2009-02-12

Нээлттэй эх ба чөлөөт програм хангамж №2

Үргэлжлэл. Өмнөх буюу чөлөөт програм хангамжийн талаар http://www.dulmandakh.com/2009/02/1.html хаягаар орж уншина уу.

Чөлөөт програм хангамжийн үүсгэгч Stallman програм хангамж нь шавхагдахгүй нөөц учир ширхэгчлэн зарахын эсрэг байсан ч зөвлөлгөө, суурилуулалт, хөгжүүлэлт зэрэг дээр хөдөлмөр зарж буй тул түүнийгээ үнэлэх, хөлс авах ёстой гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл програм хангамжийг хэд ч хуулбарласан дуусахгүй, хичнээн ашигласан ч хуучирч муудахгүй гэсэн санаа. Ингээд чөлөөт програм хангамжид суурилсан суурилуулалт, зөвлөх, хөгжүүлэлтийн зэрэг олон төрлийн бизнес хийхийг оролдсон болоовч "free" гэдгийн "үнэгүй" гэх нөгөө утга нь хүмүүст буруу ойлголт төрүүлж, бизнесүүдэд саад болж байлаа. Иймийн учир хэсэг нөхөд нийлээд чөлөөт програм хангамжийн утгыг агуулсан боловч бизнест саад болохгүй нэр томъёо олж, түүнийгээ тодорхойлсон нь open source буюу нээлттэй эх юм. Bruce Perens, Eric Raymond нар хэсэг нөхдийн хамтаар нээлттэй эх гэдэг зүйлийг тодорхойлсон бөгөөд үүгээрээ нээлттэй эхийн програм хангамжийн лиценз нь ямар байх ёстойг зааж өгсөн юм. Гэхдээ эх код нь нээлттэй л бол нээлттэй эхийнх гэж ойлгож болохгүй, харин лиценз нь тодорхойлолтыг хангаж байх ёстой. Мөн тэд энэхүү үзэл санаагаа дэлгэрүүлэх, програм хангамжийн лицензүүдийг нээлттэй эхийнх мөн эсэхийг хуулийн дагуу баталгаажуулах үүднээс Open Source Initiative буюу Нээлттэй Эхийн Санаачлага гэх ашгийн бус байгууллагыг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар "нээлттэй эхийн" гэсэн шаардлагыг хангасан 72 лиценз байгаа ба эдгээрийг ашигласан бүх програм хангамжууд нь нээлттэй эхийнх гэж тооцогдох юм.

Ямар ялгаатай вэ?

Чөлөөт програм хангамж болон нээлттэй эхийн програм хангамжийн хооронд тийм ч сүртэй ялгаа байхгүй. Аль аль нь л эх код нээлттэй байхыг, хэн ч ямар зорилгоор ашиглаж болох тухай заасан байдаг. Гэвч үүнд зөвхөн үзэл баримтлалын зарчмын ялгаа гардаг. Чөлөөт програм хангамж нь хэрэглэгч, програм хангамжийн эрх чөлөөг дээдэлж байхад нөгөөх нь зөвхөн эх код нээлттэй байх, хэн ч өөрчлөж болох байхыг дээдэлдэг. Мөн хууль зүйн үүднээс лицензээс гадна патент гэх мэт өөр бусад зохицуулалтууд байдаг тул бүх нээлттэй эхийн програм хангамжууд чөлөөт програм хангамж болж чаддаггүй. Жишээ нь, төрөл бүрийн дуу болон дүрсний кодек, формат, технологиуд нь зарим улсад патентаар хамгаалагдсан байдаг тул хэдий нээлттэй эхийнх боловч тоглуулагч нь зарим улсад чөлөөтэй ашиглагдах, хөгжих боломжгүй байдаг учир чөлөөт програм хангамж болж чаддаггүй. Гэсэн хэдий ч сүртэй ялгаа байдаггүй болохоор сүүлийн үед Free and Open Source Software (FOSS) буюу Чөлөөт болон Нээлттэй Эхийн Програм Хангамж гэх нэр томъёог өргөнөөр ашиглах болсон.

Орхигдуулсан, дэгсдүүлсэн зүйл эсвэл асуулт байвал сэтгэгдэл болгон үлдээнэ үү.

1 comment:

Unknown said...

Нэгэнт ам нээснийх гэгчээр дээр лизенцийн тухай дурдагдсан болохоор цаашдаа лизенцүүдийн тухай, тэдгээрийн ялгааны талаар...
:)