2009-02-03

Домэйний асуудлууд...

Сервер дээр үйлчилгээ хийхтэй холбоотой хийсэн нэг зүйл бол домэйн нэр. Домэйн домэйндээ компаний маань үндсэн сервер болох ns1.adsolux.com-ийн байрлах хаягийг солив. Залхуугаас бас илүү найдвартай байх үүднээс adsolux.com-ийг GoDaddy дээрээс удирдан зохион байгуулахаар шийдсэн минь өнөөдөр томоохон асуудалд унагав.

DNS нь интернэтийн тулгуур үйлчилгээний нэг бөгөөд тархсан байдалтай зохион байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл аль нэг төвлөрсөн систем бүхнийг хариуцах биш, маш олон серверүүд өөрийн гэсэн домэйнүүдийг хариуцан ажиллуулж байдаг. Ингэхдээ NS төрлийн бичлэгийг ашиглах бөгөөд жишээ нь dulmandakh.com домэйнийг аль сервер хариуцдагийг үзэхийн тулд dig dulmandakh.com NS гэсэн командыг ашиглана. Та ямар нэг вэб үзэхээр домэйн нэрийг бичихэд таны тооцоолуураас хүсэлт гараад тохируулсан байгаа домэйн серверт очно. Хүсэлтийг хүлээж авсан сервер маань юуны өмнө домэйнийг хариуцан ажилладаг серверийг олно, олсныхоо дараа тухайн серверээс хариуг аваад түр хугацаанд өөр дээрээ хадгалж аваад (cache) танд эргээд хариуг нь өгснөөр та вэбийг үзэх боломжтой болж байгаа юм. Зүгээр хадгалаад авчихгүй SOA бичлэг дээрх зүйлсийг харгалзан үзнэ. SOA бичлэг дээр тухайн утгуудыг хэр удаан хадгалахаас эхлээд асуудал гарвал хэнтэй холбоо барих зэрэг олон мэдээлэл байна. Гэвч serial буюу цувралын дугаар бас их чухал. Хэрэв та домэйний аль нэг бичлэгт өөрчлөлт хийсэн бол цувралын дугаарыг ямар нэг байдлаар өөрчлөх хэрэгтэй. Энэ нь домэйний бичлэг өөрчлөгдсөн шүү, хадгалагдаж буй бичлэг чинь хуучирсан байна шүү гэсэн дохиог бусад серверүүдэд өгнө. Өөрчлөхгүй бол домэйнд өөрчлөлт орсныг бусад серверүүд мэдэж чадахгүй гэдгийг анхаараарай.

Гэтэл GoDaddy дээр байгаа домэйнд өөрчлөлт оруулсан чинь цувралын дугаар нь өөрчлөгдөхгүй юм. Үүнээс болоод бусад серверүүд манай хуучин хаяг өөрчлөгдсөн талаар мэдэхгүй, хуучин хаягийг нь тэр чигээр нь хадгалаад асуудал үүсгэсэн байх юм. Бичлэгийн утгыг сольж үзлээ, бичлэг нэмж бас устгаж үзлээ. Нэмэр алга. Тэдний техникийн алба руу нь мэдэгдчихээд одоо хариу хүлээж сууна. Энэ хоорондоо ахиж асуудал гаргахгүйн тулд шинэ болон хуучин хаяг дээр нь давхар ажиллуулж байх шив дээ. Домэйн ч бас ярвигтай эд шүү...

1 comment:

Unknown said...

GoDaddy-с өнөөдөр хариу ирж, бас цувралын дугаарыг нь шинэчлэсэн байна. одоо нөгөө кэш нь шинэчлэгдэхийг хүлээнэ дээ. энэнээс болж бас багагүй асуудал мандлаа шүү хэд хоног. гадаадын юм найдвартай, баталгаатай гээд байдаг нь бас тийм ч үнэн биш бололтой шүү.