсон бүхэн үнэ цэнэтэй байдаг харин хэн нэгнээс зүгээр авсан юм үнэ цэнэгүй байдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Өөрөө хөдөлмөрлөж олсон 1000 төгрөг, аав ээжээс авсан 1000 төгрөг тооны хувьд ижил боловч чанарын хувьд газар тэнгэр шиг. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Иймийн учир би зүгээр хүн болж төрснийхөө төлөө, Монгол Улсынхаа иргэний хувьд зүгээр суугаад мөнгө авмааргүй байна. Ямар нэртэй байх нь хамаагүй зүгээр орж ирсэн мөнгө зүгээр л урсаад гарчихна. Аягүй бол нөгөөхийг нь амьдралдаа хэрэгтэй зүйлд биш найзуудтайгаа наргиж цэнгэх, цагаа дэмий үрэх, амьдралаа уруу татахад ихэнхийг нь зарцуулах биз. Ухаангүй, тэнэг эсвэл амьдралдаа арчаагүйдээ ингэж байгаа юм биш хүний мөн чанар, аливаа юмны үнэ цэнэ л энэ гэж хувьдаа ойлгож байна. Ингэж мөнгө тараах нь нийгмийг өөд татахаасаа илүү хүн чанарыг доройтуулж, хүнийг өөрийг нь ялзалж, муутгаж, залхуу болгохоос гадна төгрөгийг үнэгүйтүүлж, инфляцийг нэмэгдүүлэх гээд уршиг илүү байх болов уу гэж эмээнэ. Тэгж л их мөнгө байгаад эсвэл үүсэх гээд байгаа юм бол түүнийгээ ашиглаад далд хэлбэрээр иргэдийнхээ амьдралыг дэмжихэд зарцуулбал ямар вэ. Яагаад маш бага хүүтэй зээл олгож болохгүй гэж, хүүгийнхээ алдагдлыг тэр зүгээр тараах гэж байгаа мөнгөнөөсөө нөхнө биз. Зээлийг зүгээр авахгүй харин амьдралаа сайжруулах, тэтгэх гэж авдаг дараа нь эргэж төлөх ёстой болохоор хүнд илүү үнэ цэнэтэй. Эсвэл боловсрол, хүн амын өсөлтийг дэмжиж далд хэлбэрээр олговол тээ. Сургалтын материаллаг баазыг сайжруулах, төлбөрийг бууруулах бүр сайн сурагч, оюутнуудад тэтгэлэг олгох гэх мэтчилэн. Гэвч төр иргэн бүрээ биш тодорхой хэсгийг илүү тэтгэх, дэмжих ёстой гэдгийгхүлээн зөвшөөрнө.

Энэ мэт мөнгө хуваарилахаас гадна хийх ажил олон байна. Хууль эрх зүйн орчныг илүү ойлгомжтой, ил тод болгох хэрэгтэй байна. Иргэн бүрийнхээ эрх, эрх чөлөөг илүү хамгаалсан хуулиудыг гаргаж, бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжмээр байна. Өнгөрсөн эсвэл өнөөдөртөө нийцсэн биш харин ирээдүйн хөгжлийг илүү дэмжсэн хуулиудыг илүү үйлдвэрлэх хэрэгтэй юм шиг. Төрийн албаны нүсэр байдал, хүнд суртлыг багасгах талаар илүү амлалт өгмөөр байна. Ийм болохоор би хувьдаа төрийн байгууллагуудаар орох дургүй, бараг л харшилтай. Юу амлах нь чухал биш, хамгийн гол нь хий соосон яриа биш бүтээл, жинхэнэ ажил хэрэг болгох л чухал.

Та бүхнийг юу хийх, амлалтандаа хүрч чадах эсэхийг харах, туршихын тулд амьдралынхаа багагүй хугацаа болох 4 жилийг зарцуулмааргүй байна, гэвч надад сонголт байхгүй. Дараагийн туршилтаныг эхлүүлэхэд би 28 хүрсэн, магад бүр гэр бүлтэй болсон илүү хариуцлагатай амьдралаар амьдарч байна байх. Тэр үед та бүхний хоосон яриа, алдаатай бодлогоос амьдал өнөөдрийнхөөс сайжраагүй эсвэл бүр дордсон байх вий гэдгээс айж байна. Улс төрчдийг бидний өмнөөс ажиллаж, бидний амьдралыг бидний өмнөөс шийдэж, биднийг амьдралыг зүгээр тэтгээсэй гэж хүсэхгүй байна. Энэ нь жинхэнэ ардчлалаас ухарсан хэрэг болох биз. Үүний оронд залуус бид өөрсдөө шийдэж, өөрөө хийж, өөрөө бүтээмээр байна. Эцэст нь залуус бидэнд хийж бүтээх боломж олгооч, биднийг дэмжээд өгөөч. Бид хиймээр байна, бүтээмээр байна. Боломжийг нь гаргаад дэмжээд өгвөл залуус бид хэнээс ч гуйлгүйгээр амьралаа аваад явчихаж чадна гэдэгт би итгэдэг. Энийг л та бүхэнд хэлэх гэсэн юм.

No comments: